НИСГЭХСЭН ГЭЖ ХҮСЛЭЭ, БИ ТЭР ШУВУУДЫГ...

НИСГЭХСЭН ГЭЖ ХҮСЛЭЭ, БИ

ТЭР ШУВУУДЫГ

Нисгэхсэн гэж хүслээ, би. Тэр шувуудыг...
Нил хөх усан нил чимээгүй давалгаалахад
Халтар нугасны тайван хөвөх сүргийг нисгэж
Хар ус нуурын дээгүүр
гангануулахсан гэж хүслээ.
Гаргүй мөртлөө үсээр оролдох салхи
Гарцаагүй л намрынх юм даа. Хар-Ус минь
Ийм л нэгэн өдөр нутгийн чинь бүсгүй үрийг
Ижийгээс нь хол газар
уйлуулан авч одсон доо, би
Хорвоо минь!
Чиний хөвөөнд ирж байсангүй.
Чимээ алдрах нүцгэн уулсыг чинь саравчил явсангүй
Хэзээ ч юм бэ, согтуу нүдтэй Явуу найрагч энд
Хэнгэнэтэл санаашран...
гуниг хайлсан гэлцэх юм.
Өдгөө би хуурай салхитай орооцолдож
Өрөөсөн нүдэндээ усан манантай зогсном.
Яахав, хөөрхий! Энэхэн шүлгэнцэрийг таталж...
Ягаахан бэхэн дээр
хэдэн дусал
нулимс унагая даа!

Нисгэхсэн гэж хүслээ, би. Тэр шувуудыг...
Ниссэн шувуу ганганах шиг анир гүмхэн буйдад
Амраг сэтгэл шиг энэ хэдэн нугас л
Ангир уснаа хөвөх нь
эрт урьдын
зүүд шиг...

1989 он


ХАВАР АЙСУЙД ЧАМАЙГ ХҮСЭЖ
УЛИАС ТҮШСЭН ШҮЛЭГ

I
Амьсан эмээсээр атгалцсан алга халуун үдэш!
Арван хоёрдугаар сарын
цэв хүйтэн цонхоор
Сар тусхад
Нэг лаа асаасан..
Нэг ширээ тойрсон
/...дөрөв-тэгш, гурав-сондгой.../
Шил шилээ дарсан жүнз жүнз архи
Шинэ цас шиг анхилуун шинэ, шинэ яриа
Юм, юм л болсон. /Юу ч болоогүй гэмээр/
Гэгээн сарны дурсамж
Гэгэлзэнэ...

II
Алс хайруу-Сэтгэл жиндүү!
Агар зүс...цэвэр уруул...
Сайхан нүд... гайхам эгшиг...
Салах цаг...
учрах зүг!
Хөхөмдөг үдшээр улиас түшиж
Хөмсөг зангидан алсыг ширтнэм
Энэлэнт салхи жингэнэн одох нь
Энэ зүгээс
тэр зүгт...

III
Бүсгүй мэтэд хайрланам
Бүлээн мэтэд норном
Бүүр түүрхэн жингэнэсээр
Бүдгэрэх нь:
Анир бүрэнхийд сар мандах шиг чимээт
Ассан дөл дүрвэж гийх шиг гэгээт
Золбирч гүйх нохойн явдал шиг
тэнэмэл...
Зовлонт хоосныг хий базах шиг тэчьяалт
Үйтэн салхи
Үнэрээн гээх тэр зүгт
Үйлийн үр шиг ганцхан
чивэлт нүдэн минь суудаг аа.

1996.03.09

*Ингэж илэрхийн тулд л

хэл оршдог юм.

Ийн нээж дийлэхгүй нь

үзгээ мартсан нь дээр юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment