“ЦЭНХЭР АЯЗ”

“...З.Фрейдийн сэтгэл задлагийн үүднээс үзвэл удам дамжин хадгалагдаж ирсэн ухамсаргүй үүтгэл гэдэг хүн төрөлхтнийг дотор талаас нь шийдвэрлэх гэмээр хүч нөлөөгөөр удирдсаар байдаг гэдэг. Монголчууд иррационал хүчин зүйл сэтгэлгээг илүү их шүтдэг үндэстэн юм шиг санагддаг. Энэ үүднээс ухааран бодвол монгол сэтгэлгээ хэзээ ч алга болохгүй бизээ. Бүдгэрч байгаа гадна өнгөн талын шинж тэмдгүүдийг биш монгол дотоод сэтгэлгээ, зөн совин, ёр бэлгэ, залгамжлан шүтэн биширч ирсэн итгэл үнэмшил, түүх домог, ёс заншил, дом шившлэг, онго шүтээн, хорио цээр, ерөөл билиг, хараал зүхэл мэт нууц далдын сэтгэл оюуны нь етөнцөд л нэвтэрч чадаж гэмээнэ сая монгол сэтгэлгээт шүлэг найраг, дуу хөгжим, зураг урлагийг бүтээж чадна гэж би итгэж боддог...”

Ч.Билигсайхан
/Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор/



“ЦЭНХЭР АЯЗ”
хэмээх бүлэг


* * *
Цаст уулын цэцэг өдрийн дэн шиг гэрэлтээд
Цагаан тэргүүнд нь шаргал бүрий тоорогтоно
Сайхан монгол бүсгүйд эхийн жаргал эдүллсэн
Сарны тансаг шөнүүд цав цагаахан үзэгдэнэ
Хавар эртийн шувууд шиг сэрүүн хонгор өдрүүд
Хацар дээгүүр бөмбөрөх нулимсан удсалд шингэнэ
Халанги навчсын улаанд ариун гунигаар мандахуй
Хар архины нүдэнд алтан цөцгий нь болном за


* * *
Тал нутгийн дээгүүр ариг ялдам цас
Танил нэгний чандар мэт аяар нэг бударсаар байна
Хөхөлбөр чулуун өвгөд хээрийн салхинд онгож
Хөдөөгийн бүлээн саран шаргал адуу шиг хөрвөөсөөр байна
Өмнийн буурал шил дээр өвөг шувуу бодмоглоод
Өрхинй оосор цантах бүр ижий минь л эрхгүй санагдаж байна
Догдлолт намар цагийн нулимст нүднээ баригдсан
Дорнын охин тэнгэр зүрхэн тоьтод гэрэлтэж байна

* * *
Сэтэртэй хөх туулай сарны өрхийг татаж
Сэм гүмхэн өдрүүдийн мөнгөн санчигийг гэрэлтүүлнэ
Бусдын зүрхийг гийгүүлсн ганцхан агшинаа сүлэх
Буйдайн чиний гуниг алган дээр минь мөнгөрнө
Хэзээ эртийн мөрөн хамгийн тунгалаг урсаад
Хэсэг цагаан үүл чанагш хөвж одно
Өнөд залуухан өдрүүд дээвэр дээр нарлаж
Өөрийн чинь сэтгэлд үзэгдэх гэрэлт цагийг хүлээнэ

* * *
Намуун гоо бүхэнд залуу бие минь мэхийгээд
Намрын халуун салхинд дээлийн хормой сэмэрч байна
Ертөнцийн тунгалаг охид энгийн сайхан санагдаад
Ерийн амьдарч явхад өдөр бүхэн цэнхэр байна
Арван есхөн настай гүйж ирсэн охин
Аниргүй ялдам сарнаар үнсүүлж зогсохоос уйдсан байна
Амраг хайрын шувууд тэнгэр дүүрэн нисэлдэхэд
Арван хэдхэн нас минь л түлээн дээр суугаа үзэгдэж байна.

* * *
Хур цасны үнэртэй ганцхан цагаан уул
Хулдаж намайг өөриймсөг мянган он улирна
Хулсан лимбийн эгшгээр цүүжилж орхиод гарахад
Хундага зовлонт чи минь дүнчүүр оныг үднэ
Цэнгэлтэй ганц агшинд гэрэлт цох мэт нисэхэд
Цэв цэнхэр өдрүүд гараа даллаж өнгөрнө
Чиний минь уруулын туяа цээжний солонгонд хувилаад
Чилээрхсэн мянган оны шаргал зүүдийг гийгүүлнэ

* * *
Цаст уулын цэцэг өдрийн дэн шиг гэрэлтээд
Цухас янаг сэтгэлийн гүн цэнхэр давалгаанаар
Цурам ахуй цагийн мөнгөлөг хонх дохиолно
Тэнгэрийн идэр хөвүүн харшид амьдрах хэцүүдээд
Тэнэмэл шүлэгч Ли байг шүүдэрт сарнаар ойлгоно
Гүц намуун харц эргэн тойронд мэлмэрч
Гүцтэй мөнхийн усын надаас эрэх шиг санагдахад
Мөрний мандалд талимаарсан цэлмэгэр сарны аниргүйд
Мөнх хийгээд мөнх бусын сөнгөнхөн санчиг болном за

* * *
Гол мөрний ус алганы бумбанд мэлтэгнээд
Гоо бүсгүйн уруул туяа тауулан хөвнө
Тэнгэр газрын жүнз хатан ирмэгээр харшиж
Тэргүүлэгч цэцгийн дэлбээнд алтан цох эргэнэ
Сайхан өдрийн цөөхөнд сэтгэлийн торго нимгэрэхэд
Сарны мөнгөлөг туяа өчигдрийн харцыг гэрэлтүүлнэ
Зүдэрч олсон агшин шувуу буух шиг болоод
Зөндөө хол нисчихэд амар амгалаг болно...

