БААТАРХҮҮГИЙН ПҮРЭВСҮРЭН биелсэн яруу найраг байлаа...




Зүс бүгэг нэгэн хүмүүн намрын эхэн сард нартын тоосноос ангижирчээ.

УМ МА НЭ БАД МЭ ХУМ

/Нэвтрэх аваас буян санаж есөн удаа уншигтун!/





Диваажингийн цэцэрлэгт эрт заларсан анд минь “ХАР ОД” БАЙГААГҮЙ


Яруу найрагч Т.Баянсан


Эгэл тэр хүн зэгэл орчлонгоос алсарчээ. Сайхан монгол эр, шинэтгэгч хоолойтой яруу найрагч, будаг нухан нүд сэтгэл, оюуны тэжээл өгөгч зураач, сүм дуганыг эртний тиг ёсоор нь гэрэлтүүлэн босгогч уран дархан, номын сууринаа завилж ертөнцийн мөнхүүг тэмтрэгч бясалгагч, шашны шагшаа шар зүтгэлтэн, ардчиллын чин хөх, гүн тэмцэгч Баатархүүгийн Пүрэвсүрэн хоосон чанарт уусч, номын агаараар амьсгалжээ. Тэр минь нэгэн биед багтамгүй эгэл бус чанаруудыг маш энгийн бөгөөд эмх цэгцтэй хадгалж явсан ном ёсны хүн-баринтаг байсан юм. Байсан юм биш, байгаа юм, байсаар ч байх… гэсэн үгийг энд хэнээс л далдирахгүй хэлэхийг хүсэв би.

Ховдын Багшийн дээдэд намайг нэг жил “загнаж” байгаад явсан Г.Бадамсамбуу танилцаж амжаагүй бидний хэдэн нөхдийг нэгэн ном дээр уулзуулж, жижигхэн мөртлөө их зантай тэр дэвтрээ “Зүс бүгэг андууд” хэмээнгээ уран зохиолын ертөнц рүү шидсэн аврагч гранат мөн гэж билээ. Увсын тэр шинэхэн “долоон хар”-ын ахимаг нь Б.Пүрэвсүрэн, дүүмэд нь би. Бадмаас бусадтай нь уулзаагүй мөртлөө би “Манай Пүрэвсүрэн ийм, манай Цэнд тийм, манай Уянсүх ийн, манай Лхагвасүрэн тийн, манай Эрдэнэ ингэдэг” гээд л танихгүй найзуудаа танихгүй хүмүүст нь танилцуулж л явлаа. 1991 оны өвөл Увс аймгийн сонины эрхлэгч Г.Бадамсамбуу дарга болох шинж тэмдгийг цухалзуулж байхдаа “Нөгөө Пүрэвсүрэн чинь ирсэн. Орой манайд уулзацгаая” гэснээр түүнтэй анх нүүр тулан танилцсан сан. Тэгэхэд тэр маань Болдбаатар нарын зураач нөхдийнхөө хамт Парис хотод хамтарсан үзэсгэлэн гаргаад ирчихсэн, тэр тухайх дүрс бичлэгээ бидэнд үзүүлэхээр авчирсан байв. Пүрэвсүрэнг хараад л би сүрдсэн. Өөрийгөө илт голсон. Хачин царай муутай “амьтан” мөртлөө тийм хүнтэй зэрэгцэж нурмайчихаад, бас цор цорхийж байгаадаа би ичиж байлаа. Түүний үг яриа, намба төрх, гар хурууныхаа үзүүрийг яльгүй чамирхалтай хөдөлгөх, тавагтай идээнд хүрэх, хундагатай юманд хянуур дөхөх, алгаа хамтатган наманч байдал харуулах, гал гүйн гялалзсан тунгалаг хар нүдээрээ бодлогошронгуй харах, гэнэтхэн гутлынхаа түрийнээс судар шиг зузаан дэвтэр гарган элдэв дүрс тэмдэглэж, өнгө ялгах, эсвэл солгой гарын “эвгүйхэн” хөдөлгөөнөөр шүлгийн мөр таталгах, шовх харандаагаа шигүү үсэндээ дарж хадгалах, энэ бүхэн нь намайг шууд айлгаж, хоромхон зуур бишрүүлэв. Биржрүүтэй хүрэн даавуун дээлийг элбэгдүүлсхийж өмсөөд, Ринчин гуай, эсвэл Урианхай гуайн өмсдөгтэй төсөрхүү, хөх саарал гэмээр завсрын өнгөт малгайг торгон хар үс рүүгээ булхуулан хэлтгий тавьжээ. Их эвлэг харагдах буриад гутал өшиглөсөн нь бүх хувцастай нь найрсан байв. Гэхдээ түүний дотоод сэтгэл гялгар, хээнцэр бишээр барахгүй хэнтэй ч нөхөрлөж, хэнийг ч соронз шиг татах олон тэмтрүүлтэй, нийцтэй хүн болохыг нь би төдхөн мэдсэн юм. Сюрреалист урсгалын уран зургийн үзэсгэлэнг тэр эрхмийн бичлэгтэй хуурцагнаас анх хараад “Яасан зэвүүн юм хийдэг нөхөр вэ” гэж бодож байсан сан. Манай хэдээс Уянсүх, Цэнд хоёр тийм хэлбэр, дүрсийн гажилттай юм зурж эхнэр хүүхдүүдэд шоолуулж байсан нь бас л Пүүгийн нөлөө. Мань эрийн реалист зургууд гайхалтай учраас тэр үед түүнд реализмыг “эвдэж хэмхчих” эрх бүрэн олгогдсон байсан гэж би боддог. Тэрхэн үеийн богинохон уулзалтаас цаашаа Пүүг маань чиргүүлтэй машин хөлөглөн одсон сон. Өндөрхангайдаа тэрслүү цагийн хоморгонд нураагдаж, сүйдэн үгүй болсон Гандандаржаалин хийдийг сэргээхээр зорьж, Хартарвагатайгаас нүүрс татах замдаа тэр надад нэг иймэрхүү сэтгэгдэл үлдээгээд явсан даа.

