АРХИН МУХЛАГ ЭНДЭЭС ОЙРХОН...


-Өвөр монголын их сургууль
төгсөх дурсгал


Миний их сургуулиас
их ойрхон цэмцэгнэсэн
жижиг жижиг
архин мухлагууд
Миний баяр гуниг ба
Хорин насны хөнгөн догдлолуудыг
Эзэрхэх гэж
Үдэш бүр цэцэрхнэж байдаг
Ацаг буюу шүднийх нь
Аль нэг нь дутуу
Аргаа барсан
Шархтай зэмдэг монгол нэртэй
Мухлагуудад
Монгол хэл сурдаг оюутнууд
Уйтгартайгаа цуг
Үргэлж очдог...

[ . . . ]


Хорин нас
Хорьдугаар зуун
Миний их сургууль
Жижиг жижиг архин мухлагт
Бүслэгджээ
Уйтгараа даахгүй
Архи даадаг тэсвэр
Ай даа энд
Яруу найраг бол
Сэтгэлээс гадуурх үхэл юм
Ахын минь хэлдэг
Аугаа их хөгшин буурай үндэстэн
Архины дараа сая санаж олдог
Аугаа их богд Чингис
Аливаа сайн сайхны төлөө
Архин хундгаа өргөнө
Өвчтэй гэх
Хамаг гүйцэд
Хичээл саатах шалтгаан

Өдөр бүрий миний нөхдөөс
Эмнэлэгт очих хүн
Тасрахгүй

Янаг дурлал ба Төвд хэл
Яруу найраг ба
Ялимгүй учрууд

Ай даа удахгүй би
Өвөр монголын их сургуулиа төгсөнө



"Яруу найрагч С.Баянцагаан"





“Өнөр цэцэг” сэтгүүлийн 1982 оны 2-р сарын дугаарт нийтлэгдсэн эхээс нь
Улаанбаатар хотноо 2007 онд гарсан
“Өвөр монголын одоо үеийн шүлгийн сонгомол” эмхэтгэлийн 309-313-р талд
крилл үсгээр хөрвүүлэн хэвлэснээс хэсэглэн авав.

Хүн болсон нь

Шоргоолжны нүхэнд
ус цутгасан
төрхгүй
Шовойсон хөх юм.
Шар мах ташсан
Туж зумлуулсан
Турсгаа хуулуулсан...
Гэрийн тооноор
чулуу нүүлгэсэн
саваагүй
Гялтгар хөх юм
Там идсэн, тасдуулсан
Тэгж
Хүн болсон...


Яруу найрагч Б.Пүрэвсүрэн
“Гуу Гуу” номын
10-р талд буй.

МЕМЕNТО

Өвөө минь
Ярьсан үлгэрийнхээ
Эхлэлийг мартан
Эмээд зоруилж
Шинэ үлгэр
Зохиох цагаар
Гэртээ ирлээ

Өвөө минь
Ярьсан үлгэрийнхээ
Эхлэлийг мартан
Эмээд зоруилж
Шинэ үлгэр
Зохиох
Энэ улирал
Урц овоохойн
Хоймор хучин
Улаан, цагаан
Цэнхэр цэцэг
Ургуулжээ

Улаан, цагаан
Цэнхэр цэцэгсийн
Үлгэрийг
Өвөө минь
Яриад
Эхлэлийн нь мартан
Эмээд зориулж
Шинэ үлгэр
Зохиох цагаар
Гэртээ ирлээ...





* * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Гэрэл гэгээг над дээр асгаад
Нисэж одсон шувууд минь,
ӨРШӨӨ!

Гашуун санаашрал дүүрэн...


Гашуун санаашрал дүүрэн
Энэ өдрүүдээ,
НАМАР биш
ХАВАР биш
ӨВӨЛ биш
ЗУН биш
Янжуур л гэе:

Гансрал уугисан
Гал улаан од
Гарын салаагаар
Харван оджээ.

Яруу найргийн гаргалгаа

Юм бүхэнд яруу найргаар хариулна гэдэг, тэгж чадна гэдэг гайхалтай хэрэг шүү. Үүнийг би жинхэнэ урлагтай амьдрал гэж бодоод байгаа юм. Амьдрах урлаг. Амьдрал бол урлан. Тэр урландаа гутлаа арчилгүй ордог мөртлөө хачин зарчимч нэг залууг би сайн таних юм. Түүнийг би АНДаа ч гэдэг, АХаа ч гэдэг, ямартай ч засаршгүй яруу найрагч даа.

Хоёр Түнэлийн хооронд
Хүдэн манан татахад...
Түнэлийн тэнгэр нүдэнд тултал мэлтийж
Түргэн нүүгч үүлс нь оддыг хөндөн шаргиулахад... Түнэл бол жинхэнэ урлан. Тэр зүгийн хүмүүс бар адил бардам, ус адил уяхан. Тийм нэгэн хөвүүнтэй ийм нэгэн хотод ийм нэгэн үлгэр зохиож явах яруухан байдаг аа. Яруухан амьдралаараа бид даруухан сүлжилдэж, сүлжилдэх тусмаа ариусан буйгаа мэдэрдэг юм даа.


Жаргалсайханы ОРГИЛ. Яруу найргийн гурав дахь номоо хэвлүүлэв. Хэрэв би хүн аваас, ТЭР хүмүүний сэтгэлийн хөдөлгөв. Шүлгийн сайн мууг цаг хугацаа ч шүүж чадахгүй. Тиймээс үргэлж бурханы үүдэн дээр уулздаг андынхаа тухай, түүний шүлгийн тухай тэмдэг нэр оролцуулан бичих хүсэл эс төрөх, зориг эс хүрэх. Нандин дурсамжуудаа дэлгэчихвэл үнсээр хийсчихнэ...

Зүгээр л... Түүний номыг угтаж бичсэн дуудлагаа үзүүлье. Үүнийг уншсан хэн бүхнийг номонд дуудъя...



Н О М Ы Н Д У У Д Л А Г А . . .

* * *
Аглаг тэртээ уулнаа түүдэг асаан шүлэг хэлэлцэхүйд, ассан галын цог үсчин мөр давж харанхуй сансарт хамаарах мэт гэгээн үгсийг уншигтун!

* * *
Хөлгүй ёроолоосоо цалгих их уснаа сал тавьж, андыг уриад дарсыг сөгнөн хөлчихүйд: “Зах хязгааргүй гэдэг нь тэнгэрийн уудам уу? Усны гүн үү?” хэмээн мэлмэрэн гуних мэт тунгалаг мөрүүдийг уншигтун!!

* * *
Орон хотын гудмаар хөврөх хүмүүн урсгал дундаас, ядаж мөрийг нь шүргээд зөрмөөр хүслэн төрүүлж, ариусган татах ялдам инээмсэглэл мэт эгшигт шүлгүүдийг уншигтун!!!

* * *
Аглаг тэртээ уул хэмээх нь хоёр Түнэл уул,
Хөлгүй гүн ус хэмээх нь гурван цагийг мөнх тольдогч Хөвсгөл далай,
Орон хотын гудам хэмээх нь дөрвөн улиралын Улаанбаатар гэнэм.



За харин энэ бол түүний номыг нээгээд анх уншсан шүлэг. 56-р талд нь буй:


Нэг давхрын дуулал

Гадаа хүүхдүүд шуугилдаж нойр үргээнэ!
Ганц давхарт амьдрах тийм хүсмээр юм бишээ.
Гэвч тэдний үгүйд эл хуль сандайлчихаад
Гэмтэн мэт хөдлөх бүрийг даган ажих нь тэсвэрлэшгүй...

Жаалуудын инээд хүйтэн ханыг нэвтэлж чадалгүй
Жаран зүгтээ цуурай болон одвол
Тэднийг дагаад сэтгэл минь хамт явчих шиг
Тэрүүхэн дороо л эзгүйрэн хоосрох уйтай...

Ганц давхарт амьдрах хүсмээр юм биш ч
Ганцаардлын шилбийг илбэн сууснаас хувь дээрээ.
Аз жаргалын дууг цор ганилаар дуулснаас
Амьдрал дунд зүдэж явсан нь илүү сайхаан.

2010.07 УБ хот

ХАЙРын ШҮЛЭГ...



Өөрийгөө би хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Өөрийгөө чи хайрлаж чадаагүй
тийм хайраар чамайг би хайрласан
Мөнгөн бургасны зулзаган мөчрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөнхийн сайхан хөх тэнгэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөлсөн чулуу, цэгээн урсгалыг
чамайг хайрлахдаа би хайрласан
Мөрөөдлийн цэцэрлэг уулынхаа үнэрийг
чамайг хайрлахдаа би хайрласан
Өөр хэн ч хайрлаж чадахгүй тийм
хайраар чамайг би хайрласан
Өлмийг чинь шүүдрийн гилбэлгээн долоох шиг
тийм цээлхэн эгшнийг хайрласан
Булаг ус бөгтөр улиастай учралт газар
Бургисан жаргалын минь хэмжээгээр
Өвс унахыг хайрласан...

1991





Яруу найрагч Төрийн БАЯНСАН
"Гуниг шагайх үдэш" /2002.УБ/
номын 18-р талд буй.

ЧИНИЙ ТУХАЙ ЭГШИГЛЭГЧ ӨНӨ МӨНХИЙН ДУУЛАЛ

Энэ баасан гариг буюу 11 сарын 5-ний 17 цагаас, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 3 давхарын 64 тоот танхимд яруу найрагч УЯНСҮХийн номын хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэг нь энэ даваа гаригт явагдахаар тогтсон боловч зохиолч өөрийн биеэр ирж амжаагүй шалтгааны улмаас түр хойшилсон юм.
Утга зохиол судлаач Ч.Билэгсайханы санаачилсан уг хэлэлцүүлэгийг МУИС-ийн Утга Зохиолын Нэгдэл зохион байгуулж буй бөгөөд өдгөө цагийн уран зохиол шинжлэлийн мяндагтан ихэс цугаар хуран цуглах ажээ.
Эрхэм номын садан та бүхэнтэй тэнд учирхын болзоо тавья! Эл шүлгүүдийг уншаад зүглэх эсэхээ шийднэ биз ээ.