...Ай хайран-алдуурсан эгшиг.



АНИРГҮЙН ДУНДАХ ЧИМЭЭ ШУУГИАН
Аниргүйн дундах чимээ шуугиан нь
Амар заяа үзүүлдэггүй
Орчлон минь
Сар тэнэсэн нойрон дунд
Судсан дотуур минь ус мөрөн шиг хүрхэрнэ
Догдолсон сэтгэл тэмтчин ядаж
Дотогшоо чимээлж өөрийгөө сонсоно
Аниргүйн дундах чимээ шуугиан
Амар заяа үзүүлэхгүй зовооно
Навч нь хөдлөхгүй
Нам гүм дүнсийх моддын дотуур
Нар доошоо
Газар дээшээ
Мөргөлдөнхөн урсаж их дуун гаргана
Өвсний голоор
Өдөр шөнө хоёр хашгичин гүйлдэнэ
Чамайгаа санаж ядан дуугаа хураахад
Эс бүхэн минь чиний тухай гиншинэ
Чимээгүй унагасан нулимс
Асган дээрээс буга нисэх шиг
Арангалан нүргэж
Хацар эсгэнэ
Чи холын холд мөртөө
Гавлын заадас хөндийртөл
Тархин дотор инээнэ.
Чиний гар хацарт хүрэх шиг болоход
Алганд чинь тэнгэр нүргэлнэ
Хуруу бүхний чинь үзүүрт аянга цахина
Аниргүйн дундах чимээ шуугиан нь
Амар заяа үзүүлдэггүй
Орчлон минь




ДҮНСГЭР НУГА

Хар чийгэнд бээрсэн дүнсгэр нуга
Аниргүйн дунд нойрмог.
Хөл хөлхөөнтэй нуурын зэгсэнд
Анирын дуу дуурмаг.
Өглөө хар нялхаараа...
Наранд хөөгдсөн үнэгэн шаргал үүр
Наашлан цаашлан сүүлчийн оддыг үмхэнэ.
Хоёр гар бие биенээсээ төөрм харанхуйн
Хормойг гэрэл мэрсээр үүр цайж байна.
Өглөө хар нялхаараа...
Чулуун чандмана уулсаа оргилоор нь тоолж
Цогтын дуут хад руу нар гулган бууна.
Шарга гүү шиг нарны
Гэрлээр саамшсан хөхийг
Шар талын цэцэгс
Хөөс сахруулан хөхнө.
Өглөө хар нялхаараа...
Цэл залуу өглөөний наран цацралыг
Цалгиан байж алгандаа утган залгилья!
Цахлай чарлах нуурын эрэгт очиж
Цахилдгаар чамдаа бөгж зангидаж өгье!
Өглөө хар нялхаараа...

1984.



ЭГШИГ
Тэнд уянгалах хуурын эгшиг
Тэтим судсы минь
Хөвчөөрөө
Хөрөөднө.
Бүх бие минь доргин
Цус даргина.
Уураг тархи
Уруу татагдан
Хөлөө хүртэл
Хөөрөн эгшиглэнэ.
Галт наран, хур хоёрт тэрсэн зулж
Галзууруулж татсан хуруу зузаан эсгий туурга
Гарын салаагаар садрах ус шиг
Ганих сэрэх эгшиг нэвчээнэ.
Сарны мөнхийн шулуун цацраг
Нуурын хэмтэй нийлэн туялзана
Сая саасан хөнөгтэй сүү
Захаасаа өмөлзөн эгшиг мэдэрнэ
Бүх орчин тэр аяараа
Аялгуунд нялхран байхад
Бүжин бидэртэй нуурнаас
Ангир үргэхэд
Эгшгийн цуулдас тасарна
Амар амгалан юутай эмзэг
Ай хайран-алдуурсан эгшиг.


Мөнхийн номноос эгшиг түүлээ...

4 Сэтгэгдэл:

http://abebedorespgondufo.blogs.sapo.pt/ said...

Very good.

bi bn said...

tm shuu monhiin nom

oldoshaksli said...

Bible shig Munhiin nom gej uu
He he

bi bn said...

biblee gj hahaaa...

Post a Comment