Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?

/Зохиогчийн “Зөвшөөрөл-Хүсэлтээр” нийтлэв./

Люмпен пастухын уран зохиол гэж юу вэ?


Люмпенпастух нэрийн тухайд.

Уран зохиол хэмээгч нэгэн учир нь үл ойлгогдох зүйлийн тухай хэдүй болтол ярилцаж, сая нэг утгыг нь тайлж тайлбарлах цаг хэзээ ирэхийг ёстой чөтгөр л мэднэ байх. Тийм нэгэн хуран үймээний тасархай болох, өнөөдөр биш юм аа гэхэд маргааш ярилцах, эдүүгээ зарим нэг нь өөр зуураа хэлэлцэн буй МУЗ /Монголын уран зохиол/, МОҮУЗ /Монголын орчин үеийн уран зохиол/ түүний шинж чанар, түүхэн онцлогийг шүүн хэлцэж үнэн зөвөөр тунгаах нь эртдэж байна л гэж хэлж лав чадашгүй. Ер нь өнөөг хүртэл МУЗ-ыг “Хэн” бүтээж, “Хэн”-д зориулж, “Хэн” уншиж, “Хэн” хүмүүжигдэн гарч ирэв гэдгээс хариулт нэхэх аваас энэ бүхэнд ганцхан “Люмпенпастух” л гэж хэлж болмоор санагдаж байна. Энэ нь монголын орчин үеийн уран зохиол, бүтээлүүдийг уншаад нэг их “Хүндээр сэтгэх” ч хэрэггүй юм... Тэнд олигтой зүйл төдийлөн олон байгаа гэж бодохын хэрэггүй гэх мэтчилэн ярьж байгаа зүйл ерөөсөө биш харин монголын орчин үеийн уран зохиолын хөгжлийн зүй тогтол, түүний мөн чанарыг онох гэсэн оролдлого юм. Урьд нь мэдээд ойлгоод байсан уран зохиол гэнэт өөр болчихож байгаа зүйл ч биш бөгөөд монголын нийгэм, монголчуудын уламжлалт болоод суурьшмал соёл иргэншил тус тусын хөгжил түүний хурдац байр сууриас хамааран ийм үзэгдэл гарч ирж буйг зайлшгүй дурдах нь зүйтэй.

МОҮУЗ буюу “Люмпенпастух”-ын уран зохиол бол харьцангуй эхэн үеэсээ авхуулаад “Ухуулагч”, “Үзэл сурталч” шинж чанар давамгайлсан ихээхэн “Догма” шинштэй хөгжиж ирсэн нь улам лавширсаар цааш цаашдаа уран зохиол түүний урлаг болох урлагийн бусад төрөл зүйлүүдийн хоорондох зүй зохист харилцаа ихээхэн алдагдаж энэ нь нийгэм цаг үеийн хөгжлөөс ихээхэн тасархай “Космополитик” шинжтэй болсныг нуух огтхон ч хэрэггүй юм. Нэгэнт ийм болсон уран зохиол түүний шинж чанарыг олж нээснээр цаашдын бий болж бүтээгдэх уран зохиолд эрүүл саруул ухаанаар хандаж ойлгох таатай хөрс шороог бүрдүүлэх болно гэж үзэж байна.

Ер нь монголд яг 70 жилийн уран зохиолын түүх байв уу гэдэг тун эргэлзээтэй асуулт. 1921 онд хэдэн журамт цэрэг “Хувисхаал” хийж яваад “Шивээ Хиагт”, “Улаан туг” дуу зохиож дуулсан нь уран зохиол мөн үү. /Эндээс шинэ утга зохиол төрөн гарсанд эргэлзэж байна. Чухамдаа 90-ээд оны эхэн үеэс монголын нийгэмд томоохон эргэлтийн шинжтэй шинэчлэлт хийгдэж түүнийг дагаад бий болсон “Шинэ” уран зохиолыг тухайн үедээ “Ардчилсан холбоо”-ны цуглаан дээр дуулдаг асан “Хонх” хамтлагийн “Хонхны дуу”-наас эхлэн тоолвол ихээхэн шившиг болох юм биш үү/

Үнэндээ эдгээр дуунуудаас хойш бүхэл бүтэн найман жилийн дараа /1929 онд/ сая Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” хэмээх анхны үргэлжилсэн үгийн зохиол хэвлэгджээ гэж гэж үзвэл монголчууд энэ бүхэл бүтэн найман жил утга соёлын ямар ч бүтээл дурсгал үлдээлгүй “Хувисгалдаж” “Хувисхаалжиж” байв уу гэдэг бас нэг жишээ татъя. Энэ үед бүтээж туурьвиж явсан төдийгүй саяхан болтол амьд байсан Зава Дамдин, жанжин Чойрын хувилгаан Агваанданзанням, Данзан-Одсэр, Иштавхай нарын зэрэг лам, буддын сонгодог боловсролтон, яруу найрагч уран бүтээлч эдгээр хүмүүс хуучин уран зохиолын төлөөлөгчид буюу МОҮУЗ хэмээх гортигийн гадна үлдэх хүмүүс үү аль эсвэл МОҮУЗ дахь хуучин уран зохиолын “Жижигхээн үзэгдэл” гэж хэлэх үү зэрэг олон асуултад хариулах хэрэгтэй болоод байна.

1930-аад он. Монголчууд Горькийд захидал бичив. “Хэвлэлийн дэлбэрэлт” болж гэнэ. “Идэвхтэй зарчим” гээч аятайхан “Хий үзэгдэл” мэндлэв. “Хэлмэгдэл”... за тэгээд тоочоод байвал өнөөдрийн бидний амьдралд байгаа шиг “шилжилт-шинэчлэлтийн” хэмээх хуран үймээн дунд хүрээний гудамжаар “Люмпенпастух”-ууд тугаа өргөн “Бүхий олон багачууд”-аа дуулж пижигнэтэл алхсаар монголын уран зохиолд орж ирэв. Тийм ээ. Түүнээс хойш жаран жил өнгөрчээ.


Монголын уран зохиолд жаран жилийн давтамж байгаа нь.

Өрнөдөд нийгмийн оюун санааны аливаа фракцыг 100 жилээр эрин үе гэж авч үзэх нь бий. Өнөөдөр ч бидний өдөр тутмын амьдралд “Энэ зуун Америкийнх, ирэх зуун Хятадынх”... гэх мэт өч төчнөөн ойлголтуудыг “Зуун жил”, “Эрин үе” гэсэн утгаар хэрэглэсээр байгаа билээ. Угаас “Жаран”-ы тоолол хэрэглэж ирсэн бидний амьдралын хэмнэлд “Зуун” гэдэг аливаа фракцыг хүлээн авах, үүсгэж хөгжүүлэх, устгахад дэндүү урт хугацаа болохыг нэгэнт туулж өнгөрүүлсэн цаг хугацаа харуулж байна. Гучаад оноос хойш Азиас анх “Коммунизм”-ыг мөрөөдөж, өмнөх соёл иргэншлээ будаа болгож, мөн Азиас анх сансарт иргэнээ илгээж, гурван бичиг /Монгол, Латин, Крилл/ сольсон зэрэг цөөн хэдэн баримт дурдахад л монголчуудын анхдагч байх “Оюуны шавхагдашгүй их энерги”-ийг мэдрэн “Элит” үндэстэн болохыг хүлээн зөвшөөрхөөс өөр өөр аргагүй.

1867-1927 он. Энэ бол ХV жаран байсан гэж хэн ч хэлж чадахын адил... бид XV жаранд хоёр хувьсгал хийж эрх чөлөөгөө олж авахын хамт оюуны соёлын асар их өвийг бүтээж чадсан юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ жаранд хамгийн их сонирхол татахуйц томоохон үзэгдлийн нэг бол /бид люмпенпастухын уран зохиолын үед Орос Зөвлөлтын уран зохиолоос орчуулж бүтээлчээр суралцаж байсан шиг/ Хятадын уран зохиол, тэр дундаа эртний сонгодог баатарлаг романыг орчуулан улмаар тэдгээр зохиолууд нь “Аман бичгийн зохиол” хэмээх шинэ төрөл зүйл болох “Бэнсийн уран зохиол” болон хөгжсөн байх төдийгүй бичгийн зохиолд хүртэл тусгалаа олон /Д.Бодоо “Үзэмжит өгүүлэл”/ хөгжиж байсныг өмнөх үеийн судалгаа, хуучин бичгийн сэхээтнүүдийн дурсамж харуулж байна. Мэдээж монголын төвд хэлт уран зохиол ч өөрийн эзлэх жин, хөгжлийн онцлогоороо байр сууриа хадгалан ирснийг жишээ татан дурдвал Агваанлхарамбын “Дэлхийн эргэн бядсан домог сонирхолын төдий бичиг” хэмээх зам явахын уран зохиол, Ханчин Хамба Жамъянгаравын “Эсруа тэнгэрийн эгшиг дуун” хэмээх утга зохиолын онолын тулгуур бүтээл зэргийг л дурдахад хангалттай биз ээ. Бас “Ардын аман яруу найрагчид” ч төрөн гарч байсны төлөөлөгчөөр “Хуульч” Сандаг, ерөөлч Гэлэгбалсан нарыг авч үзэх зайлшгүй шаардлагатай.

1927-1987 он. XV-р жарны монголын уран зохиолын хувьд “Үндэслүүлэгчид” нь өмнөх “Жаран”-ы “Үзэл суртал”-аар хүмүүжсэн бичгийн сэхээтнүүд байсан авч “Цэцэглүүлэгчид” нь шал өмнөө зорилго буюу гинжнээс өөр алдах зүйлгүй орон бүхний хөл нүцгэн пролетаруудтай дуу хоолой нэгтгэн “Люмпенпастух”-ууд болох замыг сонгон авчээ. Та бүү гайх. Өмнөх жарны уран зохиол нь өөрийн шинж чанарын хувьд “Түүхэн эргэлт”-ийн гэж хэлж болохуйц олон үзүүлэлттэй бол 16-р жаранд бүтээгдсэн уран зохиол бүхэлдээ “Люмпенпастух”-ын уран зохиол гэж нэрлэгдэх бүрэн үндэстэй. Үүнд:

1. “МАЛ”

2. “МАЛЧИН”

3. “АМАН ЗОХИОЛ СҮНСТЭЙ, БИЧГИЙН ЗОХИОЛ СҮҮДЭРТЭЙ ХИЙ ҮЗЭГДЭЛ”

4. “ДОГМА, ШҮҮМЖ СУДЛАЛ” гэсэн дөрвөн үндсэн ойлголтоос хэрхэн оршин тогтнож ирснийг үзвэл.

1. “МАЛ”

Мал гэдэг ойлголт зөвхөн монголын орчин үеийн уран зохиол /МОҮУЗ/-д ч биш ерөөс монголын уран зохиол /МУЗ/-д яаж дүрслэгдэж ирснийг авч үзье. XIII зууны монголын уран зохиолын дурсгал болох “Эр хоёр загалын тууж”-д эр хоёр загал морь, “МНТ”-нд найман шарга морины тухай гардаг. Нүүдэлчин монголчууддын гол эрхэлдэг аж ахуй төдийгүй амьдралынх нь утга учир “Мал” тул түүнийг уран зохиолдоо дүрслэн үзүүлэхгүй, дусахгүй байх нь алдас. Гэвч “Бичгийн зохиол”, “Утга зохиол” гэсэн үүднээсээ ч тэр сэтгэлгээний ур маяг талаасаа ч тэ сайн нягтлан авч үзвэл эдгээр нь дан ганц морь мал гэсэн утгаараа биш “Хоёр загал мориор эзэн богдын анд нөхдийг үзүүлжээ. Жишээ нь:

-Бага загал бол Жамухын дүр гэх юм уу найман шарга морио булааж авчирснаар аймаг олноо хураан нэгтгэх хүчтэйг билэгджээ” гэх мэт ямарчлан ихээхэн “Символ” “Билэгдэл” шинжтэй, хуурай аргуу “Обьект” биш болох нь нэгэнт тодорхой болжээ. Энэ мэтчилэн “Хуучны” хэмээх уран зохиолоос олон жишээ татаж болох юм. Гэтэл бид яагаад “Мал”-ын тухайд бүхэл бүтэн жаран жилийнхээ уран зохиолыг зориулах болов оо. Энэ бас л хариулт шаардана. Яагаад гэвэл шинэ соц реализм ард түмнээс монголчуудаас “Мал”-ыг салган хурааж авчээ.

