Бүүвэйгийн бүүвэй хэмнэл.



"...Тэрээр шүлгүүдээ зөөлөн гийгүүлэгчээр дам нурууг нь тулж, эгшгийн уян чанараар зохируулан холбож бүтээдэг. Тиймээс үзэн ядалтын хэлээр хайр дурлалыг, хайр дурлалын хэлээр ганцаардлыг илэрхийлсэн түүний шүлгүүд уянгын яруу найраг мэт санагддаг"

Ш.Я.Б



* * *

Чиний мэдэхгүй гоо үзэсгэлэнг

Би олсон.

Чиний уруул миний нүдэнд

Ямар гоё зохио вэ?

Сормуусан дор минь

Хацар чинь яаж туяарахыг

Чи харсан бол

Гэзэг чинь нуруун дээр минь асгарахыг

Ээмэг чинь чихнээс минь

Зүүгдэж дэггүйтхийг

Санаа алдах минь зүрхийг чинь

Өвтгөж байгааг

Чи мэдэх юм бол

Миний гоо үзэсгэлэнд дурлана.


2006.11





* * *

Миний шатааж амжаагүй

Навчсыг норгож

Сая яг тэнд аадар буусан

Тэгээд л...

Мөрөөдөл үүл мөргөж

Шувууд цэцэгсийг гээсэн байж

Захаа босгоод

Энэ замаар явахад

Сарыг олж л таараа

Яг л өшөө авагч шиг очно доо

Миний навчыг шатаалгаагүйн чинь төлөө.


2006.3.10







Тосгоны намар



Сүмын хонх гурвантай дуугарахад

Сүрэг тагтаа дэргэж ниснэ

Бодлын шоронд биеэ хорьчихоод

Хонхны дуу, тосгоны намраас

Оргож амжилгүй сүүдэр минь бөхийжээ

Намар болдгоороо болж

Сүүлчийн навч тасрахын өмнө

Тээрэмийн хүрдийг зөөлөн эргүүлнэм би

Тосгоны намар,тосгоны намар

Хагас зуун жилийн өмнө тэр

Энэ үүл,энэ нарыг харж байсан

Тэнгэрийн дээр,оддын цаана

Цэнхэр диваажинд чи минь

Цэцэг түүж яваа

Мөдхөн хоёул уулзана тэгэхэд

Сүмийн хонх гурвантай дуугарсанч

Сүрэг тагтаа дэргэж нисэхгүй ээ


2005.7



***

Од оддын

Бэлчээрт нэг нуур байдаг

Урьдын адил туулай сэлсээр л.



2004,12







***Яруу найрагч ХАТАНБҮҮВЭЙБААТАРын Санаа алдахаас өөр салхигүй номноос

0 Сэтгэгдэл:

Post a Comment