ЗҮС БҮГЭГ АНДУУД



ЗҮС БҮГЭГ АНДУУД

Яруу найргийг шохоорхох төдий явсан намайг түүнд үхэн хатан дурлуулж, ээнэгшин хайрлахад хүргэсэн энэ нимгэн ном бол ЗҮС БҮГЭГ АНДУУД.
Нэгэн үеийн долоон уран бүтээлчийн шүлэг, бүтээлээс бүрдсэн энэ ном 1991 онд Увс хэвлэх үйлдвэрээс нэн болхи үсэг өрөлт, үзэмж даруу төрхтэйгээр хэвлэгдэн гарсан юм.
Цагийн урь орсон 90-ээд оноос уран сэтгэлгээний элдэв урсгалууд оршил тунхагаа цацмагласан авч “Бүгэг андууд” тэдний салхийг хагалж, басхүү шинэлэг өнгө илэрхийлэл, эрэлхийлэлээ эдүгээ хүртэл цор ганцаар хадгалан үлдэж чаджээ. “Зүс бүгэг андууд” уран “сайхан”-ыг эс орхин, гүн сэтгэлгээ, уран сэтгэлгийг дээдэлсэн хүний уугуул төрөгдлийн ирэн дор уран бүтээлээ туурвидаг. Гэхдээ тэднийг нэг аясаар намилзах дэрс мэт, өнөө цагт хөгц шиг олноор ургасан төсөө тархитан мэтээр үзэж үл болно. Тэд бол өөр өөрийн зам жам, жаяг санаагаар урлан туурвигч, хувь ертөнцийн үнэ цэнийг эрс ухаарсан улс.


Монголын иррационалистуудын албан бус тэргүүлэгч нь Д.Урианхай гуайг гэвэл амин судас нь Г.Бадамсамбуу, Ц.Цэндээс эс хэтэрнэ. Ер нь “Зүс бүгэг андууд”-ын лидерүүд нь Бадамсамбуу, Цэнд хоёр. Тэдний бүтээл бусдынхаасаа илүү хийсвэр тэр хэмжээгээрээ урлагийн үнэлэмж нь үлэмж бодит. Санаалаг ахуй, сэтгэц бичлэгийн хэлбэр нь эдүгээгийн монголын уран зохиолын үл харагдах өндөрлөгт тэднийг гаргасан. Яруу найрагч Бадамсамбуу “Үлэмж үзэхүй” номынхоо өмнөтгөлд: “…Бид “сэрэл”-ийн яруу найраг хэмээх тунхагийг баримталж хүний сэтгэлийн барим тавим үелзээ, зүүд совин үл ухамсарлахуй, агшины мэдрэмж тэргүүтэнийг “тэмдэглэх” барилаар далд ахуйг нээнэ гэж үзэж байсан юм…” гэсэн нь энэ урсгалын уран бүтээлчдийн нийтлэг зоримж, ялангуяа Г.Бадамсамбуу, Ц.Цэнд, Т.Баянсан, М.Уянсүх, Б.Пүрэвсүрэн нарын чиг хандацыг тодорхойлсон хэрэг юм.

“Гуниг шагайх үдэш”-ээс “Сар гуаглах зүсэм үдэш” хүртэлх номууд нь Т.Баянсангийн уянгын бичлэг, билэгдэлийн өнгө аясаар хэрхэн төгөлдөршсөнийг илт үзүүлдэг. Зөвхөн нэрнээс нь үзэхэд л ойлгомжтой. Дээрх хоёр нэрэнд агуулагдаж буй “Үдэш” хэмээх үг бол Т.Баянсангийн онгод туурвилын оргил цагаа хэлсэн, өөрөөр хэлбэл номонд орсон бүтээлүүдийн үүссэн тэр цаг үеийг оноон нэрлэж буй хэрэг. Харин “Оргил цаг”-аа хэрхэн тодотгосон нь сонирхолтой: “Гуниг шагайх…, Сар гуаглах зүсэм…”. Эндээс түүний уран бүтээл уянгын сул дүрслэлт нүүдэлчний уугуул бичлэгээс, хувь билэгдэлийн шинжтэй нийлэг бичлэгийн хэлбэрт шилжсэнийг бэлээхнээ харж болно.

Энэ урсгалд монголын уянгын яруу найргийн нэгэн эгшигт чавхдас болсон М.Уянсүх нэгджээ. Түүний “Уйтгарт ертөнцийн хязгаарт сэвэгнэх хуучин өвс мэт шүлгүүд” болон “Хил хязгааргүйн дуулал” яруу найргийн түүврүүд бол цар агуулгаараа нүүдэлчний уламжлалт билэгдэлт бичлэгийг шинэ шатанд хэлбэршүүлсэн, гадаад илэрлээрээ уянгын яруу найргийн нандин өв юм.

Улс оронд өрнөсөн ардчилал, уран бүтээлийн шинэ эрэл хуулийг нэгэн биеэр хүлээн авч, хязгаарт нутагт тэмцлийг түүчээлсэн хүн бол Б.Пүрэвсүрэн. Түүний этгээд совинлог өнгө дүрслэлтэй уран зургууд, яруу найргийн бүтээлүүд /Дотор дуун ном/ нь монголын шинэ урлагт аадрын цохилт биш ч, аянгын гялбаа байж чадсан. Хөхий уулнаа гурван жил даяаншин сууж, ус нутгийнхаа орон хийдийг сэргээн засаж, бурханы олон суваргыг урлан бүтээсэн энэ эрдэмт хүн эдүгээ Лу гүний хошуундаа амар тааваар аж төрж байна.

Бие даасан ном гаргаж амжаагүй ч, аж байдал, реалист хэлбэрээр шүлэг бүтээлээ туурвидаг П.Лхагвасүрэн, Ц.Эрдэнэ нар бол энэ урсгалын бас нэгэн өнгө аяс. П.Лхагвасүрэнгийн эгэл учирлангуй богино шүлэг, хэмнэл зохирсон дууны шүлгүүд нь энэ уран бүтээлчийн ур авьяас нэгэнт тэгширч, найрагчийн зэрэгт хүрснийг илтгэдэг. Төрийн ажилд завгүй зүтгэсэн эрхэм ахаасаа нэгэн сайхан номыг хүлээж сууна аа дүү нь.

Бусдын хошигносноор “Японд гахай маллаж буй” Ц.Эрдэнэ бол хэн бүхний сайн мэдэх “Насан багын дурсамж” тэргүүтэн олон дууны шүлэг, сонет голчлон бичдэг, “Мөнгөн үеийн яруу найраг” номонд бүтээл нь дээжлэгдсэн уран найрагч билээ.
Зүс бүгэг андууд урсгалыг яруу найргийн талаас цухасхан тодорхойлоход ийм байна. Тэд монголын утга зохиолд үргэлжилсэн үгийн төрлөөр “Явна”, “Тэнгэрийн цавчилт”, “Дөрвөн нүдтэй зүүд тэргүүтэн”олон зүгийн өв номыг бүтээсэн, бүтээх хүмүүс. Баянсан найрагчийн нэгэнтээ хэлсэнчлэн “Мөс хагалан гарч ирсэн” долоон эрийн уран бүтээл миний блогт хүндтэй байрыг эзлэх болно. Эхлэл шигээ омголон, өрнөл шигээ эгэл даруухан ах нарынхаа тухай өгүүлж, туурвилаар нь бусдад омойтон бардамнаж, түгээн дэлгэрүүлэх нь миний хувьд эрхэм хүнд олз завшаан буюу.


0 Сэтгэгдэл:

Post a Comment