Урианхай абугайн“Огтлолцохуй”-гаас төрсөн гуйвшгүй гурван бодол


Доктор П.Батхуягийн "Стандарт бус шалтгаан" шинэ номоос зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.



(Яруу найрагч Д.Урианхайн “Огтлолцохуй” түүврийн тухай )


Хүний хувь тавилан өөрөө бөөн “огтлолцоон” билээ. Тиймгүйсэн бол ямар ч сонирхол татахааргүй зүйл байхсан. Сонирхол татаад байгаа чанар нь арга билиг, хэв ёс, зохист чанарын аль алин биш. Ердөө галаас гал үүсэж болно. Харин галаас ус гаргах ямар ч боломжгүй. Уснаас ч гал гарахгүй жамгүй. Үнэндээ гал ус мэт түмэн харшилдааныг өөр дээр огтлолцуулсан энэ амьдрал ”үнэн агуу” юм. Энэ агуу чанар нь “амьдралыг” асар их “өөд” нь татаж байгааг хэн хүнгүй мэддэг ч олж анзаардаг нь даанч цөөхөн. Тийм цөөхөн хүмүүсийн нэг нь хорвоо ертөнц хийгээд эх орон, цаг хугацаа, мөн өөртөө өөртэйгээ огтлолцсон дотоод “гүн бодролуудаа”гадаад ертөнцтэй хуваалцахыг хүссэн байна.
Нэгэнтээ Спенсерийн шүлэгт “чи ус, би гал, гэвч найрсах цаг ирнэ” гэсэн байдаг шиг найрсах тохироо нь бүрдвэл гал ус хоёр ч гарцаагүй нэгдэнэ дээ? Энэ бол яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай абугайн “Огтлолцохуй” түүврийг уншаад төрсөн гуйвшгүй гурван бодлын шалтгаан.
Манайдаа бол сонгуулийн дараа хоёр нам нэг засгийн газарт орох ч бас л нэг төрлийн “харшилдаан”-ы дараах “найралдаан” юм уу даа? Эсвэл хувийн бизнес, төрийн алба хоёр нэг данстай болох гээд байж боломгүй олон найралдааныг энэ хайруу хатуу, хайр найргүй цаг үед дурьдаж болмоор байна. Гэтэл галыг гал шиг, усыг ус шиг мөн чанартай нь байлгахыг хүссэн сэтгэлээр дүүрэн шүлгүүд
“аяа, юу үнэн, хүний цөхрөл үнэн”
хэмээн нэн гунигтайгаар
“би, хүний төрөлхтний эцсийн хүн”
хэмээн хэт бадрангуйгаар гурван зүйлтэй үл эвлэрэн “найралдах”, тэс хөндлөн “огтлолцох“ тухай бодлуудыг төрүүлж байна. Тэр гурван зүйлийн бодол минийхээр бол… (Энэ бол зөвхөн миний бодол бөгөөд бусад хүмүүс өөр ямар бодол санаа төрүүлэхийг би таашгүй, ээ)


Нэгдүгээр бодол : -Шударга бус бүхэнтэй үл эвлэрэх тухай

Д.Урианхай абугайн шүлгүүдийг эхнээс нь анхааралтай уншаад л шударга бус хүмүүс, шударга бус цаг үе, шударга бус нийгмийн тогтолцоотой огтлолцсон болохыг шууд мэдрэх болно. Мэдрээд зогсохгүй шударга бус байхын үйлийн шалтгааныг мэднэ. Тэрхүү үйлийн шалтгаан шударга бусаас гарвалтай болохыг яруу найрагч “Огтлолцохуй” түүврийнхээ доторх олон шүлгүүдээр хэлсэн. Жишээ дурьддаг уламжлалт аргыг хэрэглэхээс…
Нохойчин монгол
Ноход тахина…
Ном, ёс, үйлийн үрээс
Илүү шүтнэ

(Д.Урианхай “Огтлолцохуй” 2007,14)

