...хамгийн гол нь дуул...


Төмөрбаатарын Есөн-Эрдэнэ 1988 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. 2000 оноос эхлэн шүлэг зохиол сонирхож эхэлсэн. Сэтгүүлч мэрэгжилтэй. “Дотогшоо” нэртэй анхныхаа яруу найргийн бүтээлээ хэвлүүлсэн.



МЭДРЭМЖИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН

Мэдрэмжийн төлөөх тулаанд
Мэлтийх тал цусан намаг болход
Миний өнөөдөр бас маргааш
Мьюзикл бас сэтгэлзүйн драм мэт ээ.
Цасны тухай цас ичиж үхэм хэлсний чинь төлөө
Навчны тухай навч илжирч өмхийрөм бичсэний чинь төлөө
Морьны тухай морь илжиг шиг дугартал гуншсны чинь төлөө
Би чиний шинэ хослолыг бэхээр будаад зэвүүнээр инээнэ.
Улиг бус ойлголтыг улиг болтол яргалсны чинь төлөө
Уух юмны төлөө унших шүлгээ зассаны чинь төлөө
Тархиа би заадсаар нь салгаж, нөжрөх цустай нь
Тал гавлаа хөнжилд чинь хийж зүрхийг чинь зогсооно
Тулалдаан бүр минь түүний төлөө
Тулалдах газраа дээр дурьдсан.

2010




ГЭСГЭЭГДЭГЧ

Хямдхан тамхи татаж
Хана мөргөж зогсохдоо
Чамайг би худалдахгүй гэж
Чанга хэлээд дахиад чанга хэлсэнийг
Шатахдаа надад биш найрагт зориулж дүрэлзэх
Шагналын бус бэлэгийн үзэг минь нотолно..
Цонхигор царайгаа дээш өргөн
Цонх хагалж тосон зогсвол
Шилний хэлтэрхий үзэсгэлэнтэйгээр гялалзаж
Шигдэх төдийд амьдралын төгсгөл өрнөв
Гэвч хорогдох мөртлөө хог болох хүслэндээ
Гэвч мэдрэгдэх мөртлөө мартагдах мэдрэмждээ
Гэвч үлдэх мөртлөө үл санагдах өгүүлэмждээ
Гэсгээл хүртээхгүйн тулд би гэсгээгдэв.

2010




УЙТГАРЛАГЧ ГОО ҮЗЭСГЭЛЭН

Цонхыг нэвт харах шалтгааныг
Нэгэнт олоход нэгэнт үүр цайжээ
Нэгэнт олдсон шалтгааныг нэгэнт мартахын тулд
Нэг ч удаа бүү инээмсэглэ
Яллах бүрт гийх үзэсгэлэнгээ
Нэгэнт гээхийн тулд
Яллагч зүрхээ надад өгөөд
Нэг л удаа мишээ
Мишээх тэр хугацааг хадгалж үлдээх шалтгааныг
Нэгэнт олоход нэгэнт цас шуурчээ
Нэгэнт шуурсан цасыг нэгэнт мартахын тулд
Нэг ч удаа бүү уйл, гэвч чи уйллаа
Хөлдсөн нулимсыг чинь нууж шуурах
Хэрцгий цас, хэрцгий юм
Үзэсгэлэнг чинь бус
Үгчлэмгүй гунигыг чинь хадгалах юм
Гэвч үгчлэмгүй гунигын чинь царцсан өнгөрөөс
Үл ялиг цухуйх үзэсгэлэн чинь олж харлаа
Нэгэнт гуньсан шалтгааныг нэгэнт мартахын тулд
Нэг л удаа чи инээмсэглэ, би түүнийг чамд зориулж хадгалъя.

2010



ИРЭГЧ ЦАГ ХУГАЦААНД ЗОРИУЛАВ

Ирэгч цаг хугацааны төлөө
Нулимсаа арчигч хонгор минь
Бүсгүй цогцос чинь гитар шиг
Хөгтэй байгаа болохоор дуул...
Ирэгч цаг хугацааны төлөө
Нулимсаа арчигч хонгор минь
Хаалттай хөшиг нээгдэхийг
Хүсэх гаслант зүрхээ
Харанхуйн дундаас гэрлийг
Хайх тарчлаант сэтгэлээ нээн
Ирэгч цаг хугацаанд зориулан
Итгэл хэмээн хоосон мөрөөд бас дуул...
Ирэгч цаг хугацаа гэж
Энэ шүлэгнээс өөр хаана ч үгүй бол
Ирэх цаг хугацаа ч юм уу
Ирж буй цаг хугацаа ч юм уу нэрлэж болно...хамгийн гол нь дуул...

2010

1 Сэтгэгдэл:

ЗОРИГТ8 said...

манай Ёсөө ч авъяастай хүү юмаа

Post a Comment