Люмпен пастухын уран зохиол-2

Люмпен пастухын уран зохиол-2

(Сэтгэл зүйн хүрээнүүд)


“Сэтгэл зүйн хүрээ” хэмээх энэ ойлголтыг хэрхэн ойлгох вэ? Энэ нь “Люмпенпастухын уран зохиол”-д хэрхэн холбогдох вэ? Тийм ээ, ердөө л сэтгэл зүй. Өнөөдөр сэтгэлзүй хэмээх шинжлэх ухаан маш явцуу мэт хэн нэгэнд санагдаж болох авч, нөгөө талаар бүхий л зүйлс (хүний эргэн тойрон дахь) эргээд “Сэтгэлзүй”-тэй, өөрөөр хэлбэл “Сэтгэлзүйн тулгуур хүрээнүүд”-тэй шууд холбогдож байна. Урьд өмна Ринчен абугайн “Энэихэг-Европын”, “Хятадын соёлын хүрээ” ... гэхчилэн ялгасанчлан уран зохиолыг яг үнэндээ өнөө буй амьд утга зохиолын ертөнцийг ангилах ойлгох гэж оролдох нь, нэг л “Хачин”. ЛПУЗ-н (Люмпенпастухын уран зохиол) үе түүний дараах үед төдийлөн тохиромжтой бус боллоо.

Уран зохиол бол нийгмийн тусгал юм...

Уран үохиол бол намч чанар, үзэл суртлын юлд... За тэгээд яриад байвал энэ талбарт нэлээд олон тодорхойлолт өгч болох боловч зарим нэг талаар ингэж хэлж ярьж байсных нь төлөө түүнийг (30-д онд бол шууд хутга барин, шүд зуун дайрч устгасан шиг) түүхийн хог дээр чулуудах хэрэггүй юм. ХАЯЖ БОЛНО... Угаасаа хуучин юм ул болж, шинэ юм зул болдог ч, бил үү юу ч билээ. БИД ТИЙМ УЛС. ХАЯЧИХДАГ... Гараа далайж байгаад холоо шидчихдэг. Хамгийн хол шидсэнээ “Баатар” болгон хөөрцөглөдөг. Яг үнэндээ нэг их яарах хэрэггүй. Түүнийг хаяхын урд эргүүлж тойруулж үз! Энд тэнд чанарын тэмдэг байна уу, үгүй юу? Ямар материалаар хийж вэ? Ямар үнэ цэнэтэй болох? Гол нь чи үүнээс илүүг хийж чадах уу, үгүй юу? САЙН БОД! (Чамд хэрэг болно эргэлзэх хэрэггүй) Тэгээд дараа нь гэртээ аваачаад номынхоо тавиур дээр өрчих! Гол нь чи хаяагүй.

(Баярлах хэрэгтэй)...

Тийм ээ, уран зохиол бол сэтгэл зүйн ертөнц. Тэр сэтгэлзүйн хүрээнүүдээс бүрддэг бөгөөд түүнийг чи чухам юугаараа хамаатай болохыг нь санй мэднэ. Харин тэр бүр анзаардаггүй л байх. Гэхдээ тэр сэтгэлзүйн өөрчлөлт хамгийн хүчтэй илэрдэг үе бий. Эхлээд...




“Жаран жил”-ийн давтамж түүний бүтцийн тухайд.


Дээр өгүүлэлд энэ тухай дурдсан тул оршил хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ л бүтцийг нь нэг гаргах гээд үзье. “Хүрээ хөвгүүд” хамтлагийн “ЛПУЗ-ын үе” гэж үзэж XVI жарны уран зохиол түүх нийгмээр жишээ болгон үзүүлбэл:

Люмпенпастухын уран зохиолын үе
1927-1937.
/Эхний 10 жил/ Энэ бол хамгийн сонирхолтой үе. Энэ тухай хойно өгүүлье.

1937-1947.
/2-р 10 жил/ Энэ хооронд шинэ хуучин сөргөлдөөн туйлдаан хүртэл хурцдан шинэ нь хуучнаа устгах аян дайнд мондов. Тэд устгасаар эхлээд лам хуврагаа, дараа нь сэхээтнүүдээ тэгээд бичиг үсгээ /монгол-латин-крилл/ гэхчлэн нэлээдгүй тэмцэж олсон ололт нь гэвэл шинэ ч үгүй, хуучин ч үгүй /бүрэн цэвэршсэн үе/.

1947-1957.
/3-р 10 жил/ Хэдийгээр дэлхийн II дайнд шальтай нэрвэгдээгүй ч хойд их хөршид өрнөсөн дайны дараах сэргээн босголт нэгдэлжих хөдөлгөөн зэрэгт /цэвэршсэн/ монголчууд цөс нь хавиргаа дэлдэж байсан үе.

1957-1967
/4-р 10 жил/ Люмпенпастухын уран зохиолын эхэн үе.

1967-1977
/5-р 10 жил/ Люмпенпастухын уран зохиолын өрнөл үе.

1977-1987
/6-р 10 жил/ Люмпенпастухын уран зохиолын хөгжлийн дээд үе гэхчлэн ангилж болмоор санагдаж байна.

Тийм ээ, та хэрэв анзаарсан бол эхний арван жилүүдийн тухайд л энд ярих гэсэн юм. Үнэндээ XVII жарны эхний арван жил буюу (1987-1997) “Нэг л биш болсон үе”-д бид амьдарсаар дуусхад ердөө л нэг жил дутуу байна. өнөөдөр ганц би биш олон хүн энэ тухай ярьж байна. Юу гэвэл 1927-1937 онд болж байсан шиг үйл явдлууд өнөөдөр эргээд л давтагдаж байна. Хэвлэлийн дэлбэрэлт, нийгмийн эрүүл бус жаахан “Анархи” үнэр бүхий сэтгэлзүй (тэр үеийнхнийг бодвол харьцангуй намжмал), “Шиэн хуучны зөрчил” гэх мэтээр олон жишээ дурдаж болно. Түүхийн хүрд эргэсээр... Бид тэр үеийнхэнтэй (30-аад оныхонтой) өнөөх хүрдний нэг хөндлөн огтлолд хамтдаа оршиж байна... гэж хэлж болох боловч энэ хоорoнд бага гэлтгүй ялгаа байгааг ч мартах хэрэггүй. Тэр үед гэрийнхээ үүдэнд улаан туг хатгаж байсан бол өнөөдөр байшингийнхаа орй дээр дээр цэнхэр туг хатгах юм уу, тэр үед пролетарийн интернационализмыг мөрөөдөж байсан бол өнөөдөр хүнлэг ардчилсан нийгмийг ам булаалдан ярих жишээний. Гэхдээ энэ бүгдэд хармсаж халаглахын огтхон ч хэрэггүй бөгөөд номхон хүлцэнгүй байсан “Цагаан цааснууд”-ын амнаас “Эрх чөлөө” хэмээх үгс унах болсон тэр үест л хамгийн тод илэрч гарч ирлээ. Тэр юу вэ?


“Өрнө төвлөг хүрээ”
/западоцентрист/

Энэ бол МОҮУЗ (Монголын орчин үеийн уран зохиол)-ын сэтгэл зүйн ертөнцийн элитар хүрээ юм. Энэ зууны эхээр Крыловын ёгт үлгэрийг орчуулан уншиж эхэлсэн монголчууд (XVII жарны эхний 10 жилд) ганц Баатар цагаан хааны албатуудын уран зохиолыг төдийгүй өрнийн сонгодог зохиолыг орчуулан уншиж эхэллээ.

Энэ хүрээнийхний тэргүүн эгнээнд Цэвээн Жамсранов хэмээх Жамсраны Цэвээн, залуу сэхээтэн Б.Ринчен, Эрдэнэбатхаан... гээд тухайн үедээ толгой цохиж байсан орос хэлийг эзэмшсэн, орост боловсрол олсон “Сэхээтнүүд” байлаа. Үнэхээр ч сэхээргэчид байлаа. Тэд нэг л зүйлд итгэж байсан бөгөөд тэр нь харсаар байтал илт сөнөж буй мэт, гэхдээ бас жаргахын өмнө бадамладаг зул шиг эрх чөлөөгөө олж авах бататгах гэсэн тэр их эрч хүчийг өрнө тйиш (тухайлбал Орос руу, өрнийн соёл руу ) хандуулахыг хүсэж байлаа. Тэд үнэхээр ч тэгж чадсан. Тэд монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчид мөн бөгөөд, харин ч тэдний хүсэл эрмэлзлэл амьд бодитой уламжилсаар өнөөг хүрсэн гэж хэлж болно. Үүний ойрын илрэл болсон хамгийн ойрох үеийн жишээ татъя.

1996 онд хэвлэгдсэн С.Анударийн “4 биш 4” хэмээх бүтээл хамгийн сүүлийн үеийн жишээ юм. С.Анударь агсны зарим нэг бүтээлүүд урьд нь хэвлэгдэж гарсны дараа түүнийг “Модернист”, “Үл ойлгогдох”, “Харь гаригаас ирсэн” гэхчилэн ярьж хэлэлцэх авч өнөөх гал цогтой “Люмпен” шүүмжлэгч нар маань гар хамхин суух боллоо. Ойлгохгүй байгаадаа тэр үү? Эсвэл ойлгохыг хүсэхгүй байна уу? Аль нь ч байж болох юм, хэдий тийм боловч С.Анударь өөрийгөө “Реалист” хэмээн үздэг байсан гэвэл тэд лав итгэхгүй байх. НИЦЩЕ+РОК+МОНГОЛ ХЭЛНИЙ ЭНГИЙН БОДОМЖИЙН ЧӨЛӨӨТ УРСГАЛ= “ТАСАРХАЙТАЙ” РЕАЛИЗМ хэмээн томъёолж байсан юм. ВИКТОР ЦОЙ, САША БАШЛАЧЁВ, “АКВАРИУМ” сонсож “НУУЦ ТОВЧОО” уншиж, МУИС-ыг “Ницще” гээр диплом хамгаалж төгсөөд, зохиол бичдэг байсан тэр залууд “Модернист” гэж хэлж болохуйц (үл ойл-гогдох, харь гаригаас ирсэн мэт) нэг их зүйл байгаагүй бөгөөд харин түүнийг тэгж нэрлэдэг хүмүүсээс “Модерн запах” ханхалж байна. Ердөө л энэ. Мэдээж хэрэг түүнийг шагналд тодорхойлж, бүх нийтээр ойлго хэмээн бүх нийтэд тулган хүлээлгэх нь ямар ч утга учиргүй бөгөөд тэгэхийг ч тэр хүсээгүй нь лав. Гол нь МУЗ бага ч атугай урагшлан хөгжсөөр.

Энэ хүрээнийхний хувьд хоёр, гуравдугаар үеийн сэхээтнүүд хамрагдаж байгаа бөгөөд тэд ихэвчлэн гадаадын аль нэг хэлээр дамжуулан боловсрол, уран зохиол гээд ертөнцийг харах “Цонх”-той болсон хүмүүс. Өмнөх жарны (XVI) уран зохиолд харьцангуй “Орос төвлөг” хэмээн энэ хүрээг томъёолж болохуйц байсан бол, энэ жарны эхний 10 жилээс эхлэн өөрийн гольдрилдоо орж Ж.Х. Чейз, Сидней Шелдон, Агата Кристи гэчилэн (уран зохиолын үнэ цэний хувьд бүү мэд ч) геополитикийн хувьд ихээхэн өргөн цар хүрээг хамран орчуулах болсон төдийгүй цаашлаад ч өөрийн уран зохиолын өнгө төрхийг өөрчлөхөд багагүй нөлөөлж эхэллээ. Өөрөөр хэлбэл өнөөх цагаан цааснууд маань люмпенчүүдийг голж тэднийг уншихаа больж эхэллээ?


“Тариалан төвлөг хүрээ”
/агроцентрист/

Энэ хүрээнийхэн бол МОҮУЗ-ын төдийгүй МУЗ-ын зонхилогч хүрээ юм. Тэд урьд хожид ч, хэзээд ч “Зонхилогч” л байх болно. Тэгээд л гүйцээ. Эргэн тойрны ахуй амьдрал, хөгжил хувьсал, зөрчил тэмцэл гээд тэдний бичиж бүтээдэг уран зохиолын сэдвийн хүрээ, маш өргөн бөгөөд хэн ч уншихад хялбар дөхөм. Үнэндээ уран зохиолыг “Хүндээр сэтгэж” бүтээх албагүй. Уран зохиолыг бүтээнэ гэдэг бол нэг талаар түүх бичлэг болж хувирах тал ч бий. Үнэндээ “Говийн өндөр” (С.Дашдооров) романы мангар Дорж, эсвэл “Нүүдэл суудал” (Л.Түдэв) романы Лодойхүү баатар шиг хүмүүс байснаар уран зохиол бүтсэн төдийгүй мөн дүрслэн үзүүлснээр нийгэмд бий болсон. Ж: “Миний нутаг” (Д.Нацагдорж). Энэ шүлэг 1934 онд бичигдэж, өнөө хэр энэ шүлгийн нэрийг нь мэдэхгүй хүн битгий хэл ядаж нэг бадгийг нь мэдэхгүй хүнийг олно гэдэг зүү эрэхтэй адил юм. Энэ шүлгийн ололттой тал нь юу вэ? өөрийн уран зохиолын сонгодог өв уламжлалаас эрс татгалзаж, тэр дундаа Буддын уран зохиолын хийгээд хятадын сонгодог уран зохиолын монгол хувилбарын нөлөө хүчтэй байсан 30-аад онд (та төсөөлөн бод доо) эх орны аль хэрэгцээтэй өнцөг булан бүрт очоод ирсэн мэт сонин, “Магтуу” хэмээх шүлэг бичсэндээ (Тэр нь шинэ зүйл болж чадсан) юу... аль эсвэл төгсгөлийн бадагт нь

Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяа байгуулъя хэмээх мөрүүдийг бичиж үлдээсэндээ юу...

Хэзээ ч билээ “Тоншуул” сэтгүүл дээр нэгэн шог зураг байсныг санаж байна. Тэр зураг дээр жинлүүрийн нэг тал дээр ганцхан хуудас (Миний нутаг шүлэг) нэлээд хүнд, дийлж байх ба нөгөө талд зузаан зузаан романуудаа тавиад мөн дээр нь өөрөө гарч суугаад ч олигтой жин дарж өгөхгүй агаарт байгааг дүрслэн үзүүлсэн байдаг. Тэгээд ч “Мораль”-ын абсолют хэмжүүр нь өнөөх л Нацагдорж өнөөх л “Миний нутаг” байж түүнийг сонгодог мэтээр ярьж мухар сохроор ойлгох болсон болохоор тэр хавьцаа л бүтээлүүд ихэвчилэн төрж байлаа. Мэдээж бүгд тийм байгаагүй бөгөөд зүгээр л бид өөрсдийгөө шоглон үзүүлсэн нь тэр. /нэрсийг нь дурдалгүй орхиё/

“Зонхилогч” гэсэн утгаараа нэлээдгүй хүмүүс энэ хүрээнд хамрагдаж байгаа бөгөөд хамгийн гол онцлог нь ерөөс энэ үед ч биш үеийн үед одоо ч бидний “Ген”-д байгаа “Монголчилох” ч гэх юм уу “Үндэсний болгох” ч гэх юмуу, тэр гайхалтай чанар нь хамгийн их үнэртдэг хүмүүс энэ хүрээнд багтаж байдагт л эдгээр хүмүүсийн гараар дамжиж “Цагаан цааснууд”-д хүрдэгт л үнэт нандин чанар нь оршдог. Түүгээрээ ч “Элитарууд”-аас суралцаж бүтээхийн ялдамд хойно өгүүлэх “Дагалдмал” хүрээг шүүрс алдан...



“Дорно төвлөг хүрээ”
/востокоцентрист/

Энэ хүрээнийхэн өмнөх жарны эхний арван жилээс эхлэн ихээхэн “Дагалдмал” шмнжтэй болсон төдийгүй, энэ жарны эхний арван жилд мөн л дагалдмал шинжтэй орж ирлээ. Монгол нутагт өрхөө татаж үүдээ нээсэн бүх л сүм хийд өнөө хэр өглөө бүр ном хурахын өмнө “Жинлав цогзол” буюу (Адистадын гэгээг хайрлагч) “Өндөр гэгээн Занабазарын зохиол” хэмээх ерөөлийг уншсаар л байна. Хэдэн зууны баялаг уламжлалтай өөрийн орны хөрс шорооноо өвөг дээдсийн тарьж ургуулан цогцлооосно асар баялаг уламжлал бүхий уран зохиолын дэг сургууль төдийлөн нэмж зохиогдохгүй юм аа гэхэд лав л оргүй болсонгүй. 1931 онд Зава Дамдин “Хор чойнжин” хэмээх зохиолоо бичж дуусгалаа. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн Жанжин Чойрын ухвилгаан Агваанданзанням “Барьж тэмтрэх болсон энэ цагт” хэмээн өөрийн зохиолын оршилд хэлмэгдүүлэлтийн тухай харамсан бичиж байлаа. Саяхан болтол амьд мэнд байсан Иштавхай, Данзан-Одсэр зэрэг буддын сонгодог боловсролтнуудын зохиол бүтээл гэхчилэн өдгөө 1996 онд Шашны дээд сургуулиас эрхлэн Дармадалайн “Хор чойнжин” номын хэвлэн гаргаж “Зава Дамдин судлалын төв” байгуулан түүний зохиол бүтээлийг судалж, орчуулан гаргах үэрэг нэлээдгүй зүйлийг хийж эхэллээ.

