ЦАГААН САРААР ХӨГШИН ЭЭЖИЙН ХАШААНДАА ТАТУУЛСАН ЗУРАГ

ЦАГААН САРААР ХӨГШИН ЭЭЖИЙН

ХАШААНДАА ТАТУУЛСАН ЗУРАГ

“Зэлийн гол”-д тоглож өссөн
багын найзууддаа зориулав.

1.
Хамгийн доод шургаагт нь
хац минь хүрсэн цагаас
Хамгийн дээд шургаагт нь
харц минь торохоо байтал
Иргэний дайны сэдэвт тоглоомоо
Их олон жил тоглож дээ
энэ хашаанд.

Цас чихруулалгүй гэтэн очоод
Чанх араас нь “Диш” гэж буудах
Юу ч билээ дээ, хэдэн үг хашгираад
Хяран сууж орчиноо ажих..,
Амьдралд хэрэгтэй олон алхамыг
Анх тэнд л хийж дээ бид...

“Хар амбаар дээр гарахгүй” гэсэн
Хатуу хууль тэнд үйлчилдэгсэн.
Зулзаган багын найзуудынхаа
Зулай руу нь шагайлгүй өссөнсөн.

Харганы үзүүрт хадаас бэхлээд
Сүүлчийн удаа хэрээ харвасан минь, хэзээ билээ
Дулааны хоолой хагалж түлхээд
Сүүлчийн удаа усанд явсан минь, хэзээ билээ.

2.
Зургаан ханатай энэ гэрийн
Зүүн хоймор дахь шар шүүгээнд
“Дори идэр...” нэрт нэгэн ном байсан
Учиргүй олон юмсын нэртэй
Уг ном яагаад сайхан санагдсаныг,
Хөл гар нь тасарсан хуванцар цэргүүдийн амардаг
Хөгшин ширээ хэдэн настайг,
Үүдний дулаалганд хацраа наахад
Үргэлж яагаад халуун байдгийн учирыг
Өдий болтол би олоогүй
Өдий болтол учирыг нь олоогүй
Олон олон дурсамж минь
Өглөө бүхэн надтай хамт сэрж
Өөр олон олон дуулиант явдалуудын өмнө
Өрөвдмөөр, гэрэвшингүй хормой засан зогсном.

3,
Жил бүрийн цагаан сараар ээж минь
Жижигдсэн дээлийг минь ханзалж
Хормой ханцанд нь шинэ хөрс нэмдэгсэн
Цасан дундуур гүйхэд хормойн үзүүр сагсалзаад
Хөгшин ээжийн хашаанд бараг л нисэж хүрдэгсэн.

Цэнхэр голдуу дээлтэй
Улаан голдуу хацартай
Дугаар хашааны цэргүүдийн
Дуу нь тэнгэрт хаддагсан.

Дөч давсан хэмийн хүйтэнд
Нусаа гоожуулан гүйлдэх
Ухрахаа мэдэхгүй энэ цэргүүдийн
Урд эгнээнд нь л явсансан.

4.
Арын хороололын арын хашаанаас
Ам хамраа шавж устгагч шиг баглуулж аваад
Эмээгийн хашааны урдуур сургуульд явдаг зам
Эцэс төгсгөлгүй хол санагддагсан.
Цасан анаахай шиг цантаж халууцсан жаалууд
Цагаан гэгээнээр сургуульдаа очдогсон.

Нар голлох үес ам уралдан шуугилдсаар
Эмээгийн хашааны урдуур гэртээ харих зам
Босго давах шиг ойрхон санагддагсан.
Босгоороо би уур савсуулан ордогсон.

5.
Ная шахсан эмээ минь
нялх ач нараа тойруулаад
Нартай сайхан өдөр, хашаандаа
энэ зургийг татуулжээ.
Дуран жаахан даялсан бол
хар амбаар багтах байж
Духаараа үргэлж мөргөдөгсөн
шургааган хашаа хэвээрээ аж
Өнөө, наранд гандсан үүдний дулаалга
Өдгөө ч халуун л байгаа даа.

Өргөн ултай гутлаараа
цас чихаруулан гүйх гэж
Өвлийг би тэсгэлгүй хүлээдэгсэн.
Тэгж чихаруулан алхасаар хөгшин ээжийнхээ
үүдийг татах мөч
Тэнгэр минь, надад одоо хэд үлдсэн билээ дээ?


2010.01.28 Улаанбаатар

3 Сэтгэгдэл:

Тошил said...

HUGSHIN EEJ min

Тошил said...

Цэнхэр голдуу дээлтэй
Улаан голдуу хацартай
Дугаар хашааны цэргүүдийн
Дуу нь тэнгэрт хаддагсан.

oldoshaksli said...

duu ni tengert haddagsan...

Post a Comment