* * *
Цаглашгүй мөнх хайрын гэнэн зардас болгосон
Цав цагаахан өдрүүд хэний өлмийд дэлгэгдэнэ вэ
Бөртэ сарны явдал түмэн янзаар тайлагдахад
Бүсгүй биеийн гуниглан ямархан сарнаар цийлэлзэнэ вэ
Царгил яруу хөгжимдөх найман сарын борооноор
Цаст уулын буга альхан шил дээр урамдана вэ
Халуун хонгор нулимас болрын чанараа алдахад
Хамгийн тунгалаг бие хэний өвөрт бөмбөрнө вэ

* * *
Гандигаар модны мөчирт цагаахан үүлс ороолдоход
Гангар цагийн сэрүүлэг галын дэргэд дохиолно
Дүүмэд охидын нүдэнд алтаг гургалдай жиргээд
Дүүрэн хөх саран аньсага сормуусаа буулгана
Янаг залуухан дорно саруулхан шөнүүдээ бэлэглэвч
Ялдам чиний дэргэд яагаад ч юм гунигтай байна
Мөрөөсөлт хайрын жимийг бугуйндаа эвхэж зогсоход
Мөнгөн лимбийн хөндийгөөр үүл хөвөөд л будангуй байна

* * *
Дорнын тал нутагт өвсөн жимбүүр солонгороод
Домгийн сайхан Шармаань үүрийн аньсага сөхнө
Тэр л зүгийн тэнгэрт алтан ланз үүл
Тэлмэн харцны шувуудтай хангайн зүг нүүнэ
Манцуйтай охин тэвэрсэн танхил гоо бүсгүй
Магад үүрийн жингээр домгийн буга сойно
Мянган он сүрэглэвч сэтгэлийн магнагаа сэмлэлгүй
Маргад цагаан уулыг минь нэг л өглөө зорино

* * *
Уянгат шар өдрүүд шинийн сарнаар хөсөглөөд
Урт цагаан шөнүүд ар араасаа давалгаална
Мөрөн дээр минь буусан алтан зүмбэрт навчис
Мөдхөн хийсэн арилавч дахиад л дарсан байна
Намуун зөөлөн байдалд мөнхийн агшин бүтээх гэж
Нарт орчлонгоос хэдийнээ холоо явахаар зэхчихлээ
Намирсан шаргал бороо зуун жил асгархад
Нарсан ойн сармагчин л шүлэгчийн араншингаар гоёно доо

* * *
Янагийн тунгалаг бие цасан намиргаа оргиод
Ятга цагаан хөл цурам үгй сэрээнэ
Газраар цэцэгрэх сүүдэр нь марал гүйх шиг санагдах
Галидасын үүлэн элч цээжний мандалд хөвнө
Мөнхийн хөх дарсаа чи хайрын дашмагт минь юүлбэл
Мөнгөн шөнийн зүүдэнд зүрхэн дэнлүү асаая би
Цэгээн чулуун дээр хэрэв алтан бүгширгү суувал
Цэн цэнгээр тогтоох амрагийн хундага минь тэр шүү

* * *
Цэвэр торгон шүүдэр сормуусан далд сэмэрч
Цэн лангаар цэгнэмгүй гэнэн хайр бадаглана
Дөрвөн намрын цаанаас улаан алчуураар далласан
Дөрвөлжин цэнхэр дурсамж шувуудын нүдтэй буцна
Танхил булбарай уруулын улаан жүнзийг санагалзахад
Тансаг үдшийн дорно үзэсгэлэнт тэргүүнээ мэхийнэ
Бэр цэцгийн дэлбээнд мөнгөн шүүдэр тогтож
Битгий балгаач гэх шиг шарангуй дарс тоорогтоно

* * *
Энгийн цэв цэнхэр Отгонтэнгэр, Ханхөхий
Ирэх өдрүүдийн тооноор мөнгөн туйлаадас хаялна
Ерийн залуухан ээж шүлэгчид цай аягалж
Ертөнцөд яруу билигт сайхан хөвгүүд минь өснө
Үргэлж мөнх өдрийн үүдний хаш довжоо
Үлэмж бадмын өнгөөр дорно дахинд гэрэлтэнэ
Хөх тэнгэрийн жим дээр мөнгөн цас будруулсаар
Хөвүүн зүрхий гуниг алтан ятганд хувилна аа.




Яруу найрагч Ц.Бавуудорж
“Монголын их амар амгалан” /УБ 2008/
71-84 дүгээр тал.

0 Сэтгэгдэл:

Post a Comment