ДОЛООН ОНЫ ШҮЛГҮҮД



“Долоон онд ХҮН төрж байсныг мэдлээ
Долоон онд төрсөн ХҮН надтай адил
Долоон оны бүх нээлтэд дуртай
Долоон оноос өмнөх нээлтийг бахдагч
Долоон оноос хойшихыг дэмжигч
Долоон онд төрсөн ХҮН...”
М.Х

Бид аливаа уран бүтээлчийн ямарваа бүтээлийг уншин шинжлэхдээ зөвхөн одоо цагаараа төсөөлж, өчигдөрхөн гар барилцан мэнд мэдсэн тэр зүс царайгаар нь дамжуулан өөртөө хоногшуулдаг нь өрөөсгөл хэрэг юм. Долоон онд бичсэн шүлгийг найман оны сэтгэлээр уншихдаа есөн оны зөн совин хийгээд арван оны атаа хорсол арван нэгэн оны хүсэл тачаалаа нэмэрлэхийн сацуу долоон оныг төсөөлөх төсөөлөлөө чиг болгох нь зүй юм. Гэхдээ энэ бол нэг номыг нэг уншаад л нэг таашаалыг нэг хүртээд л өнгөрөх уншигчдад хандсан хэрэг бус бүтээл шинжлэлийн ажлыг мэргэжилээ болгосон хүсэлт цагаа түүнд юүлсэн хүмүүст хандсан үг билээ.
Зохиолын оршин буй одоо цаг л түүний оршихуй мөн нь үнэмлэхүй үнэн хэдий ч түүнээс хүртэх таашаал нээж болох мэдээлэлийн урсгалыг бодитоор олж харахын уг нь цаг хугацааг хөлөглөн бүтээгчийн дотоодод нэвтэрч мөн түүнээ хөлөглөсөөр өөрийн оршихуйдаа эгэж ирэх бүлгээ.
Ийм нэгэн бодлыг хөгжөөж суухын завсар номын тавиураасаа цөөвтөр номыг “Санамсаргүй түүврийн арга”-аар сугалж түүнээсээ зөвхөн долоон онд бичигдсэн шүлгүүдийг сийрүүлэн бичихийг санаалсан нь ямархан зүгийн саваагүйтэл бор тархинаа ирж шүглэснийг өчиж эс чаднам. Ямартай ч энэ үйлийн үрээр бас хэд хэдэн шинэ хуучин бодлыг дотроо хөгжөөсөн билээ.




АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ


Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.
1927 он

Их Нацагдоржийн нэр мандсан шүлэг. Дашдоржийн Нацагдорж 1921 онд цэргийн яамны бичээч болсон цагаас 1923 оны Монгол Ардын намын 2-р их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож, нэгэн үе бүр дотоодыг хамгаалах газрын комиссараар ажиллаж ямагт албан тушаалын шатаар өгсөж явсан бөгөөд Дамбадорж тэргүүтэн герман болон барууны оронд суралцаж ирсэн сэхүүтнүүдийг Гэндэн, Бадрах, Шижээ тэргүүтэн хөдөөгийн шинэ сэхээтнүүд төрийн өндөрлөгөөс түрэн буулгасан явдалд мөн хамрагдсан юм.
Улс төрийн үйл хэрэг нь явуурүй болж буйг билэгт зохиолч анзаарч харсан нь лав. Иймд тэрээр Ленинград хотноо одож 1925-1926 онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр <хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины> буюу <ерөнхий сургуулиудаар> суралцсан юм. Чухам энэ л үедээ эл шүлгийг бичсэн бололтой. Магад хил гэтлэхийн цагт л бичиглэсэн болов уу.


ДЕПУТАТ

Өрнүүн амьдралын байнга хувирах хуулинд
Өртөгдөөгүй юм орчлонд огт байхгүй юм.
Арц модны өнгө шиг мөнх улирсангүй
Зарц гэдэг үгийн утга нь бас хувирчээ.

Тулах модноос дөнгүүр унаагүй ядуус
Тулга тогооноос дээгүүр суудалгүй зүдүүс
Харц нэртэй зарц явсан юм гэнэ лээ
Хаад баядад ер итгэгдээгүй юм гэнэ лээ.

Харц гэдэг үг ангилах үүргээс чөлөөлөгдөж
Зарц байсан ард түмэн зарцтай болжээ.
Баядын зарц ядуугийн эрхэнд очдог байсан бол
Ардын зарц итгэлийн хүчинд ирдэг болжээ.

Алаг үрсийнхээ аль авхаалжтайг олон түмэн маань
Ардын депутат болгож үйл хэрэгтээ зардаг юм.
Ард түмэнд зарц болж итгэгдэх тийм хүн
Ажил үйлсээрээ ардынхаа дундаас төрдөг юм.

1957 он.

