"Хөх мэдрэхүй"-нхэнд бүх "сэжиг" буй болбоос...

("Хөх мэдрэхүй "хамтлагийн бүлэг залуусын яруу найргийн тухай )

Ер нь үг утгын "авъяастан" ертөнцийг "сэжигч" нүдээр харсан цагаас шүлэг бичиж эхэлдэг гэж манай талынхан үздэг. ( Жич: энэ санааг Ням-очироос зээлдэв)

Сэжиглэж эхлэхдээ хэдэн настай ч байж болно. Гол нь үеэ л өнгөрүүлээгүй байх нь чухал. Гэтэл насны тэтгэвэрт суугаад "одоо л шүлэг бичье" гэж ханцуй шамлан зүтгэдэг өвгөцүүл минь та нарын аливааг "сэжигч" нүдээр харах үе чинь нэгэнт өнгөрсөн байдгийг анхааруулъя. Бүтэх бүтэхгүй юмаар оролдож өөрийгөө зовоохгүй байх нь өндөр настай хүний сонгодог зарчим хэмээн манай талынхан үздэг. Манай талынхан бас ямар ч сэжиггүй шүлэг бичдэг "нөхдүүддээ" нуулгүй хэлэхэд дургүй. Эртний Хятадын нэгэн домогт "бурхан багш хүнийг шавраар бүтээхдээ сүүлдээ жаахан залхуураад ур муутай бөөн бөөн шавар тастаад амилуулж орхисон" гэдэг шиг ертөнцийг "сэжиглэн" харахыг үл хүсээд зөвхөн "сүсэглэн" явдаг олонд зориулж яруу найргийг "ядууруулахыг" л манай талынхан дэмждэггүй гэсэн үг. Тэгээд ч иргэний гал цогтой дайчин яруу найрагч хийгээд улс төрийн улаан "карьерчин" хоёрт өнгө зүс, өндөр намын ялгаа буй ч үг хэл, үзэл санааны "агаар" нэгэн буй гэдэгт манай талынхан бас огт эргэлдэггүй. Тиймээс яруу найраг-улс төр, яруу найраг-иргэний үүрэг, яруу найрагч-ард түмэн, яруу найрагч-тэнгэрийн хүү гэсэн түмэн тэнэг санаархалд төөрөлдөж орхисон заримуудаа хувь тавиланд нь даатган үлдээхээс өөр "хувь тавилан" үгүй гэж сананам.

Нэг.

Уран зохиолд улдэх эсэх нь хуний хувь тавилангаас шалтгаална. Тэр тусмаа яруу найрагт хувь тавилан ямар их нөлөөтэйг ярих ч юм биш. Хорин гуравхан насалсан Гомбын Сэр-од уран зохиолын түүхэнд үлдэж, ная хүрсэн найрагчийг нам, одон хоёртой нь бүгд мартаж л байна шүү дээ?

Гэхдээ үлдэх эсэхийн төлөө санаа сэтгэлээ зовоох нь яруу найрагчийн зорилго бас биш. Гол зорилго нь "өөрийгөө л нээх, өөрийгөө, өөрийгөө, бурхан минь өөрийнхөө тархинаас илүүдээд байгаагаа өөрийнхөөрөө илэрхийлэх". (Жич: энэ санааг Батнасангаас зээлдэв)

Магадгүй хамгийн зөв зам яруу найрагт "өөртөө үнэнч байх" ч байж болох юм. Харамсалтай нь хэн хүссэн бүхэнд энэ тавилан оногддоггүй билээ. Үнэн худал ямар нэгэн замаар уран зохиолын нэр алдрын оргилд хүрсэн хэн ч бай хувь хүнд өөрийгөө яаж илэрхийлэхийг болоод ямар хувь тавилан сонгохыг заах эрхгүй, харин хүний эрхийн тунхаглалд хүндэтгэлтэй хандаж "зөвлөх" гэсэн ганцхан "заалт" -ыг ашиглаж болох юм.

Мөн хэтэрхий их онолын бороохойнд нүдүүлсэн утга зохиолын онолжсон боловсролтой багш нарын "гэгээн" гайгаар өөрөөсөө төөрөөд явчихсан "заримуудын" замаар замначихгүйг хүснэм. Миний дуулж, сонссоноор дээхэн үеийн Д.Намдаг гуайн "гэр сургууль" шиг ардчилсан зарчим манай уран зохиолын сургалтанд үгүйлэгдээд байгааг өгүүлэх юун.. Юуны төлөө тийм "ардчилал"-ыг хүснэ вэ, гэвэл уран зохиолын ирээдүйн төлөө гэж хариулмаар байна. Хариулт минь хангалтгүй бол цааш нь унших хэрэггүй. Шууд л больчих, тэгээд ч сувгаа бүү солиорой, байгаарай гэж царай алдан гуйх онцгүйш дээ? Энэ бүгдийг тойрон тойрон тоочсоны учир яруу найргийн "Хех мэдрэхүй" бүлгийнхэнтэй холбоотой билээ.

Нэгийн нэг буюу Эхлэл

Үг, ур хоёр хөөж явдаг "яруу найруулагчдын" эгнээнд зогсохыг хүсээгүй, зогсох огт сонирхохгүй яваа хорвоо ертөнц, хүний мөн чанар, юмсын зүй тогтол, учир шалтгааныг сэжиглэн харсан "сэжигч" хэдэн залуу ""Хөх мэдрэхүй " хэмээх уран зохиолын бүлгэм байгуулж, хувь тавилангаараа холбогджээ. Одоо бүгдэд маш товчхоноор ойлгомжтой болсон бол Баяраа, Хатанбүүвэйбаатар, Элбэгтөгс, Оргил, Хангал, Оргилболд, Энхбаатар гэсэн шинэ нэрсийг яруу найрагт зарлан дуудахыг хүснэм. Түүнчлэн яруу найрагч мэтээр зүгээр ч нэг зарлан дуудах төдий бус тэдний уран бүтээлийг өөрийн хир хэмжээгээр задлан шинжлэхийг хүснэм. Зарим шүлэгт "найруулга" л байдаг. Хэрэв шүлэг бичсэн үгсийг "баллуурдаж" орхивол тэр шүлэгт юу ч үлдэхгүй. Хов хоосон "гоё" үгс байснаас өөр юу ч байсангүй. (Жич: энэ санааг Энхболдбаатараас зээлдэв )

Харин олзуурхмаар нь "Хөх мэдрэхүй"-нхэн баллуурдахад "юм" үлдэхээр шүлэг бичихийг зорьжээ. Зориод ч зогсохгүй "Чимээгүй хот" (О.Элбэгтөгс), Төгөлдөр эртийн гунигшил" (Г.Оргилболд), " Бороо орохын өмнөх өдөр"(М.Хангал), "Нэг урлаг"(Я.Баяраа), Саранд үүрлэсэн шувуу" (Ж.Оргил), "Санаа алдахаас өөр салхигүй" (Ш.Хатанбүүвэйбаатар) гэсэн анхныхаа бүтээлүүдийг хэвлүүлээд амжжээ. Тэр бүтээлүүд нь бүхэлдээ, ямар нэг байдлаар санаатай эсвэл санаандгүйгээр баллуурдахад "юм "үлдэхээр шүлэг бичих гэсэн чин эрмэлзэл, эрэлхийлэл, оролдлого, туйлын хүслэнгээр дүүрэн байгаа нь гайхалтай. Манай талынханд "Хөх мэдрэхүйн" маш таалагдсан нь ердөө тэр туйлын хүслэн. Учир нь 1990-ээд оны эхэн үеийн бидний зорьж тэмүүлж, яруу найргийг ойлгож ухаарч байсантай ямар нэг талаар адил санагдаад байгаа юм. Ш.Хатанбүүвэйбаатарт нэг ийм шүлэг бий.

Тэнгэр яагаад

Цэлийтэл нээсэн цонх шиг

Хоосон гэдгийг... (Ш.Хатанбүүвэйбаатар 2008,24) Тэр таньж мэджээ. Нарийндаа бол тэнгэр хоосон биш л дээ? Одод хийгээд оддын мананцар, хар нүх, соронзон хуйгаар дүүрэн. Харин түүнийг хоосноор төсөөлөх, тэр л хоосноос төсөөлөл бүтээх нь оюун санааны яруу найргийн "боломж". Хатанбүүвэйбаатарт бас нэг ийм шүлэг бий.

Би намрын намарт хөглөрдөг

Улаан шаргал навчсыг гишгилдэг

Солонго дамнадаггүй мөнхийн манантай

Уулын бэлд амьдардаг ганцаардал (Ш.Хатанбүүвэйбаатар 2008,32)

Тэр ертөнцийн дотоод "гүнигийг" сэрэл мэдрэмжээрээ нээхийг зорьжээ. Олон шүлгэнд нь ийм чанар буй. Гэхдээ ганцхан зүйл л сэтгэл гонсойлгоно. Тэр нь дэндүү олон "тосгон". Арван хэдэн шүлгэнд нь аймшигтай ч гэмээр гунигаар дүүрэн" тосгон" байна. Дээрээс нь хайрын шүлэг бүхэнд чинь нэг "нүд" байх юм. Шүлэг бичих гэж үзээд бүтэлгүй, шүүмж рүү орсон хэн нэгэн шиг би хувьдаа чамайг хэнтэй адилхан, түүнтэй төстэй гэж шүүмжлэн хэлэхгүй. Яруу найраг бичихийн зовлонг, яруу найраг бичиж үзсэн хүн л мэддэг юмш дээ?

Харин М. Хангалд нэг ийм шүлэг бий. Хачирхмаар энгийн атлаа хашгирмаар нууцлаг. Охин минь чиний ирээдүйг харлаа

Энэ хорвоог цэцэг мэт төсөөлөх дэлбээ минь

Энэ хорвоог солонго гэж бодох гэгээн туяа минь

Тэртээ оны дараа төрөх энхрий охин минь

Чиний ирээдүйг харлаа.

Хорвоог нуур мэт сэтгэх дусал минь

Энэ бүсгүйг ээж чинь болгоно... (М.Хангал,2008,61)

Түүнд "зөн билгийн "чанар байна. Ирэх цагийг тэр харж байна. Магадгүй түүнд харагдаад байгаа ирээдүйн дүр зураг амьдралд нь биелэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Яруу найрагчдад байх энэхүү "зөн билиг", мэргэ төлөгчдийнхнөөс огт өөр бөгөөд арилжаа оролцоо, ашиг орлого, үзлэгийн мөнгө, үзмэрч засалч зэрэгтэй хольж хутгахгүй байх нь зөв биз. Тэгээд ч "үхлээ бүү зөгнө" хэмээн Б.Пастернакийн хэлдэг ч ортой гэдгийг манай талынхны хайртай цөөнгүй яруу найрагч баталсан байдаг юм. Үнэндээ яруу найрагт "зөн билиг" гарцаагүй. М.Хангалд бас нэг ийм шүлэг бий.

Одоогоос эхлэн 30 жил уйлна

Орилох минь хөг ортол

Ор минь намаг болтол

Арьсаар минь мөөгөнцөр ургатал

Амьдарч уйлна. (М.Хангал 2008,55)

Тэр бас ирээдүйн хувь тавилангаа зөгнөжээ. Ялимгүй гунигтайгаар, ирээдүйд ганцаардахаар, хэн нэгнээс асуусан асуултаар дүүрэн шүлгүүдээ бичжээ. Асуулт гэснээс чамд хэлбэр чухалгүй ч чи санаандгүй "хэлбэрийг" чухалчилсан байх юм. Тэр олон "улиг" санагдмаар давталтуудаас зайлсхийх, яруу найраг сэтгэлээ уудлах сэтгэцийн "ажил" гэдгийг ухаарснаа улам гүнзгийрүүлээрэй.

Харин Гүйцэтгэгчийн Оргилболдын гүйцэд "дотогшилсон" цөөнгүй шүлгүүд төгөлдөр эртийн яруу найргийн амь амьсгалаар дүүрэн санагдав. Түүнд ийм нэгэн шүлэг бий.

