ШҮХЭР

* * *
- Би чамайг зурчихлаа. Охин гуниглангуй харцтай том саарал нүдээ эргэлдүүлэн гайхсандаа нүд нь бүр саарал, бүр ч том болжээ.
- Намайг уу?
- Тийм , ээ чамайг
Зургийг удаан гэгч нь харснаа, ялимгүй инээмсэглэх төдий байдал харуулав. Эсхүл зүгээр л надад тэгж санагдсан байх.
- Чиний зурганд миний санаашрал харагдахгүй байна. Миний гуниглал ч алга. Хожим надад насан туршийн хань болох ганцаардал минь ч алга. Бараан шүхэр нь л харин хачин өнгөлөг болчихож
- Уучлаарай. Би тэр бүгдийг чинь хэрхэн зурж чадах билээ. Надад тийм нарийн мэдрэмж байхгүй л дээ?
- Тэгвэл хоёрын хооронд дэмий юм битгий хий.
Охин алгуурхан босоод өвсөн дундуур өлмийгөөрөө гишгэсээр явж одов. Одоо би зураач болоогүйдээ баярладаг юм.



* * *
...П.Батхуягийн “Шүхэр” үгүүллэгийг уншаад би шуудхан Дэлгэрмаагийн тухай бодож билээ. Тэр бүсгүй надад хэм хэмжээ гэж юу байдгийг ухааруулсан юм. Хэм хэмжээ бол цаг хугацаанаас ч чухал ойлголт, он тоололоос ч бодит хэмжигдэхүүн. Хэм хэмжээгээ мэдсэн хүн л цаг хугацааг ус агаар мэт хэрэглэн, он тоололд уул мэт мөнхөрлийг олно.
“Хэм хэмжээний тухай асуудлууд”-аас





ШҮХЭР

Үймээний жилээс өмнө харваас нарны шүхэр байтал тэр түүнийг дандаа бороонд барьж явдаг байлаа. Тод цэнхэр өнгийн том том цэцэгтэй шүхрээ эргэлдүүлэн юунд ч юм бэ, бүү мэд хөөрч баярлаад гүйж явахтай нь би цөөнгүй тааралдсан билээ. Хачирхмаар нь тэр бороо нь дундуур алхах атлаа бороог үзэн яддаг тухайгаа байнга үглэж явна. Зүгээр ч нэг үглэхгүй заримдаа бүр ая дан оруулаад дуулж явах нь бий. Чухам хүмүүс юу дуулаад байгааг нь ойлгодоггүй боловч ямар нэгэн нууцлаг зүйл түүнд бий хэмээн боддог байжээ. Манай энэ жижигхэн хотод түүнийг хаанаас хэзээ ирснийг мэдэх хүн байхгүй ч харин Шүхэрт гэвэл бүгд л таньдаг байлаа. Арай л өвөл цаснаар шүхрээ барьж явахгүй. Бусад цагт бол эрээн шүхрээ эргэлдүүлээд л гүйж явна. Харин яагаад ч юм бэ, өвөл гэрээсээ шагайдаггүй юм. Гэр дотроо шүхрээ бариад явж байдаг хэмээн хүмүүс ярилцаж байж билээ. Үнэн худлыг би сайн мэдэхгүй учраас цааш нь ярих юм алга даа? Царай зүс нь гундуу, өмссөн цамц нь гандуу түүнийг тоож хүн үг сольдог байсныг мэдэхгүй. Бодвол ухаан санаа муутай гээд томцуул үл тоож, хүүхэд багацуул айгаад ярьж хөөрдөг хүн байгаагүй биз, ээ.
Үймээний жил эхлэхээс 48 сарын өмнө тэр нэг өглөө хаврын хавсарга салхинд буудал дээр ганцаараа зогсож байв. Яг хэдэн сарын хэдэн байсныг би санадаггүй юм. Ямар ч байсан хаврын байдаг л зэвэргэн өдрүүдийн нэг юмдаг. Шүхэрт шүхрээ эргэлдүүлээд хэн нэгнийг тэсэн ядан хүлээсэн төрхтэй догдлон зогсож байв. Буудал дээр автобус ирж зогссон ч тэр суусангүй. Ганцаараа бүртийтэл үлдэв. Хэсэг яваад санамсаргүй эргэн харахад эрээн шүхэр нь тэртээд жижигхэн цэнхэр цэг төдий харагдаж байв. Хожим би хотоосоо явах тоолондоо заавал эргэн хардаг болсон юм. Хэн ч намайг гаргаж өгдөггүйд нь гэрийнхэндээ болоод найз нөхдөдөө гомдож байсангүй. Харин Шүхэртийг ор сураггүй алга болсныг сонсоод хотынхондоо хачин ихээр гомдсон юмдаг. Ганц содон хүнээ хараад хандаад байж чадахгүй алдчихдаг урагшгүй гэдэг нь хэмээн бодож билээ. Түүнийг тэгэсхийгээд л хэн ч үгүйлэхээ болив. Хаа нэг авгай хүүхнүүд ярих сэдвээ барахаар” тэр муу Шүхэрт хөөрхий” гэж худлаа шогширдог байсан биз. Аав ээж, ах дүүс нь ч удалгүй бөөнөөрөө хотоос нүүсэн гэдэг. Эхэндээ хүмүүс хээр төөрч будилаад чоно нохой нь хоол болсон эсхүл ус цасанд осолдож эндсэн зэргээр янз бүрээр тааварлан ярьдаг байлаа. Гэвч хүмүүсийн мартах нь санахаасаа хурдан хойно тэгээд ч цаг хугацаа хийгээд амьдралын хар тамхинд мансуураад олон жил өнгөржээ.

Үймээний жил эхлэхэд би эхнэр хүүхдээ дагуулаад хотоос ирэв. Хоол хүнс, ус агааргүй болсон хүмүүс үймэлдэхээс өөр юу хийж чадах билээ. Хотод ёстой жинхэнэ үймэлдэж байлаа. Манай жижигхэн хотод ч юм юм ховорджээ. Ширүүн урсгалтай уулын горхи хотын дундуур урсдаг байсан бараг ширгэсэн байлаа. Бидний багадаа үхэр тэрэг гэж тоглодог байсан бул чулуу хүртэл үйрч бутарч эхэлжээ. Хашаандаа алимны мод тарьчихаад намар болохоор шөнөжин манаж хонодог сохор өвгөн моднууд дундаа овгор шороо болчихсон харагдана. Одоо алимыг нь хүмүүс ногооноороо байхад нь түүгээд идчихдэг болжээ. Байшин бүхний дээвэр дээр тагтаа сүрэг сүргээрээ нарлаад сууж байдагсан. Одоо ганц нэг л үзэгдэнэ. Учир нь хүмүүс өндөгийг нь түүж идсээр ийм болжээ. Оготно зурам, бүр цүнхээлийн ёроолийн хэдэн жараахай, гудмаараа гадны хүн явуулдаггүй том хар нохой, ер нь урьдын юм бүхэн үрэгдэж хорогджээ. Харин манайхыг нүүж ирэхээс сарын өмнө Шүхэрт гэнэт нэг өглөө гараад иржээ. Урьдын адил шүхрээ эргэлдүүлсээр явахыг нь анх харсан эмгэн ухаан алдаж унаад улс амьтныг багагүй сандраасан гэдэг. Гэхдээ өмнөх Шүхэрт шиг учир нь олдохгүй юм үглэж дуулахаа больжээ. Харин ч бүр сонссон бүхэн эргэлзэж тээнэглэзмээр юмсыг дуулж явах болсон гэнэ. Анзаарч чагнасан танил маань “төгсгөл ирлээ, түүнээс зугатахыг хүсвэл эрээн шүхэр дор багтаж, энхжингийн оронд очоорой.” гэсэн хэмээн батлан хэлэв. Харин өөр нэг танил маань “ аюулаас аврагдах зам арилсан, амьдрал чинь мөхөж байна. Нүгэл хилэнц бүхэн чинь нүдээрээ гарах цаг болжээ” хэмээн дуулсан гэж барин тавин өгүүлсэн юм. Нэг их удалгүй би хүн бүхэнд өөр өөр дуу сонсогдоод байгааг ойлгов. Эхнэр минь нэг орой дуу тавьсаар орж ирлээ. Цүнх савтай юмаа шидлээд Шүхэрт “ галт бөмбөгөөр бороо орох цагт, алт зоосоо өгөөд ч аврал үгүй, аврал үгүй” гэлээ. Одоо яана, аа үнэхээр тэр цаг нь ирвэл би ч өнгөрчээ. Галт бөмбөгөнд нь цохигдож хамгийн түрүүнд үхэх юм байна. Одоо яах вэ? гэсээр айж сандарч гарлаа. Маргааш нь би зориуд Шүхэртийн явдаг замыг тосож зогслоо. Удалгүй эрээн шүхрээ эргэлдүүлсээр өмнөөс гарч ирэв. Дэргэдүүр нь өнгөрөхдөө би түүний дуулахыг сонслоо.
Цэцгэн хээтэй шүхэр шиг минь
Цэнгэлтэй зуны өдрүүд
Цэнхэрхэн бороотой өдрүүд
Цээжнээс салдаггүй бодлууд
Мартагналаар дүүрэн ертөнцөд
Мартаж боломгүй дурсамж хэмээн тодоос тод дуулав. Хэсэгхэн зуур би чухам юу болоод өнгөрснийг ойлгосонгүй. Ухаан санаа минь балартжээ.

Үймээний жилээс 180 сарын өмнө юмсан. Тэр зун ёстой болиосой гэтэл бороо орж байлаа. Өнгө алаг хивс дэвссэн мэт цэцэгтэй талд мөөг түүхээр хүүхдүүд бид өглөө эрт уралдан гардагсан. Зарим нь сагс дүүрэн мөөг түүгээд ээж аав нь байшингаа тойруулаад л энд тэндгүй хэлхэж орхисон байна. Гэтэл надад нэг ч мөөг олддоггүй байв. Хичнээн хайгаад ч нэмэргүй. Аав ээж минь өдөржин дэмий тэнэлээ. Айлын хүүхдүүд ядаж мөөг түүгээд ажил төрөлтэй юм, гэтэл чи гэж үглэж дуулаад хэцүү. Надад мөөг олдохгүй юм, би ч бишгүй л хайж байна гэхээр итгэж өгөхгүй инээлдээд өнгөрдөг байв. Эцэст нь би гэрээсээ гарахаа байгаад зураг зурж эхэллээ. Олон ч зураг зурсан боловч ганц нь ч өөрт таалагдсангүй. Бүгдийг нь шатааж орхив. Банди нартай зурам агнахаар явахад надад нэг ч зурам агнагдаж байгаагүй. Оготны нүхэнд тавьсан урхи минь дандаа л хоосон байдаг байв. Гол дээр хичнээн тор шидээд замаг өвснөөс өөр юу ч орохгүй. Арга бараад тэр бүгдийг хийхээ больсон билээ. Тэгээд охидуудтай дээс тоглож өдрийг өнгөрөөх болов. Дараа нь охидуудын гэрт байдаг борооны шүхрүүд дээр том том цэцэг зурах болов. Энд тэндгүй л миний зурсан цэцэгтэй шүхэр барьсан хүүхдүүд гүйлдэнэ. Аав ээж нь нарны шүхрээ барих учраас хүүхдүүдэд голдуу борооны бараан шүхэр олддог байв. Үгүй бол бороотой жил учраас айл бүхний үүдэнд бороооны шүхэр өлгөөтэй байсан учраас хүүхдүүд бариад гарахад хэн ч юм хэлдэггүй байсан байх л даа? Сүүлдээ охидуудаар зогсохгүй хөвгүүд бүр зэргэлдээ хотоос ч хүүхдүүд ирж шүхрэн дээрээ цэцэг зуруулна. Их хотоос ч хүүхдүүд ирэх болов. Хэдэн зун хичнээн хүүхдийн шүхрэн дээр цэцэг зурснаа мартжээ.

Шүхэрт өөдөөс минь хараад зогсож байна. Хатаж хорчийсон агч модны мөчрөөс эрээн шүхрээ өлгөжээ.
- Энэ чиний зурсан цэцэг шүү дээ? гээд шүхрээ заав.
- Тийм үү?
- Та нар даанч амархан мартах юм даа?
- Юуг тэр вэ?
- Бүгдийг…
- Би ч арай бүгдийг мартаагүй, ээ
- Тэгвэл яагаад энэ шүхрийг хараад юу ч санадаггүй юм бэ?
- Би юу санах ёстой гэж...
- Бороотой зуны тэр нэг өдрийг...

Үймээний жилээс 179 сарын өмнө юмдаг. Зоосны цуглуулгаа зараад бийр будаг худалдан авав. Нүдэнд юу харагдана түүнийг зурдаг байлаа. Голын тунгалаг усанд мөнгөлөг хайрсаа гялалзуулсаар сүрэглэн яваа жараахай, нүхнийхээ аман дээр хярсан зэрлэг туулай, царцаахай зуусан бор шувуу, байшингийн дээвэр нарлах тагтаа, дээс тоглох охидууд, мөөгтэй хуурга хийх бүдүүн хүн, ер нүдэнд харагдсан бүхнийг зурна. Гэтэл тэр нэг өдөр өглөө эрт цонхоо цэлийтэл нээгээд өвсөн дунд өвдөгөө тэврээд сууж буй охиныг олж харав. Хачин бараан шүхэр барьжээ. Түүнийг удаан ажиглалаа. Тэгээд шууд л зурж эхлэв. Нарийхан шилбэтэй хөлийг нь туранхай хавчгар цээжийг нь бүр өрөвдмөөр нарийхан хүзүүг нь санаашрангуй харцтай нүдийг нь ч зурав. Эцэст нь шүхрийг нь том том цэнхэр цэцэгтэй болгон зурсан билээ. Зурсан зургаа барьсаар шатаар алгуурхан бууж охины дэргэд очив.
- Би чамайг зурчихлаа. Охин гуниглангуй харцтай том саарал нүдээ эргэлдүүлэн гайхсандаа нүд нь бүр саарал, бүр ч том болжээ.
- Намайг уу?
- Тийм , ээ чамайг
Зургийг удаан гэгч нь харснаа, ялимгүй инээмсэглэх төдий байдал харуулав. Эсхүл зүгээр л надад тэгж санагдсан байх.
- Чиний зурганд миний санаашрал харагдахгүй байна. Миний гуниглал ч алга. Хожим надад насан туршийн хань болох ганцаардал минь ч алга. Бараан шүхэр нь л харин хачин өнгөлөг болчихож
- Уучлаарай. Би тэр бүгдийг чинь хэрхэн зурж чадах билээ. Надад тийм нарийн мэдрэмж байхгүй л дээ?
- Тэгвэл хоёрын хооронд дэмий юм битгий хий.
Охин алгуурхан босоод өвсөн дундуур өлмийгөөрөө гишгэсээр явж одов. Одоо би зураач болоогүйдээ баярладаг юм.

Шүхэрт гүн саарал нүдээрээ намайг нэвт шувт харж зогсоно. Хатаж хорчийсон агч модноос өлгөсөн шүхэр ямар ч цэцэггүй болжээ.
- Би өнөөдөр чамайг авч явах ёстой.
- Хаашаа
- Шүхэр руу
- Тэр чинь юу юм бэ?
- Ариун хүмүүсийн шинэ ертөнц...
- Тэр хаана байдаг юм бэ?
- Чиний дотор...
Тэнд хүн бүхэн шүхэр барьж явах юм. Шүхэр нь том том улаан ягаан, цэнхэр цэцэгтэй. Өргөн тал ногоорон харагдана. Нэрийг нь оноож мэдэхгүй цэцэг навч алаглана. Үе үехэн цагаан бороо намиран орж, салхины үзүүрээс анхилмал үнэр ханх тавина. Шүхэрт намайг хөтөлсөөр тэр ер бусын ертөнцийн гүн рүү орохоор яаравчлав. Гэнэт чихэн дээр ямар нэгэн юм тачигнав. Нүдээ арай ядан нээвэл:
- Худлаа унтсан дүр үзүүлээд тасалбар авахгүй явах санаатай юу? Алив мөнгөө гэсээр эрээн нүүртэй авгай орилж байлаа. Яаран эргэн харвал Шүхэртийн шүхэр тэртээд цэг төдий үзэгдэнэ.
Үймээний жил эхлэхэд 48 сар дутуу байлаа.


П.Батхуяг

5 Сэтгэгдэл:

Б.Баясгалан said...

эмэгтэй хүний тухай хамгийн гоё төсөөллүүд маань яагаад ч юм заавал тэр бүсгүйтэй огтлолцоод байх юм... Дэлгэрмаа, Дэлгэрмаа, Дэлгэрмаа...

oldoshaksli said...

ter zugeer l ter bolhoor ter.

нойтон навч. said...

хүн болгонд л нэг тийм төсөөллийн ертөнц байх юмдаа, бид ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага лугаа л юмаадаа.

oldoshaksli said...

yalaa gej dee.

oldoshaksli said...

minii hezee ch hurehgui, hezee ch buteehgui ter ARILSAN chanar busgui hund ugaasaa l bj baidag. Tuuniig yugaar ch hugluh albagui.
uuruu hug oron egshigledeg huur gej baidag.

Post a Comment