Хуучин нийгмийн үед сонгууль гэдэг нь улс орныг удирдах дээд байгууллага буюу “Ардын их хурал”-ын төлөөлөгчид нэр нь товлогдсож сум нэгдэлийн иргэдээс ажил үйлсээрээ шалгарсан нэр бүхий хүмүүсийг нийтээрээ дэмжиж буйгаа илэрхийлэх ёслолын чанартай арга хэмжээ байсан билээ.
Шүлгийн гол санаа нь ганц хүний үйл хэрэгт олон түмнээрээ үйлчилдэг асан бурангуй тогтолцоо нь олон түмний үйл хэрэгт ганц хүн үйлчлэх дэвшилтэт тогтолцоонд хөрвөснийг бахдан тэмдэглсэн хэрэг юм. Яруу найрагч Бэгзийн Явуухулангийн бүтээлийн эмхэтгэлээс авав.


НАРАНЦЭЦЭГ

Нарнаас нүүрээ өдөржин салгалгүй
Наранцэцэг эргэн дагах юм.
Шингээд орохоор нь харсан чигтээ
Шилбэн дээрээ гунин зогсох юм.

Санаа сэтгэл минь өдөржин завгүй
Сайхан эх орноо мөрөөдөх юм.
Зөвхөн шөнөдөөн амравч тавгүй
Зүүдэн дундаа хамт байх юм.

1957 он
Переделкино тосгон

Яруу найрагч Нямбуугийн Нямдорж “Дэлүүн болдог” номондоо ийм нэгэн шүлгийг багтаасан нь бий:
“Москва орчим, модот их ой
Ойн чөлөөгөөр орос тосгон харагдана
Явуу бид хоёр зохиолчидын тосгоноор зугаалах дуртай…
….Ярьдаг зүйл минь эх орон..,
Ядан чадан бичсэн шүлгээ шүүхийн ухаан…”.
Пределкино бол оросын олон зохиолчид ажиллаж амьдарч, амьсгал отголсон нандин газар. Тэр л газраар зугаалсан нэгэн үдэшээ Явуу найрагч энэ цөөн мөрийг шивнэн шившиж явсан биз ээ.



ТУУЛЫН УРСГАЛ ШӨНӨДӨӨ САЙХАН


Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.

Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.

1957 он.

Сэтгэл тэмтрэн бичихээр сэтгэл шулуудсан Бэгзийн Явуухулан Горькийн сургуульд суралцаж ахуй цагтаа дээрх мэтчилэн олон уянгын шүлэг бичсэн нь монголын яруу найрагт “Уянгын шинэчлэл” болсон гэж олонхоороо онцлон хэлэлцдэг нь хиргүй зөв дүгнэлт мөн.


УЛААНБААТАРЫН УЯНГЫН ДУУ

Алгаар хааж болдоггүй
Алтан жаргал нарны дор
Азаар заяасан хорвоогийн
Арван найман насандаа
Хаяад явчихаж болдоггүй
Хархан нүдний талимаанд
Харих цагаас хождоод
Хан ууланд оройтоход минь
Буурал ээжийтэй минь хамт
Буцаж ирэхийг минь хүлээж
Уудам Азийн Монгол –
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулын дундаа
Тэнгэрийн заадас шиг ярайна.

Үгээр хуурч болдоггүй
Эх орныхоо ивгээл дор
Үзэж өнгөрүүлэх амьдралын
Үд дундын насандаа
Хуудуу хийчихэж болдоггүй
Хэцүү ажлын эрхээр
Хоног хугацаа хождоод
Холын замд оройтоход минь
Энхрий янагтай минь хамт
Эргэж ирэхийг минь хүлээж
Уудам Азийн Монгол –
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулын дундаа
Тэнрэгийн заадас шиг ярайна.

Эвээр аргалж болдоггүй
Эргэх хорвоогийн жамаар
Эцгийн голомтыг залгах
Эрийн цээний насандаа
Орхиод явчихаж болдоггүй
Очтой нүдний талимаанд
Эжий аавын балчирхан
Энхрий хүүг минь оройтоход нь
Хөгшин бид хоёртой хамт
Хүүгийн минь ирэхийг хүлээж
Уудам Азийн Монгол –
Улаанбаатар нийслэл минь
Дөрвөн уулын дундаа
Тэнгэрийн заадас шиг ярайна.

1967 он

Мөн Бэгзийн Явуухулангийн шүлэг Жаран долоон он бол Улаанбаатар хотыг төрөлх нутгаа гэж үзэх анхны хүүхдүүд иргэний паспортоо авч байсан үе билээ. Чухам энэ үеэс хойш долоон он дөрвөнтөө тохиосон байхад Их Явуугийн сэтгэл тэмтрэх үзэл санаа хийгээд иргэншсэн нийгмийн иргэдийн унших зохиол эх хэлэнд маань ховор хомс хэвээр байгаа нь гайхан эгдүүцэхгүй байхын аргагүй гай түйтгэрт хэрэг юм.


ЛЕНИНИЙ ХӨШӨӨ

Ухаант мэргэдийн энгүүн хөшөө
Уянгатай орчлонд минь олшрон байнам
Тэдэн дундаа Лениний хөшөө
Тэнгэрийн од шиг олон болном
Зөвлөлт нутгийнхаа хилийг алхаад
Зөндөөн гүрэнд очсон байна
Ухаант Лениний хөшөө боссон нутагт
Уран харшид ядуус орном
Хойноосоо энхийн нарыг дагуулсаар
Хосгүй Лениний хөшөө явж байна
Эрхэс гаригт хөшөө баривал
Эрхэм Лениний даруухан дүрийг
Холын гаригийн бүлээхэн чулуугаар
Хамгийн түрүүнд урлана гэж бодном
Тэнгэрт Лениний хөшөө босгох
Тэр цаг дөхөж байна.
1977 он

Большивекүүдийн их удирдагчийн хөшөө өдгөө ч Улаанбаатар хотын төвд сүндэрлэсээр байгаа. Харин зохиолчийн зөгнөсөн үйл явдал одоогоор арай л тохиолдоогүй байгаа болов уу . Мэдэгдэж буй аль ч гаригт Лениний хөшөөг босгох санаачлага гараагүй бөгөөд, мөн аль ч гаригт тогтмол оршин суугчид байгаагүй тул одоогоор коммунист үзэл суртал дэлгэрэх боломжгүй байна. Мөн хий агаарт ямар нэгэн том хэмжээний биетийг нэн удаан хугацаагаар тогтоох технологи нь маш өндөр өртөгтэй хэвээр байна.
Яруу найрагч С.Базарсадын эл шүлгийг “Монголын шилдэг яруу найраг” эмхэтгэлээс авсан болно.


НАЙРАГЧИЙН ӨРӨӨНД

Амьд сэрүүн цагийн нь алтан мөр болж
Азербайджан найрагчийн өрөөнд хуучин пянз эргэж байна
Сайхан сэтгэлт түмэндээ зүрхний үгээ хэлж
Самед Вургун найрагч шүлгээ уншиж байна.
Ганцхан заяах эх орныхоо тухай
Газар дэлхий, эрх чөлөөний тухай
Уулын цовоо эрсийн тухай
Улаа бутарсан охидын тухай
Яг л дэргэд минь идэр залуугийнхаа дуугаар
Яруу найрагч шүлгээ уншиж байна.
Хорвоогийн мөнх бусыг үзсэн найрагчийн өрөөнөөс
Холдож ч чадахгүй, салж ч чадахгүй
Хол ойрын хүмүүс тойрон эргэж байна.
Үсэн буурал үеийнхэн нь
Үйлсийг нь залгах хойчийнхон нь
Үзэг нэгт нөхөд нь тойрон эргэж байна
Гарцаагүй, энэ амьдрал мөнхийн гэрч
Гадаа гудамжаар их бага тойргоор
Үй түмэн машин тэрэг хүн зон
Үдшийн Бакуг тойрон эргэж байна
Найрагчийн дуу нэг тодорч, нэг бүдгэрч
Хуучин пянз эргэж байна
Намар оройн салхин гэгээвчээр үлээнхэн байна
Гарцаагүй, энэ амьдрал мөнхийн гэрч
Газар дэлхий, он цаг, хүмүүс
Нарыг тойрон эргэж байна
Найрагчийн хуучин пянз амьдрал адил эргэж байна
Амьдрал гэдэг үнэтэй
Алтаар хэмжишгүй үнэтэй
Амьд сэрүүн цагийн нь алтан мөр болж
Азербайджан найрагчийн өрөөнд хуучин пянз эргэж байна
Сайхан сэтгэлт түмэндээ зүрхний үгээ хэлж
Самед Вургун найрагч шүлгээ уншиж байна.

Баку 1977

Азербайджаны яруу найрагч Самед Вургуны гэр музейгээр зочлохдоо яруу найрагч Тоомойн Очирхүү эл шүлгийг бичжээ. Пянзны хөдөлгөөн, үймээнт хотын хүн зоны явдал хөдөлгөөнийг холбосон дүрслэл нь зохиогчийн тухайн мөчийн сэтгэгдэлийг амилуулж байна.


НАМРЫН СЭРҮҮН

Шинэ намрын сэрүүн үнэртэнэ
Шилбэн дээрээ даарч хоносон
Талын цэцгийн нулимас үнэртэнэ.
Хэр нь аясан таатай юм бэ?
Хаяагаар намрын сэрүү шагайж
Хананы нүхээр сэмхэн мөлхөж
Орны торгон шаа сэрвэлзүүлэн
Онгорхой цээж рүү тэмүүлж хөнжилд шургаж гэнэ
Хүйтэн гараараа хацар илбэж
Хүзүү хоолой илбэн гижигдэхэд чинь
Чимээгүй хэвтэж мэдрэх сайхан
Чи ямар сэрүүн тунгалаг юм бэ
Орноос өндийхөд нүцгэн бие үнсэнэ
Орж гарахад хүлцэнгүй дагаж,
Үнэнч сэтгэл гарган ус хийлцэж
Өдөн алчуураас өрсөн нойтон нүүр арчина.
Тэгээд ч болохгүй хувцсанд шингэж
Тэвэрч араас жиндүүлнэ.
Энэ чинь харин сэтгэлд нийцэхгүй
Илүү зан шиг дургүй хүргэнэ.

1987.8.17 Дорноговь. Шивээ овоо.

Эл шүлгийг яруу найрагч С.Оюуны “Миний ертөнц” /1991/ номоос авав. Тэрбээр дал наяад оны монголын яруу найргийн цөөхөн эмэгтэй төлөөлийн нэг билээ.