Энэ нь тэдний сэтгэлзүйд хүнд цохилт болсон төдийгүй уран зохиолд тусгалаа олсон нь “Морьтой ч болоосой” /Д.Гармаа/-н хямралд орж санааширсан хархүү нийгмийн урсгалд хөл алдаж буй тухай, “Хүрэн морь” /Ч.Лхамсүрэн/ найраглалын хүрэн морины туулж буй зовлон зүдгүүрт амьдралд хандаж буй нь зохиолчийн сэтгэл зүйгээр дамжин илэрч байгаа бөгөөд тэд хэдий чинээ уран бүтээлдээ “Мал”-ын тухай дүрслэн үзүүлнэ, төдий чинээ “Мал”-ынхаа төлөө “Ухамсартай” ба “Ухамсаргүй” тэмцэж байсны тод жишээ болон үлджээ.

Бараан царайтай

Баяр туслагч

Баян болоод

“Фийдаал” мөн бууд... хөрөнгий нь хураа “Хар”, “Шар” хувалз...

Малыг улсад

Малыг “Хомоон”-д

Малыг фронтод

Малыг нэгдэлд

Малыг түрээст

Малыг малчдад... бүр цаашлаад өнөөдөр:

Муусайн малын хулгайчдаас бусад монголын бүх ард түмэнд цагаан сарын шинийн нэгний мэнд хүргэе...”

...Үнээ минь

Үстэй “Мисс” минь... гэх боллоо.

Бид өнгөрсөн жарны уран зохиолоо эргэж нэг сайн харвал “Эрүүл саруул ухаан”-аар дүгнэж цэгнэж үзвэл иймэрхүү л хэдэн уриа лоозонгийн эргэн тойронд уран зохиол бүтээж ирснийг харах болно.

Түүний хажуугаар

Тариаланч, комбайнч

Ажилчин, үйлдвэрчин,

Суурь машин, тоосго

Доовтор, эрдэмтэд... гээд нийгэмд шинээр орж ирж буй ажил мэргэжил, амьдралын хэв загварын тухай бүтээл зохиол олныг бүтээж, ер нь “Мал”-аас бусад юуг ч тарьж ургуулах гээд нэг л олигтой идээшиж өгсөнгүй. Харин өнөө сайхан “Мал”-ын бэлчин идээшлэх хөдөө нутаг, тэнд суугаа эртний зузаан янагаа санан мөрөөдөж буй тухай юм уу, аль эсвэл өөрийн амьдарч буй хотын соёлын сүүдрийг эмзэгээр тусгасан хотын хүний ёс суртахууны доройтлыг шүүмжлэн үзүүлхийн сац “Мал” мэдэхгүй хүн бол монгол хүн биш хэмээх үзлийг уншигчдын тархины эд эсэд тулган хүлээлгэхийг оролдох болов.

“Малын удмын санг хэт их эрлийзжүүлж байна... малын ашиг шим муудлаа... улсын бэлтгэл хэмээх “Яргалал”... зэрэг тулгамдсан асуудлуудыг ард түмэн өөр зуураа хэлэлцэх авч тэр бүр тойруулан “Люмпенпастух”-ууд”... ах дүү СОЦ орны тэргүүн туршлага хэрхэн бүдүүлэг хоцронгуй монголын хөдөө нутагт цэцэглэн хөгжиж буйг үзүүлсэн “Өөдрөг бадрангуй” уран зохиол бүтээж, харин ч мал нь тарган, улсын мал туранхай байна. Энэ лав эсэргүү фийдал, “жижиг хөрөнгөтний буржуйлаг” үзэлтэн этгээд мөнөөс мөн тул жигшэн зэвүүцэх нь зүйтэй. “Коммунизм” байгуулахаар яваа бидний дунд байх орон зайгүй мэтээр бичин “Бух Гомбо” өгүүллэг нь утга санааны хувьд буруу юм. Манай “СОЦХАА” тэр хэдэн бяруу, Бух Гомбо хоёроор дутахгүй тэгээд ч шинэ цагийн сэхээтэн нарыг /тухайлбал “Торгон” Дорж/ доромжлон дайрсан тул шууд хориглосугай... зэргээр ард түмнийг хүмүүжүүлж байлаа. Гэвч энд хүний тухайд асуудал нилээд хурцаар тавигдсан байхад жинхэнэ “Мал”-ын төлөө сэтгэл эмзэглэн түүний эмгэнэлт хувь заяаны тухай шүлэг бичээд “Талхнаасаа салж” байсан тохиолдол байгааг ч энд цухас дурдах хэрэгтэй болов уу. Манай нэрт орчуулагч С.Сандагдорж / “Робингүүдийн домог” зэрэг олон сонгодог зохиол орчуулсан/ 1956 онд их сургуульд сурч байх үедээ “Тууврын мал”, “Зоог-Депутатын зоог” шүлэгт нь АИХ-ын депутат орон нутагт очоод малчдын гэрээр орж явахдаа айл бүрт хонь алуулж, ууц тавиулан халуун зунаар ялзартлаан өөх идэж байгаа бөгөөд ер нь “Депутат” хүний ззог нь дандаа хонины ууц буюу тэр олон хонины амийг тасалж махыг нь өвөл зунгүй идсэн депутат “Зоогломхой” ховдог юм гэсэн утгатай байсан авч бидний үед бичгээр уламжлагдан ирээгүй аман ярианд л хоцорсон нь хармсалтай. Ийнхүү уран зохиолын түүхэнд орсон болоод ороогүй бичигдэж бүтээгдэн тухайн үедээ олон түмний санал бодлын бодит илэрхийлэл болж байсан “Мал”-ын тухай бүтээлүүд “Мал”-ын төлөөх “Люмпенпастух”-ын ухамсартай тэмцлийн тодорхой баримт болох бөгөөд сая хот суурин газар суурьшиж бага насаа хөдөө малын захад өнгөрүүлсэн “Пантейст” уран бүтээлчид “Люмпенпастух”-уудын хувьд “Мал”-ын тухайд ингэж нэн тэргүүнд авч үзэхээс ч өөр аргагүй юм.


2. “МАЛЧИН”

“Люмпенпастух”-ын уран зохиолын “Гол баатар” бол бараг “Малчин” гэсэн ганцхан ойлголтоос эш үндэстэй. Эл “Гол баатар” нь хувьсал хөгжлийн дээд шатандаа хүртэл өнгөрсөн жаран жилд бичигдэж судлагдсан томоохон “Акул” юм. Уран зохиолд ямар ч шинэ дүр “Жараахай” орж ирсэн шууд түүнд залгигдаж, түүнээс хамааралтай болох ёстой. Үгүй бол “Уран зохиол биш”. Тийм л сонин бичигдээгүй хуультай. Ажилчин тариачин, жолооч барилгачин, эмч багш, сэхээтэн, сансрын нисгэгч хүртэл “Малчин”-аас гарвалтай бөгөөд малчин гэдэг “Цэвэр цусны арий” үндэстэн. Энэ үнэн байж магадгүй. Бид уг нь МАА-н орон байгаад, ХАА-Газар тариалан, МАА-Аж үйлдвэрийн орон болохоор зорилт тавьж байсан бол өнөөдөр эргээд МАА-Ганзагын наймааны орон болох замдаа ороод явж байна. Үнэхээр олон жил хамаг хүндийг нуруундаа үүрч ирсэн тэд /малчид/-нийг уран зохиолдоо магтахгүй бол алдас бол гэм. Манай малчид дэлхийд хаа ч байхгүй үндэстэн. Тийм үү. Магалгүй ээ.

“Ном дор мөргөм үү” гэж хэлдэг, ахуйн хэрэглээний хувьд өөрийгөө бүрэн хангаж чадахуйц нүүдэлчин ард түмэн маань оюуны соёлыг, оюуны бүтээлийг ойлгож дээдэлж тэр хирээрээ нүүдэллэсээр бүтээсээр ч хадгалсаар ч ирсэн тэдэнд өөрсдийнх нь тухай, өөрсдийнх нь үр хүүхдийн “Коммунист” өөдрөг мөрөөдлийн тухай уран зохиол хэрэгтэй байв уу. Тэгээд ч өв соёлыг хадгалан хамгаалагч ард түмэн маань өмнөх жаран жилийн уран зохиолоос хэний ямар зохиолыг хэлэлцэн ярьж уншиж байна вэ гэдэгт хариулахад тун эгзэгтэй хэцүү асуулт. “Дамирангийнхан” /Д.Тарва/ шиг төгс төгөлдөр “Коммунист” гишүүдтэй “Социалист” малчины гэр бүл амьдралд үнэхээр байв уу. Энэ зохиол уран сайхны үнэ цэнэтэй бүтээл үү? Аль эсвэл “Соцреалист” үлгэр үү “Утопи” маягийн дэмийрэл үү. Бүү мэд... Гэвч тэд “Мал”-аа улсад алдсаны дараа хэдийгээр гаднаа малтай ч сэтгэлдээ малгүй байгаагаа уран зохиолд тусган үзүүлсэнийг үлдээсэн баримт олдож байна. “Цаст уулын цас” /Ц.Базаррагчаа/ өгүүллэгт нэгдлийн төлөг хариулдаг хоёр айлын тухай гарч байна. Тэр хот айл хавар хүлээж авсан төлгөө шүдлэн хонь болгож дараа хавар нь улсын бэлтгэлд тушаадаг бөгөөд эрчүүдээ хонио тушаахаар явсан хойно орой хоёр айлын эхнэр үлдээд:

“...Шөнө хэдий саргүй байвч, хотонд хонь байвал гэрэлтэй байдагсан. Одоо тэнгэрт сар байгаад ч хот харлаад эвгүй юм. Хонь гэдэг цагаан амьтан юм. Хөөрхийс хойд насандаа бүгд хүн болж төрөх болтугай. Хойд уулын цас зуны дунд сард хайлдаг.

"Мянган жилийн дагтаршсан цас шиг

Монголын буян барагдах биш дээ.

Дахиад л төлөг авна даа...” гэх мэтээр ярьж бодож буйг үзүүлсэн байдаг. Энд “Мал мах бэлтгэл” гэдэг систем хичнээн аймшигтай зүйл болох, өсгөж үржүүлэх биш түүнд зориулан таргалуулж буй малчины сэтгэлийн дарамт, түүнээс үүдэн гарах “Малчин”-ы үр хүүхдийн малд хандах сэтгэл зүйн төлөвшил, мал маллах утга учир, монгол болоод монгол малын буян заяа дундаршгүй хоосрошгүй юм болов уу гэсэн гэнэн бодол зэрэг сайн задалж үзвэл “Шинэ цагийн малчин” хүний сэтгэл зүйг нарийн тод томруун үнэн зөв үзүүлсэн зохиол юм. Энэ мэт гажуудлаас зугатаж хот газар бараадаж буй “Малчин” мангар Дорж /С.Дашдооров “Говийн өндөр ”/ бол бүр арга нь барагдаад барилгачин болж “Люмпенпастух”-уудын амьдрах байрыг “Нам засаг”-таа барьж өгснөөр өөрөө хөдөлмөрийн баатар болж байгаа төдийгүй зохиогчдоон ч “Төрийн шагнал” олгуулах... гэх жишээний. Лодойхүү баатар /Л.Түдэв “Нүүдэл суудал”/ гээд дурдаад байвал МОҮУЗ нь уншигчдын толгойд “Малчин” хүн гэдэг бол нийгмийн “Элит” давхарга, “Малчин” хүн бүр монгол хүн, гүндүүгүй тайван гэнэн итгэмтгий ба хотын хүн муу санаатай, залхуу тэнэг, бэртэгчин мэтээр дүрслэн үзүүлж уншигчдаа хүмүүжүүлснээр “Хот”-ын хүнийг жигшин зэвүүцэх, хоёр соёл /Хотын, нүүдэлчний/-ын хооронд яс хаях нь өөрсдөө хотод шигдэж “Малчин” ард түмэндээ өргөх “Люмпенпастух”-ынхамгийн том бэлэг байлаа. өөр нэг томоохон үзэгдэл бол уран зохиолд хөдөө өнгөрүүлсэн бага нас, анхны хайр, нутагтаа үлдсэн анхны хайрт бүсгүйн өмнө гэм буруугаа наминчлах түүгээр сэтгэлийн цэнгэл эдлэн их л уянгын халилд оруула бичих нь “Люмпенпастух”-ын уран зохиолын түүхэнд гарсан хамгийн сэтгэл хөдлөм уншууштай /“Гологдсон хүүхэн”, “Хулан бид хоёр”-оос авхуулаад/ төдийгүй гоо сайхны үнэт нандин чанарын нүүр царай болж байгаа нь хэнд ч ойлгомжтой “Хаос” юм.


3. “АМАН ЗОХИОЛ СҮНСТЭЙ БИЧГИЙН ЗОХИОЛ СҮҮДЭРТЭЙ ХИЙ ҮЗЭГДЭЛ

“Люмпенпастух”-ын уран зохиолыг “Аман зохиол” гэж үзэх үү. “Бичгийн зохиол” гэж үзэх үү гэдэг бас л нэгэн сонирхолтой асуулт. Осолгүй л өгүүлбэр том үсгээр эхэлж, цэг таслал, догол мөр хэрэглэдэгийг нь харвал бас чиг “Бичгийн зохиол” сүүдэртэй гэвч соцреализм “Идэвхтэй зарчим” гэж нэрлэгдэж байх үеэсээ:

-Амьдралын бодит үнэнийг тусгах

-Аман зохиолоос суралцах

-Орос, Зөвлөлтийн уран зохиолоос бүтээлчээр суралцах... гэсэн хэдэн тулгуур зарчим хэрэглэхийг уриалж байлаа. Магадгүй тэр цагт “Бичгийн зохиол, бичгийн хэл”-ний тухай ярих гэхлээр “Фийдал”-ын шашны... хэмээх ангилал руу халтиран орох учир хаалттай байжээ гэж бодъёо. Тэгээд бичгийн соёлын уламжлалыг хэрэгсэлгүй... Манай баатарлаг ард түмний бүтээж ирсэн аман зохиолд тулгуурлан Орос, Зөвлөлтийн Люмпенпролетарын уран зохиолоос бүтээлчээр /хуулж/ суралцсан “Люмпенпастух”-ын уран зохиолын “Бичгийн хэл”, “Бичгийн зохиол” гэсэн ойлголтууд зөвхөн “Мал”, “Малчин”-ы тухай бичиж бүтээхэд зориулагдсан тулойлгоход тун хялбар, “Сурах бичиг” зохиоход ч дөхөмтэй юм. Үнэндээ ч “Орос” хэлнээс шууд орчуулан амлаж, “Аман зохиол”-д дэвсгэрлэн хөгжсөн зэрэг онцлог шинжүүдээр нь вч үзвэл тун ядуухан хүрээг хамрах ийм бичгийн соёлын зурвасхан үеийг “Хий үзэгдэл” гэж нэрлэлтэй. Тухайн үед хөгжсөн уран зохиолын ялангуяа яруу найргийн төрөл дэхь нэр томъёоны тухайд аваад үзье:

...Толгой холбон уянгалуулан бичсэн бүгдийг “Шүлэг” гэнэ. Шүлэг нь урт хэмжээтэй бол “Найраглал” юм болов уу... Иймэрхүү л бүдүүн бараг ойлголт яруу найргийн тухайд зонхилж ирлээ. Бидний уншиж орчуулах дуртай “Ишлэл” татдаг “Орос”-ын уран зохиолд:

“Лирика”, “Поэм”, “Ода”, “Реквием”, “Элегия”, “Сонет”... гээд тухайн шүлгийн бүтэц хэлбэр, зориулалтаар нь ангилан ялгасан олон нэр томъёо бий... гэхчлэн “Тамлах”-аан болиод “Шүлэг”-ийн үүслийн талаар тухай өчүүхэн өгүүлбэл.

Эртний Энтхэгийн их хөлгөн туульс “Рамаяна”-г зохиогч Вальмики арш нэгэн шувууг нисэж явахад нь харваж алахыг үзэн ихэд энэлэн гашуудаж 8 өлмий, 4 үе нэгэн зүйл хэлсэн нь “Шлока” хожмоо шүлэг болон монголын уран зохиолд хэрэглэгдсээр иржээ. В.Инжинашын “Хөх судар” романд “Сул шүүлгүүд” гэж бий. Монголын төвд хэлт уран зохиолд шууд шүлэглэн бичсэн зохиол бий боловч тэр бүгд нэгэн цагт “Яруу найраг”, “Шүлэг” гэж нэрлэгддэггүй. Тэгвэл бүр наашлаад С.Буяннэмэх “Хос уянга”, “Холбоо” гэсэн нэр томъёонуудыг яагаад хэрэглэх болов. ААЗ-д яагаад “Ерөөл”, “Магтаал”, “Сан”, “Тахилга”, “Даллага” зэрэг ойлголтууд байв. Тэр үеийнхэн /“Люмпенпастух”-аас өмнөх/ “Шүлэг”, “Яруу найраг” зэрэг үгийг ямар тохиолдолд яаж хэрэглэж байв. “Люмпенпастух”-ууд ямар хэрэглэж вэ. Энэ бүх асуултанд нэг хариулах гээд үзье. Молхи миний бодлоор “Найруулан бичих”, “Яруу сайхнаар найруулах” шүлэглэн бичих гэдэг яруу найруулан зүгээр нэг “Амаар хэлэх”, “Уянгалуулан унших” биш “Бичих, урлах, гүн ухаандах” гэсэн санааг агуудж түүгээрээ ч аман зохиолоос хэдий эх сурвалжтай ч ихээхэн онолжих, системчлэгдсэн нарийн дэг жаягтай тогтсон ойлголт бүхий “Бичгийн зохиол”, “Бичгийн хэл”-тэй байсан харагддаг. Гэвч “Люмпенпастух”-ын уран зохиолын үед бичигдсэн “Яруу найраг”, “Шүлэг” гэж ойлгож ухаардаг зүйлс нь “Бичгийн зохиол” гэхээсээ илүү “Аман зохиол”-ын шинж давамгайлсан байгаа төдийгүй “Намын жанжин шугамаас хазайлгүй” тууштай зоригтой туурвиж ирснийг хоёрхон жишээнээс харж болно.

“Сайхан хотын

Хөөрхөн хархүү

Сайн байна уу.

Тэнэгэр говийн

Тэмээчин бүсгүй

Сайн байна аа...” хэмээх аман захидал юм уу харилцаа дуу гэж хэлж болохуйц өнгө аястай байхад,

“Тэмээ таван хошуу малын минь нэг

Тэмээ тал, хангай, говь гурвууланд нь байдаг...” гэх зэрэг хэнд ч ойлгомжтой ганцхан тэмээний тухай гоё чамин үгээр тойгдон бичсэн “Магтаал” гэж хэлэхүйц “Яруу найраг”-ууд бичигдсэн нь ерөөс “Люмпенпастух”-ын яруу найраг нь яруу найргийн үнэт чанар болсон гоо сайхны тухай сургаал номлол, “Мастерство”, “Стилистика”, “Философи” зэргээс хэтийдэж, тэр бүр бичсэн бүхнээ /ер нь хүн болгон шүлэг бичдэг гэж үзвэл/ “Яруу найраг”, “Шүлэг” гэж хэлэхээс татгалздаг, нэрээ ч нууцалдаг үндэсний сэхээтэн, бичгийн боловсролтон нарын оронд халтар хултар хэл сурч, ертөнцөд “Үзэл суртал”-аас өөр зүйл байхгүй гэж итгэж хүмүүжсэн, монгол хүнд аман зохиол гэж байснаас утга зохиол, яруу найраг гэж байсангүй. “Уламжлал бол шашин” хэмээн цэцэрхэж, бид л “Бичгийн зохиол”, “Уран зохиол”-ыг бүтээж байна гэх мэтээр цээжээ дэлдэн хийрхэгчдээр “Люмпенпастух”-ын утга соёлын ертөнцийг дүүргэсэн нь түүнийг “Хий үзэгдэл” болгон хувиргажээ.


4. Догма уран зохиол судлал

Монголын уран зониол судлалын өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан түүхэн туршлага үнэлж баршгүй их юм. Мэдээж цэлийсэн уудам бэлчээр нутагт түүний үрийн цацаж, хатуу ширүүн уур амьсгал, ул с төр үзэл суртлын “Юлд”-эн доор энэ бүхийг тарьж ургуулах нь хүнд хэцүү ажл байсан байж тааран. Энэ салбарт төрөн гарсан Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг өөрийн эрхгүй хүндэлж, өдгөө хүртэл намайг тэдний адистэд, эртний тавьсан ерөөл баридлага наран саран адил ивээж байна гэж боддог. Ер нь уран зохиол судлал:

-Шүүмж

-Онол

-Тойм /Түүх/

гэсэн гурван үндсэн үзүүлэлтээрээ ч тэ, шинжлэх ухаан гэсэн эрх ашгийн үүднээс ч аль аль нь нэгэнт буй болж хөгжсөөр өнөө бидэнд иржээ. /Түүнийг үгүйсгэх аргагүй./ харин ямар замаар будаа тээж ирэв. Ямар бодлого чиглэл тогтож вэ. Цаашдаа энэ “Метод”-оор монголын уран зохиол судлал хөгжих хэрэгтэй юу үгүй юу... гэсэн цөөн хэдэн асуултад хариулахыг хичээе.

“Шүүмж” бол “Люмпенпастух”-ын уран зохиолын үед уран бүтээл, зохиолын тухайд бус уран бүтээлчийн эргэн тойрон, явдал суудал, үзэл суртал, хэрүүл маргаан, хов живээр илэрхий хөөцөлдсөн шинжтэй хөгжсөн төдийгүй бүх ард түмний сонгууль шиг тайзны уралдаан тэмцээн олширсноос нэгэнт тэтгэвэртээ гарлаа.

“Онол”-ын сэтгэлгээний тухайд нэгэнт бий болсон “Люмпенпастух”-ын уран зохиолдоо тааруулсан “Люмпенпролетар”-ын уран зохиолын онолыг шууд орчуулан хэрэглэж, өмнөх үеийн онолын сэтгэлгээнээс эрс татгалзсанаар “Онол”-д тохируулан бичих, эсвэл малын тухайд уран зохиол бүтээх ухвар мөчид явцуу үр дагаврыг бий болгосон. Уран зохиолын хэрэглээний ба сонгодог утгыг “Яйруулж”, “Холион бантан” хутгажээ.

МОҮУЗ-ын тойм нь сүр дуулиантайгаар “Шинэ”, “Хуучин” гэж ялгаж зааглан өөрийн “Шинэ” буюу жаран жилийн /Үнэндээ крилл үсэгт шилжсэнээс хойшхи буюу 1950-аад оноос эхлэн/ уран зохиолын дотор хичнээн тонгорцоглоод ч олигтой зүйл хийхээсээ өнгөрлөө. Энэ мэт цөөн хэдэн үгээр хэлэхэд гашуун үнэн гэж байдаг бол иймэрхүү л дүр зургийг өнөөдөр харж болох байна. Энэ бүхний цаана Монголын уран зохиол судлалд “Өөрийн бодлого” байгаагүй юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлж байна. Тийм ээ. Үнэндээ байсангүй. Харин үзэл суртал л гэж байжээ. Тэгвэл өнөөдөр чөлөөтэй сэтгэн бодож, уран зохиол судлал гэгч зайлшгүй хөгжих шаардлагатай бол “Таван жилийн төлөвлөгөө”-гөө зохиоход нэг их оройтойгүй байна. МУЗ, МОҮУЗ хоёр юугаарааа ялгаатай юм бэ? Энэ “Шинэ”, “Орчин үеийн” гэсэн тодотгол байснаараа уран зохиол “Шинэчлэгдэж” үү, “Хоцрогдож” уу. Ер нь шинэ гэсэн утгаар түүхийг ч тэр, уран зохиол урлагийг ч тэр 1921 оноос авч үзсээр байх уу. Баримт дурдъя:

Английн түүхч, монгол судлаач Бауден “Монголын орчин үеийн түүх” /1968/ номоор 17-р зуун өөрөөр хэлбэл Өндөр гэгээн Занабазараас хойш эхлэн авч үзсэн байдаг. За яахав энэ бол зөвхөн “Түүх” юм аа гэж бодвол үүнтэй “Агаар нэгэн” германы эрдэмтэн Хайссигийн “Монголын уран зохиолын түүх” номыг юу гэж ойлгох вэ. Монголчууд бид мянган жилийн ...төр улс, урлаг, ном бичг соёлын түүхээрээ бахархан ярин дуртай. Энэ дундаас “Шинэ”, “Хуучин” хэмээх ойлголтыг математик ямар харьцаанд авч үзэж байна вэ. “ХУУЧИН” 940 > “ШИНЭ” 60

Ингээд бодохоох бид дэндүү их “Хуучрах”-ын донд автсан юм биш биз. “Сонгодог монгол бичгийн хэл” хэдүйнээс буй болов. Манай томоохон нэртэй эрдэмтэдийн судалгааны гол чиглэл аль үеийн уран зохиол судлалд идэвхтэй хандаж байв зэргийг эрүүл саруул ухаанаар аваад үзвэл:

Нэгдүгээрт. Монголын шинэ үеийн уран зохиол судлалыг бурхан шажины хожуу дэлгэрэлтийн үе өөрөөр хэлбэл XVII зуунаас эхлэн өнөөг хүртэл бичигдсэн орчуулагдсан бүтээлийг хэрэглэгдэхүүн болгон авч үзэх,

Хоёрдугаарт. Байгаль, нийгэм, түүхийн үзэгдлийг “Жаран”-ы толоын системээр ангилан үзэж лавтай сүүлийн хоёр “Жаран”-ы уран зохиолыг эн тэргүүнд судлах... гэх мэт бодлого уран зохиол судлалд хэрэгтэй байгаа санагдана.

“МУЗ” гэдэг “МУЗА”гэдэгтэй адил уянгалаг сүр хүч төгөлдөр сонсогдсоор байх болтугай.



Го.Ням-Очир

1995 он. Нарангийн энгэр




[...гэснийг 1997 онд хэвлэгдсэн “Хүрээ хөвгүүд” бүлгийн “ЗАМДАА ГАРЦГААЯ... ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ” номноос хувилан авч нийтлэв.

Энэхүү үгүүлэл нь ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ цуврал шүүмжийн эхний хэсэг бөгөөд, үргэлжлэл нь:

2. Люмпенпастухын уран зохиол-2 (Сэтгэл зүйн хүрээнүүд)
Го.Ням-Очир.

3. Люмпенпастухын уран дохиол-3 (Хот)
П.Батхуяг.

4. Люмпенпастух-4 (1995-2000 он хүртэлхи уран зохиолын төлөв)
Го.Ням-Очир.

хэмээх хэсгүүд болой]

Бусдын биеийг хүрэлцэх ану...

“Бусдын биеийг хүрэлцэх ану зүрх минь арайхийн багтаах баяр буюу”

У.У



***


Таних танихгүй, тарган туранхай хамаагүй ээ

Та нарыгаа би чангаар тэвэрье

Цогтой халуун эрмэг биендээ наалдуулж

Цоргих харц цохилох зүрхээ мэдрүүлэе.

Уур савссан галын өрөөнд чинь хамгаас тансаг үнэр амт болъё

Уудам алсад зориход чинь эс цуцах аргамаг хүлэг болъё

Уурсан гомдоход чинь угтан тосох анд чинь болъё

Удаан харуулдсан хүнийг чинь цөхрөлтгүй хамтдаа хүлээе

Учирсан бүхэнд чинь гэрэлт инээмсэглэлээ бэлэглэе

Улаан, шар, ногоон, бор, хүрэн, хар нүднүүдийг чинь мишээн ширтэе

Улаан, шар, ногоон, бор, хүрэн, хар үсийг чинь энхрийлэн илбэе

Улаан, шар, бор, хүрэн, хар гарыг чинь уруулдаа хүргэе.

Урт удаан өвлийн дараа дэлхий дэлэгнэх шиг

Уйт шарланги намрыг даран цас хаялах шиг

Урин хавар зуны дуулалд согтон дугжрах шиг

Усны шувууд уул давхад уярсан модод нуур аргадан навчсаа гөвөх шиг

/хүмүүн ёсоор эсвэл хүмүүн бусаар/

Ургах нарнаас мандах саран хүртэл

/мандах сарнаас ургах наран хүртэл/

Унтах шөнөөс угтах өглөө болтол

/угтах өглөөнөөс унтах шөнө иртэл/

Уг сэтгэл чин зүрхнээсээ

/уушиг ходоод элэг дэлүүнээсээ ч бас/

Уусан нэгдэх мэт, усан бороо мэт тэвэрье та нарыгаа

7.1

Сайн сайхны тухай уулга алдан ярих

Сайхан хүмүүсийн эх оронд нар ургалаа

Сэтгэл хөдөлгөм учирлуудыг зөгнөж

Сэм сэмхэн цонхоор өнгийлөө.



“Өтөл нас” хүүхэд настай минь хөтлөлцөн ирээд

“Өглөө боллоо” гэж чангаар хашгичлаа.

Өрөөндөө хичнээн ганцаар үлдэхийг хичээвч

Өнөр олны урсгал даллан дууднам, намайг.



Сайн сайхны тухай уулга алдан ярилцахаар

Сайхан хүмүүсийн зүг би гарлаа

Үүдний цаана үүрдийн “Залуу нас” үлдээд

Үхлийн тухай солгой хоолойгоор дуулж байлаа.

ЗУЛ


“Их зохиолч С.Эрдэнийн “ЗАНАБАЗАР” романы бүлэг бүрт хэлхсэн өргөл шүлэг”

1.

Үрийн явдал хийгээд үзлийн мунхагийг тэтгэгч хүслийн чив улайран

Үдшийн хөхөмдөг огторгуйд ододын түрүүч тодорхуй, үүдэн сансар сөхөөстэй.

Сувдан дусал нэрж хураасан үүлсийг эрхшээг хүмүүний энэхэн биеийг

Сул талбиваас, асгарах хурын дусал бүхнээс ариун цэцэг дэлгэрээстэй.

2.

Хугархай сэлэм адил саран дороос аянга цахилан аадар хөллөж

Хуйлран хүрхэрэх нуурнаа буух нь илд харших мэт зэвэргэн сонсогдов.

Энэхэн чимээнээр үргэсэн унганы үүрсээн лугаа эгц совин татаж

Эрчлэн хөөсрөх долгис дунд эрдэнийн соёмбо тодорхыг үзэв, би.

3.

Өөрөө гарсан гэгээний гэрээс тээсэн салхинд өвсөн толгой дохилзох

Өнийн домогт монголын талд наран ургах нь алга урвуулахын зуур.

Алга урвуулахын зуурт мандах нарнаа сэтгэл хавсран залбирах минь

Асрал гэгээрлийн орноо гэх тэнгэрийн санаагаар асаасан мөнхийн зул.



. . .

Г э г э э н . . .

М.Даваасүрэндээ зориулав...

Өмнө орноос

Сүрэглэн ирэх нь

Чиний үнэр

Өнгөт салхинаа

Дэгэн үүсэхүй нь

Чиний дэвүүр

Сувдын гэрэлт

Инжийн үүлс

Салхийг сөрөн

Сул намуунд

Умбасан өвс

Согтуу найгана


Алс орноос

Хийсэн сүрэглэх

Чиний үнэр

Анир салхинаа

Дэгэн ахуй

Чиний дэвүүр.



2007.10.15 
Улаанбаатар







*Амьдралд биднийг тосох
хором бүрийн цаана
Аз жаргал инээмсэглэж буйд
итгэнэ!

Ө.О.Э-д хадгалуулах нь...


Хэнд ч хэрэггүй
Хуучин номууд
Талаар нэг
Тараан шидлээд
Сүүдэрт нь
Сүүдрэвч босгож
Сүүрс алдах
Сүг сүүдэрнүүд
Тэнд цуглаж
Хар нүдний тухай
Хар үсний тухай
Хар усны тухай
Хар домгийг
Шунаглан хэлэлцэх
Шүдэнз асах ч агааргүй
Шүлс хаях ч булангүй
Шүлэгчийн гэр эзгүй
Шүлэгчийн гэр мэт эзгүй
Нүргээнт хотын
Нусыг нь арчиж өгмөөр
Нулимсыг нь тосож сөгнөмөөр
Нууцхан харцтай
Нууж уйланхай
Тэнэмэл минь
Тэнгэр минь.

2008.04.29 Улаанбаатар

Сүүлчийн удаа...

Сүүлчийн удаа
Нуурын хөвөөнөө
Нарыг үзэхдээ
Сүүлчийн удаа
Тэнгэрийг уснаа
Усыг өөртөө
Уусган авахдаа
Сүүлчийн удаа
Долгиот ертөнцийн
Үүдэн дээр
Мөрөө гээж
Мөрөөдөлд живэхдээ
Хүүхэд байжээ.

18 нас

/Цуврал/


1. Зайсан толгойн 18 дахь шатан дээр

Дутуу иссэн ганц бортого дарс

Ай 18 нас минь


2. Тэнгэрт тулсан 18 багана

Тэнгэр уначих вий гээд би тулсан

Ай 18 нас минь


3. Ус тогтсон 18 хонхор

Уг нь энэ миний мөр

Ай 18 нас минь


4. Мөөмнөөс чинь 18 дусал сүү

Миний нүдийг олж уналаа

Ай 18 нас минь

5. Газар хавсан үндэс нь 18 зүгт

Ганц цэцэг л өөрөө тэнгэр зүгт

Ай 18 нас минь


6. Өглөөн нар сая л мандлаа

Өнөөдрийг би 18 он хүлээсэн

Ай 18 нас минь


7. Хуур эгшиглэнэ 18 өнгөөр

Хуудас бүр нь цагаан миний хуучин дэвтэр мэт

Ай 18 нас минь


8. Янжинлхам 18 мутартай

Яах вэ! би ядам хуруу нь

Ай 18 нас минь


9. Үүдэн дээр 18 тагтаа

Үснийхээ тоогоор будаа шидлэе

Ай 18 нас минь


10. Миний зангиа 18 судалтай

Чамаар түүнийг зангидуулах дуртай

Ай 18 нас минь


11. Мөрөөдөж удсан далайнхаа эргээс

Мөлүү чулуу 18-ийг түүлээ

Ай 18 нас минь


12. Занадугийн үүдэнд 18 мод

Залуу цагийн төгөл

Ай 18 нас минь


13. Эхний 18 яргуй

Эхийн хэвлийд ургажээ

Ай 18 нас минь


14. 18 лааны гэрэлд

Амьдралын тухай хэсэгхэн бодлоо

Ай 18 нас минь


15. Сэлүүргүй завьтай далайд одсон 18 усчины

Сэрүүн тунгалаг хором бүр нь яруу найраг байнам

Ай 18 нас минь


16. Эзэнгүй айлын хаалгыг 18-таа тогшоод

Эзгүй ойд төөрсөнөө сая л мэдэв шүү

Ай 18 нас минь


17. Далалсаар далалсаар алсрах 18 шувуу

Далай руу биш миний л зүгт ниснэм

Ай 18 нас минь


18. Өрхөн завсраар гийгүүлсэн 18 од

Өнө үүрд, өнө үүрд гэж гэрэлтсэн юм

Ай 18 нас минь.









*Мартахгүй...