Ийм л шударга бус цаг үеийн хэтэрхий шударга бус “ухаантай” хүмүүстэй “огтлолцсон” байна.
Нэгэнтээ би “шударга байх нь аль ч цаг үеийн ухаантай сэхээтэй хүмүүсийн хэрэг зориг” гэж бичиж байснаа эрхгүй саналаа. Яг нарийндаа “шударга бус” байна гэдэг “хүн биш” байхын эхлэл юм шүү дээ? Тэгээд ч оюун санааны нийтлэг зүй тогтол, ёс зүй нь түгээмэл ойлголтоор “хүний үнэртэй, хүний мөстэй, хүний явдалтай, хүний сэтгэлтэй” гээд хүншүүлж үздэг зүйлүүд цөөнгүй байдаг. Бодоод үзэл дээ?
“Би” –г үгүйсгэх үзэл санаа хүчтэй байх үед төлөвшсөн уран бүтээлчийн хувьд аливаад шударга хандахыг эрмэлзэх нь тодорхой. Зөвхөн Урианхай абугай нь хувьд ч бус түүний үеийн олон уран бүтээлчийн үзэл төлөвшилд “шударга байх” гэдэг үнэт зүйлс хүчтэй нөлөөлсөн байдаг. Тиймээс цаг үе, хүмүүс, нийгэм, бүр “аймаар” даяарчлагдсан геополитикийн үүднээс дэлхий гэдэг гарагийнхаа хувь заяанд эмзэглэх нь тэдний хувьд тийм ч сүртэй зүйл биш. Магадгүй өнөө цагийн хувиа хичээмтгий бидэнд Д.Урианхай абугайн бүгдийн төлөө эмзэглэл ихтэй шүлгүүд нэг л итгэл үнэмшилгүй санагдаад байвал бидний буруу бас биш. Учир нь буруу тогтолцоотой нийгмийн эргүүлгэнд ороод бид “би”-г хэт өргөмжлөх болсноор олон хүний оюун санаанд “надад л болж байвал, би л сайхан байвал, миний л ажил үйлс бүтэж байвал” гэсэн явцуу нэг талаар шударга бус бодлууд газар авах болсонд гайхмаар юм алга, аа.
Аливаа бүхэн хоёр талтай гэдэг номлол нэг талаар дэндүү үнэн. Хожим бусдынхаа шударга бусад эмзэглэдэг сэтгэл үгүй болж орхивол ямар сайхан байх вэ дээ? Мөн хожим бүгдийн төлөө гээд өөрийгөө өнгийж харах “ хүсэлгүй хүмүүс” олон болчихвол бас ямар сайн байх вэ? Тэгэхэээр аливаа юм хоёр талтай гэдэг үнэн ч юм уу?
Үгүй бол хүн-яруу найрагч өөрийн “би”-гээс тасрах гэгээн эгшин нь яруу найрагчийн хувьд зүгээр нэг хүн байхаа болих, эсвэл хүн бүр тэр бүрий байж чаддаггүй жинхэнэ хүн болох үйл явц гүйцэж, жинхэнэ субстенциал үнэнийхээ мөн, мөн чанарынхаа өндөрлөгт хүрч буй оргил цэгийн эгшин, магадгүй, “мөнх” эгшин юм (Д.Урианхай “Холдох төв” 2009,12) гэсэн философи санаа ч энэ бүхэнтэй хамааралтай байж болох юм. Яруу найргаас үүдсэн яруухан болоод эргэлзэнгүй хүслүүд минь намайг өөрийн эрхгүй хоёрдугаар бодол руу түлхэж байна.

Хоёрдугаар бодол:- Хүн , хүн бус байхтай үл эвлэрэх тухай

Хүн, нохой хоёр нь ижил зиндаанд хүрсэн үед “хүн” байх ямар хэцүүг Урианхай гуайн шүлгүүдээс олж харнам. Олж хараад зогсохгүй ганцаардал гэдэг өөрийн дотоод гайхамшигаа нээх урлагт суралцаж, ухаарал гэдэг дотоод сэрэхүйгээ хөгжөөх ухаанд нэвтэрч, сэтгэхүй гэдэг дотоод бясалгалаа хөгжүүлэх аргад “төгөлдөржин” хүн хэвээрээ байхыг сургаж байна. Тэгсэн атлаа яруу найрагч (Д.Урианхай) хүн байхыг хүсэгчдэд “хүн бишчүүлээс” тулгах таван зовлонт шалтгааны тухай бас ийнхүү шүлэглэжээ.
Хүнийг хайрлахуйн эмгэнэл лугаа нэг,
Хүч, сэтгэлээ газарт шороодохуйн ялагдал лугаа хоёр,
Үл ойлгогдохуйн шарх лугаа гурав,
Үзэн ядагдахуйн баатарлал лугаа дөрөв,
Эмзэг сэтгэлийн тосгуур руу
Элэг доогуур нулимагдахуйн гуниг лугаа тав,

(Д.Урианхай ”Огтлолцохуй” 2007,31)
гэжээ.
Эмгэнэл, ялагдал, сэтгэлийн шарх, баатарлал, гуниг энэ таван шалтгаан ерөөсөө “хүн” хэвээрээ байгаа хүмүүс бүхэнд учирч буй зовлон юм. Тэр тусмаа яруу найрагч, тэгээд хүн бол энэ тавын дарамтанд хангалттай нухлуулах тухай “Огтлолцохуй” дотроос нээж, тайлж болноТэгээд тайлал зүйн үүднээс бидэнд магадгүй хоёр ойлголт урган гарна.
Нэгдүгээрт: - Ямар хүн бүгдтэй “огтлолцох” хүсэлтэй байдаг вэ?
Хоёрдугаарт:- Ямар хүн бүгдийг “дагах” хүсэлтэй байдаг вэ?
Хариулт нь дэндүү энгийн “шударга ба шударга бус байхаас шалтгаална.
Одоогийн хэллэгээр хүн үгүй болсон тухай бичих “моод” болоод байгаа ч яруу найрагч шиг ”би эцсийн хүн” хэмээн зарлах эр зориг олон хүнд дутна л даа?
Хүний мөн чанар яаж өөрчлөгдөж байгааг Ф.Ницщегээс эхлээд цөөнгүй гүн ухаантнууд зохиолдоо өгүүлсэн бий. Гүн ухааны зохиол яахав. Сэтгэлгээнээс гадна нотолгоо, гаргалгаа, эш онол, үндэслэл гээд олон бодот зүйлийг шаардана. Харин яруу найраг сэрэл, сэтгэлээс төрдөг сэтгэлгээний урлаг. Ихэнхдээ хийсвэр талдаа. Тэгэхээр зөвхөн “хүн” байх гэсэн асар том шалгуур яруу найрагчдад тавигдана. Хүн л хүний зүрх сэтгэлийг хөглөх шүлэг дуулал зохиох нь ойлгомжтой. Харамсалтай нь энэ зуунд олон хүний хувьд К.Юнгийн “анима ба анимус” гэдэг архетип ёсоор эр эм хүний сэтгэлзүйн шинжүүд нь бүдгэрч нэгэн хэвийн ялгагдахааргүй бодгаль шинжгүй хүн олонлог болчихоод байгаад эмзэглэсэн дуу хоолой Д. Урианхай нь яруу найргаас сонсотно.
Хамгийн энгийн жишээ гэхэд л эр хүнд хүч түрч хийх ажил үгүй болж эмэгтэйчүүл нийгмийн бүх салбарт өөрсдийн “тоглолтоо” хийхийг санаархаж байна. Хайр сэтгэлийн элдэв адал явдал, учирсан хагацсан түүх мэтийг бичээд “уран зохиолын” арилжааны чиглэлийг хөгжүүлэх боломжийн “менежмент” хийгээд байгаа хүүхнүүдийг чадаж байгаа юманд арга үгүй гэхээс өөр юу гэх билээ. Гэхдээ уран зохиолыг өөр хэмжүүрээр хэмждэг нэгэнт тогтсон “таалал” буй тул санаа зовох ч бас илүүц мэт санагдана. Яруу найрагчийн хэлснээр “магадгүй, бүгд магадгүй” ёсоор тийм өндөр түвшний таалал нэгэнт үгүй болсон байж ч магадгүй билээ.
Орон зай, цаг хугацаа, түүний эрхшээлд буй хүн, хүний бүтээсэн нийгэмтэй “огтлолцсон” яруу найргаас төрсөн тайлах болоод тайлбарлах хүслүүд минь өөрийн эрхгүй гуравдугаар бодолд хүргэв.

