Монгол-ЕВРЕЙ

Сайн анд Савкадаа

Утга зохиолын амьдрал дэндүү нам гүм байгааг би сүүлийн үед “нууц бодлого” байх гэж дотроо хардаад байх болсон юм. Гитлерийн “цахилгаан дайн” гэдэг шиг монголын утга зохиолыг цахилгаанжуулахгүй нь нууц төлөвлөгөө ч юм уу, нууц бүлгийн төлөвлөгөөт ажил хэрэгжээд байгаа санагдах юм. Тиймээс эртний үлгэр домгийн зүйрлэлээр “нэгэн баатар эр” унтаж байна. Түүнийг монгол-еврей эзэд нь хааяа нэг сэрээхээрээ “шилэн аяганы төлөө” ирүүл тулаанд оруулчихаад л санаа нь амарсан “ноёдууд” нойрны эм өгөөд унтуулж орхино. Хорвоо ертөнцөд хосгүй агуу том баатар эр болж байгаа тухай амтат нойрноосоо сэрэх цаг хэдий болсон ч удаан үйлчилгээтэй нойрны эм нь нөлөөлсөн хэвээр ажээ. Харин хэзээ нэгэн цагт өндийж босоод өөр дээр нь тухалсан өтөл юмнуудыг сэгсэрч хаяад эрүүл цэвэр агаараар амьсгалж, ид хаваа харуулахыг ёстой таашгүй нь. Гэлээ гэхдээ ертөнцийн үнэн мөнхийн жам ёсоор нэг л нартай өдөр сэрэх нь магад.
Мэдээж улстөрийн амьдрал дахь “хавар бүхний синдром” бол цөхөрсөн ард түмний хувьд гарцаагүй үйл явдал л даа? Ядуурал, хомсдол, эрүүл бус нийгмийн харилцаа, баян хоосны хэт ялгаа, хуучин капитализмын шинэхэн мөлжлөгө. Үнэндээ Монголын капиталист нийгэм хэт мөлжлөгийн эхэн үед яваа учраас нэг хэсэг нь цулайж, нөгөө хэсэг нь чөрийж байдаг түүхэн зүй тогтлыг туулж байгаа юм. Ямар дахиад улаан туг атгаад цагаан морьтой капитализмын ангал мангал дээгүүр харайлтай биш дээ? Аа_тийм мартсанаас ийм л хатуу хар нөхцөлд тэсвэрлэж цөхөрсөн нийгмийн “олон” өнгөрсөн зуунд суурь машинаа эвдээд үймж эхлэнгээ “цуст хувьсгал” өрнүүлдгийг манай дээдсүүд эрх биш мэддэг гэдэгт итгэнэ. Хүчээр ч болтугай өөрийгөө итгүүлж тайвшрахаас…


Тэр үед ямар утга зохиол босож ирдгийг бодохоос ч айх юм. Нэг гартаа үзэг нөгөө гартаа сэлэм. Тэгээд бичихээсээ илүү цавчиж эхэлнэ дээ? Мэдээж аль олигтой толгойнуудыг өнхөрүүлнэ. Огт хэрэггүй толгойнууд ч бас санаандгүй өнхөрнө. Гэхдээ энэ бол утга зохиол сэрэх тухай нэг л хувилбар нь бидний хувьд бас ч танил дотно мэдэх гадарлах зүйл. Мэдэж гадарлахгүй өөр ямар хувилбар байж болох вэ? Энэ тухай өмнө нь би бодож байсангүй. Одоо ч бодож санаж байгаа юм алга. Тэр явдлыг тэр цагт нь л болохоос…Харин
Дулааны улирал нэгэнт ирчихээд байхад урь унаж, ус гэсэхгүй байгаа болохоор сайн анд Савкатайгаа АСА циркийн үүдэнд болзож ам халалгүй нилээд удсан байлаа. Тэгээд өдрийн сайныг өнжин байж, сарын сайныг саатан байж, цагийн сайныг Тэрбиш гуайн цаглабараас харж байгаад уулзсан юмсан. Хүйтэн жиндүү хаврын тэнгэр дор тэр надад Монголын нийгэм бүхэлдээ ХоМ еврей /хотын монгол еврей/, ХөМ еврей /хөдөөгийн монгол еврей/ гэсэн хоёрхон бүлэгт хуваагдах болсон тухай барин тавин баримт сэлттэй ярьсныг толгой дохин дэмжсэн хийгээд Эрээний гоонж, эрээн зангиа хоёрынхоо үнэнд хүрэхгүй ХӨ,ХО монгол-еврейчүүдийн тухай ухуулга сурталд нь автаж, удтал энэ тухай бодсон тал буй.
Үнэхээр амьд үлдэх гэж, бусад шиг амьдрахын тулд жаахан зөрүү буруухан алхам хийчихдэг явдал нь Еврейчүүдийн хүн чанарыг, мөн чанарыг гутаасан тал бий ч Герман дахь 1942 оны хөмрөглөн хядалт, 1943 оны олноор нь нүүлгэн шилжүүлэлт, Польшийн Еврейчүүдэд тохиолдсон аймшигт явдал зэргийг туулж гарсан ард түмэнд тэр хэмжээний “эвдрэл” байх хэмээн бодном. Гэтэл бид гэж бодоод өөрийн гайгүй гадарладаг утга зохиолынхоо хүрээ тойрогт л ХО, ХӨ монгол еврейчүүдийн тухай бодлоо үргэлжлүүлсэн чинь бурхан минь өмнө нь яагаад анзаарч байсангүй вэ? гэж дуу алдахаар олон монгол-еврей өөдөөс инээж угтдаг байгаа. Зарим нь бүр аль хэдийнээ сонгодог Монгол-ЕВРЕЙ шинжийг өөртөө агуулжээ. Эрхэм андынхаа ярьсныг дараа нь сайтар эргэцүүлэн бодоод ХоМ хийгээд ХөМ еврейчүүдийн эрлийз, Холимог Монгол Еврейчүүд гэсэн шинэ бүлэглэл нэгэнт бий болоод миний гайгүй гадарладаг утга зохиолын амьдралд өсөж үржсээр байгааг мэдсэн билээ. Тэд /ХО, ХӨ-гийн холимог Монгол Еврейчүүд/ хөдөөнөөс ирээд хотжих явцдаа Хо, Хө монгол-еврейчүүдээсээ ч дор мөн чанартай болчихсон хэсэг юм. Мөд ямар хэв шинжтэй болохыг нь өөрийн бодлоор илэрхийлэх учраас энд түр орхиё. Харин учир үүтгэл нь…

Ганц нэг хүмүүс дэлхийн сор хоёр үндэстэн бол Монгол, Еврей хоёр гэж цуурдаг. Еврейчүүдийн хувьд сайн, муу аль ч талаараа үнэний ор байгааг ертөнц даяар мэдэх хойно, би юу хэлэх вэ? Тэд бол жинхэнэ Еврейчүүд. Еврей санаа, еврей ажил хэрэг, еврей бодлого. Мөн еврей үр дүн. Яагаад ч юм бэ, бид тэднийг нийтэд нь “жүүд” гэх юм билээ. Хэзээ хайрласан нэр болохыг мэдэхгүй. Ямар утга учиртайг ч бүү мэд. Үнэндээ энэ нь гол биш л дээ? Харин бидний хувьд хүний мууг амархан сурдагчихаараа л алдаршиж магад. Сурах сурахдаа давуулж сурдаг гэмтэйг ХХ зууны түүхэн олон хэрэг явдал харуулдаг шүү дээ? Тэр дээд чанараараа еврейчүүдийн зан төлөв дөх муу шинжүүдийг л түрүүлж сураад зарим талаараа давуулж орхижээ. Эсвэл дэлхий нийтээр еврей чанар гэж тодорхойлдог тэр л ялимгүй тиймхэн шинжүүд бидний дотор байж байгаад нөхцөл байдлын улмаас сэдэрч гарсан ч байж болох үндэстэй.

