ХӨХ МЭДРЭХҮЙ ШҮЛГИЙН ЦОМОРЛИГ 2010 оны 5 сарын 22 нд хэвлэлээс гарсаныг тохиолдуулан...

Анх удаа блогтоо өөрийгөө албан ёсоор танилцуулъя гэж саналаа.
Сайн байна уу? Намайг Баяраа гэдэг. Луу жилийн тэнгэр дор арслангийн ордны тохиол дор Арван баядын голомтод төржээ.
Намтар маань үлэмж богинохон. Дунд сурдаг нэгэн сурагч бичиг үсэг сурсан цагаасаа л шүлэг бичсэн. Аймгийн ТМС-ээ төгсөөд их хотод ирэхэд халаасанд нь долдугаар ангидаа хэвлүүлсэн нэг хөөрхөн ном, хэдэн шүлгийн навтаргаас өөр юм байсангүй ээ. Аа харин тархинд нь бага ястаны ужиг омогшил, бас яруу найрагч болно гэсэн зориг тэмүүлэл бага биш хэмжээтэй байсан нь өдгөө ч өчүүхэн хорогдоогүйг хааяахан өөрийгөө чагнахдаа мэдрэх юм даа.

Оюутан насаа өнгөөр зур гэвэл гал улаан дэвсгэр дээр өргөн бийрээр цагаан өнгийг хайш яайш нялсан, тэр нялаадсан дээгүүр хурц хөх бэхийг нарийн бийрээр зурвас зурвас тавьсан тийм нэг дунд хээрийн хэмжээтэй жаазгүй бас будаг нь хатаагүй зураг л төсөөлөгдөж байна.
Улаан нь миний амьдрал /темпрамент, хүмүүжил, угсаа гарвал тэргүүтэн уг сурвалжууд/-ын чиг баримжааг, цагаан нь миний яруу найраг /Оюун санаа, сүсэг бишрэл, зөн совин тэргүүтэн уг сурвалжууд/-ийг, хөх нь миний хэл /яруу тансаг франц хэл, төрөлх монгол бичиг, эзэмдэн ядагч хэв найруулга сэлт уг сурвалж/-ийг төлөөлж буй юм.

Энэ гурван өнгөнөөс надтай үргэлж хамт явдаг, намайг бусдын өмнө ямагт Баяраа хэвээр харагдуулдаг тэр өнгөний тухай ярья даа.
Цагаан өнгөний дэвсгэрээс цацран гэрэлтэх нь миний шүлэг ээ гэж. Шүлэг намайг хаана аваад ирэв ээ? Гүн шөнөөр номонд шүлэнгэтсэн хөвүүнд уулсын цаана уулс, үүлсийн цаана үүлс гэдэгсэн.

Цагираг цагираг утаа, харших жүнзний чимээ, хамгийн гол нь эдний хэн нь ч миний араас хутга дүрэхгүй гэх итгэл хайр бас хайр, амраглал мэт нөхөрлөл, нөхөрлөл мэт амраглал. Энэ бүхнээс нэг л өдөр толгой өндийлгөөд харахад дэргэд үлдсэн хүмүүс. ХӨХ МЭДРЭХҮЙ. Хэрвээ галзуурсан бар хотын гудманд таарвал гараа аманд хийгээд зүрхийг нь суга татаж чадах ахан дүүс минь. Биднийг яруу найраг холбосон. Үл анзаарагдам нарийхан хэрнээ үл тасрах бөх эдээр холбогдсон. Тэр л шижмээр огтхон ч дэнжигнэлгүй дураар гүйхсэн бас тэр л шижмээ буртаглаж тасдахгүйн тухайтад цагаан мөртэй явахсан гэж санах юм даа. Найман ам бүлтэй ХӨХ МЭДРЭХҮЙ хэмээх номын өргөөний отчигин ану би болой гэж.

Отчигин бээр энэхэн орон зайд бар жилийн зуны эхэн сарын дашнямтай билэгт сайн өдөр гар дээр минь ирсэн, наалт цавуу нь хатаж ч амжаагүй "Хаврын ном"-оосоо ахас ихэсийн шүлгийг дуудсагай хэмээн санав.


Номын өргөөний минь босгоор мэргэдийн хөл тасрахгүйд номин хөх тэнгэр тооноор ашид гэрэлтнэм билээ.
Тэр зүгт сумаа шившин нумаа талбимуу би. Эрхий эрчээ эс алдаг, мэлмий ончоо үл холбирог ээ.

ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА


“Шүлэг гэдэг,
Цэнгэг горхи болоод түүнээс дэгдсэн манан,
цэцгийн үндэс болоод шүүдэр нь наранд солонгорох агшин.
Яагаад амьдрал заримдаа сайхан, бас гунигтай санагддагийн учир,
яруу найрагчийн гараас ургасан үл ялиг гашуун жимстэй мод!”



Хөх мэдрэхүйнхэндээ

Туяарсан жүнзэн дэх хорзны аагинд ч үл хөлчих атал
Тунгалаг үдшээр андын шүлгэнд дарс хүртсэн мэт согтмуй
Зэрлэг үнэн, үзэсгэлэнт гашуун шүлгийн мөртүүд
Цуурайнаас биежих дуун мэт гэрэлтэхэд
Зэлүүд хоосон орчлонгийн цөмд бид
Торойтол зогсох хүн чулууд мэт үзэгдмүй.
Яруу бадрангуйн дуулал – хөв хөх салхин биднийг бүчин исгэрэхүйд
Явган гуниг, үхээнц уйтгар ичээнд шургалах мэт
Газрын гав руу далдармуй.
Яруу бадрангуйн дуулал – хөхөлбий гүн салхис л
Ялгуусан сүрээр исгэрэх нь ертөнцийг бүрхэн дуурсмуй!



ОРООЛОНГИЙН ЭЛБЭГТӨГС



“Уран зохиолд зиндаа байдаггүй. Гагцхүү дээд чанар л гэж бий”


ЭРХ ЧӨЛӨӨ


Үүлсийн адил биеэ идэгч сансар дэлхий хоёр нутагтан
Үргэлж тэмүүлэх гэрлийн хурдтай ч үлэмж хоосноос гэгээрлийг эрэлхийлнэ
Үймэгч бодол тэртээ хол унтаа харанхуйд санаашрах
Үйлдэл бүхэн үхлийн төлөө ч үгүйрэн одохыг үл хүснэ
Увидаст сарнаас асгарах туяаг биедээ шингээж бэлхэнээ оршихч
Урин салхинаа аргадах дууг бийрийн үзүүрт уяраан татагч
Галбир үгүй сансрын зулайд дусал нулимсаар хорвоог хэмжихүй
Гансрал зовлон, хагацлын гашууныг дотоод мэдрэхүйгээс ангид цөлөөч
Дураар хэрэх мөрөн адил урсан өнгөрөх цаг хугацааг
Дулаан хэвлийдээ өнөд бөөцийлөх огторгуйн их орон зай
Тургин цацах омогт уул мэт цөхрөл шаналалд тэвчээр нь барагдаж
Тусгүй үйлийн төлөөс гэмээр цусгүй үхлийг мөнхөд цөлөөч
Уринаа бүжих нялх моддын үндсийг дамжин хөрсөнд уусах
Уйтгарт навчсын алтан судлаар уй урсаж сэргэн амилах
Далайн усаар духаа шавших минь мянга мянган жил ийн давтагдах
Дагуулан хэсэх гэрлийн зүг анир үгүй ертөнцөд намайг цөлөөч

2008.01.11


БАТСУУРИЙН БАЯСГАЛАН



"...бурхан, эсвэл чөтгөр гэж дуудахад утгын ялгаа огт үгүй. Учир нь хүмүүс энэ хоёр ойлголтын ялгааг өөрсдөө ч мэддэггүй. Тэд үргэлж сайн сайханруу тэмүүлж, түүнийгээ л бүтээн амьдардаг..."

***
Зүтгүүрийн чиргүүлд суучихаад
Зүтгэж явна
Зүдэрсэндээ нойр хүрэхгүй ч зүүдэлж явна
Зүг чигээ ч мэдэхгүй зүглэж явна
Зүгээр л алсыг ширтэх гунигтай явна
Хаа нэгтээ намайг хүлээх
Юу ч юм бүхнийг зорьж
Харанхуйг зүсэн гэлдэрч явна
Зүг чигийг минь, хаа хүрэхийг минь
Зүтгүүр л мэднэ, би юу ч мэдэхгүй
Алжааж холын тоосоо шилгээн зүтгүүр зогсоход
Ачаа бүхнээ тэврээд амьдрал дунд бууна би

2008.01.11


ЖАРГАЛСАЙХАНЫ ОРГИЛ

“Ерөөс жаргал зовлон тоос гэмээнэ
Ертөнц хэмээгч амны халбага шиг өчүүхэн буюу.”


ХОРИН НАС МИНЬ

Би мэднээ хорин нас минь. Буцаж ирэхгүйг чинь. Оюутны
Давчуухан оромжны бяцхан оршин суугчидтай дайтахгүйгээ,
Орныхоо хөндийд архины шил хураахгүйгээ, өөрийн минь
Төлөө үхэж чадах анд байдаг гэдэгт итгэхгүйгээ, өрөөнийхөө
Хананд Take off-ын зургийг наахгүйгээ ч би мэднэ.
“О”-гийн үүдэнд эргээд халамцуу суухгүйгээ, Орчлон дээр гагц
Түүнийг л хайрлах юм шиг сэтгэхгүйгээ, өөр хүнд дахиад
Хэзээ ч алдахгүйгээ, бүүдгэр дэнгийн ганцаардлыг хуваалцаж
Бүтэн шөнөжин сууж чаддаг хонгор нас минь! Би мэднээ...

2009.11.29 нд УБ хот


ШАГДАРСҮРЭНГИЙН ХАТАНБҮҮВЭЙБААТАР



“Ганцаардал бол хариуцлагаа ухамсарласан хүний эдлэх ёстой эрх.”



***
Гуч хүрээд л үхмээр санагдах
Хорин гурав хүрээгүй байж
Бурхны хүү загалмайгаа чирсээр ирж
Бурхны өмнө өмгөөлөн зогсоосой
Гуч хүрэлгүй үхмээр санагдах
Хорин гурав хүрэх гэж байж
Гурав хоногийн дараа
Бурхны хүүтэй хамт агуйд төрөхсөн.

НЯМХҮҮГИЙН НАРАНГЭРЭЛ


Сэтгэл рүү минь нүдээ дүр дээ! Шил хэрэггүй ээ тэнд. Чи бүхнийг харна.


***
Зун дуусч
Намар эхэлж
Зулаг ороох өвс
Нараа даалгүй тамирдаж
Зуслангийн байшингийн орой
Чимээгүйд автаж
Цув нөмөрсөн бүсгүй
Цуурай хүрэхгүй алсыг
Цурам ч хийлгүй ширтэх
Хаяан дахь айлын яндангаас
Халуун цог үсчих
Хашаан дахь үхэр мал
Өвс хивэх
Харгуй дүүрэн навчис
Замаар нэг хөглөрөх
Хамар шархируулсан хүлээлт
Тахир замын энэтээ.

МЯГМАРСҮРЭНГИЙН ХАНГАЛ



“Хүслэнт амьдралаа минийх гэж боддоггүй.”


***
Бодохоос, бүр дахин бодоход ч хоосон байна
Харахаас, бүр дахин харахад л мэдрэгдэж байна.
Шөнийн их ганцаардал надад ийм хүчтэй нөлөөлж
Шүлэг өөрөө надтай их адгуу янаглаж байна.
Боолын эзэн хичнээн дээрэнгүйг мэдрүүлж
Богшсон их хилэнгээр шуналтай эрүүдээд байна.
Шаналал дунд л сэдрэх байгалийн араншин урсавч
Шаналал гэж нэрлэх тусам бүр ширүүн довтлоод байна
Хүний удмыг ийн хатгаад л тэр бурханлиг болгосон
Хүн өөрөө сониучхан болоод л түүнд дагаар орсон
Бодохоос, бүр дахин бодоход ч хоосон байна
Харахаас, бүр дахин харахад л мэдрэгдэж байна.
...
Олон ч сайхан мөчүүдийг ижил цагт нь дурсдаг
Олон ч сайхан мөчүүдийг ихээ хэнэггүй үдчихдэг
Гэвч, ганц л зүйлийг тэсэхгүй нь өнөөх бөгж минь алга
Гараа хараад л, гар бодоод л суугаад байна
...
Бодохоос, бүр дахин бодсон ч..
Гомдохнээ, тэр саяхан л байсан





2005 он




ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА




“Оюуны хүч яндашгүй гэдэгчлэн хэлний чадавх дундаршгүй.
Учир иймд, үгээр дамжин яруу сайхны ямар ч цэгт хүрч болно.
Гагцхүү бичих, үзэг тавилгүй бичих л миний яруу сайханд хүрэх,
яруу найраг бүтээх ганц зам мөн”.

Nulla dies sine linea


ХОСМОЛЖИН

1.
Эцгийнхээ харцнаас тасдаж
Цээжний галаа асаанам
Эмсийн хөлд талхлагдаж
Үнсээр хийсэн алдсан
Эргүү мансуурлын давалгаанд
Эрхэм чанараа урсгасан
Энэ харанхуй цээжнээ
Нэгэн гал асаанам.

2.
Харанхуйн дунд ээждээ
Шүлэг уншиж байна аа
Хайлсан хоёр зүрхэнд
Үгсийн орон гэрэлтэй

Хүж сүүмэр шөнө
Хаяа цахдан өндийвч
Хүү, ижий хоёр
Өдөр мөнхийн гэрэлтэй.




*ХӨХ МЭДРЭХҮЙ ШҮЛГИЙН ЦОМОРЛИГ

2010 оны 5 сарын 22 нд хэвлэлээс гарав.

АНУ АМИА ХОРЛООГҮЙ /LE MEMOIRE ALCOOLISE/


***
...Ану мафийнхны тийм дуудлага руу, гарцаагүй үхнэ гэдгээ мэдэж явсан шиг байдаг. "Би та бүхэнтэйгээ аз жаргалтай байсаан. Баяртай" гэсэн бичиг үлдээгээд явжээ.

***

...Ану-гийн усэрсэн гэх давхарт хүн амьтан зодолдон ноцолдсон, бүнкэрийн цонх нь хагарсан, шидүүлэхгүй гэж зууралдан тэмцэлдсэн бололтой цус нөж, шинж тэмдгүүд байсан...


***

...Хэрвээ өнөөдөр Ану маань байсан бол, уран зохиолын том патриарх, олон улсын хэмжээний философич, улс төрийн нэрт зүтгэлтэн, үндэстний нэгэн лидэр, авъяаслаг зураач магадгуй рок-од байх байсан биз ээ. Ану-д миний хамгийн анх олж харан олзуурхсан, хамгийн тодоор мэдрэн ойшоосон зүйл бол хурц ухаан... Түүний тухай мэддэг бүх зүйл минь энэ биш л дээ. Согтуу хүн юу дурсч шалихав.

***



Саяхан би баахан архи уув аа. Бүх ойр дотны хүмүүс, улс түмнээсээ хүлцэл өчье. Ахин тийм нүгэл үйлдэхгүй ээ.Согтуудаа энэ дурсамжийг /Дурсамж ч гэж дээ хууч л юм даа/ бичсэн байх юм. Засч найруулъя гэснээ, тухайн цаг үеийн нэгэн баримт юм даа гэж бодоод, гар үл хүрэв. Ш.Эрдэнэтөр /Оончиг/ дүүгийнхээ, С.Анударын тухай бичсэн дурсамжаас үүдэн, юм юм л бодлоо. Саяхан л Оончиг дүүгээ хөлд оруулах гэж хөглөж явсан санагдах юм. Гэтэл он жил учир жамаараа улиран өнгөрч, үсэнд буурал суулаа. Мөн л жам ёсоор дүү минь дурсамж бичдэг болсон нь аргагүй. Би ч бичье дээ...

1990 он. Уралын их сургуулиас эсэргүү толгой хэмээн хөөгдөв. "Диалектик материализм зэрэг үзэл суртлын хичээлийг үзэхгүй, манайд ардчилсан хувьсгал ялсан" гэсэн өргөх бичгээс /найз С.Надмид, Г.Бямбадорж, Р.Гэрэл маань дэмжиж, гарын үсэг зурсан/ болж шүү дээ. Гэхдээ намайг "эрүүл мэндийн шалтгаанаар" хэмээж билээ. Зөвлөлтийн шалгарсан арга л даа.

Монголдоо ирээд учир байдлыг ярихад Чоймаа багш ихэд сайшааж, "манайд сэтгүүлзүйн анги байхгүй, гэхдээ монгол хэлний ангидаа сур" гээд л цохолт хийж өгч байж билээ. Маш халуун дотно хамт олонтой учирсаан. Доктор профэссор, лам, дарга болцгоочихсон улс яваа. Хөөрхөн охин Цэцэгсайханыг ч сананам. Хичээлд суусан анхны өдөр минь, намайг, бас Цыбикдоржиев, Павлов, Оганов бид 4-ийг шууд грүзчик болгочихдог юм байна. Шкаф зөөж байтал, Цыбикдоржиев Павлов /хожмын элчин сайдын хүү/ хоёр маань хэрэлдээд унав. Би ч буриад монгол Доржоогийнхоо талд оролгүй яахав.

Ажил дууссаны дараа Доржтойгоо сайн танилцлаа. Панмонголистууд болохоо мэдэлцэн, ихэд баяслаа. Гэхдээ Э.Ринчино сайн хүн, муу хүн гэж бас санал зөрөлцөөд авсан. Буриад хүн бур л Ринчиног бурхан, халх хүн бүр төрийн хутгуур гэдэг хойно. Харин одоо бол миний бодол өөрчлөгдсөн л дөө. Биднийг гадаад төрхөөрөө ч их адилхан гэж хэлэлцдэг байсансан. Доржоотой маань өөр ангийн залуус уулзахаар ирнэ. Би хажууд нь байх нь олонтаа. Доржоо маань, манай ангийн оросуудтай ч, монголчуудтай ч төдийлөн нийцэж чадахгүй /монгол хэлийг сайнгүй мэднэ/ байх бөгөөд, намайг л их хань татна. Ирж уулзагсдын дунд нь Ану байсан юм. Тэр үед, Ану-г маань, зөөлнөөр хэлэхэд: "маш өвөрмөц" гэж нэлээн ярьдаг байсан даа. Их л энгийн бус нэгэн харагддаг байв. Нөгөө анааш манаашаа хэрэглэчихдэг ч байсан юм уу. Би түүнтэй харьцах төдийлөн дуртай биш байв. Ангийнх нь Б.-оос ямар учиртай хүн бэ гэхэд "Аан, нөгөө ...юу" гэж тааламжгүй үг хэлж байж билээ. "Эрүүл мэндээр шилжиж ирсэн" гээд, намайг биеийн тамирын тусгай хичээлд бүртгэчихэв. Дандаа дарга нарын эрх охид хамрагдсан бөгөөд Содгэрэл гэдэг гуа бүсгүй байсан нь маш их таашаал авчирч байсан ч, эр хүйстэн нэг ч атугай байдаг грүппэд намайг шилжүүлэхийг хүслээ. Тэр грүппэд нь надтай адил зовлон бүхий Ану байв. "Сайн уу, өвгөөн!" гэж билээ. Зүрх муутайгаа хэлж харин миний "эрүүл мэндийн" учир шалтгааныг сонсоод их л хөхөрсөнсөн.

...Би чинь оюутан байхдаа сонинд орон тооны ажилтнаар орчихсон, архи дарс ч залчихдаг, багш нартайгаа тэрсэлчихдэг "танхай" нэгэн байв аа. Доржоо маань үе үе, "Анутай нөхөрлөх хэрэгтэй, маш сайн залуу" гээд л рекламдана. Элдэв үг яриа, хувийн ажиглалтаас бодоод, Анугаас харин би болгоомжилж байв.

Нэг удаа Доржоо сонинд маань мэдээ авчирлаа. "Чи 1-р ангийн хүүхдээр орчуулуулаа юу" гэхэд тэр их баясч, "Ану-гаар орчуулгасан" гэлээ. Бичгийн ямар ч хэв байхгүй, найруулга ч гэж авах юмгүй л байлаа.

Манай сонинд Галсаа, Амгаа, Буянаа гээд л сэтгүүлзүйн мундаг залуус байв даа. Галсаа маань "Саша Соколовын ч юмыг авчирлаа, Жеймс Жойсын ч юмыг аваад ирлээ, Мөөгий минь унш" л гэдэгсэн. Тэр үед мань хүний ертөнцийг ойлгодог хүн цөөн байсны нэг нь би юм уу, хаашаа юм. Би чинь Орост бас зүгээр суулгүй, модэрнизм зодэрнизмийг сонирхож, тэр чиглэлээр бичиж байлаа ш тээ. Одоо харин Галсаа биднээс өмнө бүгд модэрнист байсан болж таараад байна уу, үгүй юу. Орост анхлан бичсэн "Монголын залуучууд" сонины "архив"-т нэг жил дарагдсан "Юу ч биш" өгүүллэгээ аваад иртэл, Галсаа маань маш их баясч "Монголын үргэлжилсэн үгийн цор ганц гэрэл гэгээ" гэснээ, даруй нийтэлчив. "В один день проснулся знаменитым" гэж Б.Темөрхуяг багш маань надад хэлдэгсэн. Тийм л юм болсон. Гэтэл Ану над руу утсаар ярив. Доржоогоос утсыг минь авсан гэнэ. Ний нуугүй өчихөд, хааш яйш хэллэгнээс нь болоод, би үгийг нь тэр бүрий ойлгодоггүй байв. "Уран зохиолын "Соёмбо" гэдэг бүлгэм байгуулж байгаа" гээд, "намайг яг таарах хүн гээд байна" л гэж ойлгов.

1993 он юм л даа. Их л уудаг болчихсон байлаа. Тэгээд тэнд сурдаг үгүй нь мэдэгдэхгүй МУИС-даа яах гэж ч юм очтол /Светкаг харах гэсэн ч байж магад, эсвэл шараа тайлах ч гэлүү/ Ану таарч, "нөгөө юмаа ярья" гэв. Чингээд, хоосон ангид оронгуутаа, ширээн дээр сууж, уран ЗОХИОЛЫН тухай л бололтой, баахан л юм ярив. Бас л яах гээд байгааг нь ойлгосонгүй. "Манайд очьё" гэж тэр хэллээ. Шар тайлах ч найдвартай боллоо хэмээн баясав. Хэллэгт нь дасч ирсэн тул ойлгоод ч байх шиг, хариу хэлээд ч байх шиг. Гэтэл нэг залуу тааралдлаа. Соёмбобаатар гэж өөрийгөө танилцуулав. Түүний нэртэй бүлгэм байгуулах гэж байгаа юм уу гэтэл, Ану элгээ хөштөл инээж билээ.

Мань хүнийг монголоор ярихаас нь илүү, оросоор ярихад нь сайн ойлгодог байв. Өрөө нь хүн амьтан амьдардаг гэж хэлэх аргагүй, замбараагүй хөглөрөл, бужигнал л байлаа даа. Улаан армийн холбогдолтой плакат ханандаа хадсанд нь би эгдүүцэв. Тэр үед би чинь их л эвлэршгүй демократ, гэхдээ бас фашист байлаа ш дээ. Харин Ану хэнэггүйгээр тайлбарлах нь "Ердөө л энэ бол ийм тийм" гэхдээ хэдэн давхар мат-аар хачирлав.

Бид гурав, өөр уран зохиолын тухай яриад л байв, яриад л байв. Ану, Соёмбоо хоёр "Юу ч биш"-ийг маань ойшоосон нь илт. Гэхдээ Ану юм ойшооно гэдэг ч хэцүү дээ. Нэрийг нь мат-гүй дурдвал ойшоолоо гэсэн үг. Эсвэл сайн хараавал. Харин Соёмбоо маань үнэхээр баясчихсан магтаж байв.

Миний шарталт хөөрч, хөлс асгарав. Хэлсэн чинь Ану "Наад орон дээрээ хэвтчих, өвгөн нь гоё дуу тавиадхая, тэгээд зүгээр болчихдог юм даа. Харин чи тамхи татдаггүй нь харамсалтай" гэв, Хураагаагүй орон дээр нь хэвттэл, бүр хучиж өгөв. Ийм ийм номнууд шарталтад сайн гээд шидсэнийх нь дунд Андэрсэн байв. Тэрийг нь амарчлан уншвал бие сайн ч болчих шиг. ”Гражданская оборона"-г Ану тавьж, тэд тамхи татан хөхрөлдөнө. Анааш манаашаа л татсан байлгүй дээ. Үгүй ч юм уу. Надад “Гражданская оборона"-гийн "Всё это по-плану" маш их таалагдав. Үг нь ч хялбар тогтоогдох юм. Бид гурав тэр дууг нэлээн хэд дахин сонсч, дуулав.

Ану маань "4 биш 4" хэмээх, гар бичмэл, хавтсыг нь өөрөө, их л ур чадваргүй зурсан "номоо" танилцуулав. Уншиж үзээд би, жаахан бухимдаж "Хөөе, Ану, энэ чинь нөгеө яадаг ийдэг хүний тэмдэглэл биш үү" гэв. Ану ч баясч "Тийм санагдаж байгаа бол их сайн байна" гэж билээ. "Чи бид чинь ийм л юм бичдэг шүү дээ" гэснийг яана.

Галсаа маань цэрэгт явчихсан байлаа. Тиймээс шинэ залуу авъяастныг тодруулах үүрэг надад даалгасан байв. Анх миний "Юу ч биш"-ийг тавих гэж Галсаа маань /том дарга байсан/ энэ нүүрийг санаачилсаан. "Юмыг чинь уншаад, сониндоо тавих эсэхийг шийдье" гэтэл Ану тавиулахгүй гэж надтай нэлээн булаацалдав. Би дийлсэн гэдгийг уншигчид мэдэж байгаа нь лавтай.

Тэднийд хэвтээд байсан чинь, бие сайжрав. Цойг бүгдээрээ их л эвтэй найртай дуулцгаалаа. Башлачёвыг ч мөн адил. Ташрамд, тэрбээр манай Уралын их сургуулийн оюутан байсан. Түүнийг мэдэж байсанд, Ану зохиолыг нь нийтэлнэ гэсэн үгнээс минь ч илүү баярлав... Маргааш нь ч билүү, редакци дээрээ очсон чинь, "Яасан ийсэн хүний өдрийн тэмдэглэл" гэх үг угтав. Заавал тавина гэж би уурлаад, бичээчид өглөө.

Маргааш нь летүчк болов. Мөнхбаяр болохгүй бүтэхгүй юм тавих гэж байна гэсэн яриа гарав. Хүрлээ эрхлэгч маань үзсэнээ, "Болох ч юм шиг, болохгүй ч юм шиг" хэмээн бодлогоширов. "Цохисон" эх над дээр ирлээ. Уншаад үзэв. Летүчк дээр элдэв асуудлууд яригдсаар. Харин Ану-гийн бүтээлээс эрх чөлөө мэдрэгдээд давгүй л байв.

Эрхлэгч "Зөв бичгийн алдааг нь засаадах" гэв. Би залхуураад залхуураад л 400 гаруй засвар хийсэн юм даг. Тэр чигээрээ л одоо хэвлэгдээд явж байдийм ш дээ. Ану ч ямар тэрийг тоох биш. Мань хүний зохиолыг нийтлэх гэхээр редакц огт зөвшөөрдөггүй байв. Аль ч дугаарт оруулж болдоггүй. Харин түүнээс дутуугүй "галзуу солиотой" юм бичдэг Сэргэлэнг болохоор зөвшөөрсөн. Ташрамд, Б.Сэргэлэн гэдэг энэ хүн авъяаслаг зохиолч болж болох асан ч, нийгэм түүний боломжийг нухчин дарсан билээ. "Нохой минь намайг идэв" гэхчилэн, гайгүй шүлгүүд байсан нь ор сураггүй болсон, мань хүн намайг алга хийсэн гээд байдаг. Гэтэл Галсаа маань цэргээс халагдаад ирэв ээ. Эрч хүч дүүрэн нэгэн гялалзаад байв. Би тэр үед "Хөдөлмөр" сонины дэргэд "Хөдөлмөр" гэдэг клуб байгуулалцаад байлаа. Сээгий, Аагий, Гэрлээ, Баатраа, Бахдлаа гээд нөхдүүд л дээ. Пийв их ууна, уран зохиол, улс төр ярьцгаана. Зав чөлөөгөөрөө мийсийн тэмцээн зохион байгуулна, нам ч байгуулна.

Галсаа энэ кпүбийг "Улаанбаатар" луу нүүлгэж авчиръя гэв. Аагий бид хоёр хуушуурдаж байхдаа, "Бид Бямба гараг болгомд дугаар хариуцан гаргаж байя" гэж ярилцсан. Би "Бямбыг нөгөөдхөөр нь юу гэдзг билээ" гэхэд тэр "Санчир" гэв. "'Санчир" клүб гэж нэрлэе хэмээсэн маань хэлтэс болж хувирав аа. Дарга нь би, тэгээд Галсаа, Аагий, Гэрлээ. Отгоо бид хэд орсон юм. Хурхаа, Төгсөө, Уугаа гээд хөөрхөн охид туслаад л...

Ингэж хүчтэй болчихоор, Ану-гийн өгүүллэг /тууж ч юм уу/ сонин дээр гарна биз. Тэгээд л гарсан. Нийгэмд бөмбөг дэлбэрэх мэт эффэкт үзүүлсэн байх аа. Үгүй ч билүу. Ану, бид маш их хүчин зүтгэлээр бүтээлийг нь гаргуулсан явдалд өчүүхэн төдий ч баярлаагүй. Хэ хэ гээд л "анааш манаашаа" татаад сууж байсан.

Харин миний "Зөвхөн бидний үдэш" өгүүллэгийг над руу утасдан байж, таалагдсанаа хэлж байсныг нь Галсаа гэрчилнэ. Б.Галсансүх, С.Анудар, С.Энхбаяр, Г.Аюурзана, Б.Сэргэлэн... гээд энэ хэдэн хүнд л таалагдсан байх аа.

Би одоо нэлээн согтуу байна. Замбараагүй бичиж байгаа байх. Галсааг Ану-тай танилцуулсан хүн нь би юм. Тэр үед ч ямар гар утас мутас байсан биш. "Чамайг би сонин хунтэй танилцуулна" гээд л дагуулж очсон. Ану байж байсан. "Ингэж бие биенээ бас олдог юм байжээ" гэж бараг уярмаар, тэгж их санал нийлж тэр хоёр уулзсан даа. Түүнээс хойш, энэ ховор хүн хамгийн сайн анд нөхөд болсон. Анугийн анд нөхөд хэн бэ гэвэл, би юуны өмнө Галсаа, Доржоо хоёроо л хэлнэ.

Ану-тай би олон удаа маргалдсан. Тэрбээр нэгэнтээ "Иисус Христос-сүперпиздец!" гээд л айхтар хараал хэлэе. Тэр үед би христийн шашинтан байсан. Барилцаж авах нь л холгүй юм болно. Бараг бүх юмыг тэр олон давхар мат-аар хараана. Бас л маргалдана. Гэхдээ бид хоёр муугүй л харилцаатай байлаа. Намайг байхгүй хойгуур, Ану, Галсаа, Соёмбоо, Баска нар "Шинэ цус-хязгааргүй хамтлаг" гэдэг нэртэй уран зохиолын бүлгэм байгуулан, намайг эчнээгээр элсүүлчихсэн байв шүү дээ. Тэгэхлээр "хам замууд" болчихож байгаа юм. Одоо тэр бүлгэмээ сэргээе гэтэл, Галсаа маань депутатын ажлаа хийгээд, Баска маань гишүүн Гандидаа туслаад, Соёмбоо маань сураггүй алга болчихоод, "тиймэрхүү" л байгаа.

Хүмүүс Ану-г дүүрчихсэн сүицидист гэдэг. Тэр, "30 гартал наслах бол адгийн завхайрал" гэдэг асан. Гэхдээ өөрөө 30 гартал наслах бэлтгэлээ хийж байсан юм шүү. Философийн судлалаар ул суурьтай явахаар бэлтгэж, урт үсээ тайруулж, бүсгүйтэй үерхэж, багшилж, уран бүтээл, уран зураг, уран баримал руу орсон байв.

Ану археологид гал халуун сэтгэлээр шимтсэн. Археологийн экспэдицид явж, газар дороос ганц өчүүхэн эд өлөг чболтугай опохдоо асар их баясдаг асныг найз, эрдэмтэн Уугий нь гзрчилнээ. Ану оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод зогсолгүй, иамайг баясгах нь, үндэсний үзэлтэн болсон юм.

Галсаагийн хүү төрснийг тэмдэглэхээр, Одгоо, Ану, Сээгий, Амгаа, Буянаа бид хэд очсоныг санана. Тэгэхэд бид бараг юм яриагүй. Ямар ч утгагүй орилолдсоор тарсан. Үүнд, Анугийн нөлөө тун их байв. Мань хүний эргэн тойронд тийм л юм болно. Тэр үед Ану Галсаагийн салхивчнаас зуурч байгаад, үсрэн байж шүлсээ хаях нь хөндлөнгийн бидэнд тун ч зүдэргээнтэй байсансан. Ану, Галсаа хоёр маань нийлж номоо гаргах болов оо. "Ану-гийн зохиолд шүүмж бич. Чи л чадна" гэж Галсаа маань хэлсэн. Цаадахь чинь дургүйцэх биз ээ гэхэд, үгүй, харин сонирхож байгаа хэмээн Галсаа хэлсэн билээ.

"Чи л чадна" гэх үг тэр үед надад илбийн юм ШЙГ нөлөөлдөг байсаан. Бараг зохиолоос нь идуү том шүүмж биччихсэн. Даан ч тэр шүүмж нас барсных нь дараа хэвлэгдсэн дээ. Ану тусч нэгэн байв. Би өрөнд орчихоод, герман хүнээс мөнгө зээлэх гээд, хүсэлт орчуулах хүн хайж явтал, түүний хайхрамжгүй, цэвдэгтэмээр байдал огт үгүй болж, "манайд очьё, ээжээр орчуулуулъя" гээд л намайг чирээд гүйчихсэн билээ. Дэлгэрмаа эгч /ээж нь/' хүсэлтийг маань орчуулж байх хооронд, надад маркны цуглуулгаа үзүүлэх нь яг л жаахан хүүхэд шиг санагдсан...

Түр амарч, "зуу" татан, кайф авлаа, би. Яриагаа үргэлжпүүлье. Ану-гийн сайн найз бол Доржоо. Эцэг нь Монголд Дэлхийн буддистуудын холбооны шугамаар олон жил суусан, панмонголист хүн байдаг. Сүүлдээ, Эрдэнэтэд консулаар суусан. Доржоо бид хоёр ч тун сайн найзууд байв.

Эцэг нь Эрдэнэтэд очиход, Доржоо маань гадаад оюутны байранд суух болов. Гэтэл тэр нь, Афганы Мажид, Румыний Робэрт нараар толгойлуулсан хар тамхины мафийн уур уурхай болсон байв. Вьетнам, камбожууд цэрэг нь. Монголд арав хорин жил мафийн ажлаахийгээд л суудаг байж дээ. Манай Ану ч тэднээс юм хүм авдаг байсан юм байх. Робэрт өөрөө надад тэгж хэлж байсан.

Мафийнхан оюутны байрны буриад оюутнуудад туйлын дээрэнгүй ханддаг байв. Олонх нь охид. Тэднийг зүүн өмнөд азийнхан дураар дарлана. Үүнийг Доржоо, Ану хоёр эсэргүүцжээ. Гэтэл мафийнхан Доржоог маань хоёр давхрын цонхоор шидэж, Ану-г үхтэл нь балбаад, шатны уруу өнхрүүлжээ. "Энэ байдлыг бичээч" гэж Ану над руу утасдан, би бичиж ч байсан. Доржоо эмнэлэгт хэвтэж, Ану долоо хоног гэртээ хэвтэж байгаад ендийв. Мансуурсан Робэрт Ану-тай их сургууль дээр тааралдаад, үг сүггүй балбаж нүдэж, алах дөхөхөд хэсэг монгол оюутнууд айгаад хөдөлж ч чадаагүй жигшүүрт явдал байдаг. Гэхдээ Уугий зэрэг найзууд нь мафийнхныг зодохоор оюутны байранд очиход, бүгд арын хаалгаар зугтсан л байдаг юм.

Доржоогийн маань аав, буриадын халуун цустай эр, оюутны байранд ирээд нэг вьетнам оюутныг хутгалсан ч байдаг. Ану маань шударга ёсны төлөө их сургуулийн захиргаа, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллээр их явсаан. Гэвч ямар ч ур дунд хүрээгүй. Авлига, харийн хулгайч дээрзмчдийн улыг долоодог явдал хэвшчихсэн байж ш дээ.

Виктор Цой бол Ану-гийн шүтээн. Цой "Зүү" гэдэг кинонд, мафитай ганцаар тэмцэгчийн дүрд тоглосон гэдэг. Би тэр киног узээгүй л дээ. Тэмцэгч баатар маань, өөрийг нь гарцаагуй алах мафийнхны дуудлага руу явж байгаагаар кино төгсдөг сураг дуулдсан. Ану мафийнхны тийм дуудлага руу, гарцаагүй үхнэ гэдгээ мэдэж явсан шиг байдаг. "Би та бүхэнтэйгээ аз жаргалтай байсаан. Баяртай" гэсэн бичиг үлдээгээд явжээ.

Рэнцэнтавхай найз маань ярихдаа, Ану-гийн усэрсэн гэх давхарт хүн амьтан зодолдон ноцолдсон, бүнкэрийн цонх нь хагарсан, шидүүлэхгүй гэж зууралдан тэмцэлдсэн бололтой цус нөж, шинж тэмдгүүд байсан гэсэн. Тэр уед Рэ найз маань Оюутны байгууллагын ч, үндэсний узэлтний байгууллагын ч дарга босс, идэвхтэн байсан учраас, асуудлыг ултай суурьтай судалсан юм билээ л дээ. Чингээд бид, 2001 онд хамтран бичсэн нийтлэлдээ, Ану бол амиа хорлоогүй, наркомафитай тэмцэж яваад эрсэдсэн гэх гаргалгаа хийсэн билээ.

Урьд өмнө би Ану найз маань ингэлээ тэглээ, би бас ингэв тэгэв гэж бичиж байсангүй. Энэ удаа яагаад ч юм бичмээр санагдаад... Нас барсны дараахан нь, ар гэрийнхэн нь "номыг нь гаргана, шүүмжийг чинь тавина, өмнөтгөл бичүүлнэ, сигнал уншуулна" гэж дуудсан. Очингуут л, ээж нь уйлж гарсан. Маш шимшрэм байлаа.

Ээж нь надад Ану-гийн зургийн цомог, өрөөг нь үзүүлсэн. Их л ойр дотно санагдаж байв. Пянз, кассэтуудыг нь өгсөн. Намайг харахлаар хүү нь санагдаад байх шиг байсан. Гэрийнхэн нь надад их л сайн хандацгаадаг байв.

Тэр үед нэг хэсэг би улаан архичин болсон байлаа. Тэднийд мөн ч олон удаа очиж хоносон доо. Ану-гийн өрөөнд, оронд нь. Гоё энээрг мэдрэгддэг байсаан. Үнэн шүү. Маш сайхан амардаг байсан.

Дэлгэрмаа эгч сайхан хоол хийдэг, ариун цагаан сэтгэлтэй эх, Санжаасүрэн ах нийтэч, боловсон, сэхээтэн хүн, Ану-гийн эгч Гэрлээ яриа хөөреөтэй, боловсролтой, нүдэнд их дулаахан, Гэрлээгийн охин Анулан хорвоогийн хамгийн хеөрхөн охин - ийм л хүмүүс байв. Анулан намайг согтуу хөлчүү очиход тоглоно гээд л Барби хүухэлдэйгээ аваад ирдэг байв. Хөөрхий Дөө.

Намайг "Ану-гийнхаа ерөөнд хоно" л гэдэгсэн. Диван дор нь байсан ертөнцийг Дэлгэрмаа эгч үзүүлсэн, Маш олон тоглоомон цэрэг, баримлын шавраар найзын маань шавсан дурсүүд дүүрсэн байсан юм шүү. Бараг би айсан.

Тэд, "Ану-гийн сүнс энэ хүнд шингэсэн" гэж боддог байсан байж магадгүй гэж санадаг. .Үнэхээр тийм ч байсан юм бил үу. Тэр үед надад Ану энд тэнд харагдах шиг, хүүе хаая гэх шиг болох нь хэд хэдэн удаа тохиолдсон.

Нэг удаа тэднийд очиход, Ану-тай уерхдэг байсан бүсгүй гээд, тун чиг хөөрхөн, өхөөрдөм ааштай охин сууж байв. Анулантай тоглож байсан. Дахин очиход, Анулинг хүүхдийн паркад тоглуулаад ирлээ гээд бас байж байв.

Бид хоёр I хороолол руу зам нийлэх болов. Заримдаа Ану-г үздэг хардаг болсноо хэлэхэд тэр цоглог бүсгүй зогтусч: "Знаешь, что? Мне издавиа кажется, что в тебе вселился душа Ану!" гэсэн билээ. Тэр бүсгүй бид хоёр их л ойлголцох шинжтэй үе байсан ч тэр нь тийм ч удаан үргэлжлээгүй юм. Ану-гийн сүнс намайг орхин одсон бололтой...

Саяхан нэгэн хүүхэд: "Танай 90 оныхон гэж юу байдаг юм. Тэр Анударын зохиол гэдэг чинь юуч биш. Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Сартрын Тэрострат", өөр юу юунаас ч билээ хуулсан өрөвдөлтэй зүйл. Та нарын багш ийм л байна" гэхчлэн агсрав.

Хэрвээ өнөөдөр Ану маань байсан бол, уран зохиолын том патриарх, олон улсын хэмжээний философич, улс төрийн нэрт зүтгэлтэн, үндэстний нэгэн лидэр, авъяаслаг зураач магадгуй рок-од байх байсан биз ээ. Ану-д миний хамгийн анх олж харан олзуурхсан, хамгийн тодоор мэдрэн ойшоосон зүйл бол хурц ухаан...

Түүний тухай мэддэг бүх зүйл минь энэ биш л дээ. Согтуу хүн юу дурсч шалихав. Пока!


Ч.МӨНХБАЯР. MMIX.VII.V







*АЛАГ ХОРВОО сониноос эрхлэгч болон зохиогчийн зөвшөөрөлтэй хувилан авч нийтлэв.

MОНГОЛЫН ТЭНГЭРТ ГИЙСЭН ХОВОРХОН ОД, ТҮҮНИЙГ БӨХӨӨХГҮЙ Л ЮМСАН


Бид ЗХУ-н /хуучнаар/ техникийн дээд сургуульд суралцаж байх үед Дэлхийн шатрын олимп болж манай сургуулийн мэдээллийн самбарт өглөө бүр тэмцээний тухай мэдээллийг бичиж тавьдаг байсан бөгөөд багш оюутнууд түүнийг хичээл эхлэхийн өмнө харцгаан бөөн шуугиан болцгоодогсон. Тэгээд хичээл эхэлмэгц Лекцийн багш маань бидний нэрийг тэнхимээс дуудан босгож манай Ү йтүмэн, Мягмарсүрэн нарын амжилтыг хэлэн баяр хүрэгдэг, бид ч их додигор байцгаадаг байж билээ. Хаа хамаагүй таньж мэдэхгүй эх орон нэгтний маань амжилт тэгж л бидэнд омойтох, бахархах сэтгэл төрүүлж, сурлага хөдөлмөрийн маань амжилтанд түлхэц өгдөг байсныг бодоход сонин.
Оросын ард түмэн тэр үед шатрыг оюуны спорт, урлага хэмээн үзэж, их дээд сургууль бүрийн дэргэд шатрын клуб ажиллаж, уралдаан тэмцээн байнга зохион байгуулж, бид ч түүнд нь идэвхтэй оролцдог байв. Тэр үеийн Оросын их мастерууд Таль, Смыслов, Спасский, Корчной, Карпов нар байнга хотууд, байгууллагуудаар явж, шатрын клубийнхэнтэй нээлттэй зэрэг тоглолтууд хийдэг байсан юм.
Шатар тэр үед Орос улсын их спортод том байрь суурь эзлэж байлаа. Одоо ч энэ байрь суурь нь алдагдаагүй биз ээ. Бид сургуулиа төгсөн хөдөө орон нутагт хуиарилагдан өдөр дутмын аар саар ажилд дарагдан шатар тоглохтой манатай байсаар уг спортоос хөндийрсөн боловч шатрын тухай мэдээллүүдийг байнга харж сонсдог, сонирхдог байв. Ялангуяа эх орныхоо шатарчдаас дэлхийн шатрын их мастер төрөхийг чих тавин чагнадаг байв.
Гэтэл 2000 оноос хойш нэг жижигхэн охины тухай том мэдээллүүд сонинд тавигдах боллоо. Тэр 10 насандаа шатрын дэд мастер, 12насандаа Монгол улсын спортын мастер, 13 насандаа ОУМ, 15 насандаа Дэлхийн шатрын спортын Их мастер болж нөгөөх бидний үлгэр домгын баатар шиг ярьдаг байсан алдартнуудын нэг болчихсон байх юм. Тэрээр 2005 онд Франц улсад болсон дэлхийн аваргын өсвөрийн шатарчдын тэмцээнд хоёрдугаар байрь эзлэн мөнгөн медаль эх орондоо авч иржээ. Дараа нь Ереван хотоос алтан медальтантай адилхан оноотойгоор тэргүүн байранд орсон боловч медальгүй ирж байсан бол Испанаас мөнгөн медаль, 2003,2007 оны Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан бөгөөд энэ онд Вьетнам улсын Хо-ши-минь хотод болсон Азийн бүсийн аварга шалгаруулах арван орны тамирчид оролцсон тэмцээнд 32 шатарчдаас тэргүүлэн алтан медалын эзэн болж, Дэлхийн эмэгтэй шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдын нэгэнд орох гайхамшигт амжилт гаргалаа.
Монголчууд дэлхийн Олимпын аваргуудтай болсон. Тив дэлхийд алдар нэрээ дуурсагсан алдарт тамирчдаар аривжсаар байгаа. Тэд бие сэтгэлийн асар их тэвчээр эр зориг, овсгоо самбаа гарган олон орны тамирчдыг ялж эх орныхоо алдар нэрийг дуурсгаж байгаа. Монголчууд бид түүнд нь баярлан хөөрч, Засаг төр маань шагнал урамшууллаа хайрлахгүй өгч байгаа.
Гэвч хүн төрөлхтний түүхэнд Олимпоос олон мянганы өмнөүү сч хөгжсөн, мэргэн цэцэн ухааны эх ундарга гэж улс гүрэн болгон хүндлэн дээдлэж, хөгжүүлэн дэлгэрүүлж байдаг, заримдаа манайхан хөөрхөөрөө монголчуудаас ч гаралтай гэж омойтдог энэхүү шатрын спортод хүч үзсэн эрчүүдийнхээ хүрээгүй оргилд нь арван тавхан насандаа хүрчихсэн энэ жижигхэн охин нөгөөх жипээр морь байлдаг, саяар ногоон амладаг баячуудын хараанд нь ч өртдөггүй, засгийн шагналын зах сэжүүрээр нь ч шүрэгдэггүй, дуугуй томойтойхон, даруухан инээмсэглэсээр дэлхийн дэвжээний оргилд тунч ойрхон оччихоод байнасанж. Тэр том тэмцээн нь ирэх жил болох бөгөөд түүнд эрх авсан тамирчид наана нь зургаан удаа өрсөлдөн бэлтгэл хийдэг, рейтингээ ахиулдаг ажээ. Рейтинг гэснээс Мөнгөнтуулын Рейтинг одоо 2440-тэй болж дэлхийн алдартнуудын эхнээс 43-т жагсаж байна. Энэ насных нь хэмжээтэй харьцуулаад үзвэл тун ч дээгүүр амжилт гэнэ.
Гэтэл одоо хүртэл олж авсан ивээн тэтгэгчгүй, онож сонгосон дасгалжуулагчгүй, Москва хотын ядруухан оюутан, Монгол улсын тэнгэрт гийсэн ховхорхон од мөдхөн нас 22 хүрч байгаа ч амжилт гаргах үеэсээ алслан холдох дөхсөөр байгааг эрхбиш ухаарч, энэ л үед нь ард нийтээрээ ахиухан дэмжээд, улс нийтээрээ уухайлан түрээд өгөх юмсан хэмээн хариугүй халаглаж, хөндлөнгөөс нь санаа зөвж энэ хэдэн мөрийг эвлүүлж суунам. Одоо есөн сарын сүүлчээр БНХАУ-д эхний тэмцээнд очино. Бусад орныхон хоёр гурван дасгалжуулагчтай, хорь гучуулаа шахам дэмжигчидтэйгээ очиж байхад манай охин болохоор ааваараа хөтллүүлэн, ээжээрээ үдүүлэн ганцаархнаа очоод л тэдний магнайд нь гарч тив дэлхийд Монгол хүний оюуны чадамжыг гайхуулсаар л хүрээд ирдэг билээ.
Энэ удаа ч тэгээд л ирэх байх гэж бид бүхэн найдаж байвч, олон олон тэмцээнд оролцох оюуны бяд нь хүрэлцэвч, орлогын эх үүсвэр нь хүрэхгүй, сэтгэлийн хат байвч, санхүүгийн боломж дутмагаас үнэхээр урьдах амжилтаа бууруулах бий, улс эх орныхоо итгэлийг алдах бий гэж халаглан, харуусч энэхүү оюуны их спортод тал өгдөг, дэм хайралдаг нөхөдийнхөө анхааралд өртүүлэхээр үүнийг тэрлэж байгаа нь энэ ээ.
Ганц дасгалжуулагч нь эцэг нь бөгөөд тэрээр ШУТИС-д багшилдаг, охиноо даган орон орон дамжин явсаар авч тэр энэтэй уулзах нь ховор, төр засаг минь гээд хушуу сунгаад гүйхгүй,өөрөө бизнес эрхлэхгүй, өргөн олныхоо дэмэнд болно доо хэмээн хэнэггүй цариалан явахад, Шатрын холбоо нь "Женко групп" шиг ивээн тэтгэгчтэй болоод, жирийн бус энэ охины амжилтыг ивээн тэтгээд оюуны энэ сайхан спортын оргилд нь гаргачихгүй юм болов уу хэмээн хажуунаас нь харж, "хар элгэн" хүн шиг хайхрамжгүй явтал ахиц өөрчлөлт нэг л дуулдахгүй байсаар ирээдүйн амжилтанд нь нөлөөлөх бий хэмээн ихэд харамсах авай.
Энэ жилээс эхлэн чадвал Дэлхийн нэртэй сайн Гроссмейстрүүдээс, ядвал гайгүй сайн дасгалжуулагч нэгийг хөлслөн дор хаяж зургаан сар дасгалжуулаад тавьчихвал мөн ч хэрэг болохсондоо хэмээн бодох юм.Гэтэл тийм хүний нэг сарынх нь төлбөр хамгийн багаар тооцоход 3000.0 ногооноос доошгүй бөгөөд ирэх очихийн зардал, байрь сууц гээд бишгүйдээ зардал гаргах бололтой юм. Зам мөрөөрөө яваа жирийн нэг оюутан охинд дааж давшгүй зардал боловч захын багахан шиг бизнесменд бол юу ч биш, бараг хармайнаасаа гаргаад л өгчих мөнгө л дөө.
Аль эртний энэ асуудлаа шийдүүлчихгүй яасан юм бэ дээ хэмээн эцгээс нь асууж зүрхлээгүй боловч мэдээж хэрэг, амжилт бүтээл, алс хэтийг нь харахгүйгээр хэн л ухасхийгээд гүйгээд ирэв л гэж дээ гээд л хэнэгч үгүй хэлээд ханхайж зогсох нөхөрдөө гэсэншүү юм бодогдоод өөр зуураа бухимдсан бухимдлаа хорьж дийлэлгүй уншигч олондоо хандаж байгаа минь энэ ээ. Саяхан Чулуун багш нь үүнтэй агуулга нэгтэй нэгэн сэтгэгдлээ " Ө нөөдөр" сонинд нийтлүүлснийг хараад одоо л ёстой яг цаг нь болсон асуудал биш үү хэмээн бодогдоод болдоггүй.
Манайхан хэн нэгнийг том амжилт үзүүлсэнийх нь дараа бие биенээсээ уралдан том юм амлан толгойлсон мөнгө барин гүйлдэх мөртлөө тийм амжилт гаргуулахын тулд туслаж дэмжих нь ховор юмуу даа хэмээн заримдаа өөртөө бодол эсгэн,өрөөл бусдыг шүүмжилмээр санагдна. Гроссмейтр /Дэлхийн шатрын их мастер/ гэдэг энэ цолыг хэн нэг аавын хөвгүүн, ээжийн охин аваад байдаггүй цол билээ. Зөвхөн ийм амжилт үзүүлснийх нь төлөө л нөгөөх алдартнуудаа шагнаад байдаг баатар гавьяат, мөнгөн шагналаа өгчихөж болох л байсан сан.
Ер нь улс төр шатар хоёр зэрэгцэн явсан тухай олон олон үлгэр домог, дурьдатгал дурсамж олны ам дамжин ирсэн байдагдаа. Тэгэхлээр тийм сайхан тоглоомоор алжаал юугаа тайлж суудаг хэн ч байсан энэ нэг хэдэн мөрийг сайтар шүүн тунгааж, өдрийн од шиг нэгэн удаа бидэнд олдоод байгаа энэхүү боломжийг алдахгүй байж эх орноосоо Дэлхийн аварга шатарчныг гаргах боломж хамар дор маань ирчихээд байгааг мэдэрч тус дэм болохыг хичээвэл ямар их буянтай сайн үйл болохсон билээ хэмээн мунхаглах амой.
Монголын маань олон олон сайхан эрдэмт хөвгүүд, энэхүү оюуны алжаалыг тайлан, сэтгэлийн цэнгэл эдлүүлэгч шидэт эм болсон эртний гайхамшигт тоглоомыг хүндэтгэдэг бизнесменүүд та бүхэн нэгэн удаа сэтгэлээ ивлүүлэн итгэлээ өгч энэ гайхамшигт охинд тус дэм болон Монгол хүний оюуны чадавхийг цэнхэр гаригынхаа сая сая хүний сонорт хүргэн алдаршуулах болтугай хэмээн ерөөе.
Энэ охины эцэг нь Доктор Профессор цолтой ШУТИС -ийн математикийн багш юм билээ. Холбоо бариарай. Мөнгөнтуулын данс нь:
Голомт банк -валютийн 1103022626 юм байна.

Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ



ЭХ СУРВАЛЖ: "МОНЦАМЭ МЭДЭЭ" сонин


*Энэ нийтлэлийг энд тавья гэж би их эртнээс бодсон юм.


Хэрэв тэр манай хөрш ч юм уу аль эсвэл миний дүү ч юм уу, эгч ч юм уу, бүр ядлаа гэхэд холын холын хамаатан байсан ч би үргэлж бахархаж бусдад ярьж явахгүй юу.


Гэхдээ л энэ "МОНГОЛЖИНГОО" бүсгүйн дэлхийн их аваргуудыг мад тавьсан мэдээг би үргэлж бахдан сонсох болно.

БААТАРХҮҮГИЙН ПҮРЭВСҮРЭН биелсэн яруу найраг байлаа...




