Сэтгэлийн минь хаалганы минь ганцхан түлхүүр чиний мэдэлд буй.


ГУРВАН ХООСОН

Өнгө зүс нь цуу хөллөсөн дорнын тогос шиг
Өөрийгөө бахадсан хүний үрээс
Өнөд түших итгэл хайрын
Өгөөмөр сэтгэл, гүн журам бүү хүлээ!

Билүү тамлавч ир суудаггүй хутга шиг
Биеэ бардсан цэцэн найрагчаас
Балар мунхгийг солир шиг цуу татах
Бадаг ч шүлэг бүү хүлээ!

Галзуу нохойн нүд шиг улаан нартай
Гантай зуны нойрмог тэнгэрээс
Газар амилуулах элбэрэлт хурын
Ганц ч дусал бүү хүлээ!




ОН ЦАГИЙН БОРОО

Нэгээс дахин дахин эхэлсэн тоолол шиг
Нэгэн айзмын товшилтоор бороо орно
Нэгэн аялгуут бороон дусал дээвэр дэлдэнэ
Бороон дундуур ижий сүүдэр үргээж ирнэ
Борхон царайд нь гийх ялдам сайхан мишээлийг нь
Болор болор дуслууд тодхон гэрэлтүүлж бөмбөрнө
Шөнийн борооны аядуухан чимээн дундуур
Үдшийн бүрий наашлан наашлан ирнэ

Бороо шаагина...
Хар ногоон толгодын дээгүүрх ягаан үүлс
Хараацай ниссэн шаргал тэнгэр
Ээлжлэн одох сар жил шиг
Ээжийн дүртэй хамт уусан холдоно
Бороо нэгэн хэмээр шаагина
Нэгэн аялгуут бороон дусал дээвэр дэлдэнэ

Бороо шаагина...
Бороон дундуур аав айвуу тайвуу ирнэ
Богинохон зассан сахал дороос нь
Бодолтой үгс хөврөн гарна
Хаяа нь шуулттай гэрийн сүүдэрт
Хайртай дүү минь тоглож сууна
Өдөржин надтай булаацалддаг байсан
Өнгийн шил дэргэд нь хэвтэнэ
Аав дүү хоёр бороон дунд уусаж
Аагим зуны сүүдэр тэднийг даган замхарна

Бороо шаагина...
Бороо шаагиж нэгэн айзмаар шавшина
Бороотой шөнийн бодол дунд солонго татна
Харанхуйд бороон дуслууд гэрлэн хөшиг шиг намилаг
Харгуй зам дээр тунгалаг дусал чимээгүй бөмбөрнө
Өнгөрсөн тийш зурайсан замын тэртээд
Өнөө л нэг ширээ, цэцэг хавчуулсан ном
Сандлын түшлэг давуулан
Санаандгүй тохсон миний даашинз харагдана.

Орны араар унаад хоцорсон цагаан алчуур цайран даллана
Он жилийн дундуур гэрэлтсэн харгуй тийш би ухасхийв
Орхисон алуураа авчрах гэж хөл нүцгэн гүйв
Намйг хөтөлсөн мөнөөх харгуй агшин зуур унтарч
Намрын шөнийн хүйтэн бороо нүүрийг минь шавшлаа
Цагаан алчуур нэгэнтээ тодроод алга болж
Онгон дуртгал наран толбыг нь угааж чадаагүй
Он цагийн бороо зүүдний мананд төөрүүллээ.

1984 он.



* * *

Анхны бороо хэдийд ордгийг мартжээ
АЯнгын гялбаа үөн совин шиг зурсхийж
Алсалсан дуу нь зөөлрөн аргадаж
Ариусахын ёслолд газар нялхардагсан

Болор болор дуслууд жин жин бөмбөрч
Бодол санаа цэн цэнгээр ариусаж
Хурмастын дагинас наадах усан эрдэнэс
Хуурай газрын цангааг тайлан асгардаг сан.

