Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?

/Зохиогчийн “Зөвшөөрөл-Хүсэлтээр” нийтлэв./

Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?


Люмпенпастух нэрийн тухайд.

Уран зохиол хэмээгч нэгэн учир нь үл ойлгогдох зүйлийн тухай хэдүй болтол ярилцаж, сая нэг утгыг нь тайлж тайлбарлах цаг хэзээ ирэхийг ёстой чөтгөр л мэднэ байх. Тийм нэгэн хуран үймээний тасархай болох, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш ярилцах, эдүүгээ зарим нэг нь өөр зуураа хэлэлцэн буй МУЗ /Монголын уран зохиол/, МОҮУЗ /Монголын орчин үеийн уран зохиол/ түүний шинж чанар, түүхэн онцлогийг шүүн хэлцэж үнэн зөвөөр тунгаах нь эртдэж байна л гэж хэлж лав чадашгүй. Ер нь өнөөг хүртэл МУЗ-ыг “Хэн” бүтээж, “Хэн”-д зориулж, “Хэн” уншиж, “Хэн” хүмүүжигдэн гарч ирэв гэдгээс хариулт нэхэх аваас энэ бүхэнд ганцхан “Люмпенпастух” л гэж хэлж болмоор санагдаж байна. Энэ нь монголын орчин үеийн уран зохиол, бүтээлүүдийг уншаад нэг их “Хүндээр сэтгэх” ч хэрэггүй юм... Тэнд олигтой зүйл төдийлөн олон байгаа гэж бодохын хэрэггүй гэх мэтчилэн ярьж байгаа зүйл ерөөсөө биш харин монголын орчин үеийн уран зохиолын хөгжлийн зүй тогтол, түүний мөн чанарыг онох гэсэн оролдлого юм. Урьд нь мэдээд ойлгоод байсан уран зохиол гэнэт өөр болчихож байгаа зүйл ч биш бөгөөд монголын нийгэм, монголчуудын уламжлалт болоод суурьшмал соёл иргэншил тус тусын хөгжил түүний хурдац байр сууриас хамааран ийм үзэгдэл гарч ирж буйг зайлшгүй дурдах нь зүйтэй.

МОҮУЗ буюу “Люмпенпастух”-ын уран зохиол бол харьцангуй эхэн үеэсээ авхуулаад “Ухуулагч”, “Үзэл сурталч” шинж чанар давамгайлсан ихээхэн “Догма” шинштэй хөгжиж ирсэн нь улам лавширсаар цааш цаашдаа уран зохиол түүний урлаг болох урлагийн бусад төрөл зүйлүүдийн хоорондох зүй зохист харилцаа ихээхэн алдагдаж энэ нь нийгэм цаг үеийн хөгжлөөс ихээхэн тасархай “Космополитик” шинжтэй болсныг нуух огтхон ч хэрэггүй юм. Нэгэнт ийм болсон уран зохиол түүний шинж чанарыг олж нээснээр цаашдын бий болж бүтээгдэх уран зохиолд эрүүл саруул ухаанаар хандаж ойлгох таатай хөрс шороог бүрдүүлэх болно гэж үзэж байна.

Ер нь монголд яг 70 жилийн уран зохиолын түүх байв уу гэдэг тун эргэлзээтэй асуулт. 1921 онд хэдэн журамт цэрэг “Хувисхаал” хийж яваад “Шивээ Хиагт”, “Улаан туг” дуу зохиож дуулсан нь уран зохиол мөн үү. /Эндээс шинэ утга зохиол төрөн гарсанд эргэлзэж байна. Чухамдаа 90-ээд оны эхэн үеэс монголын нийгэмд томоохон эргэлтийн шинжтэй шинэчлэлт хийгдэж түүнийг дагаад бий болсон “Шинэ” уран зохиолыг тухайн үедээ “Ардчилсан холбоо”-ны цуглаан дээр дуулдаг асан “Хонх” хамтлагийн “Хонхны дуу”-наас эхлэн тоолвол ихээхэн шившиг болох юм биш үү/

Үнэндээ эдгээр дуунуудаас хойш бүхэл бүтэн найман жилийн дараа /1929 онд/ сая Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” хэмээх анхны үргэлжилсэн үгийн зохиол хэвлэгджээ гэж гэж үзвэл монголчууд энэ бүхэл бүтэн найман жил утга соёлын ямар ч бүтээл дурсгал үлдээлгүй “Хувисгалдаж” “Хувисхаалжиж” байв уу гэдэг бас нэг жишээ татъя. Энэ үед бүтээж туурьвиж явсан төдийгүй саяхан болтол амьд байсан Зава Дамдин, жанжин Чойрын хувилгаан Агваанданзанням, Данзан-Одсэр, Иштавхай нарын зэрэг лам, буддын сонгодог боловсролтон, яруу найрагч уран бүтээлч эдгээр хүмүүс хуучин уран зохиолын төлөөлөгчид буюу МОҮУЗ хэмээх гортигийн гадна үлдэх хүмүүс үү аль эсвэл МОҮУЗ дахь хуучин уран зохиолын “Жижигхээн үзэгдэл” гэж хэлэх үү зэрэг олон асуултад хариулах хэрэгтэй болоод байна.

