ӨВЛИЙН ШҮЛЭГ


Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг харнам.
Тэр ододын дор төрсөн гэр минь буй
Зузаан ботийн хуудас эргэх шиг
Хуйлраа салхинд цас угалзран буй
Дулаан хөнжилдөө эрх дүү минь
Зуныг зүүдлэн нойрсож буй.
Илч уугисан галын гэрэлд
Унийн толгой улалзан буй
Ижий аавын орны хөлөөр
Илгэн гос нь түшилдэн буй.

Гэнэн цагийн гэрэлт дурсамж
Гэнэтээр сэтгэлд жавар сийгүүлж
Умрын тэнгэрт гэрэлтэх ододыг
Урьд урдаас шунаглан ширтнэм.
Тэр ододын дор төрсөн гэр минь буй
Инээд хөөрийн минь цуурай шингэсэн
Банзан хашааны хөлд, овойх цасан дунд
Их л багадаа тарьсан улиангарын минь
Идэрхэн бие гэрэлтэн буй.
Үхэр жилийн өвлийн эхэн хулгана сар.
Улаанбаатар хотод цас бударч сэтгэл үймүүлэхийн завсар
төрсөн гэрээ нэнд санан бичвэй.

2 Сэтгэгдэл:

ЗОРИГТ8 said...

Илгэн гос гэхээр чамайг ямар ястан болохыг гадарлав

oldoshaksli said...

bayad

Post a Comment