"Хөх шуурга"-ны өмнөх нам гүмд...

Тэдний шүлгийг уншихаар цээжинд цус амтагдаад байх юм. Ихэнх нь хэвлэгдээгүй шүлгүүд байна. Тэд хэвлэгдэж юун 10 баллын давалгаа, цунами... за цаашлаад бараг галав юүлэхийн дайны юм "Монголын уран зохиол"-д болох байх аа. Би мэдрээд байна бас баярлаад байна. Баярлах болсон учирыг өгүүлбэл:

Сүүлийн үед сонин сэтгүүл уншихаар яагаад ч юм уур хүрээд байдаг байлаа. Монголчууд монгол хэлээ голж, англи хэлээр шүлэг бичдэг болж гэнэ. Сортоотой соотгорууд нь Америк явж амьдрах болж, согогтой согтуучууд нь Монголдоо үлдсэн ч гэх шиг... Багадаа "горшоонкноосоо олон унасан мулгуу" "сэтгүүрч" сэтэртэй юмнууд ингэж тархи угаагаад байх боллоо. Минийхийг биш л дээ. Ард түмний... тэд ч бас угаагдахгүй л дээ... Тэр болгон.

Ингэнгүүт шаал дургүй хүрээд... монголоор жинхэнэ яруу найргийг бичиж тууриваад "дэлбэрээд" гараад ирэх зовхи нь өөдөө, ширхэг нь босоо хүүхдүүдийн эрэлд гарлаа. Нэг охин утасдаад МУИС-ын Утга зохиолын нэгдлийн шинэ жилд урьж байна. Энд тэндхийн "будаатай хуурганд очдоггүй ч", нөгөө л эрлээ үргэлжлүүлж очсон юм. Тэдэнд бас хайж яваа гэдгээ ч хэллээ. Яахав дээ болоо ш дээ. 90-ээд онд бужигнуулж явахад юун ийм сайхан шинэ жил хийх (оюутны утга зохиолын нэгдэл шүү)... арайхийж мөнгө нийлүүлж "ганц юм" зохицуулж байсан байх. Тэндээс 2 номтой буцлаа. Хэд хоногийн дараа Бүүвэй ярьж байна.

- Ах хүү ямар байна. Таалагдахгүй байна уу?

- Энэ "Хөх сэрэхүй" гэж юу юм бэ?

- Оо яахав. Бид юм даа.

- Ахын дүү хэдэн шүлэг нэмээд аваад ирээч. Найз нарынхаа...

- ОК. Дийд дийд...

Ингээд эр хүмүүс шиг сайхан сууцгаалаа. Хангал, Баяраа, Бүүвэй 3 ирэв. Овоо мултарч байна. Одоо л бид танилцаж байгаа юм шүү дээ. Урьд нь эднийг огт танихгүй... хараад байсан чинь "Нүүрэндээ плитка-тай, нүдэндээ зажигалка-тай" хүүхдүүд байна. 10-аад жилийн өмнө манай "Хүрээ хөвгүүд" ингээд л том том юм яриад л сууж байдаг байсан байх даа. Юун ч "гоё" онгироо юм. Өхөөрдмөөр ч юм шиг. Зарим нэг ярианаас нь сийрүүлье.

- Ах аа? Нэг юм асууя.

- За тэг.

- Би гацаад байна.

- Тэгэхээрээ яадаг юм.

- Толгойгоороо хана мөргөдөг юм.

- Хүүе тэгж болдоггүй юм. "компод"-той болдог юм.

- Ах аа? "компод" гэж юу вэ?

Хахаха... иймэрхүү л яриа болов. Хамгийн гол нь ах нь та нарын шүлгийг уншлаа. Таалагдлаа. Бас бодлоо. Яруу найргийг яаж бичих ёстойг зааж байна даа. Та нар зөв маргалдаж байна. "Мэдрэмжийн яруу найраг" уу? "Агуулгын яруу найраг" уу? ... Мэдээж хоёулангийнх нь "нэгдэл" байх нь юу юунаас илүү чухал байна. Энэ хоёр хоёулаа ажиглагдаж байгаа нь М.Хангал, О.Элбэгтөгс нарын шүлэг байна. Ш.Хатанбүүвэйбаатар, Ж.Оргил хоёр бол зоригтой туршигч, ideamaker-үүд, бусдынхаа шүлгэнд их нөлөөлдөг "Хөх мэдрэхүй" бүлгийн түүчээ болж яваа хүмүүс шиг харагдаж байна.

Я.Баяраа... чи шүү. Яруу найргийн дотоод хөгжимийг чиний шүлгүүдээс сонсч байна. Ном чинь таалагдлаа. Энэ таван залууд нэг л юм байна. Эд "Хөх шуурга" дэгдээж, тэнгэр хангайг эвгүйтүүлбэл би лав гайхахгүй. Ер нь шүлгийн ур хийц, уран бүтээлчийн хувьд эрийн цээнд бол хэдийн хүрчихсэн...манай том том шүүмжлэгч нар хүртэл "гар нь салгалж" номынх нь өмнөх үгийг бичицгээсэн байна. (Модернизмийн тухай бичдэг доктор Амартөвшин гэж бас ямар "чапак" байна ээ.)