Жил гаруйгийн дараа хот руу зорчихдоо тэр Уянсүхтэй хамт ирж, хэдэн шүлгийг минь авч яваад “Ил товчоо” сонины нэр хүндтэй буланд нийтлүүлснээр хотын залуусаас би “айхаа” больж билээ. Найз нөхдийнхөө зохиол бүтээлийг хүмүүст хүргэх гэж тэр хичээнэ. Бодсоноо тойруулж цагираглахгүй түс тасхан хэлчихнэ. Цэндийн нөгөө “хэрцгий” номуудын эхнийхийг нь өврөөсөө мөнгө гаргаж хэвлүүлж байлаа. Бид хэдийг орон нутагтаа байхад Пүүг л шинэ мэдээлэл, содон юмаар цэнэг өгнө. “Надад нэг сүрхий бор хүү бий. Одоохондоо миний шавь ухаантай. Түүнийг гайгүй яваад байвал эсрэгээр нь шавь нь болдог юмуу гэж бодох юм” гээд түсхийтэл инээд алдана. Тэр бор хүү нь Битогтохын Цогнэмэх л дээ. Хожим нөхөд маань бүгдээрээ хот хүрээ бараадаж, бид хоёр агуу их Парчин, Лу гүний голомтыг сахиж үлдсэн “нутаг амьтай аав”-ууд болж, хэсэгхэн халзагнаж ч явлаа. Тэр ажил ихтэй тул аймгийн төвд жилдээ ганц хоёрхон ирнэ. Энэ үед л бид хоёр бяц авна даа.Нэг удаагийн ийм “агуу нээлттэй” үеэр мань эр хамаг бие сэтгэлээ хөвчилж байгаад цахиур чулуу шиг усан хөх судалтай цагаан аялгууг зүрхнийхээ гүнээс хангинуулан урсган дуулсан юм. Сонсууштай, солгой хоолойтой биш бол дагууштай байлаа. Норов ах маань хүртэл дагаад хяхнаж байсан гээд бод доо. Пүүгээ Лу Жанжин гүний алдарт сайвар халтарт зориулсан шүлэгтээ өөрөө ая хийсэн нь тэр байв. Дуучин нь бас өөрөө байсныг бодоход тэр, монгол эр хүний “адуутай ухаан”-д нэвчсэн нэгэн гэдгээ надад харуулж, өдсөн хэрэг.

