Ерөн есөн жилийн өмнө...


Ерөн есөн жилийн өмнө яг энэ өдөр, яг энэ цаг дор Монгол улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм.
Энэ талаар блогтоо нэлээд дэлгэрэнгүй бичлэг оруулъя гээд суутал маш өргөн дэлгэр мэдээлэлийн сантай блог олоод магнай хагартал баярлалаа. Тэгээд, элдэв юм тойруулж ярихын оронд эрхэм О.Ууганбаатарын блогоос доорх зүйлсийг хөтлөн авч ирсэн болно.

Яг энэ үеийн талаар эрхэм Г.Ням-Очир "Арилан дэлгэрсэн монголчууд" нэртэй цувралыг тагтаагийн блогт нийтлүүлж буйг ч олж үзнэ биз ээ.
За, тэгээд энэ билэгт сайн өдөр өвөр хоорондын өс хонзонгоо умартан гээж, Гандангийн дэнж өөд нэг өгсөөрэй гэж хүсэх байна. Чухам тэнд л хутагт ихсийн минь сүслэж асан их шүтээн энэ сайн цагийн эхэнд гэгээн мэлмийгээрээ биднийг тольдон буй билээ.
Хоржийлоо



* * *

(...)
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар /ХХГБХТЕЗШГ/XII сарын 3-нд Манж Чин улсын Хэвт ёс [Сюаньтун]-ны он тооллыг халж, монголын 12 жилийн цаг тоог баримтлан “цагаагчин гахай” жил гэж нэрлэхээр шийдвэрлэж, мөрдүүлэх болсон нь Монголыг сэргээн мандуулах үйл хэргийн эхлэл байв. ХХГБХТЕЗШГ Монгол улсаа сэргээн байгуулах зайлшгүй бэлтгэлийг төв орон нутагт яаравчлан хийв.
Ийнхүү Очирдара Богд гэгээнтнийг Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залах өдрийг сонгон тогтоосныг зарлан мэдэгдсэн байна.

Энэ тухай архивын баримтанд :
Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх Да түшээ гүн Ча явуул, хамаарсан да жүн ван Го явуул, Халхын хүрээний газрын бүгд хэргийг түр зөвлөн шийтгэх жанжин чин ван Ха, хамаарсан жанжин бэйс Го үзэв, ван Цэ, гүн На үзэв, да лам Цэ үзэв.
Өргөн илгээв. Довтолгон яаран сонсгон явуулах учир: энэ жил зуны цаг манай халхын дөрвөн аймгийн хан, ван, гүн, олон засгууд шарын шашныг өрнөн дэлгэрүүлэх ба улс төр баттаж, амар цэнгэлээр жаргах учир бүгдээр санаа нийлж зөвлөлдсөн явдлыг нэгэнт тогтсоны тулд, одоо монголчуудыг яахин амаржуулбаас зохихыг эвхмэл бичиж, Очирдара Богд гэгээнтнээ айлтгаад, буулгасан лүндэн зарлиг зэргийг ёсоор сийрүүлж хичээнгүйлэн дагаж, нийтээр олон газраа довтолгон явуулжээ.
Эдүгээ манай Ерөнхийлөн шийтгэх газраас олон монгол шавь нар бүгдээрийн багш аврал, итгэл хамгийг айлдагч Очирдара Богд гэгээнтнийг манай Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж ёслон мөргөж их төрийн ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзүүлбээс, энэ Цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын шинийн есөн нь баасан гариг, усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гүйцэтгэвээс болох, үл болохыг лүндэнг эрмүй хэмээн мандал өргөж айлтгасанд, буулгасан лүндэн зарлиг ёсоор болгон соёрхсоныг хичээнгүйлэн дагаж, үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин нар, Хүрээний хамба номун хан, Дуйнхор хутагт, хамаарсан шанзудба нарт довтолгон явуулаад уламжлан өөр өөрийн харьяат аймаг шавийн хан, ван, гүн, олон засгууд, хутагт хувилгаан лам нарт нийтээр эрдэнийн сууринд залж суулгахын наана эрхгүй нэгэн дэсээр Их Хүрээний газар хуралдан ирж, улсын их ёслолыг хичээнгүйлэн гүйцэтгэхээс гадна төрийн монгол орд байгуулах ба бат оршил өргөх зэрэг зүйлийг дараа өөр зарлан тушаасугай.
Үүнийг басхүү их Орос улсын генерал консул сайдтанд сонсгон явуулаад, зохих газраа уламжлан гүйцэтгэх ажааму. Үүний тул өргөн илгээв.
Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван хэмээжээ.

Тэгээд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ний баасан гаригт Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулсныг албан ёсоор тунхаглав.
(...)


. . .Монгол Улсын тулгуур төрийг нээн, тусгай улс байгуулж, бүхний багш Богд Живзундамба хутагтыг Улсын эзэн хаанд өргөмжлөн, Шашин төрийн бүрэн эрхийг хослон бариулж, улсын нэрийг “Монгол”, оны цолыг “Олноо өргөгдсөн” гэж нэрийдэж, Их Хүрээг улсын төв нийслэл болгон, дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамыг байгуулж, засгийн хэргийг хуваан шийтгүүлсэн билээ.





