Оргил хэц нь өндөр боловч...


Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...

өрцнөөс минь энэ хоёрхон мөр хэдэн өдөр дүүжлэгдэв ээ. Өөрөө ч гэсэн ямар нэгэн юмнаас дүүжлэгдчихмээр санагдаж явлаа. Эсвэл дуу аялсаар унаж болох юм. Уналтын дуу... Цасны гадарга агаарт хүрэлцэхэд үүсэн тархдаг тэр нууцлаг долгионд ховсдуулсан хэдэн хоног.

Харин сая талханд явахаар довжоон дээрээ гарахдаа өнөө өдрүүдээ /өнөөдрүүдээ/ дууссаныг мэдэрлээ. Энгэр цээжнээ ижил ижил хэмжээтэй нойтон мэдрэмж түгэх нь намрын сүүлчийн бороо ч юм уу. "Намрын сүүлчийн бороо ч байж мэднэ" гэж Энхбаатар минь гараа шувуу шиг л дэвээд уншдагсан. Тэр минь ч бас дуулж яваад унаснаа саяхан надад их л хурцаар мэдэгдсэн юмсан. Ойлгон сонсож чадсан бил үү би. Утасныхаа улаан товчийг чангаар дарахдаа тэр ертөнцийн ямар нэгэн унтраалгыг үүрд дарчихсан юм биш байгаа. Үгүй гэж найдна. Тэр над руу залгах байхаа. /Ингэхэд би ер нь бусад руу хүний урманд дохидог билүү. Гэхдээ л тэр над руу залгах байхаа. Учир нь тэр бол Тэр. Тэр миний анд юм чинь. ТЭР:
"Өвсөн дундаас болжморын сүрэг
Үргэх гэж
Чиний ирэх хөлийн чимээг чагнана.
Болжмор үргэхгүй юм.

"...Тэр ирчихэж
Тэгээд л, солонго татчихаж." гэж бичсэн юм чинь./

Өчигдөр ХАР анд минь залгаж хамаг файлыг минь хуулж өглөө. Уг нь би тэндээс блогтоо хэдэн зураг оруулъя л гэж санасан юм л даа. Тэгсэн Пүрэвсүрэн ахын алдартай хоёр мөр санаанд буугаад тэр мөрийг дамжин тэд дуулалдсаар унаж дуусахад тэнгэр хов хоосон
... гэсэн үгс зүрх загатнуулаад жоохон хадуурчлаа. Гэхдээ Энхээгээ өөртөө ахин шинээр нээлээ. Яруу найраг гэж ийм л нэг агшин юм шиг байгаам. Зарим нь үүнийг нигүүсэл гэх юм билээ. Гэхдээ Балбар найрагч энэ тухай "Урлан бүтээх минь миний бурханд хүрэх алхам" гэж яг голоор нь хэлчихсэн юм.


За ингээд үндсэн ажилдаа орно оо.

Анхдугаар зураг:

"Зүс бүгэг андууд номын доторх Пүрэвсүрэн найрагчийн зураг".

Энэ номон дотроос:
"Чи над дээр үйрэн унах шиг
Чимээгүй цас бударна..."
гэсэн мөрүүдийг уншаад надад бүхнийг нигүүлсэхүйн санаа төрж билээ. Арван таван насны анхилхан зун байжээ.


Удаах зураг:
Ганди гуай ч билүү Өлзий найрагч ч билүү төвийн сонины нэг сурвалжлагч Увсаар нэг бууж мордохдоо Пүрэвсүрэн ахын тухай "Алт атгасан залуу" гэж нийтлэл бичиж энэ зургаар чимсэн юм гэдэг. Энэ л үедээ уран Пүрэвсүрэн Парист үзэсгэлэнгээ гаргаж, "Бүгэг андууд"-ийг нөмөрлөж, "Дотор дуун"-аа хэвлүүлж, Өлзийтөгс гэж гэрэлтсэн охиныг дагуулаад Хөхий ууландаа аваачиж зураг хэрхэн зурах, шүлэг хэрхэн бичихийг зааж явжээ. Өлзий тэр хоёрын хооронд тэгэхэд юу ч болоогүй гэж Уянсүх ах баталдаг юм. Тэр ч надад юуны хамаа.


Гутгаар зураг:

Арай л нас тогтсон үеийнх нь зураг. "Баатар хотноо дэлгэсэн үзэсгэлэнгийнхээ үеэр татуулсан юм" гэж Зандаа эгч хэллүү дээ. Энэ сүүдэрийг "Монголын мөнгөн үеийн яруу найраг" номоос үзэж болно.


Дөтгөөр зураг:

Пүрэвсүрэн найрагчийн хамгийн сүүлд хэвлүүлсэн номын нэр нь "Гуу Гуу". Зурган дээрх нунж дорой өвгөн бол уг номын баатар элжигин хошууны савдаг явсан Гуу Гуу. Энэ тухай олон сонин хууч дэлгэж болох. Тэр бүхнийг хэн нэгэн ойрмогхон тогтмол хэвлэлд нийтлэгдэх төсөр бичлэгээс минь олж үзэж ч бас болох.


Тавдугаар зураг:
Шинэ зуун эхлээд байх удаагүй байх үе. Гурван жилийн даяанаасаа бууж ирсэн Пүрэвсүрэн найрагч Улаангомын хүрээний "Дэчинравжаалин" хийдэд бодь суварга босгож ахуй цагтаа татуулсан сүүдэр.
Шадарлан зогсоо өвгөн бол эрхэм багш Бэлэгийн Норов. Арван таван насны минь анхилхан хавар цагаар Норов найрагч надад: "Шүлгэндээ ямагт зөөлнийг шингээ, төс утгат хоёр үгнээс ямагт зөөлнийг нь л сонгож бай!" гэж сургасныг би өдгөө ч үзэг барих бүртээ зүрхэндээ шивнэж явна даа.


Сүүлчийн зураг:
Пүрэвсүрэн найрагч эгүүрийн биеэ зурсан нь. Энэ зургийнхаа доор тэр:
"Оргил хэц нь өндөр боловч
Оройн чулуу намхан"
хэмээн таталсан байдаг юм. Тэгээд номныхоо эхний хуудсанд аавын минь нэрийг бичээд "Өндөрхангайн Пүрэвсүрэнгээс өргөн барив" гэснийг би ахин дахин эргүүлэн суух дуртай.


Ай хөөрхий. Пүрэвсүрэн ахад зориулсан нэгэн цагийн дараа өнөөх өдрүүд ахиад л дэргэд ирснийг анзаарлаа.
Тэд дуулалдсаар унаж дуусахад
Тэнгэр хов хоосон...


Бурхны мэлмий нараар ширтэж, тэнгэрээс хэн нэгэн намайг дуудаж байна...
...Өнгө авиа ч эс хүрэх
Алсын уул руу би явлаа. Тэнд Пүрэвсүрэн ах саравчлан суугаа. Оргилд хэцэд нь гарч оройн чулууг нь хөндөхийн үес тэр хормойгоо гүвэн босоод Содномнамжил тойныг дуудна. Алтан овооноос мордсон ах минь алга урвуулхын зуурт дэргүүлж ирнэ. Тэгээд бидэн гурав хамтаар Эрээнцавыг зорин талын зүг бууна аа.

ӨЧИЛ IV


“Цээжний нөмөр”-ийг уншаад ч цээжинд гэгээ татахгүй
Цэв хүйтэн гудам.., төмөр ирмэлт, төмөр үнсэлт, төмөр хурьцал...
Ор дэрнээс минь ялган харахын тулд
Баяжуулан олборлох шинэ арга хэрэгтэй.
Орчин тойрноос минь салган авч үзэх
Онол судалгааны дэвшилтэт үзэл хэрэгтэй.
Хүслээрээ хүслээс ангижирсан ийм хүйтэн төлөвийг
Хүртэгдэх чанараар нь мөстэй зүйрлэж болох ч
Урь унахаар мөс байтугай хад ч бутардаг.
Уугих хий, урсах ус хийгээд
Уйлан гансрах, үзэн ядах тэргүүтэн
Чанар тодорхой аливаа төлөвт шилжих
Чадваргүй болсноо мэдэгдэхэд
Таагүй биш хэдий ч таатай бус байна.

2010 он.
Баатар хотын намар.




Дэр дүүргэн урсаж хатсан цусаа хараад төрсөн сэтгэгдэл...

Саяхнаас тэнгэрийн татах хүчийг урьд өмнөхөөсөө ч ихээр мэдрэх боллоо.

Дуусашгүй мэт энэ л аялгууг тогоруудын араас аялая даа.



Хөх тогоруудын цуваа ганганасаар одлоо, юунд тэр вэ амраг минь...
Хөхөмдөг униарт алсаас ямархан хүчин дуудна вэ?

Хором хоромд нулимс мэлтрээд чиний явсан зүг харж ч үл чаднам
Хойноос чинь харуусал гэмшлээ юүлэвч энэ юуны нэмэр вэ?

Уй гашууг хүсэгч гэж хаа ч үгүй, бүгд л хүслэн минь бүтэг гэж залбирнам.
Угтаа тийм бол бидний хагацлыг хэн нь мэдэж шийднэ вэ

Далдын шидэт тарнийн үгсийг уруул хөдөлгөн шивэгнээч, амраг минь...
Дахин учрахын хоромд л аз жаргалаа даатгая бидэн.

Дуулаад суусан ч, уйлаад энэлсэн ч аанай л чихэнд хангинасаар байх
Дуусашгүй мэт энэ л аялгууг тогоруудын араас аялая даа.

ЭМГЭНЭЛ


Монгол хэлтний оюуны ертөнцөд нөхөж эс барах орон зайгаа үлдээн, нэгэн гэрэлт хүмүүн намрын дунд сард энхжингийн орноо халин одлоо.

Сэтгүүлч, орчуулагч А.Баасандорж нь “Ардын эрх”, “Таван цагариг”, “Монголын мэдээ”, “Өнөөдөр” сонинд хариуцлагатай алба хашиж, Монголын хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдааны тухай сэдвээр “Тэсийн голын унага”, “Тэнгэрээс заяат хүлэг”, “Монголын үндэсний бөхийн бага нэвтэрхий толь” зэрэг бүтээлүүд туурвиж, “Шувуудын үүрнээс дурлалын жиргээ дуурсана”, “Ялалтын роман”, “Алтан нохой”, “Зүрх сэтгэлийн гүнж”, “Согтуу хөлөг онгоц” номуудыг франц хэлнээс дуун хөрвүүлсэн нэгэн билээ.

Мөн тэрээр 1990-ээд оноос өрнөсөн уран зохиолыг шинэчлэх хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, "Соёмбо" бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, "Санчир" бүлгэмийг удирдаж, сэтгүүл зүйн чиглэлээр олон зуун өгүүлэл бичиж, хөрөг нийтлэл, ярилцлага сурвалжлагын хэд хэдэн ном хэвлүүлж уншигч олны талархлыг хүлээж байсан юм.

А.Баасандоржийн Монгол-Францын соёлын харилцаанд оруулсан үнэтэй хувь нэмэр, монгол үндэсний урлаг, соёлыг хөгжүүлэхийн төлөөх зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр хоёрхон сарын өмнө шагнажээ.

Эрхэм номын садан таний гэгээн дүр, ариун үйлс бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Үйл хэргийг тань хэргийг тань үргэлжлүүлж үр хойчдоо өвлүүлэн үлдээхээ андгайлж байна.

Талийгаачийн гэр бүл, хамт олон, үзэг нэгт анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.


Утга зохиолын "ХӨХ МЭДРЭХҮЙ" бүлгэм
Я.Баяраа






Андын минь их л хожуу дуулгасан эмгэнэлийн мэдээг сонсоод дүлий дүмбэ сууж эс чадав.
Уншсан хүн бүр доорхи шүлгийн зүрхэндээ аялгуулан дуудаарай.
Тэр үүнийг монгол хэлнээ буулгасан юм.


Гийом Аполлинер

САРНАЙН ЕРТӨНЦ

Довжоо өөд алгуурхан алхсаар
Домгийн юм шиг хатагтай гэртээ оров
Алсаас ч болов нүдээрээ л үнсэх гэж
Амстердамын гудамжаар түүнийг л бараадан
Аз жаргалтай хоёр ч цагийг үдэв

Хотын гудам аль хэдийн
Хов хоосорч эл хуль болов
Бүртэлзээд өнгөрсөн хоёрхон цаг
Бүтэн өдөр улирсан мэт санагдав
Бүхий л амьдралаа түүнд бэлэглэсэн мэт бодогдов

Үзэсгэлэнт авхайг сарнайн ертөнц гэж нэрлэмээр
Үймээнт Голландын цэцэгт хаалгыг дурсмаар
Ертөнцийн гоо сарнайг орхиод явж түвдэхгүй
Ер бусын удаанаар удаанаар би алхана.

