АРИМАгийн ИНЭЭмсэглэл...


ААВ ОХИН ХОЁРЫН ЯРИА

-Аав аа, аав аа

Алим нар шиг гэрэтдэг болов уу?

-Охин минь, тэнгэрийн үр минь

Одоо ч тэр гэрэлтэж л байгаа

Өөдөсхөн охины минь дэргэд болохоор л

Үзэгдэхгүй байгаа юм даа тэр гэрэл нь

-Аав аа, аав аа

Аяга тэгвэл дуулдаг болов уу?

-Алаг үр минь, тэнгэрийн охин минь

Аяга дандаа дандаа л дуулдаг юм аа

Цангинатал үр минь инээж байгаа болохоор

Чагналаа ч гэсэн сонсогдохгүй байгаа юм аа



-Тэгвэл аав аа

Тэнгэр ер нь уйлдаг болов уу?

-Эвий охин минь, миний тэнгэр минь

Эрхлэхээрээ чи уйлдаг л биз дээ

Алимыг гэрэлтүүлж, аягыг дуулуулдаг үр минь

Аавыгаа байхад л уйлж болохгүй шүү,

тэнгэр минь!

2007 он.





* * *

Гэр минь дулаахан

Гэрэлтэй...

Буйд хөдөө-

Бурхдын орон

Би өрөөндөө

Бичгийн ширээгээ дэрлээд

Аниргүй энэ л нам гүмд

Амьсгалаа чагнан суунам

Арын тэр л өрөөнд

Аав эжий хоёр минь

Атгалцсан гар нь бурхадын мутар мэт

Ариухан дулаахан...

Хайрлан тэднийгээ ажихад

Хайр минь улам ундарнам

Уяран тэднийгээ ширтэхэд

Уярал улам төрнөм

Аав ижий хоёр минь!

Бичгийн шалтаг амьдрал, үхлийг

Биед минь шингээсэн далд сэрэл

Эгэлийн эгэл эрхэмээс эрхэм

Ижий, аав л хоёр минь!

Атгалцсан гар нь сүмийн хонх шиг

Алсаас дандаа намайг далласан

Эргэж ирэхийн мөнхийн дуудлага

Ижий аав л хоёр минь!

Дулаахан гэрэлтэй орон гэр минь

Дуу алдам нам тайван

Буйд хөдөө - бурхдын орон

Бурхдын бурхад ижий аав минь!

2006.02.22

Түнэл





* * *

Ялимгүйхэн гунигтай цас орж байна

Яагаад ч би инээж чадахгүй нь ээ

Энэ л агшин хамгийн үнэтэй тул

Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна



Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд

Яруухан хайлж одох ч гэлээ

Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа

Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу

энэ цас



Үүлнээс тасарсан бяцхан амь

Үйлийн үр минь, гэмгүйхэн гуниг

Алган дээр минь буун хайлна, будран хайлна

Ай, би яг одоо л инээж чадахгүй нээ...

2008.02.09



















* Яруу найрагчид, энэ ертөнцийн хамгийн мэдрэмтгий мөртлөө ямар ч үүрэггүй эрхтэн.

Тэр эрхтэнээ олгой авхуулдаг шиг тасдан хаяваас ертөнц тэр дороо үхдэл хүүр шиг цонхийж орхих биз...

0 Сэтгэгдэл:

Post a Comment