Гэтэл одоо хүртэл “ИВАН” хүмүүжлээсээ салаагүй байгаа өөрсдийгөө хотын еврей, хөдөөгийн еврей хэмээн ангилах зааглах цаг эрт мэт санагдаж болох юм. Нөгөө талаар өөрсдийгөө тийм байдалд хүрээгүй, хүрэх ч үгүй гэгээн цагаан улсууд гэж бодож ч байж магад. Магадгүй 45-аас дээш насны хүмүүст үнэндээ монгол - еврей шинжүүд тун бага байдгийг хэн ч анзаарч болно. Тэд бол өөр цаг үе, өөр нийгмийн харилцаанд өсөж хүмүүжиж, өдий хүрсэн хүмүүс. Гэтэл өнөөдөр төрсөнөөс эхлээд одоо гуч гарч яваа насны хоорондох бид бол бөөн өрсөлдөөн, шөргөлдөөн, дайрлага, түрлэг, жигүүр, жагсаал цуглаан, өлсгөлөн, бүлэг бүлэглэл, эрх ашиг, хувь сонирхол, ашигт харилцаа, хувьцаа, картын бараа, Оюу толгой өөр юу юу ч билээ. Буруу Еврей байхаас, монгол еврей шинжүүдийг бүрдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал, цаг үе. Өршөөж, уучилж болохоор том шалтгаан шүү.
За одоо л “Холимог Монгол Еврейчүүд”-ийн хэд хэдэн анхдагч шинжийг өөрийн гайгүй гадарладаг утга зохиолын унтаа амьдралын жишээн дээр дурьдахыг хичээе.
Хөөрхий минь МУЗ хэмээх баатар эрийн нуруун дээр суугаад нойрны эм нухаж суугаа “Холимог Монгол Еврей” -чүүдийн дунд ойрын арван жилд ганц мөр шүлэг бичээгүй байж мэдэх яруу найрагч нилээд олон буй. Би одоо хүртэл ямар арга замаар, нарийн еврей ухаанаар шүлэг бичдэггүй байж тийм алдрыг хүртсэнг нь ойлгодоггүй юм. Баргийн бид ойлгохооргүй нарийн торгон ухаан байх л даа? Зарим нь бүр эргэлзэж гайхахаар олон шагнал хүртсэн байх. Тэгээд болоогүй энд тэндэхийн уралдаан тэмцээн байнга шүүж, өөрөө ойлгодоггүй байж уран зохиолын тухай дэндүү ойлгомжтой ярина. Өөр нэг тодорхой шинж нь уран зохиолыг сэрээх хүсэлтэйчүүлийг нийлж боорлож хоргооно. Хачин ихэмсэг сүрдэм дүр үзүүлнэ. Ийм тийм хэд хичнээн зохиол бичсэн гэж ярих ч түүнийг нь олж үзсэн уншсан хүн орчлон ертөнц дээр нэг ч үгүй.

Хоёрдугаар түгээмэл шинж бүхий Холимог Монгол Еврей нь бүхнийг ямар ч утга учиргүй болтол нь харлуулж ярина. Уран зохиолын амьдралаар амьдарсан би хохирсон. Залуусыг дэмжих нь намын залуу халааг бэлдэж буй гэдэгтэй адил явдал. Би шагналд дургүй гэх атлаа энгэр дээрээ шар тэмдэг эгнүүлчихсэн байх бол юу ч биш. Гол ялгарах шинж нь өөртэйгээ адилхан шинж бүхий Еврейчүүдээ ч ижил үзэн ядна. Хэнтэй ч үл нийлнэ. Хэнтэй ч санал үл нийлнэ. Нэг их шинэ юм хүлээгчийн гүн ухаанлаг царай харуулах боловч шинэ юмнаас үхтлээ айж, нойрны эмээ сэм хаалга үүдээ түгжиж байгаад гэртээ нухна. Манай унтаа баатар /МУЗ/ уран зохиолд өөрөө бус зарим нэг гэнэн тэнэгээр дамжуулж эмээ уулгана. Хамгийн гол шинж нь хэдийд өөрийгөө тойрон хүрээлэгчдийг бий болгож, мөн хэдийд тэднийгээ нясалж орхихоо жинхэнэ еврей ухаанаар тооцоолно.

