Аримагийн гурван улирал

* * *

Ай, яасан хүйтэн өдөр вэ...

Аравдугаар сарын тэнгэрээс бороо асгаад л...

Гунихын шалтгаант энэ л улиралд

Гудамжаар нэл бороо шиврээд л...



Хүйтэн байна, үсээ нөмрөөд цонхны дэргэд суухад

Хүсэл минь нүдний өмнө алгуур дэвсээр газардахад

Хэдэн болжмор будаа мэт тоншоод

тэнгэр өөд нисчихлээ

Хэзээ бууж ирэх бол доо тэд, алган дээр минь.


2006.10.21



* * *

Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж

Түргэн нүүгч үүлс нь оддыг хөндөн шаргиулахад

Эгц дээрээс зүүгдээстэй түг түмэн одод

Эгээ л хэлэлцсэн мэт нэгэн зэрэг "... ..." гэж

дуун алдахуй...



Түнэлийн тэнгэрээс цуурай татан зүрхэн гүнд минь

Түг түмэн оддын дуун агшнаа цутгахад

Алдалсан гараа би цээжин тушаа хавсарч

Аярхнаар, өөртөө чиний нэрийг шивнэхүй...



Түнэлийн тэнгэр огт оргүйн гүн рүү алсарч

Түмэн бодлоор ээрсэн нүдийг минь эгцлэн ширтээд

"Хавсарсан алгаа бүү салга. Хайр чинь тэнд буй

Харцаа надаас бүү салга. Хариулт энд буй"

хэмээвэй...


2007.02.05

Түнэл



* * *

Хараач, моддод ногоон туяа татчихаж

Хатингар мөчир нь залуужин тэнийчихэж

Инээмсэглэн ширтэх харцыг минь мэдрээд

Эгц бардам тэргүүнээ мэхэсхийх шиг...



Судал татсан ногоохон мөчир

Сулхан дуугаар хаврыг магтахад

Сонор чихтэй жаал болжмор

Согтуу мэт дайвасгээд бууна...



Мөчир бүхэн халуун амьтай

Мөнөөх моддын үндэс лугшина

Болжмор, модод, бид гурвыг

Бороотой зун инээмсэглэн хүлээнэ...



2007.05.01












*Яруу найрагч

Цагаанчулуугийн Дэлгэрмаа

0 Сэтгэгдэл:

Post a Comment