Би итгэдэг...


Хурууны минь үзүүрээс уяатай алтан утасны
Хурмаструу цойлсон нөгөө үзүүрээс чи атган суугаа.
Би итгэдэг, энэ орчлонд
Биднийг холбосон ямар нэгэн шижим бий гэдэгт.
Хуруугаараа би тэнгэрээс дүүжлэгдээд
Нуруугаа амьдралруу харуулчихаад агаарт хөвөөд л байгаа
Бодит амьдралдаа эргэн ирээч гэсэн
Богинохон үгтэй захидлууд надад ирээд л байгаа
Би итгэдэг энэ амьдралд
Бидэнд зориулагдсан ямар нэгэн орон зай бий гэдэгт.
Галт тэрэгнүүд урдаа тийм урт шат тавьчихаад
Газар дээгүүрээ л мөлхөөд байхаар нь заримдаа би цухалддаг ч
Үүл болоод нар, тэдний дэргэд чи минь байхад
Өчүүхэн төдий салхи дэгдэхэд л хөөрч чадах юм шиг санагддаг
Тэгээд л би ямагт инээж, дээшээ ширтэж
Тэндээс чи гараан сунгаж, намайг татаад л авах өдрийг
Тэсгэлгүй ихээр хүлээж, хүлээн хүлээхдээ
Тэнгэр болоод газрын хооронд
Тэгийн төдий ч зай үгүй дээ гэж боддог...
Би итгэдэг, энэ орчлонд
Бидэнд зориулагдаагүй ямар боловч зүйл үгүй гэдэгт...



2009.12.18

*Яруу найрагч

Батсуурийн

БАЯСГАЛАН.

0 Сэтгэгдэл:

Post a Comment