Баяд ястан, Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу”

ТАВАН ЦАГАРИГ” Г.БАЯРСАЙХАН, Ж.БАТМӨНХ

Монгол Улсын гарьд Баянмөнхийн Гантогтохыг олонд танилцуулах нь илүүц биз ээ. Улсын баяр наадамд гурван удаа үзүүрлэсэн хүчит гарьд, дэлхийн томчуудыг айлгаж явсан чөлөөт бөхийн шилдэг тамирчин гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй. Гэвч даруухан гарьд маань тэр бүр хэвлэлд ярилцлага өгч, өөрийнхөө дотоод сэтгэлийг нээгээд байдаггүй билээ. Харин бидний тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, илэн далангүй ярилцсан юм. Дотроо хадгалж, сэтгэл эмзэглэж, гомдож явдаг олон зүйлийг ярилцлагадаа дэлгэлээ.


Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн

-Та сүүлийн үед бөхөөс хол байлаа. Ард түмэн ч хайртай бөхөө юу хийж явааг сонирхож байгаа нь дамжиггүй. Одоо хийж буй ажлын талаар ярилцлагаа эхлэх үү?
-Одоо бөхөөс хөндийрсөн байгаа л даа. Спортоор хичээллэнэ гэдэг маш их хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа шаарддаг ажил. Харин би насанд хүрсэн эр хүн болохоор амьдрал ахуй, гэр бүлээ авч явах шаардлага гарна. Тиймээс бөхдөө 100 хувь бүхнээ зориулж чадахгүй байна. Одоо дан ганц бөхөөр амьдралаа авч явна гэдэг өнгөрчээ. Бөхчүүдээ харж үзэх, шагнал урамшууллын асуудал алдагдчихаад байна. Миний үеийн, надтай хамт барилдаж байсан ихэнх бөх бизнес хөөх тал руугаа хазайчихлаа. Энэ бол бөхчүүдийн өмнө тулгамдаж буй гол асуудал. Ер нь бол барилдъя, бэлтгэл сургуулилтаа хийе, ард түмнээ баярлуулъя гэсэн сэтгэл надад байдаг.

-Тантай нэг үед өрсөлдөж явсан Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг зэрэг бөхчүүд бизнесийн салбарт чамгүй амжилттай явна. Та тэдний адил бизнес эрхэлж байна уу?
-Бизнес хөөж байгаа. Бидний хувьд удам угсаа, аав ээж, гэр бүлээрээ спортын төлөө, бөхийн төлөө бүхнээ зориулж ирсэн. Анх ерээд онд нийгэм өөрчлөгдөөд, хүн бүр амиа бодоод бизнес хийж эхлэх үед бид бөхийнхөө өв уламжлалыг авч үлдэн, залгамж халаагаа бэлдэхийн төлөө хичээсэн. Харин одоо өөрийгөө бодох цаг болж. Тиймээс сүүлийн хоёр, гурван жил бизнесийн хойноос явлаа. Арван наснаасаа эхлэн амиа өгөхөөс буцахгүй бөхийн төлөө зүтгэлээ, одоо санаа амар хол явъя.

-Анх бөхийн замд хэрхэн орж байснаа яривал манай уншигчдад сонин байх болов уу? Аав тань улсад 10 түрүүлсэн дархан аварга, олимп, дэлхийгээс медаль хүртсэн дэлхийд данстай хүн. Тэгэхээр бөх болох зам чинь эртнээс тодорхой байсан болов уу?
-Ухаан орсон цагаасаа л бөх болно гэдгээ мэдэрсэн дээ. Бага байхад аав намайг бөх болгоно гэж их ярина. Таньдаг айлд очихдоо “За миний хүү нэг барилдчих” гээд хүүхдүүдтэй нь ноцолдуулна. Энэ бүгдээс л миний бөхийн гараа эхэлсэн болов уу гэж боддог. Энэ том бөхийн гэр бүл надад хамгийн их нөлөөлсөн.

-Анхны багш хэн бэ?
-Анх 1984 онд аав намайг Спортын төв ордонд чөлөөтийн Т.Батчулуун багш дээр дагуулан аваачиж билээ. Тэгэхэд их гоё сэтгэгдэл төрж байсан. Яг албан ёсоор секцэнд орж, бөхийн гараагаа эхэлж байна гэж бодохоор нэг л гоё. Энэ тухай одоо бодоход их дурсамжтай байдаг юм.

-Том аваргын хүү болохоор хүмүүс таныг анхааралтай харж байсан байх. Чөлөөтөөр хичээллэж эхлээд анхны амжилт хэр хурдан ирэв?
-Тэр үеийн сургалт маш чанартай байж. Олон шилдэг бөхийг дэлхийд гаргаж ирсэн Оросын сургалт дасгалжуулалт бидэнд их нөлөөлсөн л дөө. Батчулуун багш тэр үед биднийг их сайн бэлдсэн гэж боддог. Бэлтгэл дээр мэх давтахаас гадна авхаалж самбаа, бие бялдар хөгжүүлэх дасгал гээд маш өргөн цар хүрээтэй бэлтгэл хийлгэнэ.

Намайг анх секцэнд ороход аав надад хоёр жил ямар ч тэмцээн, уралдаанд орж болохгүй гэсэн. Эхлээд сууриа зөв тавих ёстой гэж үзсэнээс тэгсэн хэрэг. Тэгээд хоёр жил хичээллэсний дараа хамгийн анх секцнийхээ аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүллээ. Намайг түрүүлсэн гээд диплом гардуулсан нь их урам өгсөн л дөө. Тэр бол улс, дэлхийн аваргынх биш, зүгээр л секцний тэмцээнд түрүүлсэн диплом. Гэхдээ л энэ нь маш их урам хайрласан. Эндээс юм бүр анхнаасаа эхэлдэг, шат дараалалтай явдаг гэдгийг ойлгосон. Монголчууд “Хүүхдийг бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг хамгийн үнэн үг. Энэ дипломыг одоо болтол би хадгалаад байдаг юм.

Харин дараахан нь наадмын хүүхдийн барилдаанд оролцохоор бэлтгэж эхэллээ. Тэр үед манайх Дамбадаржаад зусдаг байсан юм. Батчулуун багш манайд ирж, бэлтгэл хийлгэнэ. Энэ үед л зодог, шуудаг анх өмсөж билээ. Тэгээд наадмын өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Тэр жил аав шигшээ багийг дасгалжуулан Москвад Сайн санааны тоглолтод оролцоод наадамд барилдаагүй. Наадмын дараа аав ирчихээд “Намайг наадмын дэвжээнд барилдалгүй өнжсөн жил хүү маань түрүүлж, их билэг дэмбэрэлтэй явдал боллоо” гэж ярихад нь их урам орж байсан. Энэ бүгдээс би хүний хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлэх, хүнд урам хайрлах хамгийн чухал гэдгийг ойлгосон.

Надад хайрласан энэ их урам миний амжилтад багагүй нөлөөлсөн гэж боддог. Хүүхдийн наадамд түрүүлсний дараа тэмцээнд оролцох бөөн хорхойтой боллоо. Тэр намартаа Төв аймагт болсон чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-д анх ороод алтан медаль авсан. Тэр үед дурсамжтай барилдаан их гарсан л даа. Би хэсэгтээ нэг ялагдчихсан юм. Сэтгэлээр унаад сууж байтал намайг ялсан нөхөр маань бас нэг хүүхдэд ялагдчихлаа. Ингээд нөгөө хүүхдийг оноогоор цэвэр ялж байж хэсгээсээ гарах болсон. Барилдаан ч санаснаар болж хэсгээсээ шалгарч, улмаар аваргалж байлаа. Их л өрсөлдөөнтэй тэмцээн болсон санагддаг.

-Ер нь чөлөөтөөр хэдэн кг-аас эхэлж барилдсан бэ? УАШТ-ээс авсан медаль гэвэл нэлээд их тоо гарна биз?
-Өсвөрийн УАШТ-д түрүүлэхдээ 63 кг-д орж байсан. Дараа нь жин өгссөөр байгаад 130 кг хүртэл барилдсан даа. Тэр тэмцээнээс хойш орсон тэмцээн болгоноосоо медаль авсан. Өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ-аас 10 гаруй алтан медаль авсан.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх хэдэн онд түрүүлсэн бэ?
-Одоо ч ихэнх нь мартагдаж байна шүү. Ямар ч байсан 1992 оны спартакиадаар түрүүлж байлаа. Том тэмцээнд түрүүлсэн болохоор Барселоны олимпод оруулж магадгүй гэсэн яриа гарсан ч миний оронд Н.Түмэннаст явж байсан.

-Үүнээс өмнө олон улсын тэмцээнүүдэд ороод үзчихсэн байв уу?
-Би чөлөөтөөр их багаасаа барилдсан. 1988 онд Австрид болсон өсвөрийн ДАШТ-д ороод хоёр хожиж, хоёр хожигдож байлаа. Дараа нь 1991 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авсан.

-Тэр үед ямар хүчтэнүүдтэй тулж медаль авав?
-Тэр их сонин түүхтэй тэмцээн байсан юм. Би “Шонхор” клубийн О.Мөнхбат багштайгаа хоёулхнаа явсан. Манай Мөнхбат багш маш олон төрлийн үүрэг гүйцэтгэж байлаа. Дасгалжуулагчаас гадна улсаа төлөөлж хурал, техникийн зөвлөгөөнд сууна. Мөн эмч, сэтгэлзүйч гээд л. Тэмцээний өмнөхөн аав зардал хайж олоод явуулж байлаа. 1991 он гэдэг спортод мөнгө өгөх нь байтугай улс өөрөө дампуурах шахчихсан хэцүү байсан үе шүү дээ. Эхний тойрогт Өмнөд Солонгосын бөхтэй таарсан. Тэгэхэд өөрийн шүүгч байхгүй, буурай орны бөхийн зовлонг мэдэрсэн дээ.

Би тэр барилдаанд үнэхээр “хийлгэсэн”. Одоо бичлэг нь байдаг бол үзмээр санагддаг юм. Өөрийн тооцоогоор бол арваад оноо авсан байдаг. Би л ажиллаад байдаг, оноо өгдөггүй. Дээр нь ганцаараа болохоор бие халаах хүн байдаггүй. Мөнхбат багштайгаа л тулна. Багш маань хажуугаар нь барилдааны кодекс хөтөлнө, өрсөлдөгч бөхчүүдийг судална гээд ажил ихтэй. Тэгээд тэр солонгостоо ялагдчихлаа. Харин дараа нь гурав ялж хэсгээсээ хоёроор гараад Туркийн бөхтэй хүрлийн төлөө барилдсан. Нөгөө хэсгээс иран, турк гарч, Оросын бөх мултарсан. Ер нь залуучууд, өсвөр үеийн тэмцээнд Турк, Ираны бөхчүүд насаа дарж их орно. Надтай барилдсан турк л гэхэд харваас хөгшин царайтай. Бие бялдар аймаар хөгжсөн, булчин шөрмөс болсон хүн байсан.

Би тэгэхэд 2:1-ээр ялж хүрэл медаль авсан юм. Тэр үед Канадын Зильберман гэж дасгалжуулагч надад их тус болсон. Орост амьдарч байгаад хавчигдаад Канад руу гарсан еврей хүн. Тэндээ очоод “Монреаль” гэдэг клуб байгуулж, дасгалжуулагчаар нь ажиллаж байгаад сүүлд шигшээ баг удирддаг болсон гэсэн. Тэр хүний шавь нь ДАШТ-ий финалд манай О.Пүрэвбаатарыг ялдаг Г.Сиссаури. Би өөрөө 23 дугаар сургуулийг төгссөн, унаган орос хэлтэй болохоор орос хүнтэй ярилцахад ямар ч асуудалгүй. Зильберман тэр ДАШТ-ий үеэр надтай их сайн найз болсон. Намайг Канадад ирж над дээр хичээллээч гэсэн санал хүртэл тавьж байсан юм. Надад их зөвлөгөө өгнө өө.

Намайг турктэй барилдахын өмнө “Чи наадахаа ядрааж барилд. Дугтраад, хөлд нь хий дохиж дөрвөн хөллүүл. Урьдны барилдааныг нь харж байхад их амархан цуцдаг юм билээ. Тиймээс маш их хөдөлгөөн хийж ядрааж байгаад сүүлийн минутад оноогоо ав” гэж зөвлөсөн юм. Би яг тэр зөвлөгөөнийх нь дагуу барилдаад ялж байлаа.


Шигшээгийн ах нарыг бүгдийг нь хожно гэсэн зорилготой бэлтгэл хийдэг байлаа

-Тухайн үед шигшээ багт өрсөлдөөн хэр ширүүн байсан бол?
-Манай “Шонхор” клуб гээд хүчтэй өрсөлдөгч гараад ирчихсэн байсан л даа. Манайхан шигшээгийн ах нарыг бүгдийг нь хожно гэсэн зорилготой бэлтгэл хийдэг байлаа. Тиймээс тусдаа, нууц бэлтгэл хийнэ. Бас “Шонхорын таван цул” нэртэй тусгай уудаг бэлдмэлтэй байв. Үүнийгээ уучихаар хүч чадал дорхноо сэргэж, алдсан энергиэ нөхөөд авчихна. Үүгээрээ шигшээгийн тамирчдаас давуу талтай.

-Тэр нь ямар бэлдмэл байх вэ? Нууц жороо дэлгэж болох уу?
-Одоо шинжлэх ухаан хөгжчихсөн энэ үед нууцлаад байх шаардлага байхгүй л дээ. Тэнд үзэм, нохойн хошуу, зөгийн бал, байхуу цай, хушга ордог байсан. Байгалийн гаралтай гэдэг утгаараа зүрх судасны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлнө. Намар нь бид нар хөдөө, гадаа явахдаа нохойн хошуу түүж ирнэ. Аав л энэ жорыг гаргана шүү дээ. Тамирчин хүн бэлтгэл хийхээс гадна алдсан эрч хүчийг нөхөх амин дэм хэрэгтэй байдаг. Тэр нь байгалийн гаралтай байвал асар нөлөөтэй. Тэр үед манай бөхчүүд шигшээгийн ах нарыг чичрүүлдэг байж. Ямар сайндаа шигшээгийнхэн “Шонхор”-ын бөхчүүдтэй тэнцүүхэн барилдвал сүүлдээ цуцна шүү” гэж ярьж байхав. Манай “Шонхор”-ын залуус тэр үед асар том багтай зоригтой тулалдаж гарч ирсэн юм шүү. Ихэнх нь дэлхийгээс медальтай том бөхчүүд тэр үеийн шигшээд багтаж байсан. Ийм хүчтэй өрсөлдөгч байсан нь биднийг их хурцалдаг байлаа.

-”Шонхор”-ын залуус хэзээ ах нараа дийлж, багаараа тэргүүлсэн бэ?
-Ерээд оны дундуур анх удаа багийн дүнгээр алтан медаль авсан. Ний нуугүй хэлэхэд тэр үед бүгд манайхныг доош дарах гэж хичээдэг байлаа. Багийн дүнгээр гайгүй гараад ирэхээр нэг нэгэндээ бууж өгөөд л өөрсдийгөө дээш нь гаргачихна. Нөгөө айхтар “Хүч”, “Алдар”, шигшээгийнхэн бүгд нийлээд бидний эсрэг үзнэ шүү дээ.

-Улсын аварга болсон хүн шигшээ багт орж, тэр жилдээ хилийн чанадад улсаа төлөөлдөг нь бичигдээгүй хууль. Та нар нөгөө дарахыг хүсээд байсан ах нарыгаа хожоод шигшээд орохоор клубээс тань хэр ялгаа мэдрэгддэг байв?
-Шигшээ баг гэдэг маш олон дасгалжуулагчийн ажлыг үнэгүйдүүлдэг сөрөг талтай. Тиймээс энэ байдлыг эвдэх гэж “Шонхор” клуб байгуулагдсан. Олон улсад спортыг клубийн системээр хөгжүүлж, амжилтад хүрсэн нь илүү. Шигшээ багийн дасгалжуулагч гэдэг нэг хүн үнэгүй хоол хүртчихээд сууж байдаг. Энд тэндээс гайгүй хүүхэд ирэхээр өөр дээрээ авчихаад тэр олон багш дасгалжуулагч нарын хөдөлмөрийг зүгээр сороод сууж байна. Тэгээд тамирчин нь амжилт гаргавал гавьяа шагналыг нь ганцаараа хүртчихдэг. Миний бодлоор аль клубийн тамирчид УАШТ-ээс олон медаль авч байна, тэр клубийн дасгалжуулагч нь шигшээгийн ахлах болох ёстой. Энэ л хамгийн шударга систем. Сүүлийн үед үүнийг ойлгож, дэмжих хандлага гарч байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь үүнийг ойлгох гэсээр байтал маш их цаг алдлаа. Ер нь чөлөөт бөх унасан гол шалтгаан энэ шүү дээ. Шигшээ баг байж болно оо. Шигшээ багийн дасгалжуулагч хүн клубүүдэд амжилттай барилдаж байгаа залуусыг зөв таньж, цуглуулж, судалгаа шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Мөн ивээн тэтгэгч, спонсоруудыг хайж олох зэргээр менежерийн үүрэг гүйцэтгэнэ.

-Та Атлантын олимпоос өмнө хоёр ч ДАШТ-д медалийн оосроос атгаад алдсан. Тэр үед юу болсон юм бэ?
-1994 онд улсын заан болсон жилээ Туркт болсон ДАШТ-д тавдугаар байрт орсон. Хэсгийн аваргын төлөө Махарбек Хадарцевтэй барилдаж байлаа. Бидний өмнөх үеийн бөхчүүд мундаг амжилттай байсны нэг сайхан нь тэднийг ялаад дэлхийд гараад ирэхээр бусад бөхчүүд биднээс айдаг юм билээ. Хэсгийн аваргын төлөө барилдахад Хадарцев бүр чичирчихсэн байсан. П.Сүхбатыг ялж гарч ирсэн гэхээр мундаг бөх байна гэж ойгосон юм шиг байгаа юм. Харин би бол юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд. Дэвжээн дээр ямар ч бөхөөс айхгүй гээд л гарна. Тэгэхэд ялихгүй жаахан юмаар оноо алдаж 2:0-ээр хожигдсон л доо.

Дараа нь хүрлийн төлөө дэлхийн аварга Мелвин Дуглас гэж Америкийн бөхтэй барилдаж 3:0-ээр ялагдсан. Тэр үед дэлхийн томчуудтай үзэж болох юм байна, биднээс хол тасарсан юм алга гэсэн бодол төрсөн дөө. Яах аргагүй дийлдсэн биш, туршлага дутаад жижигхэн юман дээр ялагдсан болохоор дараагийн удаа бэлтгэлээ сайн хийгээд ирвэл эд нартай “алалцаж” болох юм байна гэж бодсон. Өмнө нь дэлхийн том бөхчүүдэд “уншуулах” байх гэсэн бодолтой байсан нь алга болоод, өөртөө итгэх итгэл төрж билээ.

Анх удаа дэлхийн томчуудтай гар зөрүүлээд ойрхон хожигдсондоо урам ороод дараа жил нь медаль авах зорилготой бэлдэж эхэлсэн. Тэр үед аав А.Сүхбат бид хоёрыг Гачууртад аваачиж бэлтгэл хийлгүүлж байсан. Тэндээ дэвжээ засаад хоёулхнаа бэлтгэл хийсэн. 1995 оны ДАШТ АНУ-ын Атлантад боллоо. Би тэгэхэд хэсэгтээ Ираны Расул Хадемд ялагдсан юм. Харин дараа нь тав дараалж ялаад хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрлийн төлөө өнөөх Дугластайгаа дахиад таарлаа. Урьд нь 3:0-ээр ялагдсан бөхтэйгөө нутгийн дэвжээн дээр нь барилдахад хүнд л байлаа.

Би өмнө нь нэг барилдсан болохоор хожиж болох юм байна гэсэн итгэлтэй байсан л даа. Барилдааныг нь ч нэлээд судалсан. Тэгэхэд 1:1-ээр тэнцээд шүүгчийн саналаар ялагдсан юм. Их харамсалтай барилдаан болсон. ДАШТ өндөрлөсний дараа “Дэлхийд миний хамгийн эвгүй өрсөлдөгч Ираны Хадем л юм байна. Түүнийг ялж байвал бусдыг нь аргалж болно” гэж ойлгосон. Ингээд нутагтаа ирээд Хадемтай барилдах бэлтгэл хийж эхэллээ. Ингээд 1996 оны Азийн АШТ-д орсон. Энэ тэмцээнээс олимпийн эрх өгөх байсан болохоор нэлээд өрсөлдөөнтэй болсон. Миний бэлтгэл ч маш сайн байж.

Тэр үед аав танай сонинд ярилцлага өгөхдөө “Хадемд хоёр цоорхой байна. Тэр алдааг нь ашиглаж чадвал хоёр оноо авч болж байна. Харин гурав дахийг нь авахад хэцүү” гэж дүгнэж байсан. Азийн АШТ-д өнөөх Хадемтайгаа хэсэгтээ таарлаа даа. Хадемын баруун хөл бага зэрэг бэртэлтэй байсан. Би хөлд нь орж нэг оноо авчихаад тэр хөлийг нь мушгиж эргүүлэх гэснээ адилхан бөх хүн байж нэгнийхээ өвчтэй хөлийг нь хөндөөд яахав гээд больчихсон юм. Дараа нь дахиж нэг оноо аваад 2:0-ээр хожиж явахад Хадем завсарлага авлаа. Нөгөө хөл нь өвдөөд үргэлжлүүлж барилдахгүй санаатай байсан байх.

Гэтэл аав, ах хоёр нь хүрч ирээд юм яриад байна. Ямар ч байсан өөдтэй зөвлөгөө өгөөгүй байх. Аллах тэнгэр гээд л баахан ярих шиг болсон. Тэгээд барилдаж байтал шагайгаараа хөлдөө алдчихлаа. Хадем ч хөл сайн авна л даа. Би оноо алдахгүй гээд эргэтэл миний хөлийг дэвжээтэй наагаад барьчихсан. Шагай мултарчих шиг санагдсан. Босоод иртэл хөл дээрээ гишгэж болдоггүй. Бараг толгой шиг том хавдчихаж. Хөлдөөгч цацаад ч мэдээ алддаггүй. Ёстой аймаар бэртэл авсан. Ингээд 2:1-ээр хожиж явсан мөртлөө бэртлээр ялагдаж, олимпийн эрхгүй хоцорсон.

Ер нь бөхчүүд хүзүү хугархай, хавирга зөрчихсөн, гар хөл хугархай байсан ч бараг тоохгүй шүү дээ. Харин гишгэж чадахгүй болохоор яаж ч болдоггүй юм билээ. 1993 онд манайд болсон Азийн аваргаар хоёр хавирга давхралдчихсан барилдаад мөнгөн медаль авч байлаа. Дэвжээн дээрээ барилдсан болохоор хариуцлага өндөртэй байж. Олимпийн мөнгөн медальтай солонгосыг (Ян Хён Мо) 1:0-ээр хожоод финалд шалгарсан юм. Намайг хожиж явахад нөгөөх чинь накат эргүүлэх гээд яг нөгөө хавиргаар тэврээд авсан. Эргэчих юм бол оноо алдчих гээд байдаг.

Ёстой шүд зуусаар тэсээд өнгөрсөн дөө. Гол таслах шахдаг юм билээ. Би өвчтэй хавирган дээрээ юм наачихсан болохоор нөгөөх чинь мэдэж байсан. Албаар тэгж байхгүй юу. Харин аваргын төлөө барилдахад бэртэлтэй байсан болохоор яаж ч чадаагүй. Ах Хадемтай үлдсэн юм. Би уг нь хөлд ороод эхний оноог авсан ч дараа нь крест мэхэнд орж, тэр дороо тав, зургаа... эргээд босоод ирсэн чинь оноогоор цэвэр ялагдчихсан байсан (инээв).


Надад бэртэлгүй эрхтэн гэж алга

-Шагайны гэмтэл хэзээ эдгэрсэн бэ?
-Ер нь хүнд гэмтэл эдгэдэг юм уу. Одоо хүртэл тэр бэртлийн хор нөлөө гүйцэд арилаагүй л байна. Үе хоорондын бэртэл бол мэс засал хийгээд 70, 80 хувь эдгээж болдог юм билээ. 100 хувь эдгэрнэ гэж байдаггүй. Хэдий гайгүй эдгэсэн ч урьдынх шигээ барилдаж чадахаа больчихно. Овоо гайгүй эдгэж байсан ч бэлтгэл дээр хөндөнө гээд асуудал их. Одоо миний хувьд бэртэлгүй эрхтэн гэж алга. Арван хуруунаас эхлээд хоёр тохой, мөр, хүзүү, гол яс, хөл гээд бүгд бэртэлтэй. Бас бүх хавирга хугараад бороолоод эдгэчихсэн. Гэхдээ зөөлөн эдийн гэмтлээсээ ясны хугарал гайгүй.

Харин хугарсан яс улам хатуу, чанга болсон юм шиг санагддаг. Ер нь их спорт хүнд шүү. Ялангуяа чөлөөт бөх. Дандаа контакттай барилдана. Зайнаас мэх хийнэ гэсэн ойлголт байхгүй. Дандаа өчих, үений эсрэг мэх хийж оноо авна. Оноо алдахгүй гээд хүчтэй эсэргүүцвэл хүнд гэмтэл авч болохоор. Накатанд явахгүй гээд зүтгэвэл хавиргыг хуга тэвэрнэ шүү дээ. Мэхийг өвтгөж голцуу хийнэ. Хүнийг өвтгөж, яалт ч үгүй байдалд оруулж байж л оноо авна. Ялангуяа өндөр түвшний бөхчүүд нэгнээсээ тэгж л оноо салгадаг. Чөлөөт бөх харгис спорт шүү.

-Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпод цагаан хуудсаар орсон байх аа?
-Намайг хоёр ДАШТ-д медалийн төлөө барилдсан, эрхийн тэмцээнд хожиж яваад гэмтлээс болж ялагдсан гээд олимпод цагаан хуудсаар оролцуулж байлаа. Харамсалтай нь Атлантын олимпод бэртэл гүйцэд эдгээгүй, бэлтгэл дутуу байсан болохоор санасандаа хүртэл барилдаж чадаагүй.

-1997 оны ДАШТ-д эхний тойрогт харамсалтай ялагдаж байсан. Тэр барилдаанаа эргээд дурсвал?
-Тэр жил Красноярскт ДАШТ болсон юм. Би эхний тойрогт Оросын Курамагомед Курамагомедовтой оноолт таарсан. Тэр барилдаанд бас л шүүгчийн будлиан орсон. Би тэгэхэд дөрвөн удаа хөлд нь орсон. Хоёрыг нь бол яах аргагүй партерт оруулаад дарахад шүүгч дуртай дургүй нэг оноо өгч байсан. Харин нэгийг нь би өөрөө оноо болгож чадалгүй алдчихсан юм. Сүүлд оноо 2:2 болчихсон үед би хөлд нь ороод оноо авсан ч нөгөөх чинь дэвжээнээс зугтаад гарчихсан. Уг нь тэр үед Курамагомедовыг оноогоор торгох ёстой байсан ч тэгээгүй. Сүүлд би ардаа алдаж нэг оноо алдаад 3:2-оор ялагдсан юм.

-Тэр ДАШТ-д Курамагомедов тантай барилдчихаад хамгийн гол өрсөлдөгчөө яллаа гэж ярьсан гэл үү?
-Ер нь би Курамагомедовын хувьд эвгүй өрсөлдөгч байсан л даа. Тэр их доогуур барилддаг, уян хатан бөх. Харин би тэрнээс доогуур хөл авдаг байсан юм. Жингээ үзүүлчихээд сугалаа татахад би нэгийг, Курамагомедов хоёрыг сугалчихсан. Гэтэл нөгөөх чинь сэтгэлээр унаад. Харин дасгалжуулагч нь “Зүгээр ээ, нутаг дээрээ барилдаж байгаа юм чинь болж л таарна” гээд сэтгэлийг нь засч байсан.

Намайг ойлгохгүй гэж бодсон бололтой, миний хажууд тэгж ярихгүй юу. Тэгээд барилдаж хожигдчихоод буудалдаа очоод зурагт үзэж суухад Курамагомедов ярилцлага өгч байсан. “Би хамгийн их айж байсан гол өрсөлдөгчөө яллаа. Одоо дэлхийн аварга болно” гэж. Цаана нь Иран, Турк, АНУ, Герман, Болгарын өчнөөн мундгууд байхад ингэж том амлаж байгаа юм. Үнэхээр ч бараг оноо алдахгүй явсаар түрүүлж, дэлхийн аварга болсон шүү.

-Түүнээс хойш ДАШТ-д хэдэн удаа оров?
-1999 онд нэг л удаа орсон. Уг нь 1998 онд улсын аварга болсон ч миний оронд Д.Сумъяабазарыг явуулсан юм. Сумъяаг надаас илүү амжилт гаргах магадлалтай гэж шигшээгийн багш нар үзсэн гэдэг юм билээ.

-1999 оны ДАШТ-д орохдоо нэлээд олон кг хассан гэдэг байх аа?
-Би 23 кг-ийг хасч орсон. Ер нь 23 кг хасна гэдэг Монголын спортын түүхэнд дээд амжилт болох байх шүү. 1998 онд явуулаагүй болохоор үндэсний бөхдөө анхааръя гэж бодоод жингээ тавьчихсан юм. Харин дараа жил нь 97 кг-д орох боломж гарахаар нь 120 кг-аас хасч байлаа. Олимпийн эрх авах тэмцээн байсан болохоор сүүлийн удаа хүчээ сориод үзье гэж шийдээд зүтгэсэн. Жин хасахын зовлонг тамирчид л сайн ойлгоно. Жирийн хүмүүс энэ зовлонг сайн ойлгоё гэвэл саунд суугаад таван кг-ийг хасаад үзэх хэрэгтэй. Жирийн үед таван кг хасна гэдэг хэцүү шүү дээ. Гэтэл 23 кг-ийг хасна гэдэг үнэхээр аймаар. Ялангуяа хамгийн сүүлийн 600 грамм үнэхээр чанга байсан. А.Цэдэнсодном багш намайг саун дотор шогшуулж байсан. Багш намайг “За чи 50 шогшчих” гэлээ. Шогшоод дуустал хөлс гардаггүй.

Гэтэл Сэсээр багш дахиад 50 шогшчих гэж байна. Хэрвээ дахиад тэгвэл би ухаан алдаж уначих гээд байдаг. Тийм үед хүнээс их заль гардаг юм билээ. Би багшид “Та гаднаас алчуур аваад ир” гэлээ. Цэдэнсодном багш дотор намайг хараад Б.Жавхлантөгс ах гаднаас хаалга дарчихаад байдаг. Тэгээд багш цаашаа хараад “Цаанаасаа нэг алчуур аваад ир” гээд хэлэх хооронд л дайраад гарчихсан. Гарч ирээд хүйтэн плитан дээр хэвтээд өгсөн.

Тухайн үед тэгж хэвтэх шиг жаргал үгүй мэт санагдаж байлаа. Гэртээ харьсан юм шиг сайхан мэдрэмж төрж байж билээ. Тэндээ жаахан хэвтэж байгаад буцаж ороод 50 шогшсоны дараа жингээ үзсэн чинь яг орсон байсан. Жингээ үзүүлсний дараа аав халуун байхуу цай авчирч өглөө. Тэрийг нь уусан чинь хөлс сад тавьдаг юм. Өмнө нь гарч өгөхгүй зовоож байсан хөлс ганц аяга цай уухад л асгарч өгсөн. Хүн чинь сэтгэлээрээ байдаг юм билээ.

-Тэгж их жин хассан хүн дэвжээн дээр гараад яаж барилдав?
-Мэдээж хэцүү байлгүй яахав. Тэр үед чөлөөтийн дүрэм өөрчлөгдөөд байсан. Дөрөв дөрвөөрөө нэг хэсэгт орж, гарч ирсэн нэг нь кодексийн дагуу барилдах байв. Миний хэсэгт Европын аварга болж байсан Оросын Фраев байсан. Тэр үед Узбекистаны нэрийн өмнөөс барилдсан юм. Мөн Пуэрто-Рико, Албанийн нэг ахмад бөх бид дөрөв нэг хэсэгт орсон. Хамгийн хэцүү өрсөлдөгч Фраевийг 1:0-ээр, бусдыг нь цэвэр ялаад хэсгээсээ гарчихав. Уг нь тэр жил өрсөлдөгч нар гайгүй таарсан.

Би эхэлж туркийг (Ф.Чакироглу) хожчихвол дараа нь грекийг (А.Ксандуполус) хожоод сүүлийн дөрөвт үлдчихээр байв. Би тэр туркийг өмнө нь 9:3-аар хожиж байсан юм. Гэтэл тэр жил 5:4-өөр хожигдчихдог байгаа. Жин их хасаад, тамирдчихсан байсан нь яах аргагүй нөлөөлсөн л дөө. Бас нутгийнх нь дэвжээнд үзэж байгаа нь ч нөлөөлсөн. Тэр үед манайд спортын анагаах ухаан сайн хөгжөөгүй байсныг хэлэх үү. Жин хассан тамирчинд алдсан эрч хүчээ нөхөж авах эм, витамин бараг байхгүй. Харин одоо харьцангуй сайжирсан байна лээ.

-Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат та нарыг хамтраад бэлтгэл хийсэн бол аль нэг нь дэлхийгээс медаль авах байсан гэж ярьдаг…
-Хамтраад бэлтгэл хийх тухай бид нар хоорондоо ярьдаг л байсан. Нэг удаа аав Д.Сумъяабазар бид хоёрыг Спортын төв ордны хоёр давхарт байрлуулаад бэлтгэл хийлгэж л байлаа. Гэхдээ хүмүүсийг дунд нь хагаралдуулаад хоолоо олж иддэг бүлэг хүмүүс байлаа шүү дээ. Тэдний энэ явдал Монголын спорт, ялангуяа чөлөөт бөхөд хамгийн их нөлөөлсөн. Тиймээс би энэ бузар зүйлд хутгалдахаа больё, гадна нь байя гэж шийдээд бөхөө орхиж байлаа. Түүнээс чөлөөт бөхдөө хайргүй, сэтгэл зовдоггүйдээ тэгсэн юм биш шүү.

-Чөлөөтөөр хамгийн сүүлд хэзээ барилдсан бэ?
-2001 оны УАШТ-д барилдаад чөлөөтөө орхисон доо. Ер нь намайг гадуурхаж, хавчих хандлага илэрч байсан л даа. Хүн тодорхой хэмжээгээр амжилт гаргаад ирэхэд дэмжихгүй болохоор ямар ч урамгүй болж байгаа юм. Тэгээд үндэсний бөхөд анхаарлаа хандуулах болсон.

-Та үндэсний бөх, чөлөөт бөхөөр Д.Сумъяабазар аваргатай олон жил өрсөлдсөн. Чөлөөтөөр та хоёрын ялалт, ялагдлын харьцаа ямар бол?
-Би чөлөөтөөр Сумъяад бараг ялагдаж үзээгүй. Харин хамгийн сүүлийн УАШТ-д будлиантай ялагдаж байсан. Ямар ч байсан цэвэр техникийн оноогоор ялагдаагүй юм даг.


Заан цолд хүрсэн мэхийг урьдчилан бэлдсэн байсан

-Та чөлөөт бөхөөс гадна сүмогоор барилдаж, монголчуудаас анхлан дэлхийн аварга болсон хүн...
-1994 оны ДАШТ-д таван тойрог барилдаж, аваргын төлөө Шведийн бөхтэй хүч үзэж байлаа. Өрсөлдөгч маань сонгомол бөхөөр дэлхийн аварга болж байсан. Намайг түрүүлснээс хойш манайхаас хөнгөн жинд А.Сүхбат л дэлхийн хошой аварга болсон доо.

-Ярианы сэдвээ өөрчилж, үндэсний бөхийн талаар ярилцвал ямар вэ? 1994 онд залуу бөх байхдаа шууд заан цол хүртсэнийг чинь бөхийн хорхойтнууд дурсах дуртай байдаг…
-Миний хувьд үндэсний бөхөөр бараг барилддаггүй байлаа. Чөлөөтийн бэлтгэлээрээ л хааяа барилдана. Нэлээд сүүлд үндэсний бөхийн арга, техникүүдийг эзэмшсэн шүү. Би улсад хоёр дахь жилдээ барилдаад заан цол авсан. Өмнө нь 1993 онд гурвын даваанд Х.Амараа начинд унасан юм. 1994 оны хувьд яг л чөлөөт бөхийн мэхээрээ заан болсон шүү дээ. Өмнөх жил нь “том” Сүхбат бид хоёр чөлөөтийн УАШТ-д маш будлиантай барилдаан хийсэн юм. П.Сүхбат ер нь зодог тайлах тал руугаа орчихсон байсан. Тэгээд хамгийн сүүлд Хирошимагийн Азийн наадамд орчихоод больё гэсэн юм билээ. Ингэхийн тулд улсын аварга болох ёстой байдаг. Тэгээд шүүгч нар ч нэлээд дэмжээд намайг ялсан юм.

Маш өрсөлдөөнтэй барилдаан болсон. Тэр үед П.Сүхбат гарьд ид үедээ байсан. 1991 онд Б.Бат-Эрдэнэ аваргыг хаячихсан, арслангийн тааварт орж байсан бөх шүү дээ. Наадмын өмнөхөн нэг барилдаанд би Сүхбат заанд гарын үзүүрээр унаж байсан юм. Тэгээд наадмаар долоогийн даваанд гарах гэж байтал Сүхбат чамайг авчихлаа гэж хэлсэн. Сүхбат заан миний хажууд ирчихээд “Ашгүй хамгийн амархан, гарын үзүүрээр хаях бөх авчихлаа” гэж яриад л. Ахмад заан надад сэтгэлзүйгээр нөлөөлж байхгүй юу. Би дотроо ийм чухал даваанд унаж болохгүй л гэж бодож гарсан. Сүхбат заан намайг бярдаж шиднэ. Тэр үед нь чөлөөтийн хүн юм чинь тогтож үлдэх л хэрэгтэй гэж бодож байсан.

-Унаж явахдаа хийсэн хариу мэх зөнгөөрөө л ороод ирсэн үү?
-Яг тэр мэхийн тухайд өмнө нь бэлдсэн мэх байлаа. Тэр жил манайхан Улиастайн аманд бэлтгэлд гарсан юм. Тэнд аав хүрч ирээд А.Сүхбат бид хоёроор бэлтгэл хийлгэнэ. Би Сүхбатын хөлийг авч цацангуут гараараа тулж тогтоод эргээд сэжиж миний хөлийг авах маягаар их бэлдсэн. Долоогийн даваанд яг тэр мэхийн хувилбар орж ирсэн л дээ. Гэхдээ яг давтсан хувилбар биш, ерөнхийдөө төстэй барилдаан болсон. Намайг суйлаад явангуут тогтоод эргээд цацах гэсэн чинь миний улаан хоолойгоор тэврээд авсан. Өөрөө бас чөлөөтийн хүн болохоор мэдрэмжээрээ хамгаалсан л даа.

Би өргөөд гаргаад ирчихсэн байдаг. Тэр чигтээ хойшоо унавал би доор нь орох гээд байдаг. Тухайн үед мосттой эргэхээс өөр аргагүй байдалд орчихсон. Угаасаа ганц хувилбар байсан нь тэр. Тэгээд эргээд харсан чинь Сүхбат заан миний доор орчихсон байсан. Маш нарийн барилдаан болж билээ. Чөлөөтөөр хичээллэж байсны л ач юм даа. Тэр үед өөртөө итгэхгүй шахуу л юм болж байлаа. Яаж туг тойрсон, аав дээрээ яаж очсоноо ч санадаггүй юм.

-Наймын даваанд юу боллоо?
-О.Балжинням аваргад унасан. Цолдоо ханасан байсныг хэлэх үү, их л амархан уначихсан. Бас нутгийн арслан аварга цолны төлөө барилдаж байсан болохоор хичээгээгүй байх.

-Чөлөөтөөр эрт хичээллэсэн хэрнээ үндэсний бөхөөр яагаад ийм хожуу барилдсан юм бэ?
-Аав тэр үед намайг зааланд барилдахыг зөвшөөрдөггүй байсан. Би ч өөрөө том бөхчүүдийн ая даах хэмжээнд хүрээгүй байж. Мөн биднийг дарах гэсэн санаархал, атаа жөтөө, хэл ам их байсан болохоор үндэсний бөхөөр сүүлд барилдаж эхэлсэн юм. Тэр ч байтугай намайг зөвхөн чөлөөтөөр барилдуулдаг юм уу гэж хүртэл ярьж байлаа. Гэсэн ч яваандаа миний өөрийн сонирхол дийлээд үндсээр барилдаж эхэлсэн. Дээр нь улсын заан гэдэг том цол авчихсан болохоор ард түмнээ баярлуулж, заавал барилдах шаардлагатай болсон доо.

-Таныг гарч ирж байх үед Бат-Эрдэнэ аварга унана гэдгийг мартаад байсан. Аваргыг давах боломж хэр байсан бэ?
-Аварга тэр үед биднээс тасарчихсан байсан л даа. 130 кг жинтэй. Гэтэл бид 80-90 орчим кг байлаа. Жингийн ийм их зөрүүтэй нөхцөлд бярдуулалгүй яахав. Тэр үедээ л тасарчихсан байж. Өрсөлдөх ёстой бөхчүүдийнх нь зарим нэг “аавын хаалгыг” татаж, бас аваар осолд ороод Бат-Эрдэнэ аваргатай тэнцүү үзэх хүнгүй болсон. Бид нар доороос нь түрж гарч ирэх арай болоогүй байлаа.

-Бөхийн хорхойтнууд нэгэн үед гарч ирсэн таван залуу зааны өрсөлдөөний тухай одоо ч ярих дуртай байдаг. Та тэдний нэг болон барилдаж явсны хувьд тэр үеэ дурсахгүй юу?
-Одоо тэр үеийн бичлэгүүдээ эргээд харахад үнэхээр аймаар санагддаг. Үнэхээр ард түмний сонирхлыг татах хэмжээний хурц барилдаанууд гардаг байлаа. Тухайн үед өөрөө барилдаж явахдаа үүнийг мэддэггүй байж. Чөлөөт-жүдо бөхийн халз барилдаан дээр Ц.Цэрэнпунцаг-Г.Өсөхбаярын хоорондын барилдаан байна. Барьцаа халж байгаа, хийж байгаа мэх гээд л үнэхээр халширмаар. Хийхгүй мэхгүй, мундаг өрсөлдөөн гардаг байлаа. Одоо барилдаж байгаа залуусыг харахаар бидний барилдаан бөхийн хорхойтнуудын сонирхлыг татахаас аргагүй байж дээ гэсэн бодол төрдөг.

-Хамт өрсөлдөж байсан тэр бөхчүүдийнхээ онцлог шинжүүдийг дүгнээд хэлбэл?
-Эрэмбээр нь эхэлж ярья л даа. А.Сүхбатын хувьд байгалиас заяасан өвөрмөц авьяастай бөх. Би зүгээр нэг авьяас гээгүй, өвөрмөц авьяас гэсэн шүү. Мөн дээр нь тэр хүний уйгагүй хөдөлмөр байна. Г.Өсөхбаярт бол ийм сайхан бие бялдрыг харамгүй заяасан. Энэ сайхан бие бялдар, чацаа зөв ашиглан амжилтад хүрсэн бөх. Д.Сумъяабазар бол цэвэр хөдөлмөрийн үр дүнд ийм сайн бөх болсон. Амжилтад хүрэхийн тулд бие бялдраа маш сайхан хөгжүүлсөн. Дээр нь чөлөөт бөхөөр тив, дэлхийд амжилттай барилдаж байсан нь чухал нөлөөтэй. Мөн бөхийн сайхан удам байна. Ц.Цэрэнпунцаг бас ялгаа байхгүй их хөдөлмөрч бөх. Мөн жүдогийн арга техникийг үндэсний бөхтэй зөв хослуулж сайхан амжилт гаргалаа.

-Таны хувьд тэдний хэнтэй нь барилдах эвгүй байв?
-Би энэ бөхчүүдийг бүгдийг нь давж, бас бүгдэд нь унаж байсан. Ур чадвараараа хол тасарчихсан хүн бидний дунд байхгүй. Надад “Тэр бяртай, тэр нь илүү” гэсэн бодол төрж байсангүй. Би бол эд нартай яг л адилхан нэг зиндааны бөх.

Би арслан цолыг хэзээ ч гуйхгүй

-Таны яриаг сонсож байхад дотроо их гомдол тээж яваа юм шиг санагдлаа. Хэрвээ тийм зүйл байдаг бол бидэнд дэлгэж болох уу?
-Би өмнө нь ч хэлж байсан, хүнд урам хайрлах шиг сайхан зүйл байхгүй гэж. Гэтэл нэг үе хурал болоод л надад арслан цол өгсөн боловч дараа нь буцаагаад авчихсан. Нэг үе би чинь улсын арслан цолтой бөх явлаа шүү дээ. Хүний эмзэг сэдвээр ингэж хамаагүй тохуурхаж болохгүй биз дээ. Өгөх ч юм шиг, өгөхгүй ч юм шиг тийм нөхцөлд ёстой хэцүү байгаа юм чинь. Хүний сэтгэлзүйд муухай нөлөөлдөг юм билээ.

Би Р.Нямдорж гуайг их гайхдаг юм. Өөрийн халааснаасаа мөнгө гаргах гэж байгаа юм шиг цолоо харамлаад байдаг. Зохих амжилтыг нь гаргасан хүмүүст цолыг нь өгөх л ёстой шүү дээ. Намайг арслан болчихвол цаашаа дийлдэхээ больчихно гэж бодсон юм уу, цолоо харамлаад л байдаг юм. Гэхдээ нэг юмыг зөвөөр ойлгоорой. Надад арслан цол өгөөч гэж би гуйж байгаа юм биш. Би тэр цолыг хэзээ ч гуйхгүй.

Ер нь сүүлийн үед МҮБХ-ны бодлого алдагдчихсан шүү дээ. Би дотроо Р.Нямдорж гэдэг хүн бөхийг улстөржүүлж байна гэж ойлгодог. Олон нийт, бөхчүүд энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Өөрөө Бөхийн өргөөг хувьчилж авах гээд санаархаад байдаг. Ард түмний хөрөнгөөр боссон энэ өргөө рүү шуналын гараа сунгаж байгааг хэн ч мэднэ. Тэгсэн мөртлөө өөр хүнийг, тухайлбал аавыг хувьчилж авах гэж байна гэж хүмүүсийг төөрөгдүүлнэ. Одоо өөрөө оюуны өмчийн хэдэн хувь ч билээ олоод авчихсан. Гэтэл жинхэнээсээ Бөхийн өргөөг барих санаачилгыг гаргасан хүн нь нас барчихсан шүү дээ. Ийм байхад оюуны өмч яриад явах нь утгагүй.

Сүүлийн үед монгол үндэсний бөх Р.Нямдорж, Д.Данзан гэдэг хоёрхон хүний хоолоо олж идэх хэрэгсэл болж. Нэг хэсэг овоо явж байсан залуу бөхчүүдийн барилдаан одоо зохиогдохоо болилоо. Учир нь Говь-Алтайнхан бүгд цол авчихаж. Ийм явцуу бодлого явуулаад байгаа байхгүй юу. Мөн бөхчүүдийг яс үндэс, үзэл баримтлалаар нь хязгаарладаг. Би үүнийг яс махаараа мэдэрсэн хүн. Би хүмүүстэй уулзахдаа ярьдаг юм. Би үндэсний бөхөд хоёр буруутай хүн гэж. Эхнийх нь баяд хүн болж, нөгөөх нь Баянмөнх аваргын хүү болж төрсөн нь “миний буруу” юм. Би өөрөөр үндэсний бөхөд муу, буруу зүйл хийгээгүй.

Одоогийн бөхийн холбооны удирдлагууд бөхөд өчнөөн шинэчлэл хийлээ гэж яриад байдаг. Гэтэл үүний үр дүн гэж байх ёстой. Энэ нь бөхчүүдийн амьдрал хэр дээшлэв гэдгээр харагдана. Бөхчүүд зөвхөн барилдааныхаа амжилтаар гэр бүлээ аваад явж байвал энэ нь шинэчлэл үр дүнгээ өглөө гэж үзнэ. Гэтэл өнөөгийн бөхчүүдийн байдал үнэхээр хэцүү. Залуу бөхчүүдийн хувьд нэг компанийн үүдийг сахиж, нэг захирлын бие хамгаалагч хийгээд л явж байна. Хэн ч хамаагүй нэг хүн бөхчүүдийн зургийг аваад календарь хийж заран орлого олж байна. “Бөх” сонин гараад, бөхчүүдийн зургийг тавиад байдаг. Гэтэл энэ бүхэн нь бөхчүүдэд ямар ч үр нөлөө байдаггүй. Өнөөдөр монгол бөхчүүд зөвхөн бөхөө хөөгөөд амьдраад явах ямар ч арга алга. Үнэхээр өрөвдөлтэй байдалд байна. Би МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүнээр олон жил явлаа. Хамгийн анх дөрөв, зургаагийн давааны оноолтын талаар ярихад би ганцаархнаа цөөнх болж байсан.

