ЕСЕНИНД БИЧСЭН ЗАХИДАЛ

Бээж хөрсөн зургийг чинь хараад
тариачин минь
Бээрч орхих шиг болсон
зүрх минь
Шанаа тулсан хуурмаг дүрийг чинь олонтаа харсансан,
тариачин минь
Шархирч ийн тасалдсан нь нэгээхэн ч үгүй ээ
зүрх минь

Зарим хүний заримдаг амьдралыг
Заримдаа үхэл нь л үнэ цэнэтэй болгодогийг
Зарим хүний заримдаг амьдрал шиг
Үйл хэргийн минь гутамшигт үнэнийг
Үхэл л аварч магадгүйн үнэнийг
Үнэмшсэн даруй үхмээр санагдлаа, тариачин минь

Ийм юм бичсэндээ
Ичиж байна, өөрийнхөө өмнөөс
Ичгүүр гутамшгийн минь биелэл болсон
Зургийг чинь базаад
Инээмсэглэж байна, бусдын өмнөөс.













*Таних танихгүй бүхнээс уйдсан ч
Тархи зүрхнээсээ уйдаагүй...

хэвээр шүү
харин.

ЦОГБАДРАХ найрагчийн ГЭГЭЭН ертөнцөөс:


* * *
“Сайн сайхан бодолд автаж явдаг хүн хэзээ ч муу, муухай үйл хийдэггүй”.

* * *
“Эх орон минь миний мэдрэхүйд мөнхөд орших эмзэг нарийн сэрэл юм”.

* * *
“Өглөө бүхэн ертөнцийн бага настай учрах гэж толгодын дунд ирмү. би.”


Дашдондовын Цогбадрах...

Энэ хүний нэрийн ард гурван цэг тавихаас өөрөөр би тодорхойлж чадах бил үү?
Гэгээн найрагчийн гэрт анх учирч.., гэгээн андыхаа ачаар мэнд мэдэх болсон.., түүнтэй холбогдсон үйл явдал бүхэн түйтгэр үгүй гэгээн дурсамж үлдээжээ.
ГЭГЭЭН гээд зогсоё доо. Эгүнээс чинагш зогсоолууд таны зүрхэнд гэрэлтнэм буй за.

Ямартай ч мөнгөн үеийн яруу найргийн цоморлигт мөн л ГЭГЭЭН найрагч Т.Содномнажил бээр түүний тухай:

-“Засагт ханы хөх харчуудын удам, цэнхэр дээлтэй даруухан бор хүү нийслэлд орж ирээд, Дарьгангын догшин найрагч О.Дашбалбарын өлмийд гурвантаа мөргөн, архи хадаг өргөсөн нь бидний нэрлэдэгээр мөнөөх “Хар Цогоо” бөлгөө. Түүний дуугүйхэн инээмсэглэл, сониуч зөөлөн шүлгүүд бидний нөхөрлөлийн гүүр болсноос хойш хэдэн он улирчээ. Д.Цогбадрахын шүлгүүдийг найрагч багш нь “Агуу мэдрэмжийн, гайхалтай тунгалаг” хэмээн үнэлж байсан бөгөөд тэр ч өөрөө чимээгүйхэн шүлэглэсээр явна. Д.Цогбадрахыг олон жилийн дараа полдгор бор өвгөн болчихоод нэгэн албан газрын манаач хийгээд тамхи баагиулан, хааяа шатар нүүж суувал би л лав гайхахгүй. Учир нь эгэл энгийнээс гоо сайхны далд ариунд уусах түүний шүлгүүд, өөрийнх нь даруухан, дэндүү бодь зан чанар ингэж төсөөлөгддөг юм” гэсэн бол анхны номынх нь өмнөтгөлд найрагч Т.Баянсан гуай:

-“...Ногторуу шувууд... Оройн нарны улайдмал хонгор аяс... Манхны оройгоос хөл алдан гулдагч гэнэн цагаахан араншин... Аагим халуунд өвгөн сульчины амьсгаадан мацах...
Ер нь хэт ахуйлаг мэт боловч дэндүү саруул мэдрэмж, цэлмэг гарцаар цувж эгшиглэх Цогбадрахын шүлгүүд яруу найргийг жинхэнэ утгаар хүртэх хэнд ч таашаан атаархах сэтгэлийг төрүүлнэ.
...Тэрбээр цаг хугацаа орон зайнаас хараат бус найрагч аа”
хэмээн тодорхойлсон байдаг юм.


За харин түүний албан ёсны намтар гэвэл:



1968.-Бичин жил Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “Сайн уст” хэмээх газар малчин ардын гэр бүлд төржээ.
1976-1986. -Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль
1986-1990. -Ховд аймгийн УБДС-ийг “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр дүүргэсэн. /Энэ үед түүнтэй мөр зэрэгцэн яруу найрагч Г.Бадамсамбуу, Т.Баянсан, П.Лхагвасүрэн, Х.Эрдэнэбаатар нар суралцаж, Доктор Д.Галбаатар, С.Энхбаяр, Д.Мөнхтөр нар тэдэнд багшилж байжээ./
1990-1998.-“Зохист аялгуу”, “Улаанбаатар” сонинуудад сурвалжлагч, утга зохиолын ажилтан, редактор, хариуцлагатай редактор
1998-2000. -Чөлөөт уран бүтээлч
2000-2006. -Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад оюутан
2006 оноос эдүгээг хүртэл Монголын Үндэсний Түүхийн Музейн куратор.
2003 онд яруу найргийн анхны номоо “Веfore the time start” /Цаг хугацаа мэндлэхээс өмнө/ нэртэйгээр хэвлүүлсэн.



* * *

Дор түүний энэхүү номноос шад мөрийн богинийг барин түүвэрлэсэн есөн шүлгийг сийрүүлсүгэй.


Цогбадрах ах номынхоо эхний хуудаснаа:
“Эгшиглэнт тэнгэрийн томилолтоор
Эндүүрлийн ертөнцийг үзээд буцсан
Улаан сахиусын хүү, яруу найрагч
Очирбатын Далбалбарт эл номыг зориулав”
хэмээжээ.




ЦАГ ХУГАЦАА МЭНДЛЭХЭЭС ӨМНӨ

Хээр талд цаг хугацаа мэндлэхээс өмнө
Хэсэг бусаг цагаан үүлс нүүж л явсан
Холхи нарны алтан хэцэн дээр
Хэлгий болжмор жиргэж л суусан
Хөхрөгч уудамд анир чимээгүйн үр хөврөл
Хөлгүй усны мандал дахь өнчин өвс мэт
Хандах зүггүй төөрч явсан
Хэрмэл шүлэгч түүнийг цаг хугацаа гэж
Хэтэрхий мэргэн онож нэрлэсэн
Тэр мөчөөс эхлэн газар дэлхийнхэн
Тэнгэрийн цаазыг дагадаг болсон
Хаан тэнгэрийн нуган үр-
Хэмжээгүй эрхт Цаг хугацаа
Хээр талд мэндлэхээс өмнө
Хуучин лимбэнд шинэ аялгуу төрж
Хувьслын дууг өнөөгийн хэлээр түрцгээдэг байсан.





“БАРУУН ГАРТАА БАДАМЛАГЧ СУЛЬ ӨРГӨН ОДДЫН ЗӨРЛӨГ ДЭЭР НАМАЙГ ХҮЛЭЭХ ЦОЛМОН САХИУС” хэмээх бүлэг шүлгээс...

2.
Түгших зүрхийг чинь би сонсож байнам
Түнэр харанхуйгаас юунд тэгтлээ айнам, чи
Тэргэл сартай наймдугаар сарын бөөрөг манхадад
Түмэн зул бадамлах адил суль өвс гэрэлтэн буй
Тулганд цог улалзана... өвгөн сульчны үлгэр саяхан жаргажээ
Тэргэл сартай ийм үдэш майханд шургаж хэвтэхийг хэн хүсээ гэж
Тэнгэрийн солир харвахад хэн нэг нь сэрүүн нулимна
Таваглаатай тэмээ хивж, чөдөртэй морьд тургилахаас өөр аниргүй
Хөвөн үүлс зулсан мэт замын турш торгон элс нургилна
Хөл хатгах зангуу хааяа дайралдаасай
Хонгорхон, танхилхан чиний аяглахыг харахсан
Бадамлан гэрэлтэгч суль өвсийг баруун гартаа өргөөд
Балар харанхуйд замыг чинь би гийгүүлнэм зээ

1990.10.02




* * *

Сүүлт од шиг саран тэнгэрт бүрэлзээд
Сүйрэлийн өмнөх нам гүм шиг ажин түжин шөнө өө
Сэрэмжээ гээсэн амрагууд дуг нойрондоо тэврэлдсэн чигтээ
Сэрэхийн зуургүй хумхийн тоос болно гэх шиг
Совин будангуйрч, зовиурт аялгуунд зүрх хөндүүрлэнэ.
Салхи могой адил гулсан моддыг ороох нь жихүүцэм
Сүүлээ хавчин гүйлдэж, улин шиншлэх
Соотон нохдын зөн шүлэгчийн мэдэрхүй мэт эмзэг.
Сүрэг соны нисэх анир, далавчны гилбээн шиг
Сүнснүүд бүүдгэр ахуйг гэрэлтүүлэн чуулаад
<<Солиот шүлэгчийн мэдрэхүй юутай соргог>> гэлцэхийг
Сүүлт од шиг марны гэрэд сонслоо, би.




* * *

Цасанд хучигдсан эл хуль цэцэрлэгт
Цагаас урьтан хаврыг бид авчирлаа.
Цайлган инээмсэглэлийг чинь би олзолж
Цаг хугацааны дэлгэцэнд буулгаж үлдээлээ.
Чиний үнсэлт хавар мэт мансуурам.
Чиний ааль хавар мэт уяхан.
Бидэн хоёрын зам дээр ийм л нарлаг өдөр
Буй бүхний эхлэл мэт чимээгүй ирсэн.
Хайр, энхрийлэл, амраглалыг чи надад бэлэглэж
Хариуд нь тийм гэрэлт өдрүүдийг хүссэнээрээ ав даа.

2003.2.8




ЦАГ МӨРНИЙ ЭРЭГТ*

Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өглөөгүүр ганганалдан ганганалдсаар одсон шувуудын
Өнчин цэнхэх өд хаа нэгтээ хөсөр хэвтээ гэхээс
Өр нимгэрэн сэтгэл гунднам.
Ай хөөрхий шувуудын хагацлын дууг
Аль нэгтээ рүү урсах цагийн шар мандалд эрнэм, би
Намрын аньсганаас сэм сэмээр бөмбөрхө нулимс шиг
Навчис уй шивнэн асгарна.
Аяа !
Шувуудын дуу навчисын уйтай сэрчигнээг
Зүрхээ даран чагнахуй
Аялгуунд нь би уусна.
Тэгээд
Тэгээд тэсгэлгүй их гансарлын дуу зохионом.
Өөрийн жаргалыг гансарлын дуугаар хайлж
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана.

1993



* * *

Жаахан хөвгүүн мэт элсэн дээр сараачин
Жаргах нарны дор удаан суунам, би
Үй олон тогоруу талын мандалд айсуй
Үүлэн өмсгөлийн хормой дэрвэлзсээр
Үзэх нүдний өмнө чи ирнэ
Уйтгарт сүүдэр минь хань болон бөгтийж
Улбар туяа мэт баларлаг санаа элсэн дээр үлдэнэ
Учралд нэрвүүлсэн харц өөдөөс ширтэх мэтэд
Учиргүй балмагтаж
Уран дүрийг арай урлан өндийтөл
Уруулын инээмсэглэл салхитай хамт одно
Чамд миний тухай төсөөлөл төрвөөс
Чимээгүй алсад гэрэлт үүлсийг ажин
Чин хайрын уянгат дуу аялаарай
Аглаг салхин өлмийд чинь унаж
Аяа, чи өөрийн инээмсэглэлээ олж танина

1991.08.13 Сайн-Уст



* * *

Хойд дэнжийн гэр үдшийн гэгээнд аниргүйхэн бөмбийнө
Хоточ нохой үүгээр түүгээр шиншлэн гүйж
Холын холд цагийн хонх жингэнэнэ
Хаврын үдэш тэнгэрийн хаяа хязгааргүй алсалжээ
Хань нөхдөө дурсан тэнгисийн орноор удаан хэснэм, би
Харгуй замд бараан дүрс сүүтэлзэн
Харуй бүрийгээр явуулын хүн ирнэ
Хадат толгойн оройд өвгөн хүн тэнгэр шинжин
Хааяа нэг шүүрс алдах нь энд сонсогдох шиг ээ
Дэнж даван мортой хөвгүүн дуулсаар одоход
Дэгдмэл салхин түүний дууг алсын алсад илгээнэ
Дэрсний цаагуур оготно шурдхийн өнгөрөхөд
Дэлхий хорвоогийн амьдрал зүүд мэт битүүлэг
Хаа нэгтэйгээс зөн совин мэт аялгуу нисэн ирж
Хувь заяаны тухай хэн ингэтлээ дуулнам?
Хашаан дээр дуугарах ууль шувууны гунигийг хуваалцаж
Хань нөхдөө дурсан тэнгисийн орноор хэснэм, би
Худгийн байшингаас ганц харцага сүрхийн нисэхэд
Хонгор бүсгүй цочиж, хувинтай усаа цалгиана
Үлэмж гэрэлт сарны урсгал намайг бүчих шиг
Үзэсгэлэнт бүсгүйн инээд үдшийн тэнгэрт цацарна
Үхлээс зүрх сэтгэл минь үүрд хагацнам
Үүнээс илүү гэгээн агшныг би мэдэхгүй ээ.

1992.04.23




* * *

Алтан үүлсийн доор хаврын өглөөг угтахад
Амьдрахуйн утгыг юундаа тэгтэл бодмоглоном
Алсын уулс шаргалтан тэнгэр хязгааргүй цэлийнэ.
Ахуй орчлонгийн өнгө зүүдний гилбэлгээн мэт ээ
Тогорууд дуугаран сэрүүн тэнгэрээр зэллэнэ.
Том бүрх малгай духдуулсан дэлчгэрбор хүү
Толгодын энгэрэс чөдөртэй морио аван дуулсаар одоход
Түлээ түүж яваа охин учир бүтүүлэгхэн инээмсэглэнэ
Орчлонгийн өглөө бүхэн надад шинэ итгэл бэлэглэнэ.
Орилоо тэмээтэй этгэ.эд хүнээс хүүхэд насандаа айж явсан
Одоо түүнийг буёдын адил хайрланам, би
Орчлонгийн амьдрал гэгч зүүдний гилбэлгээн мэт ээ.
Ангирын уянгалхад нулимас унагам...
Аав минь гэрийнхээ гаднаас мордож явах үзэгдэнэ.
Алтан үүлсийн дор бидний төлөө залбирч
Ахиад хичнээн өглөө угтахыг нь б үл мэднэ.
Олон зууны хойно эргэж ирэхэд хээр тал нам гүмхэн
<<Орой бүхэн энэ чулуун хашаан дээр ууль дуугардагсан>> гэж
Оддын доор би ганцаар бодлогоширно.

1993.5.2




ГЭГЭЭН ӨДРҮҮД

Нарны шувууд
Намайг орхин ниссээр
Намрын улиас
Навчисаа гүвэхийг хэдэнтээ үзвэй
Цонхны цаана
Гитарын эгшиг, уянгат дуу одоо ч сонстсоор
Цаглашгүй хүсэл инээд хөөр
Цаг хугацааны шувууд лугаа оджээ.
Цасан будрах өглөө
Цардмал замд
Цагаан мөр үлдээж
Цүнх мөрөвчилсөн охид яарангуй
Цаг хугацааны шувууд
Цаана нь бас хонхон дуу эс хүлээнэм.
Намрын гудамжаар бодлогошрон алхаж
Навчисын шар шуургыг хэдэнтээ сөрөв өө
Нарны шувууд мэт гэрэлт өдрүүд
Намайг зорин ниссэр
Насны харгуй хаа нэгтээ алсарчээ.

1992.4.14 ХОВД

ИНЭЭМСЭГЛЭЖ ЗУРАГДСАН АМРАГ


ИНЭЭМСЭГЛЭЖ ЗУРАГДСАН АМРАГ

Жаргаж манддаг ертөнцийн наран байхад
Жаахан гунигийн сэжүүрийг чамтай холбож болохгүй
Инээж уйлдаг хүний ертөнц байхад
Энэ хэсэгхэн нулимсыг нүдэнд чинь буулгаж болохгүй
Уран бийрийн үзүүрт инээмсэглэж буух амраг минь
Урьд нэгэн цагийн ийм зохиролт бүтээл минь
Амраг хосын уруул нийлж хагацах ягаан үүр байхад
Аз жаргалын нөгөө өнгийг чамд нийтгэж болохгүй
Алагхан эрвээхэй нисэх чимээгүй эгшиглэнт хором байхад
Амрагхан гоо бүсгүйн нисэнгүй үнэсэлтийг буцааж болохгүй
Төгс эгшиглэн зурагдаж дотор буух амраг минь
Төв сэтгэлийн гүнд алдрах хязгааргүй аялгуу минь
Санаж уулздаг сарны бүдэгхэн зөрөг байхад
Сайхан бүсгүйн тэврэлтийг буцааж ер болохгүй
Салж хагацаадаг цагаан манан байхад
Зүггүй гэнэн үгсийг сэтгэлд чинь үлдээж болохгүй
Үдэш үдшээр дотор зурагдах амраг минь
Үүр эртийн тунгалаг ийм зохиролт бүтээл минь
Солонгорон гийж ертөнцийн үзэсгэлэн дэлгэрдэг байхад
Соронздох адил чиний үзэсгэлэнд согтохгүй байж болохгүй
Барих юмгүй орчлонгийн цэнхэр эрхшээл тунарсаар байхад
Бадаг цээжний эгшигийг бичиглэхгүй өнгөрч болохгүй
Улам улмаар дотор зурагдах амраг минь
Урьд нэгэн цагийн ийм зохиролт бүтээл минь
Бүв бүлээн нулимсаар уйлдаг гэгээн тэнгэр байхад
Сэтгэл дотроо сэмэрсээр үзэсгэлэнт охид өнгөждөг байх юм
Салхи салхиараа бүхнийг арчдаг ертөнцийн гуниг байхад
Жаргал дотроо явсаар хос амрагууд одсон байх юм
Энэ гэгээн заяанд инээмсэглэж зурагдсан амраг минь
Эрт нэгэн цагийн тийн зохиролт бүтээл минь.





Л.Моломжамц
“Хавар шиг тийм хонгор” номоос.











-Энэ зууны эхэнд хэн шүлэг бичиж байсан юм бэ?
-Энэ зууны эхэнд Гончигийн Сүхзориг, Лхагвасүрэнгийн Моломжамц, Ганболдын Сонинбаяр, Цагаанчулуугийн Дэлгэрмаа, Доржсүрэнгийн Отгонцагаан нар л лав шүлэг бичиж байлаа.

БУУЖ МОРДОХ ХОРВОО

Миний хамгийн хайртай Үгүүллэг. Гэхдээ энэ үгүүллэгийг монгол хүн л ойлгоно. Мораль нь монголоороо байгаа бол шүү дээ. Өөрөөр хэлбэл хэрэвзээ энэ үгүүллэгийг уншаад сэтгэл тань эс хөдлөх аваас өөрийгөө монгол хүний тооноос хасчихад буруудахгүй л болов уу.


БУУЖ МОРДОХ ХОРВОО

Малд яваа талын хvн өндөр газар хvлгийн дөрөө мулталж, хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сvргийнхээ дунд мориныхоо хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгvй. Эзэн нь сvргээ хэрхэн тогтон идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сvрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хvрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай. Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ.


Төгөө ганц чvдэнзээр асаасан тамхиныхаа галыг ган төмөр толгойг нь барьсан гарынхаа эрхий хурууны өндгөөр байн байн дарж цогийг нь бөхөхөөс урьтан хавтаганыхаа мөнгөн тээгэнд сурмагхан цохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нэлээд азнав.Тамхины нь утаа талын зөөлөн салхинд, хаш соруул эвлэгхэн vлээх уруулын нь завсраар нэгэнтээ хөхрөн суунаг татсанаа, баруун зvvн мөрөн дээгvvр нь савсан арилах аж. Зуны тэргvvн сарын илчит наран духан дээр нь ээж, унаа морь нь эзнийхээ ааш хэрхэн өөрчлөгдөхийг харж, пар пар тургилан, борог өвс уруулаараа уртайхан ярж нялх ногоо хазлан эргэцнэ. Төгөө хээрийн хоймор тvгдийн завилж суусан биеэ цэхлэн, тамхиа татаж ханасан бололтой, гаансныхаа толгой дахь цогтой vнсийг гарзшаасан янзгvй хий vлээн хvvдийтэй тамхиа аанай л дадсан зангаараа баруун ар нуруундаа тээгээр нь бvсээ тэмтчин бөх гэгч нь хавчуулж, vдийн тунгалаг зэрэглээ бөөн бөенөөрөө цогих тэртээ урдах буурал талын дунд бөртөлзөн цаашилж яваа морьтой хvний хойноос хараа тавив. Тэгээд өөртее "Ангаа өвгөн ингээд явчихдаг байж. Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа..." гэж өгvvлснээ ийш тийш ямар нэг юм чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив. Төгөө хэзээний шvтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хөгшид ч юм уу, ер нь таних мэдэх хvн орчлон хальжээ гэж дуулбал хэдэн маани алба мэт уншдаг болжээ.

Яруу найрагч Цэндийн ДОРЖСЭМБЭ


Яруу найрагч Цэндийн ДОРЖСЭМБЭ

1975.02.02 – Модон туулай жил Баянхонгор аймгийн Баянхонгор хот, Номгон их уулын бэл, Түйн ариун усны хөвөөнөө сэхээтний гэр бүлд мэндэлжээ.
1982-1992. Өлзийт сумын 10 жилийн дунд сургууль

1992-1993. Өлзийт сумын VI багт малчин, ардын аж ахуйтан

1993-1996. Жамъянгаравын нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн “Утга зохиолын ажилтан”-ы анги
/Энэ сургуульд түүнтэй мөр зэрэгцэн яруу найрагч Д.Оюунчимэг, П.Батхуяг, Г.Ням-Очир, Л.Батцэнгэл нар сурч, О.Дашбалбар, Л.Хүрэлбаатар тэргүүтэн их сартваахиуд ном зааж байжээ/.
1996-1998. “Шар сонин”, “81-р суваг” сонинд сурвалжлагч, редактор

1998-2010. Яруу найрагч

2007 онд “Хэнд би таалагдах ёстой вэ?”,
2009 онд “Харсан тэнгэр” яруу найргийн номууд хэвлүүлсэн.



ЯНЖИНЛХАМЫН ӨРГӨЛ ШҮЛЭГ


Яруу алдрын эгшгийг чихний тосгуурт унагаснаар
Янагуухь хязгаарыг баригчийн, оюуны харанхуйг арилгаад
Ямагт таван ухааны орны дээд самбааг хайрлан соёгч
Яруу эгшгийн охин тэнгэр Янжинлхамд сүслэн мөргөмүү би
Уужим тэргэл намрын цагаан саран мэт нигуурын төвд
Угаас хос уруул нь улаан шүр, үнэн цагаан шүдний эрхис нь цаст уулын өнгийг даран
Уртлаг сумхан хоёр мэлмий нь, эранда модны үрийг бэлэгдээд
Уяран хайлах дуун эгшигийн Янжинлхам гурван газрын үзэгслэн бүхнийг булаана
Баясгалан төгс, гайхамшиг гоо, уртлаг зууван нүдний нь тийн наадах
Бадамлянхуа цэцгийн хүйснээ эрээн зөгий эргэлдэх мэт
Дээдлэх хайрлах итгэлт таны дэлгэрэнгүй цагаан царай
Дээжлэн тунгааж зуунтаа шүүсэн, дэлгэр цагаан саран мэт
Эх таны сайтар чимсэн хүзүүний чимэг сүйх хийгээд
Эгнэгт үзэгслэнт эрдэнэ гялалзсан хэлхээ унжлага
Элдвээр нарийн урлан зассан нь гэсэр бадмын үзэсгэлэнг гайхуулаад
Ихэд сул асгасан гогцоо унжлагын сэмбрүү туурцаг нь чичирхийлэн хөдлөхүй, сэтгэлийн амрыг алдуулна
Машид үзэсгэлэнт цээжин биеийн тусад тэнгэрийн эдлэл хувчид
Магнаг тийн олон хив торгон үүлийн цогцос намиран хийсэн хөдлөөд
Магтам хос өлмийн тусад торгоор ороосны тэнгэрийн нум солонго алаглаад
Магад бөгсөн биеийн тусад, хормогч шамтавын өргөө гэр дэрвэн дэрвэх нь үзэсгэлэнтэй
Дасгалуун царай машид дэлгэрсний дундаас өнцөглөн харах мэлмийн хөдлөөд
Даамай хос мутрын цагаан лянхуан салаагаар бүжиглэн наадагч
Далайгаас гарсан Янжинлхамын дүрс биеийн цаст уулын найлзуур модон
Даяар ертөнц бүхний эгээрлийг хангагч анхилуун тараан түгээнэ
Тунамал цагаан усан баригч үүлэн мэт таны лагшин
Тунгалаг яруу зуны хэнгэргийн дууныг дэлдсэн мэт таны зарлиг
Тун эрээнээр мяраалсан гэрэл сэрэхүйт тогос мэт бидэн гурав
Тувт хэзээ ч ханал үгүй баясан наадаж цэнгэнэ
Сааргүй гайхамшиг гоо цогийг гайхуулахаараа тэнгэрийн охин
Сайн номлолын анхилуун үнэрийг сэнгэнүүлэхээрээ гошир зандан
Сайхан сэтгэл нь гүн бөгөөд дөлгөөнөөөрөө их мөрөн
Санах хүслийн шаналал эгээрлийг хангахаараа чандмань эрдэнэ
Халуун наранд заан лянхуат нуурнаа сэрүүцэхээр орох ба
Хамаг муу сэтгэлээр энэлсэн би таны тааллын далайд сэрүүцэхээр орох хоёр адил ч
Халуурхсан заан мянган навчит лянхуан чуулганыг нэнд гишгэлэн сүйтгэмүй
Харин танд ихэд биширсний тул миний сэтгэлийн цөөрөмд ухааны навч нахиа сайтар дэлгэрмүй.





Ханчин хамба ЖАМЬЯАНГАРАВ бээр төвд хэлээр бичсэнийг
Огторгуйн цагаан гарьд монголчилжээ.

ТАГТАА төрсөн өдөр

Өнөөдөр ТАГТААГийн төрсөн өдөр.
Бараадаж уулзая гэвч зүүднээс өөр морьгүй болохоор энэ нэгэн шүлгийг хөтөлж ирлээ.
Шувуундаа өөрийн зүгээс болон хувиасаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

Муза-Янжин ивээх болтугай!




МИНИЙ НЭЭСЭН ЕРТӨНЦ

Гоморхол чинь хааяа босох салхи мэт хөнгөн
Баярлах чинь талын солонго мэт яруухан
Догдлол чинь үүрийн туяа мэт тодхон
Дотночлох чинь дулаан бороо мэт урьхан
Хайр чинь шинэ булгийн ус мэт тунгалаг
Халамж чинь үдийн говь мэт өгөөмөр
Сэтгэл чинь зүүдний цэцэг мэт ховорхон
Шанх чинь цагаан уул мэт мөнгөлөг
Үгүйлэн санахдаа навчаар уйлах мод мэт ядуу
Үнэн хайрынхаа төлөө цэцэглэх тал мэт баян
Ирэхэд чинь сэтгэлд яргуй дэлгэрдэг хавар минь
Явахад чинь сэтгэлд цас унадаг намар минь
Дэргэд минь байхад сэтгэлд хөхөө донгодох зун минь
Дэрэн дээрээ хоцроход
хөнжилд минь дааруулах өвөл минь
Чиний ертөнцийг нээсэн миний зүрх
Чамайг тойрон эргэсэн сэтгэлийн дагуул
Ухаан чинь дутахгүйн учир намайг жаргаасан хорвоо
Ухаантай байж л танихгүй бол амархан нээмгүй ертөнц.







Яруу найрагч С.Оюун.
"Миний ертөнц" /1991/ ном.
6-р тал.

УВС даяараа сайхан наадлаа

***
Улаангом үүднээсээ
***
Улаангом дээрээсээ
***

Нугын хийсэн эвлүүлэг.
***
Нутагт минь хүн зоны сэтгэл тавирч мал сүргийн зоо тэнийсэн дэлгэр зун болж байна. Хуучин ерөнхийлөгчийн хэлдэгчлэн ТЭР УТГААРАА томоотой гэгч нь суудалд тухлаад ар өврөөр хуушуур бууз эргүүлэлгүй шиг анх удаа наадам үзлээ.
ТМС-ээ төгсөж байхад минь дөрвөн аргын тоогоо ч сураагүй явсан бацаанууд хүдэр хүдэр эрс болоод наадмын дэвжээн дээр хөндлөн. Цол харж бэргэлгүй, цочиж бусгах явдалгүй яс түс үзэлцэх нь аргагүй л Увс гэдэг бөхийн орон доо.
Наадмын түрүү авсан манай доотлын доотлын доотлын төгсөлтийн Энхбаяр гэдэг залуу хэдхэн жилийн өмнө улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн гэнэ ээ. Өнөө хар аваргын маань багын зургийг санагдуулам тэрсхэн биетэй энэ хөвүүн халхын дэвжээн дээр дэвэлтээ жагсааж буй увсын харуудын нэг яах аргагүй мөөн.
Цөс хөөргөсөн сайхан барилдаануудын дунд нэг л хүн дутуу байсан нь түүнийг үгүйлж наадамчид энд тэнд шогшрох нь Тулга заан. Тулгаа заангүй наадам үзлээ. Улсын уран барилдаант заан гэж Дүвчин заан тэр хоёрын өмнө л Чанарав гуай тодотгодогсон. Бууж мордох л хорвоо юм даа.
Морьдын хөл зуд туулсан гэхэд чанга байна аа. Зөвхөн манай аймагт л жороо морьдын уралдааныг наадмын албан ёсны хөтөлбарт оруулдаг. Хилээр оруулж ирсэн тээхгэр тээхгэр завод морьдийг нь хасаад харвал үзүүштэй сайхан л байлаа.
Өнөө алдартай тэсийн голын хурд нь өнгөнд хурдалдаг нь ёс юм даа. Энд ч бас боосууд боосорхож босоо босоо хурднуудыг нэр дээрээ уралдуулдаг болжээ. Шинэ цагийн адуу гэж сүржин нэрлэдэг эрлийзүүд нь харин ховор юм. Тэжээл мэжээлийн шахаагүй цэвэр монгол уралдаан үзлээ дээ.

Баахан догдлолтой амьтан маргааш Гамбаа заан түрүүлж Бямбаа арслан үзүүрлэж Оршихоо Бүрэнтөгс шөвгөрнө гэх шахуу юм бодсоор юун тэр торэс вийя орообэн шнайдертай манатай. За яадий жилд ганцхан наадам хойно. Эрүүл явбал ирэх жил ч бас ингээд л сууна аа хө.

Зөвхөн Монголдоо

Зөвхөн Монголдоо


***

Бурхан биднийг уудам нутагтай цөөхөн хvнтэй байлгасан нь том хувь заяа. Бид орос эсвэл хятадын нэг муж байсан бол юуны чинь Чингис хаан, тусгаар тогтнол, төр засаг, сvлд дуулал, хилийн цэрэг, Д.Нацагдорж, радио телевиз, халх монгол байх вэ….Oросын "Монгольский округ" байсан бол П.Очирбат цехийн мастер, Н.Багабанди Колхозийн дарга, Р.Гончигдорж аймгийн сургуулийн багш, Ц.Элбэгдорж ротын дарга, би өөрөө сумын клубт билет таслагч хийх байлаа.


***

Хэл урттай хагас европжсон гоолиг Монгол охидын зах зээл дээрхи vнэ 5-10 доллар! Энэ бол дэлхий дээр хамгийн хямд бараа юм. Ингэхээр хvvхний сайхныг зөвхөн Монголд vзэж эдэлж болно гэсэн vг.


***

Ажилгvй байр оронгvй, мөнгөгvй хvн амьдраад жаргаад явах боломжтой газар бол зөвхөн Монгол юм. Ингэхээр амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэлж байгаа юм.

ноён АКИМ бээр Макондогийн номын сангийн даргаар ажилладаг байжээ

Хуучин хаардаа ухаж, архивт суурилсан сургалтаар их л ухаан сууж байна даа. Ямар ч найгүй их юм хадгалсым. Сэлин Дионд ямар ч их дуртай байсым. Харин одоо Жан Франко Сэлинийг сонирхох болж. Ойлгохгүй л дээ чааваас. Ямар буянтан нь түүнийг монголд унагааж манийгаа гялайлгах юм. Тэр сайн цаг нь хэзээ ч юм.

Эмилийг монголд анх зориглон /ном болгож/ хэвлүүлсэн Лхагвадуламыг манай үеийнхэн андахгүй дээ. Энэ цагийн баатруудаас хэн хүнгүй их л найдвар тавьж байгаа хүн. Зарим улсууд түүний орчуулсан танин мэдэхүйн мэдээнүүдийг унших гэж “ҮНЭН” сонин уншдаг нь л лав үнэн юмдаг. Одоогоос гурав бил үү жилийн өмнө түүний, орчуулагч Акимтай хийсэн яриаг хаарднаасаа олж харлаа. Тэгээд тохиолдлоор ч хамаагүй хэн нэг нь уншвал буян юм даа гэж санаад энд тавьлаа.

Гурван жилийн өмнө ноён АКИМ бээр Макондогийн номын сангийн даргаар ажилладаг байжээ гэж.



Г.АКИМ:

Монгол хvн улс орноо дээдэлж байгаа цагт монгол хэл, бичиг оршсоор л байна



***
“...орчуулга гэдэг нэгээс нөгөөд хуулахын нэр биш. Уран зохиол ямагт уран зохиол л байх ёстой”.
***
“Нас тогтсон хvмvvс цаг vеийн хурдыг гvйцэхгvй болохоор залуус гvйх л хэрэгтэй.”
***
“Та нар минь англи соёл, англи хэлэнд тийм л хайртай юм бол тэр газраа очиж амьдар. Yр хvvхдээ монгол ёсоор хvмvvжvvлж, монгол хөрснөө гишгэж, Монголын гэсэн бvхнээ хадгалж vлдэхийг хvссэн хvмvvст битгий саад бол оо”
***
“...сумын номын сангуудад саяхныг хvртэл 70 мянган төгрөг л хуваарилдаг байлаа. Харин энэ жилээс сая төгрөг болгосон. Сумын номын санд сая төгрөг гэдэг боломжийн хөрөнгө”.







Г.ЛХАГВАДУЛАМ

“Гэрэлтэй хvн”. Хаанаас ч билээ уншиж байсан эл vг Г.Аким гуайтай ярилцаж суухад бодогдсон юм. Билгvvн номчийн даруухан хөшөөгөөр угтдаг номын өргөөний эрхлэгч, их бичгийн эрхэмтэй хэсэгхэн хөөрөлдсөнөө хvргэе.

-Хуучин цагт орчуулгын номуудыг нэлээд хянадаг байсан. Сvvлийн vед орчуулагч, орчуулгын номууд тоогоо алдаж. Мэдээж энэ нь сайн талтай ч орчуулгын чанарыг хянах тал орхигдсон. Хуучны тэр хатуу шалгуурыг сэргээх боломж бий юу?
-Орчуулгын ном бvрийг ариутган шvvх боломжгvй л дээ. Тийм газар байгуулах ч аргагvй. Харин энэ олон хэвлэх vйлдвэр, газрууд өөрсдөө ариутган шvvгчтэй болох ёстой. Дээхнэ vед, бvр “Ганжуур”, “Данжуур”-ыг орчуулж байх vед орчуулагчид дөрөв хvртэлх зэрэгтэй байсан. Сайхан бvтээлийг ард тvмэндээ эх хэлээрээ хvргэж, оюуны ундааслыг нь тайлахын тулд сайн зохиолыг жинхэнэ зохиол чигээр нь уншигчдад хvргэх нь чухал.
-”Тэр зохиолыг орчуулаач”,”Тийм ном бичээч” гэсэн уншигчдын хvсэлтэд Та хэр дарагдаж байна?
-Одоо ч тийм хvсэлт тавиад, ном нэхэх хvн ховордож. Гэхдээ “Yvнийг орчуулахгvй юу” гээд номоо бариад ирэх ганц, хоёр хvн бий. Хvмvvсийн санал болгосныг орчуулж болох ч өөрийн мэдэрсэн, сэтгэлд хvрсэн зvйлээ л орчуулах нь чухал. Өөрт таалагдсан ном, зохиолоо монгол уншигчиддаа хvргэе гэсэн сэтгэлийн дуудлагаар орчуулах хэрэгтэй. Тэгж гэмээнэ хөдөлмөрлөж, нөгөөх зохиолоо нухан байж жинхэнэ бvтээл болгоно. Тэгээд ч орчуулга гэдэг нэгээс нөгөөд хуулахын нэр биш. Уран зохиол ямагт уран зохиол л байх ёстой. Англи зохиолчийн бичсэнийг англичууд уншаад инээж байхад манайхан орчуулгыг нь уншаад инээхгvй бол тэр утга зохиол биш. Тэнд уйлж байвал энд уйлж байх ёстой, тэнд инээж байвал энд ялгаагvй л инээх ёстой.
-Залуу vеийнхнээс арай өөрөөр сэтгэж, туурвиж байгаа нь Таныхаар хэн байна?
-Сайхан бичдэг залуус гарч ирж л байна. Юуны өмнө яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана хоёрыг хэлэх хэрэгтэй. Бас өгvvллэг бичдэг Б.Тvмэнбаяр гэдэг бvсгvй бий. Харин заримд нь нэг жигтэй юм байдаг юм. Модернист гэх залуус нь арай сонгодог тал руугаа бичдэг хэдийгээ тоохгvй. Харин нөгөө хэд нь залуусаа тоохгvй. Уг нь дэлхийн утга зохиолд энэ хоёр өөр урсгал зэрэгцээд л ирсэн хуультай. Өөрсдийнхөө төрөлд хувь хувьдаа л сайн. Тэгэхээр маргалдаж, мэтгэлцэлгvй зэрэгцээд явах хэрэгтэй байх. Олон тvмэн аяндаа аль сайныг нь л уншина.
-”Сайн сэтгvvлч тухайн цаг vеийнхээ нийгмийн толь болдог” гэсэн Таны vг бий. Өнөөгийн залуу сэтгvvлчид сайн муугаараа их л хэлэгдэх болж?
-Нас тогтсон хvмvvс цаг vеийн хурдыг гvйцэхгvй болохоор залуус гvйх л хэрэгтэй. Гэхдээ учраа мэддэг байх нь чухал. Жишээ нь, сурвалжлага, ярилцлага хийе гэвэл тухайн хvнийхээ бvтээж туурвисныг, vvх тvvхийг нь эхлээд судлах ёстой. “Ингэхэд Та чинь юу хийсэн хvн билээ” гээд сууж байсан залуу сэтгvvлчтэй би таарч байлаа. Телеви¬зийнхэн л гэхэд хэдхэн юмаа ярьж, өнөөх л улиг болсон асуултуудаа нуршдаг. Залуус маань хий таваргах нь ихсэж. Гэхдээ тэдний буруу биш л дээ. Бэлтгэж, төгсгөсөн сургуулиуд нь тэдэнд өгөх ёстойгоо өгөөгvй л гэсэн vг. Сэтгvvл зvйн энэ олон сургууль хvvхдvvдийг их эвдэж байна даа.
-Yндэсний бичгээ сэргээе гэж олон жил ярилаа. Хэрэгжсэн ажил алга. Монгол бичгийн ирээдvй хэр гэгээтэй байна?
-Би уг нь өөдрөг vзэлтэй хvн. Гэхдээ гутрах юм их гарах юм. Сайн муу, гуниг баяр гээд бvхий л юмс хосоороо байдаг жамтай хорвоо юм даа.
Дээдчvvл Монгол Улсыг хөгжvvлэх цогц бодлого гэдэг юм яриад байгаа. Тэнд нь монгол бичгийг байтугай монгол хэлийг устгах асуудал хөндөгдсөн. 2020 он гэхэд монголчууд дан англиар ярьж, төрийн хэргээ англиар хөтлөх юм гэнэ. Монгол эхийн ангир уургыг хөхөж, бvvвэйн дуунд нь торниж, монгол хэлний уянгыг мэдэрсэн хvн яавч ингэж сэтгэх учиргvй. Тэр бодлогыг санаачилсан хvмvvсийг би Англид юм уу, Америкт төрж, англи хэлний сайхныг мэдэрсэн улс байх гэж сэжиглээд байгаа юм. Би тэр эрхэм тvшээдэд хандаж нэг бус удаа ярилцлага өгсөн. Харамсалтай нь зарим хэвлэл, мэдээллийнхэн тэдэнд хvргэх гэснийг минь хасчихаад байгаа. “Та нар минь англи соёл, англи хэлэнд тийм л хайртай юм бол тэр газраа очиж амьдар. Yр хvvхдээ монгол ёсоор хvмvvжvvлж, монгол хөрснөө гишгэж, Монголын гэсэн бvхнээ хадгалж vлдэхийг хvссэн хvмvvст битгий саад бол оо” гэж би тэр хvмvvст хэлмээр байна. Мон¬голыг тэр чигээр нь англичлах шаардлага ч байхгvй. Монгол хvн улс орноо дээдэлж байгаа цагт монгол хэл, бичиг оршсоор л байх болно. Ер нь тvvх давтагддаг юм байна. 