АЛС ЗҮГ САРАВЧЛАХУЙ

АЛС ЗҮГ САРАВЧЛАХУЙ

Б.Пүрэвсүрэнд

(…. Хүний нүд ....)

I

Өнгө сүлжнэм. Зөөж гишгэх хөлийн солбицол дунд орон зайг хэрчиж зүг чиггүй тэнүүчилсээр л...
Өглөө... Улбар, хөх, шаргал... Аньсага сэрвэлзэнэ
Өдөр... Алаг, тарлан, бүдэг, тод... Нүд эрээлжилнэ.
Шөнө... Цул харанхуй-цурам сиймхий... Зовхи хүндэрнэ.
Төгс найралдваас хүчит хор лугаа амьсгал ээдрэх алаг хорвоо! Гагц би улаан өнгөнөөс айдаг аа
Хэнийг хэн хөнөөв?
Хэний сүнс хэнийхтэй учралдав?
Бурхад хаачив?...
Нүжгэн мөчир дээр бядан явагч бялзуухай нисэн ирж суугаад уянгалан жиргэхүй амандаа зуусан өтөө унагаж орхилоо. Тэр бялзуухай шал согтуу аж.

II
Өнгө сүлжнэм... хөлийн тавхай үл ирвэгнэх шиг санагдах нь би нэгэн зүг саравчлах мэт ээ.
Өглөө... Өдөр... Шөнө... Гурван цагийг хэрчиж зоргоороо тэнэгч би вээр хэрхэн эс солиорно?
(Ялгуусан зүгийн гурван цагийн мэргэд лүгээ
учралдахыг хүсмүү)

1990 он



***
Бороо дуслана
Болжморын нүд шиг дуслууд цонхон дээгүүр урсана
Бороо шаагина
Бороотой цонхны цаана зогсоо чиний минь дүр
уйлж байгаа ч юм шиг...
урсаж байгаа ч юм шиг...

1989 он




***
Бэлэгийн Норов зохиолч танаа

Цагийн эрэг дээр өвгөн улиас
Усны урсгалд
Сүүдрээ харнам

Намрын уснаа
Улбар навчис
Лааны гэрэлд бутрах шиг одох нь
Их алсыг бодож өвгөн улиас
Манант аглагаас
Сураг чагнах шиг...

Зэллэсэн шувууд ертөнцийн чанад руу
Үзэгдэл мэт одном
Үндэсний гүнд өвгөн улиас
Давтагдашгүй оршном

1995 он



***
Гараг эрхэсийн мөнхийн нууцлагт..,
Гадаа гэртгүй ноход хуцна.
Улигт шөнөөр сарны анд минь
Ууж догдлоод..,
сэрүүн суунам.

Морины уяан дээр тасархай чөдөр!
Монгол хүн..,
чөмөг таших шиг
Алс хэтийн бүдэг чимээ
Аньсан нүд шиг
хээр тал...

2006 он


***

Хамгийн сайхан нь нам гүмхэн амьдрах!
Хаврын бороо.., намрын навчисыг үзэх...
Зуны цэцгэс ургаж гандахыг чагнах...
Зулын гэрэлд
шүлэг нэгийг зохиох...


Өвгөн уулсын ян халилыг зүүдэлж
Өнгөт үүлсийн алтан жигүүр дор гуних...
Өнгөрч одсон цаг хугацааг нэхэж
Өлгийн дуулал..,
үхлийн хязгаарт сэрэх...

Хамгийн сайхан нь нам, гүмхэн амьдрах!
Хачин гунигтай нь
энэ бүхнээс уйдах...

2005 он




Цэцэрлэгийн явган сандал дээр ном уншиж буй бүсгүй

Цэцэрлэгийн явган сандал дээр ном уншиж буй бүсгүй
Хорин жилийн тэртээх зүүд минь яг мөн өө!
Түүний дэлгэсэн ном нь миний шүлгүүд бөгөөд...
Намайг тэр лав ойлгож буйд итгэнэ

Маргаашийн төлөө чамтай танил гудамжинд уулзана
Мартахын аргагүй үгээ зүрх рүү чинь илгээнэ
Тэнд ургах цэцэг миний зүрхэнд гэрэлтэнэ
Тэнгэрийн цэцэг гэдгийг...
oн жилүүд гэрчилнэ

2009.07.08











*Уян ахын бодлын ирт өртөж

гарын үзүүрээр бичигдсэн

охор шүлгүүд

гэнэм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment