ЗАЙГУУЛ ШИДТЭН

I

“Үүл арилж
Эх наран үзсэн мэт
Мөс арилж
Мөрөн ус олсон мэт...”

МНТ.10.238

ApologiZe ид HIT болж байх үед UNDERGROUND дурсамж уншиж суусан нэгэн залуу α эрийн домогт хэт итгэснээс 10000 дахь хүүхэн лүүгээ нэн зоримог алхсан тэр гудамж дэндүү абсурд.

Зөнөг МАРКЕС ногоон цустай эмгэн хүчиндээд арван жилийн өмнө МАКОНДО-д цөлөгдөн, тэндээ 300 жил бороонд хоригдоод оргож явах замдаа осолд орсон энэ гудмаар JE.LO-гийн хонго, PAMELLA-гийн хөхнөөс уйдаж эр хүн болохыг тэсгэлгүй тэмүүлэгч нэгэн хүү түүний мөрийг шүргээд яаран одов. Ухамсаргүй зөрөлдөгсдийн усан нүднүүд шүлсээр дүүрээд халин асгарах гэж буй мэт санагдахад АЙВОЗОВСКИЙ-н давалгаан дунд ХЭМУНГУЭЙ-н ӨВГӨН хүчгүйдэх мэт тэр хэсэг азнах авч, 10000 дахь хүүхэндээ хэт яарах тул ДОН КИХОТ лугаа гэнэн шийдмэг, ТАРАС БУЛЬБА лугаа цог хийморлигоор үргэлжлүүлэн алхах болой.

Тэр яг л ПУШКИН-ы КАЗАК мэтээр 9999 хүүхний ард гарсан бөгөөд, тэд нь өдий хүртэл АЛИСАГИЙН ГАЙХАМШГИЙН ОРОН-оос мултарч амжаагүй буй. Ийн байсаар тэр ер нь ЭМИЛИ шиг юмтай л учрах биз. Тэгээд тэр нь олсноос өлгөгдчихөөр АХМАТОВА шиг үхдэггүй охиноор зоримогхон сольж чадах л эр.

ҮНХЭЛЦЭГ-ийн сүйх дэргэдүүр нь яг л ПО-гийн хэрээ шиг нисэн өнгөрөх цагт тэр ЗАМЗА-гийн цонхон доогуур зөрж явсан юм. Яг энэ үед түүнд МИЗОГУТИ-н адил гаж хүсэл төрж, азгүй цохны цонх руу КАСТАЛИ-аас хулгайлж гарсан ШҮРЭН ЭРХ-ээ нүүлгэчих нь тэр. Цонх хагарсан байтал хэн ч цухуйж загнасангүйд тэр огтхон ч үл гайхсан ба үүнийг нь хэт хөөрсөн үедээ ухамсараа умартдаг САРМАГЧИН өвөөгийнх нь талаарх ДАРВИН хийгээд ФРОЙД-ын онол судалгааны ажлуудтай холбон ойлгууштай.

Яаруухан алхахад нь хайсан доторх зүлэг ногоо ШАР ӨРӨӨ-г санагдуулах агаад хэрэв ШУВУУН СААРАЛ-аа унасансан бол энэ зүлгэн дээгүүр эгээ л ГЕНДОЛЬФ шиг дүүлэн нисэхсэн гэж бодохын завсар шүлсээ залгичихав. Энэ үйлдлээсээ болж яг л ДАНТЕС-ийн адил сандралд орсон бөгөөд учир нь түүний шүлс ходоод хямраах үйлчилгээтэй тул тэр үргэлж МОБИ ДИК шиг шүлсээ олгойдуулж, БЛУМ шиг нулимчиж явдаг юм. 10000 дахь хүүхнийд оронгуутаа л бие засах өрөө лүү нь харайлгах нь гэсэн бодол мань эрийг яг л шүүхэд дуудагдсан К. мэт болгож орхих ба, зохисгүй бодлоосоо ангижрахыг хүсэхдээ толгойгоо сэгсэрэх нь өтгөс АДАМ бээр NIRVANA-гийн дуунд тэргүүнээ савчих мэт.

Барагцаалбал ЖААЛ ХҮҮ эргээс харайгаад ИСЫК КУЛЬ-ийн усыг хүрэлцэн мэдрэх хүртэлх хугацаатай дүйцэх зайг туулваас хүүхний үүднээ хүрэлцэн очих байв. Энэ нь тийм ч хүнд асуудал биш байжээ. Залуу үлдсэн газрыг эгээ л ЗАДИГ мэт туулсан юм. Гэхдээ энэ завсар хуучин номын худалдаанд нэг ном үзэж байснаа, анги дэвших дүрмээр дороо хэдэнтээ үсчсэн хийгээд хоосон байшингаасаа дүрвэн гараад чичирч зогссон хоёр этгээдийг тайвшруулж гэрт нь оруулсаныг дурьдах нь зүйтэй болов уу. Бас дэргэдүүр нь үнсэж үнгэлдэн зөрсөн идэр насны хятад, царайлаг Франц охин хоёрыг үзээд зогсоогоороо хэсэг бясалгасан санагдана. Тиймээс түүний сүүдэрлэн зогссон ГЕРМАНТ-ын харшийн дэргэдэх ЦАГААН ХУС-ыг БОДЬ МОД гэвээс зохино. БОДЬ МОД-ноос СААРЬ ХЭЭР-ийн зүг эргэж 9 алхвал 10000 дахь бүсгүйн хаалганд хамар нь түг хийтэл тулах нь тэр. Жаахан бясалгачихаар хамар нь уртасчихдаг нь түүний нэг том сул тал л даа.

Хамраа арайхийн хэвийн хэмжээнд нь оруулаад эргэтэл хаалга онгойж, 10000 дахь бүсгүй гарч ирлээ. Залуу утгаа бүсгүйгээс АМИТАБА-тай учирсан мэт хурц мэдрэмжийг хүртэх ёстой байтал, ГОМЕР-ийн нүдээр ЖОКОНДА-гийн инээмсэглэлийг үзэх мэт алхайралд автав.

Өмнө нь эгээ л ДАВИД шиг идэр чийрэг эр зогсож буйг хараад сандарсан хүүхэн БОЛОР ШААХАЙ-гаараа довжоо товшин бууж иртэл, ЛОТТА-гийн үхлийг үзсэн ВЕРТЕР мэт ганихарсан эр, РОМЕОГ-гийн цогцосыг үзээд ЖУЛЕТТА цээжээ өрлөх адил гүн шийдмэг эргээд харанхуй алсад шар нохой адил шарвалзан одов.

ApologiZe ид HIT болж байх үед UNDERGROUND дурсамж уншиж суусан нэгэн залуу α эрийн домогт хэт итгэснээс 10000 дахь хүүхэн лүүгээ нэн зоримогоор алхан ирсэн, гэвч эргээд гэрийн зүг хулжин одсон энэ гудамж дэндүү абсурд.


2008.03.05 Улаанбаатар хот.

0 Сэтгэгдэл:

Post a Comment