Зүс бүгэг нэгэн хүмүүн намрын эхэн сард нартын тоосноос ангижирчээ.

УМ МА НЭ БАД МЭ ХУМ

/Нэвтрэх аваас буян санаж есөн удаа уншигтун!/





Диваажингийн цэцэрлэгт эрт заларсан анд минь “ХАР ОД” БАЙГААГҮЙ


Яруу найрагч Т.Баянсан


Эгэл тэр хүн зэгэл орчлонгоос алсарчээ. Сайхан монгол эр, шинэтгэгч хоолойтой яруу найрагч, будаг нухан нүд сэтгэл, оюуны тэжээл өгөгч зураач, сүм дуганыг эртний тиг ёсоор нь гэрэлтүүлэн босгогч уран дархан, номын сууринаа завилж ертөнцийн мөнхүүг тэмтрэгч бясалгагч, шашны шагшаа шар зүтгэлтэн, ардчиллын чин хөх, гүн тэмцэгч Баатархүүгийн Пүрэвсүрэн хоосон чанарт уусч, номын агаараар амьсгалжээ. Тэр минь нэгэн биед багтамгүй эгэл бус чанаруудыг маш энгийн бөгөөд эмх цэгцтэй хадгалж явсан ном ёсны хүн-баринтаг байсан юм. Байсан юм биш, байгаа юм, байсаар ч байх… гэсэн үгийг энд хэнээс л далдирахгүй хэлэхийг хүсэв би.

Ховдын Багшийн дээдэд намайг нэг жил “загнаж” байгаад явсан Г.Бадамсамбуу танилцаж амжаагүй бидний хэдэн нөхдийг нэгэн ном дээр уулзуулж, жижигхэн мөртлөө их зантай тэр дэвтрээ “Зүс бүгэг андууд” хэмээнгээ уран зохиолын ертөнц рүү шидсэн аврагч гранат мөн гэж билээ. Увсын тэр шинэхэн “долоон хар”-ын ахимаг нь Б.Пүрэвсүрэн, дүүмэд нь би. Бадмаас бусадтай нь уулзаагүй мөртлөө би “Манай Пүрэвсүрэн ийм, манай Цэнд тийм, манай Уянсүх ийн, манай Лхагвасүрэн тийн, манай Эрдэнэ ингэдэг” гээд л танихгүй найзуудаа танихгүй хүмүүст нь танилцуулж л явлаа. 1991 оны өвөл Увс аймгийн сонины эрхлэгч Г.Бадамсамбуу дарга болох шинж тэмдгийг цухалзуулж байхдаа “Нөгөө Пүрэвсүрэн чинь ирсэн. Орой манайд уулзацгаая” гэснээр түүнтэй анх нүүр тулан танилцсан сан. Тэгэхэд тэр маань Болдбаатар нарын зураач нөхдийнхөө хамт Парис хотод хамтарсан үзэсгэлэн гаргаад ирчихсэн, тэр тухайх дүрс бичлэгээ бидэнд үзүүлэхээр авчирсан байв. Пүрэвсүрэнг хараад л би сүрдсэн. Өөрийгөө илт голсон. Хачин царай муутай “амьтан” мөртлөө тийм хүнтэй зэрэгцэж нурмайчихаад, бас цор цорхийж байгаадаа би ичиж байлаа. Түүний үг яриа, намба төрх, гар хурууныхаа үзүүрийг яльгүй чамирхалтай хөдөлгөх, тавагтай идээнд хүрэх, хундагатай юманд хянуур дөхөх, алгаа хамтатган наманч байдал харуулах, гал гүйн гялалзсан тунгалаг хар нүдээрээ бодлогошронгуй харах, гэнэтхэн гутлынхаа түрийнээс судар шиг зузаан дэвтэр гарган элдэв дүрс тэмдэглэж, өнгө ялгах, эсвэл солгой гарын “эвгүйхэн” хөдөлгөөнөөр шүлгийн мөр таталгах, шовх харандаагаа шигүү үсэндээ дарж хадгалах, энэ бүхэн нь намайг шууд айлгаж, хоромхон зуур бишрүүлэв. Биржрүүтэй хүрэн даавуун дээлийг элбэгдүүлсхийж өмсөөд, Ринчин гуай, эсвэл Урианхай гуайн өмсдөгтэй төсөрхүү, хөх саарал гэмээр завсрын өнгөт малгайг торгон хар үс рүүгээ булхуулан хэлтгий тавьжээ. Их эвлэг харагдах буриад гутал өшиглөсөн нь бүх хувцастай нь найрсан байв. Гэхдээ түүний дотоод сэтгэл гялгар, хээнцэр бишээр барахгүй хэнтэй ч нөхөрлөж, хэнийг ч соронз шиг татах олон тэмтрүүлтэй, нийцтэй хүн болохыг нь би төдхөн мэдсэн юм. Сюрреалист урсгалын уран зургийн үзэсгэлэнг тэр эрхмийн бичлэгтэй хуурцагнаас анх хараад “Яасан зэвүүн юм хийдэг нөхөр вэ” гэж бодож байсан сан. Манай хэдээс Уянсүх, Цэнд хоёр тийм хэлбэр, дүрсийн гажилттай юм зурж эхнэр хүүхдүүдэд шоолуулж байсан нь бас л Пүүгийн нөлөө. Мань эрийн реалист зургууд гайхалтай учраас тэр үед түүнд реализмыг “эвдэж хэмхчих” эрх бүрэн олгогдсон байсан гэж би боддог. Тэрхэн үеийн богинохон уулзалтаас цаашаа Пүүг маань чиргүүлтэй машин хөлөглөн одсон сон. Өндөрхангайдаа тэрслүү цагийн хоморгонд нураагдаж, сүйдэн үгүй болсон Гандандаржаалин хийдийг сэргээхээр зорьж, Хартарвагатайгаас нүүрс татах замдаа тэр надад нэг иймэрхүү сэтгэгдэл үлдээгээд явсан даа.

Жил гаруйгийн дараа хот руу зорчихдоо тэр Уянсүхтэй хамт ирж, хэдэн шүлгийг минь авч яваад “Ил товчоо” сонины нэр хүндтэй буланд нийтлүүлснээр хотын залуусаас би “айхаа” больж билээ. Найз нөхдийнхөө зохиол бүтээлийг хүмүүст хүргэх гэж тэр хичээнэ. Бодсоноо тойруулж цагираглахгүй түс тасхан хэлчихнэ. Цэндийн нөгөө “хэрцгий” номуудын эхнийхийг нь өврөөсөө мөнгө гаргаж хэвлүүлж байлаа. Бид хэдийг орон нутагтаа байхад Пүүг л шинэ мэдээлэл, содон юмаар цэнэг өгнө. “Надад нэг сүрхий бор хүү бий. Одоохондоо миний шавь ухаантай. Түүнийг гайгүй яваад байвал эсрэгээр нь шавь нь болдог юмуу гэж бодох юм” гээд түсхийтэл инээд алдана. Тэр бор хүү нь Битогтохын Цогнэмэх л дээ. Хожим нөхөд маань бүгдээрээ хот хүрээ бараадаж, бид хоёр агуу их Парчин, Лу гүний голомтыг сахиж үлдсэн “нутаг амьтай аав”-ууд болж, хэсэгхэн халзагнаж ч явлаа. Тэр ажил ихтэй тул аймгийн төвд жилдээ ганц хоёрхон ирнэ. Энэ үед л бид хоёр бяц авна даа.Нэг удаагийн ийм “агуу нээлттэй” үеэр мань эр хамаг бие сэтгэлээ хөвчилж байгаад цахиур чулуу шиг усан хөх судалтай цагаан аялгууг зүрхнийхээ гүнээс хангинуулан урсган дуулсан юм. Сонсууштай, солгой хоолойтой биш бол дагууштай байлаа. Норов ах маань хүртэл дагаад хяхнаж байсан гээд бод доо. Пүүгээ Лу Жанжин гүний алдарт сайвар халтарт зориулсан шүлэгтээ өөрөө ая хийсэн нь тэр байв. Дуучин нь бас өөрөө байсныг бодоход тэр, монгол эр хүний “адуутай ухаан”-д нэвчсэн нэгэн гэдгээ надад харуулж, өдсөн хэрэг.

Андынхаа тухай чихэнд чимэгтэй сургийг газрын хаанаас ч сонсдог байв. Пүрэвсүрэн Дэлгэрийн овоонд өвлийн ид хүйтнээр нямба хийж, бясалгаж байна л гэнэ. Ар халхын Амарбаясгалант хийдийг сэргээлцэж яваа нь ч бахархам. Завхан аймагт суварга босгож, Бороохойн Батхүүтэй дөрөө харшуулж ч дуулдана. Ховд аймгаас мотоцикль унасан лам ирж, хийд байгуулахад туслаач гээд сундалж явсан л гэнэ. Хотод Гандан хийдийн хашаанаа нутгийн ах Гүнчин-Иш ламын хүсэлтээр суварга босгож байгаа л гэнэ. Холын сураг ийм зэрэг байхад ойрын ажлууд нь Ханхөхийгөө нар зөв тойрсон, сүм хийд, дугана суваргаар эрхи гүйцээсэн хандлагатай байлаа. Гандандаржаалин хийдийг барьж, байгуулахад үнэн сэтгэлээсээ тусалсан Мэндээд “Дүү минь бид жинхэнэ буян үйлдэж чадлаа. Чи минь муу явах учиргүй боллоо шүү” гэж сэтгэл хөдлөн хэлж байжээ.

Түүнд “хэрэггүй” хүн гэж байсангүй. Хүнийг муу сайн, мунхаг цэцэн гэхгүй адилхан хүндэтгэж харьцана. Энэ нь хуурмаг гоё биш, жинхэнэ зүрх сэтгэлээсээ. Анд минь намайг Сэлбийн гүүрээр зорчиж, сэхээтнүүдийн хаалга онголзуулж, сэржмийнх нь юмнаас хороож явахад хотод нэг ирсэн юм. Тэр л бид хоёрын сүүлчийн уулзалт байжээ. Бадамсамбуу Монголд “түр оршин суугч” тул харьяатын асуудал мэддэг газраас “хөөгөөд” уулзуулаагүй, Уянсүх Ховд, Дарханы хооронд тэлээлж “сүүлээ” моодгонуулаад баригдаагүй, Цэндийг дарга нь “муухай хараад” явуулаагүй, Эрдэнэ японы мал аж ахуйг хөгжүүлээд эзгүй, ийм үед Ханхөхийн хангалуун билэгт уулнаас түмэн бахархалт голомтыг сахигч, туурвигч маань ирсэн юм. Ц.Очирбал нарын зураач нөхөдтэйгөө хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохиролцох зэргээр бас бус ажил амжуулан, надаас “бултаж” хоёр хоносон байх. Мань эр тэссэнгүй л дээ. “Уулзаагүй удахаар уур чинь хүрч байв уу. Тусгүй хүн юм гэж бодов уу” гэсээр утасны цаанаас дотно сайхнаар инээж байв. Пүрэвсүрэнд маань найз нөхөд, хайрладаг хүндэлдэг, харамладаг хамгаалдаг хүн үй олон байлаа.

Тэр зун нь нутгаа санасан өвгөн хүн Пүрэвсүрэнгийн хийдэд мөргөх гэж зорьж очсон байж. Тэр өвгөнтэй заавал уулзана гэж намайг дагуулж гэрт нь очлоо. Хийдийнхээ ойр тэр өвгөнд ямар ч чулуугаар гэнэв, дурсгалтай хөшөө хийж өгөх юм болоод явчихав. Цагтаа нам засгийн өндөр алба хашиж явсан өвгөн биднийг явахад хуучны ухуулга сурталчилгааны зурагт хуудсууд бөөн бөөнөөр өгч “их хэрэгтэй зүйл шүү” гээд үдэв. Би ч тэндээс гарангаа “Цаад өвгөн чинь сийрэг толгой байна. Өөрөө хаях ёстой хогоо бид хоёрт тэврүүлээд гаргадаг байна шүү. Дээр нь бас үнэ өртөггүй гэрэлт хөшөө… Аа яа яа” гэсэнд Пүүг маань сүрхий уурлаж билээ. “Чи ийм цээж хорсгосон үг хэлж байдгаа боль. Тэр хүний сайхан сэтгэлийг чи олж харсангүй юү” гэж билээ. Пүүгийг уурладаг юм байна гэж тэр үедээ шоолж байснаа санахаар дотор харанхуйлсан энэ гашуудалт өдрүүдээс гэрэл гэгээг олж харах мэт болном.

Хүнд сэтгэлийн шан өгөх дуртай. Дууны найргаар цахиур хагалсан Бадамсүрэнтэй “намба алдан” түрүүлж уулзаад “Юм хүртдэггүй хэвээр биз дээ, гэсэн ч яахав. Магтаал нэртэй идээ байдаггүй юм байна. Ерөөл гэнэ үү, үүнийг” гэн барьж, дүү Мөнхжаргалаас нь “Нөгөө Хайкуны ном яасан бэ” хэмээн нэхэж шахаж амжина.

Тэр маань яруу найрагчийн хувьд уянгалах дургүй. Маш эрчимтэй, хөдөлгөөнтэй үгсийг сонгож шүлгээ бичнэ.…

Хар дарсан гуниг халамцуу

Хал үзсэн зүрх долгомцуу

Халуун намрын шаргал талд гээж орхисон

Цэнхэр сүүдэрт

Цагаан шоо дөрвөлжин… шүлгийг нь хориод жилийн дараа хэдий ч би эргүүлж, өнхрүүлж шиншлэх дуртай. Энд далдын нэгэн ур, увидас нуугдан, түүнийг нь гүйцэд мэдэрч чадахгүй байгаа мэт санагддагаас тэр.

