ГЭГЭЭН ЗҮГ...


Санан дурсахын эхэнд,
Яруу найрагч ИЧИНХОРЛОО-гийн “ГЭГЭЭН ЗҮГ” ном надад зургаан жил хадгалагджээ. Гэтэл, энэ ертөнцийг дөнгөж энэ намар л өөртөө нээв.


Тун хөдөөний шүлэг

Хөндлөн...хөндлөн...уулс
Хөх суунаг татах Хөдөө минь
Хүрэл царайтай залуус нь хөндлөн
Хүлээхэд хэцүү тангараг нь хөндлөн
Хөөрхий багаас минь мэдэх
Хөдөө...хөдөө
Чамаар дутаж зовоход
Надаар үл дутах
Зүс нь хатуу
Зүрх нь зөөлөн
Хөдөө...
Түнхэл...түнхэл...уулс
Түрэмгий аялгуу цовхчих
Хөдөө минь
Харцагын жигүүрийн салхи нь эрэмгий
Хавийн охид баахан итгэмтгий
Хөөрсөн морины шиг
үг нь задгай
Хөдөө...хөдөө...
Хавраар даахийг минь үнэрлэж
Намраар даахийг минь үүрүүлэх
Эхлэл төгсгөл хоёрыг минь
Энгүй мэдэх
Ээ , хөдөө.
* * *
Манан дундах сар шиг
үзэсгэлэнтэй болоод цонхигор
Магад миний таних гунигт нэгэн шүлэгч
Өдрийн турш тэнүүчлэх нь Өрөвдмөөр өө
Бичсэн шүлэг нь хор шиг хүчтэй болоод үнэн
Би түүнийг шүтдэг ч хувь тавиланд нь атаархдаггүй
Нулимсаа дотогш асгасаар хув хуурай болсон
Нууцлаг түгшүүртэй нүд нь гүн шөнө шиг аймшигтай.
Амьдралд тэр дурлахгүй
Архинд бас шунахгүй
Гоо охидоос уйдсан
Хаа очихоос залхасан
Үзэн ядаж сураагүй хүлцэнгүй болоод тайван
Үнэхээр түүнийг хайрладаг ч гар сунгаж чадахгүй
Шинийн сар шиг дундуурхан итгэлтэй түүнд
Шийдсэн үхэл алдар нэр шиг хэрэгтэй.
Нялх дуун

Жижигхэн шүлэгч нь тэнгэрлэг
Жимсний модноос навч тасраад
Жилийж одох шиг тийм хүлцэнгүй
Жирийн амьдралдаа тэр дургүй
Жижигхэн шүлэгч нь тэнгэрлэг ээ
Эвий шүлэгч нь гэнэхэн
Эрт хавраар нутагтаа яаруу
Энэ гэнэхэнд дэндүү хөнгөмсөг
Эгэлхэн амьдралдаа даан ч дасаагүй
Эвий шүлэгч гэнэхэн ээ
Ай шүлэгч бардамхан
Амраг сэтгэлд ямагт мэхийгээд
Аясхан үгэнд хууртах нь хэцүү А
мьтны л дэргэд уйлах дургүй
Ай шүлэгч бардамхан аа.
Нээн үгүүлэхийн эхэнд, Тэр анхны номоо тайзан дээр мандаж явсан 1990-ээд ондоо биш 13 жилийн дараа, алга ташилт намдсан бодрол ухаарлын эхэнд хэвлүүлжээ.
Бодрол ухаарлын эхэнд, Нандигнан хайрладаг олон номны минь эхэнд 200... хэмээх тоо байх юм. “Очирт уулын бичиглэл”, “Ганцаардлын дасгал”, тэгээд “Гэгээн зүг...”; 90-ээд оныхон нэгэнт номоо ботилоод эхэлжээ. Тэд санан дурсахын эхэнд иржээ.
Санан дурсахын эхэнд.

* * *
Дүн шөнөөр
Гэв гэнэт
Хуучин бишгүүрийн дуу хангинаж
Цочсон шувууд
Чиг зүггүй
Шидсэн чулуу шиг бараа тасарлаа
Мөрний захад
Дурласан залуу
Мөнгөн урсгалын гүн рүү ширтэн
Амьтны тухыг
Алдуулж буйгаа
Анзаарах сэхээгүй бишгүүрээ үлээсээр л
Дүн шөнөөр
Гэв гэнэт
Хуучин бишгүүрийн дуу тасарч
Үүрэглэсэн мөрөн
Уулгалан цохиход
Эзэнгүй бишгүүр л эвийлэн гасаллаа.


Намар цагийн шүлэг

Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Дөрвөн хаврын ногоо гандаж одохын үесээр
Дөлгөөн нүдэн чамайгаа санаж суухын аясаар
Уяхан замбуутивийн наран одод хотлотол жаргадаггүй
Урьхан зантай ижий минь наддаа зовоод тайтгардаггүй
Ирж яваа намар цаг гэдэг
Ижийн минь үсэнд буусан мөнгөн хяруу шиг анзааргагүй
Дөмөн гишгэдэлтэй мориныхоо эр хар алхаагаар
Дүүрэн жаргалтай найрын ид хав дундуур
Халамцуухан мордоод хөх уулсаа зүглэхэд нь
Харилгүй горьгүй, хөгшин хэцүүднэ гэж зүтгэхэд нь
Нутгийн өвгөдөө өрөвдөөд нэг уйлчихна
Нулимс дутсан хорвоо бишдээ, больчихно
Ай, энэ намар цаг гэдэг
Аав минь хааяа аялдаг
Эр бор харцага шиг гэгэлгэн.
* * *
Өвлийн ойд түүдэг ноцоон
Өнгөрсөн дурсамжаа шатааж суухад
Хачин анхилуун цэнгэг санагдана
Хайр чинь ийм сайхан байгаагүй
Өрвөлзсөн дөл улайран дүрэлзнэм
Үнсэлт чинь ийм шунамгай байгаагүй
Түүдгийн галд дорхиноо дулаацаад
Түгшүүрээ мартан эргэж дурсахад
Үдшээр чиний аргадаж гуйсан
Үг чинь ч ийм халуун байгаагүй.

Хоосрол гунигийг нөхөж Хорсол атааг даран чадагч Эгшиг найраг минь. Эгшиг найргийн охин тэнгэрүүд минь.
...ТЭНГЭР ӨРШӨӨ...


Намрын дуун

Цамрын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө
Холын зам саравчилж
Хоёр нүдээ чилээх вий
Хонгор ижийдээ үр нь
Хойтон хавар ирнэ
Алсын зам тосож
Аясын салхинд жиндэх вий
Амраг ижийдээ үр нь
Арван тавдаар очно
Хөдөөгийн салхи нь задгайхан байдаг даа
Хөлөө л сайн хучиж байгаарай
Ижий минь наддаа ганцхан шүү
Эрхэм биеэ хайрлаж яваарай
Үгийн сайхан цээжинд багтдаг ч
Өлгийн бүүвэйнд багадна гэнэлээ
Сайхан хүү нь аргадавч
Санаа нь дандаа ууланд гэнэлээ
Холын зам саравчилж
Хоёр нүдээ чилээх вий
Хонгор ижийдээ үр нь
Хойтон хавар ирнэ
Алсын зам тосож
Аясын салхинд жиндэх вий
Амраг ижийдээ үр нь
Арван тавдаар очно
Цамрын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө.


...Маргааш, гэрээсээ хотыг зүглэн мордоно...
...Ирэх хавар л дэндүү хол бодогдоно Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө...
...ТЭНГЭР ӨРШӨӨ...

0 Сэтгэгдэл:

Post a Comment