МИНИЙ МОНГОЛЫН ЗУЛЗГАН УЛИАНГАР


Арван таван жилийн өмнө анх би монголын газар шороон дээр хөл тавьсан билээ. Үүнээс өмнө би Явуухулангийн шүлгүүдтэй хэдүйнээ танил болчихсон өөртэй нь л танилцахыг хүсэн хүлээж байсан юм. Линхуа цэцгийн тухай:
<<Бадамлинхуайн гоолиг цэцэг

Бахдам сайхан ургадаг гэнэм

Аглаг хээр тал нутагт минь ургадаггүй ч

Ардын дуунд магтан дуулнам>> гэж бичсэн түүний шүлгийг уншсан байлаа. Энэ шүлэгт гоо сайхны эгээрэл, хайраа эрж буй хүний зүрхний нууц тэр чигээрээ уусан шингэсэн нь гайхалтай байв. Явуухулангийн шүлэгнээс үзэхэд монгол орон цэвэр ариун хүмүүс, гайхамшигт байгалийн орон, бодол дэрвүүлж зүрх булгилуулсан, ухаан бодол хүрэмгүй үлгэрийн сайхан нутаг мэт санагдсан. Үнэхээр ч тийм байлаа. Тэр ч байтугай бодсоноос илүү байсан.

Анх удаа Монгол орныг нүдээр үзэхэд... хайр хүндэтгэл мэт өндөр, баяр наадам мэт найртай хөх тэнгэр, өнгө будгийн гял цал гэгээ, хүний оюуны гайхамшигт бүтээл-зургийн хуар шиг гэрүүд, хонины хөөрхөн хошуу, тэмээдийн бодлогоширсон нүд, Улаанбаатарыг тэвэрчихээд гэгээн өдрийн наранд алт мөнгөөр цайвалзан байгаа уяхан цэнхэр Туул хамгийн түрүүнд нүдэнд туссан. Миний анхны монгол нөхөд гэвэл, дуу шуу цөөтэй боловч хормын зуур <<өөриймсөг>> болсон Явуухулан, гүндүүгүй Эрдэнэ, намбатайхан Тарва, хаа нэг инээмсэглэдэг жожигдуухан зантай мэт санагдавч дотно танилцаад ирэхлээр хүүхэд мэт сэтгэлтэй Түдэв, эгэл жирийн агаад ахын халамжтай Сандаг, ичимхий хонгор Дулмаа, бүсгүй хүний эр зориг, хосгүй нандин чанарын жишээ болсон Удвал нар билээ. Хожим найз нөхөд улам нэмэгдсээр... нүдэнд дулаахан Урианхай, хянуур хичээнгүй буурь суурьтай Цэдэв, огцом хурц билэгт Пүрэвдорж, өгөөмөр сэтгэлт Сүрэнжав, ялдамхан Нарангэрэл, алсын хараатай, бодлогошронгуй залуу Энхбаяр... гээд л олныг нэрлэж болно.

Магадгүй, миний ингэж Монгол оронд хайртай болж ирэх тутам улам бүр даамжран дасч буй нь манай гэр бүлийн нэгэн домогтой холбоотой ч юм бил үү, хэн мэднэ. Энэ домгийг эцэг маань ярьж билээ. Эцэг маань зөвлөлтийн армид цэргийн албан хаагч, эх орны дайны өмнө Крымд амарч байж л дээ. Эцэг усанд сэлэхдээ сайн байсан. Гэтэл нэг удаа далайн эргийн нарлах газар хар үстэй, бор царайтай, онигор нүдтэй хүн усанд сэлэхийг зааж өгөөч гэж гуйсан байна. Гаднаас харахад тэр хүн манай дундат азийн бүгд найрамдах улсын хүмүүсээс ялгарах юм байсангүй. Эцэг ч зөвшөөрч сайхь эрийн хүсэлтийг биелүүлэхийн тулд их л шамдан заримдаа ч харааж зэмлэх явдал гардаг байж. Цаадах нь урьд өмнө их усанд орж үзээгүй бололтой, байсхийгээд л сүх мэт живэхэд нь <<шугамандаа тогт>> гэж нуруун дундуур нь алгадаад орос эр хүний гүдэс хатуу үгээр мялааж байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа эцгийг хооллож байхад нь гуанзны үүдэнд дуудуулжээ. Хаалганы дэргэд зогсож байсан хүний царай их л танил мэт санагдсан боловч, тэр хүн амралтын хөнгөн костюмаа сольж цэргийн дүрэмт хувцас өмссөн тул, нөгөө шавиа гэж эхлээд анзаарсангүй. Эцэг өөрөө цэргийн хүн болохоор петлиц дээрх тэмдэгнийх нь тоогоор бригад командлагч буюу одоогийн хэлээр генерал зогсож байна гэж дор нь ойлгосон байна. Эцгийг учраа олж амжаагүй байхад өөр маягийн дүрэмт хувцастай тэр генерал усанд сэлэхэд сургаж өгсний нь төлөө ялигүй орос биш аялгаар ярих талархал дэвшүүлжээ. Тэрбээр талархлын үг хэлж салах ёс гүйцэтгэхээр эцгийг зориуд дуудуулсан байв. Эцэг санаа нь зовон аягүйрхэж <<Нөхөр бригад командлагчаас уучлалт гуйя. Би таныг хэн болохыг мэдэлгүй харааж зэмлэж...>> гэхэд тэр жигтэйхэн шавь хээв нэг инээж <<Зүгээр, зүгээр. Нэгдүгээр Петр хаан гадаадад хөлөг онгоц барих, их буу цутгах эрдэмд суралцахдаа бас л хараалгаж загнуулж байсан шүү дээ...>> гэжээ.

Эцэг бантсандаа болоод Хар тэнгисийн шинэ танилынхаа алдрыг ч асууж чадсангүй, харин салах ёс гүйцэтгээд явсан хойно нь амралтын амралтын захиргаанаас сураглавал тэр нь маршал Чойбалсан байсан гэдэг.

Ийнхүү монголын түүх өөрөө намайг түүнд хүрч халдахаас өмнө, бодож, судалж, ээнэгшин дасахаас өмнө даль жигүүрийнхээ өмөг дор манай гэрийнхнийг багтаасан байлаа.

Харь орныг хайрлах гэгч сонин юм... Намайг яагаад монголд хайртай болсон юм бэ? гэж монгол нөхөд маань өөрсдөө ч асуух нь цөөнгүй байдаг. Би үнэхээр л хайртай болчихсон юм. Хүүгээ би хорь хүрэхэд нь өөртөө байгаа хамгийн үнэтэй юмны нэг, монгол орныг бэлэглэсэн. Утга зохиолын дээд сургуулийн оюутан байхад нь би Монголд болох Утга зохиолын өдрүүдэд авч явсан. Энэ нь миний хүүгийн хувь заяанд ихээхэн зүйл шийдэж өгсөн, тэгээд ч миний бодол сэтгэл намайгаа хуураагүй юм байна гэдэгт би бүр бат итгэх болсон юм. Хүү минь анх <<Хилийн дээс алхсан>> тэр газартаа ихэд татагдаж хязгааргүй их баяр хөөр болсон, цаашид ч насан туршид түүнээсээ хагацахгүй гэдгийг би мэдэж байна. Тэрбээр Говь-Алтай аймагт гайхамшигтай сайхан өнгөт слайдууд хийснийг гэрт минь зочилсон монголчууд үзээд дуу алдаж байдаг юм...

Би Монголд ерөөсөө ч хайртай билээ. Монголлд би газар шорооныхоо ойр дөтийг өөр хаанахаас ч илүү ойлгож, амьдралын жинхэнэ үнэ цэнэ юу болохыг мэдэрдэг учраас дуртай. Монголын гүн чимээгүйд, уулсын нь аниргүйд, талын нь уудамд өөрийгөө би илүү сайн ойлгодог учраас би дуртай. Энд ахуйн тулга тойрсон аар саар юм, орчин үеийн соёл иргэншлийн үрэгдэл чирэгдэл хормой ороох зовлонгүй. Энд бүгд үнэнээрээ, энгийнээрээ, бүрэн бүтнээрээ, сайн сайхнаараа байна.

Монгол орон билэг онгод хайрлаж, анагааж, тайтгаруулж, өөдлөн дэгжээж байдаг. Монгол орон далд чимээгүй тэнхээгээрээ, буянтай даруу төрхөөрөө, чанар чансаагаараа надад ойр дөт байдаг. Хүү бид хоёрын Улаанбаатараас Москва руу ниссэн тэр нислэг, агаарын олон цүнхээл тааралдсан хүнд хэцүү нислэг байлаа. Хүү маань <<Айж байна, цөхөрч гүйцлээ>> гэж тоглоом шоглоомын хооронд орь дуу тавьж явав. Бидний хажууд суусан Ленинградын нэгэн дээд сургуулийн оюутан эмэгтэй Отгонгэрэл, хүүгийн минь гонгинох, онгоцны далбилзахын алийг ч үл мэдсэн юм шиг явна. <<Отгоон, бидний энэ тоогүй авир занд дургүй чинь хүрч байна уу>> гэж намайг санаа зовнин асуухад <<Яалаа гэж Римма Гуай, би ч бас өөрөө айж, орилж явна. Гагцхүү дотроо, чимээгүй...>> гэж билээ.