Андынхаа тухай чихэнд чимэгтэй сургийг газрын хаанаас ч сонсдог байв. Пүрэвсүрэн Дэлгэрийн овоонд өвлийн ид хүйтнээр нямба хийж, бясалгаж байна л гэнэ. Ар халхын Амарбаясгалант хийдийг сэргээлцэж яваа нь ч бахархам. Завхан аймагт суварга босгож, Бороохойн Батхүүтэй дөрөө харшуулж ч дуулдана. Ховд аймгаас мотоцикль унасан лам ирж, хийд байгуулахад туслаач гээд сундалж явсан л гэнэ. Хотод Гандан хийдийн хашаанаа нутгийн ах Гүнчин-Иш ламын хүсэлтээр суварга босгож байгаа л гэнэ. Холын сураг ийм зэрэг байхад ойрын ажлууд нь Ханхөхийгөө нар зөв тойрсон, сүм хийд, дугана суваргаар эрхи гүйцээсэн хандлагатай байлаа. Гандандаржаалин хийдийг барьж, байгуулахад үнэн сэтгэлээсээ тусалсан Мэндээд “Дүү минь бид жинхэнэ буян үйлдэж чадлаа. Чи минь муу явах учиргүй боллоо шүү” гэж сэтгэл хөдлөн хэлж байжээ.

Түүнд “хэрэггүй” хүн гэж байсангүй. Хүнийг муу сайн, мунхаг цэцэн гэхгүй адилхан хүндэтгэж харьцана. Энэ нь хуурмаг гоё биш, жинхэнэ зүрх сэтгэлээсээ. Анд минь намайг Сэлбийн гүүрээр зорчиж, сэхээтнүүдийн хаалга онголзуулж, сэржмийнх нь юмнаас хороож явахад хотод нэг ирсэн юм. Тэр л бид хоёрын сүүлчийн уулзалт байжээ. Бадамсамбуу Монголд “түр оршин суугч” тул харьяатын асуудал мэддэг газраас “хөөгөөд” уулзуулаагүй, Уянсүх Ховд, Дарханы хооронд тэлээлж “сүүлээ” моодгонуулаад баригдаагүй, Цэндийг дарга нь “муухай хараад” явуулаагүй, Эрдэнэ японы мал аж ахуйг хөгжүүлээд эзгүй, ийм үед Ханхөхийн хангалуун билэгт уулнаас түмэн бахархалт голомтыг сахигч, туурвигч маань ирсэн юм. Ц.Очирбал нарын зураач нөхөдтэйгөө хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохиролцох зэргээр бас бус ажил амжуулан, надаас “бултаж” хоёр хоносон байх. Мань эр тэссэнгүй л дээ. “Уулзаагүй удахаар уур чинь хүрч байв уу. Тусгүй хүн юм гэж бодов уу” гэсээр утасны цаанаас дотно сайхнаар инээж байв. Пүрэвсүрэнд маань найз нөхөд, хайрладаг хүндэлдэг, харамладаг хамгаалдаг хүн үй олон байлаа.

Тэр зун нь нутгаа санасан өвгөн хүн Пүрэвсүрэнгийн хийдэд мөргөх гэж зорьж очсон байж. Тэр өвгөнтэй заавал уулзана гэж намайг дагуулж гэрт нь очлоо. Хийдийнхээ ойр тэр өвгөнд ямар ч чулуугаар гэнэв, дурсгалтай хөшөө хийж өгөх юм болоод явчихав. Цагтаа нам засгийн өндөр алба хашиж явсан өвгөн биднийг явахад хуучны ухуулга сурталчилгааны зурагт хуудсууд бөөн бөөнөөр өгч “их хэрэгтэй зүйл шүү” гээд үдэв. Би ч тэндээс гарангаа “Цаад өвгөн чинь сийрэг толгой байна. Өөрөө хаях ёстой хогоо бид хоёрт тэврүүлээд гаргадаг байна шүү. Дээр нь бас үнэ өртөггүй гэрэлт хөшөө… Аа яа яа” гэсэнд Пүүг маань сүрхий уурлаж билээ. “Чи ийм цээж хорсгосон үг хэлж байдгаа боль. Тэр хүний сайхан сэтгэлийг чи олж харсангүй юү” гэж билээ. Пүүгийг уурладаг юм байна гэж тэр үедээ шоолж байснаа санахаар дотор харанхуйлсан энэ гашуудалт өдрүүдээс гэрэл гэгээг олж харах мэт болном.

Хүнд сэтгэлийн шан өгөх дуртай. Дууны найргаар цахиур хагалсан Бадамсүрэнтэй “намба алдан” түрүүлж уулзаад “Юм хүртдэггүй хэвээр биз дээ, гэсэн ч яахав. Магтаал нэртэй идээ байдаггүй юм байна. Ерөөл гэнэ үү, үүнийг” гэн барьж, дүү Мөнхжаргалаас нь “Нөгөө Хайкуны ном яасан бэ” хэмээн нэхэж шахаж амжина.