Мөн энэ өнгөрөгч жарны эхний арван жилийн доторхи нэгэн онцлог нь: Манж Чин улсын үед хэдийгээр онцгой нөхцөл боломжийг эдэлж байсан ч Монгол улс, Хятад хоёр нэгэн төрийн захиргаанд нэгдэн орж байлаа. Үүнээс улбаалан монголын бичгийн болоод төрийн зүтгэлтнүүд тодорхой хэмжээгээр хятадын бичиг соёлын боловсрол олох зайлшгүй шаардлага гарч ирсэн. Одоо цагт аливаа чадвартай сэхээтэн орос, англи зэрэг хэлийг зайлшгүй эзэмшиж түүгээрээ дамжуулан соёл боловсрол гэх мэт хэрэгцээтэй бүхнээ олж авч байдагчлан, тэр үед хятад хэлэнд сайн, орос хэл гадарлах бичгийн хүмүүс үнэд үнэд орж байсан цаг. Энэ мэт хүчин зүйлүүдээс шалтгаалан XVI жарны эхний арван жилд хятадын соёлын нөлөө нэлээд хүчтэй байсан. Түүгээр ч үл барам хятадын уран зохиолын сонгодог уламжлалыг монголын уран зохиолд амжилттай ашиглаж байв. Үүнд бид Бодоо (“Үзэмжит өгүүлэл”), С.Буяннэмэх нарыг оруулж болох юм. Мөн хятадын сонгодог зохиолуудыг үлгэрчилэн хайлдаг байсан “Бэнсний үлгэр”-үүдийг ч дурдууштай. Гэвч хятадын соёлын сонгодог уламжлалаас авч хэрэглэх хэмээсэн энэ оролдлого 1937 оны хэлмэгдүүлэлтээр энэ чигийн боловсролтонгуудыг устгаснаар нэгэнт таслагдсан билээ. Эдүгээ хятадтай адил тэгш бахй зарчмын үндсэн дээр харилцах харьцаа идэвхижсэнээс шалтгаалан хятад хэл сурах явдал ихэсч байгаа боловч XVI жарны эхний арван жилийн үе шиг хятадын соёлын нөлөө ихэсч байна гэж хэлэмгүй байна.

Энэ хүрээнд орох нэгэн томоохон хэсэг нь Монголын язгуурлаг үзэл юм. XVI жарны эхний арван жилд монголын үндэсний язгуур уран зохиолыг хэвлэх ажил нэлээд хийгдэж байсан. 1919 онд Монголын Автономит засгийн газрын Гадаад Явдлын яамнаас эрхлэн “Чингисийн эр хоёр загалын тууж”-ийг хэвлэн гаргасан.

Тэгэхээр энэ хүрээнийхний хувьд харьцангуй дагалдмал шинжтэй тэр бүр хүн мэдэхгүй хэдий ч лавтай амьд оршсоор буйг илтгэж байна. Мөн энэ хүрээнийхний хувьд XVII жарны уран зохиолд (Одоо эхэлж буй) гүйцэтгэх үүрэг нь мэдрэгдэхүйц хүчтэй болж эхлэх төлөв ажиглагдаж байна.

Хэдийгээр энд өгүүлж буй сэтгэлзүйн тулгуур хүрээнүүд нийгэм уран үохиолтой холбоо бүхий ихээхэн ерөнхий байж болох боловч угаас “Сэтгэлзүй” хэмээгч нь гагц “Хүн” түүнтэй хамаа бүхий асуудал тул бүхэл бүтэн уран зохиолд төдийгүй хэн нэгэн хувь хүний сэтгэлзүйн ертөнцөд ч илрэн гарч болох ба энэ жишээг хойно өгүүлсүгэй.

