18 нас

/Цуврал/


1. Зайсан толгойн 18 дахь шатан дээр

Дутуу иссэн ганц бортого дарс

Ай 18 нас минь


2. Тэнгэрт тулсан 18 багана

Тэнгэр уначих вий гээд би тулсан

Ай 18 нас минь


3. Ус тогтсон 18 хонхор

Уг нь энэ миний мөр

Ай 18 нас минь


4. Мөөмнөөс чинь 18 дусал сүү

Миний нүдийг олж уналаа

Ай 18 нас минь

5. Газар хавсан үндэс нь 18 зүгт

Ганц цэцэг л өөрөө тэнгэр зүгт

Ай 18 нас минь


6. Өглөөн нар сая л мандлаа

Өнөөдрийг би 18 он хүлээсэн

Ай 18 нас минь


7. Хуур эгшиглэнэ 18 өнгөөр

Хуудас бүр нь цагаан миний хуучин дэвтэр мэт

Ай 18 нас минь


8. Янжинлхам 18 мутартай

Яах вэ! би ядам хуруу нь

Ай 18 нас минь


9. Үүдэн дээр 18 тагтаа

Үснийхээ тоогоор будаа шидлэе

Ай 18 нас минь


10. Миний зангиа 18 судалтай

Чамаар түүнийг зангидуулах дуртай

Ай 18 нас минь


11. Мөрөөдөж удсан далайнхаа эргээс

Мөлүү чулуу 18-ийг түүлээ

Ай 18 нас минь


12. Занадугийн үүдэнд 18 мод

Залуу цагийн төгөл

Ай 18 нас минь


13. Эхний 18 яргуй

Эхийн хэвлийд ургажээ

Ай 18 нас минь


14. 18 лааны гэрэлд

Амьдралын тухай хэсэгхэн бодлоо

Ай 18 нас минь


15. Сэлүүргүй завьтай далайд одсон 18 усчины

Сэрүүн тунгалаг хором бүр нь яруу найраг байнам

Ай 18 нас минь


16. Эзэнгүй айлын хаалгыг 18-таа тогшоод

Эзгүй ойд төөрсөнөө сая л мэдэв шүү

Ай 18 нас минь


17. Далалсаар далалсаар алсрах 18 шувуу

Далай руу биш миний л зүгт ниснэм

Ай 18 нас минь


18. Өрхөн завсраар гийгүүлсэн 18 од

Өнө үүрд, өнө үүрд гэж гэрэлтсэн юм

Ай 18 нас минь.









*Мартахгүй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment