Люмпен пастухын уран зохиол-3


*Хүрээ хөвгүүдийн хөвгүүн нас буюу хэлбэр хөөцөлдөөгүй зураг.


ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ З/ХОТ/


а. Өнгөрсөн цаг.

Хүн төрөлхтөнд ирээдүй гэж байна уу? Байвал ямар ирээдүй байх ёстой, мөн ямар ирээдүй байгааг хэн ч үл мэднэ. Мэдэх аваас цөөн тооны мэргэд төлөгчингүүд л мэдэж болох юм. Харин хүн төрөлхтөнд өнгөрсөн цаг буюуу өөрчлөн шинэчлэгдэшгүй, балран арилшгүй түүх гэж байна. Энэхүү түүх нь цус нулимас, аян дайн, өс хонзон, баяр хөөр, ялалт ололт бүхий үйлд явдлаар дүүрэнунтахын тулд уншдаг “Зузаан ном” мэт зүйл юм. Тийм нэгэн үнэт түүхийг хүн төрөлхтний нэгэн хэсэг болох монголчууд хэдэн зууныг дамжин бүтээсээр ирсэн, цаашдаа ч үргэлжлүүлэн бичих учиртай гэнэм. Үнэхээр өнгөрсөн цагт юм бүхэн бий. Ирээдүйд болох явдалууд ч бий. Энэ бүгдийг эс дурдаад өнгөрсөн цагт багт сүүлийн далан жилийн хугацаан дахь “Урбанизм” буюу “Хотжилт”, хотын соёлыг хэрхэн ойлгож, мөн хэрхэн үгүйсгэж асныг авч үзье. Олсноон гээж гээснээн мартаж, олохоор эрэл-хийлж, шинээр нээж, бүхийл боломжоороо амьдрахын тулд тэмцэж заримдаа ялагдаж, дийлэнхдээ ялж, ялалт бүхэн жаргалд хүргэдэггүйг хангалттай зам туулсан, таван миллиард хүн төрөлхтөн, ирээдүй бүр “Гэрэлт ирээдүй”-г нээхээр өнгөрсөн цагийн турш урагшилсаар байлаа. Урагшлах замд хөндөлд-сөн бүхнийг чөтгөр шулам руу нь тонилгож тонилгосныхоо араас хармсан гашуудаж, мөн заримынх нь хойноос тэврэлдэн баярлаж, зав чөлөөгүй, өдөр шөнөгүй эрсээр байв. Гэнэт хүн төрөлхтний эрлийг хоёр “Суут” хүн оллоо. Тэд, тэр бол “Социализм” гэж нэрлэлээ. Олонх нь эргэлзэж, нэлээд хэсэг нь үгүйсгэж, өөрсдийнхөө хайсан олз мөн эсэхэд маргалдаж эхэллээ. Гэтэл түүнээс хойш нэгэн зууны дараа өөр нэг “Суут” хүн бидний хайсан олз энэ мөн байна хэмээн Орос оронд итгүүлж чадлаа. Энэ цагаас хойш хүн төрөлхтөн “Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр” хоёр хэсэг хуваагдаж өөд өөдөөсөө зангидсан гараараа сүртэй гэгч нь заналхийлцэх болов.

Тэр үед “Хүрээнээс өөр ” суурин “Хятадаас өөр” дайсан байдгийг мэддэггүй хөмөрсөн тогооны доторхи монголчуудын нэг хэсэг нь хувьсгал хийж, нөгөө хэсэг нь нисдэг тавагны бүхээгт орсон мэт нэлээдгүй сандарцгааж Орос орныг илбэдэж чадсан “Суут” хүнд хадаг барин шавь оржээ. Цаашдын үйл явдал түүхийн баримтыг “БНМАУ-ын түүх” номноос олж унш. Харин өнгөрсөн цагт ЛПУЗ-ын түүхэнд хотын тухай сэдвээр хэрхэн туурвиж, хотыг хэрхэн ойлгож байсныг энэхүү өгүүлэд тодруулна. 1950-аас 1960-аад оны сүүл үеэс ЛПУЗ сэдвийн хувьд яалт ч үгүй баяжиж “Үйлдвэрийн яндан”, “Бага нуур”, “Эрдэнэт”, “Дархан”, “Улаанбаатар” зэрэг нэртэй шүлгүүдээр 5-н жилийн захиалгат төлөвлөгөөг давуулан биелүүлж, “Социалист уралдаан”-д урлагийн бусад салбаруудаас тэргүүлж байсан нь түүхэнд алтан боронзоор бичмээр үе байлаа.


б. Өнгөрсөн цаг ба хот.

Өнгөт ордонд бүгчим
Гацаа тосгонд хүйтэн
Өөдгүй хотод л аль аль нь зовооно
Өтөг бууц үнэрийн сайхныг анхилуулахуй
Өчүүхэн хорхой өвчин бүхнийг эдгээх үү?
Үгүй дээг этгээд хорыг агуулсан хэдий ч
Энэ хот л адгийн муухай нь юм даа.

(Жон Донн 1572-1631)

Эрт дээр үеэс суурьшмал хот иргэншлийн гэрэл сүүдрийг таниад, өөрсдийнхөө бөөгнөрөлд эргэлзэх явдал гарах болжээ. Байгалийн тэнцвэрт байдал алдагдах болж, хүнд үйлдвэрүүдийн яндангаас олгойдох утаа хотын хүмүүсийн амьд явахын төлөөх тэмцэлдээн мөн эд мөнгөний хүчирхэг хаанчлал зэргээс мултрах аргагүй болсноо ойлгож эхлэв. Хүмүүс бие биенээсээ хөндийрч халуун элэгсэг харьцаа үнэнч сэтгэл, амьдлаг шинжээ алдаад ганцаардлын аймшиг нөмөрсөн цагт хотын сүүдэр нүднээ үзэгдэх болжээ. Энэ бүгдийн гол буруутанг хот хэмээн тодруулаад түүнийгээ хайр найргүй муулцгаах болсон ч тэндээсээ алхам ч холдсонгүй харинч сүр хүчинд нь автагдсаар ирэв. Гэтэл зарим хэсэг нь хээрийн сүрлэн овоохойноос чулуун шилтгээнийг илүүд үзэх болж соёлын г айхамшигт төвүүд, алдар суутны өлгий болсон оюуны шилдэг бүтээлүүд хийгээд шинжлэх ухаан техникийн эх уурхай, хүмүүсийн харьцааны сонгодог хэлбэр үүссэн, цаг хугацаа орон зайн мэдрэмж нарийссан зэргээс хотын гэрэл гэгээг олж хараад үгийн дээдээр ерөөн магтаж байлаа. Хэнд нч буруу өгөхийн аргагүй юм. Үүний учир нь эсрэг тэсрэг хоёр суртаалын альь нэгийг нь үгүйсгэх аргагүй гэдэгтэй мөрөн дээрээ бөндгөртэй болоод тэр бөндгөр нь тэр бөндгөр нь эрүүл бол хэн ч маргалдахын аргагүй бөлгөө.


в. Өнгөрсөн цаг ба Монгол.

Монгол оронд энэ хэрэг явдал 1960-аад оны үед бий болжээ. Тэр цагт хүн төрөлхтөн хэдийнээ хотжилт хийгээд суурин амьдарлын гурван хэлбэр бий болсон ба:

