Люмпенпастух-4


/Зохиогчийн “Зөвшөөрөл-Хүсэлтээр” нийтлэв./



(1995-2000 он хүртэлх уран зохиолын төлөв)


Good buy? Тийм ээ би оюутан ахуй насаа орхиж мөн уран зохиолыг танин мэдэх гэсэн оролдлого хийх, цаашид энэ мтчилэн үргэжлүүлэн бичихээ болихоор шийдлээ. Гэхдээ бүрмөсөн больчихож байгаа юм биш чухамдаа маргааш нөгөөдөр ойрын тав арван жилдээ бичихгүй гэсэн үг. Түүнээс биш өдөр бүр өнгө төрхөө өөрчилж шинэ шинэ утга санаа хэлбэр загваруудаар баяжиж буй МУЗ-н дэргэдүүр өнгөрөхдөө малгайгаа авч байх ба түүний идэвхтэй уншигч ажиглагч шүтэн бишрэгч хэвээрээ л байх болно. Үүний өмнөх өгүүллүүдэд Люмпенпастухын тухай нэлээдгүй ярьж бичсэн авч чухам яг түүнийг “Юу вэ?” гэдгийг төдийлөн тайббарлахыг хичээсэнгүй. Нотлохыг ч нэг их яарсангүй. Энэ бүхэн шинжлэх ухааны бүтээл, ямар нэгэн задлан шинжилгээ, баталгаа нотолгоо аль нь ч биш бөгөөд зөвхөн санаа бодол, “Хувь хүн”-д хамаатай байсныг л хэлэх хэрэгтэй болов уу.
1940-өөд оны дунд үеэс эхлэн крилл бичигт шилжин, улмаар албан хэрэг сонин бичиг бүхий л зүйлст хэрэглэх болсон төдийгүй, тун ч удалгүй бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан билээ. Энэ үеэс эхлэн утга зохиолын хэл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, найруулаг зүй, адилтгал зүйрлэл, түүгээр дамжин илрэх сэтгэхүй мөн л тэр хэмжээгээр өөрчлөгдөж “Люмпен” болж эхэлсэн юм. Тийм болохоор бараг саяхны гэж хэлж болох ЛПУЗ-д яаран дүн шинжилгээ хийлгүй нээлттэй орхих нь зүйтэй санагдана.
Харин өмнөх өгүүллүүд хамрах цаг хугацааны хувьд харьцангуй дурсамжийн буюу өнгөрсөн цагийн тухай шинжтэй байсан бол эл зайг өөрөөр хэлбэл яг л өөрийнхөө амьдарч буй үеэс эхлэн цааших уран зохиолын чиг хандлага ямархуу янзтай төлөвшиж болохоор ажиглагдаж байгаа тухай цөөн хэдэн үг хэлэхийг зорив. Ер нь уран зохиолын амьдралд анхлан хөл тавьж буй хүмүүс ихэвчлэн идэвхтэй уншигчид байдаг. Тодорхой хугацаанд их уран зохиолоо уншиж ерөнхий боловсролын сургалтын программыг үзэж гүйцсэн тэдэнд яг цаг үедээ хамгийн тэргүүний шинэ соргог этгээд хачин байгаа зүйлсийг сонирхож, суралцаж, улмаар түүнийг даган дууриах зэргээр гараагаа эхэлдэг харин өнөөдөр, өөрөөр хэлбэл ерөөд оны дунд үед уран зохиолын амьдрал нам жим болж эхэллээ. Энэ нь 1996 онд сонгуулиар “Ардчилсан хүчин”-ийнхэн засгийн эрхэнд гарч, хүмүүсийн аж амьдрал харьцангуй тогтворжиж “Хуучин” нь мөхөх тавиангаа хүлээж, “Шинэ” нь ялалтандаа мансууран элдэв “Үдшийн цэнгээн” зохиох болсонтой ч холбоотой байж болох юм.


Нийтлэлийн уран зохиол.

Ер нь өнөөгийн уран зохиолын төрөл зүйлүүдийн дотор хамгийн идэвхтэй хөгжиж буй салбар бол баримтат уран зохиол юм. Гумилевийн “Хар домог”, Солжиницины “Гулаг олтриг” зэрэг зохиолууд хамгийн томоохон жишээ болж болох юм. Түүхийг нөхөн сэргээх юм уу, түүхэн баримтыг боловсруулж аман түүх, түүхэн баримтуудыг харгалдуулан дүн шинжилгээ хийх, баримтыг боловсруулан ёгтолсон егөөдсөн байдлаар ШУ-ны хялбаршуулсан зохиол бичих арга ШУ-наас хэдийн халин гарч уран зохиолд ихээхэн хэрэглэгдэх боллоо.
Зохиол бичихийнх нь төлөө улс мөнгө өгч, ямар аргаар хамаагүй хэвлэгдсэнийх нь дараа бас хэдэн байшинт өгснөөр амьдардаг буюу хэвлэгдсэн номыг нь Улаанбаатар хот дахь “Book center”-үүдээс дуртай дургүй худалдсан авдаг (“Уншихгүй бол хүн мөхдөг”, тийм учраас уншихын тулд бус уншиж байгаа харагдахын тулд худалдан авдаг) систем задран унаж оронд нь “Сонины дэлбэрэлт” болсноор монголчууд бид харьцангуй их уншиж эхэллээ (өнөөдөр албан бус мэдээгээр 300-аад сонин гарч байгаа бололтой). Тэгээд хүмүүс өөр өөрсдийнхөө хэрэгцээгээр уншиж эхэллээ. Үнэн зөв мэдээлэл авъя гэвэл “Ардын эрх”, “Өнөөдөр”, эротик зохиол уншъя гэвэл “Халуун хөнжил”, “Тодорхой нууц”... хов жив сонсъё гэвэл “Шар сонин”, “Хувийн амьдрал”... гоо сайхны таашаал авъя гэвэл “Афродита”, “Өчигдөр” гэх мэтчилэн уран зохиосон, урнаар зохиосон, уран сайханжсан зүйлүүдийг унших боллоо. Угтаа энэ систем нь урьд систем задран унасны дараагаар нийгмийн хог дээр хаягдсан люмпенгүүд эсвэл удирдлагатайгаа таарамж муутайн улмаас орон тооны цомхотголоор халагдсан зэрэг “Уран сайхан” жиргэгчидээр эгнээгээ өргөжүүлэн тэдний “Стресс”-ээ тайлах талбар (хэвлэл мэдээлэлийн салбар) нь болж хувирлаа. (Үнэнхүү 100% сэтгүүлчид байгааг үгүйсгэх юу байхав???). Ингээд уран зохиол илэрхий хэрэглээний утгаар амжилттай хөгжиж эхлэв.
Б.Баабарын “XX зууны монгол, нүүдэл суудал, гарз олз”, Б.Цэнддоогийн “Ерөөд оны Тунгалаг тамир” фельетон, Ц.Баярхүүгийн улс төр судлалын өгүүллүүд ихээхэн сонгодог төвшинд хүрсэн “Нийтлэл”-ийн уран зохиолын гол төлөөлөгч болон тодроч гарч ирлээ. Ерөөс миний хувьд энэ салбарын үндэслэгч нь Баабар юм. 80-аад оны сүүлчээр түүний “Бүү март, мартвал сөнөнө” хэмээх ном нь гарсан үеийн дурсъя. Тэр зохиол гарснаараа монголчуудын “Оросыг үзэх үзэл”, “Их гүрний дээрэнгүй бодлого”-ыг ойлгоход төдийгүй Оросын цэргийг нутгаасаа гаргахад нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн. Тийм ээ, ямартай ч түүхэн үүргээ гүйцэтгэж чадсан. Дараа нь “Цог” сэтгүүлийн 1991 оны 4-т хэвлүүлсэн “Чи, “Хаан шалдан байна” гэж хашгирч чадах уу?” өгүүлэл ганц Доржготовыг ч бус монголын уран зохиол урлагт нэлээдгүй хүнд цохилт өгсөн юм. Тэр өгүүллээс уран зохиол судлалын “Шинэ үе” эхэллээ. Гэхдээ энэ “Шинэ үе” юугаараа шинэ байв? Хэн ч билээ нэг ухаантан “Өнгөрснөө чи гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэдэгтэй адилхан байлаа. Үнэхээр ЛПУЗ-ыг бүтээгчид ихээхэн үнэ цэнээр бий болгосон (алж устгаж эвдэж, нурааж) бол түүнийг нь шууд түүхийн хог руу чулуудаж орхих нь их буу, бүр лазерийн дуран хараатай буугаар тэднийг буудсанаас ч долоон дор юм боллоо. Үнэндээ тийм биш юм. Хэдийгээр Баабар үнэнийг зоригтой шүүмжлэлтэй хэлж чадсан ч чухам яг юу хэлэх гэснийг нь ЛПУЗ-оор хүмүүжсэн “Хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-үүд нэг их олигтой ухаж чадсангүй. Тэд зүгээр л нулимж байна. үсээ ургуулж монгол дээл өмссөнөөрөө тэд Баабарын хүсч байсныг хийж чадсангүй. Өнөөх л “Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэвээрээ үлдэж “Юу ч биш” зүйл бүтээж эхэллээ. Энэ бол нийтлэлийн уран зохиолын үе.