Нэгэн гал асаанам.

Эцгийнхээ харцнаас тасдаж
Цээжний галаа асаанам
Эмсийн хөлд талхлагдаж
Үнсээр хийсэн алдсан
Эргүү мансуурлын давалгаанд
Эрхэм чанараа урсгасан
Энэ харанхуй цээжнээ
Нэгэн гал асаанам.

MEMONTO


С.Н-д

Хүүхэн хараа минь юм бүхнийг
Шарлуулж хардаг өвчтэй болсныг
/Ямар сайндаа л би хаврын үдэш Намрын тухай шүлэг бичхэв дээ/
Хүүхэд настайгаа санамсаргүй таараад
Хүрз шиг хүйтэн гарыг нь атгахдаа мэдлээ:

"Алхан одох гудам нь түүнд шат мэт санагдаж буйг
Шат мэт гудмаар алхалах нь шаналант баясгаланг авчирж буйг
Өгсөж уруудах нь угтаа агаар нэгэн орчлонгийн
Өдөр бүхэн түүнд шинэ гараг нээсэн мэт
Амьд сэрэгдэл төрүүлж буйг, төсөөлж байна..."

...Хамгийн сүүлд ийм нэг агшин надад
Харанхуй шөнө гүүрэн дээрээс шүлсээ хаяхад тохиож билээ
Зулай дээрээс нь нулимахыг ч үл анзааран
Зугатах мэт хурдлан одох хөнгөн тэрэгний араас
Зурагтай сэтгүүл эргүүлдэг шигээ л хоосноор ширтэхэд:

"Би гэдэг ертөнцийн сүүлчийн хүн шиг санадаж билээ..."
Би гэтэл ертөнцийнхөө сүйрлийн өмнө
Хайлган хавраар хатсан цэцэгсийг шүлэглэн суух
Харанхуй цаг хугацааны өмнө зогсож байжээ.


2010 он. Баатар хот.

Зүрхэнд үйлдвэрлэхүй


Бухимдах юм бас байна аа. Гэхдээ яагаад энээхэн зүйлд бухимдах ёстой билээ. Ёс төр нь ч яахав. Нэг амьсгаагаар уншаад л өнгөрөм хальт бичлэгүүдээ хэвлүүлж цаас бузарлагсдыг хараад дур гутсанаас л энэ л дээ. Хамгийн өрөвдөлтэй нь тэдэнд *Утга зохиолын шинэ чиг хандлага, иргэний сэтгүүл зүйг шинэ чиг хандлага* гэх аймшигтай хуучин сонингоор хийсэн цаасан малгай өмсгөх юм. Уучлаарай... байх ёстой юм байрандаа л байж байг. Хэм хэмжээ хил хязгааргүй эрх чөлөөг үнэ цэнэтэй болгож биежүүлдэг эд...

Жишээ татаж хэн бүхний мэдэх блогчин Болор-Эрдэний нэг жижигхээн бичвэрийг харъя л даа:

bolor-erdene khaltar: цаг хугацаа биднийг иддэг юм аа
идүүлэхгүй бх арга нь үргэлж л тэрэнтэй сөргөлдөж бх хэрэгтэйм шиг бгаам

хөгшрөл, үхэл, хоцрогдолын эсрэг тэмцэх
заримдаа тэмцсээр бгаад залхах л юм
нээрээ сая, өөрийгөө толинд харлаа

өчигдөр

үрчлээс алга, хөгшрөл алга

гэхдээ би биш болсон бсн
бууж өгч эхэлж бсн
тэгээд дахиад л босохоор шийдсэн

нэрээ өөрчилж, насаа өөрчилж, зүсээ өөрчилж.
нэг л өөрөөр амьдрахаар шийдэв
...

... хэдхэн мөчийн өмнө надад хэлсэн энэ үгс бол манай эрхэм блог түүвэр үйлдвэрлэгчидийн номондоо жишимгүй оруулж л орхидог зүйл. Hэмээд үүнийгээ урнаар бүтээсэн шинээр хандсан гээд байгаа...