а. Ц.Дамдинсүрэн өрнө төвлөг хүрээнд холбогдох нь.

Өнөө хэр хамгийн их өвөө үлдээсэн монголын соёл, уран зохиол, уран зохиол судлалын томоохон төлөөлөгчдийн нэг нь Ц.Дамдинсүрэн юм. Түүний судалгааны бүтээлүүд, зохиолууд нь уран зохиолтой холбоотой байж тэр нь ихээхэн өргөн цаг хугацааг хамаарч байсан тул өв гэж нэрлэхээс ч өөр аргагүй юм. Түүний хувьд хувьсгалт засаглалын дараахан өрнө зүгт явж ирээд соёлын соёлын “ҮР”-ийг хөдөө талд зорьж эхэллээ.

ҮР-1: “Эмэгтэйчүүд”.

Эмэгтэйчүүдийн тэгш эрх боловсрол олоын чухлыг тэр шууд зохиолууддаа номлож эхэллээ. Үнэндээ ч тэр үеийн зохиолчдын бүтээлд дүрслэн үзүүлж байсан “Эмэгтэйчүүд” чухамдаа ямар шинж чанартай байв. Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимас”-ийн Цэрэндулам, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа (үндсэн эхдээ Юндэн үхэж Нансалмаа булшин дээр нь амиа хорлож үхдэг), Ши.Аюуш “Харц Дамдин хатан Долгор”, “Харанхуй засаг” жүжгүүдэд гардаг эмэгтэйчүүдийн дүр ихээхэн “псимист” шинжтэй байсан бол шал өөрөөр дүрсэлж эхэллээ. Хамгийн анхны зохиол “Гологдсон хүүхэн” Цэрэнгээс авхуулаад “Солийг сольсон”-ын Соль, “Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав хийдэг ганц” зэрэг зохиолуудад тэдний тэгш эрх сурч боловсорхыг уриалж, амьдралын төлөөх, нийгмйн дотор эзлэх байр суурийн төлөөх тэмцэлд тэднийг босголоо. Тэр зохиолууддаа эмэгтэйчүүд сайн сайхнаар дүрсэлж байсан төдийгүй шүлэг найрагтаа хүртэл: Эмэгтэй хүн-Эх хүн-Эх нутаг гэсэн томъёололыг үзүүлсэн “Буурал ээж минь” найраглалаас ч тод харагддаг. Тийм ээ, энэ эмэгтэйчүүдийн тухай сэдэв 1929 онд “Гологдсон хүүхэн” зохиолыг бичихээс урьд хэр далайцтай илэрч байв. Хожмын зохиолчид ч хэдий үеэс эхлэн энэ мэт бичиж эхлэв? Тун сонирхолтой асуулт.

ҮР-2: “Сэхээтэн”.

Түүний “Чемодантай юм” зохиолыг бүгд мэднэ. Эх нь хүүгээ эрхлүүлсээ “Цагаан гартан” болгочихсоныг шүглон үзүүлсэн юм хэмээн өнөөх л ярьдгаараа ярьж болох юм. Энэ бол зөвхөн өнгөн тал . нэг үгээр хэлбэл хэлбэр нь юм. Тэгвэл цаана нь юу агуулагдаж байна вэ? Мэдээж сэхээтэн гэдэг бол давхарга биш харин “Малчин сэхээтэн”, “Ажилчин-Сэхээтэн” гэж байж болох юм шиг ярьдаг бичдэг ойлгодог байсан үед бичсэн зохиол. Үнэндээ сэхээтэн бол нийгмийн давхарга төдийгүй нийгмийн бүрэлдэхүүн юм. Тухайлбал зохиогч өөрөө ч сэхээтэн. Түүнийг нийгмийн (Массын) зүгээс бид бүгдээрээ адилхан сүциалист нийгмийн тэгш эрхтэй гишүүд, чи ч адил, би ч гэдэг үзлээр тас шавхуурдан угтлаа. Сэхээтэн бүхэн төгс төгөлдөр байх албагүй. Жишээ нь юм угааж хувцас индүүдэж гурил хэрчих юм уу!? Гол нь сэхээрсэн оюун нь бидэнд хэрэгтэй. Бүхий л амьдралынх нь туршид эхийн хайр энэрлийг хүсэмжлэх хүртэх гэж орлдох юм нь ийм л байдлаар сэхээтэн хүнээ хайрлах өрөвдөх түүнийг гол нь ойлгох ёстой гэдгийг дүрслэн үзүүлсэн бол бид эсрэг утгаар нь тайлбарлаж иржээ.

