ЭРХ ЧӨЛӨӨ


/Пикассо ЭЛУАРыг зурсан нь/



* * *

Францын яруу найрагч Пойл Элуар энэхүү алдартай бүтээлээ нацистууд франц орныг эзлэн түрэмгийлсэн жилүүдэд бичжээ.

Эрмэг задгай хэллэг, энгийн ойлгомжтой найруулга нь түүнийг дайны дараах үеийн хамгийн содон найрагчдын нэг болгосон юм.





ЭРХ ЧӨЛӨӨ


Сурлагын хуучин дэвтэр дээрээ

Сурагчийн модон ширээн дэрээ

Элс цасны ширхэг бүхэн дээр

Нэрийг чинь бичнэм би



Уншаад өнгөрсөн хуудас бүхэн дээр

Угаас цагаан хуудас бүхэн дээр

Чулуу, цус, цаасны чандруун дээр

Нэрийг чинь бичнэм би



Алтадмал гуутай зурагнууд дээр

Алалдах зэр зэвсэгнүүд дээр

Аугаа хаадын титэм дээр

Нэрийг чинь бичнэм би



Шугуй хийгээд цөлийн дээр

Шувуудын үүр, бас цэцэгсийн дээр

Шулганах үрийнхээ дуун дээр

Нэрийг чинь бичнэм би


Шөнийн гайхам үзэгдэлс дээр

Өдрийн цагаан талхан дээр

Ураг найрын улирал дээр

Нэрийг чинь бичнэм би



Нандин торгоны өөдөс бүхэн дээр

Наран цайвар цөөрөм дээр

Сар хөвсөн нуурын толион дээр

Нэрийг чинь бичнэм би



Дэлгэр тал, тэнгэрийн хаяан дээр

Дэвэн дүүлэх шувуудын далин дээр

Үргүй эргэх тээрмийн дээр

Нэрийг чинь бичнэм би



Үүрийн сэрмүүн туяа бүхэн дээр

Үймэх тэнгис, тэндэх завинууд дээр

Халил тэртээ уулсын дээр

Нэрийг чинь бичнэм би



Цасан шамарган дээр

Аадрын дуслууд дээр

Цутгах бороо, хий сэвшээн дээр

Нэрийг чинь бичнэм би



Ялгуун эгц үзэгдэлс дээр

Ялгарах гэрлийн бүрхүүл дээр

Шим ертөнцийн жам дээр

Нэрийг чинь бичнэм би



Зурвас олон жим дээр

Зурайх олон зам дээр

Үерлэх олны урсгал дээр

Нэрийг чинь бичнэм би



Асах чийдэнгийн гэрэл дээр

Унтрах чийдэнгийн бүдэгрэл дээр

Учран золгох голомт дээрээ

Нэрийг чинь бичнэм би



Хос толиноо бүтэн тусах

Тал жимс хийгээд танил өрөөн дээрээ

Хоосон ханхай орон дээрээ

Нэрийг чинь бичнэм би



Ховдог шарвагануур нохойн дээрээ

Хоёр соотон чихэн дээр нь

Эв хавгүй сарвуун дээр нь

Нэрийг чинь бичнэм би



Өндөр үүднийхээ босгон дээр

Өнөр бүлийнхээ эдлэл дээр

Өөдөө галынхаа илчин дээр

Нэрийг чинь бичнэм би



Залсан сандал бүхэн дээр

Заларсан нөхдийнхөө хүндлэл дээр

Сунгаж мэндэлсэн гар бүхэн дээр

Нэрийг чинь бичнэм би



Асан гэрэлтэх цонхон дээр

Аниргүйн дээд амирлал

Анин жимийсэн уруул дээр

Нэрийг чинь бичнэм би



Сүйтгүүлсэн хоргодох байрнуудынхаа дээр

Нураалгасан гэрэлт цамхагуудынхаа дээр

Уй гунигийнхаа нуранги дээр

Нэрийг чинь бичнэм би



Хүслэн үгүй эзгүйрэл дээр

Хүй нүцгэн гансрал дээр

Үхлийн сүрт жагсаалууд дээр

Нэрийг чинь бичнэм би



Ахин сэхсэн биен дээр

Алагдан сүйрсэн зэм дээр

Дуртгал үгүй итгэл дээр

Нэрийг чинь бичнэм би



Тэгээд, үгсийн тэрхэн шидээр

Амьдралаа цэцэглүүлнэм би.

Олж чамайг ойлгох гэж

Онож чамайг нэрлэх гэж

Орчлонд төрсөн юм би

Эрх чөлөө.





Пойл Элуар.

“Яруу найраг хийгээд Үнэн” түүвэр.

1942 он.

Сэгерсийн хэвлэл.

0 Сэтгэгдэл:

Post a Comment