Өөлд Ороолонгийн ЭЛБЭГТӨГС


МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэлд очсон анхны өдрөө “Хүүхэд шиг царайтай, доктор шиг яриатай” залуутай танилцсан минь миний эрхэм ах Элбэг байлаа. Хэлхэлдэж аваад хотоор тэнэдэг тэр л гэрэлт өдрүүд ард хоцорч ах минь сургуулиа төгслөө.Уран бүтээлчийн суурь олж, утга ёсны суудал засах урт удаан он жилүүд түүний өмнө зурайж байна.

Айсан ирэх тэдгээр он жилүүд бол бидний “Шинэ үлгэр зохиох цаг”.

Сэрэн мандсан эх орон, их соёлынхоо амийг оюун санаандаа тээж утга төгөлдөр амьдрах болтугай ах минь.





* * *

Элсэн цаг мэт анир чимээгүй орчлонд

Элсэн цаг мэт амгалан тайван амьдрахсан

Элсэн цаг мэт диваажин гэж байдаг бол

Элсэн цаг мэт дахин дахин үхэхсэн.



* * *

Юуны тулд амьдарч буйгаа эс мэдэн

Юлэр шиг өндөг дарагчийн рольд эс тоглохыг хүснэ

Ертөнц дээр юунд ч санаа зоволтгүй амьдаръя гэвэл

Ерөөсөө эргээд сармагчин болчих хэрэгтэй.



* * *

Чиний амнаас гарсан үг бүхэн

Чиний нүдээс цацрах хэт ягаан туяа бүхэн

Чиний үснээс унасан хаг бүхэн

Чиний үхлээс зугтаж надруу ирж байна

Чиний хамраас гарсан амьсгал бүхэн

Чинйи хайраас үүдсэн солиорол бүхэн

Чиний үгнээс ялгарах утга бүхэн

Чиний үхлээс зугтаж надруу ирж байна



2007.04.28





* * *

Том үүлс мэт мөрөөдлөө тээсээр

Том хотод мөрөөрөө амьдарнам

Том гуталнууд жижиг гуталнуудыг гишиглэх

Тоост гудамжинд жирийн гутал алхнам

Том дэнлүү мэт дотроосоо гэрэлтсээр

Том хотод дороосоо жинднэм

Том нүднүүд жижиг нүднүүдийг хялайх

Тойрог гудамжнаа жирийн нүд дальдарнам

Том одод мэт хүсэлдээ шатсаар

Том хотод хэн ч бишээ ухаарнам

Том шүднүүд жижиг шүднүүдийг зажлах

Тоосгон гудамжинд жирийн шүд яралзнам.

0 Сэтгэгдэл:

Post a Comment