1930-аад он. Монголчууд Горькийд захидал бичив. “Хэвлэлийн дэлбэрэлт” болж гэнэ. “Идэвхтэй зарчим” гээч аятайхан “Хий үзэгдэл” мэндлэв. “Хэлмэгдэл”... за тэгээд тоочоод байвал өнөөдрийн бидний амьдралд байгаа шиг “шилжилт-шинэчлэлтийн” хэмээх хуран үймээн дунд хүрээний гудамжаар “Люмпенпастух”-ууд тугаа өргөн “Бүхий олон багачууд”-аа дуулж пижигнэтэл алхсаар монголын уран зохиолд орж ирэв. Тийм ээ. Түүнээс хойш жаран жил өнгөрчээ.


Монголын уран зохиолд жаран жилийн давтамж байгаа нь.

Өрнөдөд нийгмийн оюун санааны аливаа фракцыг 100 жилээр эрин үе гэж авч үзэх нь бий. Өнөөдөр ч бидний өдөр тутмын амьдралд “Энэ зуун Америкийнх, ирэх зуун Хятадынх”... гэх мэт өч төчнөөн ойлголтуудыг “Зуун жил”, “Эрин үе” гэсэн утгаар хэрэглэсээр байгаа билээ. Угаас “Жаран”-ы тоолол хэрэглэж ирсэн бидний амьдралын хэмнэлд “Зуун” гэдэг аливаа фракцыг хүлээн авах, үүсгэж хөгжүүлэх, устгахад дэндүү урт хугацаа болохыг нэгэнт туулж өнгөрүүлсэн цаг хугацаа харуулж байна. Гучаад оноос хойш Азиас анх “Коммунизм”-ыг мөрөөдөж, өмнөх соёл иргэншлээ будаа болгож, мөн Азиас анх сансарт иргэнээ илгээж, гурван бичиг /Монгол, Латин, Крилл/ сольсон зэрэг цөөн хэдэн баримт дурдахад л монголчуудын анхдагч байх “Оюуны шавхагдашгүй их энерги”-ийг мэдрэн “Элит” үндэстэн болохыг хүлээн зөвшөөрхөөс өөр өөр аргагүй.

1867-1927 он. Энэ бол ХV жаран байсан гэж хэн ч хэлж чадахын адил... бид XV жаранд хоёр хувьсгал хийж эрх чөлөөгөө олж авахын хамт оюуны соёлын асар их өвийг бүтээж чадсан юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ жаранд хамгийн их сонирхол татахуйц томоохон үзэгдлийн нэг бол /бид люмпенпастухын уран зохиолын үед Орос Зөвлөлтын уран зохиолоос орчуулж бүтээлчээр суралцаж байсан шиг/ Хятадын уран зохиол, тэр дундаа эртний сонгодог баатарлаг романыг орчуулан улмаар тэдгээр зохиолууд нь “Аман бичгийн зохиол” хэмээх шинэ төрөл зүйл болох “Бэнсийн уран зохиол” болон хөгжсөн байх төдийгүй бичгийн зохиолд хүртэл тусгалаа олон /Д.Бодоо “Үзэмжит өгүүлэл”/ хөгжиж байсныг өмнөх үеийн судалгаа, хуучин бичгийн сэхээтнүүдийн дурсамж харуулж байна. Мэдээж монголын төвд хэлт уран зохиол ч өөрийн эзлэх жин, хөгжлийн онцлогоороо байр сууриа хадгалан ирснийг жишээ татан дурдвал Агваанлхарамбын “Дэлхийн эргэн бядсан домог сонирхолын төдий бичиг” хэмээх зам явахын уран зохиол, Ханчин Хамба Жамъянгаравын “Эсруа тэнгэрийн эгшиг дуун” хэмээх утга зохиолын онолын тулгуур бүтээл зэргийг л дурдахад хангалттай биз ээ. Бас “Ардын аман яруу найрагчид” ч төрөн гарч байсны төлөөлөгчөөр “Хуульч” Сандаг, ерөөлч Гэлэгбалсан нарыг авч үзэх зайлшгүй шаардлагатай.

1927-1987 он. XV-р жарны монголын уран зохиолын хувьд “Үндэслүүлэгчид” нь өмнөх “Жаран”-ы “Үзэл суртал”-аар хүмүүжсэн бичгийн сэхээтнүүд байсан авч “Цэцэглүүлэгчид” нь шал өмнөө зорилго буюу гинжнээс өөр алдах зүйлгүй орон бүхний хөл нүцгэн пролетаруудтай дуу хоолой нэгтгэн “Люмпенпастух”-ууд болох замыг сонгон авчээ. Та бүү гайх. Өмнөх жарны уран зохиол нь өөрийн шинж чанарын хувьд “Түүхэн эргэлт”-ийн гэж хэлж болохуйц олон үзүүлэлттэй бол 16-р жаранд бүтээгдсэн уран зохиол бүхэлдээ “Люмпенпастух”-ын уран зохиол гэж нэрлэгдэх бүрэн үндэстэй. Үүнд:

1. “МАЛ”

2. “МАЛЧИН”

3. “АМАН ЗОХИОЛ СҮНСТЭЙ, БИЧГИЙН ЗОХИОЛ СҮҮДЭРТЭЙ ХИЙ ҮЗЭГДЭЛ”

4. “ДОГМА, ШҮҮМЖ СУДЛАЛ” гэсэн дөрвөн үндсэн ойлголтоос хэрхэн оршин тогтнож ирснийг үзвэл.