Гуравдугаар шинж бүхий Холимог Монгол Еврей-чүүдийн дотор сүүлийн үед 40 дөхөж яваа эсвэл 40 гарсан эмэгтэйчүүд цөөнгүйгээр эгнээ нэмж байна. Тэд гайхмаар хөдөлмөрлөнө. Бүр гайхмаар их цаасан дунд суугаад бүхнийг ангид орхиод амьдрал үр хүүхэд, эх нөхрөө ганд нь хаясан дүр үзүүлнэ. Эмэгтэй хүний уугуул зөн билгээр хоорондоо тийм ч эв найртай бус. Юу хийгээд байгаагаа өөрсдөө сайн ойлгохгүй байж, хийсэн юмыг минь үнэлсэнгүй гэж хэл ам гаргана. Гэхдээ өөрөө биш эрчүүдээр энэ үгээ хэлүүлнэ. Энд л нөгөө монгол-еврей шинж нь цухалзана. Тэдний унтаа баатарт /МУЗ/ өгөх эмийг эрчүүл нухаж, эрчүүл аваачиж аманд нь хийнэ. Уран зохиолыг сэрээх хүсэлтэйчүүлийг, хүсэлгүйчүүлээс нь ялгахгүй атлаа дэндүү залуу эсвэл хуулан бичлэг хийдэг, үгүй бол хэт өөртөө ханасан зэрэг нэр цолоор тодорхойлно. Зарим нь захиалгат дууны шүлэг, улстөрийн нийтлэлээ уран зохиол гэж ойлгоно. За даа нэг иймэрхүү…

Дөрөвдүгээр шинжтэнгүүд уран зохиолоос өөр замаар уран зохиолын нуруун дээр суухыг хүсэгчид. Тэдний ихэнх нь мөнгөтэй болоод эсвэл албан тушаалд хүрээд бүхнийг чадчихлаа, зохиолч болчихлоо хэмээн эндүүрнэ. Тэгээд дарга шиг, захирал шиг зохиол бичиж эхэлнэ. Үгүй бол юу бичихгүй. Уран зохиолыг улам унтуулахыг хүснэ. Яагаад гэвэл өөрт нь ашигтай учраас. Холимог Монгол Еврей шинж нь санасандаа хүрэхийн тулд тойруу замаар ч хамаагүй, бүр өөр замаар ч хамаагүй хүрэхийг эрмэлзэнэ. Тиймээс уран зохиол бичих гэж өөрийгөө зовоохоосоо илүү унтаа баатар эрийн нуруун дээр суух хэдийгээ удирдах залах еврей төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг чухалчилна. Дарга болчихвол зохиолч болчихно гэсэн нарийн ухаанаар үзнэ. Дээшээ гарахын тулд хөшүүргэ хэрэгтэй. Дээр гараад тогтвор чухал гэсэн суут Еврейн үгийг амьдралынхаа мөрдлөгө болгож удирдлагын ухаанд суралцахаас бус уран зохиолыг үл уншина. Ихэнхэд нь уран зохиолын авьяасын үнэр ч байхгүй.

Тавдугаар шинжийн Холимог Монгол Еврей -чүүд дээрх дөрвөн төрлийнхнөө бодвол нэг давуу тал тэдэнд бий. Тэр нь авьяас. Уран зохиолд авьяас чухал зүйл боловч тэд авьяасаа монгол-еврей санаатай ажил хэргүүдээрээ баллаж орхино. Нэг үгээр уран зохиолоор дамжиж утгагүй олон зүйлд хүрэхийг санаархана. Ихэвчлэн унтаа эрийн /МУЗ/ нуруун дээрээс улс төр рүү үсрэх санаа агуулна. Тиймээс түүнийг хөдөлгөөнгүй унтаа байлгаж өөртөө ашигтайгаар хэрэглэх монгол-еврей санаа нь нойрны эм ил тод нухахад хүргэнэ. Ард түмэн гэж ярьж эхэлнэ. Гэвч ард түмэн гэж юу болохыг ойлгохыг хүсэхгүй. Зохиолч бид нар тэмцэгч мэтээр итгэхэд бэрх онол гаргаж түүнийгээ зохиолч биш олон хүний нэр дурьдаж баталгаажуулахыг оролдоно. Зарим цөөн тохиолдолд энэ төрлийнхний бичсэн зохиол тун боломжийн байх боловч цаад санаа нь илэрхий мэдэгдэх учраас уран зохиолыг маань улам гүн хордуулах аюулд хүргэнэ.