Богд Живзундамба хутагт Монгол Улсын хаан эзнээр суугаад Монголын төрийн үндсэн таван яамыг байгуулж, сайд нарыг тохоон томилсон зарлигийг ҮТА-ын сан хөмрөгөөс толилуулж байна.





Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олнаа өргөгдсөн
Монгол Улсын эзэн Шашин төрийг хослон баригч
Наран гэрэлт Богд хааны зарлиг

Би олны өргөмжлөхийг хүлээж, Монгол Улсын хааны сууринд суусан нь, бурхны шашныг буман нарны гэрэл мэт хир үгүй мандуулан хаан төрийг сүмбэр уул мэт бат болгож, олон монгол албатыг үүрд энх түвшний соёлд учруулахыг үргэлжид шамдан хичээхүйн дээр, ялангуяа танай олон хан, ван ноёдоос дараалан түмэн албатад хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж, бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулан хишиг тараах зарлиг буулгасан нь:

Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, Шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун…

… Ямагт хотол төгсөөр хослон хүртээж басхүү төрөл тутамд агшин төдий ч салалт үгүйгээр эзлэн барьж жолоодон удирдсаар ахуйг бүгдээр зүрхний төвөөс чин бишрэлээр, түмэнтээ хүсэн ерөөж, өлзий бэлгэтэй бурхан шүтээн хийгээд эд эрдэнэ есөн бэлэг лүгээ сэлтийг зэрэгцүүлэн жагсааж хичээнгүйлэн өргөж, ёслон мөргөмүй.
Их нигүүлсэнгүйгээр энэрэн таалж, зөвшөөн соёрхож, өршөөн тогтоож, заалхийлэн Зарлиг буулгахыг
Айлдан
Айлдагтун
Айлтга.

Их баяр бүрдсэн Шинийн есний сайн өдрөө.


/Уг зарлигуудын эхлэл төгсгөлийн үг нь ижил тул
дор зай хэмнэж зарлигийн үндсэн хэсгийг
гавьяат сайдын зургийн хамт оруулсугай/


***


… Үнэн санаагаар чармайн зүтгэсэн Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж Шадар сайд, бүгд захирах сайд, цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, туслагч жанжны тушаалд тохоон талбигтун…


***


...Түшээт хан аймгийн чуулганы дарга Засаг улсын түшээ гүн Чагдаржавд үе улиран түшээт цол төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун…


***


... Мөн аймгийн улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж Намсрайд үе улиран Эрдэнэ цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун …


***
Хүрээний да лам Цэрэнчимэдэд Чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг зэрэг улбар шар жолоо, ногоон тэрэг Чин вангийн пүнлүү, үүрд хөрөнгөнөөс алба гаргуулахгүй болгон шагнаж, Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод Яамны Хэргийг Бүгд Захиран шийтгэгч тэргүүн сайдын тушаалд тохоон талбиад, мөн тус шавийн харъяат эл албан хэргийг хавсран шийтгүүлэгтүн.

/Монгол Улсын Үндэсний төв архив Х-А6, Д-1, ХН-511, 4-р нугалбар бичиг/


* * *

. . .Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.

За, төгсгөлд нь энэ үеийн хэдэн сайхан зургийг тайлбартай нь оруулъя даа...


Жалханз хутагт С.Дамдинбазар

Дилав хутагт Жамсранжав

Дондогдулам хатан өргөмөл хүү /хөгжмийн зохиолч Мөрдорж/-гийн хамт

Монгол улсын ерөнхий сайд т.Намнансүрэн засгийн газрын төлөөлөгчидийг тэргүүлж
1913 оны 10 сараас 1914 оны 1 сар хүртэл Хаант оросын нийслэл Петербург хотод айлчилсан нь

Богдын зааныг маллаж асан өндөр Гонгор

Хүрээ авгай нар

Хүрээ ламбугай

Богдын цэргүүд

100 жилийн өмнө...

6 Сэтгэгдэл:

Бүх зүйл төгс биш төгс said...

сайн уу? билэг танхай андаар минь юу байна даа

Б.Баясгалан said...

Хотлоор энхжин суух болтугай. Монгол улмын тусгаар тогтнол батад оршиг.

oldoshaksli said...

Yuruul bat orshig

oldoshaksli said...

nadaar duuren bi l bna
amidaa mini

Г. Оргилболд said...

Монголын заяа их, буян арвин юм даа.

Гэгээн гэрэлт төр минь.

Төрийн минь сүлд өршөөөөөө...

Anonymous said...

сайн байна уу.,Богд хааныг хаанд өргөмжилсөний дараа түүний аюулгүй байдлыг хангахын тулд хиа, шадар цэрэг гэж гаргасан байдаг. Тэр талаар зарлиг энэ тэр олдохгүй биз.,ganzorig1982@yahoo.com

Post a Comment