Харин дүү нартаа нэг юм захия. Та нар өр нь "Хөх мэдрэхүй" гэж өөрсдийн раrtу-тай болно байгаа. Бидний яруу найраг ийм, бидэнтэй төстэй нь ийм гээд ялгарч харагдах нэг тийм юм зохиовол. Би лав тийм үдэшлэгт очно. Бас та нарыг сонсоод ч уйдахааргүй юм билээ.

Бас нэг юм байна. Манай улс "цаас" үйлдвэрлэдэггүй. Шүлгийн ном гаргана гэдэг хэцүү ажил. Шүлгийн номонд оруулах шүлгээ хэрхэн тестэлдэг талаар өөрийн туршлагаасаа хуваалцъя л даа. Эхлээд бичсэн шүлэг өөрт таалагдах ёстой. Дараа нь энэ жинхэнэ "Хүний сэтгэлийг хөдөлгөж чадах, эс чадахыг" бүсгүйчүүд дээр туршижийнаа. Воо... ингээд болж байвал цуглуулжийнаа. Тэгээд нэгэнт л өөртөө зориулж, бас тэр шүлгээс эмэгтэй хүн кайф авсан, жинхэнэ "садар самуун"-д уриалан дуудсан яруу найруулга учир "ном" болгож, хэвлүүлж, бусадтай арга туршлагаа хуваалцах нь таны л хэрэг...Всё.

Ингээд "Чихнү чимэг болсон, аялгуу сайхан Монгол хэлнийхээ" өмнө сөгдөж, мэхийн ёсолж байгаад тандаа дуулгах сайхан мэдээ байна аа. "Хүрээ хөвгүүд" өөрсдийн залгамж халаа хийгээд уран зохиолыг, монгол хэлийг цэвэр ариун байлгахын төлөө яруу үгийн хэлхээг таслахгүй залгаж явах хойч үеэрээ "Хөх мэдрэхүй"-г тунхаглан зарлаж байна.

За дүү нар минь сонсов уу? Энэ бол асар их хариуцлага шүү? Яруу найргаар ялан дийлэх, дийлдэх яахав. Гол нь монгол хэлээрээ урьд байгаагүй утга, уянга төгс яруу найраг бүтээх хариуцлагыг та нарт хүлээлгэлээ. (Америк явсан байвал а..а) Урагшаа дүү нар аа? Уулыг нураа, Усыг эргүүл... "Хүрээ хөвгүүд"-ийн Савка ах нь.

Энэ үйл явдалд сэтгэл хөдлөөд Савка ах нь эрхгүй шүлэг бичив. Зөвхөн та нарт зориулж шүү (Энэ бол санаа...).

"Хөх мэдрэхүй"-д зориулав.
Миний яруу найраг
Миний л... яруу найраг
Бусдын яруу найргаас
Буруу байх ёстой
Зөв гэгддэг хүмүүсийнхээс
Зөрүү байх ёстой
Тэр чигээрээ тэр
Тэрслүү байх ёстой
Тэвчээр цухалыг нь барж
Тэсэрч дэлбэрэх ёстой
Тэр чигээрээ тэр
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.
Сонсоод
Согтох ёстой
Согтуу нь солиорох ёстой
Урвасан нь уйлах ёстой
Ухарсан нь сөрөх ёстой
Унтсан нь сэрэх ёстой
Умартсан нь санах ёстой
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.
Хүүхнүүд сонсоод
Хөгжих ёстой
Хөхнийх нь даруулганд
Хөндүүрлэх ёстой
Хормой хотоор нь салхилах ёстой
Хөнгөнөөр санаа алдах ёстой
Хэрэв тэгж чадахгүй бол
Хэн ч биш ээ.
Миний яруу найраг
Миний л... яруу найраг
Элгээрээ хэвтэж
Эцэслэхэд
Энэ биеэс минь тасраад
Эрчит жигүүрээ дэлгэж
Элин халин одох
Эргэлдэж дээгүүр минь нисэх
Эхэр татан санаа алдах
Эргэж харахгүй тонилох
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.
Зангирч, нулмистай минь хамт
Залгигдсан
Хэрэгтэй цагт ирдэггүй
Хэрэг тус болдоггүй
Замын хүний хань
Завхай хүний зугаа
Ууж согтуурахад нэмэр
Ухаан санаа самууруулагч
Урьд хожидыг сануулагч
Задарсан,занагдсан, залхаагдсан
Миний яруу найраг
Миний л... яруу найраг аа.

"Хөх мэдрэхүй" нэрээ өндөрт өргөж, энэ нэрэндээ нэгдэж, овоглож, нөхөрлөлөөсөө урвалгүй яваарай. Дүү нар минь. Та нарт ах нь итгэж байна. Бас "Хөх шуурга"-ыг тэсэн ядан хүлээж байя.

"Нам гүм"-д нам гүм бичив.

0 Сэтгэгдэл:

Post a Comment