ГАЗРЫН ОД

Мөнгөн ширээдэс татуулан од харвахад
Миний охиных биш! гэж эмээ минь дуу алддаг сан
Огторгуйн тоогүй эрхсээс долоон бурхныг зүсэлж
Орой болгон миний одонд сүүн цацал өргөдөг сөн

“Долоон бурхан” зургаа болоогүй долоо хэвээр
Дотоод энгэр шинээрээ шахуу дээл минь багадсаар
Шанаган одод сүүгээр дүүрхийн алдад
Шалдар булдар зээ нь хүний зэрэгт хүрлээ.

Харанхуйгаас од зүслэх амархан байжээ, эмээ!
Халуун зуураасаа од олох ямар хэцүү юм бэ
Ухаан суусан он жилээсээ хичнээнийг эргэлтгүй өгөв
Удаж удаж өөрийн одыг олж хардаг байна шүү

Тэнгэрээс харвасан од бүхэн минийх байжээ
Тэргүүнд минь мөнгөн сор болон бууж ирсэн
Гандуу дээлтэй танийгаа гандуу дээлтэй таныгаа мөнх юм шиг санадаг сан
Газраас од алдуурдаг гэж хэлэх минь яав даа, эмээ.
1987 он

1991 онд монголын уран зохиолд шуугиан тарьсан Сольтогтохын Дамдиндоржийн “Жимсний бөөр”, Увс аймгийн утга зохиолын нэгдэлээс эрхлэн хэвлүүлсэн “Зүс бүгэг андууд”, Жадамбын Батцэцэгийн “Хойд шугуйн жимс” зэрэг хэд хэдэн ном хэвлэгдсэний нэг нь эл шүлгийн эзэн яруу найрагч Бямбажавын Энхтуяагийн “Он цагийн бороо” билээ.


АВАРГА ТОМ ШОРОН БУЮУ “ХАР ГЭР”

Аугаа том шорон гэж байх юм
Ард түмэн нь эрх чөлөөгөөр өлсгөлөн байх юм
Алдар цолтных нь хэргэм зэрэг дэндсэн байх юм
Алт, мөнгө хоёулаа үнэд орсоор л байх юм
Олон хэлний соёлыг нэг болгох гэж
Ондоо, ондоо зүсийг нь нэг болгох гэж
Ромбо зүүсэн сүлдээр хуягласан
Орох хаалгатай, гарах хаалгагүй шорон гэж байх юм
Аугаа их шорон гэж байх юм
Арван таван тасалгаатай
Аялгуу дуу нь магтаалаар дүүрсэн
Амгалан дүртэй
Аймаар том шорон гэж байх юм
Аугаа их Орос орон гэж байх юм

1987.12.04

Яруу найрагч Сэтэвдоржийн Цоозол, 1987-1993 онд ЗХУ-ын Буриад АССРийн Улан-Удэ хотод Дорнод Сибирийн Соёл урлагийн дээд сургуульд “Урлаг-гоо зүй судлаач” мэргэжлээр суралцаж ахуй цагтаа эл шүлгийг бичсэн бололтой. ЗХУ-д өөрчлөн байгуулалтын үзэл санаа нэгэнт хүчээ авч, буриадад ч бас нармай монгол болон ардчилалын үзэл санаа ихээр сэргэж байсны нэгэн гэрч нь дээрх шүлэг юм.
Энэ цагт ЗХУ-ын ханлиг гүнлэгүүдэд ном үзэж ногоотой шөлийг нь уусан гурав дахь үеийн иргэд халх монголынхоо хөдөлмөрийн зах зээл багтан шингэх аргагүй болоод байв. Азаар Монгол бол жижигхэн хар гэр, тэгээд ч өглөөдөө өрхөө татаж салхи савир оруулдаг зан заншилаа хагас нүүдэлчид хараахан мартаагүй байв.



ЦАГААХАН ЭЭЖ

Цагаахан ээжийн сүүтэй хувинд
Хүү нь багтана
Дааж ядан байсан ч
Хүү нь сүүн дотор бий гэж бодохлоор л
Сүүгээ цалгиачих вий гэж ижий
Намуухан, намбатай алхана

1987.08.17


ЗУРААЧ ХҮҮГИЙН УРЛАНД

Үл тайлах огторгуйн одод нь
Хүлээс алдарч үзмэрт сарних
Сэтгэл нь орчлонд сэржим өргөнө
Үзэж таалсан зураг нь
Үнэгэн залиар даллаж одно
Үнэн дүрээр хувилж би чадваас
Үлгэрийн зүгээс ертөнц минь надад ирнэ

1987.09

Сүүлийн үед өвөрмөц содон шүлэглэл, эрэлхийлэлүүдээрээ шуугиан тарихаасаа илүү гайхаш төрүүлээд буй яруу найрагч Д.Одгэрэлийн эхлэн бичигч байх үеийнх нь шүлэг. Арван жилээ төгссөн хүү их хотыг зорин ирж уран зурагт суралцах болсон тэр л үедээ Хан хэнтийн яруу найргийн сургуулийг үндэслэгч Нямбуугийн Нямдоржийн шүлэглэх хэв маягаар эдгээр шүлгүүдийг бичжээ.



