Өнөөдрийн шүлэг


Гүн шөнө шиг түүнийг од шиг тэмдэглэсэн шүлэг

Өндөр өсгийт дээр илүү гоёмсог харагддаг
Тэр бүсгүй
Өмнө минь ирээд зогсоход
Тэнгэр нүцгэрдэг

Үзэх нүднээ бус
Сэтгэлд гэрэлтэгч
Үнэрийн тэртээх цэнхэрлэгт
Өөр ертөнц харагддаг

Энд надаас нэг юм
Тэнд очихыг хүсдэг
Эмэгтэй хүн гэдэг
Тийм сайхан байдаг

Түүнийг явсны дараа би
Шинэхэн хуудас дэлгээд
Энэ нууцын тухай
Гүн шөнө шиг тэмдэглэдэг

Дэвтэрт тэмдэглээстэй
Тэр бүсгүйг
Дэлхий харин
Мэдэхгүй үлддэг.

2009.08.27





Яруу найрагч М.Уянсүхийн
"Саран гүний тэнгис" номоос



...Хүнхэр нүдтэй тэр эр Гомын гудмаар зорчихуйд
Хүмүүс хэлцсэн юм шиг ЯРУУ НАЙРАГЧ гэлцэх юм.

Сэтгэлийн минь хаалганы минь ганцхан түлхүүр чиний мэдэлд буй.


ГУРВАН ХООСОН

Өнгө зүс нь цуу хөллөсөн дорнын тогос шиг
Өөрийгөө бахадсан хүний үрээс
Өнөд түших итгэл хайрын
Өгөөмөр сэтгэл, гүн журам бүү хүлээ!

Билүү тамлавч ир суудаггүй хутга шиг
Биеэ бардсан цэцэн найрагчаас
Балар мунхгийг солир шиг цуу татах
Бадаг ч шүлэг бүү хүлээ!

Галзуу нохойн нүд шиг улаан нартай
Гантай зуны нойрмог тэнгэрээс
Газар амилуулах элбэрэлт хурын
Ганц ч дусал бүү хүлээ!




ОН ЦАГИЙН БОРОО

Нэгээс дахин дахин эхэлсэн тоолол шиг
Нэгэн айзмын товшилтоор бороо орно
Нэгэн аялгуут бороон дусал дээвэр дэлдэнэ
Бороон дундуур ижий сүүдэр үргээж ирнэ
Борхон царайд нь гийх ялдам сайхан мишээлийг нь
Болор болор дуслууд тодхон гэрэлтүүлж бөмбөрнө
Шөнийн борооны аядуухан чимээн дундуур
Үдшийн бүрий наашлан наашлан ирнэ

Бороо шаагина...
Хар ногоон толгодын дээгүүрх ягаан үүлс
Хараацай ниссэн шаргал тэнгэр
Ээлжлэн одох сар жил шиг
Ээжийн дүртэй хамт уусан холдоно
Бороо нэгэн хэмээр шаагина
Нэгэн аялгуут бороон дусал дээвэр дэлдэнэ

Бороо шаагина...
Бороон дундуур аав айвуу тайвуу ирнэ
Богинохон зассан сахал дороос нь
Бодолтой үгс хөврөн гарна
Хаяа нь шуулттай гэрийн сүүдэрт
Хайртай дүү минь тоглож сууна
Өдөржин надтай булаацалддаг байсан
Өнгийн шил дэргэд нь хэвтэнэ
Аав дүү хоёр бороон дунд уусаж
Аагим зуны сүүдэр тэднийг даган замхарна

Бороо шаагина...
Бороо шаагиж нэгэн айзмаар шавшина
Бороотой шөнийн бодол дунд солонго татна
Харанхуйд бороон дуслууд гэрлэн хөшиг шиг намилаг
Харгуй зам дээр тунгалаг дусал чимээгүй бөмбөрнө
Өнгөрсөн тийш зурайсан замын тэртээд
Өнөө л нэг ширээ, цэцэг хавчуулсан ном
Сандлын түшлэг давуулан
Санаандгүй тохсон миний даашинз харагдана.

Орны араар унаад хоцорсон цагаан алчуур цайран даллана
Он жилийн дундуур гэрэлтсэн харгуй тийш би ухасхийв
Орхисон алуураа авчрах гэж хөл нүцгэн гүйв
Намйг хөтөлсөн мөнөөх харгуй агшин зуур унтарч
Намрын шөнийн хүйтэн бороо нүүрийг минь шавшлаа
Цагаан алчуур нэгэнтээ тодроод алга болж
Онгон дуртгал наран толбыг нь угааж чадаагүй
Он цагийн бороо зүүдний мананд төөрүүллээ.

1984 он.



* * *

Анхны бороо хэдийд ордгийг мартжээ
АЯнгын гялбаа үөн совин шиг зурсхийж
Алсалсан дуу нь зөөлрөн аргадаж
Ариусахын ёслолд газар нялхардагсан

Болор болор дуслууд жин жин бөмбөрч
Бодол санаа цэн цэнгээр ариусаж
Хурмастын дагинас наадах усан эрдэнэс
Хуурай газрын цангааг тайлан асгардаг сан.