1. “МАЛ”

Мал гэдэг ойлголт зөвхөн монголын орчин үеийн уран зохиол /МОҮУЗ/-д ч биш ерөөс монголын уран зохиол /МУЗ/-д яаж дүрслэгдэж ирснийг авч үзье. XIII зууны монголын уран зохиолын дурсгал болох “Эр хоёр загалын тууж”-д эр хоёр загал морь, “МНТ”-нд найман шарга морины тухай гардаг. Нүүдэлчин монголчууддын гол эрхэлдэг аж ахуй төдийгүй амьдралынх нь утга учир “Мал” тул түүнийг уран зохиолдоо дүрслэн үзүүлэхгүй, дусахгүй байх нь алдас. Гэвч “Бичгийн зохиол”, “Утга зохиол” гэсэн үүднээсээ ч тэр сэтгэлгээний ур маяг талаасаа ч тэ сайн нягтлан авч үзвэл эдгээр нь дан ганц морь мал гэсэн утгаараа биш “Хоёр загал мориор эзэн богдын анд нөхдийг үзүүлжээ. Жишээ нь:

-Бага загал бол Жамухын дүр гэх юм уу найман шарга морио булааж авчирснаар аймаг олноо хураан нэгтгэх хүчтэйг билэгджээ” гэх мэт ямарчлан ихээхэн “Символ” “Билэгдэл” шинжтэй, хуурай аргуу “Обьект” биш болох нь нэгэнт тодорхой болжээ. Энэ мэтчилэн “Хуучны” хэмээх уран зохиолоос олон жишээ татаж болох юм. Гэтэл бид яагаад “Мал”-ын тухайд бүхэл бүтэн жаран жилийнхээ уран зохиолыг зориулах болов оо. Энэ бас л хариулт шаардана. Яагаад гэвэл шинэ соц реализм ард түмнээс монголчуудаас “Мал”-ыг салган хурааж авчээ.

Энэ нь тэдний сэтгэлзүйд хүнд цохилт болсон төдийгүй уран зохиолд тусгалаа олсон нь “Морьтой ч болоосой” /Д.Гармаа/-н хямралд орж санааширсан хархүү нийгмийн урсгалд хөл алдаж буй тухай, “Хүрэн морь” /Ч.Лхамсүрэн/ найраглалын хүрэн морины туулж буй зовлон зүдгүүрт амьдралд хандаж буй нь зохиолчийн сэтгэл зүйгээр дамжин илэрч байгаа бөгөөд тэд хэдий чинээ уран бүтээлдээ “Мал”-ын тухай дүрслэн үзүүлнэ, төдий чинээ “Мал”-ынхаа төлөө “Ухамсартай” ба “Ухамсаргүй” тэмцэж байсны тод жишээ болон үлджээ.

Бараан царайтай

Баяр туслагч

Баян болоод

“Фийдаал” мөн бууд... хөрөнгий нь хураа “Хар”, “Шар” хувалз...

Малыг улсад

Малыг “Хомоон”-д

Малыг фронтод

Малыг нэгдэлд

Малыг түрээст

Малыг малчдад... бүр цаашлаад өнөөдөр:

Муусайн малын хулгайчдаас бусад монголын бүх ард түмэнд цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе...”

...Үнээ минь

Үстэй “Мисс” минь... гэх боллоо.

Бид өнгөрсөн жарны уран зохиолоо эргэж нэг сайн харвал “Эрүүл саруул ухаан”-аар дүгнэж цэгнэж үзвэл иймэрхүү л хэдэн уриа лоозонгийн эргэн тойронд уран зохиол бүтээж ирснийг харах болно.

Түүний хажуугаар

Тариаланч, комбайнч

Ажилчин, үйлдвэрчин,

Суурь машин, тоосго

Доовтор, эрдэмтэд... гээд нийгэмд шинээр орж ирж буй ажил мэргэжил, амьдралын хэв загварын тухай бүтээл зохиол олныг бүтээж, ер нь “Мал”-аас бусад юуг ч тарьж ургуулах гээд нэг л олигтой идээшиж өгсөнгүй. Харин өнөө сайхан “Мал”-ын бэлчин идээшлэх хөдөө нутаг, тэнд суугаа эртний зузаан янагаа санан мөрөөдөж буй тухай юм уу, аль эсвэл өөрийн амьдарч буй хотын соёлын сүүдрийг эмзэгээр тусгасан хотын хүний ёс суртахууны доройтлыг шүүмжлэн үзүүлхийн сац “Мал” мэдэхгүй хүн бол монгол хүн биш хэмээх үзлийг уншигчдын тархины эд эсэд тулган хүлээлгэхийг оролдох болов.

“Малын удмын санг хэт их эрлийзжүүлж байна... малын ашиг шим муудлаа... улсын бэлтгэл хэмээх “Яргалал”... зэрэг тулгамдсан асуудлуудыг ард түмэн өөр зуураа хэлэлцэх авч тэр бүр тойруулан “Люмпенпастух”-ууд”... ах дүү СОЦ орны тэргүүн туршлага хэрхэн бүдүүлэг хоцронгуй монголын хөдөө нутагт цэцэглэн хөгжиж буйг үзүүлсэн “Өөдрөг бадрангуй” уран зохиол бүтээж, харин ч мал нь тарган, улсын мал туранхай байна. Энэ лав эсэргүү фийдал, “жижиг хөрөнгөтний буржуйлаг” үзэлтэн этгээд мөнөөс мөн тул жигшэн зэвүүцэх нь зүйтэй. “Коммунизм” байгуулахаар яваа бидний дунд байх орон зайгүй мэтээр бичин “Бух Гомбо” өгүүллэг нь утга санааны хувьд буруу юм. Манай “СОЦХАА” тэр хэдэн бяруу, Бух Гомбо хоёроор дутахгүй тэгээд ч шинэ цагийн сэхээтэн нарыг /тухайлбал “Торгон” Дорж/ доромжлон дайрсан тул шууд хориглосугай... зэргээр ард түмнийг хүмүүжүүлж байлаа. Гэвч энд хүний тухайд асуудал нилээд хурцаар тавигдсан байхад жинхэнэ “Мал”-ын төлөө сэтгэл эмзэглэн түүний эмгэнэлт хувь заяаны тухай шүлэг бичээд “Талхнаасаа салж” байсан тохиолдол байгааг ч энд цухас дурдах хэрэгтэй болов уу. Манай нэрт орчуулагч С.Сандагдорж / “Робингүүдийн домог” зэрэг олон сонгодог зохиол орчуулсан/ 1956 онд их сургуульд сурч байх үедээ “Тууврын мал”, “Зоог-Депутатын зоог” шүлэгт нь АИХ-ын депутат орон нутагт очоод малчдын гэрээр орж явахдаа айл бүрт хонь алуулж, ууц тавиулан халуун зунаар ялзартлаан өөх идэж байгаа бөгөөд ер нь “Депутат” хүний ззог нь дандаа хонины ууц буюу тэр олон хонины амийг тасалж махыг нь өвөл зунгүй идсэн депутат “Зоогломхой” ховдог юм гэсэн утгатай байсан авч бидний үед бичгээр уламжлагдан ирээгүй аман ярианд л хоцорсон нь хармсалтай. Ийнхүү уран зохиолын түүхэнд орсон болоод ороогүй бичигдэж бүтээгдэн тухайн үедээ олон түмний санал бодлын бодит илэрхийлэл болж байсан “Мал”-ын тухай бүтээлүүд “Мал”-ын төлөөх “Люмпенпастух”-ын ухамсартай тэмцлийн тодорхой баримт болох бөгөөд сая хот суурин газар суурьшиж бага насаа хөдөө малын захад өнгөрүүлсэн “Пантейст” уран бүтээлчид “Люмпенпастух”-уудын хувьд “Мал”-ын тухайд ингэж нэн тэргүүнд авч үзэхээс ч өөр аргагүй юм.


2. “МАЛЧИН”

“Люмпенпастух”-ын уран зохиолын “Гол баатар” бол бараг “Малчин” гэсэн ганцхан ойлголтоос эш үндэстэй. Эл “Гол баатар” нь хувьсал хөгжлийн дээд шатандаа хүртэл өнгөрсөн жаран жилд бичигдэж судлагдсан томоохон “Акул” юм. Уран зохиолд ямар ч шинэ дүр “Жараахай” орж ирсэн шууд түүнд залгигдаж, түүнээс хамааралтай болох ёстой. Үгүй бол “Уран зохиол биш”. Тийм л сонин бичигдээгүй хуультай. Ажилчин тариачин, жолооч барилгачин, эмч багш, сэхээтэн, сансрын нисгэгч хүртэл “Малчин”-аас гарвалтай бөгөөд малчин гэдэг “Цэвэр цусны арий” үндэстэн. Энэ үнэн байж магадгүй. Бид уг нь МАА-н орон байгаад, ХАА-Газар тариалан, МАА-Аж үйлдвэрийн орон болохоор зорилт тавьж байсан бол өнөөдөр эргээд МАА-Ганзагын наймааны орон болох замдаа ороод явж байна. Үнэхээр олон жил хамаг хүндийг нуруундаа үүрч ирсэн тэд /малчид/-нийг уран зохиолдоо магтахгүй бол алдас бол гэм. Манай малчид дэлхийд хаа ч байхгүй үндэстэн. Тийм үү. Магалгүй ээ.