1. Европ маягийн хот
2. Ази маягийн хот
3. Орос маягийн хот

хэмээсэн энэхүү тус тусдаа онцлогтой, гадаад өнгө хэлбэр дотоод орчин ахуйн өөр өөр хэлбэрүүдээс монголчууд хожим Орос маягийн хотыг Орос, Хятад, Чех, Герман ах дүүс интернацилнальч ах дүү нарын хүчээр бүтээн байгуулж энэ зууны 70-аад он гэхэд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн суурин газрууд үүслээ. Дээр өгүүлсэнчлэн мал, малчин, хөдөө нутаг гэсэн цөөхөн сэдвийн хүрээнд эргэлддэг асан ЛПУЗ-д тодорхой өөрчилөлт гарч, хот хөдөө хэмээх амьдархуйн хоёр өөр хэлбэрийг сөргөлдүүлэн болон харцьуулан үзэх хагндлага бий боллоо. Үүний эх сурвалж нь 1950-аад оны сүүл үеэс цэвэр өрнийн боловсролтой сэхээтн уншигчдын хүрээ бий болсон тэдний оюуны хэрэгцээг хангах мөн эс хангах уран зохиолын бүтээлүүд хэвлэгдэн гарах болсонтой холбоотой. Хэдийгээр тэр үеэс олон тооны зохиолууд хэвлэгдсэн боловч тэдгээр нь тухайн цаг үеийнхний хэрэгцээг хангаад, хожим үеийнхний хувьд хэрэгцээнээс хасагдсан бүтээлүүд олонтой гарсан явдал юм. Магадгүй үүнийг уран зохиолын хэвийн үзэгдэл гэх боловч цаг хугацаа болоод оюуны шалгуурыг давах бүтээлүүд гарын арван хуруунд багтхааргүй үлдсэнийг өнөөгийн монголын уншигчидын уран зохиолд хандах болсон хандлага батлан харуулж байна. Нүүдэлчидийн ахуй соёл гэдэг хүн төрөлхтөнд, тэр тусмаа XXI зуунд гайхамшиг юм. Чухам юугаараа гайхамшиг вэ гэдгийг хүмүүс янз янзаар л тайлбарлах... Харин миний сэтгэснээр нүүдэлчидийн урлаг соёл хаана ч хэзээ ч байгаагүй, бий болохгүйгээрээ гайхамшиг билээ.

Тэгвэл ЛПУЗ, XX зууны (хүн төрөлхтний хэмээн ярихын ч хэрэггүй) оюун сэтгэлгээний түвшинд хүрсэн бүтээл хэд бий вэ? Хэн гэдэг зохиолч дэлхийн сонгодог уран зохиолчдын тоонд нь багтаж, тоосонд нь явдаг вэ гээд та бүхэн эргэцүүлээд бодоорой. Хариу өгч чадахгүй бол хариулт байхгүйн шинж гэдэг ээ. Тийм бол өнгөрсөн далан жилийн уран зохиол огт хэрэгцээгүй хөгжил дэвшилтгүй оюуны бүтээлүүд, тийм оюуныг бүтээгчидийн үе байв уу? Гэвэл даан ч тий үгүй ажээ. Тэрхүү 70 жил бүхэлдээ.Монголчууд оюуны болон бусад талаар сэргэн мандалтын жилүүд байлаа. Үнэхээрч сэргэн мандсан болохыг өнгөрсөн үеийн амьдрал хийгээд түүх баталж байна. ЛПУЗ ч мөн адил хөгжилгүй зогсонги этгээд биш юм. өөрийн гэсэн хөгжилийн жам ёсоор явсаар үе үедээ тэргүүлэгчидийнхээ бүтээлийг тодруулсаар байлаа. Тэрхүү тэргүүлэгчид хотын тухай сэдэвтэй бүтээлүүдийг хэд хэдэн зуугаар нь туурвижээ. Тэр бүгд бол ердөө л гадил жимсний гадна тал нь юм. Дотор нь ямар амт хийгээд хор нуугдаж байгааг хэн ч мэдэж чадалгүй өнгөрсөн нь харамсалтай. Үндсэндээ монголын уран зохиолд хотын яруу найраг, зохиол гэж цэвэр утгаараа байсангүй, одоо ч мөн бараа сураг алга. Гэтэл одоо нийгэмд нүүдэлчидийн соёл хөдөөний амьдралаас тасарсан цэвэр “Монгол маягийн орс хот”-ын сэтгэлгээтэй хэт европжсон хоёр дахь үеийн хүмүүс бий болжээ. Тэдний хувьд аргалд явах, хурга хариулах, уул усаа санагалдзах нь уйтгартай болоод инээдэмтэй хэрэг юм. Тэгэхээр

Удлаа, би удлаа, нутагтаа очилгүй удлаа
Ургийн галаа тойрч хуучлалгүй удлаа
Уулын цэнхэр салхиа залгилалгүй удлаа.
Удлаа, би нутагтаа очилгүй удлаа.
(Ч.Мягмарсүрэн)

Гэх зэргийн шүлэг зохиолууд уншиж суух утгагүйгээс утгагүй явдал мөн. Хүмүүсийн оюуны хэрэгцээг хангахуйц хотын сэдэвтэй бүтээлүд ЛПУЗ-д хичнээн байна вэ? Тиймээс бүгдээрээ өнгөрсөн цаг тийшээ зорчицгооё. 1940-өөд оны эхнээс Монголчуудын чихийг сортойлговч үнэмшимгүй нүдийг бүлтийлгэвч итгэмгүй олон машин тэрэг онгоц, гэрэл чийдэн зэргийн зүйлүүд бий болсноос амьдрал хийгээд оюун ухаанд нь хүчтэйгээр төрсөн ойлголт хөгжлийн илэрхийлэл болсон зүйл бол “Яндангийн дуу” юм. Энэ нь нэг ёсондоо тэр үеийн хүмүүсийн хувьд яндан хотын билэгдэл, хотын сүр хүч болж байсантай холбоотой байж болох юм.

Үйлдвэрийн олон яндантай
Үзэсгэлэнт олон ордонтой
Өргөн цэлгэр гудамжтай
Үргэлж бид баяртай...
(Д.Даржаа)

хэмээн шүлэглэн бичиж байлаа. Энэхүү шүлгийн талаар болон тухайн үеийн хотын сэдэвтэй хэмээх бүтээлүүдэд Б.Явуухулангийн “Уран зохиол миний амьдрал” номын “Яруу найрагт орчин үеийг тусгах асуудал” өгүүллэгийн нэгэн хэсэгт “Улаанбаатарын тухай бид бичихдээ, Улаанбаатарын тухай зөвхөн 40, 50 мянгатын тухай бичээд байх юм. 40, 50 мянгатын барилга өнөөдрийн Улаанбаатарын үндсэн агуулга биш... Ерөөс үйлдвэрийн яндан, ордон байхгүй хот гэж дэлхийд байхгүй...” гэсэн үгээр хариуй болгох байна. Ийм сдэвтэй магтаалын бүтээлүүд хотын сэдэвтэй бүтээлүүдэд нэн арвин бөгөөд яруу найрагт дийлэнх худийг эзэлж, харин үргэлжилсэн үгийн зохиолуудад Ж.Бямба “Үнэний хорвоо”, “Хорвоогийн өнгө”, С.Дашдооровын “Говийн өндөр” романуудаас өөр хотын сэдэвтэй байж болохуйц тоймтой бүтээл гараагүй. Түүнээс хойш 1950-аад онд Улаанбаатар хотын тухай шүлэг ихээр бичигдсэн боловч дээр жишээ болгосон Д.Даржаагийн шүлэг лугаа адил онцын өөрчлөлт гарсангүй. Мөн 1960-аад онд урьдын адил бичигдсээр байсан төдийгүй 70-аад оны сүүл, 80-аад оны эхэн гэхэд хот хөдөө хэмээх хүний амьдралын хоёр өөр хэлбэрийг сөргөлцүүлэн тавьж (Тэр тусмаа богино өгүүллэгийн төрөлд) хөдөө нутгаа магтан дуулаад, хотын хүнийг элдвээр муучлах сонин үзэгдэл буй болжээ. Түүнээс гадна орон хотоос уйдсан олон тооны яруу найрагчид төрж “Утаа тоостой энэ газраас явж тал нутагтаа очицгооё!” хэмээн өнөө болтол шүлэглэсээр байгаа боловч миний мэдэхээр цорын ганц зохиолчоос бусад нь өнөөх утаа тоостой газраа шигдэн суусаар байна. Эртнээс монголчууд амьдран суугаа уул ус газар нутгаа хараан муулдаггүй байсныг хөдөөний та нар юу эс андах вэ? Хэдийгээр олон янзаар утга зохиолд хотыг дүрслэн үзүүлж байсан боловч өндөр барилга өргөн гудамжтай гэх мэт өнгөн талыг нь дүрсэлснээс жинхэнэ сүүдэрлэг мөн чанарыг нь олж хараагүй явдал бий.

