Нар шинийн мэнд . . .



М Ө Н Х И Й Н . . .


Цэв хүйтэн энэ өвлийн хаанаас ийм
Цээлхэн дуу сонсогдоно вэ?
Тайлал нэхэх олон асуултуудаа
Тайлахыг би юунд эс яарна вэ?

Дүрлийтэл ширтэх нүд шиг
Дүлий тэнгэрийн хаанаас ийм
Дүрслэн хэлэхийн аргагүй
Дүр дүрслэлүүд биежэнэ вэ?

Магад хүлээлт үгүй бол цаг хугацаа амьгүй
Мартагдсан юмс угтаа хэзээ ч үгүй болдоггүй
Би дурсамжаасаа ангижирхыг хүсэх үгүй!
Би дурсамжаасаа ангижирлаа ч харамсах үгүй!









* * *

2011 он гарлаа.
Эх монгол орны минь дөрвөн зүг найман зовхист
Эх цэнхэр дэлхийн өнцөг булан бүрт суугаа
сэтгэл нэгтэн минь!
АМЬДРАХ САЙХАН
гэдэг үгийг
чангаар хэлээрэй!

Ерөн есөн жилийн өмнө...


Ерөн есөн жилийн өмнө яг энэ өдөр, яг энэ цаг дор Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм.
Энэ талаар блогтоо нэлээд дэлгэрэнгүй бичлэг оруулъя гээд суутал маш өргөн дэлгэр мэдээлэлийн сантай блог олоод магнай хагартал баярлалаа. Тэгээд, элдэв юм тойруулж ярихын оронд эрхэм О.Ууганбаатарын блогоос доорх зүйлсийг хөтлөн авч ирсэн болно.

Яг энэ үеийн талаар эрхэм Г.Ням-Очир "Арилан дэлгэрсэн монголчууд" нэртэй цувралыг тагтаагийн блогт нийтлүүлж буйг ч олж үзнэ биз ээ.
За, тэгээд энэ билэгт сайн өдөр өвөр хоорондын өс хонзонгоо умартан гээж, Гандангийн дэнж өөд нэг өгсөөрэй гэж хүсэх байна. Чухам тэнд л хутагт ихсийн минь сүслэж асан их шүтээн энэ сайн цагийн эхэнд гэгээн мэлмийгээрээ биднийг тольдон буй билээ.
Хоржийлоо



* * *

(...)
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар /ХХГБХТЕЗШГ/XII сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёс [Сюаньтун]-ны он тооллыг халж, монголын 12 жилийн цаг тоог баримтлан “цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв. ХХГБХТЕЗШГ Монгол улсаа сэргээн байгуулах зайлшгүй бэлтгэлийг төв орон нутагт яаравчлан хийв.
Ийнхүү Очирдара Богд гэгээнтнийг Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залах өдрийг сонгон тогтоосныг зарлан мэдэгдсэн байна.

Энэ тухай архивын баримтанд :
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх Да түшээ гүн Ча явуул, хамаарсан да жүн ван Го явуул, Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр зөвлөн шийтгэх жанжин чин ван Ха, хамаарсан жанжин бэйс Го үзэв, ван Цэ, гүн На үзэв, да лам Цэ үзэв.
Өргөн илгээв. Довтолгон яаран сонсгон явуулах учир: энэ жил зуны цаг манай халхын дөрвөн аймгийн хан, ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөн дэлгэрүүлэх ба улс төр баттаж, амар цэнгэлээр жаргах учир бүгдээр санаа нийлж зөвлөлдсөн явдлыг нэгэнт тогтсоны тулд, одоо монголчуудыг яахин амаржуулбаас зохихыг эвхмэл бичиж, Очирдара Богд гэгээнтнээ айлтгаад, буулгасан лүндэн зарлиг зэргийг ёсоор сийрүүлж хичээнгүйлэн дагаж, нийтээр олон газраа довтолгон явуулжээ.
Эдүгээ манай Ерөнхийлөн шийтгэх газраас олон монгол шавь нар бүгдээрийн багш аврал, итгэл хамгийг айлдагч Очирдара Богд гэгээнтнийг манай Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж ёслон мөргөж их төрийн ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзүүлбээс, энэ Цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн есөн нь баасан гариг, усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гүйцэтгэвээс болох, үл болохыг лүндэнг эрмүй хэмээн мандал өргөж айлтгасанд, буулгасан лүндэн зарлиг ёсоор болгон соёрхсоныг хичээнгүйлэн дагаж, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин нар, Хүрээний хамба номун хан, Дуйнхор хутагт, хамаарсан шанзудба нарт довтолгон явуулаад уламжлан өөр өөрийн харьяат аймаг шавийн хан, ван, гүн, олон засгууд, хутагт хувилгаан лам нарт нийтээр эрдэнийн сууринд залж суулгахын наана эрхгүй нэгэн дэсээр Их Хүрээний газар хуралдан ирж, улсын их ёслолыг хичээнгүйлэн гүйцэтгэхээс гадна төрийн монгол орд байгуулах ба бат оршил өргөх зэрэг зүйлийг дараа өөр зарлан тушаасугай.
Үүнийг басхүү их Орос улсын генерал консул сайдтанд сонсгон явуулаад, зохих газраа уламжлан гүйцэтгэх ажааму. Үүний тул өргөн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван хэмээжээ.

Тэгээд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ний баасан гаригт Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсныг албан ёсоор тунхаглав.
(...)


. . .Монгол Улсын тулгуур төрийг нээн, тусгай улс байгуулж, бүхний багш Богд Живзундамба хутагтыг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Шашин төрийн бүрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөн” гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгүүлсэн билээ.





Богд Живзундамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад Монголын төрийн үндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон зарлигийг ҮТА-ын сан хөмрөгөөс толилуулж байна.





Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олнаа өргөгдсөн
Монгол Улсын эзэн Шашин төрийг хослон баригч
Наран гэрэлт Богд хааны зарлиг

Би олны өргөмжлөхийг хүлээж, Монгол Улсын хааны сууринд суусан нь, бурхны шашныг буман нарны гэрэл мэт хир үгүй мандуулан хаан төрийг сүмбэр уул мэт бат болгож, олон монгол албатыг үүрд энх түвшний соёлд учруулахыг үргэлжид шамдан хичээхүйн дээр, ялангуяа танай олон хан, ван ноёдоос дараалан түмэн албатад хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж, бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулан хишиг тараах зарлиг буулгасан нь:

Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, Шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун…

… Ямагт хотол төгсөөр хослон хүртээж басхүү төрөл тутамд агшин төдий ч салалт үгүйгээр эзлэн барьж жолоодон удирдсаар ахуйг бүгдээр зүрхний төвөөс чин бишрэлээр, түмэнтээ хүсэн ерөөж, өлзий бэлгэтэй бурхан шүтээн хийгээд эд эрдэнэ есөн бэлэг лүгээ сэлтийг зэрэгцүүлэн жагсааж хичээнгүйлэн өргөж, ёслон мөргөмүй.
Их нигүүлсэнгүйгээр энэрэн таалж, зөвшөөн соёрхож, өршөөн тогтоож, заалхийлэн Зарлиг буулгахыг
Айлдан
Айлдагтун
Айлтга.

