Данзангийн Нямсүрэн АХ

Данзангийн Нямсүрэн АХ

Нүүдэлчний яруу найргийн хаан титмийг тэр Эрээнцавынхаа өвсөн дундаас олсон юм

Нүүдэлчний яруу найргийн хаан титмийг тэр Эрээнцавынхаа өвсөн дунд ургуулсан юм

Нүүдэлчний яруу найргийн хаан Эрээнцавынхаа өвсөн дунд ургасан юм.

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ.

Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ.

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хаа хол хүний үр явахаас эхэлнэ
Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ
Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ

Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

Үйлийн үр

Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.

Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй

Шаргал өвс халиурах талын уудамаар
Цавьдар морьтой нэгэн хүн шогшуулна
Цавьдар морьтой гандмал хүний мөрөнд
Шар модон ака буу доёгононо
Цавьдар морины хондлойд нэг юм тэгнэжээ
Цатгалан өнөөх саарал чоно ажгуу
Цуутын цагаан талд өлөгчингүүд цуглаад
Цусан өшөө нэхэн улих сонсогдоно

Орой дээгүүр сэмжин цагаан үүл хөвсөөр л
Орчлонд юу ч болоогүй... юу ч болоогүй ээ

Оройн шингэх нарны доогуур нэгэн хүн
Олон гөрөөс хөөж бургас руу орно
Оройн нарны улаан туяатай чөлөөг өгсөөд
Олон гөрөөснүүд хүнгүй гарч ирлээ
Ойролцоох модон дээр нэгэн хэрээ сууна
Одоо энэ гурван зуу дахь нь гэж тоолно
Цулбуураа чирсэн цавьдар морь
Цуутын цагаан талд үүрсэх сонсогдоно

Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ... юу ч болоогүй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment