ЦОГБАДРАХ найрагчийн ГЭГЭЭН ертөнцөөс:


* * *
“Сайн сайхан бодолд автаж явдаг хүн хэзээ ч муу, муухай үйл хийдэггүй”.

* * *
“Эх орон минь миний мэдрэхүйд мөнхөд орших эмзэг нарийн сэрэл юм”.

* * *
“Өглөө бүхэн ертөнцийн бага настай учрах гэж толгодын дунд ирмү. би.”


Дашдондовын Цогбадрах...

Энэ хүний нэрийн ард гурван цэг тавихаас өөрөөр би тодорхойлж чадах бил үү?
Гэгээн найрагчийн гэрт анх учирч.., гэгээн андыхаа ачаар мэнд мэдэх болсон.., түүнтэй холбогдсон үйл явдал бүхэн түйтгэр үгүй гэгээн дурсамж үлдээжээ.
ГЭГЭЭН гээд зогсоё доо. Эгүнээс чинагш зогсоолууд таны зүрхэнд гэрэлтнэм буй за.

Ямартай ч мөнгөн үеийн яруу найргийн цоморлигт мөн л ГЭГЭЭН найрагч Т.Содномнажил бээр түүний тухай:

-“Засагт ханы хөх харчуудын удам, цэнхэр дээлтэй даруухан бор хүү нийслэлд орж ирээд, Дарьгангын догшин найрагч О.Дашбалбарын өлмийд гурвантаа мөргөн, архи хадаг өргөсөн нь бидний нэрлэдэгээр мөнөөх “Хар Цогоо” бөлгөө. Түүний дуугүйхэн инээмсэглэл, сониуч зөөлөн шүлгүүд бидний нөхөрлөлийн гүүр болсноос хойш хэдэн он улирчээ. Д.Цогбадрахын шүлгүүдийг найрагч багш нь “Агуу мэдрэмжийн, гайхалтай тунгалаг” хэмээн үнэлж байсан бөгөөд тэр ч өөрөө чимээгүйхэн шүлэглэсээр явна. Д.Цогбадрахыг олон жилийн дараа полдгор бор өвгөн болчихоод нэгэн албан газрын манаач хийгээд тамхи баагиулан, хааяа шатар нүүж суувал би л лав гайхахгүй. Учир нь эгэл энгийнээс гоо сайхны далд ариунд уусах түүний шүлгүүд, өөрийнх нь даруухан, дэндүү бодь зан чанар ингэж төсөөлөгддөг юм” гэсэн бол анхны номынх нь өмнөтгөлд найрагч Т.Баянсан гуай:

-“...Ногторуу шувууд... Оройн нарны улайдмал хонгор аяс... Манхны оройгоос хөл алдан гулдагч гэнэн цагаахан араншин... Аагим халуунд өвгөн сульчины амьсгаадан мацах...
Ер нь хэт ахуйлаг мэт боловч дэндүү саруул мэдрэмж, цэлмэг гарцаар цувж эгшиглэх Цогбадрахын шүлгүүд яруу найргийг жинхэнэ утгаар хүртэх хэнд ч таашаан атаархах сэтгэлийг төрүүлнэ.
...Тэрбээр цаг хугацаа орон зайнаас хараат бус найрагч аа”
хэмээн тодорхойлсон байдаг юм.


За харин түүний албан ёсны намтар гэвэл:



1968.-Бичин жил Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “Сайн уст” хэмээх газар малчин ардын гэр бүлд төржээ.
1976-1986. -Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль
1986-1990. -Ховд аймгийн УБДС-ийг “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр дүүргэсэн. /Энэ үед түүнтэй мөр зэрэгцэн яруу найрагч Г.Бадамсамбуу, Т.Баянсан, П.Лхагвасүрэн, Х.Эрдэнэбаатар нар суралцаж, Доктор Д.Галбаатар, С.Энхбаяр, Д.Мөнхтөр нар тэдэнд багшилж байжээ./
1990-1998.-“Зохист аялгуу”, “Улаанбаатар” сонинуудад сурвалжлагч, утга зохиолын ажилтан, редактор, хариуцлагатай редактор
1998-2000. -Чөлөөт уран бүтээлч
2000-2006. -Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад оюутан
2006 оноос эдүгээг хүртэл Монголын Үндэсний Түүхийн Музейн куратор.
2003 онд яруу найргийн анхны номоо “Веfore the time start” /Цаг хугацаа мэндлэхээс өмнө/ нэртэйгээр хэвлүүлсэн.



* * *

Дор түүний энэхүү номноос шад мөрийн богинийг барин түүвэрлэсэн есөн шүлгийг сийрүүлсүгэй.


Цогбадрах ах номынхоо эхний хуудаснаа:
“Эгшиглэнт тэнгэрийн томилолтоор
Эндүүрлийн ертөнцийг үзээд буцсан
Улаан сахиусын хүү, яруу найрагч
Очирбатын Далбалбарт эл номыг зориулав”
хэмээжээ.




ЦАГ ХУГАЦАА МЭНДЛЭХЭЭС ӨМНӨ

Хээр талд цаг хугацаа мэндлэхээс өмнө
Хэсэг бусаг цагаан үүлс нүүж л явсан
Холхи нарны алтан хэцэн дээр
Хэлгий болжмор жиргэж л суусан
Хөхрөгч уудамд анир чимээгүйн үр хөврөл
Хөлгүй усны мандал дахь өнчин өвс мэт
Хандах зүггүй төөрч явсан
Хэрмэл шүлэгч түүнийг цаг хугацаа гэж
Хэтэрхий мэргэн онож нэрлэсэн
Тэр мөчөөс эхлэн газар дэлхийнхэн
Тэнгэрийн цаазыг дагадаг болсон
Хаан тэнгэрийн нуган үр-
Хэмжээгүй эрхт Цаг хугацаа
Хээр талд мэндлэхээс өмнө
Хуучин лимбэнд шинэ аялгуу төрж
Хувьслын дууг өнөөгийн хэлээр түрцгээдэг байсан.





“БАРУУН ГАРТАА БАДАМЛАГЧ СУЛЬ ӨРГӨН ОДДЫН ЗӨРЛӨГ ДЭЭР НАМАЙГ ХҮЛЭЭХ ЦОЛМОН САХИУС” хэмээх бүлэг шүлгээс...

2.
Түгших зүрхийг чинь би сонсож байнам
Түнэр харанхуйгаас юунд тэгтлээ айнам, чи
Тэргэл сартай наймдугаар сарын бөөрөг манхадад
Түмэн зул бадамлах адил суль өвс гэрэлтэн буй
Тулганд цог улалзана... өвгөн сульчны үлгэр саяхан жаргажээ
Тэргэл сартай ийм үдэш майханд шургаж хэвтэхийг хэн хүсээ гэж
Тэнгэрийн солир харвахад хэн нэг нь сэрүүн нулимна
Таваглаатай тэмээ хивж, чөдөртэй морьд тургилахаас өөр аниргүй
Хөвөн үүлс зулсан мэт замын турш торгон элс нургилна
Хөл хатгах зангуу хааяа дайралдаасай
Хонгорхон, танхилхан чиний аяглахыг харахсан
Бадамлан гэрэлтэгч суль өвсийг баруун гартаа өргөөд
Балар харанхуйд замыг чинь би гийгүүлнэм зээ

1990.10.02




* * *

Сүүлт од шиг саран тэнгэрт бүрэлзээд
Сүйрэлийн өмнөх нам гүм шиг ажин түжин шөнө өө
Сэрэмжээ гээсэн амрагууд дуг нойрондоо тэврэлдсэн чигтээ
Сэрэхийн зуургүй хумхийн тоос болно гэх шиг
Совин будангуйрч, зовиурт аялгуунд зүрх хөндүүрлэнэ.
Салхи могой адил гулсан моддыг ороох нь жихүүцэм
Сүүлээ хавчин гүйлдэж, улин шиншлэх
Соотон нохдын зөн шүлэгчийн мэдэрхүй мэт эмзэг.
Сүрэг соны нисэх анир, далавчны гилбээн шиг
Сүнснүүд бүүдгэр ахуйг гэрэлтүүлэн чуулаад
<<Солиот шүлэгчийн мэдрэхүй юутай соргог>> гэлцэхийг
Сүүлт од шиг марны гэрэд сонслоо, би.




* * *

Цасанд хучигдсан эл хуль цэцэрлэгт
Цагаас урьтан хаврыг бид авчирлаа.
Цайлган инээмсэглэлийг чинь би олзолж
Цаг хугацааны дэлгэцэнд буулгаж үлдээлээ.
Чиний үнсэлт хавар мэт мансуурам.
Чиний ааль хавар мэт уяхан.
Бидэн хоёрын зам дээр ийм л нарлаг өдөр
Буй бүхний эхлэл мэт чимээгүй ирсэн.
Хайр, энхрийлэл, амраглалыг чи надад бэлэглэж
Хариуд нь тийм гэрэлт өдрүүдийг хүссэнээрээ ав даа.

2003.2.8




ЦАГ МӨРНИЙ ЭРЭГТ*

Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өглөөгүүр ганганалдан ганганалдсаар одсон шувуудын
Өнчин цэнхэх өд хаа нэгтээ хөсөр хэвтээ гэхээс
Өр нимгэрэн сэтгэл гунднам.
Ай хөөрхий шувуудын хагацлын дууг
Аль нэгтээ рүү урсах цагийн шар мандалд эрнэм, би
Намрын аньсганаас сэм сэмээр бөмбөрхө нулимс шиг
Навчис уй шивнэн асгарна.
Аяа !
Шувуудын дуу навчисын уйтай сэрчигнээг
Зүрхээ даран чагнахуй
Аялгуунд нь би уусна.
Тэгээд
Тэгээд тэсгэлгүй их гансарлын дуу зохионом.
Өөрийн жаргалыг гансарлын дуугаар хайлж
Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би
Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана.

1993



* * *

Жаахан хөвгүүн мэт элсэн дээр сараачин
Жаргах нарны дор удаан суунам, би
Үй олон тогоруу талын мандалд айсуй
Үүлэн өмсгөлийн хормой дэрвэлзсээр
Үзэх нүдний өмнө чи ирнэ
Уйтгарт сүүдэр минь хань болон бөгтийж
Улбар туяа мэт баларлаг санаа элсэн дээр үлдэнэ
Учралд нэрвүүлсэн харц өөдөөс ширтэх мэтэд
Учиргүй балмагтаж
Уран дүрийг арай урлан өндийтөл
Уруулын инээмсэглэл салхитай хамт одно
Чамд миний тухай төсөөлөл төрвөөс
Чимээгүй алсад гэрэлт үүлсийг ажин
Чин хайрын уянгат дуу аялаарай
Аглаг салхин өлмийд чинь унаж
Аяа, чи өөрийн инээмсэглэлээ олж танина

1991.08.13 Сайн-Уст



* * *

Хойд дэнжийн гэр үдшийн гэгээнд аниргүйхэн бөмбийнө
Хоточ нохой үүгээр түүгээр шиншлэн гүйж
Холын холд цагийн хонх жингэнэнэ
Хаврын үдэш тэнгэрийн хаяа хязгааргүй алсалжээ
Хань нөхдөө дурсан тэнгисийн орноор удаан хэснэм, би
Харгуй замд бараан дүрс сүүтэлзэн
Харуй бүрийгээр явуулын хүн ирнэ
Хадат толгойн оройд өвгөн хүн тэнгэр шинжин
Хааяа нэг шүүрс алдах нь энд сонсогдох шиг ээ
Дэнж даван мортой хөвгүүн дуулсаар одоход
Дэгдмэл салхин түүний дууг алсын алсад илгээнэ
Дэрсний цаагуур оготно шурдхийн өнгөрөхөд
Дэлхий хорвоогийн амьдрал зүүд мэт битүүлэг
Хаа нэгтэйгээс зөн совин мэт аялгуу нисэн ирж
Хувь заяаны тухай хэн ингэтлээ дуулнам?
Хашаан дээр дуугарах ууль шувууны гунигийг хуваалцаж
Хань нөхдөө дурсан тэнгисийн орноор хэснэм, би
Худгийн байшингаас ганц харцага сүрхийн нисэхэд
Хонгор бүсгүй цочиж, хувинтай усаа цалгиана
Үлэмж гэрэлт сарны урсгал намайг бүчих шиг
Үзэсгэлэнт бүсгүйн инээд үдшийн тэнгэрт цацарна
Үхлээс зүрх сэтгэл минь үүрд хагацнам
Үүнээс илүү гэгээн агшныг би мэдэхгүй ээ.

1992.04.23




* * *

Алтан үүлсийн доор хаврын өглөөг угтахад
Амьдрахуйн утгыг юундаа тэгтэл бодмоглоном
Алсын уулс шаргалтан тэнгэр хязгааргүй цэлийнэ.
Ахуй орчлонгийн өнгө зүүдний гилбэлгээн мэт ээ
Тогорууд дуугаран сэрүүн тэнгэрээр зэллэнэ.
Том бүрх малгай духдуулсан дэлчгэрбор хүү
Толгодын энгэрэс чөдөртэй морио аван дуулсаар одоход
Түлээ түүж яваа охин учир бүтүүлэгхэн инээмсэглэнэ
Орчлонгийн өглөө бүхэн надад шинэ итгэл бэлэглэнэ.
Орилоо тэмээтэй этгэ.эд хүнээс хүүхэд насандаа айж явсан
Одоо түүнийг буёдын адил хайрланам, би
Орчлонгийн амьдрал гэгч зүүдний гилбэлгээн мэт ээ.
Ангирын уянгалхад нулимас унагам...
Аав минь гэрийнхээ гаднаас мордож явах үзэгдэнэ.
Алтан үүлсийн дор бидний төлөө залбирч
Ахиад хичнээн өглөө угтахыг нь б үл мэднэ.
Олон зууны хойно эргэж ирэхэд хээр тал нам гүмхэн
<<Орой бүхэн энэ чулуун хашаан дээр ууль дуугардагсан>> гэж
Оддын доор би ганцаар бодлогоширно.

1993.5.2




ГЭГЭЭН ӨДРҮҮД

Нарны шувууд
Намайг орхин ниссээр
Намрын улиас
Навчисаа гүвэхийг хэдэнтээ үзвэй
Цонхны цаана
Гитарын эгшиг, уянгат дуу одоо ч сонстсоор
Цаглашгүй хүсэл инээд хөөр
Цаг хугацааны шувууд лугаа оджээ.
Цасан будрах өглөө
Цардмал замд
Цагаан мөр үлдээж
Цүнх мөрөвчилсөн охид яарангуй
Цаг хугацааны шувууд
Цаана нь бас хонхон дуу эс хүлээнэм.
Намрын гудамжаар бодлогошрон алхаж
Навчисын шар шуургыг хэдэнтээ сөрөв өө
Нарны шувууд мэт гэрэлт өдрүүд
Намайг зорин ниссэр
Насны харгуй хаа нэгтээ алсарчээ.

1992.4.14 ХОВД

11 Сэтгэгдэл:

oldoshaksli said...

Aya. Bugdees ehelmoi gej
hen nadad helle dee.

О.Элбэгтөгс said...

saihan shulegtei hun shuu.

oldoshaksli said...

saihan gej undaa baidgui ni az yum daa

Б.Баясгалан said...

шүлэг шигээ хүн...

Арима said...

өө сайхан шүлгүүд уншлаа

П.Батхуяг said...

Улаанбаатарын гудманд уулзалдсан тоогоороо шаналнам.

Б.Баясгалан said...

шүлэг шигээ хүн... ноднингийн долоон сарын 30-нд ингэж хэлж байжээ, итгэхгүй нээ.

Я.Баяраа said...

Урь унаж ус гэсэх цагаар
Уулзалдахгүй болов.

Уйлмаар...

Anonymous said...

ах минь бурхан шиг дөлгөөхөн хүн байж дээ.нэг л өглөө зургийг чинь барин алтан шарилын чинь өмнө зогсож байна гэж зүүдэлсэнгүй дүү чинь.харамсалтай харамсаад ч барахгүй нь...бямбадорж

Я.Баяраа said...

Чамд миний тухай төсөөлөл төрвөөс
Чимээгүй алсад гэрэлт үүлсийг ажин
Чин хайрын уянгат дуу аялаарай
Аглаг салхин өлмийд чинь унаж
Аяа, чи өөрийн инээмсэглэлээ олж танина


BID JINHENE YARUU NAIRAGCHAA, JINHEN HUNEE DUNDAASAA ALDCHIHSAN YUM.

Я.Баяраа said...

Пүрэвсүрэн Өлзийбат:
Дүүгийн бичлэг сэтгэлийн мухар дахь шарх хөндөв.Цогоо ч Со нь ч байхгүй.Ай хөөрхий хуурамчхан,хурданхан амьдрал юм аа даа.Хамгийн сүүлд уулзахад гараар хэвлэсэн "Тунгалаг тамир" романы эмхэтгэл бариад ганц юм болгоодхооч гэсэнсэн муу Со минь.Түүнээс хойш эргэж уулзаагүй. Аавын минь дээл байгаа юм гээд өлөн хир суусан хул гадартай хурган дээл өмсөөд Багшийн дээдийн үүдэнд гэмгүйхэн инээж суусан Болд-Эрдэнийн дүр ч сэтгэлд тэр чигээрээ..Боогийтой дахиж уулзах боломжийг хорвоо олгоогүй.Хоёр онигор нүд алга болгож хийц муутайхан шүд гарган аальгүйхэн инээгээд,тэр инээдэндээ өөрөө ичсэн мэт хацар нь улайдаг Ш.Уянга ч алга.Ай юутай уйтай.

Post a Comment