Гуравдугаар бодол: - Үр чанаргүй цаг үетэй үл эвлэрэх тухай

Үйл бүхэнд үр чанар буй. Өөрөө аяндаа бүтэх тэрхүү чанарын тухай Д.Урианхай абугайн философи санааг задгай хэмнэлийн верлибер шүлгүүдээс нь хангалттай мэдэрч болно. Мэдрээд зогсохгүй үр- чанарын уг учрыг үл ухах цаг үетэйгээ зөрчилдөх “шалтгааныг ч мэдэх болно. Муу үйлээс муу үйлийн үр-чанар гарна. Харин сайн үйлээс сайн л үр -чанар төрнө.
Түүний яруу найраг дахь муруй бус огтлолцол нь хүнийг бус эдийг шүтэх, оюуныг бус материалыг шүтэх, мөн чанарыг бус өнгийг шүтэх, харанхуй сэтгэлгээтэй, харанхуй үзэлтэй харшилдаж байгаа юм.
Цаг үе нь ямар байна.Яруу найраг нь тийм байна гэдэг билүү. Хачин хуучин сонсогдож байна. Харин ч эсрэгээрээ яруу найраг нь ямар байна. Цаг үе нь тийм байна гэмээр ч юм уу? Цаг үеийн яруу найраг, нийгэм улс төрийн уянга гэж бас бий. Энэ бүхэнтэй түүний яруу найраг ямар хамааралгүй. Үнэндээ тэр улс төрийн яруу найрагч бус харин ч “anti” сэтгэлгээний яруу найрагч. Гэхдээ шударга бус, хүнлэг бус, зөв бус хүн –нийгэмтэй эсрэгцэж байгаа юм. Үзэл санааны эсрэгцэл болохоос шалихгүй гавъяа шагнал, алдар нэр горьдоод тэр нь бүтээгүйд гомдоод эсэрүүцээд байгаа юм биш гэдгийг манай утга зохиолын хүрээнийхэн болоод мэргэн уншигчид бүгд бэлхнээ мэдэх тул би нэмж юу хэлэх билээ.
Үр- чанарыг магадгүй буруу ухаарсан ч байж болох юм. Харин цаг үеэ бол зөв мэдэрч байгаа гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Дэлхийн эдийн засгийн хямрал гэсэн сүүлийн үеийн “супер” халхавчийг би “дэлхийн оюун санааны хямрал, үзэл санааны хямрал гэж ойлгоод Д.Урианхай абугайн шүлгүүдээс өөрийнхөө бодолтой нийлэх санааг нэгжиж хайсан юм. Азаар энэ түүвэр (“Огтлолцохуй” 2007) бүхэлдээ бусдын оюун санаанд дулдуйдан, бусдын хямралаар хямарч буй цаг үеэ “өрөвдсөн” сэрлийн- дүрээр дүүрэн байна.
Зарим хүмүүс түүний шүлгүүдийг “хэт хүнд” гэж тодорхойлдог. Хөнгөн шүлэгт хайртай байсан үе хэдийнээ ард хоцорсон гэдгийг тэр хүмүүст яагаад ч юм бэ, хэлмээр санагддаг. Гэхдээ дахиад хэзээ нэгэн цагт “уянга, хөнгөн” хоёр яруу найрагт эргээд ирнэ гэж боддог.Даанч хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Харин өнөөгийн эрин зуун бол хүссэн хүсээгүй яах аргагүй ”Rock” зуун шүү дээ? Нэг үгээр бүхэлдээ” хэт хүнд” талдаа. Тийм цаг үеийг хөнгөнөөр илэрхийлэх ёстой тэнэг хэрэг мөн. Гэтэл ийм хүнд цаг үед яруу найрагчийн шүлгүүдэд дотоод шаналан, дотоод хайр ингэж илэрсэн бол та яах вэ?
Могой атирахаа хүнээс сураагүй шиг,
Нохой хуцахаа хүнээс сураагүй шиг,
Мойлын цэцэг үр түрж унахаа хүнээс сураагүй шиг,
Сансарын хумхи дэлхий үүсгэж сарнихаа хүнээс сураагүй шиг,
Эх орноо хайрлахаа хүнээс сураагүй ээ, би

(Д.Урианхай “Огтлолцохуй” 2007,
хэмээжээ.

Зарим талаар хачирхмаар, зарим талаар гайхмаар “эргэлзээ” түүний уран бүтээлийн дотоод ертөнцийн нэгээхэн хэсэг, түүнээс цааш оюун санааны хичнээн орчил буйг тааварлашгүй билээ. Магадгүй нь хувилбараар яруу найрагч “Дотоод шаталтын хөдөлгүүр” –ээс эхлээд цаг үетэйгээ үзэл санаагаар харшилдсан болов уу? Тэрхүү харшилдаан нь энэ амьдрал хэмээх хавтгай дээр олон зүйлтэй огтлолцсон нь Урианхайг, Урианхай болгосон бололтой. Амьдралыг олон талтай гэж тодорхойлдог боловч үнэндээ дэлгэмэл орон зай дээр дэндүү энгийн тодорхой санагдана. Тэр тодорхой чанарыг Д.Урианхай абугайн шүлгүүд мөн өвлөж буй нь сонирхол татаж байгаа юм.

Энэ хүрээд гурван бодол минь мухардаж, монголын их утга зохиолд “билэг оюуныг шүтэн биширч” (БИШҮБИ) яваа эрхэм бичээчийн утга гүнзгий яруу найрагт нэвтрэх гэсэн “оролдлого” минь өнгөц төдий болсон мэт санагдав. Гэвч хүн хүнээрээ, худал хуурмаггүй үнэн шударга байж, нийгэм иргэншил нь ч хүнийхээ төлөө, яруу найраг ч гүн сэтгэлгээний байж, сайн үр-чанар цагийн цагт боловсорч байхыг үргэлжид хүсэмжлэх гэгээн сэтгэлтэй монгол найрагчийн тухай зүрхээ хөглөн хөглөн бичлээ.
Та хөглөгдөж уншин урамшина уу, хөмхийгээ зуун урвалзана уу? Хэрхэхийг тэнгэр мэдэх хэрэг, ээ.
Доктор П.Батхуяг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment