ЮУ Ч БИШ

Зохиолч Ч.МӨНХБАЯР бээр,
Дэлхийн улаан номонд орсон гүльдийн амадина
хэмээх шувууныхаа хамт
.

ЮУ Ч БИШ



Ройтер агентлагийн мэдээлснийг үзвэл Мнгва улсын нийслэл Чамбаба хотын нэгэн дэлгүүрт үнэмшихэд хэцүү аймшигт явдал болсон байна. Амь орсон хүнсний бүтээгдэхүүнүүд өөрсдийг нь идэж устгадаг хүмүүсийн эсрэг босчээ. Тодруулбал, Америкаас авчирсан төрөл бүрийн консервууд худалдан авагчдыг хайр найргүй цохилон нисэцгээж байжээ. 20 минут үргэлжилсэн түйвээний уршгаар нэг хүн нас барж, 32 хүн гэмтэж бэртсэн байна. Эгц дээрээсээ хүчтэй цохилт авсны улмаас нэгэн мнгва залуу тэр дороо эцэслэжээ. Түүний гавлын яс хүзүүний ясандаа тулан цөмөрч, толгой нь мөрнийхөө түвшинд хүртэл доош суусан байна. Мөн асар их хурдтайгаар буусан консервонд толгойгоо цохиулснаас ахмад настай нэг хүний сахал… үлэмж сунажээ. Цохилт явагдмагц энэ өөрчлөлт гарсан гэдгийг мэдээнд тодруулан дурдсан байна.

Чамбабагийн цагдаагийн тусгай ангийнхан консервуудыг онц бөх ханатай агуулахад хураасан бөгөөд цаашид тэднийг хэрхэх тухайгаа олон нийтэд мэдээлсэнгүй. Африкийн энэ жижиг улсын хүн амыг сандрал, түгшүүр, Америкийн эсрэг үзэл бодол эзэмдэн аваад байна. Эндхийн нөлөөтэй, томоохон хэвлэл болох “Чамбаба news" сонинд “Мнгвагийн тагнуулын албадын зарим мэдээнд түшиглэн таамаглавал, Пентагоныхон цэрэг дайны практикт цоо шинэ, ботулизмийн бөмбөг хэмээгч зэвсгийг манай хотод туршсан байж болох юм” гэж бичжээ.
1988 оны 11 сарын 26-ны өдөр Африкт ийм үйл явдал болж байхад Оросын Урал нутгын Большевиково гэдэг хотын Ивановын гудамжны 36 дугаар байшинд нэг ч америк консерв байсангүй, огт өөр үйл явдал болж өнгөрсөн буюу. Гэхдээ энэ үйл явдал Чамбабагийн аймшигт явдалтай шууд холбоотой байсан билээ.
Ивановын 36 хэмээх үзэмжгүй, зэгэл саарал байшинд нэг орос сүнс, Большевиковогийн их сургуульд сурдаг хэдэн зуун орос, гучин хоёр вьетнам, зургаан монгол оюутан суудаг байв. Тэр зургаагийн нэгийг Навчаа гэх билээ. Үүнийг үгүүлэгч бээр өвөрмөц эрх чөлөөний үүр болсон эл байранд амьдарч, их сургуулийн хичээлд явж, марксизм үздэг байсан тул түүнд тохиолдсон нэгэн учралын тухай дурсан санаж чадах байна.
Үгүүлэх нь: Энэ өдрийн өглөө сэрүүлгийн дуу Навчаад их л зөөлөн дулаан сонсогджээ. Сэрсэн атлаа гүн бат нойрсогчийн дүрийг үзүүлж чаддаг Оргилын дээгүүр тэрбээр гараа сунган сэрүүлгийг дарлаа. Навчаа хөнгөхөн сэрсэндээ баярлана. Хэрэв сэм босоод чимээгүйхэн хичээлдээ явчихбал Оргил ч үлгэр дууриалд нь автан, гарангуут нь үсрэн босох биш үү. Дууриагчид боломж олгох, мөн хичээлдээ явах зорилгоор нэг л мэдэхэд Навчаа байрныхаа хаалганаас арав хүрэхгүй метрын зайтайд гарахад бэлхэн зогсч байв.
”Оюутны “Заря” клуб. 11-26/19-00. Юу ч биш” гэсэн зарлал нүдэнд нь туслаа. Энэ зарлал хөгжилтэй агаад урьхан. Навчаа “Энийг хараач!” гэж дуу алдахыг хүссэн боловч эргэн тойронд нь танил хэн ч алга. “Та өөрөө дэргэд нь байгаагүй юм бол яаж бодлыг нь хүртэл сонссон юм бэ?” хэмээн асуунам уу. Хэцүү асуултаас зайлсхийхийн тулд би өгүүллэгээ үргэлжлүүлэн: “Орос хэлний дадлага хийдэг вьетнам оюутнууд хөхрөлдөн шуугилдсаар бууж ирэв” гэж бичэхээс өөр аргагүй болж байна. Харин Оргил тэргүүтэй таван монгол урвайсан байдалтай ч болтугай гарч ирсэнгүй. Зоригт, Гамбаа, Норов, Насаа дөрөв урьд шөнө архидсан болохоор одоо унтаж байгаа. Оргил ч яахав, хичээлд явалгүй болоод байдаг хүн.
“Юу ч биш гэнэ үү. Юу ч байж болно” гэсэн шүү дээ. Орой “Заря”–д юу үзүүлэх бол? “Мusic box”–с үзүүлэх юм болов уу? Аль эсвэл харь гаригийн нэг улсын поп-оддын тухай үзүүлэх юм уу?“ Трамвайны дохио жингэнэлээ. Навчаагийн хөхиун хөөр улам улам дэврэнгүйснэ. “Трамвай галт тэргийг юутай их санагдуулна вэ? Монгол уруу буцахдаа юм уу, наашаа ирэхдээ галт тэрэг хөдлөхөд тэрбээр их л догдолдогсон. Навчаа “Улаанбаатар – Москва”, “Москва – Улаанбаатар” галт тэргээр зорчиж явснаас биш, “Юу ч биш” уруу хүргэх галт тэргээр аялж үзээгүй ээ. Мэдээж хэрэг, трамвайны дугуйны цохилоо хэмнэл өөрийнхөө хэлээр “Юу ч биш” гэсэн нэрийг давтан давтан хэлнэм ээ... Их сургуулийн хажуугаар өнгөрөөд явчихгүйн тулд Навчаа аргагүй буулаа.
Ангид нь лекц арайхан эхлээгүй. Тэрбээр хэд гурван орос оюутантай мэндлээд эзгүй ширээнд очиж суулаа. Багш орж ирэх үест жижигхэн тэмдэглэлийн дэвтрээ гарган дурсамж, мөрөөдлийн ёртөнцөд умбав. Энэ дэвтэрт нь цэцэг, хун, зvрх, дискод бүжиглэж байгаа залуус, сар, од, хайр дурлалыг фломастер, балт үзгээр зурсан байх бөгөөд гол төлөв дууны үгийг цуглуулан бичжээ. Харь гаригийн пянзны дугтуй бодолд нь дүрслэгдэхүй хэн нэгэнтэй сэтгэгдлээ хуваалцахын үүднээс Навчаа захиа бичиж эхлэв. Гэвч бичсэнээ уншиж үзээд “Энэ захиаг зөвхөн би л ойлгоно” гэж бодов. Чингээд дуусгасангүй, дэвтрийнхээ завсар хийлээ. Тэрбээр сургуулиасаа мөн л трамвайгаар харьсан боловч ямар ч доргионыг анзаараагүй тул би голын усаар хөвж ирэв vv дээ гэж гайхлаа.
Гэртээ орж ирэхэд нь Оргил умгар ганц өрөөгөө чадлаараа цэвэрлэчихээд хүлээж байв. Тэрбээр магтуулж цоллуулах гэсэндээ ч тэр үү, цэвэрлэгээ хийснээ таг мартчихсан мэт янз гарган сонин шагайна.
Навчаа: - Хөөхх! Манай гэр ямар гоё болчихоо вэ? гэж хэлээд гадуур хувцасаа тайллаа. Цаадах нь: - Тэр ч тийм шүү гэж хөгжилтэй хариулснаа сониныхоо ард нуугдав.
- Чи намайг ямар мэдээтэй ирсэн гэж санана! хэмээн Навчаа дуу алдахүй.
Оргил: - Би ч гэсэн чамд муугүй мэдээ дуулгах бодолтой гэнэ.
Навчаа хажууд нь ирж суугаад: - Орой юм үзнэ шүү! гэлээ.
Тэгтэл Оргил: - Хэдэн цагт? гэж дурамжхан асуув. Учир нь тэрбээр хоккейн тэмцээн үзью гээд сүйт бүсгүйдээ тасалбар авсан байлаа. Навчаа спортоос хол хөндий. Харин Оргил тийм биш ээ. Хоккей, усны бөмбөг хоёрыг ялгахгүй будлих юм уу, хөл бөмбөгийн нэг тоглолтонд гурван баг, дөрвөн хаалгач оролцоно гэж төсөөлөх явдлыг бvсгvй хvний эрхэм нандин чанарт тоолохгүй гэдгээ Оргил нэг бус удаа мэдэгдэж байсан. Харин спортын хорхойноосоо болж “Канадын цомтой” адил хэлбэрийн толгойтой болсон хvнийг нэг их талархаад байхгүй гэдгээ Навчаа сануулж л байв. Үзэл баримтлалаа тийм ч хөгжилтэй бус байдлаар илэрхийлэх цаг тэдний хамарт тулж ирчихээд байна гэж vv?
Оргил дэмий л: - Кино юм уу , хоккейн тэмцээн vv? гэхүүе чихэнд нь хоккейн танхимын шуугиан нижигнэж байв. Навчаа зарлалын тухай ярьж өглөө.
Ирээдүйн нөхөр нь: - “Юу ч биш” гэдэг чинь юу ч биш л байхгүй юу даа гэж зоригтой дуугараад өдөр идэх юм бэлтгэхээр болов.
Навчаа: - Чи дэндүү шууд утгаар ойлгож байна гээд өөртөө инээмсэглэн сонин авч харав. Оргил орой ажилтай гэж хэллээ. Тэмцээн үзнэ гэж хэлэлгүй, ажилтай хэмээсний учир гэвэл тэрбээр Навчаад тасалбар авснаа хэлэхээс ичиж байв. Чингээд дараа нь үнэнээ хэлж, элдвийг учирлаж тайлбарласан боловч Навчаа ийм яриа сонсохийг огт хүссэнгүй. Залуу хос дуугvйшин, бие биеэ анацгаав. Оргил “Ирэхэд нь хоёр тасалбараа дэвүүр маягтай болгон бариад зогсч байсан бол мөн балрах байжээ” хэмээн бодож, уурандаа ширvvн дориун хөдөлгөөнтэй болоод vдийн хоолоо илvv хурдан шаламгай бэлтгэж байснаа “Телевиз асаа даа” гэж хүйтэвтэр өнгөөр хэлэх гээд алдаж:
- Телевиз асаагаач! хэмээн зандарчихав. “Арай л хэтрүүллээ” хэмээн цэгнэвч хожимджээ. Навчаа уцаарласан хариу өгөөд, телевиз өөд харсан ч үгүй.
Оргилын омог хилэн бадарч: - Асаа л даа! гэж чанга хэллээ. Навчаа цочсондоо золтой л нулимс дусаачихсангүй. Даруулд огцомхон хүрээд телевиз асахаас өрсөх гэсэн мэт vvд уруу ухасхийн очиж, гутлаа солиж өмсөөд пальтогоо авлаа. Оргил эл vйлд нь улам уурсаж, элдвийг хашгичин загнав. Энэ муухай дуу хоолойг ой тойноосоо зуун магнитофоноор соруулавч амар арилгахгүй гэдгийг Навчаа мэдэх тул ихэд гомдов. Тэгээд гомдлын мөр хатуу vг хэлчихье гэснээ хvч нь дутаад ч тэр юм уу:
- Чиний уурыг гарахаар ирье дээ гэчихлээ. Yvнийг сонсоод Оргил нэлээн зөөлөрч, Навчааг гарсан хойно бvр гэмшиж амжив. Өөрийгөө шийтгэх журмаар спортын ордон өөд явах шийдвэрээ цуцлав. Гэвч Навчааг дагаж явбал хэт бууж өгсөн хэрэг болно гэж үзлээ. Чингээд Оргил энэ бямба өдрийг гэртээ өнгөрүүлэх болов. Навчаа бүтэн хагас цагийн дараа эргэж ирснээ нэг зузаан роман аваад уншлагын өрөө уруу явлаа. Зургаа хагаст тvvнийг ирэхэд Оргил зурагтын дэлгэц уруу хөшөө мэт хөдөлгөөнгүй харан хэвтэж байв. Навчаа клуб уруу ганцаараа явлаа. Тэнд очоод буцаж ирэх замдаа коридорын мухар дахь өрөөндөө орж яваа Насанбатыг харж зогтусав. Насаагийн өрөөнд элс ба кактусийг туяагаар сарниулан устгах төхөөрөмж ажиллаж байгаа бус уу? Тэднийд одоо цэнгэгжүүлэн аврагч бяцхан хүүхэлдэй Насааг тэсч ядан хүлээж байгаа биш үү? Насааг чангаар дуулж эхлэхийг сонсоод тэрбээр итгэлтэй болж хаалгийг нь тогшлоо...
- Ороо ор. Насанбат шидэт хүүхэлдэйн нарийн бичгийн дарга шиг, ширээний чийдэн шиг ээлтэй харагдана. Навчаа хүчлэн байж:
- Чи яагаад унтаагүй байна вэ? гэж тоглосон маягтай хэлэв. Хариуд нь Насаа уржигдар Гамбаа, Навчаа хоёрт ярьж байсан зүйлээ үргэлжлүүлж:
- Жирийн салбар агуйд орж ирлээ гэж санасан чинь илт байна. Би одоо хаант улсаа хайн нислээ. Зам нийлнэ гэж бодож байвал чи зорчигч бол л доо хэмээв. Навчаа Гамбаагаас номоо авах гэж ирсэн хүн болж түүнийг сураглав.
Насаа: - Үнэхээр чи хаан хүний гарыг үнсэхээсээ өмнө харьяат албатыг нь сураглав уу? Тийм бол Гамбаа удахгүй ирнэ гэдгийг чамд хэлэхгvй дээ гэлээ. Хичнээн л бол хичнээн шоо метрийг багтааж болом энэ тасалгаанд урам хугарал, гуниг гутралаа орхиод явчихмаар байв ч яаж хүлээлгэн өгөхийг мэдэхгvй, басхүү орхиод байх ч юмгүй мэт бодогдохуй Навчаа Гамбааг харсхийсэн дүр үзүүлж, төв байдалтай суугаад:
- Насаа, чи шинэ пянз авсан уу? гэлээ.
- Chuck Norris-ын, гүй ээ, Chuck Norris-ын гэнэ Chuck Berry-гийн шилдэг дууны түүвэр авсан.
- Чи тэгээд хэнийх нь пянзийг авсан юм бэ?
- Чамд хэнийх нь дээр байна, түүний пянзийг авсан.
- Мэдээж, Norris нь дээр гэж Навчаа цаашлууллаа.
- Надад бол Berry дээр. Навчаа чи түүнийг сонсдоггүй болоод л сонсдоггүй байхгүй юу даа.
- Юу гэж байгаа юм бэ?
- Сонсоод байвал сонсдог болчихно. Би чамд нэг сонин юм хэлье. Одоо зохиолын бичлэг явагдаж байна. Чиний үг, үйл хөдлөл бүр зохиолд орно шүү гэж Насаа хэллээ. Жилийн өмнө Навчаатай танилцахдаа Насаа бие даан зохиолч болох хүсэлтэй хэмээн илэн далангүй хэлж, бичих өгүүллэгийнхээ тухай ярьж өгч байсан боловч өдгөө түүнд туурвиж дуусгасан бүтээл нэгээхэн ч үгүй билээ. Өөрийгөө роман барих трест гэж нэрлэлээ ч бичиж оролдолгүй алгуурлан улирваас дэлхийн хамгийн жижиг зохиолч ч болж чадахгүй гэдгийг Насаагийн жишээ харуулсан юм. Харин ширээний ард шигдээд ч юм уу, исэр дээрээ хажуулаад сунгасан гартаа таарсан бүхнийг авч унших, толгойгоо эргэтэл пянз сонсох, цэнхэр дэлгэцэнд шарагдах, элдвийн яриа дэлгэх зэргээр цагийг барж идэхдээ бол тэрбээр хэнээс ч илүү нэгэн буюу. Ийм хүн дэргэд нь зохиол бичиж сууна гэдэг Навчаад шинэлэг санагдав. Тэгээд ямар зохиол туурвиж буйг нь асуулаа.
- Кино зохиол оо.
- Тоглож байна уу?
- Би ном бичиж байна.
- Чамд би саад болчихов уу даа?
- Яалаа гэж, огт үгүй. Чи яг цагаа олж ирлээ.
- Ямар сонин юм бэ? Чи үнэхээр ном бичиж байгаа юм шиг байна. Чи ер нь бичдэг юм үү?
- Бичнэ ээ, бичнэ. Урьд миний нэг шүлэг номонд орж байсан.
- Ямар шүлэг вэ?
- Тэмээний тухай.
- Тэмээний?
- Сайн шүлэг биш л дээ. Чи бас шүлэг бичдэг биз дээ? Тэр шүлгээ надад үзүүлж засуулаарай.
- Тэгнэ ээ. Харин чи намайг уншигчдынхаа бүрэлдэхүүнд оруулан авна уу. Насаа зөвшин толгой дохиод:
- Би хайр дурлалын тухай бичсээр байгаад гар гүйцэд тэнийхээ больсон хүн дээ. Сайн бичиж чадахгүй болохоор цөхөрч, энэ удаа өөр сэдвээр бичихээр шийдсэн юм. Монголын анхны аймшгийн киноны зохиол бичлээ гэж түүхэнд орох санаатай гэв. Энэ хоёрын яриа хагас үнэн, хагас тоглоом байдалтай явагдаж байлаа. Уг нь ч бүхэлдээ тоглоом наргианы яриа юм гэж дүгнэж болно л доо. Тоглоомгүй үнэнээсээ ярилцаж байв гэсэн ч буруутахгүй л юм. Тоглох яриандаа итгэчих явдал цөөнгvй байдаг шүү дээ. Тоглоом гэдэг Насаа, Навчаа хоёрын хувьд бол ертөнцийг олж авах хүчирхэг зэвсэг юм...
- Чи хайр дурлалын тухай тэр их зохиолоосоо хэвлvvлэх гэж явж байв уу ?
- Хэвлvvлэх хэцvv. Редактор ямар утга санаа гаргах гэсэн юм бэ гэж асууна…
- Хариулчихна л биз.
- Юу гэж хариулах юм. Би ямар ч утга санаагүй зохиол бичдэг юм чинь.
- Тийм зохиол байж болохгүй.
- Болно оо, болно. Амьдралд ямар ч утга санаа байхгүй байхад байна гэж нотолцгоодог шүү дээ. Тийм нүдээрээ л миний зохиол өөд харчих хэрэгтэй. Дүгнэлтэнд хүргэхгүй юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч бүх утга санаагаар хангалттай олон зохиол бичигдсэн байна. Жишээ нь: “Шударга үнэн ялна” гэсэн утга санааг аваад үз. Хэдийн бусдын нэртэй холбоотой болсон.
- Чи утга санаагүй зохиол бичихээс айхгүй байна.
- Тийм шүү. Зохиолын утга санааг яаж ойлгодогоо хэлээч. Би тэгж ойлгогдохоор биччихье.
- Уншсан хойноо л хэлье.
- Дургүйлхэхгүй бол унш л даа гээд Насаа нижгээд хуудас сарвайв. Ройтер агентлагийн мэдээлэл маягаар бичсэн эл бүтээлийг би өгүүллэгийн эхэнд сийруулсэн билээ. Навчаагийн бодлоор бол зохиогч үүнийг толгой зүгээргүй үедээ бичсэн ажээ. “Чи өөртэйгөө тоглож байгаа юм уу, эсвэл…” гэх маягийн үг хэлчих гэснээ больж:
- Чиний зохиолыг ямар арга зарчмаар унших хэрэгтэйг мэдэхгvй юм. Уран дүр, гоо сайхан хэд хэддvгээр мөрнvvдэд байгааг хэлж өгөөч! гэлээ.
- Хаа сайгүй байгаа юм аа. Гоо сайхан үзэгдэхгүй байна гэж үү дээ? “Одоо би шинэ гоо сайхныг мэдэрч эхэллээ” гээд л үнэмшчих. Дасгал хэн бүхэнд тустай.