ЕРТӨНЦ ЦУГААРАА СОГТУУ

Чиний гоо үзэсгэлэн
ертөнцийн нууцад үлдэж
Чин сэтгэлийн дурлал
хайрласан хүүхэн мартагджээ
Зүүдэн орчлонгийн үзэгдэлд
сэтгэл алгасран одож
Сэлүүн үдшийн зүүднээ
гань ганцаар жаргаж
Сэрчигнэх моддын хүрээлэнд
ханз дарсанд согтоно
Үдшийн жаргал саран
гөрөөсний дүрсийг багтааж
Үлгэрийн энэ цэцэрлэг-сүмд
шүлэгч нэгэн гансарна
Согтуу орчлонгийн билэг улирал,
оюун жаргалыг хүсч
Сондгойрогч хүмүүн хатуужин бясалгаж
нирвааны амгаланг эдэлнэ
Гэмшүүлэгч орчлонгийн гэгээн өнгөнд
хөгшин, залуугүй хууртжээ
Гэрэлт Шамбалыг зорих хүмүүний
сүжгийн онгоц л хөвмүй.
1997.11.26

Яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил “Дашчойлин” хийдэд хурлын лам байхын цагтаа тэрлэсэн шүлэг. Билигт их найрагч Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар нарт үйл номын барилдлагаар шавилж явсан эгэл тойн тэрвээр нүгэл буяныг ялгах болсон нэгэн насны амьдралынхаа мөч бүрийг яруу найрагт зориулжээ. Дээрх шүлгийг анд нөхдийнх нь эмхэтгэн хэвлүүлсэн “Огторгуйн очир” эмхэтгэлээс нь авав.



ДААШИНЗ

Энэ эрчүүдийн нүд
Иртэй тонгорог шиг эсгэчих гээд
Ирмэх харцны минь туяанд
Ээрүүл шиг эргэлдэн байхад
Хүүхэн бүхэн атаархам
Догь даашинз өмсчихөөд
Тэнгэрлэг торгон харцыг
Эрмэг нас шингээн мэдэрч билээ
Сэтгэлд бардам төрөөд
Итгэлд хүсэл мартагдаад
Өмсөхдөө ерөөсөө харамлан алдаж
Өндийхдөө нүднийхээ булангаар тольдсон
Тэнгэр тулам шуугиантай
Тодхон тэр үдшийн
Хундага дарсны ааг
Толгой эргэм шидтэй
Эрээгүй харцанд ороогдож
Хуруу гарган хуалахдаа
Хормой энгэртээ дарс дусааж
Хожим ариламгүй толбо үлдээх вий
Торгон даашинзаа сэтгэлийнхээ зиндаанд
Торох ч үгүй авчирч зүйрцээд
Хатны гоёл өмссөн мэт
Харамсаж гуниад юу хийнэ
Хувцасны толбо яахав
Хумьж базаад мартаж болно
Аль эсвэл огтхон өмсөлгүйгээр
Авдрынхаа булан руу шидэж орхино
Сэтгэлийнхээ толбыг аргалж болохгүй
Сэрэмжгүй гэмээ цагаатгаж орхихгүй
Тогтсон толбоны өчүүхэн нүүдлийг
Түүний талбараас арилгаж дийлэхгүй
Алтаар зүлгээд ч бүдгэрэхгүй
Алив сайхныг амлаад нэмэргүй
Сийлээд орхих шиг хөндүүрлэж
Сиймхий орсон мэт хоцорно
Толботой хувцсыг гээж болно
Тохуутай сэтгэлээ мартаж болохгүй
Даашинз олон олдохтой адил
Даржин сэтгэл минь шинээр төрөхгүй

1997.12.03

Жадамбын Батцэцэг бол наяад оны эцэс, ерөөд оны эхэн үед монголын уран зохиолд өөрийн гэсэн өнгө төрхөөр хүчтэй орж ирсэн яруу найрагч. Гэзэгтэй бүхэн шүлэг бичиж тайзны эмгэг газар авч асан цөвүүн цагт тэр өөртөө үнэнч үлдэж чадсаныхаа гэрч болсон хоёр ч шүлгийн номоо хэвлүүлжээ.



НАЙРАГЧИЙГ ДУРСАХУЙ


Хярууны тогтоц шиг цацган хээтэй мөсөн ерхөг
Хурууны өндөг шиг цэцгэн хуартай цасан ширхэг
Жингүй юм шиг эргэлдэж, жинтэй юм шиг мөргөлдөн
Чилтлээ дэрвийсэн чиний минь сормосыг
Чимээгүй ононо, чимэглэн унана
Хар охин тэнгэрийн “Үүлэн зардас”-ын орноос
Хязгааргүй, цаглаш үгүйн тоогоор үржин тасарч
Цаст Химлай, Алтай, Хангай, Анд, Кордильерийн нуруу
Цал буурал Богд Очирваань-Отгонтэнгэр оршсоор атал
Үүлс, уулсын хооронд ямархан сонин элдэв замыг туулж
Үй түмэн цасан ширхэг, борооны дуслыг зайчлан
Цор ганцхан, турь бяцхан тэр нэгэн зардас
Цоморлиг мэт сормосыг чинь яагаад оносон юм бэ?
Ирж буцах нь болзолгүй төөрдөг байшин шиг хорвоод
Исэр тэнгэрийн ганц зардас буудлаа олдог байтал
Ухаантнаа олж хардаггүй төрийн түшмэд хөөрхий
Улсаа олж төрдөггүй бичгийн мэргэд хайран!