Бойтогны чимээнээс үргэсэн... Шувууд

Сүмийн хонхон дээр завилах авай.

Хүн л... хүн чанараа гээжээ. (Г.Оргилболд,2008, 45)

Тэр гайхмаар "сэжиглэжээ". Ийм л сэжгүүд Оргилболдын бусдаас ондоо байх хүслийг бадраадаг шиг санагдана. Модон сандал, ойн цоорхой, сарны гэрэл, зуун жил, ганцаардал, сархадын жүнз гэсэн хэдхэн үшээс, монгол яруу найргийг авармаар бодогдтол шүлэглэсэн тал бий ч Оргилболдын яруу найргийг анзаарахаас өөр аргагүй юм. Өөр бас нэг ийм шүлэг буй.

Нэгэн зулын бүдэг шаргал гэгээн дор сууж

Ногоовтор навчсын уйт-санаашралыг сонсов.

Мөнх бусын мөхөл ямархан сайхныг мэдрэхдээ

Мөнхийн усыг бүтээгээгүй

Бурханд тэргүүн удаа талархав. (Г.Оргилболд 2008,41)

Юу ч гэмээр юм бэ дээ? Оргилболдын ертөнц ийм гэгээн юм даа? Гэгээн "сэжигээр" дүүрэн юм, аа.

Моддын навчис яагаад шарлах, яагаад өвс ногоо ургах ба эс ургах, яагаад бүсгүйн нүднээс гуниг цэлмэх, эсвэл бөөн гуниг хуралдах, яагаад аав ээжийн үрчлээс нэмэгдэх, хүүхэд төрөх, хүн үхэх, яагаад нар сарны явдал, гуйлгачны алга шиг сар, яагаад араа нь гацсан машин шиг эх орон гэсэн "сэжигч" бодлуудаас яруу найраг эхэлнэм.

Харин "Хөх мэдрэхүйн" Элбэгтөгсийн шүлгүүд хэтэрхий "хэлбэр" хөөсөн хялбар оролдлогуудаар дүүрэн юм. Нуугаад яахав, надад ер бусын Баатарын Галсансүхийн, ердийн нэг хуулбар шиг санагдав. Галсансүхийн галзуу "сэжгүүд" Элбэгтөгсийн "Чимээгүй хот"(2008)-оор нэг тэнүүчлэн байна.

Нүцгэл хонгор минь, нүцгэл

Нүх бүхэнд чинь лаа хийж асаая (О.Элбэгтөгс" Чимээгүй хот",2008,43) гэсэн "садист" шүлэг хийгээд

Аавынхаа тарьж ургуулсан модыг тайрч банзлаад

Авсаа би бэлдлээ (О.Элбэгтөгс, 2008, 21) гээд л олон шүлгүүд чинь оролдлого юм. Гэвч оролдож байна гэдэг нь сайхан. Би ч хувьдаа "данх, манх "гээд л олон хүний шүүмжлэх донг оволзуулсан шүлэг бичиж л явлаа. Ялгаагүй Элбэгтөгс шиг оролдож л явсан хэрэг. Энүүхэндээ гэхэд дараа нь миний шүлгүүдийг даруу бусаар хэлэхэд "ойлгох шүүмжлэгч" төреөгүй юм.

Том үүлс мэт мөрөөдлөө тээсээр

Том хотод мөрөөрөө амьдарнам.

Том гуталнууд жижиг гуталнуудыг гишгих

Тоост гудманд жирийн гутал алхалнам (О.Элбэгтөгс "2008,37) гэсэн сонин шүлгүүдийн чинь өлгөж аваад магтмаар байсан ч Дундговийн хүргэнээ бодоод ялимгүй "хазганаж" дуу хуурын өлгий нутгийн хүү энэ тэр гээд худлаа шагширмаар байсан ч ирээдүйг чинь хайрлаад энэ удаа жаахан хатуу үг хэлчихлээ. Өөр арга байсангүй. Өөрийн гэсэн "сэжиг" төрүүлэхэд л өөрөөрөө жаахан оролдмоор байна даа?

Олон хүн монгол яруу найргийн ирээдүйд эргэлзэж байхад итгэдэг хүн бас цөөнгүй байгаа нь сэтгэл уужруулна. Тэр итгэл ирээдүйд биелэх эсэх "Хөх мэдрэхүй"-хний хир өсөхөөс шууд бус ч шалтгаална. Шулуухан хэлэхэд залуу шүлэгч Ядамсүрэнгийн Баяраа, Жаргалсайханы Оргил хоёрын яаж өсөхөөс бараг шууд шалтгаална. Баяраа хүүд нэг ийм шүлэг байх юм. Анзаарагдмаар л юм.

Чи ямагт сайхан шүлэг байдаг

Чихний чинь хонхор

Нүдний чинь гэрлийг зурах гэж

Би шатаж явна. (Я.Баяраа" Нэг урлаг" 2008, 22)

Хайр сэтгэлийг тэр "сэжиглээд" байна. Хэрэггүй дэмий "шаталт" гэж сэжиглээд байна. Тиймээс л ийм өөр шүлэг бичигдсэн байх. Бусад шүлгүүдэд нь ч "нэг урлаг" байгаа нь бас л анзаарагдана. Өөрийнх нь шүлэглэснээр:

Цонхны хаалтыг туулан нар дэвтэрт тусна

Нарны туяаг туулан үзэг цаас эрээчнэ... нэг урлаг

Эрээн цаас энгэрийн халаасанд

Эндээс гараад цас гишгих... нэг урлаг (Я.Баяраа,2008,17) Үнэхээр энэ хорвоо бүхэлдээ "нэг урлаг" ч юм билүү. Тэгээд л "Зовлон" шүлгийн чинь 9 дэхь зовлон чинийх байгаасай гэж хүслээ. Ж. Оргилын шүлгүүдэд байдаг шиг эмзэглэл, Баяраагийн шүлгүүдэд харин ховор юм.

Шүлгүүдээс нь би Оргилыг олж хараагүй ч "Хөх мэдрэхүй"-хний нийтлэг шинж бусдаасаа илүү түүний яруу найргаас мэдрэгдэнэ.

Юмс бүхэн бүүдийгээд

Ертөнц надад харагдахгүй байна

Тэмтэрч үзэхээр гараа сунгавал

Тэнгэр шиг хоосон байна. ( Ж.Оргил "Саранд үүрлэсэн шувуу"2008,29) гэсэн мэдрэмжийг "Хөх мэдрэхүй"-н бусад яруу найрагчдаас олж харж болно. Мөн намраас өөр улирал үгүй мэт, гуниг өөр сэтгэлийн өнгө байхгүй юм шиг шүлгүүд чинь нэг л тиймхэн байна.

Эцэст нь надад цонхоор тэнгэрийг хараад бүгд л хоосон гэсэн бодол тээх хүсэл төрлөө.


Цонхоор тэнгэр л харагдана.



Нэгийн хоёр буюу Төгсгөл

Мэдрэгдээд байгаагаар бидний Монголчуудын 1990-ээд оноос хойш хийсэн "механик" ардчилал мөдхөн дуусах нь. Тэгээд оюун санааны "ардчилал" эхлэх биз,ээ. Тэр сайн цагийг манай талынхан лав тэсэн ядан хүлээнэм. Зүгээр мөрөөдөн хүлээж суугаагүйг минь он цаг гэрчлэх болохоор "Хөх мэдрэхүй" -нхэнд удахгүй яруу найрагт байж болох бүх "сэжиг" буй болбоос би хувьдаа баярлаж үхнэм зээ.

(үргэлжлэл бий)


Пүрэвхүүгийн Батхуяг

2008.03.28

4 Сэтгэгдэл:

Идо said...

Сайхан тухайлал байна.

oldoshaksli said...

tiim shuu

Anonymous said...

Хогнуудыг л шаагаад байхын

Я.Баяраа said...

Ar suv suveeree l baagaarai daa.
Nergui mini...

Post a Comment