“Ном дор мөргөм үү” гэж хэлдэг, ахуйн хэрэглээний хувьд өөрийгөө бүрэн хангаж чадахуйц нүүдэлчин ард түмэн маань оюуны соёлыг, оюуны бүтээлийг ойлгож дээдэлж тэр хирээрээ нүүдэллэсээр бүтээсээр ч хадгалсаар ч ирсэн тэдэнд өөрсдийнх нь тухай, өөрсдийнх нь үр хүүхдийн “Коммунист” өөдрөг мөрөөдлийн тухай уран зохиол хэрэгтэй байв уу. Тэгээд ч өв соёлыг хадгалан хамгаалагч ард түмэн маань өмнөх жаран жилийн уран зохиолоос хэний ямар зохиолыг хэлэлцэн ярьж уншиж байна вэ гэдэгт хариулахад тун эгзэгтэй хэцүү асуулт. “Дамирангийнхан” /Д.Тарва/ шиг төгс төгөлдөр “Коммунист” гишүүдтэй “Социалист” малчины гэр бүл амьдралд үнэхээр байв уу. Энэ зохиол уран сайхны үнэ цэнэтэй бүтээл үү? Аль эсвэл “Соцреалист” үлгэр үү “Утопи” маягийн дэмийрэл үү. Бүү мэд... Гэвч тэд “Мал”-аа улсад алдсаны дараа хэдийгээр гаднаа малтай ч сэтгэлдээ малгүй байгаагаа уран зохиолд тусган үзүүлсэнийг үлдээсэн баримт олдож байна. “Цаст уулын цас” /Ц.Базаррагчаа/ өгүүллэгт нэгдлийн төлөг хариулдаг хоёр айлын тухай гарч байна. Тэр хот айл хавар хүлээж авсан төлгөө шүдлэн хонь болгож дараа хавар нь улсын бэлтгэлд тушаадаг бөгөөд эрчүүдээ хонио тушаахаар явсан хойно орой хоёр айлын эхнэр үлдээд:

“...Шөнө хэдий саргүй байвч, хотонд хонь байвал гэрэлтэй байдагсан. Одоо тэнгэрт сар байгаад ч хот харлаад эвгүй юм. Хонь гэдэг цагаан амьтан юм. Хөөрхийс хойд насандаа бүгд хүн болж төрөх болтугай. Хойд уулын цас зуны дунд сард хайлдаг.

"Мянган жилийн дагтаршсан цас шиг

Монголын буян барагдах биш дээ.

Дахиад л төлөг авна даа...” гэх мэтээр ярьж бодож буйг үзүүлсэн байдаг. Энд “Мал мах бэлтгэл” гэдэг систем хичнээн аймшигтай зүйл болох, өсгөж үржүүлэх биш түүнд зориулан таргалуулж буй малчины сэтгэлийн дарамт, түүнээс үүдэн гарах “Малчин”-ы үр хүүхдийн малд хандах сэтгэл зүйн төлөвшил, мал маллах утга учир, монгол болоод монгол малын буян заяа дундаршгүй хоосрошгүй юм болов уу гэсэн гэнэн бодол зэрэг сайн задалж үзвэл “Шинэ цагийн малчин” хүний сэтгэл зүйг нарийн тод томруун үнэн зөв үзүүлсэн зохиол юм. Энэ мэт гажуудлаас зугатаж хот газар бараадаж буй “Малчин” мангар Дорж /С.Дашдооров “Говийн өндөр ”/ бол бүр арга нь барагдаад барилгачин болж “Люмпенпастух”-уудын амьдрах байрыг “Нам засаг”-таа барьж өгснөөр өөрөө хөдөлмөрийн баатар болж байгаа төдийгүй зохиогчдоон ч “Төрийн шагнал” олгуулах... гэх жишээний. Лодойхүү баатар /Л.Түдэв “Нүүдэл суудал”/ гээд дурдаад байвал МОҮУЗ нь уншигчдын толгойд “Малчин” хүн гэдэг бол нийгмийн “Элит” давхарга, “Малчин” хүн бүр монгол хүн, гүндүүгүй тайван гэнэн итгэмтгий ба хотын хүн муу санаатай, залхуу тэнэг, бэртэгчин мэтээр дүрслэн үзүүлж уншигчдаа хүмүүжүүлснээр “Хот”-ын хүнийг жигшин зэвүүцэх, хоёр соёл /Хотын, нүүдэлчний/-ын хооронд яс хаях нь өөрсдөө хотод шигдэж “Малчин” ард түмэндээ өргөх “Люмпенпастух”-ынхамгийн том бэлэг байлаа. өөр нэг томоохон үзэгдэл бол уран зохиолд хөдөө өнгөрүүлсэн бага нас, анхны хайр, нутагтаа үлдсэн анхны хайрт бүсгүйн өмнө гэм буруугаа наминчлах түүгээр сэтгэлийн цэнгэл эдлэн их л уянгын халилд оруула бичих нь “Люмпенпастух”-ын уран зохиолын түүхэнд гарсан хамгийн сэтгэл хөдлөм уншууштай /“Гологдсон хүүхэн”, “Хулан бид хоёр”-оос авхуулаад/ төдийгүй гоо сайхны үнэт нандин чанарын нүүр царай болж байгаа нь хэнд ч ойлгомжтой “Хаос” юм.