1997.07.30

Яруу найрагч Шагдарын Уянга “90-ээд он”-ы зохиолч яруу найрагчдын нийгэмдээ тогтож үлдэхийн тулд эрхэлж байсан туст хөдөлмөр болох шар сонинуудын нэг “Тайлбар бичиг” сониныг эрхлэн гаргаж асан үедээ эл шүлгийг бичжээ.



ГОЛЫН СҮНС

Тоорой модны сүүдэр царцаж
Тохмын хөлс шиг саран цантахад
Наргил уулын элгэн шувуу
Намайг чиглэн ниссэн байж

Хань эрсэн сүүлчийн бороо
Халуут цагаа дурсан шиврэхэд
Өсвөр охины чихний омогт
Өвлийн сураг айлссан байж

Бэлчирийн усан бидрээ залгиж
Билүү чулуу өнгөө сэврээхэд
Өвгөдийн сүнстэй шилийн голоос
Ойрдоон айлууд нүүсэн байж...

1987 он. Ховд хот


ГУРАВДАГЧ САРЫН СЭТГЭМЖ

Эсрэг гэрлийн гуравдагч сарыг
Энхрий минь чи санаж байна уу
Мансуурам туяагаар зүрхийг минь төөнөж
Мартахын аргагүй чамд дасгасансан

Сүлжмэл хулс шиг дөрөвдөгч сарыг
Сүүдрэвчийн оройд зүүрмэглэж байхад
Алсад одсон намайг чи нминь
Асгарах борооноос олсон гэлүү

Бороон удслыг алган завсраа
Өнөд чи хадгалахсан гэхдээ
Тэр чигээрээ зүүдний наранд
Тэрлэгээ гандтал суусан ч бил үү

1997 он. Ховд

Логик авцалдааны арифметик дундаж нь хэдий нь баларсан ч хамгаас бодитой уншигддаг шүлгүүдийг Хөөдөөгийн Эрдэнэбаатар бүтээдэг юм. Энэ чанар нь улам үсэрхийлэн эд эрхтнүүдийг нь ч өвчлүүлсэн байх өндөр магадлалтайг түүний энэ хоёр шүлгийг харьцуулж харваас төвөггүй ойлгоно. Үгс нь санаа, хийгээд үйлдэл, санамсаргүйн гоц агшинуудыг илэрхийлэх түлхүүр болхоос, тэдгээр нь үгсийг амилуулах дэвсгэр бус аа гэсэн баруун монгол шүлэгчидийн баримтлалын сонгодог төлөөлөгч нь Х.Эрдэнэбаатар юм. Эдгээр шүлгийг яруу найрагчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн “Зүүнгарын эзэнт шүлгэс” номоос авлаа.


ЖОРЛОНД СУУЖ БАЙХАД ТӨРСӨН САНААСЫГ
ЦАГ ХУГАЦААТАЙ ХАМТ ЦААСАН ДЭЭР ҮЛДЭЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО

Удахгүй бороошихын өмнө (ус таталт бол дараа нь)
Учиргүй ихээр хурмаст хийлэгнэж (элдэв цаас
Урж тасдах бол дараа нь) Уйтгарт атлаа
Уужим нэгэн хэмнэл удаан гэгч нь намайг эзэм-
-Дэхэд өглөөний цай, өдрийн унд, оройн хоол
Дэрэн дээр тавьсан толгой, дэлгэрч замхрах
Дэмий бодол дэндүү намайг дарлаж
(Дээрэлхэж ч гэж хэлж болно.) Ариун
Нэгэн үйлд амьсгал даран дуудахад цагийн
Нэгэн зүү чанх шөнө дундыг заахад
Нартаас бүр тасарч нэгэнтээ үхээд сэхдэг би...
Надад ийм үхэл хэдэнтээ тохиосныг
Хэлж би мэдэхгүй. Хэлэх ч шаардлага гардаггүй.
Хэн ч надаас асуугаагүй. Хэнд ч би хариулаагүй.
Амь тасартал минь үргэлжлэх
Амьсгал түргэсгэсэн үйлийн
Алтан сайхан хором минь.
Үл давтагдах дүлэлт бүхий айзамт дасгал минь
Үд дунд, үүрээр, үдшээр тохиодог бяцхан үхэл минь
Үнэндээ ганцаараа ч ганцаардуулаагүй ганцаардал минь
Мэргэн санаа төрж хурц сэтгэх мөч минь
Муу үйлийн төгсгөл, сайн үйлийн эхлэл минь
Мэнд сайхан биеэ заслаа би...

1997 он.


* * *
Хөдөлгөөнд автана. Хөхөө хүртэл донгодон
Хөдөлнө. Хөл нь гэмтсэн шоргоолж нарны
Туяаг үүрч нааш цаашаа явна.
Тугалнууд сүрэглэж тувтан өвс хазна.
Аалз хүртэл алуулахгүй гэхдээ
Амь тэмцэн цаашаа арвалзан одно.
Зөгий үнээдэйн залгисан цэцэгсийн толгойг
Зөндөө удаан хайж дүнгэнэ. Аниргүйн
Хөгжимний чавхдасыг таслан аймааг чанга
Хар батгана хүнгэнэ. Үүл хүртэл
Юу хийхээ мэдэхгүй үүлгэртэнэ. Үүд хаалга
Юу ч юм нэхэж хяхтнана. Үдээс өмнө
Үдээс хойш, үдэш орой хамаг юм
Хөдөлгөөнд автана. Хажууд ханиах
Хальт мөлт сонстоно. Ногоон ой хүлээхийн
Жаргалыг эдлэхэд навчис нь хөдөлнө. Татсан
Жаахан тамхины утаанд танихгүй дэлэнч
Найтаалгана. Эрвэйхэй элсэн дээгүүр
Нисч ихрийнхээ өрөөснийг хайна.

2007.07.25

Гай болж яруу найраг үнэт таваарт хувираад, аз болж би үйлдвэрийнх нь дарга болвол энэ яруу найрагчийг цехийн мастер байтугай жирийн ажилчнаараа ч авахгүй байв. Аз болж яруу найраг бол тийм үнэт таваар биш, Галсансүх найрагч ч цехийн мастер, жирийн ажилчин биш билээ.



* * *

Ай, чинадын эзэн-энэрэлгүй тавилан минь!
Аранзал гунигийн сүүлнээс эгнэгт намайг уяжээ
Аяа, шимтэн дурлах минь хэтэрхий
Өрөвдөн хайрлах минь ч хэтэрхий
Аван довтолно, аван довтолно тэр.
Амьдралын аль бартаат зам бүрээр.

Аугаа их зүрх минь ачаагаа даалгүй
Арван баллын давалгаанд өртсөн хөлөг шиг
Аймшигт хоосны эргүүлэгт алгуурхан живэхэд
Аврал эрэх минь, алгаа хавсрах минь,
Авиагүйн хэлээр тэгээд олж сонсох минь:
“Нэг зовлонг мартахын тулд
Нөгөө зовлонг эрэх хэрэгтэй”

Амьдралын аль бартаат зам бүрээр
Аван довтолно, аван довтолно намайг
Аранзал зээрдхэн гуниг минь.

1997 он.


* * *
Хөхийн хөх зэрэглээ хүсэл биеийг минь сульдааж
Хээр буйдын дунд гараа алдлан хэвтнэм.
Хичнээн ч зуунаар ширтүүлэв дээ, амгалан энэ тэнгэр!
Харц тэнд амсхийж, хуучин дурсамж хагдрахад
Мөрөнд унасан сүмэдийн тоос, мөнгөн уй мартагдахад
Мөрөөдөл, жаргал, мөнхийн дурлал гээч уахан ч билээ.

1997 он.

Очирт уулын бичиглэл. Энэ ном бол мөнхийн ном. Дашийн Оюунчимэг . Энэ бол мөнхийн яруу найрагч. Түүнийх шиг араншинлаг, түүнийх шиг сэтгэллэг, түүнийх шиг үнэн шүлгийг бичихийн тулд бурхнаас заяасан тусгай өгөгдөл хэрэгтэй. Тэр өгөгдөлийг өдөөх хувь тавилан хэрэгтэй. Энэ бүхний гялбааг харж амжсан учраас л тэр энэ заяаг тэмцэж олоод эзэн суусан хэрэг ээ.



РОНДО

Хаврын тэр өдөр тоглож суусан аялгуу нь
Харцанд минь шингэж үлдсэн
Хал гунигийн илэрхийлэл биш ээ
Хаан хөгжмийн хат юм
Хэрвээ би хөгжимчин охинд дурлаагүй бол
Хайртай бүхэндээ очихын хатыг
Хайртай бүхнээсээ хагацахын хатыг
Харцанд минь үүрд шингэсэн
Хаан хөгжмийн тэр л хатыг
Хэзээ ч юм бэ дээ, сонсох л байсан
Хөгжмийн огт өөр эгшигтэй андуурах байлаа
Хэрвээ би хөгжимчин охинд дурлаагүй бол...

1997.04.10

Тэрс богино шүлгүүдээрээ өдгөө нэгэнт өөрийн өнгө төрхөө бий болгосон Цэндийн Доржсэмбэ найрагчийн шүлэг. Түүний бичсэн Рондо хэлбэрийн шүлгүүд нь энгийн хэл найруулгатай хэрнээ эгшиг сонсголонтой билээ.


Жагсаасан шүлгүүд маань улам л залуужсаар буйг та анзаарсан байх. Одоо бидэнд хамгийн ойрхон долоон он буюу 2007 онд бичсэн шүлгүүдийг уншиж үзье. Номын шүүгээнээсээ би энэ цагт хамаарах хоёр ном л сугалжээ.


* * *
Бугын жимтэй модот уул
Усан мананд уусна.
Хэн тэнд жимс түүж
Шоргоолжны амьсгааг сонсном.

Гэрэлт давалгаа хаялах хязгааргүй далай
Загас ёолоход тарчлана.
Хэн тэнд хөлөө дүрж
Цахлай шумбахыг үзнэм.