Зургадугаар шинжийн Холимог Монгол Еврей-чүүд ихэнх нь харьцангуй залуу хүмүүс байна. Яавал, ямар еврей аргаар амжилтанд хүрэх вэ? гэсэн ганцхан монгол еврей бодол бодно. Уран зохиолын боловсрол олохыг хүсэхээсээ уран зохиолч болохыг эн тэргүүнд тавина. Нэр нүүртэй зохиолч бүхнийг “багш” гэж дуудна. Нээрээ яг хэнийх нь шавь болохыг хэн ч сайн мэдэхгүй. Манай үеийн нэг яруу найрагч гэхэд л миний мэдэхээр лав дөрвөн багштай. Бүгдийг нь магнайдаа тахьсан байх бөгөөд хэн нэгэн нь илүү “ашигтай” болох үед тийшээ нь хөлбөрөхөд л хангалттай. Дасан зохицох уян хатан шинж чанар нь тэдний жинхэнэ монгол-еврей шинжийг тодруулж өгнө. Уран зохиолыг улам унтуулах хүсэл нь тэдэнд бурхан авъяас билиг багахан заяасан учраас араас нь хүчтэй үе түрэн гарч ирээд өөрсдийг нь жам ёсоор шахах вий гэхээс айна. Айсандаа нойрны эм нухах ажилд багшийнхаа заавраар залуугаасаа оролцож, хааяа “орос чихрийн цаас хэн өгсөн, хаанаас олсон” гэж, зэм шийтгэл хүлээнэ. Гэвч гол шинж нь “тэвч одоохон маргааш болно” гэсэн суурь еврей гүн ухаан дээр суурилах учраас үг дуугүй нойрны эм нухах ажилдаа шамдана. Уран зохиолыг сэрээх хүсэлтэй тэгээд залуу хүнийг нүдний булангаар харах атлаа найртайгаар инээж чадна.

Тэд бол өчүүхэн миний л таньж мэдсэнээр эцсийн Холимог Монгол Еврей-чүүд. Өөр цаана нь хэдэн ч хэв шинжүүд байгааг мэдэхгүй. Ямар ч байсан тэднийг “зөөгч” гэж нэрлэхээр шийдэв. Хэний дотор уран зохиолыг сэрээх хүсэл ихээр бадарна. Түүнд “гашуун юм” зөөнө. Зулгуй үгээр магтаж, найрсаг сайхнаар үйлчилнэ. Мөрийг нь алгадна, бичсэн зохиолыг нь тэнгэрт гартал, тэндээ үлдтэл нь магтана. Архи хундагална. Эцэст нь зүгээр нэхэж, хайж, гуйж, уудаг болсон хойно нь орхиод өөр хүнд “гашуун юм” зөөж эхэлнэ. Унтаа баатар эрийг /МУЗ/ сэрээхгүйг хичээх гол шалтгаан нь өөр шиг нь болсон ижлүүдийнхээ дунд байж уран зохиолын намтарт архи зөөсөн тухайгаа түүх болгон үлдээхийг л хүснэ. Еврей санаагаа хэрэгжүүлэхийн тулд үндэсний томоохон үйлдвэрүүдийн гол худалдан авагч нь болдог байх л даа? Тэдний заримыг бурхан болоход үндэсний томоохон үйлдвэрүүд дампуурал зарлах хэмжээнд хүрсэн тухай онигоо сонсож байлаа. “Зөөгчид” уран зохиол бичих нь бичдэг ч мэдээж нойрны эм нухах ажилдаа гол анхаарлаа хандуулдаг учраас түүнийг сэрээх хэмжээний сайн бүтээл бичсэн байх нь бараг үгүй.

Миний гайгүй гадарладаг уран зохиол дээр Холимог Монгол Еврей-чүүд иймэрхүү нойрны эм нухах тоглолтоо хийж байна. Байгааг үнэнээр л бичсэн учраас дордохын долоо хүрээд зогсов. Цааш нь үргэлжлүүлвэл ерөөлийн ес болчих гээд байх тул ёс билгийг бодож энэ хүргээд өндөрлөв. Үнэхээр Монголын Уран Зохиол унтаж буй баатар эр мөн. Нэг л өдөр тэр жам ёсоороо сэрнэ. Босож өндийгөөд нуруугаа сэгсрэхэд тэд мэтүүд газар унах нь гарцаагүй.. Бүр нүдэнд харагдаад байна. Ай, даа сайхан, сайхан. Ардчилсан Монгол Уран зохиолд шударга цаг шулуухан л ирээсэй.
АСА циркийн үүдэнд суунгаа над мэт шиг Монгол-Еврей болоогүй
Ард Монгол анддаа зориулж бичсэн болно.
Доктор С.Батхуяг
2010-04-01
Дэлхийн инээдмийн өдөрт инээлгүй бичив, ээ

0 Сэтгэгдэл:

Post a Comment