3. “АМАН ЗОХИОЛ СҮНСТЭЙ БИЧГИЙН ЗОХИОЛ СҮҮДЭРТЭЙ ХИЙ ҮЗЭГДЭЛ

“Люмпенпастух”-ын уран зохиолыг “Аман зохиол” гэж үзэх үү. “Бичгийн зохиол” гэж үзэх үү гэдэг бас л нэгэн сонирхолтой асуулт. Осолгүй л өгүүлбэр том үсгээр эхэлж, цэг таслал, догол мөр хэрэглэдэгийг нь харвал бас чиг “Бичгийн зохиол” сүүдэртэй гэвч соцреализм “Идэвхтэй зарчим” гэж нэрлэгдэж байх үеэсээ:

-Амьдралын бодит үнэнийг тусгах

-Аман зохиолоос суралцах

-Орос, Зөвлөлтийн уран зохиолоос бүтээлчээр суралцах... гэсэн хэдэн тулгуур зарчим хэрэглэхийг уриалж байлаа. Магадгүй тэр цагт “Бичгийн зохиол, бичгийн хэл”-ний тухай ярих гэхлээр “Фийдал”-ын шашны... хэмээх ангилал руу халтиран орох учир хаалттай байжээ гэж бодъёо. Тэгээд бичгийн соёлын уламжлалыг хэрэгсэлгүй... Манай баатарлаг ард түмний бүтээж ирсэн аман зохиолд тулгуурлан Орос, Зөвлөлтийн Люмпенпролетарын уран зохиолоос бүтээлчээр /хуулж/ суралцсан “Люмпенпастух”-ын уран зохиолын “Бичгийн хэл”, “Бичгийн зохиол” гэсэн ойлголтууд зөвхөн “Мал”, “Малчин”-ы тухай бичиж бүтээхэд зориулагдсан тулойлгоход тун хялбар, “Сурах бичиг” зохиоход ч дөхөмтэй юм. Үнэндээ ч “Орос” хэлнээс шууд орчуулан амлаж, “Аман зохиол”-д дэвсгэрлэн хөгжсөн зэрэг онцлог шинжүүдээр нь вч үзвэл тун ядуухан хүрээг хамрах ийм бичгийн соёлын зурвасхан үеийг “Хий үзэгдэл” гэж нэрлэлтэй. Тухайн үед хөгжсөн уран зохиолын ялангуяа яруу найргийн төрөл дэхь нэр томъёоны тухайд аваад үзье:

...Толгой холбон уянгалуулан бичсэн бүгдийг “Шүлэг” гэнэ. Шүлэг нь урт хэмжээтэй бол “Найраглал” юм болов уу... Иймэрхүү л бүдүүн бараг ойлголт яруу найргийн тухайд зонхилж ирлээ. Бидний уншиж орчуулах дуртай “Ишлэл” татдаг “Орос”-ын уран зохиолд:

“Лирика”, “Поэм”, “Ода”, “Реквием”, “Элегия”, “Сонет”... гээд тухайн шүлгийн бүтэц хэлбэр, зориулалтаар нь ангилан ялгасан олон нэр томъёо бий... гэхчлэн “Тамлах”-аан болиод “Шүлэг”-ийн үүслийн талаар тухай өчүүхэн өгүүлбэл.

Эртний Энтхэгийн их хөлгөн туульс “Рамаяна”-г зохиогч Вальмики арш нэгэн шувууг нисэж явахад нь харваж алахыг үзэн ихэд энэлэн гашуудаж 8 өлмий, 4 үе нэгэн зүйл хэлсэн нь “Шлока” хожмоо шүлэг болон монголын уран зохиолд хэрэглэгдсээр иржээ. В.Инжинашын “Хөх судар” романд “Сул шүүлгүүд” гэж бий. Монголын төвд хэлт уран зохиолд шууд шүлэглэн бичсэн зохиол бий боловч тэр бүгд нэгэн цагт “Яруу найраг”, “Шүлэг” гэж нэрлэгддэггүй. Тэгвэл бүр наашлаад С.Буяннэмэх “Хос уянга”, “Холбоо” гэсэн нэр томъёонуудыг яагаад хэрэглэх болов. ААЗ-д яагаад “Ерөөл”, “Магтаал”, “Сан”, “Тахилга”, “Даллага” зэрэг ойлголтууд байв. Тэр үеийнхэн /“Люмпенпастух”-аас өмнөх/ “Шүлэг”, “Яруу найраг” зэрэг үгийг ямар тохиолдолд яаж хэрэглэж байв. “Люмпенпастух”-ууд ямар хэрэглэж вэ. Энэ бүх асуултанд нэг хариулах гээд үзье. Молхи миний бодлоор “Найруулан бичих”, “Яруу сайхнаар найруулах” шүлэглэн бичих гэдэг яруу найруулан зүгээр нэг “Амаар хэлэх”, “Уянгалуулан унших” биш “Бичих, урлах, гүн ухаандах” гэсэн санааг агуудж түүгээрээ ч аман зохиолоос хэдий эх сурвалжтай ч ихээхэн онолжих, системчлэгдсэн нарийн дэг жаягтай тогтсон ойлголт бүхий “Бичгийн зохиол”, “Бичгийн хэл”-тэй байсан харагддаг. Гэвч “Люмпенпастух”-ын уран зохиолын үед бичигдсэн “Яруу найраг”, “Шүлэг” гэж ойлгож ухаардаг зүйлс нь “Бичгийн зохиол” гэхээсээ илүү “Аман зохиол”-ын шинж давамгайлсан байгаа төдийгүй “Намын жанжин шугамаас хазайлгүй” тууштай зоригтой туурвиж ирснийг хоёрхон жишээнээс харж болно.

“Сайхан хотын

Хөөрхөн хархүү

Сайн байна уу.

Тэнэгэр говийн

Тэмээчин бүсгүй

Сайн байна аа...” хэмээх аман захидал юм уу харилцаа дуу гэж хэлж болохуйц өнгө аястай байхад,

“Тэмээ таван хошуу малын минь нэг

Тэмээ тал, хангай, говь гурвууланд нь байдаг...” гэх зэрэг хэнд ч ойлгомжтой ганцхан тэмээний тухай гоё чамин үгээр тойгдон бичсэн “Магтаал” гэж хэлэхүйц “Яруу найраг”-ууд бичигдсэн нь ерөөс “Люмпенпастух”-ын яруу найраг нь яруу найргийн үнэт чанар болсон гоо сайхны тухай сургаал номлол, “Мастерство”, “Стилистика”, “Философи” зэргээс хэтийдэж, тэр бүр бичсэн бүхнээ /ер нь хүн болгон шүлэг бичдэг гэж үзвэл/ “Яруу найраг”, “Шүлэг” гэж хэлэхээс татгалздаг, нэрээ ч нууцалдаг үндэсний сэхээтэн, бичгийн боловсролтон нарын оронд халтар хултар хэл сурч, ертөнцөд “Үзэл суртал”-аас өөр зүйл байхгүй гэж итгэж хүмүүжсэн, монгол хүнд аман зохиол гэж байснаас утга зохиол, яруу найраг гэж байсангүй. “Уламжлал бол шашин” хэмээн цэцэрхэж, бид л “Бичгийн зохиол”, “Уран зохиол”-ыг бүтээж байна гэх мэтээр цээжээ дэлдэн хийрхэгчдээр “Люмпенпастух”-ын утга соёлын ертөнцийг дүүргэсэн нь түүнийг “Хий үзэгдэл” болгон хувиргажээ.


4. Догма уран зохиол судлал

Монголын уран зониол судлалын өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан түүхэн туршлага үнэлж баршгүй их юм. Мэдээж цэлийсэн уудам бэлчээр нутагт түүний үрийн цацаж, хатуу ширүүн уур амьсгал, ул с төр үзэл суртлын “Юлд”-эн доор энэ бүхийг тарьж ургуулах нь хүнд хэцүү ажл байсан байж тааран. Энэ салбарт төрөн гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг өөрийн эрхгүй хүндэлж, өдгөө хүртэл намайг тэдний адистэд, эртний тавьсан ерөөл баридлага наран саран адил ивээж байна гэж боддог. Ер нь уран зохиол судлал:

-Шүүмж

-Онол

-Тойм /Түүх/

гэсэн гурван үндсэн үзүүлэлтээрээ ч тэ, шинжлэх ухаан гэсэн эрх ашгийн үүднээс ч аль аль нь нэгэнт буй болж хөгжсөөр өнөө бидэнд иржээ. /Түүнийг үгүйсгэх аргагүй./ харин ямар замаар будаа тээж ирэв. Ямар бодлого чиглэл тогтож вэ. Цаашдаа энэ “Метод”-оор монголын уран зохиол судлал хөгжих хэрэгтэй юу үгүй юу... гэсэн цөөн хэдэн асуултад хариулахыг хичээе.

“Шүүмж” бол “Люмпенпастух”-ын уран зохиолын үед уран бүтээл, зохиолын тухайд бус уран бүтээлчийн эргэн тойрон, явдал суудал, үзэл суртал, хэрүүл маргаан, хов живээр илэрхий хөөцөлдсөн шинжтэй хөгжсөн төдийгүй бүх ард түмний сонгууль шиг тайзны уралдаан тэмцээн олширсноос нэгэнт тэтгэвэртээ гарлаа.

“Онол”-ын сэтгэлгээний тухайд нэгэнт бий болсон “Люмпенпастух”-ын уран зохиолдоо тааруулсан “Люмпенпролетар”-ын уран зохиолын онолыг шууд орчуулан хэрэглэж, өмнөх үеийн онолын сэтгэлгээнээс эрс татгалзсанаар “Онол”-д тохируулан бичих, эсвэл малын тухайд уран зохиол бүтээх ухвар мөчид явцуу үр дагаврыг бий болгосон. Уран зохиолын хэрэглээний ба сонгодог утгыг “Яйруулж”, “Холион бантан” хутгажээ.

МОҮУЗ-ын тойм нь сүр дуулиантайгаар “Шинэ”, “Хуучин” гэж ялгаж зааглан өөрийн “Шинэ” буюу жаран жилийн /Үнэндээ крилл үсэгт шилжсэнээс хойшхи буюу 1950-аад оноос эхлэн/ уран зохиолын дотор хичнээн тонгорцоглоод ч олигтой зүйл хийхээсээ өнгөрлөө. Энэ мэт цөөн хэдэн үгээр хэлэхэд гашуун үнэн гэж байдаг бол иймэрхүү л дүр зургийг өнөөдөр харж болох байна. Энэ бүхний цаана Монголын уран зохиол судлалд “Өөрийн бодлого” байгаагүй юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлж байна. Тийм ээ. Үнэндээ байсангүй. Харин үзэл суртал л гэж байжээ. Тэгвэл өнөөдөр чөлөөтэй сэтгэн бодож, уран зохиол судлал гэгч зайлшгүй хөгжих шаардлагатай бол “Таван жилийн төлөвлөгөө”-гөө зохиоход нэг их оройтойгүй байна. МУЗ, МОҮУЗ хоёр юугаарааа ялгаатай юм бэ? Энэ “Шинэ”, “Орчин үеийн” гэсэн тодотгол байснаараа уран зохиол “Шинэчлэгдэж” үү, “Хоцрогдож” уу. Ер нь шинэ гэсэн утгаар түүхийг ч тэр, уран зохиол урлагийг ч тэр 1921 оноос авч үзсээр байх уу. Баримт дурдъя:

Английн түүхч, монгол судлаач Бауден “Монголын орчин үеийн түүх” /1968/ номоор 17-р зуун өөрөөр хэлбэл Өндөр гэгээн Занабазараас хойш эхлэн авч үзсэн байдаг. За яахав энэ бол зөвхөн “Түүх” юм аа гэж бодвол үүнтэй “Агаар нэгэн” германы эрдэмтэн Хайссигийн “Монголын уран зохиолын түүх” номыг юу гэж ойлгох вэ. Монголчууд бид мянган жилийн ...төр улс, урлаг, ном бичг соёлын түүхээрээ бахархан ярин дуртай. Энэ дундаас “Шинэ”, “Хуучин” хэмээх ойлголтыг математик ямар харьцаанд авч үзэж байна вэ. “ХУУЧИН” 940 > “ШИНЭ” 60

Ингээд бодохоох бид дэндүү их “Хуучрах”-ын донд автсан юм биш биз. “Сонгодог монгол бичгийн хэл” хэдүйнээс буй болов. Манай томоохон нэртэй эрдэмтэдийн судалгааны гол чиглэл аль үеийн уран зохиол судлалд идэвхтэй хандаж байв зэргийг эрүүл саруул ухаанаар аваад үзвэл:

Нэгдүгээрт. Монголын шинэ үеийн уран зохиол судлалыг бурхан шажины хожуу дэлгэрэлтийн үе өөрөөр хэлбэл XVII зуунаас эхлэн өнөөг хүртэл бичигдсэн орчуулагдсан бүтээлийг хэрэглэгдэхүүн болгон авч үзэх,

Хоёрдугаарт. Байгаль, нийгэм, түүхийн үзэгдлийг “Жаран”-ы толоын системээр ангилан үзэж лавтай сүүлийн хоёр “Жаран”-ы уран зохиолыг эн тэргүүнд судлах... гэх мэт бодлого уран зохиол судлалд хэрэгтэй байгаа санагдана.

“МУЗ” гэдэг “МУЗА”гэдэгтэй адил уянгалаг сүр хүч төгөлдөр сонсогдсоор байх болтугай.



Го.Ням-Очир

1995 он. Нарангийн энгэр




[...гэснийг 1997 онд хэвлэгдсэн “Хүрээ хөвгүүд” бүлгийн “ЗАМДАА ГАРЦГААЯ... ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ” номноос хувилан авч нийтлэв.

Энэхүү үгүүлэл нь ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ цуврал шүүмжийн эхний хэсэг бөгөөд, үргэлжлэл нь:

2. Люмпенпастухын уран зохиол-2 (Сэтгэл зүйн хүрээнүүд)
Го.Ням-Очир.

3. Люмпенпастухын уран дохиол-3 (Хот)
П.Батхуяг.

4. Люмпенпастух-4 (1995-2000 он хүртэлхи уран зохиолын төлөв)
Го.Ням-Очир.

хэмээх хэсгүүд болой]

0 Сэтгэгдэл:

Post a Comment