б. Ц.Дамдинсүрэн тариалан төвлөг хүрээтэй холбогдох нь.

Тэрээр бас л сонин зохиолууд бичиж байжээ. “Бух Гомбо” хөөрхий хэлмэгдэгч бух тэжээдэг буханд хайртай байхад зүгээр нэг албан хаагч түүний ах болох “Торгон Дорж” хоёрын дүрийг хөөрхөн эвцэлдүүлж дөнгөжээ. Энэ мэт “Солийг сольсон нь” зохиолын Бат цэрэгт явснаар өөрийгөө боловсорсон сэхээтэн гэж үзээд эхнэр Солио сольсон ч, эхнэртээ эргээд ирж байгаа гэхчилэн “Савангийн дуурь”-ийн маягийн хошигнол. “Хоёр цагаан юм” гэдэг цэвэр ахуйн шинжтэй аман түүх хууч ярианы зохиол мэтчилэн ард түмнийхээ ахуй байдал, домог түүх, алдаа эндэгдлийг тунгаан шүүсэн зохиолууд нэн элбэг бөгөөд гол нь шинэ утга зохиолын хэл бий болоход бичиг үсэг ялангуяа “Крилл” үсгийг гайхамшигтайгаар зохицуулан зохиож түүгээрээ ОҮУЗ-ын хөгжилтөнд ихээхэн түлхэц өгсөн гавьяаг нь мартаж болохгүй. Ер нь өөрийн үг яриа, үзэл бодлоороо үндэсний томоохон сэхээтэн гэгдэх эрхэм нэрийг олсон нь түүнийг тариалан төвлөн хүрээний хүн болохыг давхар давхар нотолдог.



в. Ц.Дамдинсүрэн дорно төвлөг хүрээнд холбогдох нь.

Энд түүний судалгааны зохиолуудыг нэрлэж болох юм. “Исторический корни Гэсэриади”, “Рамаяна монголд дэлгэрсэн нь”, “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршивой” гээд тоочвоос нэлээдгүй зүйл бий. Зохиол бүтээлд нь ч үүнийг дагаад нэлээдгүй ажиглагддаг зүйл бол уламжлал шинэчлэлийн асуудал байлаа. Тэрээр хамгийн анх л энийг хэлээгүй ч хийсэн зүйл арвин.

1943 онд зохиосон “Монгол нутаг” шүлэг дээр нь жишээ болгон тайлбарлая:

...Эелэг цасан тэргүүнтэй
Эрээн зүлгэн хормойтой
Эрдэм төгс орон юм....

(Д.Равжаа “Галбын уулын магтаал”)

...Уд нахиа дэлгэрсэн зулзган ногоон модны эх хөмсөгт эх
Угаас сэтгэлд зохистой хөх ногоон тэрлэгийг гоёлд өмсөөд...

(Жамбалдорж “Уулын номлол”)

гэх мэт уул, модыг хувцаслан хүнчилэн үзүүлдэг байсан уламжлал:

Цагаан цасан малгайтай
Ногоон модон хүрэмтэй
Хөх усан хормойтой

Баян хангай уул минь... зэргээр илэрлээ олж байлаа. Хэн ч тэр үед (өөрөө ч) энэ тухай хэлсэнгүй. Гэхдээ ганцхан тэр л чадах байсан.


Товчлон авав.

Го.Ням-Очир.
1996 он.










[...гэснийг 1997 онд хэвлэгдсэн “Хүрээ хөвгүүд” бүлгийн “ЗАМДАА ГАРЦГААЯ... ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ” номноос хувилан авч нийтлэв.

Энэхүү үгүүлэл нь ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ цуврал шүүмжийн хоёр дахь хэсэг бөгөөд, үргэлжлэл нь:

П.Батхуяг.

Го.Ням-Очир.

хэмээх хэсгүүд болой]

0 Сэтгэгдэл:

Post a Comment