Гэтэл манай зууны нэгэн яруу найрагч “Энэ хязгааргүй том торх шиг хотыг хэмжээгүй олон хууль хаанчилж, хүн төрөлхтөн энэ дотроо өндөр байшин барилгуудынхаа дотор хөрш хөршөө ч танихгүй эцэж туйлдсан хэн нэгнийгээ торхноосоо түлхэн гаргасаар байна” (Б.Хлебников) хэмээжээ. Чухам ийм үнэнийг өгүүлэх гэсэн бол өөр хэрэг. Тийм тохиолдолд хэн ч үгүйсгэх хийгээд няцаахын аргагүй. Яагаад гэвэл хүн төрөлхтөн амьдран ирсэн олон жилийн туршлагаас хот торх шиг гэдгийг баталсан билээ

ЛПУЗ-д 60-аад он гэхэд мөн урьдын адил

Ойдоон ургасан цэцэг шиг
Оройн хотын дээврээс
Өөдөө өргөсөн бамбар шиг
Өчнөөн яндан хүжлэж байна.
(Д.Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш”)

гэж бичсээр байжээ. Энэ шүлгээс үзвээс яруу найргийн ур чадвар ялимгүй дээшилж харьцуулан зүйрлэж урнаар өгүүлэх гэсэн оролдлого хийсэн байх жишээтэй. Энэ л үеэс хотын сэдэв бүхий шүлгүүдийг урьд урьд үеийнхээ ил тоочсон хэлбэрээс зайлсхийж урнаар гоёчлон өгүүлэхийг оролдох болжээ. Үүний баталгаа болгож хоёр яруу найрагчийн шүлгийг авч үзье:

Энхрий янагтай минь хамт
Эргэж ирэхийг чинь хүлээж
Уудам азийн монгол
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулынхаа дунд
Тэнгэрийн заадас шиг ярайна.
(Б.Явуухулан “Од түгсэн шөнийн баатарын уянгын дуу”)


Дөрвөн сайхан уулын
Хормой бэлийг түшиж
Төгрөг цагаан хот минь
Хаяа бэлээ тэлж
Үд дундын нар
Гэрэл гэгээ цацарсан
Тэнгэрийн заадас шиг тунарна.
(Д.Шагдарсүрэн “Улаанбаатар”)

Эндээс чухам юуг харж болох вэ гэвэл тухайн үеийн уран зохиолд хотын сэдэвтэй бүтээлүүд сэтгэлгээний ижилсэлтэнд орж явах замгүй болсны илрэл мөн. Тиймээс ч 80-аад оны үеийн уран зохиолд хотын тухай яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиолууд хэвлэгдэж гараагүй шахам билээ. Мөн хот гэхээр шил толь шиг хэмээх утгыг улам тодруулсаар байгаа юм биш үү? Өнгөрсөн цагийн утга зохиолд хотын сэдэвт шүлгүүдийг нэгэн судлаач “...манай яруу найрагчид нийслэл хотдоо зориулсан яруу найрагтаа төрөлх хотоо амьдчилан дүрсэлж, энхрий хайрт хотын минь чимээ эв хамтын чимээ болон дуурьсаж байгааг онцлон, эцэг болсон хотын минь...” гэх мэтээр яруу алдрыг нь магтан дуулдаг хэмээжээ. Тэгэхээр урьд өгүүлсэнчлэн хотыг гоёчлон магтсан шүлгүүд ЛПУЗ-д онцгой байр эзэлж байсныг харж болно. Хөгжил цэцэглэлтийн тухай магтан дуулахдаа хотын тухай шүлэглэсэн өчигдөрийнхөн хийгээд хэд хэдэн өндөр барилга барьчихвал дэлхийн тургүүлэх гүрэн болчих мэтээр сэтгэдэг өнөөгийнхний хооронд онцын ялгаа үл харагдана. Аль аль нь хүүхдийн гэнэхэн бодол мэт монголчууд өндөр байшин өргөн гудамжтай болхоор явна уу эсвэл өөр юманд зорьж байна уу гэдэг нь өнөө цагт тун маргаантай асуудал байна. Хэрвээ өндөр барилга шилэн дэлгүүртэй болхоор яваа бол “Дэлгүүр барилгын сэдэвт уран зохиол” бүтээхэд ханцуйгаа шамлан урагшаа.