1980-аад оны эхээр “Малчдыг орос хэлтэй болгоно”, “Пушкиныг эх хэлээр нь уншина”, “Орос хэлийг нэгдvгээр ангиас заана” гэж хэсэг манаргасан. Гэхдээ тэр vед хамаагvй шvvмжилж болох биш. Тэр бодлогыг эсэргvvцээд хэлмэгдсэн улс ч бий. Миний санахын Отгон гэдэг хvн vvрийн дарга нарт орос хэл сургахыг шvvмжилж “Эд хотондоо очоод хоньтой ярих юм уу” гэж хэлээд хөөгдөж байсан юм даг. Харин одоо бvр төрийн бvх ажилтнуудыг англи хэлтэй болгоно гээд байгаа. Өөрөөр хэлбэл, багийн дарга ажлаа англиар хөтлөх нь. Энэ нь манайхны ийш тийшээ савчаад голдоо тогтож өгдөггvй зантай холбоотой байх. Бид хэчнээн ч юм алгасчихав, бvгд мэднэ дээ. Боолын нийгмийг алгасаад феодализм руу, капитализмыг алгасаад социализм руу, эцэст нь коммунизмаа алгасаад капитализм руугаа эргээд харайчихсан. Аливаа юмны голчийг баримталдаг хvн барагтайд алддаггvй. Тиймээс алс ирээдvйгээ бодсон, төвийг сахисан vзэлтэй байх хэрэгтэй болов уу. Бидний төв Монгол маань шvv дээ.
-Эрлийзжиж эхэлсэн монгол хэл, бичгийг аврахад Б.Ринчен гуай шиг их хvмvvс дутагдаад байна аа даа?
-Б.Ринчен гуай бол аугаа хvн юм. “Бvргэдийг бvргэдээр нь бvргэд гэж нэрлэе” гэдэг vг бий. Сод хvмvvн ойр ойрхон мэндлэхгvй. Б.Ринчен гуай сvvлийн зуунд төрөөд, өнгөрсөн. Чингис хаан гэхэд л мянганд ганц төрж. Бvр дэлхийд ганц шvv. Зарим хvн “Чингис гэж их ярилаа. Бид өөр болсон. Шинийг цогцлооё” гэцгээдэг. Эсвэл зарим нь Чингис хааныг айхтар байлдаанч л байсан мэтээр ярьж, хий хөөрцөглөдөг. Харин их хvмvvсийн хэлсэн, vлдээснийг ухаарч, зөвийг нь хэрэгжvvлэх хvмvvс л хэрэгтэй. “Ирээдvй рvvгээ л тэмvvлье” гэх залуус бий. Өнөөдрөө маргааштай жишиж байж төлөвлөгөө гаргахаас ирээдvйг таамаглах аргагvй шvv дээ. Өнгөрсөн маань бидний хөрс. Тvvхээ эргэж харахгvй нь агаарт хий дvvжлэгдэхээс ялгаагvй.
-Төв номын сангийн ном хадгалалт муу гэж олонтаа дуулсан. Байдал одоогоор ямархуу байна?
-Номын хадгалалт муу. Нимгэхэн банзаар давхарласан сараалжархуу тавиуртай. Шал нь ч их муудсан. Томоохон номын сангууд сунадаг төмөр замтай байдаг. Манай санд зам тавих нь битгий хэл цаашаа гvн рvv нь явахад ч эмээмээр.
Харин өнгөрсөн оны арваннэг¬дvгээр сард Кувейт Улсад айлчилсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр номын шинэ өргөө байгуулах тухай сайхан мэ¬дээтэй ирлээ. Удахгvй байргvйддэг асуудал vгvй болно гэж найдаж байна.
-Шинэ ном бvрийн дээжээр сан хөмрөгөө арвижуулж чадаж байна уу. Yндэсний номын сан маань хэчнээн ном, судартай вэ?
-Гадаад, дотоодын шинэ ном, сонин, сэтгvvл авахад төрөөс жилд 40 сая төгрөг төсөвлөдөг. Тэр бvр хvрэлцдэггvй ч Yндэсний номын сангаа эрхбиш харж vздэг юм. Гэтэл сумын номын сангуудад саяхныг хvртэл 70 мянган төгрөг л хуваарил¬даг байлаа. Харин энэ жилээс сая төгрөг болгосон. Сумын номын санд сая төгрөг гэдэг боломжийн хөрөнгө. Бас зохиолч, уран бvтээлчид маань шинэ номоо бариад л гvйгээд ирдэг. Сан хөмрөг маань гурван сая гаруйд хvрсээн.
-Барагцаалбал Та хэчнээн ном уншсан бэ?
-Сvvлд Чингис хааны ертөнцийг vзэх vзлийн талаар “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал” гэдэг ном бичлээ. Тэр номыг бичих гэж л зуу гаруй ном уншсан гэхээр амьдралдаа уншсан бvхэн маань тоймоо алдана. Анхандаа багцаа байсаан. Одоо харин тоолоход бэрх.
-Таны орчуулсан “Зуун жилийн ганцаардал” олон хvний ширээний ном болсон. Одоо ямар бvтээл туурвиж байна. Ном орчуулж байна уу?
-Дэлхийн уран зохиол ямар хэмжээнд хvрснийг уншигчид ч, зохиолч нөхөд маань ч мэдэхгvй явсан 1980-аад оны сvvлээр би уг романыг орчуулсан. Өнөө хэр олны анхаарлыг татаж байгаа нь сайхан л хэрэг. Гэхдээ энэ миний сайных биш, Маркесын сайных. Одоогоор орчуулж байгаа ном алга. Харин бодсон юм бий.