Их мянган цаг хугацааг туулж
Хэлбэрээ алдсан зовлонт гараг
Ирээдүй рүү мөлхөнө.
Хэн тэнд
Хэзээ тэрж
Хэзээ үхнэм.

2007 он.

Монголын Зохиолчидын эвлэлээс зарласан анхны номын уралдаанд яруу найрагч Гүйцэтгэгчийн Оргилболдын “Төгөлдөр эртийн гунигшил” ном шалгарч хэвлэгдсэн юм. Долоон оны шүлгээр дүүрэн энэ номын зохиогч зэрлэг капитализмын үеийн монгол залуусын энгийн л нэг төлөөлөл. Нийгмийг нөмөрсөн гутралын балчигт хөлөө дүрсэн ч ирээдүйгээ өөдрөгөөр хамгийн гол нь бодитооор харж буй нь сүүлийн дөрвөн зуу гаруй жилийн түүхэн дэхь үе үеийн монгол залуусаас ялгарах түүний гол онцлог нь юм. Иймдээ ч
“Өглөө бүр нь ийм л шинэхэн
Хүслэнт мөнхийн залуу нас” хэмээн шүлэглэсэн биз ээ.




* * *
Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж
Түргэн нүүгч үүлс нь ододыг хөндөн шаргиулахад
Эгц дээрээс зүүгдээстэй түг түмэн одод
Эгээ л хэлэлцсэн мэт нэгэн зэрэг “......” гэж дуун алдахуй...

Түнэлийн тэнгэрээс цуурай татан зүрхэн гүнд минь
Түг түмэн оддын дуун агшнаа цутгахад
Алдалсан гараа би цээжин тушаа хавсарч
Аяархнаар, өөртөө чиний нэрийг шивнэхүй...

Түнэлийн тэнгэр огт оргүйн гүн рүү алсарч
Түмэн бодлоор ээрсэн нүдийг минь эгцлэн ширтээд
“Хавсарсан алгаа бүү салга. Хайр чинь тэнд буй
Харцаа надаас бүү салга. Хариулт энд буй” хэмээвэй...

2007.02.05

Шинэ мянган эхэлсээр монгол хэлтний яруу найраг үл анзаарагдам хувьсал хөдөлгөөнд орсоны хамгийн энгийн жишээ нь Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн шүлгүүд.
“Ерээд он”-оос хойшхи өрнийн хүчирхэг урсгалуудын нөлөөнд автсан хүчтэй цөөнх хийгээд “Уламжлалыг хамгаалагчид”-ийн алдарыг урдаа барьсан сул олонхийн зөрчил одоо учир тоймоо алдаж, шийдвэрлэх асуудал нь нэгэнт үнэ цэнэгүй болжээ. Нэгэнтээ сүржнээр дэвэргэж асан дайны талбар нь хоосрон эзгүйрч, булан буландаа биесээ анан хярсан партизанууд эцэстээ залхаж зэвсгээ хаян цагаан туг хийсгэсээр зүг зүгт таран оджээ.
Гэвч энэ орон нутгийн шинж чанартай мөргөлдөөний эцэст гээгдэн мартагдсан үндэсний үнэт зүйлс ч сэргэн төлжиж, хавчин хяхагдсан шинэчлэгч үзэл санаа ч бодит үйл хэрэг болсон юм. Чухам үүнд л дээр өгүүлсэн үл анзаарагдам хөдөлгөөний уг чанар оршиж байна. Дайн хөл ихтийн цагт хөлд орсон хүүхдүүд захаасаа хэлд орж эхэллээ. Тэд зүгээр л эх хэлээрээ амьдралыг бичихийг хүсжээ. Энэ нь тэдэнд бахархал, энэ нь тэдэнд гайхамшиг, бас үнэн нь ажээ.



Долоон оны шүлгүүдийг эрж суусаар даруй нэгэн үдшийг өнгөрөөчихөж. Тэгээд ганц л зүйлийг ойлголоо: “Хамгийн үнэт нандин зүйлсээ харж харгалзуулхаар бид цаг хугацааг бодож олсон”.
Хүмүүс цаг үеэ бүхнээс илүү хайрладаг. Энэ хайр нь өөр цаг үеийг өөрөөсөө төрүүлдэг. Өсөн дэвжих цаг үе бүхэн өөр өөрийн дуучтай. Тэр дууч нь хүн төрөлхтний сэтгэлийн хэл-яруу найрагийг бүтээдэг ажээ. Тэгээд түүнийгээ мөнхийн үнэнч цаг хугацааны ивээл хамгаалалд орхидог билээ.

5 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Энэ хараа, байхгүй байхгүй гээд л мэлзээд байсан. Баригдав даа. Миний "Огторгуйн очир"-ыг өгөөрэй Чи.

Б.Баясгалан said...

С.Оюун гуайн шүлэг, төгсгөлийн үг хоёрт хоёр гараа өргөе.

oldoshaksli said...

Aya buhnees ehelmoi

gej neg nomond bichsen bna lee

ha ha

Anonymous said...

тийм ээ. цаг хугацааг олж харсан нь маш их таалагдлаа. амжилт хүсье

Я.Баяраа said...

bayarlalaa.

Post a Comment