Урагшлах замдаа урьд бүтээснээ нураах хэзээний хоббитой монголчуудын сэтгэл зүйд нэгэн сонин “Гажиг” илэрдэг нь хот сууринг үзэн ядах уламжлалт сэтгэлгээ юм. Одоогоор түүхийн баримт археологийн судалгаа зэргээс дүгнэн үзвэл хэдэн зууны тэртэйгээс өвөг дээдэс минь хот босгоод удалгүй түүнийгээ “Нураасаар” ирсэн нь тодорхой. Энэ нь нүүдэлчин амьдралын хэв маягтай холбоотойгоос гадна өнөө гажгийн илрэлч байж болох юм. Түүнтэй адил хотын сэдэвт уран зохиолын бүтээлүүд нас богинотой байсныг бид бэлхнээ харж байна. Энэ үед одоогийн ЛПУЗ-ын хувьд хотын сэдвээр уран бүтээл бичих нь “Яндантай хот минь, цагаан дагина минь” гэх адил орон гаран утга учиргүйн тод жишээ болоод байна. Магадгүй энэ үзэгдэл туйлын сайшаалтай явдал бөгөөд бусдын гаргасан замаар замнаж сурсан уран бүтээлчид өөрсдийнхөө замыг олъё хэмээн эрмэлзэх болсны илрэл бизээ.

Дээр өгүүлсэн хоёрдугаар үеийн хотын хүмүүс монголын нийгэм улс төрийн тавцанд зонхилогч хүрээг бий болгож дорнын бүсэд зүй ёсоор багтах үндэсний сэтгэлгээний хэт барууны суртал ихээр дэлгэрэн буй. Мөн ЛПУЗ-ын эхэн үеийн оросын төсөөлөл туссанаас үзвэл монголчууд зээлдмэл сэтгэлгээнээс ангижрахгүй цагт өөрсдийн зөв гольдролт замыг олохгүй болхыг үзүүлсээр байна. Энэхүү үзэгдэл зөвхөн нийгэм эдийн засгийн хувьд ч биш соёл утга зохиолд ихээхэн хамаатай билээ. Хамаарал нь зөвөхөн өнгөц хамаарал бус тодорхой хүчин юм.


г. Төгсгөл.

Хаврын нугад дэлгэрэх яргуй шиг
Хан тэнгэр рүү түмэн барилга өндийж
Ханагар үйлдвэрийн яндан ажилд дуудах
Хавтай гэгээн өглөөг чинь угтан сууна.
(П.Пүрэвсүрэн “Улаанбаатар” 1971 он)

Хот бол өнгөрсөн утга зохиолын магнай тэнийтэл магтаж болох хамгийн эрхэм зүйл мөн, харин барилга доторхи хүмүүс, үйлдвэр доторхи ажилчид төдийлөн гол бус.


(Товчлон авав)

П.Батхуяг.

1996 он.


[...гэснийг 1997 онд хэвлэгдсэн “Хүрээ хөвгүүд” бүлгийн “ЗАМДАА ГАРЦГААЯ... ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ” номноос хувилан авч нийтлэв.

Энэхүү үгүүлэл нь ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ цуврал шүүмжийн гутгаархэсэг бөгөөд, үргэлжлэл нь:

Го.Ням-Очир.

хэмээх болой]

2 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

ene nom neeree hend bgaa be? bi Nyam-Ochir ahiin neg tsonh nisleg.... tei shulgiig huulj avah gesen yum...

oldoshaksli said...

ene nom bathuyag ahad uurt ni baigaa

Post a Comment