Тэр маань яруу найрагчийн хувьд уянгалах дургүй. Маш эрчимтэй, хөдөлгөөнтэй үгсийг сонгож шүлгээ бичнэ.…

Хар дарсан гуниг халамцуу

Хал үзсэн зүрх долгомцуу

Халуун намрын шаргал талд гээж орхисон

Цэнхэр сүүдэрт

Цагаан шоо дөрвөлжин… шүлгийг нь хориод жилийн дараа хэдий ч би эргүүлж, өнхрүүлж шиншлэх дуртай. Энд далдын нэгэн ур, увидас нуугдан, түүнийг нь гүйцэд мэдэрч чадахгүй байгаа мэт санагддагаас тэр.

“Оргүй хоосны тошин дээр

Мөнх бусаар инээж

Овилго зовлого хоёр

Үйлийн үр цавчина

Шалир шанзны утсанд

Үхлийн зараа тэнүүчилж

Шаргал авсны аманд

Амьдын жороо банжина” гэж хоосон чанарын зүсийг над мэтэд зааж өгч байсан бол,“Гомдол” шүлэгтээ

Нүд-чулуу

Нулимс-галуу нисгэж

Дурлажээ гэх харцанд

Дун хорхой эвхэрнэ гэснээрээ шүлэг зохиолд дурлагсад, яруу найрагч гэж өөрөө үсчин өргөмж үмхэж, хахаж цацан орилогсдоос тэр минь онхи ондоо нэгэн болохоо харуулдаг байлаа.…

Нэгэн үзүүрт сэтгэлээр

Чулуун ханыг ч цоолно

Нэгэнт одсон андаа бодохоор

Хүрэл зүрх ч хайлна… гэсэн нулимст үгс чанх дээр тэмдгэрч, дорнын тэнгэрт удаа замхарсны далан жил инээмсэглэж, “Бид ялав” өнгөө засан гялалзсан бороотой өдрөөр ийм сайхан анд минь худал хуурмагийн энэ орчлонгоос ангижрав.

Уран зохиолд дүрэлзсэн мэт хуурмаг дүрс царцаж, хөлдүү нулимст шүлгүүд хөвөрч байх тийм цагт бид анд болцгоосон сон. Монголын утга зохиолыг өөр болгоно гэж зорьцгоосон сон. “Зүс бүгэг андууд” бид ялаагүй юм гэхэд хөлгөн анд, нөмөрт уул Пүрэвсүрэн минь магадтай ялсан. Ялаад зогссонгүй ялж төгс нөхчлөө дөө. Өрлөг Ханхөхий, өнгөт Увс нуураа зорихын цагт анд бид чинь хэнтэйгээ уулзаж, хэнтэйгээ хөхрөлдөж, хэнээрээ хийморийн сан тавиулж, хэтээ даах эрч хүчийг авах билээ дээ. Сайхан анд минь диваажингийн ариун цэцэрлэгт дэндүү эрт заларсан ч хар од байгаагүй, хамгийн гэрэлтэй нь байсан юм. Би түүнийгээ санаж санагалзахдаа хотын утаат гудмаас нэг шүлэг илгээж байсан сан.

Хангайн цэцэрлэгт

Завилгаат ноён

Пү суудал нурааж өндийгөөд

Хандгайн нүдэнд уригдан орж

Түүнийг улам бөгтөр болгоном

Эвэр нь халгай шиг цэцэглэхүй дор тэнгэр бороошиж

Энэ нь малгай биш болохоор норохыг шилгээнэм

Хилэгнэж гэмээ нь хэн ч тэсэлгүй зугтах дүр

Хийморийн сан тавьж

Миний хундагыг дүүргэхүй дор

Эхнэрээсээ айгаад гэртээ ороогүй цагда

Эцсийн эцэст бидний төлөө хүйтэн гудамд хононом

Бийрээ зурж

Солин туурвих нь зүрх гаслант

Билгээ нууж

Болин дарвих нь эрх чөлөөт

Саран дээр ийм л хүн нуруу үүрэн

Алхаж явмаар

Саахалтын зайнаас

Ангижралыг олсон уран Пү







/"Үндэсний шуудан" сониноос авав/

1 Сэтгэгдэл:

С.Начин said...

Үлэмж гоё сайхны өмнө
Үлэмжийн гоо байхыг хичээнэм

Post a Comment