Арилсан борооны дараа солонго нумлахад
Ахиад л наран дуртмал холхийг ширтэж
Хэн нэгэн хүнийг он удаан хүлээсэн боловч
Хэлэлгүй ирээд сэмхэн буцчихсан юм шиг хоцордогсон

Цаг хугацаа өнгөрхөд нууц бүхэн инээдэм болж
Цайран холдох борооны чимээ сэтгэлд үлджээ
Аргын тоололд захирагдалгүй дураараа ирдэг сэн
Анхны бороо хэдийд ордгийг мартжээ.

1987 он



* * *

Мичид саран гийх үеэр
Миний тайтгарал дэргэд ирнэ
Мишээн угтдаг эрэмгий харцанд нь
Мэдэл дутсаны гуниг тодорно

Цагийн мөнхөд нойрсдоо гэж шивнээд
Цагаан өнгийг бүдэгрүүлэн шившинэ
Амрагдаа, гоморхлын нулимас нь хатаг
Алжааж ядарсан юм гэж тэр шивнэнэ

Хар булган хөнжлөөр хучиж
Харанхуй шөнө долгилон урсана
Холын сарны суудалд тохиосон
Холын одонд сүүдэр татна

1984 он.



ТАЙТГАРАХУЙ

Мөнхийн дурлалыг би хүлээхгүй
Мөргөл залбирал би мэдэхгүй
Залбирал сураад ч хүслэн биелэхгүй
Замаасаа гарч чи наашаа ирэхгүй
Мөнхийн дурлалыг би хүлээхгүй
Мөнөөх зангаар дахин чамайг зовоохгүй
Хурмастын доорх өдөр хоногуудын нэгэнд нь ч
Хувь заяа чи биднийг учруулахгүй

Айхгүй догдлохгүй нүднээс минь чи
Амьдрал надад юу сургасныг олж харахгүй
Үүрэглэх үдэш биднийг нөмрөхгүй
Үг дуугүй чи намайг ширтэхгүй

Цагийн тоололд үл орох нэгэн учрал болж
Цагаан манан хормой доогуур хөшиглөхгүй
Сэтгэлдээ өдөр бүхэн давтдаг янзаараа
Сэмхнээр уйтайгаар үснийхээ хавчаарыг би сугалахгүй

Нүд салгалгүй чамайгаа ширтсээр
Нүгэл буяныг тайчиж хаялахгүй
Ул мөргүй, чимээгүй учралын тэр цаг ирэхгүй
Усан бороо ч шиврэхгүй, цасан ч будрахгүй

Үг ч үгүй, нулимс ч үгүй чамд би үнсүүлэхгүй
Үг ч үгүй, хуурмаггүй намайг чи энхрийлэхгүй
Зөвхөн чиний дуугүй үнсэлт, жаргалтай харц,
Зөн бэлгийн гэрэлт учрал хэзээ ч тохиохгүй...

1984 он.



* * *

Үнэнч гэж чамдаа би амлавч
Үгийн шидэнд чи минь лавтай бүү итгэ
Үймэрсэн сэтгэлийн сэрэмжний оньс
Үймээнт орчлонгийн хуурмаг, түлхүүрийн мэдэлд буй

Үнэгэн сүүлээр орчлон хууравч
Үүд бүхнийг манан сэтгэлээ бүү зовоо
Сээхэлзүүр орчлонгийн мянган үүд нээлттэй байлаа ч
Сэтгэлийн минь хаалганы минь ганцхан түлхүүр чиний мэдэлд буй.

1988 он.







Яруу найрагч Бямбажавын Энхтуяагийн

"Он цагийн бороо" /1991/ түүврийн шүлгүүд.

Бүсгүй хүнийг шүлэг гэж бодоод
Би шүлэгч болсон... эсвээс
Ятга гэдэг нь сөгдөж суусан дуу юм
Надаас алс бүсээ тайлсан
Сэндэр эгч...

энэ номыг уншаад энэ мөрүүдийг зүрхэндээ хэд давтсан гэх вэ...
Ай МУЗА-ЯНЖИН минь.

УРИАНХАЙН ХӨХ УУЛС


Хайрт аав Б.Хөөдөө-дөө зориулав.

I
Асар тэнгэрийн амраг-Урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүйн эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.
Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч
Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино
Орчлонгийн салхин оройг нь илбэж зүүрмэгт дарагдах цагаар
Орой үдэшгүй нөмгөн боронгоор цайвар аялгуу цуурдана
Өмөгт бүргэд ч бэлнийх нь хясаанд бөөрөн эргэлдэж
Орох газраа хайх мэт хавцал хэрэн ниснэ.

...Ай хайран-алдуурсан эгшиг.



АНИРГҮЙН ДУНДАХ ЧИМЭЭ ШУУГИАН
Аниргүйн дундах чимээ шуугиан нь
Амар заяа үзүүлдэггүй
Орчлон минь
Сар тэнэсэн нойрон дунд
Судсан дотуур минь ус мөрөн шиг хүрхэрнэ
Догдолсон сэтгэл тэмтчин ядаж
Дотогшоо чимээлж өөрийгөө сонсоно
Аниргүйн дундах чимээ шуугиан
Амар заяа үзүүлэхгүй зовооно
Навч нь хөдлөхгүй
Нам гүм дүнсийх моддын дотуур
Нар доошоо
Газар дээшээ
Мөргөлдөнхөн урсаж их дуун гаргана
Өвсний голоор
Өдөр шөнө хоёр хашгичин гүйлдэнэ
Чамайгаа санаж ядан дуугаа хураахад
Эс бүхэн минь чиний тухай гиншинэ
Чимээгүй унагасан нулимс
Асган дээрээс буга нисэх шиг
Арангалан нүргэж
Хацар эсгэнэ
Чи холын холд мөртөө
Гавлын заадас хөндийртөл
Тархин дотор инээнэ.
Чиний гар хацарт хүрэх шиг болоход
Алганд чинь тэнгэр нүргэлнэ
Хуруу бүхний чинь үзүүрт аянга цахина
Аниргүйн дундах чимээ шуугиан нь
Амар заяа үзүүлдэггүй
Орчлон минь

“ЦЭНХЭР АЯЗ”

“...З.Фрейдийн сэтгэл задлагийн үүднээс үзвэл удам дамжин хадгалагдаж ирсэн ухамсаргүй үүтгэл гэдэг хүн төрөлхтнийг дотор талаас нь шийдвэрлэх гэмээр хүч нөлөөгөөр удирдсаар байдаг гэдэг. Монголчууд иррационал хүчин зүйл сэтгэлгээг илүү их шүтдэг үндэстэн юм шиг санагддаг. Энэ үүднээс ухааран бодвол монгол сэтгэлгээ хэзээ ч алга болохгүй бизээ. Бүдгэрч байгаа гадна өнгөн талын шинж тэмдгүүдийг биш монгол дотоод сэтгэлгээ, зөн совин, ёр бэлгэ, залгамжлан шүтэн биширч ирсэн итгэл үнэмшил, түүх домог, ёс заншил, дом шившлэг, онго шүтээн, хорио цээр, ерөөл билиг, хараал зүхэл мэт нууц далдын сэтгэл оюуны нь етөнцөд л нэвтэрч чадаж гэмээнэ сая монгол сэтгэлгээт шүлэг найраг, дуу хөгжим, зураг урлагийг бүтээж чадна гэж би итгэж боддог...”

Ч.Билигсайхан
/Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор/



“ЦЭНХЭР АЯЗ”
хэмээх бүлэг


* * *
Цаст уулын цэцэг өдрийн дэн шиг гэрэлтээд
Цагаан тэргүүнд нь шаргал бүрий тоорогтоно
Сайхан монгол бүсгүйд эхийн жаргал эдүллсэн
Сарны тансаг шөнүүд цав цагаахан үзэгдэнэ
Хавар эртийн шувууд шиг сэрүүн хонгор өдрүүд
Хацар дээгүүр бөмбөрөх нулимсан удсалд шингэнэ
Халанги навчсын улаанд ариун гунигаар мандахуй
Хар архины нүдэнд алтан цөцгий нь болном за

Яахын ч аргагүй шүлэг гэж бас байна аа...


Яахын ч аргагүй шүлэг гэж бас байна аа...



* * *

Зүрхээ бяцлан хэвтвэл
Үнэрээр чинь цангасан дэр.
Зүүн чихэнд орон дороос
Чиний урьд шөнийн инээд.

Тархины цөмөөс ялгарсан шүүс
Дээд нүднээс мөлхөж
Тарчлалыг минь авчрахаар
Доод нүдээр дотогш шургана.

2006.4.9



Г.Лхагвадулам
“Борооны зүрх” ном
36-р тал.




* * *

Үсээ ч хөндөлгүй
Ургуулан ургуулан хүлээхсэн
Өөрийн биеэс гарах
Үндэстэй бүхэндээ
Эрх чөлөө өгөн өгөн хүлээхсэн
Энд тэнд байдаг
Эрхтэн бүгдээс минь
Энхрий үнэртэй
Хар үс ургадаг
Үсээ ч авалгүй
Ургуулан ургуулан хүлээхсэн
Өнөөдөр өнөөдөр л
Ирнэ гэмэгц
Үлдээлгүй
Бүгдийг нь...



Н.Нарангэрэл
“Тийн мэдэрхүйн гуниг” ном
94-р тал.

НАМ



“…Тэсэж ядсан хилэндээ шатаад
Тэнгэрийн солир болж газарт бууна
Тэрслэх дайсны үүрэн дээр унаж
Тэр чигээр нь үнс болгоно.

Сайхан өлгий нутгаа аварсан
Солирын талст минь газарт гэрэлтэнэ
Амьддаа төлөлгүй орхисон өрөө
Ард түмэндээ ингэж төлнө”

Бэгзийн Явуухулан***


Нам –
Ард түмний тэргүүнд
Алтан иштэй хутгаа тулгагч
Алуурчин

Нам –
Аугаа өвгөдийн ариун нутгаас
Авч чадахаараа хумслагч
Тонуулчин

Нам –
Иргэншил нэрээр эртний
Их соёлыг бузарлагч
Нүгэлтэн

Хувьсгал хэмээн намтраа эхэлж
Хуудуу явдалаа ялалтаар халхалсан
Манай эриний гай нь нам
Мандал бадралын тушаа нь нам

Хатавч гэдэг нь мэргэдийн суудал
Хаан ширээ нь мунхагийн гүйдэл
Худал хуурмагийн охь манлай
Хуулиар дархлагдсан ялтаны манлай

Дарлал зовлонгоос салгана гэсэн
Даамай амлалтаар үндэстнийг мунхруулж
Эгэл ардын тэнэгэр нурууг
Эвхэрч нумартал нь сандайлав тэд.

Өргөө гэрийг минь давчуу гэж
Өрнийн шавар тагзыг өргөмжилж
Өргөн талын минь ариун зүрхэнд
Өөрийн тугтай гянданг сүндэрлүүлэв

Халаас зузаантаныг харсан өмгөөлж
Хасбуу тамгыг луут самбайд ороож
Ариун төрийн хишиг нэрээр
Ардын голомт руу ус цацах юм.

Анд хэмээн алтыг шүтэж
Ахас хэмээн гадныг дагаж
Түшин тулсан ард олноо
Түүхийн хог дээр хаяхыг санаалсан юм.

Хагалан бутаргах хатуу явдалтан
Халан солих төмөр нүүртэнд
Олны ирээдүй тоглоом төдий
Олсон хураасан нь диваажинг орлоно

Хувьсгал хэмээн намтраа эхэлж
Хуудуу явдалаа ялалтаар халхалсан
Манай эриний гай нь нам
Мандал бадралын тушаа нь нам

Хатавч гэдэг нь мэргэдийн суудал
Хаан ширээ нь мунхагийн гүйдэл
Худал хуурмагийн охь манлай
Хуулиар дархлагдсан ялтаны манлай

Нам –
Үй олны ачийг
Үхлээр хариулсан
Яргачин

Нам –
Тусгаар оршихуйн нарыг
Тугаараа халхалсан
Тэнүүлчин

Нам –
Гүрэн улсыг хэрэн тогтсон
Гүжир буурангуй явдалын
Нам.


2010.08.20






***Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “НАМ” шүлгийг үлгэр болгов.

...намар юм...


Сарнаас өөр гэрэлгүй
Салхинаас өөр гийчин үгүй
Нохдоос өөр ханьгүй
Нойрноос өөр тайтгаралгүй
Тэнгэрийн гүн дэхь тосгонд минь
Цаг хугацаа зүсээ тольдож
Үсээ будаад ирэх нь
Намар юм.







2010.08.13 Мөрөн

Ш.Хатанбүүвэйбаатар

ДОЛООН ОНЫ ШҮЛГҮҮД



“Долоон онд ХҮН төрж байсныг мэдлээ
Долоон онд төрсөн ХҮН надтай адил
Долоон оны бүх нээлтэд дуртай
Долоон оноос өмнөх нээлтийг бахдагч
Долоон оноос хойшихыг дэмжигч
Долоон онд төрсөн ХҮН...”
М.Х

Бид аливаа уран бүтээлчийн ямарваа бүтээлийг уншин шинжлэхдээ зөвхөн одоо цагаараа төсөөлж, өчигдөрхөн гар барилцан мэнд мэдсэн тэр зүс царайгаар нь дамжуулан өөртөө хоногшуулдаг нь өрөөсгөл хэрэг юм. Долоон онд бичсэн шүлгийг найман оны сэтгэлээр уншихдаа есөн оны зөн совин хийгээд арван оны атаа хорсол арван нэгэн оны хүсэл тачаалаа нэмэрлэхийн сацуу долоон оныг төсөөлөх төсөөлөлөө чиг болгох нь зүй юм. Гэхдээ энэ бол нэг номыг нэг уншаад л нэг таашаалыг нэг хүртээд л өнгөрөх уншигчдад хандсан хэрэг бус бүтээл шинжлэлийн ажлыг мэргэжилээ болгосон хүсэлт цагаа түүнд юүлсэн хүмүүст хандсан үг билээ.
Зохиолын оршин буй одоо цаг л түүний оршихуй мөн нь үнэмлэхүй үнэн хэдий ч түүнээс хүртэх таашаал нээж болох мэдээлэлийн урсгалыг бодитоор олж харахын уг нь цаг хугацааг хөлөглөн бүтээгчийн дотоодод нэвтэрч мөн түүнээ хөлөглөсөөр өөрийн оршихуйдаа эгэж ирэх бүлгээ.
Ийм нэгэн бодлыг хөгжөөж суухын завсар номын тавиураасаа цөөвтөр номыг “Санамсаргүй түүврийн арга”-аар сугалж түүнээсээ зөвхөн долоон онд бичигдсэн шүлгүүдийг сийрүүлэн бичихийг санаалсан нь ямархан зүгийн саваагүйтэл бор тархинаа ирж шүглэснийг өчиж эс чаднам. Ямартай ч энэ үйлийн үрээр бас хэд хэдэн шинэ хуучин бодлыг дотроо хөгжөөсөн билээ.

МИНИЙ МОНГОЛЫН ЗУЛЗГАН УЛИАНГАР


Арван таван жилийн өмнө анх би монголын газар шороон дээр хөл тавьсан билээ. Үүнээс өмнө би Явуухулангийн шүлгүүдтэй хэдүйнээ танил болчихсон өөртэй нь л танилцахыг хүсэн хүлээж байсан юм. Линхуа цэцгийн тухай:
<<Бадамлинхуайн гоолиг цэцэг

Бахдам сайхан ургадаг гэнэм

Аглаг хээр тал нутагт минь ургадаггүй ч

Ардын дуунд магтан дуулнам>> гэж бичсэн түүний шүлгийг уншсан байлаа. Энэ шүлэгт гоо сайхны эгээрэл, хайраа эрж буй хүний зүрхний нууц тэр чигээрээ уусан шингэсэн нь гайхалтай байв. Явуухулангийн шүлэгнээс үзэхэд монгол орон цэвэр ариун хүмүүс, гайхамшигт байгалийн орон, бодол дэрвүүлж зүрх булгилуулсан, ухаан бодол хүрэмгүй үлгэрийн сайхан нутаг мэт санагдсан. Үнэхээр ч тийм байлаа. Тэр ч байтугай бодсоноос илүү байсан.

Анх удаа Монгол орныг нүдээр үзэхэд... хайр хүндэтгэл мэт өндөр, баяр наадам мэт найртай хөх тэнгэр, өнгө будгийн гял цал гэгээ, хүний оюуны гайхамшигт бүтээл-зургийн хуар шиг гэрүүд, хонины хөөрхөн хошуу, тэмээдийн бодлогоширсон нүд, Улаанбаатарыг тэвэрчихээд гэгээн өдрийн наранд алт мөнгөөр цайвалзан байгаа уяхан цэнхэр Туул хамгийн түрүүнд нүдэнд туссан. Миний анхны монгол нөхөд гэвэл, дуу шуу цөөтэй боловч хормын зуур <<өөриймсөг>> болсон Явуухулан, гүндүүгүй Эрдэнэ, намбатайхан Тарва, хаа нэг инээмсэглэдэг жожигдуухан зантай мэт санагдавч дотно танилцаад ирэхлээр хүүхэд мэт сэтгэлтэй Түдэв, эгэл жирийн агаад ахын халамжтай Сандаг, ичимхий хонгор Дулмаа, бүсгүй хүний эр зориг, хосгүй нандин чанарын жишээ болсон Удвал нар билээ. Хожим найз нөхөд улам нэмэгдсээр... нүдэнд дулаахан Урианхай, хянуур хичээнгүй буурь суурьтай Цэдэв, огцом хурц билэгт Пүрэвдорж, өгөөмөр сэтгэлт Сүрэнжав, ялдамхан Нарангэрэл, алсын хараатай, бодлогошронгуй залуу Энхбаяр... гээд л олныг нэрлэж болно.

Магадгүй, миний ингэж Монгол оронд хайртай болж ирэх тутам улам бүр даамжран дасч буй нь манай гэр бүлийн нэгэн домогтой холбоотой ч юм бил үү, хэн мэднэ. Энэ домгийг эцэг маань ярьж билээ. Эцэг маань зөвлөлтийн армид цэргийн албан хаагч, эх орны дайны өмнө Крымд амарч байж л дээ. Эцэг усанд сэлэхдээ сайн байсан. Гэтэл нэг удаа далайн эргийн нарлах газар хар үстэй, бор царайтай, онигор нүдтэй хүн усанд сэлэхийг зааж өгөөч гэж гуйсан байна. Гаднаас харахад тэр хүн манай дундат азийн бүгд найрамдах улсын хүмүүсээс ялгарах юм байсангүй. Эцэг ч зөвшөөрч сайхь эрийн хүсэлтийг биелүүлэхийн тулд их л шамдан заримдаа ч харааж зэмлэх явдал гардаг байж. Цаадах нь урьд өмнө их усанд орж үзээгүй бололтой, байсхийгээд л сүх мэт живэхэд нь <<шугамандаа тогт>> гэж нуруун дундуур нь алгадаад орос эр хүний гүдэс хатуу үгээр мялааж байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа эцгийг хооллож байхад нь гуанзны үүдэнд дуудуулжээ. Хаалганы дэргэд зогсож байсан хүний царай их л танил мэт санагдсан боловч, тэр хүн амралтын хөнгөн костюмаа сольж цэргийн дүрэмт хувцас өмссөн тул, нөгөө шавиа гэж эхлээд анзаарсангүй. Эцэг өөрөө цэргийн хүн болохоор петлиц дээрх тэмдэгнийх нь тоогоор бригад командлагч буюу одоогийн хэлээр генерал зогсож байна гэж дор нь ойлгосон байна. Эцгийг учраа олж амжаагүй байхад өөр маягийн дүрэмт хувцастай тэр генерал усанд сэлэхэд сургаж өгсний нь төлөө ялигүй орос биш аялгаар ярих талархал дэвшүүлжээ. Тэрбээр талархлын үг хэлж салах ёс гүйцэтгэхээр эцгийг зориуд дуудуулсан байв. Эцэг санаа нь зовон аягүйрхэж <<Нөхөр бригад командлагчаас уучлалт гуйя. Би таныг хэн болохыг мэдэлгүй харааж зэмлэж...>> гэхэд тэр жигтэйхэн шавь хээв нэг инээж <<Зүгээр, зүгээр. Нэгдүгээр Петр хаан гадаадад хөлөг онгоц барих, их буу цутгах эрдэмд суралцахдаа бас л хараалгаж загнуулж байсан шүү дээ...>> гэжээ.

Эцэг бантсандаа болоод Хар тэнгисийн шинэ танилынхаа алдрыг ч асууж чадсангүй, харин салах ёс гүйцэтгээд явсан хойно нь амралтын амралтын захиргаанаас сураглавал тэр нь маршал Чойбалсан байсан гэдэг.

Ийнхүү монголын түүх өөрөө намайг түүнд хүрч халдахаас өмнө, бодож, судалж, ээнэгшин дасахаас өмнө даль жигүүрийнхээ өмөг дор манай гэрийнхнийг багтаасан байлаа.

Харь орныг хайрлах гэгч сонин юм... Намайг яагаад монголд хайртай болсон юм бэ? гэж монгол нөхөд маань өөрсдөө ч асуух нь цөөнгүй байдаг. Би үнэхээр л хайртай болчихсон юм. Хүүгээ би хорь хүрэхэд нь өөртөө байгаа хамгийн үнэтэй юмны нэг, монгол орныг бэлэглэсэн. Утга зохиолын дээд сургуулийн оюутан байхад нь би Монголд болох Утга зохиолын өдрүүдэд авч явсан. Энэ нь миний хүүгийн хувь заяанд ихээхэн зүйл шийдэж өгсөн, тэгээд ч миний бодол сэтгэл намайгаа хуураагүй юм байна гэдэгт би бүр бат итгэх болсон юм. Хүү минь анх <<Хилийн дээс алхсан>> тэр газартаа ихэд татагдаж хязгааргүй их баяр хөөр болсон, цаашид ч насан туршид түүнээсээ хагацахгүй гэдгийг би мэдэж байна. Тэрбээр Говь-Алтай аймагт гайхамшигтай сайхан өнгөт слайдууд хийснийг гэрт минь зочилсон монголчууд үзээд дуу алдаж байдаг юм...

Би Монголд ерөөсөө ч хайртай билээ. Монголлд би газар шорооныхоо ойр дөтийг өөр хаанахаас ч илүү ойлгож, амьдралын жинхэнэ үнэ цэнэ юу болохыг мэдэрдэг учраас дуртай. Монголын гүн чимээгүйд, уулсын нь аниргүйд, талын нь уудамд өөрийгөө би илүү сайн ойлгодог учраас би дуртай. Энд ахуйн тулга тойрсон аар саар юм, орчин үеийн соёл иргэншлийн үрэгдэл чирэгдэл хормой ороох зовлонгүй. Энд бүгд үнэнээрээ, энгийнээрээ, бүрэн бүтнээрээ, сайн сайхнаараа байна.

Монгол орон билэг онгод хайрлаж, анагааж, тайтгаруулж, өөдлөн дэгжээж байдаг. Монгол орон далд чимээгүй тэнхээгээрээ, буянтай даруу төрхөөрөө, чанар чансаагаараа надад ойр дөт байдаг. Хүү бид хоёрын Улаанбаатараас Москва руу ниссэн тэр нислэг, агаарын олон цүнхээл тааралдсан хүнд хэцүү нислэг байлаа. Хүү маань <<Айж байна, цөхөрч гүйцлээ>> гэж тоглоом шоглоомын хооронд орь дуу тавьж явав. Бидний хажууд суусан Ленинградын нэгэн дээд сургуулийн оюутан эмэгтэй Отгонгэрэл, хүүгийн минь гонгинох, онгоцны далбилзахын алийг ч үл мэдсэн юм шиг явна. <<Отгоон, бидний энэ тоогүй авир занд дургүй чинь хүрч байна уу>> гэж намайг санаа зовнин асуухад <<Яалаа гэж Римма Гуай, би ч бас өөрөө айж, орилж явна. Гагцхүү дотроо, чимээгүй...>> гэж билээ.

Би монгол орны тухай, насан бага Нарангэрэлийг чичрүүлэн мөс шиг хүйтэн усанд шумбасан Завхан голын тухай биднийг ах дүүгийн ёсоор элэгсэг, дотно хүлээн авсан Улиастай хотын Бэгзсүрэн, Агваансондов нарын тухай, миний үнэн сэтгэл, хувиршгүй занд итгэн бэлэглэсэн хөх тэрлэгний тухай, Сандаг, Дулмаа хоёрын тухай маш олон зүйлийг удаан ярьж чадахсан билээ...

Бид Улиастайд мод суулгасан. Би Бэгзсүрэнгийн бяцхан охин Туултай цуг асгарах борооны дор зулзган улиангар суулгаж билээ. Энэ улиангархан өдийд яаж байгаа бол?

Тэр өдийд нялхаараа байгаа гэж би бодож байна. Мод чинь хүнээс урт насалдаг шүү дээ. Миний шүлгүүд монгол хэл дээр гарч байгаа нь намайг ихэд баярлуулж, сэтгэлийг минь хөндөхийн зэрэгцээ нэмэлт үүрэг хүлээлгэж байна. Би өөрийн эх орны тухай ч олон шүлэг бичсэн, монголын тухай ч олон шүлэг бичсэн. Гэхдээ л гол шүлгээ бичиж амжаагүй яваа гэж найдах юм. Биднийг алга болчихоод байхад ч тарьсан моднууд маань, бичсэн мөрүүд маань үлдэнэ. Түүнийг бид хийхдээ араасаа явж байгаа хүмүүст, биднээс хойш морилон ирж сэтгэлийн минь хайр, зүрхний минь дурдатгалыг бууухиалан өртөөлөх хүмүүст зориулсан юм.


Римма Казакова




ЯВУУХУЛАНД

Сайн анд минь
Санаа сэтгэл чинь хаа байна вэ?
Төрсөн гэр орноо хайж
Төөрч бидэрч хаа явна вэ?
Ариухан санаа сэтгэл чинь
Амьсгаатай ёинв хамт
Ажил үйлё, амраг хайраас чинь
Алслан оджээ
Эрхэс тэнгэрээс уйтан ширтэх
Эрхэм анд Явуухулан минь
Амьдрал чамайг мартахгүй
Алив ховонд чи өртөхгүй
Амь эрсдэх шиг хальсан
Адилтгашгүй анд минь
Эргэн тойрныг шулуун харцаараа
Эгцэлж юундаа уйтай ширтэнэ юэ?
Харуулын дайчин эр шиг
Хайрт чиний эрсэдсэн
Эргэх хорвоогийн үйлийн үрийг
Эрх дураар өөрчилж яахин чадах вэ?
Бичдэгээ бичиж, үр хүүхдээ гэрлүүлж
Бие сэтгэлээр бид зүтгэж явна аа
Гэсэн ч анд чиний өөрийгөө шатааж явсан амьдралыг
Гэнэт би өнөөдөр л ойлгож байна аа
Үнэндээ шан горьдолгүй үрсэн бүхэн маань
Сайн үйлс болон эргэж ирнээ.
Үзгээрээ ч, зүрх сэтгэлээрээ ч
Үүнийхээ ачийг хариулан төлнөө
Аянгын гялбаа, гэрэл гэгээний иөлөө
Ашдын мөрөөдлийн гал дөлийн төлөө
Хийвэл зохих бүхнээ хийжээ чи минь
Төлбөол зохих бүхнээ төлжээ чи минь
Газар дэлхийд амьдарсан хугацаанд ч
Гэрэл гэгээтэйд ч сүүдэр харанхуйд ч
Мөр болгон чинь энэрэл хайр
Мөрөөдөл тэмүүллээр дүүрэн байсан юм
Монголын тал нутгаар намайг
Дагуулж явахгүй гэж бодхоос
Халуун зүрхний уй гашууг ялж
Яахин гэтэлж чадах вэ?
Тавилан балар тэр мөчийг яаж ч чадахгүйдээ бачимдаж
Гашуун нулимсаа би урсгаж явсан вм
Тэгтэл ёиний гал цогтой шүлгүүд
Гараас минь шүүрч авсан юм
Давс талхаа хувааж бид
Даль жигүүрлэн нисч, бас ч алхалж явна
Газар дэлхий чиний хувьд
Гарцаагүй төрсөн гэр чинь байна.


***********

Хуучин номнуудаа ялгаж суугаад ийм нэгэн ном оллоо. Тавдугаар хуудаснаасаа л эхэлсэн байсан тул би нэрийг нь ч орчуулагчийг нь мэдэж чадсангүй ээ. Ямартай ч Римма Казакова манай жар далаад оны сор болсон найрагч зохиолчидтой нөхөрлөж явсан нь үнэн бололтой. Дээрхээс гадна Мишигийн Цэдэндорж гуайн дурсгалд ирүүлсэн эмгэнэлийн үгэндээ “Монголоос хэдхэн хоногийн зайтай хоёр хар мэдээ хүлээн авлаа. Явууг өнгөрсөнийг дуулаад удаа ч үгүй байтал Цэдэндорж минь бас явчихжээ. Одоо би хэнийгээ гэж хөх тэнгэрийн орныг зорином?” хэмээснийг нь Алтангэрэл гуайн орчуулгаар “Бурхан буудайн хөх салхи” номын хавсралтнаас уншсан санагдана.
Римма Казакова гэж энэ яруу найрагч эмэгтэй бол хорьдугаар зууны гучин хоёрдугаар оны 1-р сарын 27-нд Севостопольд төрсөн, хүүхэд нас нь Белоруст, сурагч нас нь Лениградад, утга зохиолын идэвхтэй амьдрал нь Москвад өрнөсөн хүн юм байна. Хабаровскт долоон жил байх хугацаандаа тэрээр анхны шүлгийн номоо хэвүүлсэн нь "ВСТРЕТИМСЯ НА ВОСТОКЕ" /1958/ байв.
1959 онд зохиолчдын эвлэлд элсэж, 1964 утга зохиолын дээд курсыг дүүргэсэн тэрээр 1976-1981 онуудад Москвагийн зохиолчдын эвлэлийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Энэ үед уг байгууллагад энэ хавар насан эцэслэсэн Александр Вознесенский мөн Бэлла Ахмадулина нарын нэр цуутай уран бүтээлчид хамаардаг байжээ. Тэр үед л дээр дурссан үйл явдалуудтайгаа учирсан болов уу гэж санана.
Ш.Дулмаа гуай Ахмадулинаг жар гарсан мөртлөө хундага тавилгүй уудаг галтай дориун авиртай хүүхэн байсан гэж дурсдаг юм. Казаковагийн тухай ч бас сонин зүйл ярих л байх. Оросод Римма Казаковаг “Мадонна”, “Ты меня любишь” зэрэг алдартай дуунуудын шүлгээр нь олонх нь мэддэг бололтой юм.
“Хэн сайтнаас шүлгийг минь олж уншнам, түүнд гүнээ талархнам” хэмээн Москвагийн зохиолчдын эвлэлийн сайтед 2001 онд бичиж асан энэ эмэгтэй тун саяхан буюу 2008 оны 5-р сарын 19-нд ертөнцийг мөнх бусыг үзүүлжээ.
Урагдаж салбарсан энэ номын талаар мэддэг хүн байвал надад хэлээрэй. Учир нь энэ номонд олон сайхан шүлгүүдийн олон сайн орчуулгууд байна билээ.