Их баяр бүрдсэн Шинийн есний сайн өдрөө.


/Уг зарлигуудын эхлэл төгсгөлийн үг нь ижил тул
дор зай хэмнэж зарлигийн үндсэн хэсгийг
гавьяат сайдын зургийн хамт оруулсугай/


***


… Үнэн санаагаар чармайн зүтгэсэн Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж Шадар сайд, бүгд захирах сайд, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, туслагч жанжны тушаалд тохоон талбигтун…


***


...Түшээт хан аймгийн чуулганы дарга Засаг улсын түшээ гүн Чагдаржавд үе улиран түшээт цол төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун…


***


... Мөн аймгийн улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж Намсрайд үе улиран Эрдэнэ цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун …


***
Хүрээний да лам Цэрэнчимэдэд Чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг зэрэг улбар шар жолоо, ногоон тэрэг Чин вангийн пүнлүү, үүрд хөрөнгөнөөс алба гаргуулахгүй болгон шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод Яамны Хэргийг Бүгд Захиран шийтгэгч тэргүүн сайдын тушаалд тохоон талбиад, мөн тус шавийн харъяат эл албан хэргийг хавсран шийтгүүлэгтүн.

/Монгол Улсын Үндэсний төв архив Х-А6, Д-1, ХН-511, 4-р нугалбар бичиг/


* * *

. . .Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.

За, төгсгөлд нь энэ үеийн хэдэн сайхан зургийг тайлбартай нь оруулъя даа...


Жалханз хутагт С.Дамдинбазар

Дилав хутагт Жамсранжав

Дондогдулам хатан өргөмөл хүү /хөгжмийн зохиолч Мөрдорж/-гийн хамт

Монгол улсын ерөнхий сайд т.Намнансүрэн засгийн газрын төлөөлөгчидийг тэргүүлж
1913 оны 10 сараас 1914 оны 1 сар хүртэл Хаант оросын нийслэл Петербург хотод айлчилсан нь

Богдын зааныг маллаж асан өндөр Гонгор

Хүрээ авгай нар

Хүрээ ламбугай

Богдын цэргүүд

100 жилийн өмнө...

Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв


Зүрхнийхээ цохилтыг тэнгэрийн гүнээс үзэв
Тэр тодоос тод өнгөтэй
Далавчиндаа шөнө нуусан
Галт шувуудыг миний зүгт илгээнэ
Судраа шатаан дулаацах мэт
Тийм эгэл бус мэдрэмж энэ үед төрнө

Нар мандаж, өөр хаа нэгтэй харанхуй болжээ
Нам сүлбэлдэх бүтээгч эсүүд
Намайг тэр харанхуйн зүг хөтлөнө.










*Зургаан жилийн өмнө бичжээ.
Зургаахан жил өнгөрчээ.

Амьсгал царцаасан идэр ес

Ахиад ганц л хоног тэсвэл
Амьсгал царцаасан идэр ес эхэлнэ
Мартаж амжаагүй гунил дурсамжууд агаарт царцаж
Магад миний янжуурын утаанд хөндүүрлэх өдөр ирнэ

Цөлд хаягдсан тэнүүлчин мэт амьдралтайгаа би
Цөхрөлтгүйгээр зууралдсаар байх болно
Утаа ханхалсан үсийг минь үнсэх цаг хугацааг
Уйтгар хэмээн нэрлээд шүлгээ бичих л болно

Нэг л зүүдлээд сэрэхэд идэр ес ирнэ
Нэмж ганцхан зүүдэлхэд үхэл дэргэд ирнэ.









Энэ охор шүлгийг
золбин ноход энгэрт минь ноцохоос
хоёр хоногийн өмнө буюу
12-р сарын 21-нд
ЯЛГУУН pub-д
амьд гэрчийг байлцуулан
бичсэн болой.

Миний Римбо


"Бүтэн хиртэлт" кинонд Леонардогийн бүтээсэн Римбогийн дүрийг энэ залуу над эрхгүй санагдуулдаг. Хийсгэлэн, зэвүү хүрмээр хорон үгтэй, эсрэг чанар бүхнийг нь хурцлах хирнээ зөвтгөх "Авьяас".
Арван зургаатай Римбогийн шүлэгнээс далан зургаатай философичид ч ишилдэг. Чухам тэр л философичидын нүдээр би Начинг хардаг юм. Гэхдээ яруу найрагчийн зүрхээр хайрладаг юм.
Цаг хугацааг тоглоом мэт үздэг.
Над руу цагаа зогсоогоод гараа сунгадаг.
Амьдралыг зүрхнийхээ цохиолтоор хэмждэг надад амьд явааг минь үргэлж сануулдаг.
Миний Римбо...

АРХИН МУХЛАГ ЭНДЭЭС ОЙРХОН...


-Өвөр монголын их сургууль
төгсөх дурсгал


Миний их сургуулиас
их ойрхон цэмцэгнэсэн
жижиг жижиг
архин мухлагууд
Миний баяр гуниг ба
Хорин насны хөнгөн догдлолуудыг
Эзэрхэх гэж
Үдэш бүр цэцэрхнэж байдаг
Ацаг буюу шүднийх нь
Аль нэг нь дутуу
Аргаа барсан
Шархтай зэмдэг монгол нэртэй
Мухлагуудад
Монгол хэл сурдаг оюутнууд
Уйтгартайгаа цуг
Үргэлж очдог...

[ . . . ]


Хорин нас
Хорьдугаар зуун
Миний их сургууль
Жижиг жижиг архин мухлагт
Бүслэгджээ
Уйтгараа даахгүй
Архи даадаг тэсвэр
Ай даа энд
Яруу найраг бол
Сэтгэлээс гадуурх үхэл юм
Ахын минь хэлдэг
Аугаа их хөгшин буурай үндэстэн
Архины дараа сая санаж олдог
Аугаа их богд Чингис
Аливаа сайн сайхны төлөө
Архин хундгаа өргөнө
Өвчтэй гэх
Хамаг гүйцэд
Хичээл саатах шалтгаан

Өдөр бүрий миний нөхдөөс
Эмнэлэгт очих хүн
Тасрахгүй

Янаг дурлал ба Төвд хэл
Яруу найраг ба
Ялимгүй учрууд

Ай даа удахгүй би
Өвөр монголын их сургуулиа төгсөнө



"Яруу найрагч С.Баянцагаан"





“Өнөр цэцэг” сэтгүүлийн 1982 оны 2-р сарын дугаарт нийтлэгдсэн эхээс нь
Улаанбаатар хотноо 2007 онд гарсан
“Өвөр монголын одоо үеийн шүлгийн сонгомол” эмхэтгэлийн 309-313-р талд
крилл үсгээр хөрвүүлэн хэвлэснээс хэсэглэн авав.

Хүн болсон нь

Шоргоолжны нүхэнд
ус цутгасан
төрхгүй
Шовойсон хөх юм.
Шар мах ташсан
Туж зумлуулсан
Турсгаа хуулуулсан...
Гэрийн тооноор
чулуу нүүлгэсэн
саваагүй
Гялтгар хөх юм
Там идсэн, тасдуулсан
Тэгж
Хүн болсон...


Яруу найрагч Б.Пүрэвсүрэн
“Гуу Гуу” номын
10-р талд буй.

МЕМЕNТО

Өвөө минь
Ярьсан үлгэрийнхээ
Эхлэлийг мартан
Эмээд зоруилж
Шинэ үлгэр
Зохиох цагаар
Гэртээ ирлээ

Өвөө минь
Ярьсан үлгэрийнхээ
Эхлэлийг мартан
Эмээд зоруилж
Шинэ үлгэр
Зохиох
Энэ улирал
Урц овоохойн
Хоймор хучин
Улаан, цагаан
Цэнхэр цэцэг
Ургуулжээ

Улаан, цагаан
Цэнхэр цэцэгсийн
Үлгэрийг
Өвөө минь
Яриад
Эхлэлийн нь мартан
Эмээд зориулж
Шинэ үлгэр
Зохиох цагаар
Гэртээ ирлээ...





* * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Гэрэл гэгээг над дээр асгаад
Нисэж одсон шувууд минь,
ӨРШӨӨ!

Гашуун санаашрал дүүрэн...


Гашуун санаашрал дүүрэн
Энэ өдрүүдээ,
НАМАР биш
ХАВАР биш
ӨВӨЛ биш
ЗУН биш
Янжуур л гэе:

Гансрал уугисан
Гал улаан од
Гарын салаагаар
Харван оджээ.

Яруу найргийн гаргалгаа

Юм бүхэнд яруу найргаар хариулна гэдэг, тэгж чадна гэдэг гайхалтай хэрэг шүү. Үүнийг би жинхэнэ урлагтай амьдрал гэж бодоод байгаа юм. Амьдрах урлаг. Амьдрал бол урлан. Тэр урландаа гутлаа арчилгүй ордог мөртлөө хачин зарчимч нэг залууг би сайн таних юм. Түүнийг би АНДаа ч гэдэг, АХаа ч гэдэг, ямартай ч засаршгүй яруу найрагч даа.

Хоёр Түнэлийн хооронд
Хүдэн манан татахад...
Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж
Түргэн нүүгч үүлс нь оддыг хөндөн шаргиулахад... Түнэл бол жинхэнэ урлан. Тэр зүгийн хүмүүс бар адил бардам, ус адил уяхан. Тийм нэгэн хөвүүнтэй ийм нэгэн хотод ийм нэгэн үлгэр зохиож явах яруухан байдаг аа. Яруухан амьдралаараа бид даруухан сүлжилдэж, сүлжилдэх тусмаа ариусан буйгаа мэдэрдэг юм даа.


Жаргалсайханы ОРГИЛ. Яруу найргийн гурав дахь номоо хэвлүүлэв. Хэрэв би хүн аваас, ТЭР хүмүүний сэтгэлийн хөдөлгөв. Шүлгийн сайн мууг цаг хугацаа ч шүүж чадахгүй. Тиймээс үргэлж бурханы үүдэн дээр уулздаг андынхаа тухай, түүний шүлгийн тухай тэмдэг нэр оролцуулан бичих хүсэл эс төрөх, зориг эс хүрэх. Нандин дурсамжуудаа дэлгэчихвэл үнсээр хийсчихнэ...

Зүгээр л... Түүний номыг угтаж бичсэн дуудлагаа үзүүлье. Үүнийг уншсан хэн бүхнийг номонд дуудъя...



Н О М Ы Н Д У У Д Л А Г А . . .

* * *
Аглаг тэртээ уулнаа түүдэг асаан шүлэг хэлэлцэхүйд, ассан галын цог үсчин мөр давж харанхуй сансарт хамаарах мэт гэгээн үгсийг уншигтун!

* * *
Хөлгүй ёроолоосоо цалгих их уснаа сал тавьж, андыг уриад дарсыг сөгнөн хөлчихүйд: “Зах хязгааргүй гэдэг нь тэнгэрийн уудам уу? Усны гүн үү?” хэмээн мэлмэрэн гуних мэт тунгалаг мөрүүдийг уншигтун!!

* * *
Орон хотын гудмаар хөврөх хүмүүн урсгал дундаас, ядаж мөрийг нь шүргээд зөрмөөр хүслэн төрүүлж, ариусган татах ялдам инээмсэглэл мэт эгшигт шүлгүүдийг уншигтун!!!

* * *
Аглаг тэртээ уул хэмээх нь хоёр Түнэл уул,
Хөлгүй гүн ус хэмээх нь гурван цагийг мөнх тольдогч Хөвсгөл далай,
Орон хотын гудам хэмээх нь дөрвөн улиралын Улаанбаатар гэнэм.



За харин энэ бол түүний номыг нээгээд анх уншсан шүлэг. 56-р талд нь буй:


Нэг давхрын дуулал

Гадаа хүүхдүүд шуугилдаж нойр үргээнэ!
Ганц давхарт амьдрах тийм хүсмээр юм бишээ.
Гэвч тэдний үгүйд эл хуль сандайлчихаад
Гэмтэн мэт хөдлөх бүрийг даган ажих нь тэсвэрлэшгүй...

Жаалуудын инээд хүйтэн ханыг нэвтэлж чадалгүй
Жаран зүгтээ цуурай болон одвол
Тэднийг дагаад сэтгэл минь хамт явчих шиг
Тэрүүхэн дороо л эзгүйрэн хоосрох уйтай...

Ганц давхарт амьдрах хүсмээр юм биш ч
Ганцаардлын шилбийг илбэн сууснаас хувь дээрээ.
Аз жаргалын дууг цор ганилаар дуулснаас
Амьдрал дунд зүдэж явсан нь илүү сайхаан.

2010.07 УБ хот

ХАЙРын ШҮЛЭГ...



Өөрийгөө би хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Өөрийгөө чи хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Мөнгөн бургасны зулзаган мөчрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөнхийн сайхан хөх тэнгэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөрөөдлийн цэцэрлэг уулынхаа үнэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм
хайраар чамайг би хайрласан
Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг
тийм цээлхэн эгшнийг хайрласан
Булаг ус бөгтөр улиастай учралт газар
Бургисан жаргалын минь хэмжээгээр
Өвс унахыг хайрласан...

1991





Яруу найрагч Төрийн БАЯНСАН
"Гуниг шагайх үдэш" /2002.УБ/
номын 18-р талд буй.

ЧИНИЙ ТУХАЙ ЭГШИГЛЭГЧ ӨНӨ МӨНХИЙН ДУУЛАЛ

Энэ баасан гариг буюу 11 сарын 5-ний 17 цагаас, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 3 давхарын 64 тоот танхимд яруу найрагч УЯНСҮХийн номын хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэг нь энэ даваа гаригт явагдахаар тогтсон боловч зохиолч өөрийн биеэр ирж амжаагүй шалтгааны улмаас түр хойшилсон юм.
Утга зохиол судлаач Ч.Билэгсайханы санаачилсан уг хэлэлцүүлэгийг МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэл зохион байгуулж буй бөгөөд өдгөө цагийн уран зохиол шинжлэлийн мяндагтан ихэс цугаар хуран цуглах ажээ.
Эрхэм номын садан та бүхэнтэй тэнд учирхын болзоо тавья! Эл шүлгүүдийг уншаад зүглэх эсэхээ шийднэ биз ээ.

ЗАРЛАЛ

Өнөөдөр буюу 11 сарын 1-ний 16 цагаас, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 3 давхарын 64 тоот танхимд яруу найрагч УЯНСҮХийн номын хэлэлцүүлэг болох юм байна.
Утга зохиол судлаач Ч.Билэгсайханы санаачилсан уг хэлэлцүүлэгийг МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэл зохион байгуулж буй бөгөөд өдгөө цагийн уран зохиол шинжлэлийн мяндагтан ихэс цугаар хуран цуглах ажээ.
Эрхэм номын садан та бүхэнтэй тэнд учирхын болзоо тавья!

Өнөөдрийн шүлэг


ШИЛЭН оймсны өнгө өнгийн солонгон дунд
Гангачуулын гудамж зуныг үдэв.
Чиний япон төрх гэнэтхэнээ сэтгэлд тусахад
Нээлт хийсэн мэт би баясан догдлов.

Навчсын анир бүхнээс
зүрхнийхээ цохилтыг
чиний инээдтэй хослуулан чагнаж,
Намрын, чамайг санагдуулагч агаараас
эрт хаврын бороог
айсуй хаврын бороотой нь цуг мэдэрч
Гудамж дүүрэн хүмүүсийн дунд
гав ганцаараа шүхэр дэлгэчихээд,
Гуйвахаас өөрөөр сонсож болдоггүй
жааз аялгууг дотроо төсөөлсөөр

Зөрөн одогсдын нүднээс давтагдашгүй нэгэн учралыг хайв
Зөрөн одогсдын нүднээ намар цагийн ЧИ...

2008.10.30 Tokyo.





Г.Аюурзана

"сэтгэл рүү шагайгч Түүнд"
62-р тал

ЯЗГУУРЫН БҮЛГЭМ


Даруй гурван долоо хоног дуншсаны эцэст бас нэгэн шинэ бүлгэм албан ёсоор байгуулагдав. Улаанбаатар хотод өдгөө утга зохиолын чиглэлээр идэвхтэй болон идэвхгүй үйл ажиллагаа явуулдаг өтөл болон идэр насны, нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай гишүүдийг нэгтгэсэн миний л мэдэхийн арваад бүлгэм /Хүрээ хөвгүүд, Улаанбаатарын зохиолдчидын клуб, Хөх Мэдрэхүй, Харьцангуй, БиШүБи, Шинэ мянган, Гал урсгал, Шинэ үнэр г.м/ байгаа дээр нэмэгдэн "ЯЗГУУРЫН БҮЛГЭМ" байгуулагдлаа.
Би вээр, эл бүлгэмийг үүсгэн байгуулагч гурван бодьгалийг ухамсар болон ухамсаргүйн түвшинд өөртөө харьцангуй нээсэн хүн мөний тул доор цөөн үгийг эвлүүлэх нь үүрэг гэж үзсэн болно.


Бямбаахүүгийн НАНЖИД

Боловсролын их сургуульд утга зохиол заадаг энэ залуутай нэн богино хугацаанд анд манд болсоны уг шалтгаан нь адилхан баяддаа ч биш, аз ерөөлтэйдөө ч биш, ердөө л түүний мөн чанар ноён нуруутай холбоотой гэж би мунхагладаг юм. Хотын хормойноос тэр бүхнийг эхэлсэн. Хойморт нь гараад суучихад би л гайхахгүй.
Нанжаа бол манай ХӨХ МЭДРЭХҮЙг анх үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Тэр манай бүлгэмээс гараагүй. Угаасаа ч бид батлах тарааж балайраагүй.
Мань эрийн шүлгүүд гунил гомдолоор сүлжсэн энгийн хэллэгүүдээс л бүтчихдэг. Энд тэнд очиж уншиж улайрч явсаныг нь санахгүй юм. Цаашид уран зохиол шинжлэлээр энэ үеэ оройлох үүрэг нуруун дээр нь буйг л мэдэх юм.


Амарбаатарын УРАНТОГОС.

Гадаад харилцааны мэргэжилтэн энэ бүсгүй аймшигтай реал идеаг гайхамшигтай лирика болгож чаддагаараа цөөн гэхэд дэндүү цөөн энэ үеийн хэдэн шүлэгчдээс ялгардаг /на/.
Басхүү хэдэн мөр холбосныхоо төлөө хэнхдэг цээжээ задгайлж, ахан дүүсийн баасан тангарагтай агуу их утга зохиолын тостой идүүр лүү өнгөлзөөгүйд нь өргөмжлөн баясдаг.
Магадгүй ЯЗГУУРын бүлгэмийн хамгийн радикал бодьгал нь ТЭР мөн. Цааш нь олон юм хэлмээр байгаа ч цаасаар удахгүй хэвлэгдэх номыг нь цагаа заран уншихыг хүсээд зогсоц хийе дээ.



Гүйцэтгэгчийн ОРГИЛБОЛД

Заль эргэсэн нүдтэй, цус болсон өмдтэй залуу их сургуулийн нэгийн ард таарсанаас хойш дөрвөн он сүүлээ шарваж одсон байтал дөрөө харшуулсаар дэргэд үлдсэн анд минь юм даа. Баатар хотод бид үхэхээс бусдыг л үзсэн. Үхэж болох байсан. Гэхдээ үхээгүй.
Түүний шүлгэнд гурав биш юмаа гэхэд ганц давалгаа лавтайяа би. Уянгийн цэнхэр давалгаа. Яарал, хүлцэлийн аль нь үгүй болохоор тэр надаас өөр. Өөр хүмүүст би дуртай. Магадгүй энэ бол хайрлахын шалтгаан.
Зарим нь гарууд согтуудаа "МЗЭ"-ийн 80 жилээр хэвлэгдсэн арван номоос түүнийхийг хамгийн сайн нь гэх юм билээ. Тэрийг нь тэр цаг хугацаа гэдэг үүр шөнөөр орж гардаг шар амьтан мэдэх биз. Итгэлтэйгээр өгүүлэх минь. Залуу насаа дуустал тэр ахиад хоёр ном өлхөн босгочих байхаа.



За гаруудыг таниулахад нэг иймэрхүү. Тэд тийм яс радикалууд биш л дээ. Гэхдээ... яруу найргийн хувьд яах аргагүй ЯЗГУУРЫН... /Энэ чанарыг Нанжид нэг удаа "Төрмөл" гэж тодорхойлсон юм/

...БАЙХЫН УРЛАГ...