Улаан мэнгийг дурсана.

Гэрэлт өрөөний голд

Ганцаар дээс тоглох

Булбарай охины хацар дээр

Улаан мэнгэ үлдээсэн

Учиргүй ялдам

Инээмсэглэл үлдээсэн

Уйт хаврын бороо

Сая л татарчээ



Үүл шингэсэн

Газрын ангал дагаж

Эхний усан урсана

Эхний дусал урсгал

Улаан мэнгийг дурсана.

Урд шөнө би хар дарж зүүдэллээ

Амиа хорлосон тогооч нарын

гэгээн дурсгалд зориулав.

***


“Ярзайтал инээсэн халбага сэрээнүүд,

Бурзайтал хөлөрсөн бууз хуушуурнууд,

Тураалд орсон хятад гоймонгууд,

Туурч цэврүүтсэн тутрага будаанууд,

Юм нь ирсэн шүүрэн шанаганууд,

Юмаар дүүрэн сав суулганууд,

Гүн түлэгдэлтэй хайруулын тавагнууд,

Гүн согтолттой гоолиг хундаганууд,

Дэлбэртлээ уурласан оргилуун дарснууд,

Дэлчгэр балтгар хүнсний ногоонууд,

Цаазаар авхуулсан өлөгчин тахианууд,

Цагаа хүлээсэн түүхий өндөгнүүд,

Ичгүүргүй нүцгэн сэтэрхий тавагнууд,

Ихэрхүү зантай яргачин хутганууд,

Хүчингийн давтантай бүдүүн гамбанзнууд,

Хүйтэн харцтай өмхий загаснууд,,,”

Хотыг дахин зүүдэлвээс зүрх минь хэт ачаалалаа

Хоромхон ч даалгүй зогсох нь байна.

М-е-г-а-д-у-т-а

(хэрэм нэвтлэх шинжлэл)

”Үүлэн зардас”-ыг ингэж Хэнэдхэгийн хэлээр хэлэх... Надад ч ганцаардах үе тохиолддог л доо. Тэр үед ”Сэрэмж алдсан нэгэн ягчис хилэнт эзний бошог зарлигаар сүр жавхлангаа бууруулан үзэсгэлэнт амрагаас жилээр хагацаад...” гээд эхэлэнгүүт хичнээн халуун байсан ч салхи татаад л явчих... Энэ бол яруу найрагийн анагаах увидас юм билээ. Нэг найз минь надад сонин юм ярив. Эмч хүн л дээ. Энэтхэгийн Аюурвед хэмээх анагаах ухааныг сурахаар дээд курст нь 3 сар явж гэнэ. Халуун гэж тамтаггүй Өмнөд Энэтхэгт очоод нэг Дада яаж эм найруулах, ханах хатгах, бясалгуулах тасарсан эрдэм заах юм бодож л дээ. Гэтэл 3 сар нэг дуу заагаад л байж... заагаад л байж. Юу ч ойлгодоггүй. Шалгалтаа өгөх болтол тэр нь ”Мегадута” буюу ”Үүлэн зардас” байсан гэж байгаа. Манай хүн шууд л Бямбын Ринчин абугайн орчуулгаар эх хэлээрээ хөврүүлээд зогсохгүй утга санааг нь өнгөтөөр ярьж өгч л дээ. Тэгээд Дада: -Монгол хэлэнд хэзээ орчуулсан юм? гэж асууж гэнэ. Манай хүн овоо голдоо сүвтэй юм уншдаг эр болохоор ”4 орчуулга байна. Бид бараг 800 орчим жил уншиж байна гэж хариулаад А авсан” гэж байгаа. Хажууд нь англи хэл рүү орчуулагдсан нэг орчуулгад англи хэлтнүүд дулдуйдаж, бусад нь амаа ангайсаар хоцорсон гэж байгаа... Хамгийн гол нь сэтгэлээс үүддэг 404 төрөл өвчнийг анагаах эмч хүний эрхэм нандин нууц эрдэм ”Үүлэн зардас”-т байдаг гэж... Мөн их ухаан шүү. Ийм хүмүүсээ энэтхэгчүүд ”Дорнын их яруу найрагч” юм уу ”Нацагдоржын шагналт” гэдэггүй л дээ. Хар охин тэнгэрийн зарц, хааны охины сонгосон хорвоогийн хамгийн тэнэг эр гэхчлэн... домог зохиосон байдаг. Хааны охин эр нөхрөө сонгохоор улсынхаа бүх эрчүүдийг сорьж сонжоод олдолгүй явтал нэг эр модны мөчир дээр суугаад салааныхаа угийг сүхээр цавчиж байхтай таараад ”Энэ миний эр нөхөр” хэмээн сонгоод ордондоо аваачиж тансаг сайхан амьдраад, Галидаст ч ”Мегадута”, ”Шакундала” хэмээх туурвилуудаа бичих нөхцөл бүрдсэн бололтой... Үнэн ч бай худал ч бай... Нилээн хэнэггүй л эр байж, бас ч хааны гүнжид тоогдохоор дажгүй залуу байж. Яг үүнтэй адил Хангалын шүлгийн номыг эмх цэгц дэс дараанд оруулбал, дээр нь underground хэсгүүдийг нь нийлүүлбэл нэг монгол ”Мегадута” болохоор байна. Өөрөө надад өгөөгүй. Ер нь жинхэнэ сайн шүлэг туурвилууд заавал хэвлэгдээд талх шиг тараагдах ёсгүй байх. Уншъяа гэсэн хүн араас нь хөөх ёстой байх л даа. (Танд ч бас над шиг унших боломж олдоно гэж найдаж байна) Би бол цангаж байгаа хүн. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй өсч өндийж яваа шинэ үеийн залуус яруу найргийг өөр нүдээр (жинхэнэ утгаар нь гэсэн үг) харж, эрүүл саруул төлөвшөөсэй гэсэн дээ л ”цангаж” яваа хүн. За ингээд хэрэм хашаагаа даваад, бамбараа асаагаад цаашаа яваад байна даа. Хангалд хоёр зүйл байна. Дахин давтагдашгүй.


Нэг. Дуулал

Түүний шүлгүүд өөрийн гэсэн хөг аятай. Яг шүлс залгиж байгаатай адил хамаг мэдрэмжээ дотогшоогоо хумиж, хөндсөн сэдвээ төгсгөлгүй буюу төгсгөлгүй өнгөрөн үргэлжлэх цаг дээр бичдэг. Тийм учраас түүний шүлгүүд эхлэл ч үгүй... төгсгөл ч гүй... болоод өнгөрсөн ч юм шиг... ирээдүйд болох ч юм шиг. Ер нь төгсгөл гэж юу юм гэдгийг нэн тэргүүн ухаарах хэрэгтэй. Манай кино урлагт уламжлалт буддын утга зохиолоос авсан нэг гоё үг байдаг. ”Төгсөв” гэж... Энэ бол дуусан юм уу? байхгүй болсон, устаж үгүй болсон гэсэн утга илэрхийлдэггүй. Бясалгалын ургац нүдний өмнө хоосон агаарт бий болж үзэгдээд мөн төгс төгөлдөр болсон гэсэн утга санаа юм л даа. Байгаа юу гэвэл байх, байхгүй юу гэвэл байхгүй... тасархай үг шүү. Ийм л төгсгөл ч үгүй эхлэл ч үгүй эмнэг ХАНГАЛ бичдэг хүн юм байна. Манай яруу найрагт байдаг. Яавал гоё шүлэг бичихэв гээд бусдаас эрж гардаг гоёчирхон дуурайдаг бол... мань хүн яав л төгс бичихэв гэж мэрийдэг бололтой. Бусдаас эрдэггүй. Бусдаас хамааралгүй гэсэн үг. Энэ нь ч аргагүй юм. Ямар нэг онол шүнгээр тайлж тайлбарлахын аргагүй ийм шүлэглэлийн хэлбэрийг ”дуулал” буюу ”гүр” гэж нэрлэдэг л дээ. Төвдийн Гарма Гаржүдвийн урсгалын гол гол төлөөлөгчид Мял богд, Нарова, Дилова, Гамбова, Монголын Чин сүзэгт номун хан Норовшаравын гэгээн, түүний 2-р дүр Лувсандандарванчүг, Ноён хутагт нар их хөгжүүлсэн хэлбэр юм. ”Мялын буман дуулал”, ”Дилова, Нарова, Гамбовагийн намтрууд”-ыг уншаад үзээрэй. Гэгээрлийг олсон тэдгээр хүмүүс ”гүр хайлдаг”. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл ерөөсөө зүгээр ярих нь л шүлэглэл... Бясалгалаар тэдний хоолой дахь хүрднийх нь зангиас алдарч, өөрийн эрхгүй эргэн тойрныхоо юмс үзэгдлийг тасралтгүй шүлэглэн дүрслэх бөгөөд тэр нь зүгээр нэг ”зохиолын дууны шүлэг” биш л дээ. Гүнзгий утгатай, нарийн дэс дараатай, утга уянга төгс, тийм төрмөл, ундармал, ширгэшгүй билиг төгөлдөр авъяас чадвар юм. Өөрөөр хэлбэл шүлэглэн хоосон чанарыг онох хэлбэр юм. Ачийг өгүүлхүйеэ бэрх эрдэмт мэргэн багш Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш минь надад нэг удаа Ноён хутагтын нэгэн ийм гүрийг айлдав.

Эрдэнэс олоод баярлах

Эрлэгт очоод үгүйрэх

Эвсэх салах бүгдээрээ

Илт хоосон чанар юм...гэж.

Хоосон чанарын тухай Умын 5 ботийг уншиж судлахаас илүү түүний яг оносон утгыг Ноён хутагт нэг бадаг буюу 4хөн мөр шүлгэнд хурааж ингэж айлджээ гэж... Орой руу минь орсон гүр шүү.

Түүний шүлгүүдийг уншиж байгаад ”энэ нь нэг хиймэл, оруулмал, чихээс” юм гэсэн мөр, үг, өгүүлбэр олоорой гэмгүй... Шанд нь шар тостой боов өгнө. Тийм юм ерөөсөө байхгүй. Тийм ч учраас манай яруу найрагт ”их мэдэгч багш” нарын хэлдэг үг бий. ”Өөрийгөө эвд” гэж. Тэгэх ямар шаардлага байна. Тэрэн дор ”сайн бясалга, хоолойныхоо хүрдний зангиасыг алдруул” гэж зөвлөх нь эрүүл мэндэд тустай. Үүнийг л буйд алсад сураг нь гардаг Булганы Мандахсан багш нь түүнд төлөвшүүлж өгсөн бололтой байдаг. Тэр хүний ухаанд би ч бас биширч даган баясая. Өөрөөсөө билиг авъяасаар дорой юмнуудын үгээр эвдээд, хэмхлээд, эрэмдэг татанхай амьтан болчихоогүйд чинь ч бас Хангал чамд баярлая.

Гэрэлт зул дэргэд байхад

Гэгээн нар байхгүй байсан ч яахав

Багш минь дэргэд байхад

Бурхан байхгүй байсан ч яахав... гэж танхай гүр татаж явсан мэргэдийн үр сад шүү дээ бид уг нь. Ийм болохоор яруу найрагт яалт ч үгүй эрдэм төгс багшийг олж, түүнийгээ шүтсэн шиг шүтэх, айлдвар зарлигийг нь ширхэгчлэн дагах л чухамдаа эрдэм ч юм... эргээд бодоход яруу найраг ч юм. Миний амьдралын хамгийн сайхан зүйл бол багштайгаа ярьж хөөрч суусан мөчүүд... баярлуулж байсан тэр мөчүүд билээ.


Хоёр. Яруу найргийн анагаах чадвар

За ашгүй. Хангалаас зөвшөөрөл ч авав. Юу ч гэж бичсэн гомдохгүй гэнэ ээ. Хоншоортой хүүхэд... Уг нь ”пионер” сэдвээр бичих гэж байна л даа. Хүн төрөлхтний шийдэж чадаагүй... бүрэн төгс шүү... асуудал бол хайр дурлал юм. Гэхдээ л бичихүй байхын арга алга. Над шиг тийм тэлээгүй банзал гэж хэлэх нь ч юув. Гэхдээ л Хангалыг зандан залуу гэвэл би лав гайхахгүй. Би асуух ч үгүй. Бичихээр шийдэв. Тэр нэг бүсгүйд дурласан бололтой. Өөрөөсөө нь эгчмэд ч байж мэднэ. Ер нь л төгс бүсгүй байж. Яагаад өөртөө ойртуулаагүй юм бүү мэд. Нүд, хөмсөг... яааяаяаяая лайтай амьтан байсан байх аа. Тэгээд л мань эр бичиж өгч дээ. Хэрвээ... сэн бол гээд л. Үнэндээ хамтрахаас амсдаг сайн сайхан зүйл... таашаал тайвшралыг эдэлсэнсэн бол бол Хангал хэзээ ч ингэж бичихгүй байлаа. Мэдрээгүй учраас л... төсөөллөөрөө бичиж өгчээ. Тийм ч учраас би дээр хэлсэн. Сэтгэлээс үүддэг 404 төрөл өвчнийг анагаах увидастай ”Мегадута” гэж. Тийм л юм болсон юм. Ер нь хүн 25 насыг хүртэл нандин шингэнээ гадагшлуулахгүй бол эр хүнээс занданы үнэр үнэртдэг гэж байгаа. Насан туршид нь... Тийм туршилт маягтай зүйл олон хүн дээр бий болж... Хувьсгалын жилүүдэд амьд мэнд үлдсэн хутагт хувилгаадад тохиолдож л байсан зүйл... харин коммунист үзэл суртал эсрэгээр нь хэрэглэж байж л дээ. За энэ ч яахав. Бүдүүлэг үг. Харин хүмүүс Хангалын шүлгийг уншаад юу олж авах гэдэг л байна. Тэд эхлээд тайвшралыг олж авна. Дараа нь тачаалаар энэлсэн сэтгэл нь анагаагдана. Үүнд л яруу найргийн ид шид оршиж байгаа билээ. Үнэнийг хэлэхэд би түүнийг урт наслаасай. Өнөөдөр анзаарахгүй өнгөрөх ч... хожим ухаарах цаг нь ирэхэд... олон олон шархалсан зүрхийг анагаах жинхэнэ монгол ”Мегадута” бичээсэй гэж бодож байна. Тэдний дунд та бидний үр үртэс ч байж мэднэ. Ахад нь өөр хэлэх ч юм алга даа. Яруу найраг гэдэг бол тайвшрал, эмнэл зүй, анагаах ухаан. Түүнийг ямар ч эрх мэдэл, ширээ сандал горилоогүй байгаагаараа байгаа хүн л бүтээж чадна хэмээн итгэдэг билээ. Яг Галидас шиг... Миний дүү итгэлийг минь битгий алдаарай.



Хүрээ хөвгүүн ах нь







Жич:

1999 оноос хойш 10 жил юу ч бичсэнгүй. Чимээгүй явлаа. 2009 онд баахан юм бичив. Энэ хамгийн сүүлчийнх нь. Дахиад 10 жил чив чимээгүй амьдрахаар шийдлээ. Амьд яруу найраг, орчин үеийн уран зохиолын тухайд шүү. Нарийн яривал онгон үеийн яруу найргийн тухайд... Түүнээс бус эрдэм судлалын ажилаа эрчимтэй хийж багшийгаа баярлуулъя гэж бодсоноос өөр зорилго алга. Авъяасгүй бацаанууд боорлож л байна... Аргагүй л дээ. Энэ 10 жилд авъяастай болоорой... Хүнд хэлэх эрдэмгүй ч мөргөх эвэр туурайтай болоорой. Гэхдээ л алтан шаахай өмсөвч алцан майга нь арилахгүй л байх... Баясаа, Баяраа, Хангал та 3т өрнө, дорно, монгол гэсэн 3 хэрэм нэвтлэх шинжлэлээ үлдээв. Дараагийн үедээ та 3 л ”Хүрээ хөвгүүд”-ийн та нарт үлдээснийг дамжуулахыг бодоорой. Хэрэм нэвтэлж, хил хязгаараа тэлээрэй. Монголын уран зохиол гэдэг (товчилсон нэрээр МУЗ) Муза гэдэгтэй адил үргэлж дуурьсах болтугай.

Good bye. Онгон үеийн яруу найраг минь.





Аа тийм мартах шахаж ”Бороо орохын өмнөх өдөр” гэдэг Хангалын номыг заавал уншаарай. Догдолж уншина уу? дооглож уншина уу? хэрхэхийг тэнгэр мэдсүгэй... гэж.

Савка

А - К - А - Д - И - М - О

/Хэрэм нэвтлэх шинжлэл/

Би түүнийг 25 мянган жилийн өмнө амьдарч байхаас нь танина. Тэр бол цаатан байлаа. Дараа нь хэн ч юм баруун зүгээс нүүгээд ч юм уу? зугтаагаад ч юм уу? ирэхдээ төмрийн хүдэр хайлуулах аргыг авчирч өгөв. Тэгээд тэд нийлж байгаад 70 бухын арьсаар хөөргө хийгээд нэг их том хадыг хайлуулаад далайд гарцтай, цасан дээр нэртэй, цаасан дээр мөртэй болсон юм. (Энэ бол Эргүнэ хунгийн домог)

Хамгийн гол нь энэ үед тэд төмрөөр дөрөө хийж, нум сумны зэв хийсэн нь хамгийн том дэвшил байв. Тэд тал руу буулаа. Хамгийн түрүүн дөрөө сайтай болсон учраас талын амьтан болох адууг гаршуулж, эмээл тохоод, төмөр зэв, эвэр нумаараа ан хийж хэн хүнд амар дийлдэхээргүй болоод аялж гарав аа. Солонгосын хойгоос авхуулаад нар зөв аялж, хамгийн сүүлд наран шингэх зүгийн Сири, Дамаск хавиас буцаж энд цуглахдаа хэдэн мянган жил зөвхөн монголчуудын эзэмших газар нутаг хийгээд монголчуудаар овоглогдох соёл иргэншлийг бүтээв. Тэд халуун орноос хүйтэн хошуутой үхэр, ямааг гаршуулж, говиос тэмээг сонгосон бол, нүүдэлчин ховройчуудаас хонь маллаж адгуулах арга ухааныг авчирлаа. Гээд хэрэгцээ хангагдсангүй... Мэдээж хэрэг толгойгоо ажилууллаа. Гитадуудын торго, Энэтхэгийн халуун ногоог Баруунд гаргаж, оронд нь тэндээс дорно дахинд зарж болох бүхий л зүйлийг зөөх сүлжээ байгуулж түүнийгээ Торгон зам хэмээн нэрийдэж, тансаг хэрэглээгээ хангав. Ингээд хэдэн зуун жил амьдарсан юм дээ бүү мэд... Хэдэн зуун жил шүү... Энэ бол 3-4 оронтой тоо... Та мэднэ. Харин тэд баруун зүгээс ирэхдээ мэдлэг ухаан, итгэл үнэмшил, үг үсэг тээж ирсэн юм.

Баяд гэж нэг хэсэг бүлэг хүмүүс байх... Тэд мэргэн хүнээ "Акадимо" гэж одоо хүртэл нэрлэдгийг сонсоод чих минь сунасан. Магадгүй тэд "ном" гэдэг үгийг Грекээс авчирсан байвал би гайхахгүй... Үүнийг би жинхэнэ "Торгоны наймаачны ажил" гэж үнэлнэ. Гэвч энд бас нэг өөр юм бий. Тэр бол баяд хонь... Хонь яагаад ингэж таргалж болдгийг... ийм үүлдэр байдгийг би бодоод бодоод олоогүй... (Уучлаарай Балжаа аварга аа...) Баяд иргэн хонины ууц шиг... гэж ирээд л яридаг. Үнэндээ манай аварга хүний шинжийн хувьд тусгай ууцтай... Нэг л өөр... Яагаад ингэж хадуурч давхиад орж гараад байна вэ? гэвэл яруу найргийн тухай ярьж, яруу найрагчийн хана хэрэмийг давах гээд яваад байгаатай л холбоотой... Нэг л өөр... тийм "акадимо"... акадимо Баяраа... Шангас овогт Ядамсүрэнгийн Баяраагийн тухай юм.

Түүнийг би мэднэ. Бүр 8000 жилийн өмнөөс мэднэ. Уншсан. Өвөр Монголын эрдэмтэд болох эцэг, хүү Чандмани, Тингэс нарын "8000 жилийн өмнөх монголын түүхийг мөшгөвөл" гэж нэг жижигхээн ном бий. Төв номын санд бий л дээ. 90-ээд оны эхээр хэвлэгдсэн. Бие нь жижиг ч бэлчээр нь том ном. Шинжлэх ухаан няцааж чадаагүй ч өдий болтол дуугүй байхыг бодоход хүлээн зөвшөөрсөн л хэрэг. Монгол даяар тархсан зөвхөн цээжээр амаас ам дамжигдан хэлэгдэж байсан 300 орчим тууль, түүний баатрууд, үйл явдал зэргийг нь араб, ойрхи дорнодын түүхийн материалуудтай тулгаж үзээд... Харьцуулж, харгуулж үзээд шүү... 8000 жилийн өмнө монголчууд Тигр, Евприт 2 мөрний хөндийд, Сүмэр уулын өвөрт амьдарч байжээ... гээд батлаадахав. Гайхалтай парадокс... Өнөөг хүртэл "өвөрөөнүүд" тоодоггүй ном зохиолдоо эш татдаггүйг бодвол дээр нь "хар хайрцагтай коммунист толгой" байдагтай ч холбоотой байх л даа. Үнэндээ манайхан ч тэднээс ялгаагүй л байгаа юм. Уран зохиолоо байтугай... түүхээ жижигхэн тугалын бэлчээр, жирэмсэн эмийн шээх газраас цааш судлах зориг, золбоо нь хүрэхгүй л байгаа юм. Углуургатайхан бодвол Баядууд христийн шашны эхэн үеийн несториан, манихейчүүдтэй их бага ямар нэгэн хэмжээгээр холбоотой ч байсан байж болох юм. Хэрээд, Эрхүд, Наймантай адил эртний овог. Нарийн ажиглавал манай ёс заншилд тэднээс авсан юм маш их. Хүүхдээ угаах, хурим, оршуулга, уул ус тахих, ерөөл магтаал эд бүгд Торгон замаар ирсэн соёл юм шүү... Наран шингэх баруун зүгээс... Энэ бол миний үг биш, мэргэдийн үг...

За ингээд хэрэм хашаагаа даваадхая. Баяраа бол "акадимо" өөрөөр хэлбэл Баядын үртэс... тэднээс төрөн гарсан мэргэн хүн. Тэр дорнын ч хүн, өрнийн ч хүн. Харин яг одоо бол түмэн жилийн өмнө тасдаж авсан эрдмээ цээжиндээ оволзуулан, наран шингэх баруун зүгийг саравчлан зогсч байна. Өөрөөр хэлбэл нэг хөл нь Азид, нөгөө хөл нь Европт гишгэж байна. Гэхдээ л дур хүслийг нь "баруун" даллан дуудсаар байна. Түүнээс уламжлалт яруу найраг, хэлбэр хэмжээ, өвөрмөц онцлог, үндэсний шинж... гэх мэтийн "пионер" зүйлүүд нэхэх хэрэггүй... Тэр оюун санааны яруу найргийг бүтээж байна. Гэхдээ ямар ч дүрэмгүй... хийсэн туршилтууд нь "академик" түвшний... Хэн ч няцааж чадахгүй хирнээ... хүлээн зөвшөөрч чадамгүй. Үүнийг "махамудра" хэмээн манай номд нэрийддэг. Тэр дотор нь буцалж байгаа мэдлэг ухаан үгээр илэрхийлэгдэхгүй бол дүрсээр зурж, гараараа бүжиглэж, хөлөөрөө харайж... далавчтайсан бол нисэхэд ч бэлэн байгааг түүний шүлгүүдээс харж болно. Зарим шүлгүүд нь шүлэг гэхээсээ илүү зотон дээр улаан шар өнгөнүүд нялгадаад ямар дүрс болон хатахыг нь хүлээж буй мэт. Түй черт... Ямар их оволзсон хүч тэнхээ, зориг зүрх вэ? магадгүй зарим тохиололд үндэсний цөөнх байх, олон хүний дунд ганцаардах, би эднээс өөр гэсэн гүн бат хатуу хүчтэй бодол, итгэл үнэмшил ийм их хүчийг төрүүлдэг ч түүний хувьд энэ бол ердөө л шалтгаан нь... Гаднаас нь харъя л даа. Энэ тивийн хамгийн хойно орших говиос ирсэн хөрслөг улаан хүү. Номхон усгал нүдтэй. Дуу хоолой нь ч бүдүүн баргил биш... Ердийн хөдөөний гэсэн тодотгол өгч болох...дотуур байранд амьдардаг оюутан. Өвөл анх танилцаж байхдаа хараад "тархи толгой нь хөлдчихдөггүй юм байх даа гэж бодож байсан ч шүлгүүдийг нь уншаад энэ залуу дотроо шатаж яваа юм байна" гэж ойлгогдож байсан. Гэсэн хэдий ч түүний яруу найраг дижитал хэлбэрээр орон зайгаа тэлж чаджээ. Хэдийгээр 2 талаасаа эхэлдэг, хавтас нь буруу, толгой түрийгүй ном найзтайгаа хамт гаргасан нь ч хувь зохиол л байх ёстой. Яая гэхэв. Хүмүүс намайг энэ хүүхдүүдийг магтаж байна гэх юм. Яг үнэндээ би шүлэг найргийг нь уншаад, шунан дурлаж ойлгоод тэр чанар нь энэ хүнд байна уу? үгүй юу? гэдгийг олж хараад бодоод, бясалгаад, миний бясалгалын ургацад яаж ургасныг нь л бичдэг болохоос бус захиалгаар хийгээд тачаалаар бичдэггүй билээ. Ингэж бичсэн минь худлаа байгаад энэ хүмүүс яруу найргийг бүтээж чадах эсэхийг зөвхөн бурхан үзэг.

За тэр бурхан ч яахав. Би түүнийг далч, төлгөч хэмээн боддог. Хоньчин еврей, ховрой, жүүд нэг л өөр яг тийм гээд хэлчихэж боломгүй... Түүний шүлгүүд ямар нэгэн нийгмийн юм уу биологийн захиалгатай гэхээсээ илүү мэргэ төлгийн тайлал шинжтэй. Шаал өөр өөр... Нэг их өндрөөс хараад шоргоолжны үүрний амьдралыг шоолоод ч байгаа юм шиг... Би нэг юм туршиж үзэхсэн гэж бодож байгаа юм. Харанхуй шөнө задгай гал түлээд суувал хажууд нь Баяраагийн нүүр галд асаад байна уу? гал Баяраагийн нүүрэнд асаад байна уу? аль болохыг үзэхсэн гэж... Тэр шүлэг бичдэггүй... Байнга шатсан дал ч хараад яваад байдаг байж мэдэх юм. Махан нүдтэй цусан зүрхтэй бидэнд яаж харагдах вэ дээ? Түүнийг шүлгүүд тийм сонин галтай... галын өнгөтэй... дүртэй... бурхантай... шатсан дал шиг сонин гаж.

Түүний яруу найраг их хураангуй... богино. Товчхон. Үг утга нь оночтой... урьд нь аль болох байгаагүй зүйлийг өөрийнхөөрөө бичдэг. Түүний олж авсан хэлбэрүүдийг бусад хүмүүс дууриахад хэцүү байдаг бол... тэр ямагт цоо шинээр туршсан байдаг. Үүнд "үхсэн тогооч нарын гэгээн дурсгалд" зориулсан шүлгийг дурдаж болно. Зөвхөн энэ шүлгээр нь л түүнийг монголын модернист яруу найргийн шинэ үе буюу Баатарын Галсансүхийн дараахи "Модернист фронтын командлагч"-ийн цолыг шууд өгөхөд хангалттай. Дижитал яруу найргийн сайн тал нь энэ. Өөрийн блог дээрээ тавьж, хүмүүсийн санал, чиг хандалгыг мэдрээд засаад залаад шигтгээд... өөрөө ч нээлттэй байгаад... жинхэнэ яруу найраг бүтээх. Энэ үйлст ханцуй шамлан орсон та нарт үнэндээ атаархаж байна ах нь. Акадимо

Яруу найрагч хүнээс энэ цаг үе ер нь юу шаардаад байгаа юм бэ? гэж үү? хэнд ч таагдашгүй... үргэлж манлайлагч, хошууч байхыг шүү дээ. Гол нь хэнд ч таагдашгүй байхыг... хэрэм нэвтлэх шинжлэл бол уран бүтээлчийг ямар ч цаг үед юу ч бичсэн байхад нь ойлгох түлхүүр болох юм. Энэ бол жинхэнэ монгол цэрэг эрийн мөн чанар байжээ гэж ойлгож болно. Жишээ нь Ордос нутагт дуулагддаг байсан нэг дуу байна. Олон жил цэрэгт явж дайн байлдаанд тулалдаад эцэст нь харийн газар ясаа тавьж буй монгол цэрэг эрийн дуу...

Зүсийг минь үзье гэвэл

Сүн далайн ёроолд бий

Ясыг минь үзье гэвэл

Сүмбэр уулын оргилд бий... гэж.

Багадаа байдаг гэж үнэмштэлээ сонссон тэр туулийн эхлэл Сүмбэр уул, Сүн далайг хамаг дэлхийг дуустал тулж ялж явахдаа... эцсийн дусал цусаа шавхагдаж байхдаа ч... үзээгүй гэж хэлсэн биш... яг л тэнд очсон мэт, эрс шулуун, үл мэдэгдэм баатарлаг, бардам ихэмсэг үхэж байгаа жинхэнэ цэрэг эрийн дуу шүү. Түүнээс биш сэхээн амьдруулах тасгаас хэзээ ч ийм дуу төрөхгүй. Яруу найрагчийг яг ийм байхыг л шаардана.

Эцэст нь дүүдээ захих ганцхан л зүйл байна. Манай эрин үе, өнгөт металлын үеийнхнийг хороогоод, та нарыг ч нэг нэгээр нь түүж намнаж буй дайсан бол яруу найргийн уралдаан тэмцээн, болсон болоогүй бай шагнал... Хүн уралдаж гүйгээд унаж тусаад, таварцаглаад түрүүдээд, хоолны ширээний ард хаа суух нь хамаагүй, ганцхан яруу найргийн эрдмийн ширээний ард хаа суух нь л чухал билээ. Ямар адгуус биш. Ноён нуруугаа битгий алдаарай. Ингэж л чадвал чи өнөөдрөөс эхлээд дүү минь ч мөн, дайсан минь ч мөн.

Хүрээ хөвгүүн ах нь...




(Энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл "Нэг урлаг" ном, hargana.blog.banjig.net гэх мэт мэдээллийн эх сурвалжийг ашиглана уу? Хэрэм нэвт харах боломжыг танд үлдээв.)

Т-а-г-т-а-а

(хэрэм нэвтлэх шинжлэл)


Би шүлэг унших дуртай...

Би шүлэг мэдрэх дуртай...

Би шүлэг задлан шинжлэх дуртай.

Юу гэвэл Хайдеггер ”Шүлэг бол хамгийн гэм хоргүй зүйл” гэж хэлсэн юм. Тийм л учраас би нэгэн хэний ч үл мэдэх тагтааны тухай... түүний шүлгүүдийн тухай бичье гэж шийдлээ.

Алтай... Аяа аугаа их ид шидтэн, бясалгалч даяанч, аглагийг шүтэгч, эрдэмт мэргэдийн орон... Тэнд эзгүйрч хоосрон, үүгэн хүүгэх салхинаас өөр эзэнгүй болсон, хана хэрэм нь хуучирч нурах шахасан нэгэн сүмийн гонхонд энэ тагтаа амьдардаг юм.

Өрцөн цаанаа нэг тийм бүдэгхээн гэгээ, жижигхээн бүрэнхийг

Өөрийн чинь тухай, хааяахан, гэнэтэд, санамсаргүй бодон суухдаа мэдэрдэг

Мэдрэх тусам минь бороо улам ширүүсч, цас лавсан бударч

Миний жижигхэн ертөнц даяар тунарсан их гуниг нөмөрдөг

Чшшш... тэр тагтаа одоо чимээгүй бодлошрин, орчлонгийн амьдралыг бясалган, далавчаа хумин сууна.

Хавар, намар хоёр нь хавчиж зунгүй болсон

Өнгө, мөнгө хоёр нь хавчиж үнэнгүй болсон тухай...цаг наашилж, хөхөө донгодочихоод байхад цас яагаад лавсаж байгааг гайхширан суугаа...Магадгүй шүлэг бичиж байгаа биз ээ. Түүнийг тайван орхиж, цааш үргэлжлүүлэх нь...


Түүнийг мэндлэхэд эцэг эх нь баяр жаргалаар дүүрэн яваарай гэж ”Баягалан” хэмээх нэрийг хайрлажээ, харин хүн хөршөө сонгодоггүй тэр бүү хэл хувь заяагаа сонгодоггүй хойно энэ төрөлд нь түүнийг ”яруу найрагч, шүлэгч, ядаж ганц шүлэг бичээд үхэх” хувь заяаг түүнд оноосон юм.

Тэр их холоос ирсээн... Шаргын тал, Шалын хоолой, Үнээн ус, Хөх эргийн гарам, Тээлийн гуанз, Гарьдийн хад, Элсэн тасархайд бууж сууж, алжааж ядарч... гэхдээ нэр нь хүртэл яруу найраг энэ замаар яруу найраг тээн ирсэн юм. Энэ хол замд шүлгийн мөрүүд хэлхэж, өөрийгөө яг л нисч яваа адил төсөөлөхгүй бол хэн ч гэсэн галзуурах биз ээ. Их хол шүү. Эрдэм сурах гэж, эрхий мэргэнээ сорих гэж зорьсон биз. Үнэндээ түүний шүлэг түүнээс гарч байгаа характеруудыг нарийн ажиглавал тэр маш бардам өөртөө бүрэн итгэлтэй... тэр бүү өөрөө өөртөө маш их таалагддаг гэж хэлж болохоор юм. Юунаас ч айж сүрдээгүй, доорд газрыг бариагүй, ийм л байна, ийм л байх болно гэсэн бат нут итгэл. Ийм л учраас чамайг шувуухай гэж нэрлэдггүй байх аа. Яруу найрагч хүний хамгийн эрхэм шалгуур... өөрийнхөөрөө байх, өөрийнхөө зам мөрийг гаргах, өөрийнхөө яруу найргийг бүтээх гэдэг. Аминчлан хэлэхэд Алтайн уулс л чамд үүнийг өгч, хүүгэн сүүгэх хөх салхиараа алгадаж адисласан байх шүү. Аа бас мартах шахаж... зөн билэг. Түүний шүлгүүдэд ”бүдэгхэн гэгээ”, ”бүрэнхий” гэсэн үг хэллэг ойлголтууд явдаг. Энэ ч бас учиртай...

Түүнд зөн билэг байна. Бүр хангалттай байна. Яг л зүрхний тушаа бөглөрөөд тэндээс уур манан болон дэгдэж тархины дотор ороод ямар ч гэгээгүй хав харанхуй шөнөөр үүр цайж байгаа ч юм шиг тийм нэг мэдрэмж... Үүнийг үгээр илэрхийлэхэд тун хэцүү л дээ. Гэхдээ нэг тийм бичвэл тайвширч, нүдээ нээвэл өрөөнд гэрэл асчихсан, жин үдийн наран шарж байгаа мэт мэдрэмж төрөх...

