ЧИНИЙ ТУХАЙ ЭГШИГЛЭГЧ ӨНӨ МӨНХИЙН ДУУЛАЛ

Энэ баасан гариг буюу 11 сарын 5-ний 17 цагаас, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 3 давхарын 64 тоот танхимд яруу найрагч УЯНСҮХийн номын хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэг нь энэ даваа гаригт явагдахаар тогтсон боловч зохиолч өөрийн биеэр ирж амжаагүй шалтгааны улмаас түр хойшилсон юм.
Утга зохиол судлаач Ч.Билэгсайханы санаачилсан уг хэлэлцүүлэгийг МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэл зохион байгуулж буй бөгөөд өдгөө цагийн уран зохиол шинжлэлийн мяндагтан ихэс цугаар хуран цуглах ажээ.
Эрхэм номын садан та бүхэнтэй тэнд учирхын болзоо тавья! Эл шүлгүүдийг уншаад зүглэх эсэхээ шийднэ биз ээ.


/Уржигдарын шүлэг/

ЧИНИЙ ТУХАЙ ЭГШИГЛЭГЧ ӨНӨ МӨНХИЙН ДУУЛАЛ

Чиний тухай өнө мөнххөд эгшиглэгч
Чиний зүгээс ирэх гэрэлт харгуйн тухай
Чиний бичсэн шүлэг... гоёлын даашинзны тухай
Чиний дуртай дуу, гуниг мөрөөдлийн тухай
Эгнэгт хөхрөгч уул, ус шиг дуулнам
Энэ тэнгэр, тэр тэнгис шиг цалгинам

Хээрийн салхи чиний үс шиг задгайрч...
Хэцийн манан чиний алчуур шиг нимгэрч...
Хавирган саран чиний хөмсөг шиг дурайж...
Хасын туяа чиний уруул шиг чинэрч...

Эзгүйрсэн орон зайд би чиний боол мэт!
Эмгэнэсэн харанхуйд чи миний хаан мэт!
Гэвч чи... миний өмнө мэхийнэм
Гэзгээ задалж...
миний төлөө залбирнам

Үзэгдэл оршоогч эрхэмсэг охь сэтгэлийг
Үзэсгэлэнт торгоо хүр хорхой нэхэх мэт
Үргэлж чиний тунгалаг гэрэлд зохируулж...
Үгийн дарсны жинхэнэ утгыг тайлнам

Чи- Миний гэрлээс булаасан харанхуй!
Би- Чиний харанхуйг сүлсэн гэгээ!
Өнө мөнх, цаг зуур
Өчигдөр, бас маргааш
Чи бид хоёр!

Тэнгэрийн энгээр уйтгарлах минь чиний тухай
Тэнгисийн энгээр тайтгарах минь ч чиний тухай...

2009.10.31





/Өчигдөрийн шүлэг/


* * *
Над дээр тэр хүн
Лаа асааж
Лааны гэрэлд
Навч унахыг үзэх гэсэн!
Унасан навч, хагацсан гунигийн өмнөөс
Уйлахыг минь тэр...
Үзэх гэж хүссэн!

Үзэх гэснээ үзэж чадаагүйдээ тэр
Үхдэл мэт цонхийж...
Өөрөө тэгээд... лаа шиг урссан
Өөрийгөө тэр
...нулимс гэж бодсон

Түүний нулимс тэндхийн тэнгэрт царцаж...
Түүчээ тогорууд цас шиг эргэж бударсан
Миний нулимсыг үзэх гэж уйлсан
Чиний нулимс...
Намайг уйлуулж чадаагүй...

2009.11.01



/Өнөөдрийн шүлэг/

* * *
Гуниглах шалтгаан надад үгүй ч...
Гуниг минь үгүй бол үхэх ялтай!
Гуниггүй инээх... хамгаас сайхан ч
Гуниглан дуулах би дуртай!

Эртний зөрлөг дээр надтай учирсан
Эрвэйхэйн зүүүд нулимс болдог
Энхрий охины даашинзны хормойг...
Эмгэн саран сөхөж үздэг

Тэнд бүхий ертөнцийн он цаг
Тэнгэрээс бууж над руу ирдэг
Хуучирсан даашинзаа угаасан бүсгүй
Хуримын бөгжөө гээсэн байдаг

Үнгэсэн уруул шиг түүний тухай
Үзэгдэх өнгө шувуу болдог
Сөхсөн хөнжил шиг хүйтэн сарнаар
Сөгнөсөн дарс ийм байдаг

Хатингар өвгөдийн гарыг атгахад...
Хахирган үгс тэд сонсогддог
Эцэнгэр эмгэдийн зүрхний хайр
Эзэнгүй зууны хаяг шиг үлддэг

Эндээс миний гуниг эхэлдэг!
Эртний харгуйд.... ганцаар алхдаг
Гуниг минь үгүй бол үхэх ялтай...
Гуниглаг дуулах
Би дуртай...

2009.11.02





Яруу найрагч Мулцангийн УЯНСҮХ
"Саран гүний тэнгис..." ном
141, 144, 145-р талд буй.

7 Сэтгэгдэл:

Enbos said...

Чөтгөр ав. 4нд явах гэж байхад.

oldoshaksli said...

neg savhiisan

Б.Баясгалан said...

blog chini yutai goyo boloo veeee...

Enbos said...

5нд очноо. Ажил хойшлогдсон. Та нөхөдтэй нэг сайхан танилцья хэмээн хүсэж аму.

oldoshaksli said...

ha ha

Г. Оргилболд said...

Сайхан амарсан уу? ...

oldoshaksli said...

muu gej henees duulaav

Post a Comment