Хүйтний тасалгаа


* * *

Зохиолч П.Батхуягийн "ТЭНГЭР ХЭМЭЭХ ШУВУУ" шинэ номоос,

зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

* * *

Анааш урт хүзүүтэй амьтан гэдгийг бүгд мэдэх ч гоё нүдтэй гэдгийг нь анзаардаггүй юм гэж хэлээд их л мэргэн үг хэлсэн дээ урамшив бололтой цээжээ түхийлгэн ихэмсэг харцаарбиднийг мялаав. Харин би түлээний тайрдас хага цохихоор сүхээ далайж байлаа. Бүүр уур хүрээд болдоггүй, бүгдийг ижил тайрдас шиг болгохыг хүсэж байна. Би л хувьдаа бүгдтэй ижил тайрдас болохыг хүсэхгүй, намайг л лав эд нар тайрдас шиг тайрч чадахгүй гэж үглэсээр, хэн нэгний цонхоороо шидсэн шар айрагны шил дэргэд хага үсрэхийг сонсоогүй атал “могойг бүгд хортой л гэдэг, гэтэл тэр ямар гоё арьстай гэж санана, зарааг өргөстэй, хатгадаг амьтан гэж боддог, гэтэл хар цагаан хэл амнаас өргөс нь хамгаалдаг байх жишээтэй, тэгэхээр байгаль дээр ашиггүй зүйл амьтан гэж байхгүй” гэсэн залхуутай агаад бүгдийн хэдийнээ мэддэг зүйлийг сонссоор байх нь гайхалтай. Эцэст нь “байгалиа үр хүүхэд шигээ хайрлан хамгаалцгаая” гэсэн сүртэй уриагаар үгээ дуусгаж, хэд хэдэн удаа хий ханиалгах нь хүртэл сонстов. Түүнийг одоо л барьж аваад хүйтний тасалгаанд хийчихмээр санагдаж, бүр үнэн голоос уур, дур хоёр зэрэг буцлаж байлаа. Гэвч бид мэт нь яаж чадахсан билээ. Тэгээд хүйтний тасалгаанд хэзээ л ийм хүмүүс орж байлаа. Эрх мэдэл гэдэг ямархан хүчтэй эд гэдгийг би гадарлана гэж бодоод сүхээ далайж, далайж бүдүүн тайрдасан дээр лав шигтгэв. Арваад жил өнгөрсөн ч хэн ч тэр тайрдаснаас миний зоосон сүхийг салгаж чадаагүй юмдаг.


Ингэхэд би хэзээ, тайрдас шиг тайруулснаа ч санадаггүй юм. Ус ногоорч, тос гашилдаг хорвоо, бүх юм элэгдэж хорогдож, сайхан нь ч сарниж самардаг жамтай юмыг чи яах юм. Энэ залуу насандаа л үзэх юмаа үзэж, өнгөрүүлэх юмаа өнгөрүүлсэн нь дээр гэж түүнийг үглээд байхаар л тайрдас болж үзэхээр шийдсэн хэрэг, ээ. Онцгой байх онцгүй, олонтойгоо ижил явах сайхан. Хэзээнээс ийм солиотой бодол намайг эзэмдснийг санахгүй байна. Зарим хүн аягалаад л шахаад л байсан, би ч уугаад л байсан, дараа нь ийм заваан юм болж дээ?

Би чамайг магтана аа. Чи магтуулах юм хийсэн хүн. Чи аугаа. Бараг л сонгодог. Архи цэлэлзээд л Уйтменийг уншаагүй бол яруу найрагч биш. Эрнест хэлэх дээ? Ямар Эрнест, яагаав Хемингуэй, энэ жилийн Нобелийн шагналыг авсан авгайг мэдэх үү? Мюллер. Ямар зохиол бичсэн юм. Юу л даа? Дахиад нэг боргио. Атилла. Хүннүгийнх үү? Биш ээ? Яруу найрагч. Тэндээс гараад. Манай гэр, хаахна билээ. Нүдний шилээ газар унагаад, мөлхөөд хайгаад, мөлхөөд л хайгаад. Ямар ч байсан олоод иржээ. Орон дээрээ унаад өгжээ. Эргээд байх аа болиосой. Бүх юм эргээд, эргээд л, эргээд л, дотор муухай оргиод байна. Миний шилийг үзэв үү? Чи өчигдөр шилгүй ирсэн ш дээ? Аймаар саарал, бүх юм бүүдгэр, нүдээ аниад ч нэмэргүй. Амьдрал ийм гэж үү? ийм өнгөгүй гэж үү? Сүх, тайрдас. Тайрдас шиг тайруулснаа санах гэж оролдоод. Аман зохиол, нэгдүгээр цаг, домог бол эртнийх, гэхдээ энэ домог бүр эртнийх. Сохор Тарваа, хөөрхий хонио чононд алдаад, зодуулаад, ухаангүй хэвтээд, хоёр нүдийг нь хэрээ тоншоод, үлгэр ярихыг зааж өгчээ. Хэн. Тэр газрын эзэн. Хувьчилж авсан хүн нь үү? Биш ,ээ. Цаад эзэн нь. Аан, нууц ноёнтон нь уу? Биш, ээ. Эзэн нь. Сохор Тарваагийн эзэн нь баян хүн, малаа маллуулдаг уу? Биш, ээ. Үлгэр ярихыг зааж өгсөн эзэн нь. Ах дүү бас бас нэг эхнэртэй. Хулгана, нохой хоёр алдаад. Шийтгэл хүлээгээд, одоо ч зовсон хэвээр. Тэр муу нэг гуталнаас болсон юм. Энэ чинь домог шүү дээ? Ямар өрөвдмөөр юм. Нохой нээрээ наалдаад салдаггүй ш дээ? Дараагийн цаг онол, зохиолч ба нийгэм. Зарим нь онигоо бичсэнээ, гайхамшиг гэж ойлгодог. Онигоочин зохиолч, одон авснаа орчлонд хосгүйг бүтээв хэмээн ойлгоод, хаалга онголзож, багш, аа. Дотроо засах уу? Би чамайг ирээдүйд магтана. Чи бол бараг сонгодог. Дахиад нэг хийчих. Өлзийтөгсийг уншсан уу? Аюурзаны тэр роман, Эрдэнэсолонго, Галсансүх, Батжаргалын Одгэрэл, яруу найраг, Энхболдбаатарын “ amful-6”, Анударь, Бажогийн “Түлээчин”, Зүс бүгэг андууд, Бадамсамбуугийн “Явна, аа”, Баянсан, Уянсүх, Сар гуаглах зүсэм үдэш, Галсансүх өөрөө, гарцаагүй гэдгээ мэдсэн. Миний үгүүллэгүүд, та нар зүүдэндээ ч зохиож чадахгүй. Дахиад нэг хийчих. Савкагийн хэрэм нэвтлэх, Люмпенгүүд, шинэ цус хязгааргүй, Мөнхбаяр, чөлөөт сэтгэлгээний дуулал, 1990он, Чимэд багшийн дугуйлан, Буянзаяа, нийтлэлүүд, Баттулгад ийм нэг шүлэг бий, бусад нь.Дэмий юм битгий их унш. Гавъяаны амралтанд гарчихаад, яруу найраг бичдэггүй юм. Гар утас. Чи хаана байгаа юм. Өчигдөр жаахан, юу яасан. Өнөөдөр муухан байна. Номоо явуулна, аа. Чи үзээрэй. Бидний замналаар бүү яваарай гэж гуйсан юм. Том байна уу?

Кундерийн “Романы урлаг”, Муракима Иерусламийн шагнал авсан, нэгэн хувийн рестораны сүлжээтэй юм байналээ. Гадаад хэлээр бичих хүсэл, чадвал боломж байна. Хонх, хооллолт, шинэ номнууд бүгдээрээ ижилхэн, оюун санааны яруу найраг, стандарт бус сэтгэлгээний тойм, Хүрээ хөвгүүд, Бабагийн дурсгал, хүйтэн тасалгааны мухарт сууж байна. Халуун амьсгал хэзээ надад мэдрэгдэнэ. Сүхээ далайж, далайж бүдүүн тайрдсыг хага цохиход, би ч бас тайрдас, болор цомд яаж шүлэг унших тухай, Мишимигийн “Алтан сүм”-ийг Цэнгэл, Иван Денисовичийн нэг өдөр, эхлээд Майнбаяр, Сүхзориг, Моломжамц, дараа нь Хөх мэдэрэхүйнхэн, Аниргүй цагаан дайд, одоо боллоо. Харихаар гэрээдээ явахад замд аавын найз. Өвгөн буурал болчихжээ, хүүхэд байхад машиныхаа дугуйг байнга хийлүүлдэгсэн. Булчин сууж, бяр нэмэгдээд сайхан ханхар болно гэж мөрөөдөөд дараад л дараад л байлаа. Гэрт орж хүйтэн айраг уу, залгилаад дотор сэрүү татаад, төдхөн халуу оргиод, намрын айраганд халамцаад хүүхэд байж дээ? Муу аав чинь амьдсан бол хүүгийнхээ сайн явааг харахгүй юу? Харж байгаа та санаа зоволтгүй. Зохиолч болсон бол аав чинь сайн л бичих байсан. Тийм дээ? Таныг харсан чинь аавыгаа саначихлаа. Цааш явлаа. Гэрлэн самбар дээр инээж буй хүмүүс түүний дэргэд бас инээж буй хүмүүс. Бүгдийг хийгээд өгнө, зүгээр л хэвтэж бай. Уран зохиолд би яагаад дурласан юм бол. Штритматтер, Бредбери, Алексин “Тавдугаар эгнээний гурав дахь ч билүү, Бяцхан хунтайж, Ганди “Миний амьдрал”,”Туулсан замд төрсөн бодол” хүүхэд байхад сайхан номнууд, сайхан мөрөөдөл, сайхан сэтгэгдэл, сайхан мөрүүд, өөрөө биччихмээр санаанд багтаад, анхны балчир шүлгүүд, Цэдэндорж, Лувсандорж, Шагдарсүрэн, Нямдорж аль өөрийг нь сонирхож уншаад, бусдыг нь балай юмнууд байж гэдгийг мэдээд, бодлоо цувуулсаар гэртээ ирж, аяга усанд алтан загас, эсхүл алтан загас аяга усанд алин болохыг ялгаж эс чадаад, овсгоотой хүмүүс, жинхэнэ уран бүтээлч хүнд жижиг даргын суудал хэрэггүй, жижиг даргад уран бүтээлч байх шаардлагагүй, мөнгөний төлөө яруу найргийг ашиглаж, зүгээр л өөрийнхөө ертөнцийг бусдадаа нээх, энэ ч бас үндсэн асуудал биш. Шөнө сууж, өөрийн эрхгүй нойр дийлэвч, бичих л ёстой гэж бодоод шүдээ зуугаад нэг мэдэхэд ширээ дэрлээд, үүр цайж байлаа. Үүр цайхыг хүлээсээр бүр тэсэхээ байх нь хуучин харанхуй дундуур хангалттай төөрлөө. Миний үзэл санаа, чоныг хайрлавал чоно ч бас биднийг хайрлах болно гэсэн их энэрэнгүй дээр суурилдаг юм хэмээн ярихыг сонсоод сүхээ шүүрэн авч толгойг нь хага цохихыг хүссэн ч шигтгэж орхисон бүдүүн тайрдаснаас сугалж чадсангүй.

Хүйтний тасалгаа хүн бүхний дотор буй. Зарим нь бүр хэд хэдэн тасалгаатай. Бас болоогүй цонхон дээрээ цэцэгтэй: Энэ чинь реклам, гаднаасаа л тийм, харин дотроо хүн тогтож суухын аргагүй. Халаалт нь ирээгүй сууц, намар оройхон тийм байдаг даа гэж бодмоор. Гитар дараад орцонд сууж байлаа. Хүйтний тасалгаанд анх удаа хонож үзчихээд, юунд ч гайхахаа, баярлахаа, гуньж гомдохоо болимоор юм байна гэж хатуу итгээд унтахаар хэвтэхэд тэнгэр тас харанхуй сар өрөөнд тусахаар тул босож хөшгөө хаагаад...

Хүйтний тасалгаанд шинэ өдөр иртэл арван хоёр цаг, аа













*Хүрээ хөвгүүн

Пүрэвхүүгийн Батхуяг, аа

гэж...

0 Сэтгэгдэл:

Post a Comment