Энд нэг бяцхан тайлбар хийе. Бурхан багш номоо шавь нартаа айлдахад хичнээн ч хүнд ном айлдсан холд нь ойр мэт тод, ойр суугаад нь тийм чанга бус сонсогдохоор номоо айлддаг байжээ. Дуу хоолой нь тийм эрдэм чадалтай байж. Харин бас нэг өөр ойлголт нь тухайн номынхоо утгыг шавийн сэтгэлд үл мартагдах, ой тойнд буухаар ойлгуулж чаддаг нэг тийм эрдэм байжээ. Түүнийг манай судар бичигт ”гэгээ өрхлөх” буюу тэр нь сунжраад ”гэгээрүүлэх” хэмээх үг болон хувирсан юм. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл тэр эрдэм номын гэгээ багшийн биенээс цацарч шавь нарын оройн зулайгаар ордог. Энэ үед тархинд гэрэл асаасан мэт мэдрэмж төрдөг тийм чадварыг нэрлэжээ. Одоо хүртэл юм ойлгосноо маш сайн ойлгосноо ”орой луу орлоо”, ”орой руу орсон мэт” хэмээн ойлгодог нь тийм учиртай. Өнөөх л зулай руугаа шууд орсон мэт утгыг хүлээн авагч тэгж илэрхийлж байгаа хэрэг. Өндөр ууланд төрсөн, тэнд өссөн хүнд зөн билэг төрөх нь тэр тусмаа зөвхөн нүдээ анихад л тагтаа шувууны нисч чадах л өндөрт нисч, ертөнцийг дээрээс нь тольдон харах дуртай хүнд бүр ч ойрхон биз. Тэр заримдаа тээр дээрээс тасраад унаж ирж буй навч шигч үзэгдэнэ. Гэхдээ л түүний шүлгүүдийг уншихад яагаад ч юм хэзээ хэзээгүй нээгдэх гэж буй цэцэг, эсвэл хэзээ ч гоо үзэсгэлэнг нь үзээгүй цэцгийн зүрхийг хумьсан дэлбээ рүү нь гараа шургуулж барьсан байгаа мэт сэтгэгдэл төрөх юм.

Энэ бол миний л сэтгэгдэл шүү. Хий хоосон магтаал биш миний л мэдэрсэн нь. Би эрэгтэй шурагтай (эрчүүд юм аа) залуусын шүлгээс илүү охид бүсгүйчүүдийн шүлгийг унших дуртай. Тэдний хувьд жүжгийн гол дүрд тоглосоор нөөц бололцоо нь дуусаж шавхагдах тийшээгээ хандсан бол бүсгүйчүүдийн хувьд одоо л тэдний цаг хугацаа эхэлж байгаа юм. Монголын яруу найрагт байдаг яруу найрагч хэмээн хүндэлдэг хуруу дарам бүсгүйчүүдийнхээ жагсаалтад энэ ТАГТАА-г нэмж байгаадаа баяртай байна. Чухам яагаад энэ бяцхан өгүүлэлээ ”хэрэм нэвтлэх шинжлэл” хэмээн нэрлэсэн бэ гэвэл огт танихгүй, эргээд уулзвал зүсийг нь ч танихгүй энэ шүлэгч охины яруу найрагт нь уусан живж, түүний сэтгэлийн чанадад хүрээд, хэрэм хашааг нь даван орж, бамбар асаан өөрийнх нь ч магадгүй таниж амжаагүй шинэ зүйлсийг нь түрүүлж харах гэсний учир билээ. Нэгэнт хэрэм нэвтэлснийх өөрийнхөө уншиж ойлгосон чадлын хирээр долоон булчирхай найман найлзуурхайг нь дэлгэе гэж бодож байна. (Энэ тохиолдолд зөвшөөрөл аваагүйг минь уучлаарай. Миний бичсэн үнэн ч байх албагүй)

Түүнд 2 айдас байна. Би түрүүн дээр хэлсэн тэр бардам, омголон гэхдээ бас аймхай... Юунаас айдаг вэ? гэвэл олон хүний хувьд хотод амьдраад ч жинхэнэ хотын хүн болж чадаагүй... Өөрийнхөө орон зайгаа эзэлж чадаагүй бол тэр тагтаа маш хурдан хугацаанд жинхэнэ хотын хүн тэдний зарим нэгнээс ч хэтийджээ. Тэгээд нүүдэлчин байснаа... эх нутагтаа хайртайдаа... өөрийнх нь итгэл үнэмшил, соёл иргэншил, шашин шүтлэг хэрхэн хувьсан өөрчлөгдөж... цагийн эргүүлгэнд хуйлран одож буйд эмзэглэж байна.

Харин нөгөөх нь бол хайр дурлал... Магадгүй бэлгийн бойжилтынхоо төгсгөлд нэг өөрөөсөө өндөөр залууг хальт шохоорхоод л өнгөрч... П.Батхуяг энэ охидын хайр сэтгэл дэхь үнэлэмжийн тухай сүүлийн ”Утга зохиол” сонин дээр бичсэн байна лээ. Хөөрхий охидуудыг хунгийн цуваа болоод нисч байхад нь буудсан байна лээ шүү. Үнэнийг хэлэхэд тэд хайр дурлалын тухай биеэрээ үзэж өнгөрүүлснээ биш төсөөлөлөө бичиж байна. Хий мөрөөдөж, жигшин зэвүүцэж байгааг нь л П.Батхуяг олж харсан байна. Гэвч ”хэрэмний цаана” тийм юм алга аа. Магадгүй тэд биднээс илүү ёс суртахууны тухай ярих л байх... Бид ч бас эдний насан дээр дурлахаас айж л явлаа. Жинхэнэ дурлалтайгаа учраад амьдралын амт шимтийг мэдэрсний дараа яруу найрагт нь гэрэл асч ”оройгоор нь юм орно” гэдэгт би итгээд байгаа юм. Хамгийн сүүлд бусад эмэгтэй яруу найрагчдаас нь чухам яагаад Тагтаа-г сонгож авснаа хэлье. Чиний урьд төрлүүдийг дурьдвал үнэхээр өндөр дээд хүн байжээ. Магадгүй удган... эсвэл язгууртан хатан... эрдэмтэй лам байсан ч байж мэдэхээр байна. Яруу найрагт яг л энэ чигээрээ эрхэмсэг бардам, язгууртан яваарай. Хэзээд зөн билэгтээ итгэж, цагийн салхинд бүү уруудаарай л гэж захия. ”Хүрээ хөвгүүд” та нар шиг л охидыг хүлээж, бас өөрийнхөөрөө байх тэр эрх чөлөөг та нарт л зориулж эрхэмлэн нандигнаж ирсэн юм шүү.

Яруу найргийн шүүмж яруу найраг л байх ёстой, хэрэм хашааг нэвтэлж, хэний ч олж хараагүйг харах ёстой. Эс тэгвэл хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ.

Энэхүү ”хэрэм нэвтлэх шинжлэл”-ийг хэрсүүжиж уншина уу, хөмхийгөө зууж уншина уу хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.





Хүрээ хөвгүүд.

Õààíà ÷ ¿ã¿é ç¿éëèéã ñýòãýíý ãýäýã...

“Õààíà ÷ ¿ã¿é ç¿éëèéã ñýòãýíý ãýäýã òýð þì, õàà íýãòýý îðøèæ áóéí øèíæ”

~~~~~~~~~




Үл таних зочин МИНЬ

Эгэл жирийн, үнэхээр тэнгэрийн орны эгэл сайхан буй ХҮН.

Бөөн тагтаан дунд хөөрөлдөн зогссон нандин өдөр...

Бидэнд тийм гэрэлт өдрүүд ашид олон бийд итгэнэ.





* * *

Зовлонгоо хуваалцах гэж шүлэг бичнэм

Зовлонгоо хуваалцах минь ийм сайхан

Нулимсаа хатаах гэж шүлэг бичнэм

Нулимсаа хатаах минь ийм сайхан

Чамайг хардсандаа шүлэг бичнэм

Чамайг хардах минь ийм сайхан

Үзэн ядсандаа шүлэг бичнэм

Үзэн ядах минь ийм сайхан


***

Шүлэг бичихгүй

байхын аргагүй...

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан нутаг

бөглүү хязгаар

Шүлэг бичихгүй байхын аргагүй зовлонт амьдрал,

гажаагүй амьдрал

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан дүү нар,

ялдам эгч нар

Зам, жим, намар, өвөл, хаврын шувууд

Шүлэг бичихгүй байхын аргагүй өвгөн багш

Аав, ээж, өндөр тэнгэр, тансаг түүх

Хүн төрөхийн гайхамшиг, орчин үе, цаг хугацаа

Шүлэг бичихгүй байхын аргагүй хуурамч нөхөрлөл

жинхэнэ үзэн ядалт

Олон, олон дурлал

Уналт ба сэргэлт, ханын хуучин цаг зогсох мөч

Нэгэн үс цайрах ба нэгэн өдөрт хэдэнтээ баярлах тохиол

Гуч шүргэхэд олон морь, олон ноход, олон хүний өөдлөхийг

үзэх гуниг

Шүлэг бичихгүй байхын аргагүй этгээд утасны модод

Мэс засал, Өрнөд хийгээд Дорнод гэх үг, утга

Мах идэхийн тухай эргэцүүлэл бие биетэйгээн

мэтгэлцэн улайрах явдал

Хүний ухааныг магтах эндүүрэл, шүүмжлэх ихэрхэл

Шүлэг бичихгүй байхын аргагүй үлгэрийн хүмүүжил,

хожмын боловсрол

Шоргоолжноос хүн үүссэн байх гэх бодол

Сэлбийн гүүрэн дээрх бүх хүнийг таньдаг болсон үе

Шүлэг бичихгүй байхын аргагүй элэг, зүрх,

нүд, хуучин, шинэ үзэг

Шүлэг бичихгүй байхын аргагүй...

1994.07.05


* * *

Тэмтрэгдэх төдий гэгээгээр тэжээгдэж

Тэнхэрч явах үе байдаг

Хальт сонссон содон аяз шиг гэгээ

Хаа нэгтээ, хаа нэгхэн алавхийдэг

Зурвас, зурвас гялбаагаар цээжний

Зуулга хийх үе байдаг

Зурсхийх совин, битүүлэг сэрлээс

Зуурдаар бөхөхгүй итгэл сэлбэдэг.

“Хаврын таталбар”


***
Намуу дохигнох
Намуун аяс
Намуур амурын гилбээн алгуур
Алгуураар, нүд өргөн
Зүрх анивалзан
Анивчаад, биесээн танихчаан
Танихчаан, танихын төдийд санах аа
Санахаан
Санана аа.

***
Урь гэнэлийн энэ хавар
Урин сэрэлийн нэр нь “ХАВАР”
Хоо тоос зөрөлдсөн хуурай тэнгэрийн
Хос дөл үнсэлдэх, нойтон хөнжилд
Үр гунигийн нахиа бүлтэгнэх
Үй олон, үй олон хавар

***
Ус гүйлэгнэсэн нүдийг чинь хараад
Хаврын жаварт атаархана
Угаас төгөлдөр гоо үзэсгэлэнд
Хайрлах минь багадаад дотор давчдана

Буйд сэтгэлийн мухарт үнэртээд
Буцаад түргэн алхахад чинь
Таг хөшиж орхисон…

…Би
Чамайг хүлээсэн гудамны гэрэл мэт…
Тийм ээ!
Нүд минь
Өдөр ч шөнө ч асаж байнам.

Хар дарсан зүүд шиг нэг шөнө, нэг өдөрт зориулав. /хуучин шүлэг/



Дүрэм ёсгүй дүлий хотод

Дүрвэгчээс өөрцгүй амьдран суухад

Хөвүүн нас хөөрөл гуниг

Хөдөө хэмнэлийг эрхгүй үгүйлж

Дарсны таг авсны нүхнээс

Даан ч гүн санагдах юм.



Ганжир гялтайх цонхон дор

Гал хөсгүй зэвхий даахад

Гар зүрх зэрэг эвэршин

Гавны чимээ чихнээ хангинаж

Орцны цонх олсны нүхнээс

Онц ялгаагүй харагдах юм.