МИНИЙ ХУВЬД УРАН ЗОХИОЛ БОЛ ГАРЦ

Б.БАЯСГАЛАН:

МИНИЙ ХУВЬД УРАН ЗОХИОЛ БОЛ ГАРЦ

Батсуурийн БАЯСГАЛАН Говь-Алтай аймгийн Бугат суманд 1986 онд төрж, 2008 онд МУИС-ийг төгссөн. Өдгөө МҮОНР-д ажилладаг. Тэрбээр саяхан “Арван гуравдугаар сарын бороо” хэмээх уран бүтээлийн анхны түүврээ хэвлүүлсэн юм.

- Уран бүтээлийн анхны түүврээ эх барьж авсанд баяр хүргэе. Уран зохиолын ертөнцтэй Та хэрхэн холбогдсон хүн бэ?
- Баярлалаа. Шүлэг бичиж эхлэхэд юу нөлөөлснийг мэдэхгүй. Харин уран зохиолд дурлахад аавын маань асаасан гэрэл гэгээ нөлөөлсөн шүү. Манайх Говь-Алтай аймгийн Бугат суманд байдаг байлаа. 1990-ээд онд, ардчилал зах зээл эхлэх үеэр аав маань нутагтаа хувийн жижигхэн лааны үйлдвэр байгууллаа. Лаа хийдэг айл чинь хөдөөгийн буйдад гэрэл гэгээгээр дутна гэж үгүй. Гэрэлтэй айл чинь яах билээ, бөөн ном сонин гэр дүүрэн зулчихаад л ийш тийш хараад өнөөхөө шагайгаад сууцгаачихна шүү дээ. Тэгэж би аав ээжийгээ дагаж лааны гэрэл бараадан сонин, ном үсэглэсээр 1 дүгээр ангид орохоосоо өмнө бие даагаад уншдаг болчихсон байв. “Раамын үлгэрийн цоморлиг” уншчихсан хүн чинь цагаан толгой энэ тэр гэж ярихгүй шүү дээ… Харин 2 дугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн санагдана.
- Өнөөдрийн манай уран зохиолын талаар залуу хүний хувьд ямар санаа оноотой явдгийг тань сонирхож байна?
- Монголын уран зохиолын маргаашийг би их өөдрөгөөр хардаг. Өөрийнхөө үеийн залуусыг гадаад ертөнцийг их уншаасай, бас үндэснийхээ уран зохиолыг их судлаасай гэж боддог. Өөрөө ч мөн тийм байхсан гэж шамдаж явна. Монголчууд уран зохиолын өвийн хувьд их баян ард түмэн. Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй, бас бусдыг хэр болохыг танихгүйгээр “давшилтанд” орж болох уу даа.
- Уран зохиолыг нэг хэсэг нь сэтгэлийнх, нөгөө хэсэг нь сэтгэлгээнийх байх учиртай гэх зэргээр маргадаг. Таныхаар бол уран зохиол гэж юу вэ?
- Зүрх үү, тархи уу гэдэг дээр сонголт хийж болно гэж үү? Мэдрэмж үү, сэтгэлгээ юу гээд маргалдаад л байдаг юм. Сэтгэлээрээ, мэдрэмжээрээ бичнэ гэдэг их л уугуул мөн чанар, унаган авъяасны үр шим байх. Харин уран бүтээлч цаг хугацааны явцад төлөвшөөд, төгөлдөршөөд, оюуны хувьд бяд суугаад ирэхээрээ сэтгэлгээний гайхамшгийг бүтээдэг байх. Сэтгэлгээ, мэдрэмж хоёр салшгүй найзууд болохоос дайсан биш. Бие биенийх нь өөдөөс сөргүүлээд маргалдаад байх шаардлага юу байна… Бусдын хувьд юу юм мэдэхгүй, яг миний хувьд бол уран зохиол “Гарц” л болж таарч байна… Ганцаардлаас, санааширлаас, бусдаас, өөрөөсөө, ахуйгаас, харанхуйгаас бас гэрэл гэгээгээс гээд л…
- Өөрөө шүлгээс гадна үргэлжилсэн үгийн төрлөөр бичдэг, орчуулга хийдэг. Ойрд энэ чиглэлээрээ юу амжуулж байна?
- Тийм мундаг зохиолч, орчуулагч биш шүү дээ би. Үргэлжилсэн үг ч бай, орчуулга ч бай надад бол залуу хүний хувьд өөрөө өөрийгөө нээх гэсэн эрэл хайгуул л юм даа. Хэд гурван өгүүллэг бий. Орчуулгын хувьд болвол энэ чиглэлээр хилийн гадна мэргэжил олчих юмсан гэж хүсэх л юм. Б.Ринчен гуай “Марк Твений минь махы нь идэж дээ” гэсэн шиг орчуулга гэдэг овилгогүй болгоны оролдоод байдаг эд биш дэгээ. Муу орчуулгыг бол орчуулж байна уу, оршуулж байна уу гэж л ярина. Орчуулга хийж байгаа хүн цаад зохиолынхоо өмнө ч, эх хэлнийхээ өмнө ч асар их хариуцлага хүлээж байгаа хэрэг. Тиймээс л орчуулгын эрдмийг мэргэжлийн түвшинд эзэмшиж байж би орчуулагч гэж хэлэх зүрх хүрэх байх. Одоо бол надад баахан зориг, хоосон санааширал л байна.
Хэд хэдэн яруу найрагчийн бүтээлийг англи хэлнээс өөрийнхөө хэмжээнд хөрвүүлэх гэж хичээсэн. “Орчуулагчдын гар дороос орхигдож үлдэж чадсаныг нь л яруу найраг гэж нэрлэе” гэж Роберт Фрост хэлсэн байдаг даа. Тэгэхээр яруу найргийн орчуулга гэдэг боломжтой ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд. Харин үргэлжилсэн үгийн нэг том зохиолыг дотроо бол амлаад авчихсан яваад л байгаа. Тэрнийхээ гүйцэтгэлийн хугацааг нь “ямар ч л гэсэн амьд ахуйдаа” гэж тогтоосон.
- Уран зохиолын ертөнцөд тодорхой үеийнхэн өөр өөрийнхөө өнгө аясаар дуу хоолойгоо гаргаж байдаг шиг санагддаг. Таны үеийн хэсэг залуу уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг, бас ихэнх нь номоо гаргажээ. Тэднийхээ талаар товчхон яриач?
- МУИС-ийн Утга зохиолын нэгдэл биднээс өмнө, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай нарын үеэс л үндэс мөчир нь салаалсан өндөр түүхтэй ариун хүрээлэл. Энд бидний оюутан нас, ойворгон гэнэн, дурсамжтай мөчүүд өнгөрсөн. Найзууд маань бүгд анхны номуудаа гаргачихлаа. Ганц шүлэг гэхгүй үргэлжилсэн үг, жүжгийн зохиол бичдэг “хүүхдүүд” ч бидний дунд бий. Бас хэл ус сурч, биеэ бэлтгэж буй нь ч бий. Алт, мөнгө, хүрэл үе нь яах вэ. Хамгийн гол нь үе үе бүхэн өөр өөрийн гэсэн тодорхой үүргийг хүлээж, түүнийгээ маш сайн биелүүлж байж л Монголын утга зохиол хөгжинө шүү дээ.
- Танд хамгийн их таалагддаг зохиол, зохиолчийг нэрлээч гэвэл хэн хэнийг гэх вэ?
- Канадад байдаг эгч маань надад маш их ном явуулдаг юм. Тэгэхээр би номоор их баян. Тони Морисон гэж Нобелийн шагналтай, хар арьст хадагтай бий. Түүний “The Bluest eye”, “Beloved” гээд хоёр зохиол байдаг юм. Эдгээрийг их догдолж уншдаг. Сэнгийн Эрдэнэ гуай бол үнэхээр мундаг. Мэдээж өөр олон зохиол, зохиолчид бий л дээ. Яруу найрагчдын тухайд бол Батжаргалын Одгэрэл найрагчийг хүндэлдэг.

"МОНЦАМЭ мэдээ" сонин. 2009.04.03-ны дугаараас

0 Сэтгэгдэл:

Post a Comment