Рокерийн уран зохиол.
Хэдийгээр “РОК” гэдэг хол хөндий харь хэлний үг боловч өөрөө нэгэн цогц ойлголт болж бидний зарим нэгний амьдралд талх, тамхины дараа орох зайлшгүй хэрэгцээтэй зүйл болж эхэллээ. Гэхдээ тэр тийм ч цоо шинэ зүйл гэж эхэлж болохгүй санагдана. Монго хэлэнд “Тамлах”, “Тамлага” гэдэг үг байдаг бөгөөд тайлбар нь “Хэлэхээс урт, дуулахаас богино аялгуулан хэлэх” (Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” 1937 он) гэж байх ажээ. Энэ бөө мөргөлтэй холбоотой нэр томъёо болохыг уншигчид төвөггүй ойлгоно. Хэц хэнгэргийн аянд холбон бүтээгдсэн “Бөө мөргөлийн уран зохиол” (өөрөөр хэлбэл дуудлага, сан гэх мэтээс авхуулаад туулиуд) бидний өнөөх мянган жилийн баялаг түүхэнд өөрийн байр сууриа хадгалсаар үлдсэн гэдэгтэй хэнч маргахгүй. Уран зохиол ч тэр, нийгэм ч тэр хөгжмийн хэмнэл хөдөлгөөнөөр нүүр царайгаа илэрхийлж байдаг. ХЭМНЭЛ!
Ганцхан тэр хэмнэл л уран зохиолтой холбогдож, тархины мэдрэлийн систем дэх нэр нь үл мэдэгдэх эд эсийг өдөөж (энэ нь магадгүй танин мэдэхүйн хэлбэр ч байж болох) “таашаал”-ыг бий болгож байдаг. Тэр л “Кайф”-аар туулиуд бүтээгдэж байлаа. Үнэндээ бхдний харж дассан “Жангар”, “Абай Гэсэр” гэх мэт туулиуд зүгээр нэг уран зохиол байгаагүй юм. Гол нь түүнийг товшуурын аянд сонсох, зүгээр ч нэг соносх биш “Жангар”-тай хамт бүхийл зовлон зүдгүүр байлдаан тулааныг туулж өнгөрүүлэх, хайлагчийн зүгээс, сонсогчийн зүгээс бүрэн дүүрэн мэдрэх... Энэ бүхнээрээ л тэр уран зохиол болж чадаж байлаа. Түүнээс биш унших бол мөн чанар (кайф) нь биш юм.
Өмнөх жарны уран зохиол ч өөрийн дуу (кайф)-тай байлаа. Тэр нь “Шивээ хиагт” юм. Мэдээж хэрэг хувьсгал хийж эрх чөлөөгөө олж яваа баатар эрсийн дуу хоолой “Тэмцэгч” үнэр бүхий энэ дууг шинэ уран зохиолын эх үндэс гэж үзэж болох талтай. Гэвч үргэлж тэмцэгч байх нь утгагүй юм. Тэд тэмцсээр олон ч зүйлийг устгасан. Үүнтэй мөн адил 80-аад оны сүүлчээр байгуулагдсан “Хонх” рок гэхээсээ илүү “Битл”-үүдийг санагдуулдаг ч гэсэн “МАХНы заазуураас”-аас огтхон ч айлгүй, элдэв өнгө будаггүй өөрсдийн “Амьдрал”-ыг дуулж эхэллээ. “Би ажилгүй хүн”, “Рашаантын 18”, “Хонхны дуу”... Тэд зөвхөн боломжийг нээж өгчээ.
Тэгээд:

Эрсийн гар охидын хормой болж...
Золбин жингэрийн сүүдэр шиг жижигхэн
Миний Өндөрхаан
Миний Шарльвилл.
(Б.Галсансүх 1992 он...)

хэмээн бичиж эхэллээ. Тэр нэг л өөрөөр бичиж эхэллээ. Цаг үе нь түүнийг модернист, фашист гэх мэт янз янзаар хэлж байсан хэдий ч тун ч удалгүй С.Анударь (Рок+Ницше), Ч.Мөнхбаяр (Рок-Авангард), Б.Сэргэлэн (Сентименталь-рок), Б.Эрдэнэсолонго (Гранж альтернатив), С.Соёмбо-Баатар нарын төлөөлөгчид төрөн гарч ирлээ. Тэд дан ганц рокерүүд хэдий ч мөн шинээр орж ирж буй: Панк, хиппи, рэп, рэйвэр, стэп, тэхно, грэнжэрүүд тэдний эгнээнд нэгдэн орж өнөөх өнгө будаггүй амьдралаа дуулж эхэллээ. “Хар тас”, “Хар сарнай”, “Нисванис” өөр олон хамтлагууд төрөн гарч өөрсдийн фэнүүдийг байлдан дагуулах болов.
1996 оны 11-р сард хийсэн “Нисванис” хамтлагийн анхны “Сонсохыг хориглоно” концерт нь тайз засал, хувцас хэрэглэл, амьд хөгжим, фенүүд гээд бүх л талаараа жинхэнэ рок үзүүлбэр, рок кайф, рок уран зохиол, рок дүрслэх урлагийг илтгэн харуулж байлаа. Тэд монголын өвөг рокеруудын дуулж байсан стилиэс эрс татгалзаж, цоо шинэ гэж хэлж болох, нийгмийн сүүдэртэй тал, ёс суртахууны доройтол “Орчин ахуйн философи”-ийг дуулж эхэллээ. Энэ бол зөвхөн дуу биш юм. Нэгэнт танигдахгүй болтлоо өөрчлөгдөж буй нийгмийн хурдацыг дагаад рокерын уран зохиол хэдий нь өсч торниод сая дуу хөгжим, дэлгэцийн (нийлэг) урлагийн төрөл рүү амжилттай давшиж эхэллээ. Нэгих байлдан эзлэх хүч гаргах шаардлага байсангүй. Тэнд люмпенпастухуудын орхисон хоосон зай тэднийг хүлээж байв.
Өнөө хэр бид харьцангуй өнгөн хэлбэрийг дуурайж байгаа боловч мөдхөн Америкийн монгол хувилбар болж, нөгөө л айж түгшим, бахдаж бахархам (зөвхөн кинонд л гардаг) үйл явдлуудтай нүүр тулан гудамжинд дайралдах цаг энүүхэнд байна.


Адал явдлын роман.
Урьд нь бид адал явдалын романыг мэддэг байсан төдийгүй бас ч гэж нэлээдгүй уншигчтай байсан төрөл зүйл. Саяхнаас детективийг нэлээдгүй орчуулж уншсан бөгөөд өнөөдөр дунд насныхны хувьд детектив унших гэдэг нь “Секс хийдэг” гэдэгтэй адил зуршил болсон. Харамсах юм алга. 1996 онд хэвлэгдсэн Б.Энхбатын “Захиалгат аллага 1, 2” роман бол Дожоодорж, Лха.Дарьсүрэн нараа тоохоо больсон уншигчдын хүлээж байсан зохиол нь болжээ. Цаашид энэ төрлийн зохиолыг “Цагаан цааснууд” сонгодог зохиолоос илүүтэй үзэн уншсаар байх нь ойлгомжтой. (Харин орчуулгын төрөл зүйлд детективийн “сэтгэлзүйн” хэмээх ангилалд хамааран зарим ангилалд орчин үеийн сонгодог зохиолуудын тоонд ч оруулдаг (Эдогава Рампо, Жорж Сименон гэх мэт) бүтээлүүдийг орчуулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй юм) тэгээд ч детектив нь хэзээд “Best seller” байсаар байсан, байх ч биз ээ.

Ерээд оны дунд үеэс дараагийн зуун хүртэл монголын уран зохиолын ертөнцөд төдийлөн нааштай гэж хэлж болох зүйл нэг их гарахгүй бөгөөд олон зүйл орхигдож гээгдэж бас ч гэж дэвшилттэй зүйлүүд гарч ирэх мэдээж. Ямар ч атугай “Хүрээ хөвгүүд” хамтлагийн дэвшүүлж буй таамаглал биелэх болоод, эс биелэх нь гол биш. Харин ч өнөөдөртөө хэр зэрэг бодитой хандаж, мэдэрч байсныг гагцхүү түүх гэрчилэх биз ээ.

1996 он.




[...гэснийг 1997 онд хэвлэгдсэн “Хүрээ хөвгүүд” бүлгийн “ЗАМДАА ГАРЦГААЯ... ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ” номноос хувилан авч нийтлэв.

Энэхүү үгүүлэл нь ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ цуврал шүүмжийн төгсгөл бөгөөд, өмнөх нь:

1. Люмпенпастухын уран зохиол гэж юу вэ? 
Го.Ням-Очир

2. Люмпенпастухын уран зохиол-2 (Сэтгэл зүйн хүрээнүүд)
Го.Ням-Очир.

3. Люмпенпастухын уран дохиол-3 (Хот)
П.Батхуяг.

хэмээх хэсгүүд болой]

0 Сэтгэгдэл:

Post a Comment