МОНГОЛ НАЙРГИЙН ГЭРЭЛ ЦАЦРУУЛСАН МӨЧ ОЙРТСООР Л...

Доктор Ч.Билигсайхан, доктор Ц.Сүхбаатар нар.



* * *

Монголын яруу найргийн хөгжил онц өөрчлөгдөөгүй мэт ч хувьслын нэгэн шатандаа шилжиж байна. Үүнийг тэр бүр хүмүүс ажиглахгүй бололтой. Аль ч улс оронд өнөөдөр яруу найргийг

1. Дээд түвшний буюу элитийн

2. Өнөөдрийн хэрэгцээний буюу массын гэж хоёр ангилдаг.

Утга зохиол судлалын нэр томъёогоор бол сонгомол, олон нийтийн гэсэн үг л дээ. Би энэ удаад уншигч олонд ойртуулах үүднээс арай хялбаршуулан нэрлэж байна.

Дээд түвшний яруу найраг Монголд бусад орнуудтай харьцуулахад уламжлалын үүднээс их биш, зарим талаар маргаантай. Гэхдээ л Европын онолын үүднээс дээд түвшний яруу найраг өндөр хөгжилд хүрээгүй. XIX зууны үеийн Д.Равжаагийн зарим шүлгүүд гоо сайхны үүднээс нэлээд ондоо байдаг. Гэхдээ энэ тухай жич судалгаа хэрэгтэй. Харин өнөөдрийн хэрэгцээний яруу найраг Монголын амьдралын бүх л үед нэн хүчтэй хөгжиж ирсэн юм. Хүүхдийнхээ даахийг үргээх гэсэн айлд нэг ерөөлч хэрэгтэй болдог, шинэ гэр бариад бас нэг магтаалч, ерөөлч хэрэгтэй болдог, энэ мэт явсаар өнөөдөр болоход эвэртэн туруутнууд албан тушаал ахихад бас нэг яруу найрагч хэрэгтэй болоход хүрээд байна. Үнэнийг шулуухан хэлэхэд Монголын яруу найраг өнөөдрийн хэрэгцээний тэр зарчмаар явж ирлээ. Шүлэг бичдэг хүн болгон нь гавъяат, ардын гэх ямар нэгэн сэтэр зүүсэн нь үүний нотолгоо.

Яруу найргийг өнөөдрийн хэрэгцээнээс гаргах гэсэндээ би энэ үгийг хэлсэнгүй. Өөр өндөр дээд эрхэм зарчим бий. Ер нь уран зохиол засаглал хоёр эсрэг тэсрэг юм шүү дээ. Өнөөдрийн хэрэгцээний яруу найраг сайн хөгжиж ирсэн. Өнөөдөр ч эрч нь сулраагүй байна. Шинэ уран зохиолын түүхэнд Д.Нацагдоржийн дээд түвшний гэхээр цөөн хэдэн шүлэг, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Н.Нямдорж гэх мэт цөөвтөр хүний хуруу дарам шүлэг зохиол бий. Харамсалтай нь, Д.Нацагдорж маань октябрийг магтаж, Явуу намын тухай шүлэг бичиж л байлаа. Уран бүтээлчдийг буруутгах аргагүй цаг үе байсан даа.

Сүүлийн үед дээд түвшний яруу найраг тодорхой хэмжээгээр урд үеэс их л өөр зорилго, зарчмаар гарч ирлээ. Б.Галсансүхийн зарим шүлэг үнэхээр ондоо түвшнийх байж мэдэхээр хандлагатай боловч тодорхой ялгаралд хүрээгүй байх шиг. Д.Урианхай, Л.Өлзийтөгс, Ж.Баяржаргал, М.Уянсүх нар хэнд зориулж, юу бичиж байгаагаа арай ондоогоор харах болжээ. Ер нь энэ чиглэлд Л.Өлзийтөгсийг би өөрийн тодорхой зам мөртэй хүн гэж боддог. Өндөр дээд түвшний яруу найргийг уран зохиол судлалын хувьд формалист чиглэлээр задлахаас өөр арга байхгүй. Тэгэхгүйгээр ийм яруу найргийг магтахад ч, муулахад ч бараг боломжгүй. Зохиолд дан ганц гоо сайхны судалгаа хийдэг явдал дэлхийд түгээмэл болжээ. Эрдэмтэн С.Энхбаяр “Утга зохиолын онол” гэх ном 2008 онд хэвлүүлсэн байна. Энэ номыг дээд түвшний яруу найраг бичигчид мөн тийм зохиол бүтээл уншихыг хүсэгчид, товчхондоо Монголын элитүүд уншаасай билээ. Би зүгээр нэг ном магтаагүй байна. Зохиол бүтээлийг өөр өнцгөөс харах, зохиол гэж ер нь ийм зүйлийг хэлэх ёстой гэдэгт энэ ном нэлээд баримжаа болох болов уу.

Өнөөдөр хүссэн ч, хүсээгүй ч Монголын уран зохиол элит шат руугаа шилжиж байна. Ийм зохиол бичдэг болоод уншдаг тодорхой хэсэг хүн нэгэнт бий болжээ. XXI зууны онцлог, бас дэвшил гэвэл энэ юм даа. Уран зохиолын энэ чиглэлийг бид сэтгэл оюунаараа хүлээж авах цаг нь болсон. Идеалист гүн ухаантан Платон нийтийн тооллын өмнө “Яруу найрагч бол ямар нэг тэнгэрлэг хүчний эрхээр далдыг мэдэгч зөнч пророк маягаар шүлгийг бүтээдэг. Бусад урлаг нь болохоор мэдлэг, заавар, дүрмийн хүчээр бүтдэг. Яруу найраг бол мэдлэг, чадвараар бус онгодоор бүтдэг” гэж хэлсэн бий. Бас тэр үеийн Хомер яруу найргийн утга учир “Бурханы дуу хоолой болох явдал. Чухам бурхад л найрагчдийн дуу хоолойгоор дамжуулж үгээ хэлдэг юм” гэжээ. Энэ маягийн үгсийг үе бүрийн уран бүтээлчид хэлсэн нь бий.

Өнөөдөр формалист онолчид уран зохиол, тэр дундаа яруу найргийг бүтээхэд шугаман бус шинж, хаос байдал гол үүрэгтэй гэлцэх болжээ. Яах аргагүй бодит байдал ийм л байна. Уламжлалт логик сэтгэлгээгээр дээд түвшний яруу найргийг үнэлэх арга байхгүй. Өнөө үед шинжлэх ухааны нэн шинэ салбар болоод байгаа синергитик шинжлэх ухаан ялангуяа урлагийг ойлгоход бараг ганц гэмээр зөв зам болоод байна. Энд ярьсан зарим гадаад нэр томъёо, ойлголт, ухагдахуун этгээд мэт сонсогдож байж мэднэ. Бавуугийн Лхагвасүрэнгийн далаад оны үеэс бичсэн шүлгүүдэд тухайн үедээ этгээд гаж гэмээр хэллэг, дүрслэл орж ирээд аажимдаа уншигчдыг өөртөө татаж уламжлалт дүрслэлийг эвдэж яруу найргийн амьдралд шинэчлэл авчирсан билээ. Д.Нацагдож, Б.Явуухулан нарын Монголын яруу найргийн дүрслэлд хийсэн шинэ зүйл Б.Лхагвасүрэнгийн далаад оны яруу найргийн этгээд дүрслэл зэрэг нь шинэчлэлийн хэмжээнд яригдсан нь зүй ёсны хэрэг байлаа. Тэгвэл бид өнөөдөр яруу найргийг бүхэлд нь өөрөөр ухаарах тэр цаг үед тулж иржээ. Нэгдүгээрт, яруу найраг яавч олон түмний хэрэгцээнд зориулагддаггүй. Хоёрдугаарт, хэн нэгний таашаал, хүсэл зорилгод яв цав нийцэх албагүй. Гуравдугаарт, ямар нэг хэмжээгээр болоогүй, ирээгүй цаг үеийн тухай, мөн байдлаараа байхгүй хэрэг явдлын тухай, нэг өөр тэнгэрлэг дээд гэмээр зүйлд хандсан шинжтэй байдаг болжээ. Ийм яруу найргийг наад зах нь хэн нэг маркс үзэлтэн, эсвэл хэн нэг намын эрх ашгийг хамгаалагч, аль нэг улс орны ашиг сонирхлыг илэрхийлэгчдийн хийх ажил огт биш. Энэ бол цэвэр дээд үнэний илэрхийлэл болсон түүний учрыг олох гэсэн тийм л хэн нэг “этгээд, гаж” авъяастны ажил юм.

Сүүлийн үед залуусын шүлгийн олон номыг уншиж байхад энэ талаар зарим нэг бүдүүн тойм ойлголт бий болжээ. Ер нь л шүлгээр хэн нэг хүн, аль нэг нийгмийг магтах ёсгүй юм байна гэдэгт залуус сэтгэл нэгдсэн бололтой. Гэхдээ одоо юугаа бичих билээ гэдэг дээр нэг хэсэг нь шууд Буддын шашны ном зохиолыг шүлэг болгож эхэлж, нэг хэсэг нь эзэн Чингис тэргүүтэй өвөг дээдсээ ид шидтэн болгож эхэлж, товчдоо энэ бүхэн яруу найраг биш юм. Яруу найраг огт ондоо зорилготой. Энэ талаар жич ярилцмаар... Энэ зун би Пүрэвжалын Майнбаярын “Сарны бичээс” /2006 он/, “Шинэ улирал” /2007 он/, “Сая жилийн намар” /2008 он/, “Бясалгагч мөчир” /2009 он/ гэсэн шүлгийн номуудыг уншлаа. Энэ номууд үнэхээр дээд түвшний яруу найраг байна. Би гоц сайн болчихсон гэж энд яриагүй. Зүгээр л элит маягийн яруу найрагт багтана гэдгийг хэлж байна. Майнбаяр их залуу хүн мөртлөө яруу найргийг их л зөв ухаарчээ. Өөрөө ч хэнээс ч, юунаас ч гуйхааргүй сэтгэлгээ, онгод авъяасын идтэн бололтой. “Сарны бичээс” нь тэмдэглэх, гайхах, бодлогошрох шинжтэй, ертөнцийн абсурд, хаос чанарыг ойлгох оролдлого байсан.

Тэмдэг тавиагүй газрын

Хортой өвсийг хатаах гэж

Хүйтэн салхи исгэрнэ.

Тэнгэрт мандсан сарны

Нууц бичээсийг унших гэж

Харанхуйн од түгнэ.

Түүврийн жирийн нэг шүлгийг энд иш татав. “Шинэ улирал” түүвэрт Майнбаярын ертөнц ихэд гүнзгийрч, бас тунгалагшиж

Бичсэн захидлын хариу хэзээ ч ирэхгүй

Тийм л ертөнцийг бид мөрөөдөж байна.

Ичсэн царайгаа хүнд харуулахгүй

Ийм л бурханыг бид хайрлаж байна... гэх маягаар тов тодорхой атлаа юу ч тод биш үнэнийг эрж хайж эхэлжээ.

Морьдын туурайд

Чулуу гэрэлтэх

Монголын тал... Яруу найрагчийн ертөнцөд юм бүхэн ийм л цар хүрээтэй, бас тодорхой атлаа хязгааргүйн тухай өгүүлэх ажээ. Ер энэ ном Монголын яруу найрагт өөрөө бүтэн биеэ даасан нэгэн билигтэн төрснийг даанч бардамхан илэрхийлжээ. Ер нь Майнбаярын бүх шүлэг тэнгэр хараад, эсвэл газар ширтээд бичсэн биш өөрийнхөө дотоод ертөнцийг ухаж тэндээс юм бүхний гаж чанарыг олж хараад эндээсээ ертөнцийг ухаарах гэсэн мэт... Энэ хандлага зөв, буруу эсэхийг би хэлж чадахгүй. Гэхдээ л хорин нэгдүгээр зууны аль ч урлагийг ийм л хандлагаар бүтээх болжээ. Зөв бурууг нь төгсөөр дараагийн зуунд үнэлэх биз. Яавч гайхаж, биширмээр хандлага гэдэг нь л үнэн. Майнбаярын бүтээлийн энэ зам олон хүн яваагүй шинэ зам. Шинэ гэдгийг нь шүлгийн хандлагынх нь хувьд ярьж байна.

Тавдугаар сард гэрэлтсэн бодлууд

Гудамжинд хөглөрнө.

Есдүгээр сар... Японы хайкугийн шинжийг өнгөц харахад санагдуулавч бодлын тасархай биш бүтэн зураг. Энэ бол Майнбаярын л шүлэг. “Шүлэг уншмааргүй байна” гэдэг ялигүй шүүмжлэлт амьсгаатай сайхан шүлэгтээ:

...Хамба хилэн хөшигний цаана найруулж бэлдсэн

Харгис жүжгийн туслах дүрд тогломооргүй байна.

Хаа хол, аглаг буйдын нутагтаа тайван суугаад

Хаврын яргуй хүлээж өнө удаан амьдармаар байна.