* * *
Түүнтэй уулзсан бол /Түүний бүтээсэн цаг үед амьдарсан бол/ гэж би цөөнгүй удаа бодож байсан. Гэхдээ харамсдаггүй. Уулзаж чадаагүй гэж харуусан шогширогсдыг би зүгээр л худлаа жүжиглэж байна гэж тайлдаг. Гэвч надад дэмжин шогширч явсан удаа ч бий.
Харин сүүлийн хоёр жилийн турш түүний үйл хэргийг шууд үргэлжлүүлэгч, сургаалийг нь хамгаалагч гэж үздэг, тэгж үзэхүйц бүрэн үндэстэй хэсэг хүмүүстэй нэлээдгүй дотно харьцаа тогтоосноос хойш түүний тухай ярианд тун болгоомжтой оролцдог болсон.
Харин өнөөдөр түүний тухай заавал бичих ёстой гэж бодлоо. Тэгээд бодлоо. Тэгээд зүгээр л энэ бичлэгийг Ооёо гуайн блогоос хуулж энд тавих нь зүйтэй гэсэн дүгнэлт хийлээ. Яагаад гэвэл яруу найрагчийн тухай түүнийг сайн мэддэг гэж өөртөө бүрэн итгэлтэй хэлж чадах зарим талаараа хувь заяа нь огтолцсон хүмүүс, эсвээс зөвхөн түүнтэй дүйцэх яруу найрагч л бичиж чадна гэж би үздэг юм. Яагаад гэвэл би Дашбалбар гэдэг хүнийг ЯРУУ НАЙРАГЧ л гэж хардаг юм. Илүү зүйл чимх ч үгүй ЯРУУ НАЙРАГЧ.



Яруу найрагч П.Батхуяг


ОМОГ БАРДАМ БАЙХЫН УРЛАГ БУЮУ ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР


Одоо санахад олон жилийн ємнє шиг бодогдоно. Алгебрийн дэвтрийн ард бичсэн хэдэн шvлэгтэй аравдугаар ангийн хvvхэд байлаа. Харин «Гэрэлт хайр» гэдэг шvлгийн номыг бичсэн хvнтэй уулзвал ганц л зvйлийг асууна гэж боддог сон. Ямар янзтай зогсож байгаад, ямар дуу хоолойгоор асуухаа тєлєвлєж толины ємнє нэлээдгvй сургуулилсан удаатай. Гэтэл намар оройхон модод навчсаараа уйлсан єдєр гудамжинд гэнэт тулгарчихлаа. Мэнд усгvй шахам єнєєх асуултаа асуув.

-Яавал яруу найрагч болох вэ?-Яруу найрагч болдоггvй юм.
Харин тєрдєг байхгvй юу даа, дvv минь. Сайн ойлгосонгvй, гэвч огт ойлгоогvй дvр vзvvлсэнгvй. Зэрэгцээд алхаж явахдаа надад юун тухай ярьсныг нь єчигдєрхєн болсон юм шиг л тод санаж байна.


-Хамаг модоо огтлоод, хамаг загасыг барьж дуусах цагт алтыг идэж болдоггvйг хvмvvс ойлгох болно гэж индианы нэг омгийн ахлагч хэлсийм гэнэ билээ. Яг тvvнтэй адил ууланд ганц євгєн бvргэд, талд ганц хєх чоно vлдэх цагт хvмvvс омог бардам байхын ухааныг ойлгож магадгvй. Язгуураасаа тэнгэрлиг тєрсєн тэр амьтад хvмvvс биднээс илvv омог бардам амьдардаг санагдана. Тэгэхээр омог бардам байхын тулд бvргэд, чоно хоёроос ялимгvй суралцахад гэмгvй гэж хэлээд тэр яваад єгч билээ. Явахдаа яг л бvргэд шиг, эсвэл талд давхих чоно шиг харагдсан сан. Маргаашнаас нь би vсээ ургуулахаар шийдлээ. Бvтэн жил vсэндээ хайч хvргэсэнгvй. Яагаад ч юм бэ урт ургасан vс салхинд хийсэх нь надад бvргэдийн далавч шиг санагдаад хэмжээлшгvй сайхан, зvйрлэшгvй омог бардам болсон мэт бодогдоно. Тэгээд бvтэн жил єнєєх бvргэд, чоно хоёрын шавь-яруу найрагчтай уулзсангvй. Гэтэл намар оройхон мєн л модод навчсаараа уйлсан єдєр гэнэт гудамжинд тулгарлаа. Газар доогуур ормоор санагдтал хачин ширтлээ. Харц нь хутгаар зvсэх шиг, эсвэл эцэг нь хvvгээ энхрийлэх шиг байлаа. Тийм харцтай ємнє нь тулгарч байсангvй. Тvvнээс салаад гэр рvvгээ харьж явах замдаа єєрийгєє хязгааргvй ихээр чамлаж билээ. Маргааш нь vсээ засууллаа. Би л лав чоно, бvргэд хоёрын омог бардам шавь байж чадахгvй юм байна гэдгээ мэдсэн юм. Учир нь тэр надад ингэж хэлэв.

-Ертєнцийн юм бvхэнд урлаг буй. Урлаггvй юм гэж энэ хорвоод ганц ч vгvй. Урлагийг нь мэдрэхгvй бол шvлэг бичээд дэмий дээ гэлээ. Тэрбээр цааш нь «Яруу найраг бол зан тєрх, шvлгээс нь зан тєрх нь мэдэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч, тийм яруу найрагч Монголд цєєхєн дєє» хэмээгээд санаа алдаж билээ. Тvvнээс хойш цаг хугацаа харван єнгєрчээ. «Угтаа цаг хугацаа цаанаас єгєгдсєн явдаг хурдаараа л урсан єнгєрч буй. Харин хvмvvс бидэнд харвасан сум, цахилгаан гvйдэл жирэлзэн єнгєрєх шиг санагдана. Тэгээд л ялимгvй удаан єнгєрєєсэй гэж хvсдэг байлгvй. Дэмий л айцгаана. Нас ахих тусам vхэл санаанд орох нь ихэсдэг бололтой» гэж мєн л нэг жил намар оройхон тэр надад хэлсэн сэн. Тvvний тухай єнгєрсєн цаг дээр бичих ийм хэцvv байх юм гэж санасангvй. Алгандаа хатаж хорчийсон навчис vйрvvлээд тvvнийгээ ширээн дээрээ элсэн цаг шиг аажмаар асгаад бурхны тухай ярьж суух, эсвэл ширээний нvднээс цємсєн самрын яс цуглуулаад шалаар нэг асгачихаад нэг нэгээр нь гишгэлээд А.Блок, Б.Пастернак, У.Уйтмен, Д.Равжаа, Р.Киплинг, Н.Баратишвили, Д.Нямсvрэн, Р.Бёрнсийн шvлгийг нvдээ гялалзуулан уншихыг нь оюутны дєрвєн жил єдєр бvхэн харж, том ширэн цvнхийг нь vvрээд «бие хамгаалагч»-аар явж байхдаа тэр vхлээс бус, харин vхэл тvvнээс айна даа хэмээн санадагсан.