Би монгол орны тухай, насан бага Нарангэрэлийг чичрүүлэн мөс шиг хүйтэн усанд шумбасан Завхан голын тухай биднийг ах дүүгийн ёсоор элэгсэг, дотно хүлээн авсан Улиастай хотын Бэгзсүрэн, Агваансондов нарын тухай, миний үнэн сэтгэл, хувиршгүй занд итгэн бэлэглэсэн хөх тэрлэгний тухай, Сандаг, Дулмаа хоёрын тухай маш олон зүйлийг удаан ярьж чадахсан билээ...

Бид Улиастайд мод суулгасан. Би Бэгзсүрэнгийн бяцхан охин Туултай цуг асгарах борооны дор зулзган улиангар суулгаж билээ. Энэ улиангархан өдийд яаж байгаа бол?

Тэр өдийд нялхаараа байгаа гэж би бодож байна. Мод чинь хүнээс урт насалдаг шүү дээ. Миний шүлгүүд монгол хэл дээр гарч байгаа нь намайг ихэд баярлуулж, сэтгэлийг минь хөндөхийн зэрэгцээ нэмэлт үүрэг хүлээлгэж байна. Би өөрийн эх орны тухай ч олон шүлэг бичсэн, монголын тухай ч олон шүлэг бичсэн. Гэхдээ л гол шүлгээ бичиж амжаагүй яваа гэж найдах юм. Биднийг алга болчихоод байхад ч тарьсан моднууд маань, бичсэн мөрүүд маань үлдэнэ. Түүнийг бид хийхдээ араасаа явж байгаа хүмүүст, биднээс хойш морилон ирж сэтгэлийн минь хайр, зүрхний минь дурдатгалыг бууухиалан өртөөлөх хүмүүст зориулсан юм.


Римма Казакова




ЯВУУХУЛАНД

Сайн анд минь
Санаа сэтгэл чинь хаа байна вэ?
Төрсөн гэр орноо хайж
Төөрч бидэрч хаа явна вэ?
Ариухан санаа сэтгэл чинь
Амьсгаатай ёинв хамт
Ажил үйлё, амраг хайраас чинь
Алслан оджээ
Эрхэс тэнгэрээс уйтан ширтэх
Эрхэм анд Явуухулан минь
Амьдрал чамайг мартахгүй
Алив ховонд чи өртөхгүй
Амь эрсдэх шиг хальсан
Адилтгашгүй анд минь
Эргэн тойрныг шулуун харцаараа
Эгцэлж юундаа уйтай ширтэнэ юэ?
Харуулын дайчин эр шиг
Хайрт чиний эрсэдсэн
Эргэх хорвоогийн үйлийн үрийг
Эрх дураар өөрчилж яахин чадах вэ?
Бичдэгээ бичиж, үр хүүхдээ гэрлүүлж
Бие сэтгэлээр бид зүтгэж явна аа
Гэсэн ч анд чиний өөрийгөө шатааж явсан амьдралыг
Гэнэт би өнөөдөр л ойлгож байна аа
Үнэндээ шан горьдолгүй үрсэн бүхэн маань
Сайн үйлс болон эргэж ирнээ.
Үзгээрээ ч, зүрх сэтгэлээрээ ч
Үүнийхээ ачийг хариулан төлнөө
Аянгын гялбаа, гэрэл гэгээний иөлөө
Ашдын мөрөөдлийн гал дөлийн төлөө
Хийвэл зохих бүхнээ хийжээ чи минь
Төлбөол зохих бүхнээ төлжээ чи минь
Газар дэлхийд амьдарсан хугацаанд ч
Гэрэл гэгээтэйд ч сүүдэр харанхуйд ч
Мөр болгон чинь энэрэл хайр
Мөрөөдөл тэмүүллээр дүүрэн байсан юм
Монголын тал нутгаар намайг
Дагуулж явахгүй гэж бодхоос
Халуун зүрхний уй гашууг ялж
Яахин гэтэлж чадах вэ?
Тавилан балар тэр мөчийг яаж ч чадахгүйдээ бачимдаж
Гашуун нулимсаа би урсгаж явсан вм
Тэгтэл ёиний гал цогтой шүлгүүд
Гараас минь шүүрч авсан юм
Давс талхаа хувааж бид
Даль жигүүрлэн нисч, бас ч алхалж явна
Газар дэлхий чиний хувьд
Гарцаагүй төрсөн гэр чинь байна.


***********

Хуучин номнуудаа ялгаж суугаад ийм нэгэн ном оллоо. Тавдугаар хуудаснаасаа л эхэлсэн байсан тул би нэрийг нь ч орчуулагчийг нь мэдэж чадсангүй ээ. Ямартай ч Римма Казакова манай жар далаад оны сор болсон найрагч зохиолчидтой нөхөрлөж явсан нь үнэн бололтой. Дээрхээс гадна Мишигийн Цэдэндорж гуайн дурсгалд ирүүлсэн эмгэнэлийн үгэндээ “Монголоос хэдхэн хоногийн зайтай хоёр хар мэдээ хүлээн авлаа. Явууг өнгөрсөнийг дуулаад удаа ч үгүй байтал Цэдэндорж минь бас явчихжээ. Одоо би хэнийгээ гэж хөх тэнгэрийн орныг зорином?” хэмээснийг нь Алтангэрэл гуайн орчуулгаар “Бурхан буудайн хөх салхи” номын хавсралтнаас уншсан санагдана.
Римма Казакова гэж энэ яруу найрагч эмэгтэй бол хорьдугаар зууны гучин хоёрдугаар оны 1-р сарын 27-нд Севостопольд төрсөн, хүүхэд нас нь Белоруст, сурагч нас нь Лениградад, утга зохиолын идэвхтэй амьдрал нь Москвад өрнөсөн хүн юм байна. Хабаровскт долоон жил байх хугацаандаа тэрээр анхны шүлгийн номоо хэвүүлсэн нь "ВСТРЕТИМСЯ НА ВОСТОКЕ" /1958/ байв.
1959 онд зохиолчдын эвлэлд элсэж, 1964 утга зохиолын дээд курсыг дүүргэсэн тэрээр 1976-1981 онуудад Москвагийн зохиолчдын эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Энэ үед уг байгууллагад энэ хавар насан эцэслэсэн Александр Вознесенский мөн Бэлла Ахмадулина нарын нэр цуутай уран бүтээлчид хамаардаг байжээ. Тэр үед л дээр дурссан үйл явдалуудтайгаа учирсан болов уу гэж санана.
Ш.Дулмаа гуай Ахмадулинаг жар гарсан мөртлөө хундага тавилгүй уудаг галтай дориун авиртай хүүхэн байсан гэж дурсдаг юм. Казаковагийн тухай ч бас сонин зүйл ярих л байх. Оросод Римма Казаковаг “Мадонна”, “Ты меня любишь” зэрэг алдартай дуунуудын шүлгээр нь олонх нь мэддэг бололтой юм.
“Хэн сайтнаас шүлгийг минь олж уншнам, түүнд гүнээ талархнам” хэмээн Москвагийн зохиолчдын эвлэлийн сайтед 2001 онд бичиж асан энэ эмэгтэй тун саяхан буюу 2008 оны 5-р сарын 19-нд ертөнцийг мөнх бусыг үзүүлжээ.
Урагдаж салбарсан энэ номын талаар мэддэг хүн байвал надад хэлээрэй. Учир нь энэ номонд олон сайхан шүлгүүдийн олон сайн орчуулгууд байна билээ.

3 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Монгол орон далд чимээгүй тэнхээгээрээ, буянтай даруу төрхөөрөө, чанар чансаагаараа надад ойр дөт байдаг...
Эх орны минь тухай дотор суугчдаас нь ч илүүтэй гэгэлгэн сайхан бичжээ. Бүрхэг өдөр уншвал сэтгэл цэлмэхээр л эд байна. Хүү нь миний нутгийн зургаар гайхалтай слайд хийсэн гэж байна /ихэд баясав/. хүн амьтан гайхсан гэж байна /бүр их баясав/.

Биднийг алга болчихоод байхад ч тарьсан моднууд маань, бичсэн мөрүүд маань үлдэнэ. Түүнийг бид хийхдээ араасаа явж байгаа хүмүүст, биднээс хойш морилон ирж сэтгэлийн минь хайр, зүрхний минь дурдатгалыг бууухиалан өртөөлөх хүмүүст зориулсан юм.

Хойноос нь буухилан ирэгч ирээдүйн ирэгдэд л зориулж урд урдын туурвигчид санаа даршилж суудаг шүү дээ. Хэн юу даршилсныг хэлэлцэж шүүлцэнэ гэдэг харин бүтээгчдээс нь ч илүү хариуцлагатай ажил шиг байгаа юм. Нулимах амархан ч шүлсээ гамнамаар...

vlmedeh.com said...

Сайн уу ийм нэгэн авъяаслаг залуу бидэнттэй нэгдсэнд маш их баяртай байна.

oldoshaksli said...

Amaaraa sheedeg garuud ch bas olon shuu dee.

Post a Comment