Түүний дурдсан гурван ном тасархай тасархай, уламлалт ойлголтоор өөр өөр арга барилынх огт биш. Ерөөсөө л Майнбаярын дотоод ертөнц, ухаарал, илэрхийлэл. “Бясалгагч мөчир” хэмээх дөрөв дэх ном одоо сэтгэлгээ, бодлын ертөнц нь гүнзгийрэн төгөлдөршиж, онгод түүнийг улам тэвэрч байхгүй мөртлөө байгаа тэр орчныг онож тэмтрэх замд нь шулуутгаж өгчээ. Энэ үймээнтэй цаг үед хөдөөгийн буйд ахуйд суугаад бүхнийг мэдээллийн хэрэгслээр авч дотогшоо задаргаа хийж яруу найрагчийн ёсоор өөртөө итгэлтэйгээр ертөнцөө дэлгэжээ. Яруу найрагч болгон өөрийн ертөнцөө ийм л маягаар зөвхөн өөрийнхөө үүднээс өөрөө нээж өгмөөр... Шинэ үеийн яруу найргийн бүтэх зам, замнал ийм л байх ёстой болов уу. Найрагчийн сэтгэлийн ертөнц одоо юмыг үнэлдэг, зөгнөдөг, шүүмжилдэг болж байна. Энэ бол ертөнцийн жамаар хүний амьдралын замд тохиолдох хувьсал, хувирал. Энэ номд олон сайхан шүлэг байна. Магадгүй хэн нэг хүнд сайхан биш ч байж болох юм. Бүхэнд ойлгомжтой үүднээс “Долдугаар сарын нэгэн” шүлэг содон санагдлаа. Өнөөдрийн хэрэгцээний шүлэгчид энэ сэдвээр бичвэл нөгөө л Ху намын байр, хүний үхэл, орилоон хашгираан гээд л зураглаж гарах вий. Энэ шүлгийн сүүлчийн бадагт:

...Ёр билгийг бүтээлцсэн цаг хугацаа одоо

Ёроолгүй гүн амьсгалдаа бүтэж байх шиг

Галав эриний хүйтэн давхарга гэсэх үед

Газар дээр хэн үлдэх нь даанч тодорхойгүй гэсэн арай тодорхой нэг л өгүүлбэр байна. Ийм сэдвээр бараг дахиж ч бичихгүй биз. Гэвч нэг ийм явдал Майнбаярын болоод бидний ертөнцөд болоод өнгөрчээ.

Ийм шүлэг, ийм түүврүүд уншаад надад сэтгэл нэг л ондоо болох шиг санагддаг. Би түүний ертөнцөд нэгдэж байгаа хэрэг биш юм. Түүний ертөнц намайг гайхашруулж, бас эргэлзүүлж, залгаж бодмоор, ер нь ертөнцийг арай өөр өнцгөөс хармаар сэтгэгдэл төрүүлнэ. Энэ бүхэн бол зөвхөн миний биш аль ч дээд түвшний шүлгийг уншихад хүнд төрдөг л бодол болов уу. Майнбаярт ч миний магтаал хэрэгтэй биш биз. Надад ч Майнбаярын шүлэг хэрэгцээ биш юм. Гэхдээ л Монгол найргийн ертөнц нэг ийм иймэрхүү олон туйлт, олон өнцөгт товчхондоо болор гэгч эрдэнийн талстын маягаар гэрэлтээсэй гэж бодох юм.

Өнөөдөр уран зохиол шинэчлэгдэж байна. Энэ шинэчлэл хорин нэгдүгээр зууны өнгө аяс юм. Энэ ертөнц гэдэг нэг хүн толгойгоороо бодоод учрыг нь олох бүү хэрэг ертөнцөөрөө бодоод ч учрыг нь олох төвөгтэй юм. Ийм цаг үе тулгахад өмнөх үеийнхэн маань нөгөө л бурхан тэнгэр, зөн совин руугаа л ханддаг байжээ. Гэвч энэ бүхэн цөм хүний л толгойноос гарсан нь магадтай. Тэр байтугай зарим гүн бодолтон бурханыг бид бүтээсэн юм гэдэг. Энэ ч мөн л нэг бодомж. Монголын урлаг нэг тийм местик хандлага руу орж байгааг яавч буруушаах ёсгүй. Ер нь олон эшт үзэл гэдэг ганцхан улс төрийн тухайд ч биш юм. XXI зуун юм бүхнийг орвонгоор нь өөрчилж байна. Хүний ой санамжид ормооргүй олон юм өнөөдөр бодит байдал болчихлоо. Гэхдээ л энэ бүхэн хүний толгойноос л эхтэй билээ. Хүн ер нь агуу амьтан. Юуг эс боддог вэ. Тэр дундаа уран бүтээлч, яруу найрагч, зохиолчид... Өөр л ертөнц дөө. Үүнийг ч хүлээн зөвшөөрөөд манай гарагт ганц байдаг Нобелийн шагналыг бий болгосон бололтой. Тэр шагналыг хэн нэг хүний ивээлээр даанч авч болдоггүй гэнэ. Бас аль нэг үндэстэнд өгье дөө гэж өгч болдоггүй гэнэ. Тэр шагналтан өөрөө энэ ертөнцөд гэрэл гэгээ татуулсаар “бууж” ирдэг бололтой юм. Тэр сайхан цагийг үзэх хойч үедээ атаархал төрөх юм. Монгол найргийн гэрэлт цацруулсан мөрт ойртсоор л...



Ч.Билигсайхан /Шинжлэх ухааны доктор/











*Эх сурвалжаар хангасан ЭГЭЛ-д талархав!

0 Сэтгэгдэл:

Post a Comment