Бусдын биеийг хүрэлцэх ану...

“Бусдын биеийг хүрэлцэх ану зүрх минь арайхийн багтаах баяр буюу”

У.У



***


Таних танихгүй, тарган туранхай хамаагүй ээ

Та нарыгаа би чангаар тэвэрье

Цогтой халуун эрмэг биендээ наалдуулж

Цоргих харц цохилох зүрхээ мэдрүүлэе.

Уур савссан галын өрөөнд чинь хамгаас тансаг үнэр амт болъё

Уудам алсад зориход чинь эс цуцах аргамаг хүлэг болъё

Уурсан гомдоход чинь угтан тосох анд чинь болъё

Удаан харуулдсан хүнийг чинь цөхрөлтгүй хамтдаа хүлээе

Учирсан бүхэнд чинь гэрэлт инээмсэглэлээ бэлэглэе

Улаан, шар, ногоон, бор, хүрэн, хар нүднүүдийг чинь мишээн ширтэе

Улаан, шар, ногоон, бор, хүрэн, хар үсийг чинь энхрийлэн илбэе

Улаан, шар, бор, хүрэн, хар гарыг чинь уруулдаа хүргэе.

Урт удаан өвлийн дараа дэлхий дэлэгнэх шиг

Уйт шарланги намрыг даран цас хаялах шиг

Урин хавар зуны дуулалд согтон дугжрах шиг

Усны шувууд уул давхад уярсан модод нуур аргадан навчсаа гөвөх шиг

/хүмүүн ёсоор эсвэл хүмүүн бусаар/

Ургах нарнаас мандах саран хүртэл

/мандах сарнаас ургах наран хүртэл/

Унтах шөнөөс угтах өглөө болтол

/угтах өглөөнөөс унтах шөнө иртэл/

Уг сэтгэл чин зүрхнээсээ

/уушиг ходоод элэг дэлүүнээсээ ч бас/

Уусан нэгдэх мэт, усан бороо мэт тэвэрье та нарыгаа

0 Сэтгэгдэл:

Post a Comment