УРИАНХАЙН ХӨХ УУЛС


Хайрт аав Б.Хөөдөө-дөө зориулав.

I
Асар тэнгэрийн амраг-Урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүйн эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.
Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч
Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино
Орчлонгийн салхин оройг нь илбэж зүүрмэгт дарагдах цагаар
Орой үдэшгүй нөмгөн боронгоор цайвар аялгуу цуурдана
Өмөгт бүргэд ч бэлнийх нь хясаанд бөөрөн эргэлдэж
Орох газраа хайх мэт хавцал хэрэн ниснэ.



II
Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
Ай хөөрхий өнгөт улирал энэ ууланд хамаарахгүй
Амьтны үрийн сэтгэлийг амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь
Яргай тансар уулс нь гүн зэрэглээ хөндөхөд
Хаш цасан уулнаа бүрүүлийн усанд үзнэм
Чиргай модон гануунд нь харлаг сүүдэр зүүрмэглэж
Халиах нүдний үзэсгэлэнд гэрэлт сүм мэт харагдана
Хөмүүл гишүүнэ соёолоод хөрсний чийг гүйцэхэд
Хөндүүр зүрхний угт ижий аав минь бодогдоно
Удган голын усыг цасны шимээл сэлбэнэ
Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ.

III
Билэгт Жумагийн дэргүүлж явсан энэ уулнаа
Би шүлэг бичин, амандаа өвс зууж хэвтнэм
Асганны нарны наагуур тунгалаг бороо зүсрэх нь
Арван гуравтай охин гэзгээ сүлжин зогсох шиг
Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд
Зогдроо дугтчих тогорууд дорны нарнаас ирэхэд
Өнгөт мандлын доогуур хөшгөн зэрэглээ сүүмэлзэж
Өвгөдийн гунигт нүдэнд сарны туулай хоргодно
Умрын хонгор салхин нөмгөн үэрэглээ хөндөхөд
Уяа нь таарсан хүлэг шиг уулс алсад дөмөлзөнө
Хас тэнгэрийн өлмийд халхын тал цэнхэртэж
Хадан цохионы орой дээр хан улир бөөрнө.

IV
Мөнх цастай уулс зүүдний алсад толиорч
Мөнгөн товч шиг гэрүүд хөгнөтэй хурга шиг цайрна
Зүүн хойдын шилэнд эртэлж унасан шүүдэр
Зүрхэнд тус газар хөнгөн гунигийг үүсгэнэ
Чимэг сайт улирлын алтан наран мандахад
Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ
Чийг даасан өвсөн тогосны өд мэт гэрэлтээд
Чичрэхүйеэ алтан үрэлсийг бөмбөрүүлнэ
Нөмгөн хөнгөн үүлс нөмөр бараадан ирнэ
Нөөлөг ихт газар амьтан хүн тогтоно
Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн
Цалгиа залуу насандаа халгиа шүлгээ бичнэм

V
Цантсан ододтой арван гуравдугаар сарын
Цасан хунгарт би мэндэлсэн
Урианхайн уулс гэрлээр давалгаалж
Умрын салхиар хавах тэнүүчилсэн
Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд
Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй
Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх
Зэрэглээ тэнд, хаялга болж чадахгүй
Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс мэт галигтан
Үдшийн зэврүүг хүлээлгүй шилэн толбоор цагирагтана
Товч харших чимээнээр жингэнэх дуун түгэж
Товцог хадны шилээс хан тас ниснэ.

1994 он. Улаанбаатар хот





Яруу найрагч Х.Эрдэнэбаатарын"Зүүнгарын эзэнт шүлэгс" номноос

4 Сэтгэгдэл:

Anonymous said...

amid yaruu nairagch shuu

oldoshaksli said...

хэлээд юүхэв

Бондууш said...

Нутгийн ахыгаа Болор Цомд Түрүүлэхэд нь нулимас унагаж байлаа...

...Навчисын дор Нар нойрсоно...

Я.Баяраа said...

Ulaan hatsart tendee uuj l suugaa bh daa tendee

Post a Comment