“Оргүй хоосны тошин дээр

Мөнх бусаар инээж

Овилго зовлого хоёр

Үйлийн үр цавчина

Шалир шанзны утсанд

Үхлийн зараа тэнүүчилж

Шаргал авсны аманд

Амьдын жороо банжина” гэж хоосон чанарын зүсийг над мэтэд зааж өгч байсан бол,“Гомдол” шүлэгтээ

Нүд-чулуу

Нулимс-галуу нисгэж

Дурлажээ гэх харцанд

Дун хорхой эвхэрнэ гэснээрээ шүлэг зохиолд дурлагсад, яруу найрагч гэж өөрөө үсчин өргөмж үмхэж, хахаж цацан орилогсдоос тэр минь онхи ондоо нэгэн болохоо харуулдаг байлаа.…

Нэгэн үзүүрт сэтгэлээр

Чулуун ханыг ч цоолно

Нэгэнт одсон андаа бодохоор

Хүрэл зүрх ч хайлна… гэсэн нулимст үгс чанх дээр тэмдгэрч, дорнын тэнгэрт удаа замхарсны далан жил инээмсэглэж, “Бид ялав” өнгөө засан гялалзсан бороотой өдрөөр ийм сайхан анд минь худал хуурмагийн энэ орчлонгоос ангижрав.

Уран зохиолд дүрэлзсэн мэт хуурмаг дүрс царцаж, хөлдүү нулимст шүлгүүд хөвөрч байх тийм цагт бид анд болцгоосон сон. Монголын утга зохиолыг өөр болгоно гэж зорьцгоосон сон. “Зүс бүгэг андууд” бид ялаагүй юм гэхэд хөлгөн анд, нөмөрт уул Пүрэвсүрэн минь магадтай ялсан. Ялаад зогссонгүй ялж төгс нөхчлөө дөө. Өрлөг Ханхөхий, өнгөт Увс нуураа зорихын цагт анд бид чинь хэнтэйгээ уулзаж, хэнтэйгээ хөхрөлдөж, хэнээрээ хийморийн сан тавиулж, хэтээ даах эрч хүчийг авах билээ дээ. Сайхан анд минь диваажингийн ариун цэцэрлэгт дэндүү эрт заларсан ч хар од байгаагүй, хамгийн гэрэлтэй нь байсан юм. Би түүнийгээ санаж санагалзахдаа хотын утаат гудмаас нэг шүлэг илгээж байсан сан.

Хангайн цэцэрлэгт

Завилгаат ноён

Пү суудал нурааж өндийгөөд

Хандгайн нүдэнд уригдан орж

Түүнийг улам бөгтөр болгоном

Эвэр нь халгай шиг цэцэглэхүй дор тэнгэр бороошиж

Энэ нь малгай биш болохоор норохыг шилгээнэм

Хилэгнэж гэмээ нь хэн ч тэсэлгүй зугтах дүр

Хийморийн сан тавьж

Миний хундагыг дүүргэхүй дор

Эхнэрээсээ айгаад гэртээ ороогүй цагда

Эцсийн эцэст бидний төлөө хүйтэн гудамд хононом

Бийрээ зурж

Солин туурвих нь зүрх гаслант

Билгээ нууж

Болин дарвих нь эрх чөлөөт

Саран дээр ийм л хүн нуруу үүрэн

Алхаж явмаар

Саахалтын зайнаас

Ангижралыг олсон уран Пү







/"Үндэсний шуудан" сониноос авав/

Намайг хөрсөн хорвоо гэж нэрлэлээ...


Миний заасан аяар
Шувууд дуулж эхэллээ
Миний явсан замаар
Хүмүүс цувж эхэллээ

Амьсгалах чимээг минь
Бурхны хилэн хэмээлдэж
Алдрыг минь дуудахдаа
Чөтгөр, чөтгөр гэлцэж

Намайг хөндлөн гулд хэрж эхэллээ
Намайг хөрсөн хорвоо гэж нэрлэлээ.





2007 он Улаанбаатар

Өвдсөн газар эдгэж...


Өвдсөн газар эдгэж
Өдгөө зүрх тэнд хэвийн
Жигдхэн цохилж
Аргал бишгүүрийн дүлийрэм
Гоцлол дор
Танхил охин
Эрээн оймсоо тайлсан
Тэр агшинд
Өр хөндүүрлэл нь
Өнөд үлдэж
Зүхэл заналтайгаар
Модод гөлөглөж
Зүрхийг минь зүсэх
Гэж зориудаар
Навчисаа гөвнө.
Гансармаар бас нэг
Намуурыг би
Гараар зүрхээ даран
Ёслол төгөлдөр
Угтаж байна.

Хэн ч чамайг тосохгүй

Хэн ч чамайг тосохгүй энэ хотод
Хэрэгтэй хүн чи мөн үү? Харц чинь
Хэлж байна. Үйл хөдлөл чинь
Хэлж байна. Үгсийн аймаг
Чиний гутрал, цөхрөлд
Чиний гутрал, цөхрөлд үнэхээр багадаж байна.
Хайрлах, ойлгох сэтгэл, хүсэл
Хүн болгонд заяасан ч үзэл бодол
Хүсэл зорилгын зөрөө холдуулж байна.
Хөндийрүүлж байна. Харамсалтай байна.
Хүн бүхэн энд юу ч юм эрж ирдэг гэлцэнэ.
Хайж ирдэг гэж байна. Хангалттай.
Хөрсөн кофе, хатаж байгаа талхны булан
Хүйтэн харц, хатуу үг, хямдхан янжуур
Халуун сэтгэл, дотно итгэл, догдлох зүрх чинь
Хэн ч чамайг тосохгүй энэ хотод
Хэрэгтэй хүн чи мөн үү? гэж
Хачин уйтгартай асуухад хүргэж
Байна. Байна ч гэж юу байхав
Бодит байдал бол байна гэсэн үг. Байна.



*Б.Галсансүх "Бурханд хэлэх зөвлөгөө" 288-р тал.

ГЭГЭЭН ЗҮГ...


Санан дурсахын эхэнд,
Яруу найрагч ИЧИНХОРЛОО-гийн “ГЭГЭЭН ЗҮГ” ном надад зургаан жил хадгалагджээ. Гэтэл, энэ ертөнцийг дөнгөж энэ намар л өөртөө нээв.


Тун хөдөөний шүлэг

Хөндлөн...хөндлөн...уулс
Хөх суунаг татах Хөдөө минь
Хүрэл царайтай залуус нь хөндлөн
Хүлээхэд хэцүү тангараг нь хөндлөн
Хөөрхий багаас минь мэдэх
Хөдөө...хөдөө
Чамаар дутаж зовоход
Надаар үл дутах
Зүс нь хатуу
Зүрх нь зөөлөн
Хөдөө...
Түнхэл...түнхэл...уулс
Түрэмгий аялгуу цовхчих
Хөдөө минь
Харцагын жигүүрийн салхи нь эрэмгий
Хавийн охид баахан итгэмтгий
Хөөрсөн морины шиг
үг нь задгай
Хөдөө...хөдөө...
Хавраар даахийг минь үнэрлэж
Намраар даахийг минь үүрүүлэх
Эхлэл төгсгөл хоёрыг минь
Энгүй мэдэх
Ээ , хөдөө.
* * *
Манан дундах сар шиг
үзэсгэлэнтэй болоод цонхигор
Магад миний таних гунигт нэгэн шүлэгч
Өдрийн турш тэнүүчлэх нь Өрөвдмөөр өө
Бичсэн шүлэг нь хор шиг хүчтэй болоод үнэн
Би түүнийг шүтдэг ч хувь тавиланд нь атаархдаггүй
Нулимсаа дотогш асгасаар хув хуурай болсон
Нууцлаг түгшүүртэй нүд нь гүн шөнө шиг аймшигтай.
Амьдралд тэр дурлахгүй
Архинд бас шунахгүй
Гоо охидоос уйдсан
Хаа очихоос залхасан
Үзэн ядаж сураагүй хүлцэнгүй болоод тайван
Үнэхээр түүнийг хайрладаг ч гар сунгаж чадахгүй
Шинийн сар шиг дундуурхан итгэлтэй түүнд
Шийдсэн үхэл алдар нэр шиг хэрэгтэй.
Нялх дуун

Жижигхэн шүлэгч нь тэнгэрлэг
Жимсний модноос навч тасраад
Жилийж одох шиг тийм хүлцэнгүй
Жирийн амьдралдаа тэр дургүй
Жижигхэн шүлэгч нь тэнгэрлэг ээ
Эвий шүлэгч нь гэнэхэн
Эрт хавраар нутагтаа яаруу
Энэ гэнэхэнд дэндүү хөнгөмсөг
Эгэлхэн амьдралдаа даан ч дасаагүй
Эвий шүлэгч гэнэхэн ээ
Ай шүлэгч бардамхан
Амраг сэтгэлд ямагт мэхийгээд
Аясхан үгэнд хууртах нь хэцүү А
мьтны л дэргэд уйлах дургүй
Ай шүлэгч бардамхан аа.
Нээн үгүүлэхийн эхэнд, Тэр анхны номоо тайзан дээр мандаж явсан 1990-ээд ондоо биш 13 жилийн дараа, алга ташилт намдсан бодрол ухаарлын эхэнд хэвлүүлжээ.
Бодрол ухаарлын эхэнд, Нандигнан хайрладаг олон номны минь эхэнд 200... хэмээх тоо байх юм. “Очирт уулын бичиглэл”, “Ганцаардлын дасгал”, тэгээд “Гэгээн зүг...”; 90-ээд оныхон нэгэнт номоо ботилоод эхэлжээ. Тэд санан дурсахын эхэнд иржээ.
Санан дурсахын эхэнд.

* * *
Дүн шөнөөр
Гэв гэнэт
Хуучин бишгүүрийн дуу хангинаж
Цочсон шувууд
Чиг зүггүй
Шидсэн чулуу шиг бараа тасарлаа
Мөрний захад
Дурласан залуу
Мөнгөн урсгалын гүн рүү ширтэн
Амьтны тухыг
Алдуулж буйгаа
Анзаарах сэхээгүй бишгүүрээ үлээсээр л
Дүн шөнөөр
Гэв гэнэт
Хуучин бишгүүрийн дуу тасарч
Үүрэглэсэн мөрөн
Уулгалан цохиход
Эзэнгүй бишгүүр л эвийлэн гасаллаа.


Намар цагийн шүлэг

Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Дөрвөн хаврын ногоо гандаж одохын үесээр
Дөлгөөн нүдэн чамайгаа санаж суухын аясаар
Уяхан замбуутивийн наран одод хотлотол жаргадаггүй
Урьхан зантай ижий минь наддаа зовоод тайтгардаггүй
Ирж яваа намар цаг гэдэг
Ижийн минь үсэнд буусан мөнгөн хяруу шиг анзааргагүй
Дөмөн гишгэдэлтэй мориныхоо эр хар алхаагаар
Дүүрэн жаргалтай найрын ид хав дундуур
Халамцуухан мордоод хөх уулсаа зүглэхэд нь
Харилгүй горьгүй, хөгшин хэцүүднэ гэж зүтгэхэд нь
Нутгийн өвгөдөө өрөвдөөд нэг уйлчихна
Нулимс дутсан хорвоо бишдээ, больчихно
Ай, энэ намар цаг гэдэг
Аав минь хааяа аялдаг
Эр бор харцага шиг гэгэлгэн.
* * *
Өвлийн ойд түүдэг ноцоон
Өнгөрсөн дурсамжаа шатааж суухад
Хачин анхилуун цэнгэг санагдана
Хайр чинь ийм сайхан байгаагүй
Өрвөлзсөн дөл улайран дүрэлзнэм
Үнсэлт чинь ийм шунамгай байгаагүй
Түүдгийн галд дорхиноо дулаацаад
Түгшүүрээ мартан эргэж дурсахад
Үдшээр чиний аргадаж гуйсан
Үг чинь ч ийм халуун байгаагүй.

Хоосрол гунигийг нөхөж Хорсол атааг даран чадагч Эгшиг найраг минь. Эгшиг найргийн охин тэнгэрүүд минь.
...ТЭНГЭР ӨРШӨӨ...


Намрын дуун

Цамрын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө
Холын зам саравчилж
Хоёр нүдээ чилээх вий
Хонгор ижийдээ үр нь
Хойтон хавар ирнэ
Алсын зам тосож
Аясын салхинд жиндэх вий
Амраг ижийдээ үр нь
Арван тавдаар очно
Хөдөөгийн салхи нь задгайхан байдаг даа
Хөлөө л сайн хучиж байгаарай
Ижий минь наддаа ганцхан шүү
Эрхэм биеэ хайрлаж яваарай
Үгийн сайхан цээжинд багтдаг ч
Өлгийн бүүвэйнд багадна гэнэлээ
Сайхан хүү нь аргадавч
Санаа нь дандаа ууланд гэнэлээ
Холын зам саравчилж
Хоёр нүдээ чилээх вий
Хонгор ижийдээ үр нь
Хойтон хавар ирнэ
Алсын зам тосож
Аясын салхинд жиндэх вий
Амраг ижийдээ үр нь
Арван тавдаар очно
Цамрын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө.


...Маргааш, гэрээсээ хотыг зүглэн мордоно...
...Ирэх хавар л дэндүү хол бодогдоно Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө...
...ТЭНГЭР ӨРШӨӨ...

Люмпенпастух-4


/Зохиогчийн “Зөвшөөрөл-Хүсэлтээр” нийтлэв./



(1995-2000 он хүртэлх уран зохиолын төлөв)


Good buy? Тийм ээ би оюутан ахуй насаа орхиж мөн уран зохиолыг танин мэдэх гэсэн оролдлого хийх, цаашид энэ мтчилэн үргэжлүүлэн бичихээ болихоор шийдлээ. Гэхдээ бүрмөсөн больчихож байгаа юм биш чухамдаа маргааш нөгөөдөр ойрын тав арван жилдээ бичихгүй гэсэн үг. Түүнээс биш өдөр бүр өнгө төрхөө өөрчилж шинэ шинэ утга санаа хэлбэр загваруудаар баяжиж буй МУЗ-н дэргэдүүр өнгөрөхдөө малгайгаа авч байх ба түүний идэвхтэй уншигч ажиглагч шүтэн бишрэгч хэвээрээ л байх болно. Үүний өмнөх өгүүллүүдэд Люмпенпастухын тухай нэлээдгүй ярьж бичсэн авч чухам яг түүнийг “Юу вэ?” гэдгийг төдийлөн тайббарлахыг хичээсэнгүй. Нотлохыг ч нэг их яарсангүй. Энэ бүхэн шинжлэх ухааны бүтээл, ямар нэгэн задлан шинжилгээ, баталгаа нотолгоо аль нь ч биш бөгөөд зөвхөн санаа бодол, “Хувь хүн”-д хамаатай байсныг л хэлэх хэрэгтэй болов уу.
1940-өөд оны дунд үеэс эхлэн крилл бичигт шилжин, улмаар албан хэрэг сонин бичиг бүхий л зүйлст хэрэглэх болсон төдийгүй, тун ч удалгүй бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан билээ. Энэ үеэс эхлэн утга зохиолын хэл танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, найруулаг зүй, адилтгал зүйрлэл, түүгээр дамжин илрэх сэтгэхүй мөн л тэр хэмжээгээр өөрчлөгдөж “Люмпен” болж эхэлсэн юм. Тийм болохоор бараг саяхны гэж хэлж болох ЛПУЗ-д яаран дүн шинжилгээ хийлгүй нээлттэй орхих нь зүйтэй санагдана.
Харин өмнөх өгүүллүүд хамрах цаг хугацааны хувьд харьцангуй дурсамжийн буюу өнгөрсөн цагийн тухай шинжтэй байсан бол эл зайг өөрөөр хэлбэл яг л өөрийнхөө амьдарч буй үеэс эхлэн цааших уран зохиолын чиг хандлага ямархуу янзтай төлөвшиж болохоор ажиглагдаж байгаа тухай цөөн хэдэн үг хэлэхийг зорив. Ер нь уран зохиолын амьдралд анхлан хөл тавьж буй хүмүүс ихэвчлэн идэвхтэй уншигчид байдаг. Тодорхой хугацаанд их уран зохиолоо уншиж ерөнхий боловсролын сургалтын программыг үзэж гүйцсэн тэдэнд яг цаг үедээ хамгийн тэргүүний шинэ соргог этгээд хачин байгаа зүйлсийг сонирхож, суралцаж, улмаар түүнийг даган дууриах зэргээр гараагаа эхэлдэг харин өнөөдөр, өөрөөр хэлбэл ерөөд оны дунд үед уран зохиолын амьдрал нам жим болж эхэллээ. Энэ нь 1996 онд сонгуулиар “Ардчилсан хүчин”-ийнхэн засгийн эрхэнд гарч, хүмүүсийн аж амьдрал харьцангуй тогтворжиж “Хуучин” нь мөхөх тавиангаа хүлээж, “Шинэ” нь ялалтандаа мансууран элдэв “Үдшийн цэнгээн” зохиох болсонтой ч холбоотой байж болох юм.


Нийтлэлийн уран зохиол.

Ер нь өнөөгийн уран зохиолын төрөл зүйлүүдийн дотор хамгийн идэвхтэй хөгжиж буй салбар бол баримтат уран зохиол юм. Гумилевийн “Хар домог”, Солжиницины “Гулаг олтриг” зэрэг зохиолууд хамгийн томоохон жишээ болж болох юм. Түүхийг нөхөн сэргээх юм уу, түүхэн баримтыг боловсруулж аман түүх, түүхэн баримтуудыг харгалдуулан дүн шинжилгээ хийх, баримтыг боловсруулан ёгтолсон егөөдсөн байдлаар ШУ-ны хялбаршуулсан зохиол бичих арга ШУ-наас хэдийн халин гарч уран зохиолд ихээхэн хэрэглэгдэх боллоо.
Зохиол бичихийнх нь төлөө улс мөнгө өгч, ямар аргаар хамаагүй хэвлэгдсэнийх нь дараа бас хэдэн байшинт өгснөөр амьдардаг буюу хэвлэгдсэн номыг нь Улаанбаатар хот дахь “Book center”-үүдээс дуртай дургүй худалдсан авдаг (“Уншихгүй бол хүн мөхдөг”, тийм учраас уншихын тулд бус уншиж байгаа харагдахын тулд худалдан авдаг) систем задран унаж оронд нь “Сонины дэлбэрэлт” болсноор монголчууд бид харьцангуй их уншиж эхэллээ (өнөөдөр албан бус мэдээгээр 300-аад сонин гарч байгаа бололтой). Тэгээд хүмүүс өөр өөрсдийнхөө хэрэгцээгээр уншиж эхэллээ. Үнэн зөв мэдээлэл авъя гэвэл “Ардын эрх”, “Өнөөдөр”, эротик зохиол уншъя гэвэл “Халуун хөнжил”, “Тодорхой нууц”... хов жив сонсъё гэвэл “Шар сонин”, “Хувийн амьдрал”... гоо сайхны таашаал авъя гэвэл “Афродита”, “Өчигдөр” гэх мэтчилэн уран зохиосон, урнаар зохиосон, уран сайханжсан зүйлүүдийг унших боллоо. Угтаа энэ систем нь урьд систем задран унасны дараагаар нийгмийн хог дээр хаягдсан люмпенгүүд эсвэл удирдлагатайгаа таарамж муутайн улмаас орон тооны цомхотголоор халагдсан зэрэг “Уран сайхан” жиргэгчидээр эгнээгээ өргөжүүлэн тэдний “Стресс”-ээ тайлах талбар (хэвлэл мэдээлэлийн салбар) нь болж хувирлаа. (Үнэнхүү 100% сэтгүүлчид байгааг үгүйсгэх юу байхав???). Ингээд уран зохиол илэрхий хэрэглээний утгаар амжилттай хөгжиж эхлэв.
Б.Баабарын “XX зууны монгол, нүүдэл суудал, гарз олз”, Б.Цэнддоогийн “Ерөөд оны Тунгалаг тамир” фельетон, Ц.Баярхүүгийн улс төр судлалын өгүүллүүд ихээхэн сонгодог төвшинд хүрсэн “Нийтлэл”-ийн уран зохиолын гол төлөөлөгч болон тодроч гарч ирлээ. Ерөөс миний хувьд энэ салбарын үндэслэгч нь Баабар юм. 80-аад оны сүүлчээр түүний “Бүү март, мартвал сөнөнө” хэмээх ном нь гарсан үеийн дурсъя. Тэр зохиол гарснаараа монголчуудын “Оросыг үзэх үзэл”, “Их гүрний дээрэнгүй бодлого”-ыг ойлгоход төдийгүй Оросын цэргийг нутгаасаа гаргахад нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн. Тийм ээ, ямартай ч түүхэн үүргээ гүйцэтгэж чадсан. Дараа нь “Цог” сэтгүүлийн 1991 оны 4-т хэвлүүлсэн “Чи, “Хаан шалдан байна” гэж хашгирч чадах уу?” өгүүлэл ганц Доржготовыг ч бус монголын уран зохиол урлагт нэлээдгүй хүнд цохилт өгсөн юм. Тэр өгүүллээс уран зохиол судлалын “Шинэ үе” эхэллээ. Гэхдээ энэ “Шинэ үе” юугаараа шинэ байв? Хэн ч билээ нэг ухаантан “Өнгөрснөө чи гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэдэгтэй адилхан байлаа. Үнэхээр ЛПУЗ-ыг бүтээгчид ихээхэн үнэ цэнээр бий болгосон (алж устгаж эвдэж, нурааж) бол түүнийг нь шууд түүхийн хог руу чулуудаж орхих нь их буу, бүр лазерийн дуран хараатай буугаар тэднийг буудсанаас ч долоон дор юм боллоо. Үнэндээ тийм биш юм. Хэдийгээр Баабар үнэнийг зоригтой шүүмжлэлтэй хэлж чадсан ч чухам яг юу хэлэх гэснийг нь ЛПУЗ-оор хүмүүжсэн “Хагас боловсруулсан бүтээгдэхүүн”-үүд нэг их олигтой ухаж чадсангүй. Тэд зүгээр л нулимж байна. үсээ ургуулж монгол дээл өмссөнөөрөө тэд Баабарын хүсч байсныг хийж чадсангүй. Өнөөх л “Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэвээрээ үлдэж “Юу ч биш” зүйл бүтээж эхэллээ. Энэ бол нийтлэлийн уран зохиолын үе.


Рокерийн уран зохиол.
Хэдийгээр “РОК” гэдэг хол хөндий харь хэлний үг боловч өөрөө нэгэн цогц ойлголт болж бидний зарим нэгний амьдралд талх, тамхины дараа орох зайлшгүй хэрэгцээтэй зүйл болж эхэллээ. Гэхдээ тэр тийм ч цоо шинэ зүйл гэж эхэлж болохгүй санагдана. Монго хэлэнд “Тамлах”, “Тамлага” гэдэг үг байдаг бөгөөд тайлбар нь “Хэлэхээс урт, дуулахаас богино аялгуулан хэлэх” (Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” 1937 он) гэж байх ажээ. Энэ бөө мөргөлтэй холбоотой нэр томъёо болохыг уншигчид төвөггүй ойлгоно. Хэц хэнгэргийн аянд холбон бүтээгдсэн “Бөө мөргөлийн уран зохиол” (өөрөөр хэлбэл дуудлага, сан гэх мэтээс авхуулаад туулиуд) бидний өнөөх мянган жилийн баялаг түүхэнд өөрийн байр сууриа хадгалсаар үлдсэн гэдэгтэй хэнч маргахгүй. Уран зохиол ч тэр, нийгэм ч тэр хөгжмийн хэмнэл хөдөлгөөнөөр нүүр царайгаа илэрхийлж байдаг. ХЭМНЭЛ!
Ганцхан тэр хэмнэл л уран зохиолтой холбогдож, тархины мэдрэлийн систем дэх нэр нь үл мэдэгдэх эд эсийг өдөөж (энэ нь магадгүй танин мэдэхүйн хэлбэр ч байж болох) “таашаал”-ыг бий болгож байдаг. Тэр л “Кайф”-аар туулиуд бүтээгдэж байлаа. Үнэндээ бхдний харж дассан “Жангар”, “Абай Гэсэр” гэх мэт туулиуд зүгээр нэг уран зохиол байгаагүй юм. Гол нь түүнийг товшуурын аянд сонсох, зүгээр ч нэг соносх биш “Жангар”-тай хамт бүхийл зовлон зүдгүүр байлдаан тулааныг туулж өнгөрүүлэх, хайлагчийн зүгээс, сонсогчийн зүгээс бүрэн дүүрэн мэдрэх... Энэ бүхнээрээ л тэр уран зохиол болж чадаж байлаа. Түүнээс биш унших бол мөн чанар (кайф) нь биш юм.
Өмнөх жарны уран зохиол ч өөрийн дуу (кайф)-тай байлаа. Тэр нь “Шивээ хиагт” юм. Мэдээж хэрэг хувьсгал хийж эрх чөлөөгөө олж яваа баатар эрсийн дуу хоолой “Тэмцэгч” үнэр бүхий энэ дууг шинэ уран зохиолын эх үндэс гэж үзэж болох талтай. Гэвч үргэлж тэмцэгч байх нь утгагүй юм. Тэд тэмцсээр олон ч зүйлийг устгасан. Үүнтэй мөн адил 80-аад оны сүүлчээр байгуулагдсан “Хонх” рок гэхээсээ илүү “Битл”-үүдийг санагдуулдаг ч гэсэн “МАХНы заазуураас”-аас огтхон ч айлгүй, элдэв өнгө будаггүй өөрсдийн “Амьдрал”-ыг дуулж эхэллээ. “Би ажилгүй хүн”, “Рашаантын 18”, “Хонхны дуу”... Тэд зөвхөн боломжийг нээж өгчээ.
Тэгээд:

Эрсийн гар охидын хормой болж...
Золбин жингэрийн сүүдэр шиг жижигхэн
Миний Өндөрхаан
Миний Шарльвилл.
(Б.Галсансүх 1992 он...)

хэмээн бичиж эхэллээ. Тэр нэг л өөрөөр бичиж эхэллээ. Цаг үе нь түүнийг модернист, фашист гэх мэт янз янзаар хэлж байсан хэдий ч тун ч удалгүй С.Анударь (Рок+Ницше), Ч.Мөнхбаяр (Рок-Авангард), Б.Сэргэлэн (Сентименталь-рок), Б.Эрдэнэсолонго (Гранж альтернатив), С.Соёмбо-Баатар нарын төлөөлөгчид төрөн гарч ирлээ. Тэд дан ганц рокерүүд хэдий ч мөн шинээр орж ирж буй: Панк, хиппи, рэп, рэйвэр, стэп, тэхно, грэнжэрүүд тэдний эгнээнд нэгдэн орж өнөөх өнгө будаггүй амьдралаа дуулж эхэллээ. “Хар тас”, “Хар сарнай”, “Нисванис” өөр олон хамтлагууд төрөн гарч өөрсдийн фэнүүдийг байлдан дагуулах болов.
1996 оны 11-р сард хийсэн “Нисванис” хамтлагийн анхны “Сонсохыг хориглоно” концерт нь тайз засал, хувцас хэрэглэл, амьд хөгжим, фенүүд гээд бүх л талаараа жинхэнэ рок үзүүлбэр, рок кайф, рок уран зохиол, рок дүрслэх урлагийг илтгэн харуулж байлаа. Тэд монголын өвөг рокеруудын дуулж байсан стилиэс эрс татгалзаж, цоо шинэ гэж хэлж болох, нийгмийн сүүдэртэй тал, ёс суртахууны доройтол “Орчин ахуйн философи”-ийг дуулж эхэллээ. Энэ бол зөвхөн дуу биш юм. Нэгэнт танигдахгүй болтлоо өөрчлөгдөж буй нийгмийн хурдацыг дагаад рокерын уран зохиол хэдий нь өсч торниод сая дуу хөгжим, дэлгэцийн (нийлэг) урлагийн төрөл рүү амжилттай давшиж эхэллээ. Нэгих байлдан эзлэх хүч гаргах шаардлага байсангүй. Тэнд люмпенпастухуудын орхисон хоосон зай тэднийг хүлээж байв.
Өнөө хэр бид харьцангуй өнгөн хэлбэрийг дуурайж байгаа боловч мөдхөн Америкийн монгол хувилбар болж, нөгөө л айж түгшим, бахдаж бахархам (зөвхөн кинонд л гардаг) үйл явдлуудтай нүүр тулан гудамжинд дайралдах цаг энүүхэнд байна.


Адал явдлын роман.
Урьд нь бид адал явдалын романыг мэддэг байсан төдийгүй бас ч гэж нэлээдгүй уншигчтай байсан төрөл зүйл. Саяхнаас детективийг нэлээдгүй орчуулж уншсан бөгөөд өнөөдөр дунд насныхны хувьд детектив унших гэдэг нь “Секс хийдэг” гэдэгтэй адил зуршил болсон. Харамсах юм алга. 1996 онд хэвлэгдсэн Б.Энхбатын “Захиалгат аллага 1, 2” роман бол Дожоодорж, Лха.Дарьсүрэн нараа тоохоо больсон уншигчдын хүлээж байсан зохиол нь болжээ. Цаашид энэ төрлийн зохиолыг “Цагаан цааснууд” сонгодог зохиолоос илүүтэй үзэн уншсаар байх нь ойлгомжтой. (Харин орчуулгын төрөл зүйлд детективийн “сэтгэлзүйн” хэмээх ангилалд хамааран зарим ангилалд орчин үеийн сонгодог зохиолуудын тоонд ч оруулдаг (Эдогава Рампо, Жорж Сименон гэх мэт) бүтээлүүдийг орчуулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй юм) тэгээд ч детектив нь хэзээд “Best seller” байсаар байсан, байх ч биз ээ.

Ерээд оны дунд үеэс дараагийн зуун хүртэл монголын уран зохиолын ертөнцөд төдийлөн нааштай гэж хэлж болох зүйл нэг их гарахгүй бөгөөд олон зүйл орхигдож гээгдэж бас ч гэж дэвшилттэй зүйлүүд гарч ирэх мэдээж. Ямар ч атугай “Хүрээ хөвгүүд” хамтлагийн дэвшүүлж буй таамаглал биелэх болоод, эс биелэх нь гол биш. Харин ч өнөөдөртөө хэр зэрэг бодитой хандаж, мэдэрч байсныг гагцхүү түүх гэрчилэх биз ээ.

1996 он.




[...гэснийг 1997 онд хэвлэгдсэн “Хүрээ хөвгүүд” бүлгийн “ЗАМДАА ГАРЦГААЯ... ХҮРЭЭ ХӨВГҮҮД ЭЭ” номноос хувилан авч нийтлэв.

Энэхүү үгүүлэл нь ЛЮМПЕНПАСТУХЫН УРАН ЗОХИОЛ цуврал шүүмжийн төгсгөл бөгөөд, өмнөх нь:

1. Люмпенпастухын уран зохиол гэж юу вэ? 
Го.Ням-Очир

2. Люмпенпастухын уран зохиол-2 (Сэтгэл зүйн хүрээнүүд)
Го.Ням-Очир.

3. Люмпенпастухын уран дохиол-3 (Хот)
П.Батхуяг.

хэмээх хэсгүүд болой]

Яруу найрагч шүлэг яруу найргаараа л тусгаар тогтнолоо зарладаг

* * *

Эгч гэх үү, найз гэх үү бүү мэд
. Юутай ч их л эрхэм хүн маань ном гаргажээ. Яруу найргийн ном гэж яруу найрагчид хүлээн зөвшөөрсөн ном гаргажээ.

Шүлэг бичдэг нь харваас андашгүй л дээ. Гэхдээ чимээгүй л яваад байсан нөхөр. Ажил дээр нь арзайгаад
очтол номоо өгдөг байна шүү.

Түүнийхээ олон шүлгийг блогтоо тавина аа. Одоохондоо өмнөтгөлийг нь уншчих. Үүнийг ч бас миний хайртай яруу найрагч бичсэн юм.

...миний хайртай ЯРУУ НАЙРАГчид аа гэж...






Яруу найрагч шүлэг яруу найргаараа л тусгаар тогтнолоо зарладаг

Нямхүүгийн Нарангэрэл хэмээх яруу найрагчийн “Тийн мэдрэхүйн гуниг” анхны номын эхийг олон удаа уншсан бөгөөд унших болгондоо толгой дохин зөвшөөрөх хандлагатай болж байв. Нууцгүй хэлэхэд зуу татсан болон түүнээс зай барьсан үедээ, ахуйн хэмжээнд буусан таатай, таагүй агшинд ч уйтгар гуниг гээч зүйлийн зүс чанарыг гадарлахтайгаа болсон хүний хувиар ч “тийн мэдрэн гуньсан” –ыг ийм хэмээн “батлах” гэж оролдов. Бас биеэ тоосон гэдгэр байдал, бусдыг үл ойшоох муу зангаа ч тавихгүйгээр уншиж, тэр бүхнээ энэ шинэ номын дардасны өмнө алдаад байх шиг санагдаж байлаа. Тэр ингэж бичжээ.
Үлдээсэн сэтгэгдэл чинь
Өр зүрхэнд Өвс шиг урганам
Өөрөө харин өвлийг эхлүүлэхээр

Цасанд хургачихсан

Өр зүрхэн дэх тэр өвс

Өөрөөс минь өндөр урганам...
гэж. Бодсоноос минь өндөр ургасан түүний өвс- шүлгүүд манай юм юмаараа гайхуулдаг, яруу алдарт эмэгтэй найрагчдын “гал түймэр тавьсан” гэх шүлгүүдээс тэс өөр бөгөөд тэрхүү “ондоо” өвснөөс нь Марина Цветаевагийн сүрчиг, Анна Ахматовагийн энгэсэг огтхон ч үнэртэхгүй, үснийх нь засалт ч харагдахгүй байгаа нь өнөө цагт эмэгтэй хүн “марина”-дах юм уу, “анна”-дахгүйгээр өөрийн ертөнцөд, өөрийн өвс ногоог тарьж болдгийн жишээ мэт.
...Тээр хол
Ширхэггүй өвс

Ургана.

Ингэж уншин, “тийн” мэдрээд түүний өвсний шинж байдал, шим чанарыг “үхэр” шиг хэлээрээ ороож амтархан зажилнам. Түүний шүлгүүдэд уйтгар, нулимс, од, сар, тэнгэрийн гүн цэнхэр мандал, усны амьсгаа гээд тэнгэрээс дүүжлэгдэн шүлэг бичих гэж оролдогсдын бүх гишгүүр-үгүүд байна. Гэхдээ Н.Нарангэрэл гишгүүр болгоноо шавар шавхайтай хутгахыг хүсээгүй юм шиг ээ. Хүсээгүй ч гэж дээ шүлэг туурвил гэдэг санаан зоргоор хэлхэж, хүлхэж суудаг зүйл биш болохоор яруу найргийн жам ёс, яруу найрагчийн тусгаар тогтнолд маш бүдүүлгээр халддаг “бүлэг этгээд” өнөө цагт гэгээн цагаан өдрөөр сайрхан хашгирч яваа нь харамсалтай. Ийм нэг жишээг хүний мууд дурлан дурлан дурдъя. Бавуугийн Лхагвасүрэн гэж мундаг найрагч “байсан” бөгөөд тэр өнөөдөр яруу найраг дахь эмзэг бүлгийнхэнд зарим зүйлээ “алдсандаа” баярлаж суудаг биз. Тэр эрхэмсэг оюун санаанаас тасарсан “эр ганц биеэ арав болгож чамаараан би гоёсон” ч билүү иймэрхүү санаатай торгон шүлгийг сонсонгуут нэг жүжигчин ч шиг, морины цолчин “засуул” ч шиг, зурагтаар хөгшчүүлийг хөөргөж худлаа яриулдаг үндсэн ажилтай хэн гэдгийг нь танихын аргагүй, бас өөрийгөө хэн ч гэж хэлж түүндээ үнэмшчихсэн явж мэдэх нэг нөхөр гүйж хариад нөгөө торгон шүлгийг чинь учиргүй урж тасдаад “Би монголоороо гоёдог хэрэг ээ” гэж гоёлын биш ажлын “хувцас” салбайлгаж орхисон байх юм. Дэндүү залуу мөртлөө дэндүү улаан цайм бусдын уран бүтээлийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хувь заяанд халддаг “шинэ цагийн” яруу найрагчид бий болж байна. “Зүс бүгэг андууд ” мэтийн өөрсдийгөө рекламдах дургүй нөхдийн юмнаас хусаж орхиход гэмгүй гэж тэдний зарим нь боддог байх. Магадгүй сэтгэлгээнийх нь хэв загвар, өнгөтэй өөдтэйг хулгайлчихаад хохирогчийнхоо нүүр лүү нулимж, “хурдан үхээсэй” гэж явдаг бол ч тэдэнтэй юу ярих вэ дээ. Харин Н.Нарангэрэл энэ бүхнээс зугтаж, түүнээс хол явахын сайхныг ойлгон, өөрийн гэсэн тусгаар тогтнолыг шүлэг зохиолдоо шивнэн захих гэдэг нь цухалзаж байна.
... Миний зүрхэнд л гэрэлтэж болмоор
Тийм сар...

гэж бичсэнээрээ тэр бусдаас нэг удаа, нэг том ялгарч байна. Мөнгөн сар, сэрүүн туяат, туулайт саран энэ тэр гэж чамирхаж, үгээ олж ядан, нүдээ бүлтэгнүүлж байснаас “миний зүрхэнд гэрэлтэж болмоор” тийм сарыг уншигчийн өмнө гаргаж ирсэн нь сайшаалтай. Сайшаалтай гээд сайшаалын үнэмлэх гардуулдаг цаг өнгөрсөн болохоор таашаалтай гэсэн нь дээр байх. Одоо уншигчид хэн нэгний өнгөт металлаар “хийсэн” юм уу үлгэр домгоос мөчир тасдаж нэрлэсэн сарны тухай биш өөр өөрсдийнхөө “зүрхэн дотор гэрэлтэж болох” сарны талаар төсөөлж, бүүр дур зоргоороо дүрслэн харж болох боллоо.
Би өвдөхөөр
Тэнгэр өвднөм

Газар өвднөм

Бид гурав гурвуулаа өвднөм...
гэж уншаад дэмий нэг хийрхэл, том сэтгэх гэсэн дон гэж яаран хэлэх гэж байгаа бол азнах хэрэгтэй. Н.Нарангэрэлийн хувьд энэ нь үнэн зүрхнээсээ хэлсэн амьд үг, агаар нэхэн сарвалзаж байгаа саяхан төрсөн шинэ сэтгэлгээ юм. Тэр хуучин сэтгэлгээг эвдэх алхмуудыг ч хийсэн нь харагдана. Тэгэхдээ учир утгагүй эвдэж хэмхчээд хаячихаагүй, дараа нь энэ “сүйтгэсэн” зүйлийнхээ новшийг өөрөө цэвэрлэнэ гэдгээ мэддэг эмэгтэй хүний нарийн мэдрэмжээр тогтсон хэв загвараас зөөлхөн шиг зөрж гөжсөн бололтой.
Молор хундага барьсан бүсгүй
Тэнгэрээс үр гуйна...
гэхэд аятай хийгээд аягүй байдал нь хоорондоо салшгүй мэт. Бүсгүй хүн чулуун эрхтэн дээр мордож суугаад юм уу, могой зүүдлэх мэтээр үр тогтоох бэлгэ даллагыг гүйцэлдүүлдэг. Гэтэл хундага бариад тэнгэрээс үр гуйж буй бүсгүйн талаарх дүрслэл уламжлалт хэв маягийг том эвдсэн бөгөөд тийм мөртлөө тэндээс дэндүү бага чимээ гарч байгаа нь нөгөө аятай аягүй хоёрыг зохистой нийтгэж чадсантай нь холбоотой.
Тэндээс зүүгдсэн одод
Миний хүзүүнд чимэг болоод

Тийм нэг сониуч амьдралд

Уруул минь дүрээстэй...
Ийм араншин үнэртсэн шүлгийг яруу найрагч л хэлж чадна. Түүнээс биш бусдын хотруу гэтэгсэд бусдын муухан хувилбар, бүдэгхэн хуулбар төдийхөн хэвээрээ явсаар “насыг” барна.
... Нулимсаараа цээжийг чинь
Зөндөөн норгосон

Нууц амрагийн үнэртэй цэцэг

Маргааш ургана...
гэх юм уу

...
Дээс тоглож
Дэргэдэх найз нартаа зэмлүүлж

Дэрхийтэл- шувуу нистэл

Санаа алдаж

Дээд голоос ус салаалахыг ажиж

Тэндээ бүүр норж, шалба амьдрах сан...
гэх юм уу

...Тал дунд ганц айл

Тарлан зам эндээс
Тэднийд хүрэх нь
Тавилан шиг...
гэх мэтээр түүний шүлгүүд ар араасаа цуварна. Н.Нарангэрэлийн шүлгүүд хавтгайрч, найрлан, хашгирч гуугачиж, сайхан зүлэг ногоог Болор цомын бойтгоор гишгэчээд тарах олны нүднээс далдхан шинэ өвс ургах мэт сэтгэгдэл төрүүлнэм. Энэ бүхэн зөвхөн миний бодол боловч энд бас “зөвхөн” нэг үгийг хэлэхгүй бол болохгүй гэж адгалаа.
...Тэр навчны хийсч байгаа нь
Нэг л амирлангуй

Тасраад уналаа

Хөлд торлоо

Хөх чинэрээд явчихлаа

Хүү минь биш байгаа...
гэх зэргээр өрөвдөлтэйгээр “гэгээрэх” нь Н.Нарангэрэл дүү чамд үл зохих юм шиг бодогдов. Чиний шүлгүүд чиний дотоод сэтгэлийн л дуу чимээ байг.
Мунхаг би “үхэр чихрийн амт мэдрэхгүй”-н үлгэрээр дэмий цаг зольсон байж мэдэх ч үхэр өвс ногоогоо мэднэ дээ.





МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан. 2010-02-22.
Цагаан барс жилийн Цагаан сарын шинийн найман.