ХӨХ МЭДРЭХҮЙ ШҮЛГИЙН ЦОМОРЛИГ 2010 оны 5 сарын 22 нд хэвлэлээс гарсаныг тохиолдуулан...

Анх удаа блогтоо өөрийгөө албан ёсоор танилцуулъя гэж саналаа.
Сайн байна уу? Намайг Баяраа гэдэг. Луу жилийн тэнгэр дор арслангийн ордны тохиол дор Арван баядын голомтод төржээ.
Намтар маань үлэмж богинохон. Дунд сурдаг нэгэн сурагч бичиг үсэг сурсан цагаасаа л шүлэг бичсэн. Аймгийн ТМС-ээ төгсөөд их хотод ирэхэд халаасанд нь долдугаар ангидаа хэвлүүлсэн нэг хөөрхөн ном, хэдэн шүлгийн навтаргаас өөр юм байсангүй ээ. Аа харин тархинд нь бага ястаны ужиг омогшил, бас яруу найрагч болно гэсэн зориг тэмүүлэл бага биш хэмжээтэй байсан нь өдгөө ч өчүүхэн хорогдоогүйг хааяахан өөрийгөө чагнахдаа мэдрэх юм даа.

Оюутан насаа өнгөөр зур гэвэл гал улаан дэвсгэр дээр өргөн бийрээр цагаан өнгийг хайш яайш нялсан, тэр нялаадсан дээгүүр хурц хөх бэхийг нарийн бийрээр зурвас зурвас тавьсан тийм нэг дунд хээрийн хэмжээтэй жаазгүй бас будаг нь хатаагүй зураг л төсөөлөгдөж байна.
Улаан нь миний амьдрал /темпрамент, хүмүүжил, угсаа гарвал тэргүүтэн уг сурвалжууд/-ын чиг баримжааг, цагаан нь миний яруу найраг /Оюун санаа, сүсэг бишрэл, зөн совин тэргүүтэн уг сурвалжууд/-ийг, хөх нь миний хэл /яруу тансаг франц хэл, төрөлх монгол бичиг, эзэмдэн ядагч хэв найруулга сэлт уг сурвалж/-ийг төлөөлж буй юм.

Энэ гурван өнгөнөөс надтай үргэлж хамт явдаг, намайг бусдын өмнө ямагт Баяраа хэвээр харагдуулдаг тэр өнгөний тухай ярья даа.
Цагаан өнгөний дэвсгэрээс цацран гэрэлтэх нь миний шүлэг ээ гэж. Шүлэг намайг хаана аваад ирэв ээ? Гүн шөнөөр номонд шүлэнгэтсэн хөвүүнд уулсын цаана уулс, үүлсийн цаана үүлс гэдэгсэн.

Цагираг цагираг утаа, харших жүнзний чимээ, хамгийн гол нь эдний хэн нь ч миний араас хутга дүрэхгүй гэх итгэл хайр бас хайр, амраглал мэт нөхөрлөл, нөхөрлөл мэт амраглал. Энэ бүхнээс нэг л өдөр толгой өндийлгөөд харахад дэргэд үлдсэн хүмүүс. ХӨХ МЭДРЭХҮЙ. Хэрвээ галзуурсан бар хотын гудманд таарвал гараа аманд хийгээд зүрхийг нь суга татаж чадах ахан дүүс минь. Биднийг яруу найраг холбосон. Үл анзаарагдам нарийхан хэрнээ үл тасрах бөх эдээр холбогдсон. Тэр л шижмээр огтхон ч дэнжигнэлгүй дураар гүйхсэн бас тэр л шижмээ буртаглаж тасдахгүйн тухайтад цагаан мөртэй явахсан гэж санах юм даа. Найман ам бүлтэй ХӨХ МЭДРЭХҮЙ хэмээх номын өргөөний отчигин ану би болой гэж.

Отчигин бээр энэхэн орон зайд бар жилийн зуны эхэн сарын дашнямтай билэгт сайн өдөр гар дээр минь ирсэн, наалт цавуу нь хатаж ч амжаагүй "Хаврын ном"-оосоо ахас ихэсийн шүлгийг дуудсагай хэмээн санав.


Номын өргөөний минь босгоор мэргэдийн хөл тасрахгүйд номин хөх тэнгэр тооноор ашид гэрэлтнэм билээ.
Тэр зүгт сумаа шившин нумаа талбимуу би. Эрхий эрчээ эс алдаг, мэлмий ончоо үл холбирог ээ.

ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА


“Шүлэг гэдэг,
Цэнгэг горхи болоод түүнээс дэгдсэн манан,
цэцгийн үндэс болоод шүүдэр нь наранд солонгорох агшин.
Яагаад амьдрал заримдаа сайхан, бас гунигтай санагддагийн учир,
яруу найрагчийн гараас ургасан үл ялиг гашуун жимстэй мод!”



Хөх мэдрэхүйнхэндээ

Туяарсан жүнзэн дэх хорзны аагинд ч үл хөлчих атал
Тунгалаг үдшээр андын шүлгэнд дарс хүртсэн мэт согтмуй
Зэрлэг үнэн, үзэсгэлэнт гашуун шүлгийн мөртүүд
Цуурайнаас биежих дуун мэт гэрэлтэхэд
Зэлүүд хоосон орчлонгийн цөмд бид
Торойтол зогсох хүн чулууд мэт үзэгдмүй.
Яруу бадрангуйн дуулал – хөв хөх салхин биднийг бүчин исгэрэхүйд
Явган гуниг, үхээнц уйтгар ичээнд шургалах мэт
Газрын гав руу далдармуй.
Яруу бадрангуйн дуулал – хөхөлбий гүн салхис л
Ялгуусан сүрээр исгэрэх нь ертөнцийг бүрхэн дуурсмуй!



ОРООЛОНГИЙН ЭЛБЭГТӨГС



“Уран зохиолд зиндаа байдаггүй. Гагцхүү дээд чанар л гэж бий”


ЭРХ ЧӨЛӨӨ


Үүлсийн адил биеэ идэгч сансар дэлхий хоёр нутагтан
Үргэлж тэмүүлэх гэрлийн хурдтай ч үлэмж хоосноос гэгээрлийг эрэлхийлнэ
Үймэгч бодол тэртээ хол унтаа харанхуйд санаашрах
Үйлдэл бүхэн үхлийн төлөө ч үгүйрэн одохыг үл хүснэ
Увидаст сарнаас асгарах туяаг биедээ шингээж бэлхэнээ оршихч
Урин салхинаа аргадах дууг бийрийн үзүүрт уяраан татагч
Галбир үгүй сансрын зулайд дусал нулимсаар хорвоог хэмжихүй
Гансрал зовлон, хагацлын гашууныг дотоод мэдрэхүйгээс ангид цөлөөч
Дураар хэрэх мөрөн адил урсан өнгөрөх цаг хугацааг
Дулаан хэвлийдээ өнөд бөөцийлөх огторгуйн их орон зай
Тургин цацах омогт уул мэт цөхрөл шаналалд тэвчээр нь барагдаж
Тусгүй үйлийн төлөөс гэмээр цусгүй үхлийг мөнхөд цөлөөч
Уринаа бүжих нялх моддын үндсийг дамжин хөрсөнд уусах
Уйтгарт навчсын алтан судлаар уй урсаж сэргэн амилах
Далайн усаар духаа шавших минь мянга мянган жил ийн давтагдах
Дагуулан хэсэх гэрлийн зүг анир үгүй ертөнцөд намайг цөлөөч

2008.01.11


БАТСУУРИЙН БАЯСГАЛАН



"...бурхан, эсвэл чөтгөр гэж дуудахад утгын ялгаа огт үгүй. Учир нь хүмүүс энэ хоёр ойлголтын ялгааг өөрсдөө ч мэддэггүй. Тэд үргэлж сайн сайханруу тэмүүлж, түүнийгээ л бүтээн амьдардаг..."

***
Зүтгүүрийн чиргүүлд суучихаад
Зүтгэж явна
Зүдэрсэндээ нойр хүрэхгүй ч зүүдэлж явна
Зүг чигээ ч мэдэхгүй зүглэж явна
Зүгээр л алсыг ширтэх гунигтай явна
Хаа нэгтээ намайг хүлээх
Юу ч юм бүхнийг зорьж
Харанхуйг зүсэн гэлдэрч явна
Зүг чигийг минь, хаа хүрэхийг минь
Зүтгүүр л мэднэ, би юу ч мэдэхгүй
Алжааж холын тоосоо шилгээн зүтгүүр зогсоход
Ачаа бүхнээ тэврээд амьдрал дунд бууна би

2008.01.11


ЖАРГАЛСАЙХАНЫ ОРГИЛ

“Ерөөс жаргал зовлон тоос гэмээнэ
Ертөнц хэмээгч амны халбага шиг өчүүхэн буюу.”


ХОРИН НАС МИНЬ

Би мэднээ хорин нас минь. Буцаж ирэхгүйг чинь. Оюутны
Давчуухан оромжны бяцхан оршин суугчидтай дайтахгүйгээ,
Орныхоо хөндийд архины шил хураахгүйгээ, өөрийн минь
Төлөө үхэж чадах анд байдаг гэдэгт итгэхгүйгээ, өрөөнийхөө
Хананд Take off-ын зургийг наахгүйгээ ч би мэднэ.
“О”-гийн үүдэнд эргээд халамцуу суухгүйгээ, Орчлон дээр гагц
Түүнийг л хайрлах юм шиг сэтгэхгүйгээ, өөр хүнд дахиад
Хэзээ ч алдахгүйгээ, бүүдгэр дэнгийн ганцаардлыг хуваалцаж
Бүтэн шөнөжин сууж чаддаг хонгор нас минь! Би мэднээ...

2009.11.29 нд УБ хот


ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР



“Ганцаардал бол хариуцлагаа ухамсарласан хүний эдлэх ёстой эрх.”



***
Гуч хүрээд л үхмээр санагдах
Хорин гурав хүрээгүй байж
Бурхны хүү загалмайгаа чирсээр ирж
Бурхны өмнө өмгөөлөн зогсоосой
Гуч хүрэлгүй үхмээр санагдах
Хорин гурав хүрэх гэж байж
Гурав хоногийн дараа
Бурхны хүүтэй хамт агуйд төрөхсөн.

НЯМХҮҮГИЙН НАРАНГЭРЭЛ


Сэтгэл рүү минь нүдээ дүр дээ! Шил хэрэггүй ээ тэнд. Чи бүхнийг харна.


***
Зун дуусч
Намар эхэлж
Зулаг ороох өвс
Нараа даалгүй тамирдаж
Зуслангийн байшингийн орой
Чимээгүйд автаж
Цув нөмөрсөн бүсгүй
Цуурай хүрэхгүй алсыг
Цурам ч хийлгүй ширтэх
Хаяан дахь айлын яндангаас
Халуун цог үсчих
Хашаан дахь үхэр мал
Өвс хивэх
Харгуй дүүрэн навчис
Замаар нэг хөглөрөх
Хамар шархируулсан хүлээлт
Тахир замын энэтээ.

МЯГМАРСҮРЭНГИЙН ХАНГАЛ



“Хүслэнт амьдралаа минийх гэж боддоггүй.”


***
Бодохоос, бүр дахин бодоход ч хоосон байна
Харахаас, бүр дахин харахад л мэдрэгдэж байна.
Шөнийн их ганцаардал надад ийм хүчтэй нөлөөлж
Шүлэг өөрөө надтай их адгуу янаглаж байна.
Боолын эзэн хичнээн дээрэнгүйг мэдрүүлж
Богшсон их хилэнгээр шуналтай эрүүдээд байна.
Шаналал дунд л сэдрэх байгалийн араншин урсавч
Шаналал гэж нэрлэх тусам бүр ширүүн довтлоод байна
Хүний удмыг ийн хатгаад л тэр бурханлиг болгосон
Хүн өөрөө сониучхан болоод л түүнд дагаар орсон
Бодохоос, бүр дахин бодоход ч хоосон байна
Харахаас, бүр дахин харахад л мэдрэгдэж байна.
...
Олон ч сайхан мөчүүдийг ижил цагт нь дурсдаг
Олон ч сайхан мөчүүдийг ихээ хэнэггүй үдчихдэг
Гэвч, ганц л зүйлийг тэсэхгүй нь өнөөх бөгж минь алга
Гараа хараад л, гар бодоод л суугаад байна
...
Бодохоос, бүр дахин бодсон ч..
Гомдохнээ, тэр саяхан л байсан





2005 он




ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА




“Оюуны хүч яндашгүй гэдэгчлэн хэлний чадавх дундаршгүй.
Учир иймд, үгээр дамжин яруу сайхны ямар ч цэгт хүрч болно.
Гагцхүү бичих, үзэг тавилгүй бичих л миний яруу сайханд хүрэх,
яруу найраг бүтээх ганц зам мөн”.

Nulla dies sine linea


ХОСМОЛЖИН

1.
Эцгийнхээ харцнаас тасдаж
Цээжний галаа асаанам
Эмсийн хөлд талхлагдаж
Үнсээр хийсэн алдсан
Эргүү мансуурлын давалгаанд
Эрхэм чанараа урсгасан
Энэ харанхуй цээжнээ
Нэгэн гал асаанам.

2.
Харанхуйн дунд ээждээ
Шүлэг уншиж байна аа
Хайлсан хоёр зүрхэнд
Үгсийн орон гэрэлтэй

Хүж сүүмэр шөнө
Хаяа цахдан өндийвч
Хүү, ижий хоёр
Өдөр мөнхийн гэрэлтэй.




*ХӨХ МЭДРЭХҮЙ ШҮЛГИЙН ЦОМОРЛИГ

2010 оны 5 сарын 22 нд хэвлэлээс гарав.

13 Сэтгэгдэл:

osohoooch said...

Сайхан...

oldoshaksli said...

сайхан даа сайхан...

Арима said...

Тунгалаг үдшээр андын шүлгэнд дарс хүртсэн мэт согтмуй...

Б.Баясгалан said...

Elbeg, Buuwei hoyoriin zurgiig harj hangalttai ih inee/msegle/v.

Тошил said...

Bayar hurgey ee Anddaa

oldoshaksli said...

bayarlalaa and
mini

Tsetsensod said...

Saihan shulguud bn aa... avyaslag zaluuchuudad amjilt husey

OLDOSHAKSLI said...

BAYARLALAA
HUU

Өнөрбат said...

Амжилт хүсье.

oldoshaksli said...

Ahin dahhin bayarlaa.

Бондууш said...

Ter Buuwei ahiin zurag.kkk, huurhiinmaa. Za ter yahav. Bayarlalaa. Tanitai taniltsad bas tgd nairagch ahan duusiin tani odoo ch tuu ter hurtel ch munh orshih buteeluudiig shuurs aldan hurtlee. Bayarlalaa. Yaruu tungalag bugdiig husiy. Bonduush

Я.Баяраа said...

Hehe. Bayarlalaa huu.
Bi ch nuhurluluuruu baharhdag shuu.

чандаа said...

Нэгэн цагт дөрвөд, баяд хоёр нийлж дөрвөн Ойрадын нэгэн зохнилох аймаг болж явсан бус уу. Бага ястан гэж буруу хойд зүгийн нэршил биш үү. Бүү тэгж ахас үеээ багаар хэл.

Post a Comment