-Хамгийн арчаагvй хvн vхлийн ємнє євдєг сєхєрдєг. Yхлээс айдаггvй хvн, vхлийн тухай хамгийн сайн мэддэг. Yе vе vхлийн тухай бодож бай, амьдрал чинь утгатай болно. Энэ бvхэн тvvний хэлсэн vгс.Yл мєхєх, аугаа гоо сайхны гялбаа сэтгэлд нь харважYхлийг vгvйсгэж болохыг хаа нэгтээгээс шивнэж байна.Энэ бас тvvний бичсэн шvлэг. Yнэхээр «vхлийг vгvйсгэж болмоор санагдана». Худал хуурмаг байхыг омог бардмаар жигшдэгсэн. Хатуу vгийг харамгvй хэлэх, хайрламааргvй хvнийг хайрлах, хайрламаар хvнийг хайрлахгvй байх нь тvvнд даанч зохидог сон. Ёстой л єєрийнх нь шvлэглэснээр:Булан тохойд нуугдах хэрэггvйБурхан бvгдийг харж байгаа гэдэг шиг тэр зусар заальхай, араа шvдэндээ зуумхай, ар нуруунаас нь асамхай хэн ч байсан vерхэж, хvн нь яах вэ дээ, шvлэг нь даанч сайн гэж суудагсан. Ууч, ууч байна гэхэд даанч дэндvv нэгэнсэн.Хvнийг магтах, муулах хоёрт vг олдоод байдаг мєртлєє яг vнэнийг нь бичих гэхээр ер санаанд олигтой оновчтой vг ордоггvй гэдэг vнэн бололтой. Мєн л намар оройхон юм даг. Тvvнийг дагаж би айлын байрны найранд очиж билээ. Банзан гитар чамгvй тоглодгоо гайхуулж, vл мэдэг мишилзэн, єєрєєс нь гарамгvй намуухан зєєлєн хоолойгоор,

Yлгэр домгийн буурал талдаа

Yvлэн нємрєг нємєрч єслєє, би

Гэрийн цэнхэрхэн утаат талдаа

Гэгээн наранд ойрхон єслєє, би гээд дуулан суухад нь, дуулахдаа хvртэл омог бардам байж чаддагийг нь гайхан биширч билээ. Харин уйлахыг нь би нэг ч удаа хараагvй. Бодвол омог бардмаар уйлдаг байсан биз. Яагаад гэвэл Алтан-Овоо хавьд авхуулсан нvдэндээ нулимс цийлэлзvvлсэн нэг зургийг нь хаа ч билээ харсан юм. Хачин омог бардам байсан санагдана. Оюутан биднээс євєл, хаврын улирлаар шалгалт авахдаа ч омог бардам шалгадаг сан. Тvvний шалгалтад «Онц» авсан хvн тэр жилдээ нэлээд «омог бардам» байна.

-Их унш. Гэхдээ дэмий битгий унш. Сайн сонголт хийж унш гэх зэргээр мэргэжлийн зєвлєгєє єгєх мєртєє, Ясунари Кавабата хэдэн онд, яаж vхсэн бэ зэрэг мэдэхээргvй юм асууна.Єлгий, авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоорЄєр юу ч хэрэггvй, бие биенээ хайрла гэж сургах мєртєє хvчтэй дайсантай байхын сайхан, дайснаасаа єшєє авахын сайхныг нvдэнд vзэгдтэл ярина. Yнэндээ тvvний «омог бардам» ертєнцийг, тэр ертєнцийн «омог бардам» тэсрэлт, дэлбэрэлтийг цєєхєн хvн ойлгодог байж дээ. Гэр орноор нь орж гараагvй яруу найрагч ямар ч байсан манай 1990-ээд оныхны дунд байхгvй биз. Харин ном заалгаж, шавь болсон нь энэ vеийнхний дунд цєєхєн дєє. Гэвч бvгдийг нь тэр хvлээн зєвшєєрч, заримыг нь vлээж агаарт хєєргєєд, єєрєє араас нь гуниглан харж, заримыг нь дотроо хайрлавч их огцом «илэн шанааддаг» байлаа. Нэгэнтээ тэрбээрОйворгон зан, ялимгvй гуниг хоёрыг хvмvvсОдоо ямар vнэлэх биш дээГэвч би томоотой улс, хєдєлгєєнгvй найрагчдыгГэгээн бурхны гvнгэрваанд байгаатай адилтгана гэж илэн далангvй мєн л «омог бардам»-аар хэлсэн байдаг.

-Томоотой, хєдєлгєєнгvй яруу найрагчдаас сайн шvлэг горьдоод бараг хэрэггvй. Эрдэмтэй хvн дєлгєєн, их мєрєн намуун гэдэг хамгийн худлаа зvйр vг. Эх орон, ард тvмнийхээ эмгэнэлийг зvгээр хараад суудаг «томоотой» хvмvvсээс онцын шаардлагагvй олон «томоотой» шvлэг тєрдєг зэргээр баахан сургааль айлдана. Америкт ардчилал байхгvй гэж vзнэ. Африкт тєрєєгvйдээ баярла гэж шууд заналхийлнэ. Єглєєний инээмсэглэл єдєр сураггvй алга болж, єєдгvй юмнуудтай vзэж тарна гээд цээж хаялна.-Хойшоо сургуульд явахын ємнє… гээд л хотод єнгєрvvлсэн хэцvv єдрvvдээ дурсана. Єлсч ундаассаар би тэднийд очиж билээ. Нэрийг нь шууд дэргэд нь хэлнэ. Хаалгаар оров уу vгvйтэй банштай цайны хачин сайхан vнэр хамар цоргино. Том шаазангаар нь дvvрэн банш, цай… Их л сонин жуумалзсанаа гэдсийг нь заана. Эхнэр нь харин надад том шаазан дvvрэн цай барихад дотор нь гуравхан банш хєвж байлаа. Гомдсондоо нулимс асгараад цайг нь ууж чадалгvй гарсан хэмээн цайлган атлаа цаанаа л нулимстай ярина. Тэгэхэд хотод бvтэхгvй бол нутагтаа очиж газар хагална гэж «омог бардам»-аар мєрєєдсєн гэдэг. Тэр vедээ л,

Трактор, анжсаар атрын хєрсийг єм татаж
Бульдозер ємхєрсєн муу шавар байшинг газрын хєрснєєс хуу арчих шиг
Шvлэг бичихсэн гэж мєн л «омог бардам»-аар тунхагласан байх даа. Гэрээсээ гараад ажил орох замдаа гудамжинд 100-гаад танилтайгаа тааралдана. Бvгдтэй нь гар барьж, мэнд ус мэднэ. Олонх нь бvсгvйчvvд байна. Одтой залуугийн танилууд гэж хэлнэ. Нvvр єєд нь зориуд харна. Ер єтлєсєн шинжгvй. Єєрийнхєє тухай бичсэн «шар» сонинуудыг анхааралтай уншина. Yл мэдэг доогтойгоор жуумалзана.

Доромжлуулах тусам тэр єнгє орно
Долоон бурхан од шиг гялалзана.
-Улаан сахиус минь бvгдийг даана. Одооноос эхлээд сайн сахиустай бол. Ойрдоо бие жаахан ядруу, олон олон хурал, чуулган, хvлээн авалт… Энгэр дээрээ тэр тєрийн далбааны тэмдэгтэй, эцсийн удаа намар оройхон модод навчсаараа уйлсан єдєр бас л гудамжинд тааралдаж билээ. Араас нь харж зогсоход аанай л бvргэд шиг, талын хєх чоно шиг омог бардам харагдсансан. Тvvнийг сvvлчийн замд нь бид сvр дуулиантай vдэж билээ. Орой нь ирээд би тvvнд зориулж эхний болоод эцсийн шvлгээ бичсэн юм.

О.Дашбалбарт


Эхний бодол
Ямар ч онгироо юм бэ
Дунд vеийн бодол
Яг миний хайж байсан хvн юм
Дунд vеийн «дунд» vеийн бодол
Яаж ингэж бичиж байна аа.
Дундын тєгсгєл vеийн бодол
Яах аргагvй vнэн vг хэллээ дээ
Тєгсгєл vеийн бодол
Ядрангуй царайтай харагдах чинь
Тєгсгєл vеийн дараах бодол
Ялагдашгvй хvнтэй нэг vед амьдарч байна даа
Тєгсгєл
Яруу найрагч шиг «омог бардам» амьдарсан даа
Эцсийн бодол
Ямар их сvр хvч агуулна вэ?
Yхэл нь хvртэл «омог бардам» байлаа.
Баяртай омог бардам «намар» минь, эргээд уулзах болтугай.

Хүн алах тухай мөрөөдөж явдаг...



Би ч новшнуудын новширолд новширсоор новширсон новш л доо. Тэхээр хүн муулах алах хоёрын заагийг олж харахгүй болтлоо зүрх минь жижгэрсэн. Гэхдээ өчигдөр Буянзаяа гуайн номыг найзынхаа эзгүйд эхнэрээс нь булааж аваад буландаа харьж унших хүртэлээ энэ тухай нэг их боддоггүй байлаа. Нэгийн зэрэг бодсон гэхэд "Архетип" гэсэн томъёололоор ороогоод Кармагийн урдаас шидчихсэн.
Эр хүн гэж юу болох. Түүний анхдагч идеа нь юу болох талаар хэдэн боовоо унжуулсан новшнуудтайгаа өнөө орой хар бор дарс уулгүй шиг хар муу санаагаа дэлгэлдэе гэж саналаа. Энэ ч яахав нар жаргахаас хойших асуудал. Харин нар огторгуйн геометрт авч болох хамгийн оргил цэгтээ хүрчээд байгаа энэ мөчид сайн ах нарын хэдэн сайн үгийг харуулъя. Оршуулж ойлгоно уу, оршоож ойлгоно уу. Новшнуудын дур. Харин охидууд бол өөр шүү. Янханд ч гэсэн бурханлаг чанар хангалттай бий. Эр хүнд бол үгүй. Энэ талаар дараа нухацтай ярилцаж болох юм.

...Гэтэл



...Гэтэл НЯМ-ОЧИРын шүлгүүд эрс шулуун хэллэгтэй голдуу үхэл, сэтгэл алдралын үе агшин дахь хүний сэтгэлийн гүн хямралын байдлыг хүчтэй илэрхийлэхийн хамт үе үе хүсэл тачаалын элемент үзэгдэх нь ч бий. Жишээ нь: Нэгэн амиа гээгч нөхөртөө зориулсан цагаатгал шүлэгт:

Тэр унажээ
Замын хажуу руу унажээ
Зовлон шаналал, хайр дурлалыг хамтад нь
Зориглон тэвэрч үнсэх гээд
Замын хажуу руу унажээ
Согтуу байжээ.
Тэр унажээ
Замын хажуу руу унажээ
Түүний хөлд чулуу бүдрээгүй
Тэр зөнгөөрөө унажээ
Тэр бас шавар шавхай, тоос шороотой
Тэврэлдэж ахан дүүс болхыг хүсээгүй
Тэмдгэрч үүр цайн
Тэндээс нар мандана гэж итгэжээ
Замын хажуу руу унажээ
Тэс өөр зүйлс
Тачаангуй дүрсүүд нүдэнд нь үзэгдэж
Тархи толгой нь дэлбэрч
Тэгээд бас гол нь тасарчээ
Тэр согтуу байжээ
Зүүдэнд эрлэгийн элч иржээ
Зүүд мэт амьдрал зүүд мэт нүүр царайсын тухай
Зөндөө их үлгэр ярьж
Зуун жил ч уйдамгүй, дуусашгүй
Зүйрлэшгүй амтат дарс өгч
Зүүдэнд түүнийг умбуулан
Тэр унажээ
Замын хажуу руу унажээ
Согтуу байжээ.

/”С.А-д зориулав” Замдаа гарцгаая хүрээ хөвгүүд ээ. 169-р тал/

хэмээн өгүүлжээ. Харин...


ШҮХЭР

* * *
- Би чамайг зурчихлаа. Охин гуниглангуй харцтай том саарал нүдээ эргэлдүүлэн гайхсандаа нүд нь бүр саарал, бүр ч том болжээ.
- Намайг уу?
- Тийм , ээ чамайг
Зургийг удаан гэгч нь харснаа, ялимгүй инээмсэглэх төдий байдал харуулав. Эсхүл зүгээр л надад тэгж санагдсан байх.
- Чиний зурганд миний санаашрал харагдахгүй байна. Миний гуниглал ч алга. Хожим надад насан туршийн хань болох ганцаардал минь ч алга. Бараан шүхэр нь л харин хачин өнгөлөг болчихож
- Уучлаарай. Би тэр бүгдийг чинь хэрхэн зурж чадах билээ. Надад тийм нарийн мэдрэмж байхгүй л дээ?
- Тэгвэл хоёрын хооронд дэмий юм битгий хий.
Охин алгуурхан босоод өвсөн дундуур өлмийгөөрөө гишгэсээр явж одов. Одоо би зураач болоогүйдээ баярладаг юм.



* * *
...П.Батхуягийн “Шүхэр” үгүүллэгийг уншаад би шуудхан Дэлгэрмаагийн тухай бодож билээ. Тэр бүсгүй надад хэм хэмжээ гэж юу байдгийг ухааруулсан юм. Хэм хэмжээ бол цаг хугацаанаас ч чухал ойлголт, он тоололоос ч бодит хэмжигдэхүүн. Хэм хэмжээгээ мэдсэн хүн л цаг хугацааг ус агаар мэт хэрэглэн, он тоололд уул мэт мөнхөрлийг олно.
“Хэм хэмжээний тухай асуудлууд”-аас

Оргил хэц нь өндөр боловч...


Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...

өрцнөөс минь энэ хоёрхон мөр хэдэн өдөр дүүжлэгдэв ээ. Өөрөө ч гэсэн ямар нэгэн юмнаас дүүжлэгдчихмээр санагдаж явлаа. Эсвэл дуу аялсаар унаж болох юм. Уналтын дуу... Цасны гадарга агаарт хүрэлцэхэд үүсэн тархдаг тэр нууцлаг долгионд ховсдуулсан хэдэн хоног.

Харин сая талханд явахаар довжоон дээрээ гарахдаа өнөө өдрүүдээ /өнөөдрүүдээ/ дууссаныг мэдэрлээ. Энгэр цээжнээ ижил ижил хэмжээтэй нойтон мэдрэмж түгэх нь намрын сүүлчийн бороо ч юм уу. "Намрын сүүлчийн бороо ч байж мэднэ" гэж Энхбаатар минь гараа шувуу шиг л дэвээд уншдагсан. Тэр минь ч бас дуулж яваад унаснаа саяхан надад их л хурцаар мэдэгдсэн юмсан. Ойлгон сонсож чадсан бил үү би. Утасныхаа улаан товчийг чангаар дарахдаа тэр ертөнцийн ямар нэгэн унтраалгыг үүрд дарчихсан юм биш байгаа. Үгүй гэж найдна. Тэр над руу залгах байхаа. /Ингэхэд би ер нь бусад руу хүний урманд дохидог билүү. Гэхдээ л тэр над руу залгах байхаа. Учир нь тэр бол Тэр. Тэр миний анд юм чинь. ТЭР:
"Өвсөн дундаас болжморын сүрэг
Үргэх гэж
Чиний ирэх хөлийн чимээг чагнана.
Болжмор үргэхгүй юм.

"...Тэр ирчихэж
Тэгээд л, солонго татчихаж." гэж бичсэн юм чинь./

Өчигдөр ХАР анд минь залгаж хамаг файлыг минь хуулж өглөө. Уг нь би тэндээс блогтоо хэдэн зураг оруулъя л гэж санасан юм л даа. Тэгсэн Пүрэвсүрэн ахын алдартай хоёр мөр санаанд буугаад тэр мөрийг дамжин тэд дуулалдсаар унаж дуусахад тэнгэр хов хоосон
... гэсэн үгс зүрх загатнуулаад жоохон хадуурчлаа. Гэхдээ Энхээгээ өөртөө ахин шинээр нээлээ. Яруу найраг гэж ийм л нэг агшин юм шиг байгаам. Зарим нь үүнийг нигүүсэл гэх юм билээ. Гэхдээ Балбар найрагч энэ тухай "Урлан бүтээх минь миний бурханд хүрэх алхам" гэж яг голоор нь хэлчихсэн юм.


За ингээд үндсэн ажилдаа орно оо.

Анхдугаар зураг:

"Зүс бүгэг андууд номын доторх Пүрэвсүрэн найрагчийн зураг".

Энэ номон дотроос:
"Чи над дээр үйрэн унах шиг
Чимээгүй цас бударна..."
гэсэн мөрүүдийг уншаад надад бүхнийг нигүүлсэхүйн санаа төрж билээ. Арван таван насны анхилхан зун байжээ.


Удаах зураг:
Ганди гуай ч билүү Өлзий найрагч ч билүү төвийн сонины нэг сурвалжлагч Увсаар нэг бууж мордохдоо Пүрэвсүрэн ахын тухай "Алт атгасан залуу" гэж нийтлэл бичиж энэ зургаар чимсэн юм гэдэг. Энэ л үедээ уран Пүрэвсүрэн Парист үзэсгэлэнгээ гаргаж, "Бүгэг андууд"-ийг нөмөрлөж, "Дотор дуун"-аа хэвлүүлж, Өлзийтөгс гэж гэрэлтсэн охиныг дагуулаад Хөхий ууландаа аваачиж зураг хэрхэн зурах, шүлэг хэрхэн бичихийг зааж явжээ. Өлзий тэр хоёрын хооронд тэгэхэд юу ч болоогүй гэж Уянсүх ах баталдаг юм. Тэр ч надад юуны хамаа.


Гутгаар зураг:

Арай л нас тогтсон үеийнх нь зураг. "Баатар хотноо дэлгэсэн үзэсгэлэнгийнхээ үеэр татуулсан юм" гэж Зандаа эгч хэллүү дээ. Энэ сүүдэрийг "Монголын мөнгөн үеийн яруу найраг" номоос үзэж болно.


Дөтгөөр зураг:

Пүрэвсүрэн найрагчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн номын нэр нь "Гуу Гуу". Зурган дээрх нунж дорой өвгөн бол уг номын баатар элжигин хошууны савдаг явсан Гуу Гуу. Энэ тухай олон сонин хууч дэлгэж болох. Тэр бүхнийг хэн нэгэн ойрмогхон тогтмол хэвлэлд нийтлэгдэх төсөр бичлэгээс минь олж үзэж ч бас болох.


Тавдугаар зураг:
Шинэ зуун эхлээд байх удаагүй байх үе. Гурван жилийн даяанаасаа бууж ирсэн Пүрэвсүрэн найрагч Улаангомын хүрээний "Дэчинравжаалин" хийдэд бодь суварга босгож ахуй цагтаа татуулсан сүүдэр.
Шадарлан зогсоо өвгөн бол эрхэм багш Бэлэгийн Норов. Арван таван насны минь анхилхан хавар цагаар Норов найрагч надад: "Шүлгэндээ ямагт зөөлнийг шингээ, төс утгат хоёр үгнээс ямагт зөөлнийг нь л сонгож бай!" гэж сургасныг би өдгөө ч үзэг барих бүртээ зүрхэндээ шивнэж явна даа.


Сүүлчийн зураг:
Пүрэвсүрэн найрагч эгүүрийн биеэ зурсан нь. Энэ зургийнхаа доор тэр:
"Оргил хэц нь өндөр боловч
Оройн чулуу намхан"
хэмээн таталсан байдаг юм. Тэгээд номныхоо эхний хуудсанд аавын минь нэрийг бичээд "Өндөрхангайн Пүрэвсүрэнгээс өргөн барив" гэснийг би ахин дахин эргүүлэн суух дуртай.


Ай хөөрхий. Пүрэвсүрэн ахад зориулсан нэгэн цагийн дараа өнөөх өдрүүд ахиад л дэргэд ирснийг анзаарлаа.
Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...


Бурхны мэлмий нараар ширтэж, тэнгэрээс хэн нэгэн намайг дуудаж байна...
...Өнгө авиа ч эс хүрэх
Алсын уул руу би явлаа. Тэнд Пүрэвсүрэн ах саравчлан суугаа. Оргилд хэцэд нь гарч оройн чулууг нь хөндөхийн үес тэр хормойгоо гүвэн босоод Содномнамжил тойныг дуудна. Алтан овооноос мордсон ах минь алга урвуулхын зуурт дэргүүлж ирнэ. Тэгээд бидэн гурав хамтаар Эрээнцавыг зорин талын зүг бууна аа.

ӨЧИЛ IV


“Цээжний нөмөр”-ийг уншаад ч цээжинд гэгээ татахгүй
Цэв хүйтэн гудам.., төмөр ирмэлт, төмөр үнсэлт, төмөр хурьцал...
Ор дэрнээс минь ялган харахын тулд
Баяжуулан олборлох шинэ арга хэрэгтэй.
Орчин тойрноос минь салган авч үзэх
Онол судалгааны дэвшилтэт үзэл хэрэгтэй.
Хүслээрээ хүслээс ангижирсан ийм хүйтэн төлөвийг
Хүртэгдэх чанараар нь мөстэй зүйрлэж болох ч
Урь унахаар мөс байтугай хад ч бутардаг.
Уугих хий, урсах ус хийгээд
Уйлан гансрах, үзэн ядах тэргүүтэн
Чанар тодорхой аливаа төлөвт шилжих
Чадваргүй болсноо мэдэгдэхэд
Таагүй биш хэдий ч таатай бус байна.

2010 он.
Баатар хотын намар.




Дэр дүүргэн урсаж хатсан цусаа хараад төрсөн сэтгэгдэл...

Саяхнаас тэнгэрийн татах хүчийг урьд өмнөхөөсөө ч ихээр мэдрэх боллоо.