Аяа, Өдрийн наран баруунаа шингэх лүгээ нэгэн

Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаа Төвд хэлээр бичсэнийг


Огторгуйн Цагаан Гарьд Монголчилжээ.



* * *

Аяа

Өдрийн наран баруунаа шингэх лүгээ нэгэн

Үдшийн харанхуй зүүнээс ирэх лүгээ хоёр

Өнөөдрийн хийсэн үйл дутмаг лугаа гурав

Өнөө санаваас сэтгэлд уйтгар нэгэн төрнө

Энэ насны талыг идрийн цогоор өнгөрөөсөн лүгээ нэгэн

Илт бие сэтгэлийн буурал угтан ирэх лүгээ хоёр

Энэ хорвоогийн найман номыг мэдээгүй лүгээ гурав

Эргэцүүлэн санаваас сэтгэлд гуниг нэгэн төрнө

Өмнөх жилийн хур чийг үгүй лүгээ нэгэн

Өнөө жилийн зуны ган гачиг лугаа хоёр

Өвөл хаварт юу болохыг болзоогүй лүгээ гурав

Үргэлжид санаваас сэтгэлд амаргүй нэгэн ургана

Эрх багын цагийг наадмаар өнгөрөөсөн лүгээ нэгэн

Эдүгээ бас муу үйлээс залхаагүй лүгээ хоёр

Ирээдүй маргааш хэзээ үхэхийн болзоо нь лүгээ гурав

Илтэд санаваас сэтгэлд гэмшил нэгэн төрнө

Анхан дор модны навч ургах лугаа нэгэн

Амьдрах энэхэн зуурт модтойгоо хамт орших лугаа хоёр

Адаг сүүлд модноосоо салан унах лугаа гурав

Анхааран санаваас сэтгэлд батгүй нэгэн ургана

Анхан дор нэг оронд төрөх лүгээ нэгэн

Амьдрах хооронд сайн муутай нөхөрлөх лүгээ хоёр

Адаг эцэст дээр дооргүй үхэх лүгээ гурав

Аливааг санаваас сэтгэлд мөнх бус нэгэн ургана

Голын усыг хүсэн тэмүүлэгч гөрөөс лүгээ нэгэн

Холын зэрэглээг усанд эндүүрч нэхэх лүгээ хоёр

Хоосонд нь хууртан явсаар хатаж үхэх лүгээ гурав

Холбон санаваас сэтгэлд өрөвдөх нэгэн төрнө

Ариун номын утгыг андуу гүймэг мэдсэн лүгээ нэгэн

Ааг ихдэж ам хоосон бахирах лугаа хоёр

Анхааран авлага үгүй адаг мөхөс хоцорсон лугаа гурав

Анзаарч санаваас сэтгэлд аймшиг нэгэн төрнө

Элин халихын чадал хүчин төгөлдөр лүгээ нэгэн

Эрх хүчин мөхсөөр урхи торонд орох лугаа хоёр

Эгүүрд нисэхийг хүсэвч торны зовлонг эдлэх лүгээ гурав

Эргэцүүлэн санаваас сэтгэлд энэлэл нэгэн төрнө

Өвөр чанар хоосон өөрийн сэтгэл лүгээ нэгэн

Үнэнд баригчийн авьяасыг өрнүүлэх лүгээ хоёр

Үргэлжид эндүүрэхийн үзэгдэл чанга хатуу лугаа гурав

Үгүйлэн санаваас сэтгэлд гаслан нэгэн төрнө.

0 Сэтгэгдэл:

Post a Comment