- Энэ киног чинь мартаж болох уу?
- Зохиогч нь би биш шүү дээ.
- Тэгээд хэн зохиосон юм?
- Мэдэхгvй ээ, надад хаанаас ч юм… Би галиглаж бичсэн юм .
- Энэ бол чиний төрөлхийн өгүүллэг…
- Хорвоо миний шугамыг дагах уу?
- Мэдээж л биз.
- Хэдэн хорвоо байдаг юм бэ?
- Нэгээс хэтрэхгүй байх аа.
- Чи ч гэсэн шугамтай юу?
- Бий шүү.
- Шугамны тухай ярихад нэг юм заавал нэмж хэлэх албатай байдаг. Юу гэвэл, би багадаа одоогийнх шиг ийм царайтай болохсон гэж боддоггүй байсан. Гэтэл мөрөөсөл болсон том Насаагийн дүр нь өнөөдөр хачин жигтэйхэн дүрслэгдчихээд байна. Балчир Насаа одоо намайг харвал урам нь хугарч уйлна даа.
- Жаахан Насаа эргэж ирэхгүй.
- Тийм шүү. Сая би “Юу ч биш” гэдэг киног үзсэн бол зарласан цагаас дөчин минутын өмнө, урдуур суудалд санаархаж клубэд очихдоо хаалган дээр нь байгаа үзвэртэйг үгүйсгэсэн зарлалыг уншихгүй байх байлаа даа хэмээн Насаа өгүүлэв. Навчаа “Юу ч биш” гэсэн үгэнд онц мэдрэмтгий болсон байв. Насааг “Юу ч биш” уруу явсан гэхэд хүндэлмээр. Гэвч:
- Би ч гэсэн тийшээ очоод ирлээ гэснээс өөр юм хэлсэнгvй.
- Чи “Юу ч бишийг” урьд нь үзсэн үү?
- Үзээгvй, кино юм уу?
- Тийм нэртэй, Carpenter–н кино байдаг юм. Аймшгийн кино.
- Өө, чи кино үзэж чадаагүй болохоороо өөрөө кино болчих гэсэн юм уу?
- Би ч нэг л мэдэхэд эсэргvvцэл илэрхийлж байгаа юм уу, мнгвачууд уруу консерв нүүлгэж суусан…
- Чи хөгжиж байгаа орны хүмүүсийг өрөвддөггvй юм үү?
- Санаанд оромгүй учрал гэдэг гоо сайхан учрал байх нь ч бий. Кино нэг удаа үзэхгүй байна гэдэг бяцхан сойлго, гоо зүйн засал.
- Ямар гоо зүйн засал?
- Ингэж үнэмшье л дээ. Бодвол шүтэн барилдах чанараа хөгжүүлэх хэрэгтэй байлгүй. Өнөөдөр биднийг түүхийн маань нэг объект амдлаа … За яахав, би өнөөдөр алдсан байг. Шагай хөндөхгүй бол тоглоом сонирхолгүй, тийм биз дээ?
- Чи яриа хөгжүүлэх тоглоомд их дуртай юм аа?
- Дуртай, дуртай. Нөгөө ах ч их дуртай. Тэр үргэлж яриагаа галигладаг. Тэр галиг нь би байгаа юм. Одоохондоо миний толгой түүнээс илүү сэтгэж чадахгүй байгаа төдийгүй өгч байгаа программд нь түүртэж байна.
- Өө, чи чинь жинхэнэ хаан биш туршлагийн хаан юм уу?
- Ийм нөхцөлд санаанд оромгүй явдалтай мөн ч их учрах юм аа даа. Би амжилт даадаггүй, бүтэлгүйтлийг даадаг хүн болохоор нэг их урвайгаад байдаггүй л дээ.
- Урвайхгүй байдаг чинь чиний эсэргvvцлийн нэг хэлбэр биз?
- Тийм ээ. Туршлагийн хаан байх гэдэг сонирхолтой ч байж магадгүй. Амьдрал бүхэн сонсож чадвал рок-н-ролл. Ер нь би тэр туршлагыг огт тоодоггүй. Би бол “би” гэдэг хүлээснээс ч өөрийгөө чөлөөлсөн ихээхэн чөлөөт хүн шүү дээ.
- Ёстой шүтэн барилдахын гайхамшиг? Бүхнийг шүтэх хэрэгтэй болох нь ээ?
- Шүтсэнээс эсэргvvцсэн нь дээр. Эсэргvvцэхгvй бол жинхэнэ ёсоор мэдэрч чадахгүй.
- Урьд чи арай л ойлгомжтой ярьдаг байж дээ. Урам зоригоор жигүүрлэвэл хүн бүхэн од болж чадна гээд л…
- Амьдралаа шижир одоор дүүргэх гэж үү? Тэгвэл амьдрал хөгжмөөс илүү уянгалаг, комиксоос илүү хөгжилтэй болчихно. Амьдралын унаган сийрэг чанарыг яах болж байна? “Олон хүний зөвшсөнийг бүү эвд” гэдэг. Хүн өөрөө ч сийрэг, вакуум. Атом электроны хоорондын хэмжээшгүй уужим зайг оддоор дүүргэвэл хүн сүйрэхээс чи айхгүй юу?
- Шидэт Вакуум ах чинь бидний амьдралыг сийрэг байлгаж эрүүл мэндийг маань хамгаалдаг юм уу?
- Тийм ээ, бидний өнөөдрийн “Юу ч биш” үзээгүй явдал бол нэгэн сийрэгжил. Нөгөө талгүй юм гэж байдаггүй болохоор нөгөө талаас нь авч үзвэл Вакуум хааны чихнээс татахад чихрээр дайлна. Над шиг хаан хүнд бусад хааныг ингэж байх нь хичнээн таатай гээч!
- Хэзээ чи тэгж чихрээр дайлуулсан юм бэ?
- Миний яриа ухаалаг өнгө аяс, авцалдаа холбоогоор баян биш ээ. Гэвч юугаар баян, түүгээрээ л. Би хаан хүн, миний дураараа аашлахад хязгаар байхгүй. Эрх дураараа Насаа хаанаас Вакуум хаан сүрдэж, үг бүр нь неон чимэглэл шиг гэрэлтдэг, мөнгөн дотортой алтан гүнжээ над уруу явуулах болно.
- Гүнж ирнэ гэж чи үнэн ярьж байна уу?
- Би зүгээр л хашгирсан юм. Санаагаа амартал хашгирч аваад сайхан унтахсан. Унтана гэдэг мухардахгүй байхын, эсэргүүцэхийн нэг илрэл. Би мухардахыг хүсэхгүй байна. Хэрэв Вакуум хаан байдаггүй юм бол би өөрөө тэр хааныг хийнэ. Миний хийсэн хаан над уруу алтан гүнжээ илгээг.
- Вакуум хааныг яаж хийх юм бэ?
- Цаасан хайрцган дээр хүний том нүүр зурна. Цаасан хайрцагны дээд талын хоёр өнцгийг нүхэлж, гарсан нүхээр гараа гарган чих болгоно.
- Чи хэний бодол санааг илэрхийлээд байна даа?
- Өгөгдсөн бодол санааг…
- Өөрийн бодлоо илэрхийлээч.
- Миний бодол гэдэг чинь өгөгдсөн бодол шүү дээ. Би чамд нэг сонин юм хэлье. Зохиолынхоо бичлэгийг үргэлжлүүлэхийн тулд л би энэ бүхнийг ярьж байна гэдгийг чи анзаараагүй байж болох юм. Хэрэв анзаарсан бол миний зохиолын баатар ингэж ярьж байна гэдгийг чи мэдэж байгаа л даа. Би нэг баатрынхаа яриаг бичиж чадахаар байсан боловч ингэлээ гээд нөгөө баатар маань харин урьдын адил “тийм” эсвэл “үгүй” л гэж хариулж байлаа…
- Нээрээ юу ? Би ердөө л чиний зохиолын бүрэлдэхүүн хэсэг болох нь ээ? Хэрэв үнэхээр тийм бол чи их сонирхолгүй бичдэг юм байна даа. Бусдын бичсэнийг уншиж бай. Аль эсвэл чи бусдын номыг унших дургүй юу?
- Миний уншсан ном цээжлэгдчихээд байдаг юм. Мартана гэж үгүй . Би номонд их дуртай болохоороо номноос зугтаж явдаг. Ном харангуут л шүүрч аваад олон удаа хуулан бичиж, ариглан арчлаад сүйд болно гээч.
- Тэгвэл хичээлээ давтаж бай.
- Орос хэл мэдэхгүй юм чинь яаж давтах юм бэ?
- Хоёр дох жилдээ энд байгааг санаач!
- Орос хэлийг сурахад их л амархан гэх юм. Амархныг шилж сурах нь миний зарчимд нийцэхгvй л дээ. Би аль хэцүүгээс нь л эхэлнэ. Тэгээд ч нэг хэлээр сонсох, ярих юмаа өдөрт нь багтааж чадахгүй байж бас нэг хэлээр хэдийд ажиллах болж байна?
- Ингэж ярьж байгаа чинь бас л чиний эсэргүүцлийн нэг хэлбэр уу?
- Чинийхээр бол тийм болж байна. Тэгэхдээ ер нь эсэргүүцэл гэдэг бол миний амьдралын утга учир, оршин тогтнох үндэс гэж би чамд хэлдэг шүү дээ. Би бүрэн төгс эрх чөлөөг хусдэггүй байсан бол орчлон хорвоог захирая гэхгүйсэн. Тэгж боддог бол хүсэл биелээгүй цагт аяндаа гарах эсэргүүцэл минь ундарсаар байна. Миний рок хөгжим сонсох, амрах, залхуурах, нойрсох, ярих, хичээл таслах – энэ бүгдийг эсэргvvцлийн утгагүй гэвэл худал болно. Эсэргvvцэл гэдэг бол рок-н-ролл. Би рок-н-роллд дуртай гэж Насаа хэллээ. Консерв, Гамбаа, трамвай болон сийрэгжил зэрэг олон зүйлээс бүрэн залхаж гэнэт Навчаа учиргүй сульдав. “Би одоо хэнийг төлөөлж энд сууна вэ? Оюутны гэр бүлээ юу? Аль эсвэл шоовдорлогдон гадуурхагдсан эмэгтэйчvvдийг уу?… Хэрэв Оргил хана нэвт харчихвал намайг арван секундын дараа Насаад дурлах нь гэнэ дээ”.
- Гамбааг хүлээсээр байтал зөндөө удчихлаа гээд Навчаа босов.
- Би чиний номыг Гамбаагийн юманд үзээд өгөх үү?
- Зөвшөөрөлгvй аваад дэмий дээ.
- Би чамтай ярьж бодлоо цэгцэлж авлаа.
- Мөн цэгцэлвээ… За, баяртай.
- Баяртай, сайхан амраарай гэж Насаа хэлэв.
- Тоглолт дууслаа. Хаалга хаагаад Навчаа “Хэзээ сайхан амрах гэж?” хэмээн өөрөөсөө асуулаа. Тэрбээр Насаагийнд орхино гэснийгээ орхисонгүй. Тэднийд шидэт хүүхэлдэй биш, Вакуум эзэн байлаа… …Хямарсан сэтгэл нь задгай агаарт баахан засрах төлөвтэй. Гэвч өглөөний агаар гэдрэг эргэхээс нэгэнт өнгөрчээ. Оюутны клубэд хожимдосхийн хүрвээс хаалга нь түгжээтэй байлаа. “Үнэмшихгүй!… Үнэмшихэд юутай их өвдөнө вэ? Ингээд л гүйцээ юу? Ингээд миний толгой дотор кактус дүүрэх юм гэж үү дээ?…” Лав л зуун миллилитр нулимс нүднийх нь орчим хуримтлагдахүй Навчаа арга тасарсан гунигтай харцаар ийш тийш харлаа. Ойр хавьд нь хэн ч алга. Хүнд харагдаагүй дээрээ эндээс бушуухан холдоё хэмээн хэсэгхэн явснаа эргэн харвал хоёр орос залуу клубын хаалгийг татаж түлхэж байна. Тэд “Хаалгаа онгойлго! Хүн байна уу?” гэх зэргээр гуугалалдаад төдөлгүй буцацгаав. Гарцаагүй хэн нэгэн тохуу хийсэн зарлал гаргажээ. “Би энэ явдлыг гурван насандаа үзсэн бол өдийд мартчихсан байх шүү дээ… Нулимсаа барих ямар хэцүү юм бэ? Нулимс минь битгий гараасай… Би хаана уйлах билээ… Одоо Оргил бас л телевиз үзээд хэвтэж байгаа… Яаж гэртээ орно… Оргилд юу гэж хэлнэ… Тийш нь өөрийнхөө оронд загвараа явуулчихаад Монгол уруу буцчих юмсан… Энэ бүхнийг санахгүй болтлоо хашгирахсан, уйлахсан… Хаана?…” Гэвч од сар хүний хувь заяаг шийдэх дуртай гэж зурхайчид баталдаг. Өглөөд буцаж очоод шинээр аялж чадах биш дээ. Хоринзургааны Навчаагийн аялал ингэж ингэж төгссөн юм.
Насаа, Навчаа хоёр бие биесийнхээ болон өөр өөрийнхөө ярьж байгаад итгэж үнэмшиж байсан боловч кино үзэж чадааагүй гэдэгтээ огт итгэхгvй байлаа гэвэл яг эсрэгээр нь хэлсэн хэрэг болно. Хойд өдрийн өмнө. Цааш юу болохыг үзэх сонирхолтойгоор тэд хойд өдрөө угтсаан.

1988 Свердловск – 1991 Улаанбаатар.
Ч. Мөнхбаяр



" Улаанбаатар " сонины
1993 оны 3 сарын 2-ны дугаар.
<<>> булан.

4 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

shuvuu ni ezneesee iluu anhaaral tatah shaardlagatai baisan gej baigaa...

FONTY said...

hello my friend! warm greeting ^^!
your blog looks nice 0_0

by the way,
if you need to find unique fonts, you can go to our website.

best regards;

oldoshaksli said...

Bi shuvuunii tsogtsosnoos sejigleh huniig uzsengui

oldoshaksli said...

Хойд өдрийн өмнө. Цааш юу болохыг үзэх сонирхолтойгоор тэд хойд өдрөө угтсаан.

Post a Comment