Гэтэл уран зохиол... бүтээл... гэдэг арай л өөр царайтай... цараатай...
Жишээ татаж хэн бүхний сайн мэдэх зохиолч Халтарын Болор-Эрдэнийн нэгэн бичил үгүүлэлийг харъя:


Зүрхэнд үйлдвэрлэв


Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
Сонсогдож байгааг бодоход тэр амьтай юм.

Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…
…Бөмбөгөр шилэн доторх ижижгхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна. Залуу нас. Садан төрөл. Хайр. Ухаан. Хувь заяа. Ийм бичигтэй хруу шилнээс дусал дуслыг авч өнөөх шингэн дээр дусаана. Тэгээд шилэн хотод бужигнан гүйлдэх хүмүүсээс нэгийг нь барьж аваад дуран доорх шингэнээ бие рүү нь шахчихаадбуцаагаад тавьчихав. Хүн өвдсөндөө час часхийн дуугарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хүний хэвлий маш түргэн томорч түүнээс бүүр жижигхэн хүн доройхон дуугаар мөн л часхийн дуугараад газарт уначихав. Саяхан бий болсон тэр амьтан яах ийхийн зуургүй өсөж томрохыг дээрх нүд анхааралтай ширтэнэ. Эхэндээ төрсөн, төрүүлсэн хоёр салахгүй хөтлөлцөн байснаа төдөлгүй жижигхэн нь хаа нэг тийш яваад өгөв. Түүний үйлдэл бүхнийг өнөөх нүд алдалгүй харахын зэрэгцээ биенээс нь юуг ч юм буцаагаад соруулж авна. Соруулах бүрт нь хүн аажимхан жижгэрч, хууртсан хүүхэд шиг өмөлзөхөд тэр бүр байж ядан эгдүүцэж шилийг улам хүчтэй сэгсэрнэ. Хүнээс соруулж авсан бүхнээ тэр Залуу нас, Садан төрөл, Хайр, Ухаан гэсэн түрүүчийнхээ хуруу шилэнд буцаагаад хийчихэв. Тэгээд хэсэг харж суусныхаа дараа энэ утгагүй агшнаас залхаж, хатаж бөгтийсөн хүний бие рүү “Дурсамж”-ийг шахлаа. Шахаж байхдаа тэр чаг чаг чаг хэмээн нүдээ түргэн түргэн цавчилна. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй энэ бэлгийг нь хүн хичнээн хүндэтгэн хүлээн авч, хэсэгхэн зуур сэргэхийг тэр анхааралтай ажина. Төдөлгүй түүнийгээ буцаагаад соруулаад авчихав. Харгис, хатуу энэ тоглоомноосоо бүр мөсөн залхсан тэрээ гэнэтхэн хүнийг эрхий хуруугаараа ганцхан дарж няцалчихаад над руу огцом эргэн харлаа. Түүний нүх шиг том хар нүд, хүйтэн харцтай нь тулгармагцаа би цочин ухасхийв…
…Сэрэхэд гэрт нам гүм. Хажуугаас халаагуур төөнөнө. Нуруу даган нойт оргиход сая зүүдэлснээ ойлгов. Уртаар санаа алдаад хөрвөөх агшинд өнөөх нүдний чаг чаг чагхийн цавчлах нь хажуухнаас сонсогдлоо. Гайхан өндийхдөө яг түрүүчийн зүүдэнд харсан хэмжээлшгүй том, хүйтэн хар нүдтэй харц тулгарав. Цаг хугацаа харанхуйн гүнээс яг над руу ширтэж байлаа.

2000.09.15



Энэ үгүүллэгийг арав гаран жилийн дараа ахиад уншихад зүрх ёгхийлгэх хүчээ алдаагүй л байна. Учир нь энэ бол урлаг. Түүнийг урнаар бүтээсэн юм.

Таашаал тачаалаа ялгаж сураад дараа нь бүтээн туурвихад оройтохгүй ээ ахан дүүс минь.

Их сургуулийн гудамнаа...


* * *

Их сургуулийн гудамнаа голт бор цэцэглэхийн үед
Ихэмсэг зангийн улаан навчис цээжнээс хагдраад
Итгэл найдварын цагаан нахиа түрэн цухуйхийг
Ихэмсэг бардмаар
Түрэн цухуйхийг олж үзнэм.
Гудас хаяад л унтмаар гудамханд минь
Голт бор цэцэглэхийн үес.


(6/18/2010 11:40:12 PM)