Бодь сэтгэлтний ерөөл

Надтай хамт залбираарай!


БОДЬ СЭТГЭЛТНИЙ ЕРӨӨЛ

Аугаа бодьсадын замналд орох
Ариун номын туурвил буянаар
Аливаа бүх оюун санаатан
Ариуслын замд орох болтугай.

Зүг бүхэнд бие, сэтгэлийн
Зүдүүр зовлон эдлэгч хөөрхийс
Зүй төгс буяны минь үрээр
Зүйрлэшгүй жаргаланг олох болтугай.

Үйлт орчлонд хэзээд оршивч
Үгүйрч гансралгүй хамаг амьтан
Үлэмжийн дээд амар амгаланг
Үргэлж тасралтгүй эдлэх болтугай.

Энгүй уужим ертөнцийн даянаа
Эвэршээлт там хэдий буй
Энэлэн зовогч хөөрхий амьтас
Энхжин жаргалд умбах болтугай.

Энэрэл хайртны үүлэн мандлаас
Эгээрлийн хур шаагин бууж,
Халуунд ядагсад сэрүүцэх болтугай
Хүйтэнд зүдэгсэд дулаацах болтугай

Илдэн навчит балар шугуй
Инээд цалгисан цэцэрлэг болж
Элдэв хорын моголцог мод ч
Эрдэнэ жимст найлзуур болог.

Ангир, нугас, хун, галуудын
Аялгуу тансаг дуурьсал чимсэн
Анхилам цэцэгт тунгалаг цөөрмүүд
Аюулт тамд долгисох болтугай.

ЮУ Ч БИШ

Зохиолч Ч.МӨНХБАЯР бээр,
Дэлхийн улаан номонд орсон гүльдийн амадина
хэмээх шувууныхаа хамт
.

ЮУ Ч БИШ



Ройтер агентлагийн мэдээлснийг үзвэл Мнгва улсын нийслэл Чамбаба хотын нэгэн дэлгүүрт үнэмшихэд хэцүү аймшигт явдал болсон байна. Амь орсон хүнсний бүтээгдэхүүнүүд өөрсдийг нь идэж устгадаг хүмүүсийн эсрэг босчээ. Тодруулбал, Америкаас авчирсан төрөл бүрийн консервууд худалдан авагчдыг хайр найргүй цохилон нисэцгээж байжээ. 20 минут үргэлжилсэн түйвээний уршгаар нэг хүн нас барж, 32 хүн гэмтэж бэртсэн байна. Эгц дээрээсээ хүчтэй цохилт авсны улмаас нэгэн мнгва залуу тэр дороо эцэслэжээ. Түүний гавлын яс хүзүүний ясандаа тулан цөмөрч, толгой нь мөрнийхөө түвшинд хүртэл доош суусан байна. Мөн асар их хурдтайгаар буусан консервонд толгойгоо цохиулснаас ахмад настай нэг хүний сахал… үлэмж сунажээ. Цохилт явагдмагц энэ өөрчлөлт гарсан гэдгийг мэдээнд тодруулан дурдсан байна.

Хаврын тухай дууг Намар дуулах нь Эгшиг зохист.

Амьд явахыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг… Энэ юутай үнэн үг вэ? Юутай үнэн үгсийг юутай үнэн хүмүүс бичиж үлдээгээ вэ? Олон зуун гурвал мөртүүдээс бүрдсэн энэ номыг уншиж суухдаа би эрхгүй ингэж бодлоо.
Мөр холбон шүлэглэх гэдэг тийм шимтээд баймаар зүйл үү? Яруу найраг танин мэдэхүйн хувьд хатаасан эрвээхэйн цуглуулганаас юугаараа илүү гэж? Олон олон зүйлийн тайлалыг эндээс олж болно. ГОЛ нь тэр бүхэн таны дотор л байсныг, олж нээхэд нь дэм болох гэж энэ бүхнийг бичсэн гэдгийг ойлгох болно…


Зохиолч Загдын ТҮМЭНЖАРГАЛын

“ГУРВАЛЖИН АЯЛГУУ”
(Хөвгүүнд бичсэн захидал)

номоос:

...Ухааны шилбүүрээр сэтгэлийн адгуусыг гилэх нь заримд хялбар, заримд бэрх, заримд угаас боломжгүй.
4.
Буруу зөв хоёр заримдаа ялгаршгүй.
Булингарт гол
Ёроолгүй санагдав ч ёроолтой л…

5.
Өмгөр заяатанд бол өдөр болгон бүүдгэр.
Гурван зуун жаран таван бүүдгэрийг
Гуниг нөмрөн гэлдэрч туулна л тэр…

93.
Уруу дорой бодолтонд
Уянга эгшиг ч зэвүүн санагддаг аж…
Урам зоригийн тухай түүнд өгүүлэх ч хэрэггүй.

114.
Чадал хэмээх хан боргоцой
Чацны өндөрт бус
Сэтгэлийн өндөрт ургадаг л.

361.
Ганцаараа жаргасан бол
Ганцаараа л зов
Гараа хэн нэг рүү сарвалзуулаад яах...

418.
Ухаангүй шалиглал эхлээд алт мэт...
Удалгүй зэс мэт...
Төдөлгүй зэв мэт...