Дөрвийн давааг оноох болсон шалтгаанаа начны найрааг устгах гэж тайлбарласан. Тэр хурлын үеэр татгалзаж байгаа хүн байна уу гэхэд П.Сүхбат, аав, би гэсэн гуравхан хүн гар өргөсөн. Тэгсэн чинь “Одоо цөөнхийн үгийг сонсьё. Тэр тусмаа ид барилдаж байгаа Б.Гантогтохоор үг хэлүүлье” гэсэн. Би тэр үед “Дөрвийн давааг оноолттой болгосон нь шинэчлэл биш. Нэг, хоёрын даваанд байгаа зүйлийг зүгээр л шилжүүлж байгаа явдал.

Хоёрдугаарт энэ бол асар бүдүүлэг хэрэг. Олон жил үндэсний бөхөөр барилдаад олонд танигдсан залуу бөхийн хувьд тунаж барилдана гэдэг хамгийн чухал. Энэ нь дээд цолтой бөхдөө үнэлэгдэж байгаагийн илрэл. Үүнд хүрэхийн тулд тэр бөх асар их хөдөлмөрлөж байгаа. Ам авахгүй юм бол том цол аваад ямар хэрэг байгаа юм бэ” гэж хэлсэн. Дөрвийн давааг оноолт болгосноор начны найраа багаслаа л гэж яриад байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ найрааны арга барил улам нарийссан байхгүй юу. Одоо начин цол 100 сая хүрч байна гэвэл та нар итгэх үү. Үнэн байдал ийм л байна.

-Та өөрөө ийм найраанд орж байв уу?
-Би өнөөдрийг хүртэл барилдахдаа хүнээс даваа гуйж байсангүй. Шударга барилдъя, шударга өрсөлдье гэсэн бодолтой л гардаг байж. Харин хүмүүс надаас олон гуйж байсан. Тэрийг нуугаад яахав.

-Тэгж гуйсан хүмүүст юу гэж хариулдаг байв?
-“Хоёулаа сайхан үзчихье, чадвал дийл” гээд л гарна. Аманд багтахгүй том мөнгө амлаж байсан тохиолдол ч байна. Хүн тэгж гуйчихаар барилдаанд нөлөөлдөг юм билээ. Хүн мөнгө амлахад нь яс үзнэ гэж барилдаад унаж байсан тохиолдол ч бий. Дараа нь “Нөгөө мөнгийг нь авчихдаг ч байж уу” гэж бодож байсан үе бий.

-Та тэгээд санаанд нийцэхгүй байгаа энэ алдаа, дутагдлуудыг засахын төлөө хэр тэмцэж байв?
-Монгол бөхийн өнөөгийн байдалд санаа зовнисон олон хүн энэ байдлаас гарах арга замыг хайж байсан. Тухайлбал, аав маань Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоог байгуулж байлаа. Миний хувьд энэ холбоог байгуулах санаа ч төрөөгүй үед А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг гээд үеийн залуучуудаа дуудаж цуглуулаад Тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо гэдгийг байгуулсан. Тэгээд бидний зураг хөргөөр бизнес хийх шударга бус явдал гарч байна, энэ байдлаар олсон ашгийг бөхчүүдэд хүртээх ёстой гэсэн бодлого гаргаж, өөрсдийн зурагт хуудсаа хэвлүүлэн бүх аймагт тараан, орлогоос нь бөхчүүдэд хуваан олгож байлаа. Харамсалтай нь үүнийг МҮБХ-ноос дэмжээгүй учир төдийлэн амжилт олоогүй.

Ер нь бөхийн холбоог бөх хүн, бөхийн зовлон, жаргалыг ойлгодог нэгэн авах хэрэгтэй юм гэдгийг МЖБХ тод харуулж байна. Б.Бат-Эрдэнэ аварга жүдогийн холбоог толгойлж байсан, дараа нь Х.Баттулга гавъяат албыг нь авсан. Бөхчүүд нь спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа болохоор бөхийн заяа түшиж, олимпийн анхны аварга жүдогоос төрлөө.

-Монгол бөхийг яавал энэ байдлаас гаргах вэ, таны бодлоор?
-Үндэсний бөхийг мэргэжлийн шинж чанартай болгох хэрэгтэй. Ингэснээр хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, мөн бөхчүүд бөхөөрөө амьдрах боломж бий болно. Одоо бол тэнд нэг бөх хүн зодлоо, хүн аллаа гээд нийт бөхчүүдэд тусгаж ярьдаг. Гэтэл өнөөх гэмтнүүд нь зүгээр л барилдаад явж байх жишээтэй. Хэрэв мэргэжлийн болбол алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргасан хүнийг энэ хүрээнээс бүр хөөж болох жишээтэй. Одоо МҮБХ-ны тэргүүнийг гурван шатны шүүхээр түдгэлзүүлчихээд байхад үйл ажиллагаагаа явуулж л байна.

Шинэчлэл хийхэд хамгийн ойрын жишээ нь сүмо байна. Тэндээс авах зүйл их. Хариуцлагатай, ёс зүйтэй, бөхчүүд нь энэ спортоор амьдралаа авч явах боломжтой. Оросын хэдэн бөх хар тамхины хэрэгт холбогдоход өөрийнх нь холбоог удирдаж байхад ийм алдаа гарлаа гээд тэргүүн нь өөрийн саналаар албан тушаалаа өгч буй нь том үлгэр дууриал. Магадгүй үндэсний бөх зөв голдрилдоо орвол бусад салбарт энэ нь нөлөөлж, улс орон хөгжихөд түлхэц болох байх шүү. Монгол Улс түүхийн олон үе шатанд саад бэрхшээлийг чамгүй амссан.

Социализмын үед дээл өмссөн хүнийг хуучин цагийн үлдэгдэл гэх нь холгүй ад шоо үздэг байлаа. Тэгэхэд бөхчүүд л үндэсний хувцсаа авч үлдсэн шүү дээ. Энэ мэт монгол ёс жаяг энэ үед өвлөгдөн ирэхэд бөхчүүдийн оролцоо их бий. Ард түмэн бөхдөө хайртай, дэмждэг. Үүнд түшиглэж зөв менежмент хийх хэрэгтэй. Үндэсний бөхийг хөгжүүлэхэд түмэн шинэчлэл хэрэггүй, гол нь өндөр бооцоо хэрэгтэй. Бусад нь мянга мянган жил он цагийн шүүлтүүрээр шалгагдсан зүйл.

-Та өөрөө чөлөөтөөр барилдаж байсан хүний хувьд энэ спортынхоо ирээдүйн төлөө хэр санаа зовж явдаг вэ? Хэрвээ боломж, нөхцөл нь бүрдвэл шигшээд дасгалжуулагч хийх бодол бий юу?
-Мэдээж чөлөөтийн хэдийгээ харж, амжилт гаргалгүй ирэх үед нь санаа зовж л байдаг. Гэхдээ би бөхийн спортыг тойрсон хэл ам, хэрүүл тэмцлээс үнэхээр залхаж байна. Тиймээс ийм боломж гарсан ч зөвшөөрөхгүй байх аа.

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

shan yariltslaga bn mash ih bayrlalaa

Я.Баяраа said...

Зүгээр дээ. Трансфер л шүү дээ.

Post a Comment