Арилсан борооны дараа солонго нумлахад
Ахиад л наран дуртмал холхийг ширтэж
Хэн нэгэн хүнийг он удаан хүлээсэн боловч
Хэлэлгүй ирээд сэмхэн буцчихсан юм шиг хоцордогсон

Цаг хугацаа өнгөрхөд нууц бүхэн инээдэм болж
Цайран холдох борооны чимээ сэтгэлд үлджээ
Аргын тоололд захирагдалгүй дураараа ирдэг сэн
Анхны бороо хэдийд ордгийг мартжээ.

1987 он



* * *

Мичид саран гийх үеэр
Миний тайтгарал дэргэд ирнэ
Мишээн угтдаг эрэмгий харцанд нь
Мэдэл дутсаны гуниг тодорно

Цагийн мөнхөд нойрсдоо гэж шивнээд
Цагаан өнгийг бүдэгрүүлэн шившинэ
Амрагдаа, гоморхлын нулимас нь хатаг
Алжааж ядарсан юм гэж тэр шивнэнэ

Хар булган хөнжлөөр хучиж
Харанхуй шөнө долгилон урсана
Холын сарны суудалд тохиосон
Холын одонд сүүдэр татна

1984 он.



ТАЙТГАРАХУЙ

Мөнхийн дурлалыг би хүлээхгүй
Мөргөл залбирал би мэдэхгүй
Залбирал сураад ч хүслэн биелэхгүй
Замаасаа гарч чи наашаа ирэхгүй
Мөнхийн дурлалыг би хүлээхгүй
Мөнөөх зангаар дахин чамайг зовоохгүй
Хурмастын доорх өдөр хоногуудын нэгэнд нь ч
Хувь заяа чи биднийг учруулахгүй

Айхгүй догдлохгүй нүднээс минь чи
Амьдрал надад юу сургасныг олж харахгүй
Үүрэглэх үдэш биднийг нөмрөхгүй
Үг дуугүй чи намайг ширтэхгүй

Цагийн тоололд үл орох нэгэн учрал болж
Цагаан манан хормой доогуур хөшиглөхгүй
Сэтгэлдээ өдөр бүхэн давтдаг янзаараа
Сэмхнээр уйтайгаар үснийхээ хавчаарыг би сугалахгүй

Нүд салгалгүй чамайгаа ширтсээр
Нүгэл буяныг тайчиж хаялахгүй
Ул мөргүй, чимээгүй учралын тэр цаг ирэхгүй
Усан бороо ч шиврэхгүй, цасан ч будрахгүй

Үг ч үгүй, нулимс ч үгүй чамд би үнсүүлэхгүй
Үг ч үгүй, хуурмаггүй намайг чи энхрийлэхгүй
Зөвхөн чиний дуугүй үнсэлт, жаргалтай харц,
Зөн бэлгийн гэрэлт учрал хэзээ ч тохиохгүй...

1984 он.



* * *

Үнэнч гэж чамдаа би амлавч
Үгийн шидэнд чи минь лавтай бүү итгэ
Үймэрсэн сэтгэлийн сэрэмжний оньс
Үймээнт орчлонгийн хуурмаг, түлхүүрийн мэдэлд буй

Үнэгэн сүүлээр орчлон хууравч
Үүд бүхнийг манан сэтгэлээ бүү зовоо
Сээхэлзүүр орчлонгийн мянган үүд нээлттэй байлаа ч
Сэтгэлийн минь хаалганы минь ганцхан түлхүүр чиний мэдэлд буй.

1988 он.







Яруу найрагч Бямбажавын Энхтуяагийн

"Он цагийн бороо" /1991/ түүврийн шүлгүүд.

Бүсгүй хүнийг шүлэг гэж бодоод
Би шүлэгч болсон... эсвээс
Ятга гэдэг нь сөгдөж суусан дуу юм
Надаас алс бүсээ тайлсан
Сэндэр эгч...

энэ номыг уншаад энэ мөрүүдийг зүрхэндээ хэд давтсан гэх вэ...
Ай МУЗА-ЯНЖИН минь.

2 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

Зөөлөн дуут эгчийн зөндөө сайхан шүлэг уншаад гарлаа...

oldoshaksli said...

SAIHAN HOOLOITOI YUM BNA LEE.
BAS MEDREMJTEI

Post a Comment